Семинар
30-р хичээл: Сургаал ба Гэрээ 22–23


30-р хичээл

Сургаал ба Гэрээ 22–23

Оршил

Их Урвалтын үеэр Есүс Христийн Сүмийн ёслолууд өөрчлөгдөж, хасагдаж эсвэл зохих эрх мэдэлгүйгээр гүйцэтгэгддэг болсон. Сургаал ба Гэрээ 22-т цэдэглэгдсэн илчлэлт дээр хувь хүмүүст Сүмийн гишүүнчлэлд нэгдэж, Бурханы хаант улсын хаалгаар орох боломжийг олгохын тулд баптисмын ёслолыг эрх мэдэлтэй хүмүүс гүйцэтгэх ёстой гэж Их Эзэн батлан хэлжээ. Сургаал ба Гэрээний 23-р хэсэг нь Бурханы хүслийг мэдэх чин хүсэлтэй Оливер Каудери, Хайрум Смит, Самуел Смит, Ахмад Иосеф Смит, Иосеф Найт нарын таван хүний өмнөөс Иосеф Смитийн хүлээн авсан илчлэлтийг багтаадаг.

Заах зөвлөмж

Сургаал ба Гэрээ 22

Зохих эрх мэдэлтэй хүмүүс баптисмыг гүйцэтгэх ёстой

Жүжигчилсэн тоглолтод оролцох гурван суралцагчийг урь. Нэг суралцагчийг Сүм үнэн гэдэгт итгэдэг сонирхогчийн дүрд тоглоход урь. Сонирхогч өөр Сүмд усанд умбуулалтаар баптисм хүртсэн ба яагаад дахиад баптисм хүртэх шаардлагатайг мэдэхгүй байгаа. Өөр хоёр суралцагчаас сонирхогчийн асуултад хариулахыг хичээж буй номлогчдын дүрд тоглохыг хүс. Ангийнхныг хэрэв тэдний оронд байсан бол юу гэж хариулах байсан талаараа тунгаан бодоход урь.

Жүжигчилсэн тоглолтын дараа Сургаал ба Гэрээ 22-т цэдэглэгдсэн илчлэлт нь үүнтэй адил нөхцөл байдлаас үүдэлтэй гэдгийг тайлбарла. Сүмд гишүүнчлэлтэй болохыг хүсэж байгаа хүмүүсийн ихэнх нь өмнөх сүмдээ баптисм хүртсэн байдаг. Гэтэл яагаад дахин баптисм хүртэх хэрэгтэй байгааг ойлгодоггүй.

Иосеф Смит тэдний асуултын талаар Их Эзэнээс асуусан. Их Эзэн хариуд нь сайн мэдээний Сэргээлтийн талаар чухал сургаалыг заасан юм. Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 22:1-ийг чангаар уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, сайн мэдээний Сэргээлттэй холбоотой хэллэгийг олж мэдэхийг хүс.

  • Энэ шүлэг дэх ямар хэллэг сайн мэдээний Сэргээлттэй холбоотой байна вэ? (“Шинэ бөгөөд үүрдийн гэрээ.”)

Энэхүү хэллэгийг ойлгоход нь суралцагчдад туслахын тулд нэг суралцагчаар дараах тодорхойлолтыг уншуул.

Зураг
Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит

Шинэ бөгөөд үүрдийн гэрээ бол сайн мэдээний бүрэн дүүрэн байдал юм. [C ба Г 66:2-ыг үзнэ үү.] Энэ нь амлалтын Ариун Сүнсээр эсвэл Ариун Сүнсээр түлхүүрүүдийг атгадаг Сүмийн ерөнхийлөгчийн эрх мэдлээр Сүмийн гишүүдийн дээр лацдагдсан ‘бүх гэрээ, хэлэлцээр, үүрэг, амлалт, тангараг, гүйцэтгэл, холболт, харилцаа, хүсэлт’ бүгдийг багтаадаг. [C ба Г 132:7-г үзнэ үү.] Сүмийн ерөнхийлөгч Мелкизедек санваарын түлхүүрүүдийг атгадаг. Тэрээр бусдад эрх мэдлээ дамжуулж, тэдэнд санваарын ариун нандин ёслолуудыг гүйцэтгэх эрх мэдлийг өгдөг.

Мөнхийн гэрлэлт бол шинэ бөгөөд үүрдийн гэрээ юм. Баптисм нь мөн шинэ бөгөөд үүрдийн гэрээ [С ба Г 132:22-ыг үзнэ үү] юм. Мөн санваарын ёслолууд болон бусад бүх гэрээ нь үүрдийнх байдаг бөгөөд бүх зүйлийг багтаадаг шинэ бөгөөд үүрдийн гэрээний нэг хэсэг юм” (Answers to Gospel Questions, нэгтгсэн Бага Жозеф Фийлдинг Смит, 5-р боть, [1957–1966 он], 1:65).

Суралцагчдаас шинэ бөгөөд үүрдийн гэрээ гэдэг хэллэгийн утгыг өөрсдийн үгээр нэгтгэн дүгнэхийг хүс.

  • Шинэ бөгөөд үүрдийн гэрээний талаар суралцах нь санваарын эрх мэдэлгүйгээр баптисм хүртсэн хүмүүст хэрхэн тусалж болох вэ?

  • Ямар эрх мэдлээр ёслолууд нь шинэ бөгөөд үүрдийн гэрээний дор гүйцэтгэгддэг вэ? (Санваарын эрх мэдлээр.)

Дараах сургаалыг самбар дээр бич. Бурханаас эрх мэдэл хүлээн авсан нэгэн баптисмыг гүйцэтгэх ёстой.

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 22:2–4-ийг чангаар уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, Их Эзэн санваарын эрх мэдэлгүйгээр гүйцэтгэгдсэн баптисмыг хүлээн авдаггүй гэдгийг илэрхийлсэн хэсгүүдийг олж тогтоохыг хүс. Энэхүү илчлэлтэд Их Эзэн баптисмын ёслолыг “шулуун хаалганд” (see С ба Г 22:2-ыг үзнэ үү) орохтой адилтгасан байдаг. Дараа нь суралцагчдыг олж мэдсэнээ хуваалцахад урь.

  • Ямар байдлаар эрх мэдэлгүй баптисм нь “үхмэл ажлууд” болдог вэ? (Тэдгээр нь оролцсон хүмүүстээ ямар ч мөнхийн ашиг тусыг өгдөггүй.)

  • Сургаал ба Гэрээ 22:3-т цэдэглэгдсэнээр Их Эзэн тэр үед гүйцэтгэгдэж байсан үхмэл ажлуудаас болж юу хийсэн бэ? (Тэрээр гэрээгээ дахин бий болгож, Өөрийн Сүмийг барьж байгуулагдах болгосон.)

  • Чухал ёслолуудыг гүйцэтгэх эрх мэдэлтэй цорын ганц сүм болох Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд харъяалагдсанаар та хэрхэн адислагдсан бэ?

Сургаал ба Гэрээ 23

Таван эрэгтэй Сүмийг хүчирхэгжүүлэхээр дуудагдав

Суралцагчдаас хэн нэгэн хүнээс хэрэгтэй урмын үгс эсвэл заавар хүлээн авсан үеийнхээ тухай бодохыг хүс. Хэдэн суралцагчаас өөрсдийнхөө туршлагаас хуваалцаж болно.

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 23-ын оршил хэсгийг уншаад, энэ хэсэгт дурдсан таван эрэгтэйг олж мэдэхэд урь. Энэхүү илчлэлтэд эдгээр таван эрэгтэй бүр Их Эзэнээс тодорхой зааврыг хүлээн авсан гэдгийг тайлбарла. Суралцагчдыг тэдгээр эрэгтэйд өгсөн Их Эзэний үгсийг судлахдаа өөрсдийнхөө суралцаж болох хичээлүүдийг эрж олоход урамшуулан дэмж. Дараах түүхэн намтар нь Сургаал ба Гэрээ 23-ын тухай тус болох мэдээллүүдээр хангаж өгдөг.

Бошиглогчийн ах Хайрум Смит хэвлэгчтэй хамт Мормоны Номын хэвлэлтийн үйл явцад тусалсан юм. Тэрээр Нью-Йоркийн Колесвилл дэх Сүмийн анхны салбарт ерөнхийлөгчөөр үйлчилж байв. Хайрум амьдралынхаа туршид Их Эзэнд болон Сүмд үнэнч байсан юм.

Бошиглогчийн дүү Самуел Смит 1829 оны 5-р сард баптисм хүртжээ. 1830 оны 6-р сард тэрээр номлолд явж, Мормоны Номыг тараасан ба энэ нь эцэстээ Бригам Янг болон түүний гэр бүлийн олон гишүүнийг хөрвөлт рүү хөтөлсөн юм. Самуел амьдралынхаа туршид гэр бүлдээ болон Сүмд үнэнч байсан юм. Самуел уг илчлэлт өгөгдөх үед номлол хийхэд бэлэн биш байсан боловч хоёр сарын дараа номлолын үйлчлэлээ хийж эхэлжээ.

Бошиглогчийн аав Ахмад Иосеф Смит Сүм зохион байгуулагдсан өдөр Сүмд нэгдэв. Тэрээр дараагийн зун нь өөрийн хүү Дон Карлосын хамт Нью-Йорк дахь хамаатан садандаа номлохоор явжээ. Тэрээр дээд прист мөн Сүмийн анхны патриарх болсон юм. Бага Иосеф Смит өөрийнхөө эцгийг “өөрт нь тулгаран ирэх ямар ч нөхцөл байдалд Бурханд болон Сүмд үнэнч хүн байсан” гэж тодорхойлжээ (History of the Church, 4:192).

Ахмад Иосеф Найт бага Иосеф Смитийн дотнын найз байсан бөгөөд түүнд маш сайхан сэтгэлээр ханддаг байсан юм. Тэрээр бошиглогчийг Мормоны Номын орчуулга дээр ажиллаж байх хооронд хэрэгцээт зүйлсээр нь хангадаг байжээ. Тэрээр Сүм зохион байгуулагдсан өдөр бусадтай хамт баптисм хүртэхийг хүссэн боловч Мормоны Номыг үргэлжлүүлэн судлахыг хүсэж баптисм хүртэхээс татгалзжээ. Тэрээр хожим нь “хэрвээ би баптисм хүртэхээр урагшилсан бол илүү дээр мэдрэмжийг мэдрэх байсан” гэж бичжээ (Ларри Портерын эш татсанаар, “The Joseph Knight Family,” Ensign, 1978 оны 10-р сар, 40; бичгийн дүрэм, том үсгийн стандартын дагуу өөрчилсөн болно).

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 23:1–2-ыг чангаар уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, Их Эзэний Оливер Каудерид өгсөн анхааруулгыг олж мэдэхэд урь.

  • Их Эзэн Оливерт ямар анхааруулгыг өгсөн бэ? Бардамнал нь хэрхэн уруу таталт руу хөтөлж болох вэ?

  • Биднийг уруу таталт руу хөтлөх бардамналаас зайлсхийх ямар арга замууд байдаг вэ?

  • 2-р шүлэгт цэдэглэгдсэнээр Оливерт ямар адислал ирсэн бэ? (“Үнэнийг номлох” чадвар.)

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 23:3–5-ыг чангаар уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, Их Эзэний Хайрум Смит, Самуел Смит болон Ахмад Иосеф Смит нарт өгсөн заавруудын адил төстэй байдлыг олж мэдэхэд урь.

  • Их Эзэний энэ эрчүүдэд өгсөн зааврууд хоорондоо юугаараа адил байсан бэ? (Тэд хүмүүсийг ухуулж, Сүмийг хүчирхэгжүүлэхээр дуудагдсан. Та хүмүүсийг ухуулах дуудлага гэдэг нь бусдад сайн мэдээг заах үүрэг хариуцлага гэдгийг тайлбарлаж болно.)

Гурван суралцагчийг Хайрум Смит, Самуел Смит, ахмад Иосеф Смит нарын түүхэн намтрыг ээлжлэн чангаар уншихад урь. Намтрыг уншиж эхлэхээс өмнө ангийнхнаас энэ эрчүүдийн хүмүүсийг ухуулж, Сүмийг хүчирхэгжүүлэх дуудлагаа биелүүлсэн арга замуудыг олж мэдэхийг хүс. Намтар бүрийг уншиж дууссаны дараа суралцагчдаас сурсан зүйлээ хуваалцахыг хүс.

  • Хайрум Смит, Самуел Смит хоёрт өгөгдсөн заавруудын хооронд ямар адил төстэй болон ялгаатай зүйл байна вэ?

  • Бидэнд Сүмийг ухуулж, хүчирхэгжүүлж болох ямар арга замууд байдаг вэ?

Нэг суралцагчийг Ахмад Иосеф Найтын түүхэн намтрыг чангаар уншихад урь. Дараа нь өөр нэг суралцагчаас Их Эзэний Ахмад Иосеф Найтад өгсөн зөвлөгөөг агуулдаг судар болох Сургаал ба Гэрээ 23:6–7-г уншихыг хүс. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, Их Эзэн түүнд юу хийхийг зарлигласныг олж мэдэхийг хүс.

  • Иосеф Найтад юу хийхийг зарлигласан бэ? (Дэлхийн өмнө мөн гэр бүл, найз нөхөдтэйгөө болон ганцаараа байхдаа чангаар залбирах; үнэн Сүмд нэгдэх; бусдыг ухуулах.)

  • Их Эзэн Ахмад Иосеф Найтыг адислахыг хүссэн гэдэг ямар нотолгоог Сургаал ба Гэрээ 23:7-оос та харж байна вэ?

Их Эзэн энэ илчлэлтийг өгснөөс хойш хэсэгхэн хугацааны дараа Ахмад Иосеф Найт баптисм хүртэхийг сонгожээ. Тэрээр Бошиглогч Иосеф Смитийг хувьдаа мөн олон нийтэд өмгөөлж хамгаалан, амьдралынхаа туршид Сүмд үнэнч хэвээр үлдсэн юм. Бошиглогч хожим нь ахмад Иосеф Найтыг “итгэлтэй, шударга үнэнч, үлгэр жишээч, эелдэг найрсаг, ариун журамтай, чигч шулуун, баруун тийшээ ч, зүүн тийшээ ч хазайдаггүй байлаа” гэж дүрсэлсэн (Сүмийн Ерөнхийлөгчийн сургаалаас: Иосеф Смит [2007 он], 524).

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 23-ыг судалж байхдаа мэдэж авсан зарчмаа хэлэхэд урь. Тэд доорх зарчмуудыг илэрхийлж магадгүй.

Бид Их Эзэнд үйлчлэхийг хүссэнээр Түүнээс хувийн удирдамж хүлээн авч чадна.

Бид Их Эзэний өгсөн удирдамжийг дагаснаар Тэрээр биднийг адислах болно.

Суралцагчдыг Ариун Сүнс, амьд бошиглогчдын үгс эсвэл судруудаар дамжуулан Их Эзэнээс хүлээн авсан удирдамжийнхаа талаар тунгаан бодоход урь. Тэдэнд хүлээн авсан зөвлөгөөгөө хэрхэн дуулгавартай дагах талаар бодох хэдэн минут өг. Та тэднийг хүлээн авсан мэдрэмжүүдээ дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ бичихэд урьж болно.) Тэд Их Эзэний хүссэн зүйлийг хийснээр Түүнээс ирэх тусламж мөн удирдамжаар адислагдана гэдгийг тэдэнд баталж хэл.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Сургаал ба Гэрээ 22:1. “Мөн энэ бол бүр эхлэлээс байсан”

Сургаал ба Гэрээ 22:1 дэх “мөн энэ бол бүр эхлэлээс байсан” гэдэг хэсэг нь үнэхээр үнэн юм: Сайн мэдээг Адам, Ева хоёрт зааж, тэд баптисм хүртсэн (Мосе 5:58–59; 6:52–68-ыг үзнэ үү); Инохт Их Эзэний дагалдагчдад баптисм хүртээхийг зарлигласан (Мосе 7:11-ийг үзнэ үү); мөн Ноа эцгүүдийнхээ адил Есүс Христийн нэрээр баптисм хүртэх ёстой гэж хүмүүст заасан (Мосе 8:24-ийг үзнэ үү). Христийг ирэхээс өмнө Мормоны Номонд баптисмын талаар заасан байдаг. 1974 оны 9-р сарын Ensign дээрх нийтлэл эртний иудейчүүдийн дунд баптисм байсныг онцолжээ.

“Түүх эсвэл судрын алинд нь ч иудейчүүд [Есүс Христийн цаг үед] нэг нэгэндээ баптисм хүртээдэг байсан эсэх нь бүрэн дүүрэн тодорхой биш байдаг боловч тэдний дунд харийнхныг иудейн шашинд хөрвөхөд тэдэнд баптисм хүртээдэг байсан ёс заншил байдаг байсан. …

Иоханыг хүмүүсийн дунд ирэхэд тэд түүнээс ‘Та ямар шинэ зүйл хийгээд байна вэ?’ гэж асуугаагүй харин ‘Та хэн бэ?’ гэж асуусан нь тодорхой байдаг. Тэд ёслолын талаар асуугаагүй юм” (Робэрт Ж.Матьюс, “I Have a Question,” Ensign, 1974 оны 9-р сар, 16.)

Сургаал ба Гэрээ 22:2. “Та нар Мосегийн хуулиар шулуун хаалганд орж чадах нь үгүй”

Мосегийн хууль нь бие махбодын зарлиг, ёслол, заншил, бэлгэ тэмдгийн арга замаар израилчуудад Бурханаа санаж, Есүс Христийн Цагаатгалыг хүсэн хүлээхэд туслахаар өгөгдсөн юм. Аврагч Цагаатгалаараа энэ хуулийг гүйцэлдүүлсэн юм (Алма 34:13–14-ийг үзнэ үү). Есүс Христ мөнх бус амьдрал дахь тохинууллынхаа үеэр төлөөлөгчидтэйгөө хамт аврал нь зөвхөн хуулийг дагаснаар ирэхгүй бөгөөд харин Цагаатгалын аврах хүчээр дамжин ирнэ гэдгийг иудейчүүдэд заахаар хөдөлмөрлөжээ. Сургаал ба Гэрээ 22:2-т цэдэглэгдсэнээр Их Эзэн эрх мэдэлгүй баптисм хүртсэн хүмүүсийг Есүс Христэд итгэх итгэлгүйгээр Мосегийн хуулинд найдсан хүмүүстэй адилтгажээ. Энэ харьцуулалт нь биднийг аварч чадахгүй “үхмэл” ажлуудыг халж, Христийн шашинд хөрвөсөн иудейчүүдийн хийх ёстой байсантай адил шинэ бөгөөд үүрдийн гэрээг хүлээн авах хэрэгцээг онцолдог.

Сургаал ба Гэрээ 22:1–4. Санваарын эрх мэдлийн сэргээлтийн ач холбогдол

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэймс Э.Талмэйж:

Зураг
Ахлагч Жэймс Э.Талмэйж

“Их Эзэн энэ тив дэх Нифайчуудын дунд өөрийн Сүмийг байгуулахдаа баптисмын ёслолыг хэрхэн гүйцэтгэхийг сонгогдож, томилогдсон мөн эрх мэдэл өгөгдсөн хүмүүст хэлжээ. Тэд ‘Есүс Христээр надад эрх мэдэл өгөгдсөн учир би Эцэг, мөн Хүү, мөн Ариун Сүнсний нэрээр танд баптисм хүртээж байна. Амен’ гэж хэлэх ёстой байжээ. Энэ нь энэ цаг үеийн бидэнд тийм эрх мэдэл өгдөггүй. Христийн эртний төлөөлөгчдөдөө хэлсэн үгс нь өнөөдрийн төлөөлөгчдөд эсвэл Сүмийн ахлагчдад эрх мэдэл өгдөггүй. Их Эзэний нифайчуудын дундаас сонгосон шавь нартаа хэлсэн үгс нь бидэнд эрх мэдэл өгдөггүй гэдгийг дахин хэлмээр байна; Гэвч энэ өдөр, энэ цаг үед тэрээр дахин ярьсан ба түүний нэрээр ярьж, түүний гаргасан загварын дагуу сайн мэдээний ёслолуудыг гүйцэтгэх адилхан хүч мөн эрх мэдлийг өгсөн юм; иймээс ахлагчид болон пристүүд нь итгэлээ нотлон харуулсан, өнөөдөр баптисмын усанд гэм нүглээ наманчилсан хүмүүсийг авчраад өөрсдөд нь өгөгдсөн эрх мэдлийг тунхаглаад; Есүс Христээр эрх мэдэл олгогдсоны дагуу тэдэнд Эцэг, Хүү мөн Ариун Сүнсний нэрээр баптисм хүртээдэг” гэж тайлбарлажээ (Conference Report, Apr. 1924, 68; мөн Сургаал ба Гэрээ Суралцагчийн Гарын Авлага, 2 дахь хэвлэл, [Сүмийн боловсролын системийн гарын авлага, 2001] , 46-г үзнэ үү).

Анхны Сүмийн зарим хөрвөгч санваарын эрх мэдэлтэй хүн гүйцэтгээгүй баптисмыг Их Эзэн хүлээн зөвшөөрдөггүй гэдгийг ойлгодоггүй байсан. Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит:

Зураг
Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит

“Сүм зохион байгуулагдсаны дараахан хөрвөгчид бий болж эхэлсэн. Тэдгээрийн зарим нь усанд умбуулалтаар хийх баптисмд итгэдэг сүмд явдаг байсан. Үнэндээ Сүмийн анхны олон хөрвөгч энэ загварыг хүлээн зөвшөөрч, үүнийг зөв гэдэгт итгэж байсан. Бурханлаг эрх мэдэл тэдний оюун санаанд тийм ч баттай байр суурийг эзлээгүй байлаа. Тэд Сүмд ирж, Иосеф Смитийг [жинхэнэ бошиглогч] гэдэг гэрчлэлийг хүлээж авсныхаа дараа усанд умбуулалтаар хийх баптисм өмнө нь хүртсэн хэрнээ яагаад дахиад баптисм хүртэх ёстойг ойлгодоггүй байлаа” гэж тайлбарлажээ (Church History and Modern Revelation [1953], 1:109).

Сургаал ба Гэрээ 22:4. “Тэр хаалганд орогтун та нар”

Баптисм нь хариуцлагын насанд хүрсэн хүн бүрд селестиел хаант улсад орох хаалга эсвэл шаардлага болдог (2 Нифай 31:15–21-ийг үзнэ үү). Баптисмын ёслол нь үнэхээр чухал боловч зөвхөн шинэ амьдрал руу хөтлөх зүрх сэтгэлийн өөрчлөлттэй хамт л хүчинтэй болдог.

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жон А.Видцөү ийнхүү өөрчлөгдсөн амьдралыг:

Зураг
Ахлагч Жон А.Видцоу

“Өдөрт хоёроос гурван шил шар айраг, дараахан нь нэг хундага виски ууж, өдрийн турш тамхи татдаг мөн өдөрт гурван удаа хооллохоос өөр онцгой зорилгогүй мөн ашиг тусгүй амьдралаар амьдарч, дэлхийн зарим зуршилд автагдсан байсан ч хожим нь надад баптисм хүртээсэн эгэл жирийн нэгэн эрэгтэйг би санадаг. Тэр сайн мэдээг сонсож мөн хүлээн авсан юм. Энэ нь үнэхээр сайхан зүйл байлаа. Энэ нь түүний хүсэн хүлээж байсан зүйл байлаа. Тэр Сүмд хүчирхэгжиж мөн өсөн дэвжсэн юм. Миний санаж байгаагаар тэр тав эсвэл зургаан номлолд үйлчилж, Сүмийн нэг номлолыг тэргүүлж байсан. Тэрээр урьдынх шигээ л гартай, урьдынх шигээ л хөлтэй, биеийн галбиртай, оюун санаатай байсан ч мөнхийн үнэнийг хүлээн авснаар ирдэг Сүнсний ачаар өөрчлөгдсөн байсан юм” гэж дүрсэлжээ (in Conference Report, 1952 оны 4-р сар, 34; мөн Сургаал ба Гэрээ Суралцагчийн Гарын Авлага, 2 дахь хэвлэл, [Сүмийн боловсролын системийн гарын авлагаl, 2001] , 46–47).