Семинар
Гэрээр судлах хичээл: Сургаал ба Гэрээ 36–40; Огайод (9-р бүлэг)


Гэрээр судлах хичээл

Сургаал ба Гэрээ 36–40; Огайод (9-р бүлэг)

Гэрээр заах багш нарын ашиглах материал

Өдөр бүр гэрээр судлах хичээлийн тойм

Суралцагчдын Сургаал ба Гэрээ 36–40 болон “Огайод” хичээлийг (9-р бүлэг) судалж байхдаа мэдэж авсан үйл явдал, сургаал, зарчмуудын дараах тойм нь хичээлийн нэг хэсэг болгон заахад зориулагдаагүй. Таны заах хичээл эдгээр сургаал, зарчмын цөөн хэд дээр төвлөрнө. Та суралцагчдынхаа хэрэгцээг бодож үзэхдээ Ариун Сүнсний өдөөлтийг дага.

1 дэх өдөр (Сургаал ба Гэрээ 36–37)

Эдвард Партрижийг баптисм хүртэхийн өмнө түүнд өгөгдсөн илчлэлтээр дамжуулан суралцагчид санваартнууд нь сайн мэдээг тунхаглахаар дуудагддаг бөгөөд тэд цэвэр ариун байх ёстойг мэдэж авсан.

2 дахь өдөр (Сургаал ба Гэрээ 38)

Суралцагчид Их Эзэний гэгээнтнүүдэд өгсөн Огайод цугларах зарлигийг судалж байхдаа Их Эзэн бүх зүйлийг мэддэг, Тэрээр биднийг аюулаас сэрэмжлүүлдэг бөгөөд Тэр биднийг хамгаалахын тулд бидэнд зарлигуудыг өгдөг гэдгийг олж мэдсэн. Тэд бас хэрэв гэгээнтнүүдэд Их Эзэний зарлигуудыг дуулгавартай дагах юм бол бэлтгэгдэж мөн айх нь үгүй хэмээн Тэрээр амласан гэдгийг олж мэдсэн.

3 дахь өдөр (Сургаал ба Гэрээ 39–40)

Их Эзэн протестант тохинуулагч Жеймс Ковиллыг баптисм хүртэж, сайн мэдээний бүрэн байдлыг тунхаглахад дуудав. Суралцагчид энэ заавраас хэрэв бид Eсүс Христийг хүлээн авах юм бол Тэр бидэнд Өөрийнх нь охид, хөвгүүд болох хүчийг өгдөг гэдгийг мэдэж авсан. Суралцагчид Их Эзэний амласан адислалууд нь Түүний дуу хоолойг анхааран сонссон нөхцөлд ирдэг болохыг мэдэж авсан. Жеймс Ковилл Аврагчийн өгсөн баптисм хүртэх урилгаас татгалзав. Суралцагчид айдас болон дэлхийн санаа зовнилууд нь биднийг Бурханы үгийг эсэргүүцэхэд хүргэж чадна гэдгийг мэдэж авсан.

4 дэх өдөр (Огайод)

Энэ хичээл нь 1831–1838 онд гэгээнтнүүдэд тохиолдсон үйл явдлуудын тоймыг суралцагчдад харуулдаг. Суралцагчид Их Эзэн Огайо дахь гэгээнтнүүдэд Өөрийн хуулийг илчилж мөн тэнгэрийн хүчийг тэдэн дээр хүртээх болно хэмээн амласныг мэдэж авсан. Үүнээс гадна Их Эзэн гэгээнтнүүдийг дэлхий даяар сайн мэдээг тунхаглахад дуудах болно хэмээн тунхагласан. Суралцагчид Их Эзэн гэгээнтнүүдэд хэрхэн илчлэлт дээр илчлэлт өгч байсныг мөн эсэргүүцлүүд болон хавчлага дарамт байсан ч Тэрээр Өөрийн амлалтуудыг хэрхэн биелүүлснийг мэдэж авсан. Тэд бас Огайод байсан гэгээнтнүүдэд тулгарч байсан зарим харамсалтай үйл явдал болон эсэргүүцлийн талаар мэдэж авсан.

Оршил

Их Эзэн гэгээнтнүүдэд зөвхөн Огайо руу нүүхийг зааварлаад зогсохгүй бас бие биедээ хэрхэн хандахыг зааварласан юм. Суралцагчид энэ хичээлээр Есүс Христийн нэгдмэл байх мөн өөрсдийгөө үнэлдэг шигээ бусдыг үнэлдэг байх зарлигийн талаар мэдэж авах болно.

Заах зөвлөмж

Сургаал ба Гэрээ 36–38

Гэгээнтнүүдэд нэгдмэл байхыг зарлиглав

Ангийг хоёр бүлэг болгон хуваарилж, бүлэг бүрд барилгад ашиглагдаж болох хэрэгслүүдийн цуглуулга өг (эдгээрт модон жижиг хавтан, цаасан аяга, хоосон жижиг хайрцагнууд зэрэг нь багтаж болно.) Нэг бүлэг нь нөгөө бүлгээсээ илүү олон эсвэл том зүйлсийг хүлээн авах ёстой.

Дараах зүйлийг самбар дээр бич. Эдгээр зүйлийг ашиглан чадах чинээгээрээ өндөр цамхаг босго. Энэ үйл ажиллагаа өрсөлдөөнтэй гэдгийг эсвэл хоёр цамхаг босгох талаар ямар ч тайлбар бүү хий. Хоёр бүлэг нэг нэгэнтэйгээ өрсөлдөж байгааг суралцагчид бараг гадарлах болно. Хэрэв тэд хамтдаа ажиллах эсвэл тусдаа ажиллах хэрэгтэй эсэхээ асуувал зорилгоо энгийнээр давтан хэл. Тэд чадах чинээгээрээ өндөр цамхаг босгох ёстой.

Суралцагчдад даалгаврыг дуусгах нэг минут өг. Үйл ажиллагааны дараа хэн “ялсныг” дүгнэхийг тэднээс хүс. Суралцагчдыг санаа бодлоо хуваалцсаны дараа тэд энэ үйл ажиллагаанд хэр амжилттай байсныг тодорхойлохын тулд гэгээнтнүүдийг Огайо руу нүүхээр бэлтгэх үед Их Эзэний өгсөн зөвлөгөөг судлах хэрэгтэй гэдгийг хэл. Суралцагчдыг Их Эзэний эртний гэгээнтнүүдэд өгсөн удирдамжуудыг судалж байхдаа энэ үйл ажиллагаанд болон тэдний амьдралд байгаа ойлголтуудыг олж мэдэхэд урь.

Суралцагчдаас Их Эзэн гэгээнтнүүдийг яагаад Огайод цугларахыг зарлигласныг эргэн санахыг хүс. (Шаардлагатай бол Сургаал ба Гэрээ 37–38 болон судрын тэмдэглэл дээрх тэмдэглэсэн зүйлсээ эргэн харахад тэднийг урамшуулан дэмж. Суралцагчдын хариултууд нь Нью-Йорк дахь гэгээнтнүүдэд нүүрлэж байсан аюул болон Их Эзэн Өөрийн хүмүүсийг Огайод цугларах үед тэдэнд амласан адислалуудыг багтаасан байх ёстой.

Их Эзэн гэгээнтнүүдэд Огайо руу нүүх талаар заавар өгөхдөө тэд нэг нэгэндээ хэрхэн хандах ёстой талаар зөвлөгөө өгсөн гэдгийг тайлбарла. Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 38:23–25-ыг дотроо уншаад, бид бусад хүнд хэрхэн хандах ёстойг зааж буй хэллэгийг олж мэдэхэд урь.

  • Бид бусдад хэрхэн хандах ёстой гэж Их Эзэн хэлсэн бэ?

  • “Ах дүүсээ өөр шигээ хүндэл” гэдэг нь юу гэсэн үг вэ? (Суралцагчдыг хариулсны дараа, дараах зарчмыг самбар дээр бич. Бид өөрсдийгөө үнэлдэг шигээ бусдыг үнэлэх ёстой.)

  • Хүмүүс өөрсдийгөө бусдаас илүү үнэ цэнтэй эсвэл илүү сайн гэж бодсон үед юу тохиодог вэ?

  • Сүм эсвэл хувь хүний хувьд бид өөрсдийгөө бусдаас илүү үнэ цэнтэй гэж бодоогүй үед бидэнд ямар адислалууд ирж болох вэ?

Нарийн нэхээст даавуу эсвэл даавууны өөдсийг дээш нь өргө. Суралцагчдаас аль материалаар нь хувцаслахыг хүсч байгааг асуу. Гэгээнтнүүдэд энэ зарчмыг ойлгоход нь туслахын тулд Их Эзэн тэдэнд сургаалт зүйрлэл өгсөн гэдгийг тайлбарла.

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 38:26-г чанга уншихад урь. Бусад суралцагчаас уг хэсгийг дагаж хараад, энэ сургаалт зүйрлэл дээрх хүн хөвгүүддээ хэрхэн ханддаг байсныг олж мэдэхийг хүс.

  • Хэрэв та нар ноорхой хувцас хүлээж авсан хүү байсан бол та нарт ямар санагдах байсан бэ?

  • Сайхан хувцас хүлээн авсан хүү энэ нөхцөл байдлыг сайжруулахын тулд юу хийж болох вэ? (Тэрээр өөрт байгаа зүйлээ багыг хүлээж авсан хүүтэй хуваалцаж болох байсан.)

  • Энэ сургаалт зүйрлэлээр дамжуулан Их Эзэний бидэнд хэлэхийг хүссэн захиас юу гэж та нар бодож байна вэ?

Суралцагчдаас Сургаал ба Гэрээ 38:27-г дотроо уншаад, Их Эзэний энэ сургаалт зүйрлэлээс биднийг ойлгоосой гэж хүсэж байгаа зарчмыг олж мэдэхийг хүс. Та самбар дээр хамгийн эхэнд бичсэн зарчмынхаа дэргэд дараах зарчмыг бич: Хэрэв бид нэг биш бол Их Эзэний хүмүүс биш. Та суралцагчдадаа энэ зарчмыг зааж буй үгсийг судрууд дээрээ тэмдэглэж авахыг санал болгож болох юм.

  • 27-р шүлгийн хам сэдэв дэх “нэг байх” гэдэг нь юу гэсэн үг вэ? (Зөв шударга байдалд бусадтай болон Их Эзэнтэй нэгдмэл байх.)

  • Өөрсдийгөө үнэлдэг шигээ бусдыг үнэлэх нь бие биетэйгээ нэг болоход бидэнд хэрхэн тусалж болох вэ? Энэ нь Их Эзэнтэй нэг болоход бидэнд хэрхэн тусалж болох вэ?

  • Хэрэв бид нэг биш бол яагаад Их Эзэний хүмүүс байж чадахгүй гэж та нар бодож байна вэ?

Огайод цуглахаар дуудагдсан эртний Сүмийн гишүүд өөр өөр нөхцөл байдлаас ирсэн гэдгийг тайлбарла. Зарим нь фермүүдээ амжилттай авч явж, нийгэмдээ хүндлэгддэг байхад зарим нь эд хөрөнгө багатай, нийгмийн доод давхаргад тооцогддог байв.

  • Самбар дээр бичсэн зарчмууд нь гэгээнтнүүдийг Огайо дахь Сүмийн бусад гишүүнтэй хамт цугларах үед тэднийг хэрхэн адисалсан байж болох вэ?

Хичээлийн эхэнд цамхаг босгосон үйл ажиллагааг дахин дурд. Суралцагчдаас зорилго нь юу байсан талаар дахин дурдахыг хүс (чадах чинээгээрээ өндөр цамхаг босгох).

  • Бид чадах чинээгээрээ өндөр цамхаг босгосон уу? (Хэрэв хоёр бүлэг өөрсдийн хэсгүүдийг хамтад нь нийлүүлсэн бол үүнийг хийж чадах байсан. Хэрэв бүлгүүд тус тусдаа ажилласан бол өөрсдөд нь өгөгдсөн зүйлсийг ашиглан чадах чинээгээрээ өндөр цамхаг босгосон гэж хэлж болох юм.)

  • Сургаал ба Гэрээ 38 дахь Их Эзэний гэгээнтнүүдэд өгсөн зөвлөгөөн дээр үндэслэн чадлынхаа хэрээр өндөр цамхаг босгоход хамгийн сайн арга зам юу байж болох вэ? (Нэг бүлэг болж, нэг цамхаг босгохын тулд өгөгдсөн зүйлсээ нэгтгэх.)

  • Та нар эргэн тойрныхоо хүмүүсийг хөгжүүлж мөн өргөхөөс илүүтэй өөрийн ашиг сонирхлын талаар бодохоор уруу татагдаж байсан ямар нөхцөл байдлууд амьдралд тань тохиолдож байсан бэ?

Нэг суралцагчийг Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Хэнри Б.Айрингийн хэлсэн дараах үгийг чанга уншихад урь. Нэгдмэл байх зарлиг нь Бурханы Өөрийн хүмүүсийг хамтдаа цуглуулах зарлигтай хэрхэн холбогдож байгаа арга замуудыг олж сонсохыг ангийнхнаас хүс. Та бусад суралцагчид уг хэсгийг дагаж харах боломж олгохын тулд энэ хэлсэн үгийн хуулбаруудыг бэлтгэж болох юм.

Зураг
Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг

“… Нэгдмэл байдлаар адислагдан, баяр баяслаар дүүрэн байх тохиолдлуудыг мэднэ. … [Тэнгэрлэг Эцэг маань] бидэнд хайртай учраас энэ бүх ариун хүслийг өгөхийг хүсдэг.

Түүний бидэнд өгөхийг хүсч байгаа нэгдмэл байхын жаргал нь ганцаараа эзэмших зүйл бус бөгөөд хувь хүн тус бүрдээ үүнийг амсаж чадахгүй ээ. Бид түүнийг эрэлхийлж, бусадтай хамт түүнийг хэрэгжүүлэх ёстой. Энэ нь гэнэтийн юм бус, тиймээс Бурхан биднийг адисалж болохын тул Тэрээр биднийг хамтдаа цугларахыг хүсдэг. Тэр биднийг нэг гэр бүл болон нэгдэхийг урьдаг. Тэрээр биднийг анги, хэсэг, салбаруудыг байгуулж, тогтмол хамтдаа уулзахыг зарлигласан. Эдгээр цугларалтын ачаар Бурханы бидний төлөө зохион байгуулан төлөвлөсөн агуу боломжууд бидний өмнө минь дэлгэгддэг. Бидний үйлчлэх хүчийг өсгөн нэмэгдүүлж, баяр баяслыг авчрах нэгдмэл байдлын төлөө бид залбирч, ажиллаж чадна” (“Зүрх сэтгэлээрээ нэгдмэл байх нь,” Ensign, 2008 оны 11-р сар, 69 эсвэл 2008 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 79).

  • Ерөнхийлөгч Айрингийн хэлснээр, Их Эзэн яагаад биднийг хамтдаа цугларахыг хүсдэг вэ?

  • Нэгдмэл байдал бидэнд ямар адислалуудыг авчрах болно гэж тэр хэлсэн бэ?

  • Бид яагаад гэр бүлээрээ цуглардгийг ойлгоход ерөнхийлөгч Айрингийн хэлсэн үг бидэнд хэрхэн тусалдаг вэ? Мөн Сүмийн гишүүдээрээ? Бас семинарын ангиараа?

  • Бусадтай хамтдаа цугласнаар ирдэг адислалууд таны амьдралд ямар арга замаар тохиолдож байсан бэ?

Суралцагчдыг гэр бүлтэйгээ, сүмийн анги эсвэл чуулгынхаа залуу эрэгтэй, эмэгтэйчүүдтэй мөн Их Эзэнтэй нэг байхын тулд хийж чадах зүйлсээ судрын тэмдэглэл дээрээ бичин цөөн хэдэн хормыг зарцуулахад урь. Тэдэнд хангалттай цаг гаргаж өгсний дараа, цөөн хэдэн суралцагчаас бичсэн зүйлсээ хуваалцахыг хүс. Та бие биетэйгээ нэг байснаар мөн өөрсдийгөө үнэлдэг шигээ бусдыг үнэлснээр ирсэн адислалуудынхаа талаар гэрчлэлээ хуваалцаж болох юм.

Сургаал ба Гэрээ 39–40

Их Эзэн Жеймс Ковиллд урилга өгсөн

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 39, 40-ийн толгой гарчгийг уншаад, Жеймс Ковилл гэж хэн болохыг мөн түүнд юу тохиолдсоныг олж мэдэхэд урь. 1831 оны 1-р сарын 5-нд Их Эзэн Жеймс Ковиллд баптисм хүртэхийг зарлиглав (С ба Г 39:10-ыг үзнэ үү). Гэвч тэр Бурханы зарлигийг дуулгавартай дагах болно хэмээн амласан амлалтаа биелүүлээгүй.

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 40:1–3-ыг чанга уншихад урь. Суралцагчдаас Жеймс Ковилл яагаад Их Эзэний түүнд өгсөн урилгаас татгалзсаныг хэлэхийг хүс. Цөөн хэдэн суралцагчийг Бурхантай хийсэн гэрээнүүдээ сахихын ач холбогдлын талаарх эдгээр шүлгээс сурсан зүйлсээ хуваалцахад урь.

Дараагийн бүлэг (Сургаал ба Гэрээ 41–44)

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 41–44-ийг судлахад нь бэлтгэхийн тулд та дараах асуултыг бодож үзэхэд тэднийг урьж болно: Тачаадахын аюул юу байдаг вэ? Бид Их Эзэний Сүмд хэрхэн заах ёстой вэ? Зөв шударга тэдгээрт үхэл хэрхэн тусдаг вэ? Суралцагчид дараагийн хэсгээр эдгээр асуултад хариулсан Их Эзэний хариултуудыг болон Их Эзэний бүхнээ зориулах хуулийн талаар мэдэж авах боломжтой байх болно.