Семинар
Гэрээр судлах хичээл: Сургаал ба Гэрээ 106–108; 137 (23-р бүлэг)


Гэрээр судлах хичээл

Сургаал ба Гэрээ 106–108; 137 (23-р бүлэг)

Гэрээр заах багш нарын ашиглах материал

Өдөр бүр гэрээр судлах хичээлийн тойм

Суралцагчдын Сургаал ба Гэрээ 106–108; 137-г (23-р бүлэг) судалж байхдаа мэдэж авсан үйл явдал, сургаал, зарчмуудын дараах тойм нь хичээлийн нэг хэсэг болгон заахад зориулагдаагүй. Таны заах хичээл эдгээр сургаал, зарчмын цөөн хэд дээр төвлөрнө. Та суралцагчдынхаа хэрэгцээг бодож үзэхдээ Ариун Сүнсний өдөөлтийг дага.

1 дэх өдөр (Сургаал ба Гэрээ 106; 107:1–20)

Суралцагчид Сургаал ба Гэрээ 106 дээрх Варрен Каудерид өгсөн Их Эзэний зөвлөгөөг судалснаар хэрэв бид Их Эзэний өмнө даруусах юм бол Тэр бидэнд нигүүлсэнгүй байж, биднийг өргөж, ач ивээл хийгээд итгэл найдварыг өгөх болно гэдгийг мэдэж авсан. Суралцагчид бас санваарын талаарх илчлэлт болох Сургаал ба Гэрээ 107-г судалж эхэлсэн. Тэд энэ хэсгээс Мелкизедек санваар нь Бурханы Хүүгийн жаягийн дагуу нэрлэгдсэнийг мэдэж авсан. Тэд бас Мелкизедек болон Аароны санваартнуудын өөр өөр албан тушаал ба үүргүүдийг судалсан.

2 дахь өдөр (Сургаал ба Гэрээ 107:21–38)

Суралцагчид Сургаал ба Гэрээ 107-г үргэлжлүүлэн судалж байхдаа Сүмийн тэргүүлэх чуулгууд болох Тэргүүн Зөвлөл, Арван хоёр Төлөөлөгчийн Чуулга болон Далын чуулгын үүргүүдийн талаар мэдэж авсан. Тэд бас эдгээр тэргүүлэх чуулгаас гардаг шийдвэрүүд нь эв нэгдэл болон шударга ёсонд хийгддэг болохыг мэдэж авсан.

3 дахь өдөр (Сургаал ба Гэрээ 107:39–100108)

Суралцагчид Сургаал ба Гэрээ 107-оос патриархууд нь илчлэлтээр дуудагддаг бөгөөд арван хоёр төлөөлөгчийн удирдлаган доор томилогддог гэдгийг мөн Мелкизедек санваартай эцэг хүүхдүүдээ адислах эрх мэдэлтэй гэдгийг мэдэж авсан. Суралцагчид бас Сургаал ба Гэрээ 108-д цэдэглэгдсэн Лайман Шерманд хандсан Их Эзэний үгсийг судалсан. Тэд бид Их Эзэний дуу хоолойг дуулгавартай дагаснаар бидний бодгальд амралтыг авчирдаг Түүний өршөөлийг урьдаг гэдгийг олж мэдсэн.

4 дэх өдөр (Сургаал ба Гэрээ 137)

Суралцагчид энэ хичээлээр селестиел хаант улс болон тэнд бошиглогч Иосеф Смитийн харсан хүмүүсийн талаарх үзэгдлийн талаар мэдэж авсан. Энэ хичээл нь дараах зарчмуудыг онцолсон. Сайн мэдээний мэдлэггүйгээр нас барсан ч үүнийг бүх зүрх сэтгэлээрээ хүлээн авах байсан бүх хүн селестиел хаант улсыг өвлөн авах болно; Их Эзэн үйлдэл болон зүрх сэтгэлийн маань хүслүүдээр биднийг шүүх болно; хариуцлага хүлээх насандаа хүрэхээсээ өмнө нас барсан бүх хүүхэд селестиел хаант улсад аврагдах болно.

Оршил

Суралцагчдаас долоо хоногийн даалгавруудад нь Сургаал ба Гэрээ 107:60–100-г илүү гүн судлахыг хүсээгүй. Энэ хичээл тэдэнд ийм боломжийг олгох болно. Энэ нь суралцагчдад санваарын албан тушаалуудыг мэдэж авч, Есүс Христийн Сүмийн гишүүдийн хувьд тэдгээрийн үүргийг илүү сайн ойлгоход нь туслах болно. Суралцагчид бас Их Эзэний Лайман Шерманд өгсөн Сургаал ба Гэрээ 108-д цэдэглэгдсэн зөвлөгөөг мэдэж авах юм.

Энэ хичээлээр санваарын албан тушаалуудыг судалж байхдаа эрэгтэйчүүд санваар атгагчдын хувьд эдгээр олон төрлийн албан тушаалыг хашдаг хэдий ч санваарын адислалууд хүн бүрд боломжтой гэдгийг ойлгоход суралцагчдад туслах нь чухал юм. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүкс: “Санваар бол Бурхан эрэгтэй, эмэгтэй Өөрийн бүх хүүхдийг адислахдаа ашигладаг Бурханы хүч юм. ‘Эмэгтэйчүүд ба санваар’ гэх мэт бидний товчилсон үг хэллэгүүдийн зарим нь алдаатай санааг агуулсан байдаг. Эрэгтэйчүүд ‘санваар’ биш юм. Санваарын хурал бол санваар атгадаг мөн санваараа ашигладаг тэдгээрийн оролцох хурал юм. Баптисм, Ариун Сүнсний бэлэг, ариун сүмийн хувийн хишиг, мөнхийн гэрлэлт гэх мэт санваарын адислалууд эрэгтэй, эмэгтэйчүүдэд адилхан боломжтой байдаг. Санваарын эрх мэдэл нь гэр бүл болон Сүмд Их Эзэний тогтоосон зарчмуудын дагуу ажилладаг” (“Priesthood Authority in the Family and the Church,” Ensign эсвэл Лиахона, 2005 оны 11-р сар, 25–26). Эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүд нь гэр бүл болон Сүмд адил тэгш чухал үүргүүдтэй байдаг (“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” Ensign, 2010 оны 11-р сар, 129-ийг үзнэ үү).

Заах зөвлөмж

Сургаал ба Гэрээ 107:60–100

Их Эзэн санваарын чуулгын ерөнхийлөгчийн үүргүүдийг илчлэв

Товчхон үнэлж дүгнэх үүднээс самбар дээр Мелкизедек санваар, Аароны санваар гэсэн гарчгууд бич. Суралцагчдыг тохирох гарчгийн доор санваарын албан тушаалуудыг жагсаан бичихэд урь. Нэг суралцагчийг санваарын нэг албан тушаалыг бичээд, дараагийн суралцагчдаа маркер эсвэл шохойгоо дамжуулан өгөхийг хүс. Суралцагчдыг санваарын бүх албан тушаалыг жагсааж бичих хүртэл энэ үйл явцыг үргэлжлүүл. Шаардлагатай бол нэг нэгэндээ туслахад суралцагчдыг урамшуулан дэмж. (Мелкизедек санваарын албан тушаалууд нь ахлагч, дээд прист, патриарх, дал ба төлөөлөгч юм. Аароны санваарын албан тушаалууд нь дикон, багш, прист, бишоп юм.)

  • Санваарын чуулга гэж юу вэ? (Санваарын ижил алба бүхий ах нарын бүлэг юм.)

Нэг суралцагчийг самбарын өмнө гарч ирээд, чуулга болон зохион байгуулагддаг санваарын албан тушаалуудыг дугуйлахад урь. Шаардлагатай бол ангийнхныг туслахад урамшуулан дэмж. (Дараах албад чуулгуудтай байдаг. Үүнд: Төлөөлөгч, дал, дээд прист, ахлагч, прист, багш, дикон. Та гадас бүр дээд пристийн чуулгатай бөгөөд чуулгын ерөнхийлөгчөөр гадасны ерөнхийлөгч үйлчилдэг гэдгийг тайлбарлаж болно. Тойрог бүрд дээд пристүүд дээд пристийн бүлэг болж зохион байгуулагддаг.

Цөөн суралцагчийг Сургаал ба Гэрээ 107:60–63, 85–89, 93–94-ийг ээлжлэн чанга уншихад урь. Ангийнхныг суралцагчидтай хамт уншаад, эдгээр шүлэгт дурдагдсан чуулгуудад байдаг нийтлэг зүйлсийг олж тогтооход урь.

  • Эдгээр шүлэгт цэдэглэснээр, эдгээр санваарын чуулгад байдаг нийтлэг зүйлс юу вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч дараах үнэнийг олж тогтоож байгаа эсэхийг шалга. Ерөнхийлөгч нь санваарын бүх чуулгын ажлыг тэргүүлж, удирдахаар томилогддог.)

  • 87–88-р шүлэгт цэдэглэснээр, пристийн чуулга нь дикон болон багш нарын чуулгаас юугаараа өөр байдаг вэ? (Тойргийн бишоп пристийн чуулгыг тэргүүлдэг. Тэрээр мөн тойргийн бүх Аароны санваартныг тэргүүлдэг. Салбарт салбарын ерөнхийлөгч пристийн чуулгын ерөнхийлөгч байдаг.)

  • Санваарын чуулга бүрд ерөнхийлөгч байх нь яагаад чухал гэж та бодож байна вэ? Санваарын чуулгын ерөнхийлөгч чуулгынхаа гишүүдэд хэрхэн тусалж чадах вэ?

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 107:65–66-г чанга уншихад урь. Ангийнхныг суралцагчтай хамт уншаад, бүх санваартныг тэргүүлдэг Сүмийн удирдагчийг олж тогтооход урь. Суралцагчдаас олж мэдсэнээ тайлагнахыг хүс. Суралцагчид эдгээр шүлэг Сүмийн ерөнхийлөгчийг төлөөлж байгаа гэдгийг ойлгож байгаа эсэхийг шалга.

Өөр нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 107:67, 91–92-ыг чанга уншихад урь. Ангийнхныг суралцагчтай хамт уншаад, Сүмийн ерөнхийлөгчийн эрх мэдэл болон үүрэг хариуцлагыг дүрсэлсэн үг, хэллэгүүдийг олж мэдэхэд урь.

  • Эдгээр шүлгээс сурсан зүйлс дээрээ үндэслэн та Сүмийн ерөнхийлөгчийн эрх мэдэл болон үүрэг хариуцлагыг хэрхэн нэгтгэн дүгнэх вэ? (Суралцагчид өөр өөр үг хэрэглэж болох ч, хариултууд нь дараах үнэнийг тусгах ёстой. Сүмийн ерөнхийлөгч Сүмийн бүх ёслол, адислалыг гүйцэтгэх эрх мэдлийг эзэмшдэг бөгөөд Сүмийн дээрх бүх зүйлийг тэргүүлдэг. Нэг суралцагчийг энэ зарчмыг самбар дээр бичихэд урь.)

Та 92-р шүлэг дээрх зарим нэр томьёог Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жон А.Витцөүгийн хэлсэн дараах тодорхойлолтуудаар тайлбарлахыг хүсэж болно.

Зураг
Ахлагч Жон А.Видцоу

“Бошиглогч бол мэдэгдсэн үнэний багш; үзмэрч бол нуугдмал үнэнийг мэдэгч; илчлэгч бол шинэ үнэнийг атгагч юм. Өргөн утгаар нь авч үзвэл хамгийн түгээмэл хэрэглэгддэг нэр болох бошиглогч нь бусад нэрийг багтаадаг” (Evidences and Reconciliations, Г.Хомэр Дурхам, 3 vols. in 1 [1960], 258).

Сүмийн одоогийн ерөнхийлөгчийн зургийг үзүүл.

  • Сүмийн ерөнхийлөгчийн атгадаг санваарын эрх мэдлийн ачаар та ямар арга замуудаар адислагддаг вэ?

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 107:99–100-г дотроо уншихад урь.

  • Эдгээр шүлэгт цэдэглэснээр, бид Их Эзэний өмнө зохистой байхын тулд юу хийх ёстой вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч дараах зарчмыг олж тогтоох ёстой. Бид Их Эзэний өмнө зохистойд тооцогдохын тулд өөрсдийн үүргийг мэдэж авч, томилогдсон албан тушаалдаа бүхий л хичээл зүтгэлээр ажиллах ёстой.)

Хэдийгээр эдгээр шүлэг хамгийн анх санваартнуудад хандсан байсан ч зааж буй зарчим нь Сүмийн бүх гишүүнд хамаатай байдаг.

Суралцагчдыг хоёр хоёроор нь хуваарил. Тэднийг дараах асуултуудыг ярилцахад урь. Нэг удаад нэг асуулт уншиж эсвэл тэдгээрийг самбар дээр бич.

  • Та өөрийн үүргийг бүх хичээл зүтгэлээрээ гүйцэтгэдэг Сүмийн гишүүний үйлчлэлээр дамжуулан хэрхэн адислагдаж байсан бэ?

  • Та үүргээ мэдэж авч мөн томилогдсон албан тушаалдаа бүхий л хичээл зүтгэлээр ажиллахын тулд юу хийж байна вэ?

Сүмд болон өөрсдийн гэр бүлд үүргээ гүйцэтгэхийн ач холбогдлыг гэрчлэх боломжийг суралцагчдад олго.

Сургаал ба Гэрээ 108:4–8

Их Эзэн Лайман Шерманд зөвлөгөө болон амлалтууд өгөв

Сургаал ба Гэрээ 108 нь бошиглогч Иосеф Смит дээр ирж, өөрийн үүргийн талаар илүү ихийг мэдэхийг хүссэн Лайман Шерманд өгсөн Их Эзэний хүслийн тухай илчлэлтийг багтаадаг гэдгийг суралцагчдад тайлбарла.

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 108:7–8-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, Их Эзэний Лайманд өгсөн заавруудыг олж мэдэхийг хүс. Суралцагчдаас олж мэдсэнээ тайлагнахыг хүс. Та ухуулга гэдэг үг нь зөвлөгөө эсвэл урам зориг гэсэн утгатай гэдгийг тайлбарлах хэрэгтэй байж болно.

  • Их Эзэн Лайман Шерманаас ямар арга замаар ах дүүсээ хүчирхэгжүүлэхийг хүссэн бэ?

7–8-р шүлэг дээр Их Эзэний Лайманд өгсөн заавраас нэг зарчмыг олж тогтоохыг суралцагчдаас хүс. Тэд дараах зарчмыг оруулаад олон зарчмыг олж тогтоож болно. Бид бүх яриа болон үйлүүддээ бусдыг хүчирхэгжүүлэх ёстой. (Та энэ зарчмыг судар дээрээ тэмдэглэхийг суралцагчдад зөвлөж болно.)

  • Та эргэн тойрондоо байгаа хүмүүсийг өөрийн яриагаар хэрхэн хүчирхэгжүүлж чадах вэ?

  • Та эргэн тойрондоо байгаа хүмүүсийг өөрийн үйлдлүүдээр хэрхэн хүчирхэгжүүлж чадах вэ?

Суралцагчдаас хэн нэгэн Сургаал ба Гэрээ 108-д бичигдсэн үйлдлүүдийн нэгийг хийснээр тэднийг хүчирхэгжүүлж байсан туршлагаа дүрслэн хэлэхийг хүс. Мөн та өөрийн туршлагаас хуваалцаж болно. Суралцагчдыг өнөөдөр хүчирхэгжүүлж чадах хэн нэгэн хүний талаар мөн хүчирхэгжүүлэхийн тулд хийх тодорхой үйлдлийнхээ талаар бодоход урь.

Дараагийн бүлэг (Сургаал ба Гэрээ 109–112)

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 109–112-ыг судлахад бэлтгэхийн тулд тэднийг дараах зүйлийг тунгаан бодоход урь. Ариун сүмүүд яагаад чухал байдаг вэ? Та ариун сүмийн онцгойлон адислах ёслолд оролцож байсан уу? Дараагийн хэсгээр тэд Көртландын ариун сүмийн онцгойлон адислах ёслолын талаар мэдэж авах болно гэдгийг тайлбарла. Тэд юу болсон талаар мөн тэнд хэн үзэгдсэнийг мөн тэнд илчлэгдсэн зүйлс хэрхэн тэднийг болон тэдний гэр бүлийг үүрд мөнхөд адисалж чадах талаар илүү ихийг мэдэж авах болно.