Семинар
73-р хичээл: Сургаал ба Гэрээ 67


73-р хичээл

Сургаал ба Гэрээ 67

Оршил

1831 оны 11-р сард хэсэг ахлагч Огайогийн Хайрамд онцгой чуулганд оролцохоор цуглажээ. Чуулган дээр ярилцсан зүйлүүдийн нэг нь Иосеф Смитийн хүлээн авсан илчлэлтүүдийг хэвлэх явдал байв. Энэ хурлын үеэр Их Эзэн Иосеф Смитэд нэг илчлэлт өгч, үүнийг хэвлэгдэх илчлэлтүүдийн номын удиртгал болно гэж заажээ. Энэхүү илчлэлт нь эдүгээ Сургаал ба Гэрээний 1-р хэсэг болой. Чуулганы сүүлээр Их Эзэн эдүгээ Сургаал ба Гэрээ 67-д цэдэглэгдсэн илчлэлтийг өгчээ. Энэ илчлэлтэд, Их Эзэн бошиглогчид Түүний өгсөн илчлэлтүүдийн хэлний онцлогийн талаар асуултуудтай байсан ах нарт хандсан байна.

Заах зөвлөмж

Сургаал ба Гэрээ 67:1–3

Их Эзэн бидний залбирлуудыг сонсдог ба бидний зүрх сэтгэлийг мэддэг.

Хичээл эхлэхээс өмнө дараах асуултыг самбар дээр бич. Залбирал тань хариулагдахыг та нар хэзээ мэдэрч байсан бэ? Хичээлийн эхэнд суралцагчдыг энэ асуултад хариулахад урь.

1831 оны 11-р сард Иосеф Смитийг оролцуулан ахлагчдын бүлэг бошиглогчийн хүлээн авсан илчлэлтүүдийг хэвлэх талаар ярилцахаар цугларсан гэдгийг тайлбарла. Иосеф Смит уг илчлэлтүүд Их Эзэнээс ирсэн гэдгийг гэрчлэхийг ахлагчдаас хүссэн боловч тэдний зарим нь үүнийг хийхдээ эргэлзжээ. Энэхүү эргэлзээ нь эдүгээ Сургаал ба Гэрээ 67-д цэдэглэгдсэн илчлэлтийг хүлээн авах шалтгаан болсон.

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 67:1–2-ыг дотроо уншиж, залбирлын талаар Их Эзэн юу гэж хэлснийг олж мэдэхэд урь.

  • Эдгээр шүлэгт, Их Эзэн бидний залбирлыг анхааран сонсдог тухай юу хэлдэг вэ? (Хэдийгээр суралцагчид олон өөр хариулт өгч болох ч, тэднийг дараах зарчмыг олоход анхаар. Их Эзэн бидний залбирлуудыг сонсдог ба бидний зүрх сэтгэлийг мэддэг. Зарчмыг самбар дээр бич.)

  • Энэ зарчмыг мэдэх нь залбирлаа сайжруулахад тань хэрхэн тусалж чадах вэ?

Самбар дээрх зарчмын ач холбогдлыг ойлгоход нь суралцагчдад туслахын тулд тэдний заримыг Тэнгэрлэг Эцэг тэдний залбирлуудыг сонсдог ба зүрх сэтгэлийнх нь хүслүүдийг мэддэг гэдгийг хэрхэн мэддэгээ хуваалцахад урь. Хэдэн суралцагчийг хуваалцсаны дараа, суралцагчдыг Бурхан тэдний залбирлуудыг сонсдог ба зүрх сэтгэлийн хүслүүдийг нь мэддэг гэдэг мэдлэгийн төлөө залбирахад урамшуул.

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 67:3-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас дагаж уншаад, ахлагчдын зарим нь яагаад Их Эзэний амласан адислалыг хүлээж аваагүйг олж мэдэхийг хүс.

Дараах асуултыг самбар дээр бич. Айдас нь хэрхэн хэн нэгнийг адислалуудыг алдахад хүргэж болох вэ? Суралцагчдыг хариулахад урь. Тэднийг энэ асуултыг ярилцах үед дараах зарчмыг самбар дээр бич. Хэрэв бид зүрх сэтгэлдээ айдастай байвал бид адислалуудыг алдаж болно.

  • Адислалуудыг авахад саад болдог ямар айдсууд хүмүүст байдаг вэ? (Жишээнүүдэд таарч тохирохгүй байх гэхээс айх, алдаа гаргахаас айх айдас, амьдралаа өөрчлөхөөс айх айдас, бүтэлгүйтэхээс айх айдас, наманчлахаас айх айдас гэх мэт зүйл орж болно.)

Суралцагчдыг итгэлээр үйлдэхэд нь саад болсон айдсуудын тухай бодоход урь. Суралцагчдыг айдсуудаа итгэлээр солихын тулд Их Эзэний тусламжийг эрэлхийлэхэд урамшуул.

Сургаал ба Гэрээ 67:4–9

Иосеф Смитээр дамжин ирсэн илчлэлтүүдийн талаар гэрчлэлтэй болох арга замыг Их Эзэн ахлагчдад өгөв

Дараах асуултыг самбар дээр бич. Сүмийн удирдагчид төгс биш гэдгийг мэддэг ч бид яагаад тэднийг дэмжих ёстой вэ?

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 67-ийн оршил хэсгийг чанга уншихад урь. Өөр нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 67:5-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас дагаж уншаад, Зарлигуудын номд хэвлэгдэх илчлэлтүүдийн талаар ахлагчид ямар бодолтой байсныг олж мэдэхийг хүс. (Иосеф Смитийн илчлэлтүүдийн эхний цуглуулга Зарлигуудын ном гэсэн гарчигтай байсныг та суралцагчдад сануулах хэрэгтэй байж болно. 1835 онд уг ном нь Сургаал ба Гэрээ гэдэг нэртэйгээр хэвлэгджээ.)

  • Ахлагчид илчлэлтүүдийн талаар ямар бодолтой байсан бэ? (Олон ахлагч илчлэлтүүд үнэн болох талаар “чин сэтгэлийн гэрчлэлтэй байлаа.” Гэвч, “илчлэлтэд хэрэглэсэн хэлний талаар зарим нэг сөрөг яриа гарсан.” 5-р шүлэгт цэдэглэгдсэнээр, зарим ахлагч “[Иосеф Смитийн] хэлнээс илүү дээр илэрхийлж” чадна гэж боджээ.)

Ахлагчдын зарим нь илчлэлтүүдийн бичигдсэн хэлний талаар санаа зовж байсан гэдгийг тайлбарла. Тэд илчлэлтүүдийг хэвлэлтэд бэлтгэхийн тулд нягт хянах хэрэгтэй гэж бодсон байж магадгүй мөн илчлэлтүүд хэвлэгдсэний дараа Сүмийн дайснууд юу хийх бол гэх айдастай байсан байж болно. Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 67:4–5-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас дагаж уншаад мөн илчлэлтүүдийн хэлний талаарх зовнилд өгсөн Их Эзэний хариултыг олж мэдэхийг хүс.

  • Их Эзэн Иосеф Смитийн талаар юу гэж хэлсэн бэ?

Иосеф Смитийн хэлний чадвар төгс байгаагүй гэдгийг онцлон хэл. Тэр ярих бүрдээ уран цэцэн байгаагүй. Гэсэн хэдий ч, Их Эзэн үнэнийг түүнд илчилж мөн үүнийг хамгийн сайнаараа илэрхийлэхийг түүнд зөвшөөрсөн юм.

  • Их Эзэн Иосефыг төгс биш гэж мэдэж байсан ч Өөрийнхөө хүслийг Иосеф Смитэд илчилснийг мэдэх нь яагаад тустай байж болох вэ?

Дөрвөн суралцагчийг ээлжлэн Сургаал ба Гэрээ 67:6–9-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас дагаж уншаад мөн илчлэлтүүдийн хэлийг шүүмжилсэн хүмүүсээс Их Эзэний шаардсан зүйлийг олж мэдэхийг хүс.

  • Илчлэлтүүдийн хэлнээс илүү сайнаар өөрсдийгөө илэрхийлж чадна гэж бодсон хүмүүсээс Их Эзэн юу шаардсан бэ?

Суралцагчдаас өмнөх хичээл дээр үзсэн Виллям Э.Маклелиний талаар юу санаж байгааг асуу. Виллям Иосеф Смитийн хүлээн авсан илчлэлттэй дүйцэхүйц илчлэлт бич гэсэн Их Эзэний шаардлагыг хүлээн авсан гэдгийг тайлбарла. Нэг суралцагчийг Иосеф Смитийн түүхээс авсан дараах мэдэгдлийг чанга уншихад урь.

Зураг
Бошиглогч Иосеф Смит

“Өндөр боловсрол эзэмшсэндээ өөрийгөө хамгийн ухаантай хүн гэж бодож явсан Виллям Э.Маклелин Их Эзэний хамгийн бага зарлигтай адил зүйлийг бичих гэж чармайсан боловч бүтэлгүйтэв. Их Эзэний нэр дээр бичнэ гэдэг нь туйлын хүнд үүрэг хариуцлага. Ахлагчид болон хамт байсан бүх хүн, Есүс Христийн хэлийг дуурайх гэж дэмий оролдлого хийж буй хүнийг хараад сайн мэдээний бүрэн байдал, Их Эзэн Сүмд надаар дамжуулан өгсөн зарлигууд болон илчлэлтүүдийн үнэнд итгэх итгэлээ шинэчилсэн бөгөөд ахлагчид тэдгээрийн үнэнийг бүх дэлхийд гэрчлэх хүсэлтэй байгаагаа хэлсэн юм” (History of the Church, 1:226-д).

Энэ үйл явдлын дараа тэнд байсан хэдэн ахлагч бичиг баримт дээр гарын үсгээ зурж Зарлигуудын номон дахь илчлэлтүүдийн үнэний талаарх албан ёсны гэрчлэлээ өгсөн гэдгийг тайлбарла.

  • Албан ёсны боловсрол багатай Иосеф Смит яагаад эдгээр илчлэлтийг бичиж, харин өндөр боловсрол эзэмшсэн Виллям Э.Маклелин үүнийг хийж чадаагүй гэж та нар бодож байна вэ?

  • Бид энэ түүхээс алдаа дутагдлаас нь болж удирдагчдаа шүүх талаар юу сурч мэдэж болох вэ?

Төгс биш удирдагчдыг дагах тухай самбар дээрх асуултад анхаарал хандуул. Суралцагчдыг дараах асуултын хариултыг бичихэд урь.

Сургаал ба Гэрээ 67:10–14

Их Эзэн дагалдагчдадаа Бурханы оршихуйд амьдрахын тулд хэрхэн бэлтгэх талаар зөвлөгөөнүүд өгөв

Дараах асуултыг самбар дээр бич. Бид өөрсдөдөө болон бусдад тэвчээртэй байснаар ирж болох зарим адислал юу вэ? Суралцагчдыг хариулахад урь.

Нэг суралцагчаас Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын дараах мэдэгдлийг чангаар уншихыг хүс.

Зураг
Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф

“1960-аад оны үед Станфордын Их Сургуулийн нэгэн профессор, дөрвөн настай хүүхдүүдийн өөрөө өөрийгөө захирах чадварын талаар нэгэн энгийн судалгааг явуулж эхэлсэн ажээ. Тэрээр хүүхдүүдийн өмнө нэг том хөөсөн чихэр тавиад, чихрийг шууд идэж ч болно эсвэл идэхгүй 15 минут хүлээх юм бол тэдэнд 2 хөөсөн чихэр өгөх болно гэжээ.

Тэгээд тэрээр хүүхдүүдийг ганцааранг орхин, хоёр талдаа тольтой өрөөнд далд орж зогсоод, яахыг нь ажиглаж гэнэ. Хүүхдүүдийн зарим нь чихрийг тэр дор нь идэж; зарим нь уруу татагдан бууж өгөх хүртлээ хэдхэн минут хүлээгээд тэвчилгүй идсэн байна. Зөвхөн 30 хувь нь л идэхгүй хүлээж чаджээ” (“Тэвчээрт үргэлжлүүл,” Ensign, 2010 оны 5-р сар, 56 эсвэл 2010 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 56).

  • Энэ профессорын туршилт болон гарсан үр дүн нь бидэнтэй хэрхэн холбоотой гэж та нар бодож байна вэ?

  • Та нар тэвчээртэй байснаар ямар адислалуудыг хүлээн авсан бэ?

Суралцагчдыг хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ хоёр багана бүхий хүснэгт зурахад урь. Тэднээс эхний баганыг Шагнал, хоёр дахь баганыг Шагналыг олж авах арга гэж нэрлэхийг хүс. Суралцагчдыг хоёр хоёроор нь бүлэг болгон хуваарил. Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 67:10–14-ийг хамтрагчтайгаа хамт уншиж, Аврагчийн амласан шагналууд болон тэдгээрийг олж авахад шаардлагатай үйлдлүүдийг олж мэдэхийг хүс. Тэднийг хариултаа хүснэгт дотроо тохирох баганад жагсаан бичихэд урь.

Суралцагчдад судрын хэсгээс суралцаж мөн ярилцах хангалттай цаг гаргаж өгсний дараа, тэдэнд доорх асуултуудыг ашиглан олж мэдсэн зүйлээ ангийнхантай хуваалцахад тусал.

  • Их Эзэн эдгээр ахлагчид ямар шагналууд өгөхөөр амласан бэ?

  • Эдгээр шагналыг авахын тулд ахлагчид юу хийх хэрэгтэй байсан вэ? (Суралцагчид “Бурханы оршихуйг тэсч” гэсэн хэллэгийг дурдах үед тэсэх гэсэн үг нь тэвчих эсвэл ямар нэг газар үргэлжлүүлэн байх гэсэн утгатай гэдгийг та тайлбарлаж болно.)

Энэ шүлэг бид бүгдэд хамаатай гэдгийг тайлбарла. Дараах зарчмыг самбар дээр бич. Хэрэв бид өөрсдийгөө атаа жөтөө хийгээд айдсаас ангид байлгаж мөн өөрсдийгөө даруусгаж мөн тэвчээртэйгээр үргэлжлүүлбэл Бурханы оршихуйг тэсэх боломжтой байх болно.

  • Бид Бурханы оршихуйг тэсэхүйц зохистой байх хүчин чармайлтдаа яагаад тэвчээртэй байх ёстой гэж та нар боддог вэ?

Нэг суралцагчаас ерөнхийлөгч Угдорфын ярьсан хөөсөн чихрийн туршилтын үр дүнг чанга уншихад урь. Ангийнхнаас бид Бурханы өмнө цэвэр болох талаар юу сурч болохыг сонсохыг хүс.

Зураг
Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф

“Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам, [профессор] уг хүүхдүүдтэй холбоотой байсан бөгөөд нэгэн сонирхолтой зүйлийг ажигласан гэнэ. Чихрийг хүлээж чадалгүй идсэн хүүхдүүд хожим нь амьдралдаа зүдэрч, зан авирын асуудалтай тулгарч байсан бол нөгөө хүлээж чадсан хүүхдүүд илүү өөдрөг үзэлтэй, илүү идэвхтэй, илүү сайн сурлагатай, илүү их орлоготой болж, бас илүү бат бөх нөхөрлөлийн харьцаатай байсан гэнэ.

… хүлээцтэй, тэвчээртэй байх нь хожим амьдралдаа амжилт гаргах эсэхийг таамаглах гол зан чанар мөн. …

… Тэвчээргүй байвал Бурханыг баярлуулж чадахгүй; төгс төгөлдөр болж чадахгүй. Үнэхээр, тэвчээр гэдэг нь цэвэршүүлэн ариусгах үйл явц бөгөөд ойлголтыг гүнзгийрүүлж, аз жаргалыг нэмэгдүүлэн, ажил үйлсэд анхаарал төвлөрүүлэн, амар амгалангийн төлөөх найдварыг бий болгодог билээ” (“Тэвчээрээр үргэлжлүүл,” 56).

  • Бид тэвчээртэй байснаар ирэх адислалуудын тухай энэ туршлагаас юу сурч мэдэж болох вэ?

Суралцагчдыг амьдралдаа өөрсдөдөө болон бусдад илүү тэвчээртэй хандах хэрэгтэй зүйлсийнхээ талаар тунгаан бодож мөн залбирахад урь. Тэднийг Бурханы оршихуйг тэсэхэд нь туслах зорилго тавихад урамшуул.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Сургаал ба Гэрээ 67:3. “Та нарын зүрх сэтгэл дэх айдсууд”

Ерөнхийлөгч Томас С.Монсон:

Зураг
Ерөнхийлөгч Томас С.Монсон

“Нэг нь нөгөөгөө үгүйсгэх учир итгэл болон эргэлзээ нь нэг оюунд нэгэн зэрэг орших нь боломжгүй гэдгийг сана. Эргэлзээг хөө. Итгэлийг хөгжүүл” (“The Call to Serve,” Ensign, 2000 оны 11-р сар, 49).

Сургаал ба Гэрээ 67:5. “Түүний төгс бишийг та нар мэддэг боллоо”

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Нийл А.Максвэлл бид эргэн тойрондоо хүмүүсийн төгс бишийг мэдэх үедээ ямар байх ёстойг заасан.

Зураг
Ахлагч Нийл А.Максвэлл

“Төгс биш хүмүүс чухам бидний төгс төгөлдөр Их Эзэнээр Түүний ажилд туслахаар дуудагддаг. Их Эзэн Иосеф Смитийн танилууд түүний бага сага алдаа дутагдлыг анзаарч мэдсэн гэдгийг Тэрээр тэдэнд тунхаглажээ. Тэгсэн хэдий ч, бошиглогчоор дамжин өгөгдсөн илчлэлтүүд үнэн гэдгийг Их Эзэн гэрчилсэн! (С ба Г 67:5, 9-ийг үзнэ үү.)

“Тиймийн тул, бид нэг нэгийнхээ сул талуудыг анзаардагт гайхах зүйл байхгүй. Гэвч бид тэдгээрийг зарлан тунхаглах ёсгүй. Бүгдээрээ дутагдлуудад баясахын оронд өөрсдийн болон бусдын гаргадаг жижиг амжилтуудад талархалтай байцгаая. Алдаа гарах үед тэдгээр нь устгах биш зааварлах шинжтэй байг.

Чадвартай боловч маш даруухан, ялтсуудыг хянасан бошиглогч Моронайн эдгээр үгийг би нандигнадаг.

‘Миний төгс бусын улмаас намайг, бас түүний төгс бусын улмаас эцгийг минь ч, бас түүний өмнө бичсэн тэднийг ч бүү буруушаа; харин та нар бидний байснаас илүү ухаалаг байхад сурч болохын тулд, бидний төгс бусыг та нарт илчилсэнд нь Бурханд талархлаа мэдүүл.’ (Мормон 9:31; налуу бичилт нэмэгдсэн болно.)

Хэрэв бид ийм хандлагатай байвал гомдох магадлал тун бага байх болно.

Үүнээс гадна, хэрэв Сүмийн бусад гишүүнийг эсвэл өөрсдийгөө өөрчлөх хоёрын аль нэгийг сонгох гэж байвал хаанаас эхлэх ёстойгоо мэдэхэд тийм хэцүү байна гэж үү? Гол түлхүүр нь өөрсдийнхөө алдаануудыг том нээсэн нүдээр харж мөн бусдын алдаануудыг хагас аньсан нүдээр харах явдал юм! Бусдын төгс бус байдал нь биднийг өөрсдийнхөө дутагдлууд дээр ажиллах дуудлагаас хэзээ ч чөлөөлдөггүй” (“A Brother Offended,” Ensign, 1982 оны 5-р сар, 38–39).