Семинар
72-р хичээл: Сургаал ба Гэрээ 66


72-р хичээл

Сургаал ба Гэрээ 66

Оршил

Виллям Э.Маклелин 1831 оны зун баптисм хүртсэнийхээ дараа сайн мэдээг номлох дуудлага хүлээн авчээ. 10-р сард тэр Сүмийн чуулганд оролцохоор Огайо руу аялсан байна. Тэнд тэр бошиглогч Иосеф Смиттэй танилцсан ба 1831 оны 10-р сарын 29-нд тэр Иосеф Смитээс өөрийнх нь өмнөөс Их Эзэнээс асуухыг хүсжээ. Түүний хүсэлтийн хариуд Их Эзэн Сургаал ба Гэрээ 66-д буй илчлэлтийг Иосеф Смитэд өгөв. Энэ илчлэлт нь Маклелин ахын сүнслэг байдал, сайн мэдээг номлох дуудлага ба агуу адислалуудыг хүлээн авах түүний чадавхын талаарх тодорхой зөвлөгөөг агуулдаг.

Заах зөвлөмж

Сургаал ба Гэрээ 66:1–3

Виллям Э.Маклелин сайн мэдээг хүлээн авсан учраас адислагдсан хэмээн Их Эзэн тунхаглав

Хичээл эхлэхээс өмнө дараах тойм зургийг самбар дээр зур.

Зураг
тойм зураг

Хичээл эхлэхэд суралцагчдыг самбар дээрх зургийг сайтар ажиглахад урь. Тэд өөрсдийгөө тойм зургийн хаана байрлуулах байснаа дотроо бодохыг хүс. Мөн тэдэнд өөрсдийгөө аль зүгт явж байгааг, Бурханд ойртож байна уу эсвэл Түүнээс холдож байна уу гэдгээ бодохыг зөвлө. Нэг суралцагчийг Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Хэнри Б.Айрингийн хэлсэн дараах үгийг чанга уншихад урь. Ангийнхнаас Бурханд ойртож болох арга замуудыг олж сонсохыг хүс.

Зураг
Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг

“Та нар дотно байсан боловч хол байгаа хэн нэгэнтэй ойр байхыг хүсвэл юу хийх ёстойгоо мэднэ. Та нар тэдэнтэй ярилцах арга замыг олж, тэднийг сонсож мөн нэг нэгнийхээ төлөө ямар нэг зүйл хийх арга замуудыг эрж хайх болно. Энэ харилцаа хэр олон давтагдаж, хэр удаан болно, та нарын хоорондын харилцаа төдий чинээ гүн гүнзгий байх болно. Хэрэв ярилцахгүй, сонсохгүй мөн хийх зүйлүүд хийгдэхгүй удвал харилцаа суларна.

Бурхан бол төгс төгөлдөр, бүхнийг мэдэгч, харин та бид мөнх бус юм. Гэвч тэр бол бидний Эцэг бөгөөд биднийг хайрладаг ба сайн найзын адилаар өөрт нь ойртох боломжийг бидэнд олгодог. Та нар ч бас адил арга замаар буюу ярилцаж, сонсож мөн үйлдсэнээр үүнийг хийх болно” (“To Draw Closer to God,” Ensign, 1991 оны 5-р сар, 66).

  • Ерөнхийлөгч Айрингийн хэлснээр бид Бурханд хэрхэн ойртож чадах вэ? Ярилцаж, сонсож мөн үйлдэх гэдэг нь юу гэсэн үг гэж та бодож байна вэ?

Сүмийн эхэн үед Виллям Э.Маклелин гэх нэгэн эрэгтэй сэргээгдсэн сайн мэдээний талаар мэдэж аваад Бурханд ойртсон гэдгийг тайлбарла. Тэр 1831 оны 8-р сарын 20-нд баптисм хүртжээ. Үүний дараа удалгүй тэр ахлагчаар томилогдож мөн номлогч байхдаа хэдэн долоо хоногийн турш Хайрум Смитийн хамтрагчаар явсан байна. 1831 оны 10-р сард тэр Сүмийн чуулганд оролцохоор Огайо руу явжээ. Тэнд тэр бошиглогч Иосеф Смиттэй танилцсан байна. 10-р сарын 29-нд Маклелин ах нууцаар залбирч, тодорхой таван асуултын хариултыг Иосеф Смитээр дамжуулан илчлэхийг Их Эзэнээс хүсжээ. Иосеф Смитэд асуултуудаа хэлэлгүйгээр Маклелин ах илчлэлт авахыг хүсжээ. Бошиглогч Сургаал ба Гэрээ 66-д буй илчлэлтийг хэлж бичүүлэх үед Маклелин ахын асуулт бүр хариулагджээ. Их Эзэн түүнд, итгэлтэй байж мөн ирээдүйд мөнх амьдралыг хүлээн авахад нь туслахын тулд удирдамж болон сэрэмжлүүлэг өгчээ.

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 66:1–2-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас дагаж уншаад, энэ илчлэлт өгөгдөх үед Их Эзэн Маклелин ахыг адисалсан шалтгаануудыг олж мэдэхийг хүс.

  • Маклелин ах яагаад Их Эзэнээс адислалууд хүлээн авах боломжтой байсан бэ? (Учир нь тэр нүглүүдээсээ эргэж, Их Эзэний үнэнийг хүлээн авч мөн сайн мэдээний бүрэн байдлыг хүлээн авсан юм.)

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 66:3-ыг дотроо уншаад, Их Эзэнд таалагдахын тулд Маклелин ахыг юу хийх хэрэгтэй гэж Их Эзэн хэлснийг олж мэдэхэд урь. Суралцагчдаас сурч мэдсэнээ тайлагнахыг хүс.

  • “Цэвэр ариун болой чи, гэвч бүгдээр нь биш” гэдэг нь юу гэсэн үг гэж та бодож байна вэ? (Та суралцагчдад Маклелин ах хэдийгээр сайн өсөлт хөгжил, хүч чармайлтынхаа үр дүнд адислагдсан боловч зарим нүглээ наманчлах хэрэгтэй хэвээр байсныг ойлгоход тусалж болно.)

  • 3-р шүлэг дэх Их Эзэний зөвлөгөөнөөс бид юу сурч болох вэ? (Суралцагчид дараах сургаалыг тодорхойлох ёстой. Бид бүх нүглээ наманчлах зарлиг авсан. Энэ сургаалыг самбар дээр бич.)

  • Зарим нэг нүглээ бус бүх нүглээ наманчлах нь яагаад чухал вэ?

Суралцагчдыг 3-р шүлгийг дотроо дахин уншаад, Их Эзэн Маклелин ахад бүх нүглээ наманчлахад нь туслахын тулд юу хийх байсныг олж мэдэхэд урь.

  • Бид энэ шүлгээс Их Эзэн бидэнд наманчлалын үед хэрхэн тусалж чадах талаар юуг сурч болох вэ? (Суралцагчид дараах зарчмыг хэлэх ёстой. Бидний наманчлах ёстой зүйлүүдийг Их Эзэн бидэнд үзүүлэх болно. Энэ үнэнийг самбарт бич.)

  • Бидний наманчлах хэрэгтэй зүйлүүдийг Их Эзэн бидэнд үзүүлж болох ямар арга замууд байдаг вэ?

Нэг суралцагчийг ерөнхийлөгч Хэнри Б.Айрингийн хэлсэн дараах үгсийг уншихад урь. Наманчлахад нь туслахыг Их Эзэнээс гуйж болох нэг арга замыг олж сонсохыг ангийнхнаас хүс.

Зураг
Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг

“Бид хувийн залбиралдаа Тэнгэрлэг Эцэгээсээ асуух ёстой зүйлүүдийн нэг нь энэ юм. ‘Би өнөөдөр Танд тааламжгүй юуг хийсэн эсвэл хийгээгүй вэ? Би үүнийг мэдэж авбал хойшлуулалгүйгээр бүх зүрх сэтгэлээрээ наманчлах болно.’ Ийм даруу залбирал хариулагдах болно” (“Do Not Delay,” Ensign, 1999 оны 11-р сар, 34).

Суралцагчдыг нүглээсээ эргэж мөн сайн мэдээг хүлээн авснаараа авсан адислалуудынхаа тухай бодоход урамшуулан дэмж. Тэднийг наманчлах хэрэгтэй байгаа зүйлсийг эрэлхийлэхэд урьснаар тэд илүү агуу адислалуудыг хүлээн авч чадна.

Сургаал ба Гэрээ 66:4–13

Их Эзэн Виллям Э.Маклелинд сайн мэдээг номлохыг, бүх зөв шударга бус зүйлийг орхиж мөн эцсийг хүртэл итгэлтэй үргэлжлүүлэхийг зарлигласан.

Виллям Э.Маклелиний наманчлах хэрэгтэй нүглүүдийг үзүүлэх Их Эзэний амлалтыг дахин хар. Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 66:4-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас дагаж уншаад, Их Эзэн Маклелин ахад өөр юу үзүүлнэ хэмээн амласныг олж мэдэхийг хүс. Суралцагчдаас олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс.

  • Бидэнд зориулсан Бурханы хүслийг ойлгох нь яагаад адислал вэ?

Суралцагчдыг хоёр хоёроор нь хуваа. Бүлгүүдээс Сургаал ба Гэрээ 66:5–9-ийг хамтдаа уншаад, Их Эзэн Маклелин ахад юу хий хэмээн хэлснийг олж мэдэхийг хүс. Суралцагчдаас олж мэдсэнээ тайлагнахыг хүс. Суралцагчдаас олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс.

  • 8–9-р шүлэгт цэдэглэгдсэнээр, Маклелин ах Их Эзэний хүслийг итгэлтэйгээр үйлдвэл ямар адислалуудыг хүлээн авах байсан бэ? (Их Эзэн түүнтэй хамт байж, итгэлтэй хүмүүсийг хүчирхэгжүүлж мөн өвчтөнийг эдгээх боломжтой байхаар түүнийг адислах болно.)

  • Бид Их Эзэний хүслийг дагаснаар хүлээн авч болох адислалуудын талаар эдгээр шүлгээс юу сурч болох вэ? (Суралцагчид дараах зарчмыг олж тогтоох ёстой. Хэрэв бид Их Эзэний хүслийг үйлдэхдээ итгэлтэй байвал Тэр бидэнтэй хамт байх ба биднийг адислах болно. Ингэснээр бид Түүний биднээс шаарддаг зүйлийг биелүүлж чадна. Энэ зарчмыг самбар дээр бич.)

Их Эзэн Маклелин ахад юу хийх талаар зааврууд өгөхийн зэрэгцээ түүнд сэрэмжлүүлэг өгсөн. Нэг суралцагчаас Сургаал ба Гэрээ 66:10-ын эхний хоёр өгүүлбэрийг чанга уншихыг хүс. Түүнийг уншихаас өмнө, эхний хоёр өгүүлбэрт түүртэх гэдэг үг орсон гэдгийг онцол. Хэрэв ямар нэг зүйл бидний замыг хааж эсвэл ажлыг маань маш хэцүү болгож байвал бид түүртдэг гэдгийг тайлбарла.

  • Их Эзэн Маклелин ахад бүхий л шударга бус явдлыг орхигтун” хэмээн зарлигласан. Зөв шударга бус байдал эсвэл нүглээс болж Маклелин ах номлолын ажилдаа хэрхэн түүртэх вэ? Зөв шударга бус байдлаас болж бид сүнслэг байдлаараа хэрхэн түүртдэг вэ?

Суралцагчдыг хариулсны дараа дараах зарчмыг самбар дээр бич. Их Эзэн биднийг сүнслэг байдлын хувьд түүртүүлдэг бүх зүйлийг орхиосой хэмээн хүсдэг.

Суралцагчдыг амьдрал дахь түүртэж байгаа зүйлүүдийг дотроо бодож үзэхэд урамшуул.

Сургаал ба Гэрээ 66:10-ын гурав дахь өгүүлбэрийг чанга уншаад, ангийнхныг Маклелин ахад өгсөн Их Эзэний тодорхой сэрэмжлүүлгийг хайж олоход урь.

  • 10-р шүлэгт цэдэглэснээр, Маклелин ах ямар уруу таталттай тэмцэж байсан бэ?

  • 10-р шүлгээс бидний хүн нэг бүрийг мэддэг Их Эзэний мэдлэгийн талаар бид юу сурч болох вэ? (Их Эзэн Маклелин ахыг мэддэг байсан шигээ бидний хувийн сорилт бэрхшээл, уруу таталтуудыг мэддэг гэдгийг ойлгоход нь суралцагчдад тусал.) Суралцагчдыг 10-р шүлгийн хажууд энэ үнэнийг бичихэд урьж болно.

  • Их Эзэн бидний хувийн бэрхшээл болон уруу таталтуудыг мэддэг гэдгийг ойлгох нь яагаад чухал гэж та нар бодож байна вэ?

Их Эзэн бидний бэрхшээл болон уруу таталтуудыг мэдэхээс гадна бидний давуу тал ба чадваруудыг мэддэг гэдгийг онцлон хэл. Тэр бидний талаар бүх зүйлийг мэддэг. Тэр биднийг төгс хайрлаж мөн ойлгодог гэсэн ойлголттойгоор бид Түүний хүслийг эрэлхийлж мөн Түүнд итгэж болно.

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 66:11-13-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас дагаж уншаад, Их Эзэний Виллям Маклелинд өгсөн нэмэлт зөвлөгөөг олж мэдэхийг хүс. Ангийнхнаас хэрэв Маклелин ах тэр зөвлөгөөг дагавал Их Эзэний өгнө хэмээн амласан адислалуудыг олж мэдэхийг хүс. Суралцагчдаас олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс.

  • 12-р шүлэгт цэдэглэснээр, бид мөнх амьдралыг хүлээн авахын тулд юу хийх хэрэгтэй вэ? (Хэрэв бид эцсийг хүртэл итгэлтэй үргэлжлүүлбэл мөнх амьдралыг хүлээн авах болно гэдгийг ойлгоход суралцагчдад тусал. Зарчмыг самбар дээр бич.)

  • Эцсийг хүртэл итгэлтэй үргэлжлүүлэх гэдэг нь таны хувьд ямар утга учиртай вэ?

Энэ илчлэлт өгөгдөх үед Маклелин ах сэргээгдсэн сайн мэдээний гэрчлэлийг хүлээн авсан гэдгийг тайлбарла. Илчлэлт өгөгдсөний дараа, тэр Иосеф Смитийн бошиглогчийн дуудлагыг гэрчилжээ. Тэр, Иосеф Смит бол … Их Эзэний үнэн бошиглогч ба хүч чадалтай бөгөөд Бурханаас илчлэлт хүлээн авдаг” гэж хэлжээ (Letter from William E. McLellin to relatives, 1832 оны 8-р сарын 4, RLDS Archives, 4; М.Рассэлл Баллардын эш татсанаар, “What Came from Kirtland” [Сүмийн Боловсролын Системийн ганц бие залуучуудад зориулсан галын дэргэдэх ярилцлага, 1994 оны 11-р сарын 6], 8, speeches.byu.edu). Маклелин ах хэдэн жилийн турш итгэлтэйгээр үйлчилж, энэ эрин үеийн Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын анхны гишүүдийн нэгээр үйлчлэхээр дуудагджээ. Гэсэн хэдий ч, тэр эцсийг хүртэл итгэлтэй үргэлжлүүлээгүй юм. Үнэндээ, тэр Иосеф Смитийн эсрэг эргэж, 1838 онд сүмийн гишүүнчлэлээс хасагджээ. Та дараах догол мөрнөөс эхлэн чанга уншиж болно.

Иосефыг Ричмонд дахь шоронд байхад, том биетэй бас хөдөлгөөнтэй эр Маклелин шүүгч дээр очоод, бошиглогчийг ташуурдах боломж олгохыг хүсжээ. Иосеф зодолдох ёстой гэсэн нөхцөлтэйгөөр зөвшөөрөл олгов. Шүүхийн албан тушаалтан Маклелиний хүсэлтийг хэлэхэд, гав гинжийг нь тайлбал үүнийг хийнэ гэж Иосеф зөвшөөрчээ. Маклелин бороохой барихгүйгээр зодолдохоос татгалзсан ба Иосеф үүнийг нь зөвшөөрсөн боловч шүүхийн албан тушаалтан ийм хүч тэнцвэргүй зодоон хийлгэхийг зөвшөөрөөгүй юм” (“History of Brigham Young,” Millennial Star, 1864 оны 12-р сарын 17, 808).

Суралцагчдын анхаарлыг самбар дээрх тойм зураг дээр хандуулж, тэдэнд өөрсдийгөө зургийн аль хэсэгт байрлуулах байсныг дахин бодохыг зөвлө. Дараах асуултыг тунгаан бодохыг тэднээс хүс.

  • Та нар Бурханд илүү ойртож мөн эцсийг хүртэл итгэлтэй үргэлжлүүлэхийн тулд юу хийх вэ?

Ярилцсан сургаал болон зарчмуудынхаа талаар гэрчилж, суралцагчдыг тэдгээрийн дагуу үйлдэхэд урамшуул.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Сургаал ба Гэрээ 66. Виллям Э.Маклелиний таван асуулт

Виллям Э.Маклелин сүмийн гишүүнчлэлээс хасагдсанаас хойш арван жилийн дараа, тэр Иосеф Смитийн хүлээн авсан буюу одоогийн Сургаал ба Гэрээ 66-д цэдэглэгдсэн илчлэлтийн тухай бичжээ.

Зураг
Виллям Э.Жардин

“Би өөрийнхөө талаарх илчлэлтийг түүгээр дамжуулан хүлээн авч, түүний амнаас сонсож байгаад бичсэн. Би Иосеф ахтай уулзахдаа нэг илчлэлт авна гэж хүсэн хүлээж мөн итгэж байсан ба Их Эзэнд нууцаар өвдөг дээрээ залбирч, өөрийн бошиглогчоор дамжуулан таван асуултын хариуг илчлэхийг гуйсан юм. Миний энэ хүсэлтийг Иосеф мэдээгүй байсан. Би Түмний Их Эзэний сонорт хүргэсэн асуулт бүхэн маань миний сэтгэлд нийцтэлээ бүрэн дүүрэн хариулагдсан гэдгийг одоо Бурханаас айх айдастай гэрчилж байна. Би Иосеф илчлэлт авдаг гэдэг гэрчлэлтэй болохын тулд үүнийг хүссэн. Би өнөөдрийг хүртэл үүнийг үгүйсгэж чадахгүй нотолгоо хэмээн үздэг” (Ensign of Liberty, of the Church of Christ, 1848 оны 1-р сар, 61-д).

Маклелин ахын таван асуулт юу болохыг бид мэдэхгүй. Гэсэн хэдий ч, уг илчлэлт түүний асуултуудад хариулсан гэсэн мэдэгдлээс үзэхэд тэр Их Эзэний өмнөх өөрийнхөө байр сууринд санаа зовж мөн Их Эзэн түүгээр юу хийлгэхийг хүсэж байгааг мэдэхийг хүссэн гэсэн таамаг дэвшүүлж болно.