Семинар
Гэрээр судлах хичээл: Сургаал ба Гэрээ 45–48 (11-р бүлэг)


Гэрээр судлах хичээл

Сургаал ба Гэрээ 45–48 (11-р бүлэг)

Гэрээр заах багш нарын ашиглах материал

Өдөр бүр гэрээр судлах хичээлийн тойм

Суралцагчдын Сургаал ба Гэрээ 45–48-ыг (11-р бүлэг) судалж байхдаа мэдэж авсан үйл явдал, сургаал, зарчмуудын дараах тойм нь хичээлийн нэг хэсэг болгон заахад зориулагдаагүй. Таны заах хичээл эдгээр сургаал, зарчмын цөөн хэд дээр төвлөрнө. Та суралцагчдынхаа хэрэгцээг бодож үзэхдээ Ариун Сүнсний өдөөлтийг дага.

1 дэх өдөр (Сургаал ба Гэрээ 45:1–15)

Суралцагчид Сургаал ба Гэрээ 45-ын шүлгүүдийг гаргаж, Есүс Христ тэнгэр ба газрыг бүтээсэн бөгөөд Тэрээр Тэнгэрлэг Эцэгийн өмнө бидний өмгөөлөгч болдог хэмээн уншсан. Бид Аврагчийн талаар болон Түүний бидний төлөө хийсэн зүйлсийг мэдэж авснаар Түүний дуу хоолойг сонсох хүслээ нэмэгдүүлж чадна.

2 дахь өдөр (Сургаал ба Гэрээ 45:16–75)

Суралцагчид Есүс Христийн Хоёр дахь ирэлтийн тэмдгүүдийн талаар судалснаар хэрэв бид ариун газруудад зогсож мөн тэмдгүүдийг ажиглах юм бол тэр агуу үйл явдалд бэлэн болох болно гэдгийг мэдэж авсан. Тэд арван онгон охины сургаалт зүйрлэлээс хэрэв бид үнэнийг хүлээн авч, Ариун Сүнсийг хөтчөө болговол Аврагчийн Хоёр дахь ирэлтийг тэсч гарах болно гэдгийг мэдэж авсан. Энэ хичээл бас Шинэ Иерусалимын талаарх мэдээллийг суралцагчдад өгсөн.

3 дахь өдөр (Сургаал ба Гэрээ 46)

Суралцагчид энэ хичээлээр Сүмийн цуглаануудыг хэрхэн хөтлөн явуулах ёстой талаар тунгаан бодсон. Сүмийн удирдагчид цуглаануудыг хөтлөн явуулахдаа Ариун Сүнсээр удирдагдах ёстой бөгөөд Их Эзэн бүх хүнийг нийтийн цуглаанууддаа урихыг бидэнд зарлигласан. Суралцагчид бас мэхлэгдэхээс зайлсхийх арга замуудыг олж тогтоосон: (1) Бүхий л ариун байдалд Сүнсийг дагах (2) Бурханыг дуудаж мөн Түүнд талархах талархалтай амьдрах. Дараа нь суралцагчид сүнслэг бэлгүүдийн зорилгын талаар судалсан.

4 дэх өдөр (Сургаал ба Гэрээ 47–48)

Суралцагчид Сүмийн түүх хөтлөхийн ач холбогдлын талаар суралцах үедээ бид хувийн түүхээ хөтлөх хүчин чармайлтдаа итгэлтэй байх юм бол Сүнс бидэнд туслах болно хэмээх үнэнийг олж мэдсэн. Суралцагчид Нью-Йоркоос Огайод цагаачлан ирсэн гэгээнтнүүдийн түүхэн нөхцөл байдлыг судалж байхдаа гачигдсан тэдэнтэй байгаа зүйлсээ хуваалцах Их Эзэний зарлигийг тунгаан бодсон.

Оршил

Энэ хичээл нь Есүс Христ бидний хүн нэг бүрд хэрхэн санаа тавьдаг талаар дурдах болно. Суралцагчид долоо хоногийн турш сурсан сургаал, зарчмуудаа Их Эзэний бидэнд хайраа хэрхэн илэрхийлдэг арга замтай холбох боломжтой байх болно.

Тайлбар: Суралцагчид хувиараа судалж байхдаа Сургаал ба Гэрээ 46:33 дахь төгс эзэмших судрыг чээжилж мөн хэрэгжүүлэхээр ажилласан. Та тэднийг энэ шүлгийг чээжээр уншиж мөн залуучууд хэрхэн “ариун журам хийгээд цэвэр ариун байдлыг [Их Эзэний] өмнө ямагт хэрэгжүүлж” чадна гэж бодож байгаагаа хуваалцахыг тэднээс хүсэж болно.

Заах зөвлөмж

Сургаал ба Гэрээ 45–46

Их Эзэн эцсийн өдрүүдэд тохиох чухал үйл явдлууд болон бэлгүүдийн талаар заав

Дараах асуултыг самбар дээр бич. Та нар яг одоо хэний талаар бодож байна вэ?

Та суралцагчдыг Сургаал ба Гэрээ 45–46-г эргэн харж, Аврагч тэдний талаар боддог, тэдэнд өөрөө санаа тавьдаг хэмээх санааг дэмжиж буй өөрсдийнхөө тэмдэглэсэн шүлгүүд болон олж тогтоосон үнэнээ олж мэдэхэд урамшуулж болно. Суралцагчдыг самбар дээрх асуултыг тунгаан бодож, хариулахад урь.

  • Их Эзэн танд анхаарал тавьдгийг ойлгоход тань тусалсан ямар зүйлийг та энэ долоо хоногт мэдэж авсан бэ? (Суралцагчдын хариулт дараах санаануудыг тусгаж болно. Аврагч бол Эцэгийн өмнө бидний өмгөөлөгч болдог; Аврагч Хоёр дахь ирэлтийн өмнө тохиолдох үйл явдлуудыг илчилснээр бидэнд хайраа илчилсэн. Биднийг Сүнсний бэлгүүдийг эрэлхийлж мөн тэдгээрийн дагуу амьдрах үед Бурхан тэдгээрийг бидэнд өгдөг.)

Сүмийн түүхийн энэ цаг үед дайснууд Сүм болон бошиглогч Иосеф Смитийн талаарх худал, хуурмаг мэдээллүүдийг тарааж байсан гэдгийг суралцагчдад сануул. Сургаал ба Гэрээ 45 дахь илчлэлт нь энэ хэцүү цаг үед ч гэсэн Их Эзэн тэдний талаар бодож байсан гэдгийг гэгээнтнүүдэд сануулсан.

Цөөн хэдэн суралцагчийг Сургаал ба Гэрээ 45:1–6-г ээлжлэн чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, энэ илчлэлт нь хавчлага дарамтын энэ хэцүү цаг үед гэгээнтнүүдийг хэрхэн тайтгаруулж байсныг бодож үзэхийг хүс. Холбогдох шүлгүүдийг уншиж дууссаны дараа та дараах асуултуудын заримыг нь асууж болохын тулд уншиж байхад нь суралцагчдыг түр завсарлуулах талаар бодож үз.

  • Есүс Христ тэнгэр мөн газрыг бүтээсэн (С ба Г 45:1) хэмээх сургаал нь Аврагч танд санаа тавьдаг гэдгийг хэрхэн харуулж байна вэ?

  • Сургаал ба Гэрээ 45:2 дээрх Их Эзэний үгс нь Түүний бидэнд санаа тавьдгийг хэрхэн харуулж байна вэ?

  • Та нар 3-р шүлгээс “та нарын өмнөөс гуйх” хэмээх хэллэгийг ямар утгатай гэж ойлгосон бэ?

  • 4-р шүлэгт цэдэглэснээр, Аврагч Тэнгэрлэг Эцэгийн өмнө бидний өмгөөлөгч болох боломжтой болсон ямар туршлагыг туулсан бэ? (Тэрээр зовлон шаналал болон үхлийг амсаж, нүгэлгүй амьдралаар амьдарсан. Та нэг суралцагчийг хувиараа суралцаж байхдаа мэдэж авсан өмгөөлөгчийн үүргийг тайлбарлахад урь.

  • Есүс Христ Тэнгэрлэг Эцэгийн өмнө бидний өмгөөлөгч гэдгийг мэдэх нь таны яг одоо хийх сонголт болон үйлдлүүдэд хэрхэн нөлөөлөх вэ?

Аврагч бидэнд санаа тавьдаг гэдгийг онцлохын тулд нэг суралцагчийг ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смитийн хэлсэн дараах үгийг чанга уншихад урь. Ангийнхнаас бидний өмгөөлөгчийн хувьд Аврагчийн үүргийн талаар нэмэлт ойлголтуудыг олж сонсохыг хүс.

Зураг
Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит

“[Есүс Христ] Эцэг ба хүмүүний хооронд зогсдог. Тэр бидний өмнөөс гуйдаг. Тэр дэлхий дээр байхдаа байн байн залбирдаг байсныг, тэр дагалдагчдынхаа өмнөөс тэдний төлөө Эцэгээс гуйж залбирдаг байсныг, тэр бүр Бурхан, Эцэг ба бидний хооронд зогссон цагаас хойш гуйсаар байгааг та нар мэднэ” (Conference Report, 1953 оны 10-р сар, 58-д).

  • Хэн нэгэн хүн Аврагчид өөрийнх нь өмгөөлөгч байгаагийнх нь төлөө хэрхэн талархаж чадна гэж та бодож байна вэ? (Суралцагчдад энэ асуултад нухацтай хариулахад нь туслахын тулд та энэ хэсгийн 1 дэх өдрийн хичээлийн хоёр дахь бичгийн даалгаврынхаа бичих хэсэгт бичсэн зүйлээ эргэн харахад тэднийг урьж болно [С ба Г 45:1–15].)

Суралцагчдаас хэн ч тэдний талаар боддоггүй эсвэл хэн нэгнээс чухал биш санагдаж байсан үе тэдэнд тохиолдож байсан эсэхийг бодохыг хүс.

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холландын хэлсэн дараах үгийг унш. Суралцагчдаас Аврагч тэдний хүн нэг бүрийн талаар ямар сэтгэгдэлтэй байдгийг олж сонсохыг хүс.

Зураг
Ахлагч Жэффри Р.Холланд

“Ах, эгч нар аа, Бурхан бидний хэнийг нь ч бусдаас дор үнэлж эсвэл бусдаас дутуу хайрладаггүй гэдгийг би гэрчилж байна. Тэрээр аюултай байдалд байгаа, айдас түгшүүртэй байгаа эсвэл өөрийгөө хэрхэн төсөөлж байгаагаас үл хамааран бүх хүнийг хайрладаг гэдгийг би гэрчилж байна. Тэр биднийг авьяас чадвар эсвэл гадаад үзэмжээр маань хэмждэггүй; Тэр биднийг мэргэжил эсвэл эзэмшдэг зүйлсээр маань хэмждэггүй. Тэрээр энэхүү уралдаан нь бие биенийхээ эсрэг биш харин нүглийн эсрэг хэмээн уухайлан, бүх уралдаанд оролцогчийг сайшаан дэмждэг билээ. Хэрэв бид итгэлтэй байх юм бол хүн бүрд төгс тохирсон зөв шударгын нөмрөг бэлэн болж, тэднийг хүлээж байгаа гэдгийг би мэднэ” (“The Other Prodigal,” Ensign, 2002 оны 5-р сар, 64).

Бурхан тэдэнд анхаарал тавьж байсан эсвэл тэднийг урамшуулж байсан туршлагаасаа хуваалцахад суралцагчдыг урь.

Аврагчийн энэ хавчлага дарамтын үед эртний гэгээнтнүүдийг тайтгаруулж байсан арга замуудын нэг нь Тэрээр тэднийг адислахаар дэлхийд дахин ирнэ гэдгээ тэдэнд хэлэх явдал байсан гэдгийг тайлбарла. Дараах судрын эшлэлүүдийг самбар дээр бич. Сургаал ба Гэрээ 45:55–59.

Суралцагчдаас эдгээр шүлгийг дотроо уншаад, Их Эзэний ирэлтээр гэгээнтнүүд хэрхэн адислагдахыг олж мэдэхийг хүс.

  • 57-р шүлэгт цэдэглэснээр, бид Их Эзэний ирэлтэд бэлтгэлтэй байхын тулд юу хийх ёстой вэ? (Дараах зарчмыг самбар дээр бич. Хэрэв бид үнэнийг хүлээн авч, Ариун Сүнсийг хөтчөө болговол Аврагчийн Хоёр дахь ирэлтийг тэсч гарах болно.)

  • Үнэнийг хүлээн авч, Ариун Сүнсийг өөрсдийнхөө хөтөч болгох нь Есүс Христийн Хоёр дахь ирэлтэд биднийг хэрхэн бэлтгэж чадна гэж та бодож байна вэ?

  • Та нар үнэнийг хүлээн авахын тулд амьдралдаа юу хийсэн бэ? Та нар хэзээ Ариун Сүнсээр удирдагдсан бэ? (Суралцагчдыг хариулсны дараа өөрийнхөө амьдралын туршлагаас хуваалцах талаар бодож үз.)

Сургаал ба Гэрээ 47–48

Гэгээнтнүүд түүхээ тогтмол бичиж мөн өөрсдөдөө байгаа эх сурвалжуудаа нэг нэгэнтэйгээ хуваалцах ёстой.

Энэ долоо хоногт тэдний судалсан хэсэг нь хувийн түүх эсвэл тэмдэглэл хөтлөхийн ач холбогдлыг онцолсон гэдгийг суралцагчдад сануул. Ангийн гишүүдийг хувийн түүхээ хөтөлж байгааг эсвэл хувийн түүхээ хөтөлж эхлэх хичээл зүтгэлээ үргэлжлүүлэхийг урамшуулан дэмжихийн тулд та тэднээс хувийн түүхээ хөтлөх нь яагаад чухал болохыг асууж болох юм.

Суралцагчдыг хувийн түүхээ хөтөлснөөр эсвэл эцэг эх, өвөө эмээ эсвэл бусад өвөг дээдсийнхээ түүхийг уншсанаар ямар адислалууд хүлээн авснаа хуваалцахад урь.

Дараагийн бүлэг (Сургаал ба Гэрээ 49–56)

Суралцагчдыг ирэх долоо хоногт судлахад нь бэлтгэхийн тулд та тэднийг дараах зүйлийг тунгаан бодоход урьж болно. Бид сайн мэдээг бусдад хэрхэн заах ёстой вэ? Та Ариун Сүнсээр суралцаж эсвэл зааж байгаагаа хэрхэн хэлж чадах вэ? Ямар нэгэн зүйл Бурханаас уу эсвэл өөр эх сурвалжаас уу гэдгийг ялган танихад хэцүү үе танд тохиолдож байсан уу? Дараагийн хэсгээр тэд Их Эзэн үнэнийг хэрхэн таних талаар мөн худал сургаалуудаас хэрхэн зайлсхийх талаар юу заасныг мэдэж авах болно гэдгийг тайлбарла.