Семинар
Гэрээр судлах хичээл: Сургаал ба Гэрээ 121–123; Науву зохион байгуулагдсан нь (26-р бүлэг)


Гэрээр судлах хичээл

Сургаал ба Гэрээ 121–123; Науву зохион байгуулагдсан нь (26-р бүлэг)

Гэрээр заах багш нарын ашиглах материал

Өдөр бүр гэрээр судлах хичээлийн тойм

Суралцагчдын Сургаал ба Гэрээ 121–123 болон “Науву зохион байгуулагдсан нь” хичээлийг (26-р бүлэг) судалж байхдаа мэдэж авсан үйл явдал, сургаал, зарчмуудын дараах тойм нь хичээлийн нэг хэсэг болгон заахад зориулагдаагүй. Таны заах хичээл эдгээр сургаал, зарчмын цөөн хэд дээр төвлөрнө. Та суралцагчдынхаа хэрэгцээг бодож үзэхдээ Ариун Сүнсний өдөөлтийг дага.

1 дэх өдөр (Сургаал ба Гэрээ 121:1–10122)

Суралцагчид бошиглогч Иосеф Смит болон бусдын Либерти шоронд хоригдож байсан талаар судалж байхдаа дараах зарчмыг мэдэж авсан. Бид саад тотгор хийгээд зовлон зүдгүүрийнхээ үед Их Эзэнийг дуудах юм бол Түүний амар амгаланг хүлээн авч чадна. Хэрэв бид мөнх бус амьдралдаа зовлон зүдгүүрийг сайн тэвчих юм бол Бурхан биднийг одоо болон үүрд мөнхөд адислах болно. Зовлон зүдгүүр нь бидэнд туршлага өгч, бидний сайн сайхны төлөө байдаг. Суралцагчид бас Аврагч бүх хүний төлөө өвчин шаналал болон зовлон зүдгүүрийг амссан гэдгийг мэдэж авсан.

2 дахь өдөр (Сургаал ба Гэрээ 121:11–33)

Суралцагчид гэгээнтнүүдийн Миссури дэх дайснуудаас болж үзэж туулсан зовлон зүдгүүр болон хавчлага дарамтуудын талаар судалсныхаа дараа Их Эзэн бидний бүх үйлдлийг харж мөн мэддэг бөгөөд буруу зүйлийг хийдэг хүмүүс Түүний томилсон цаг хугацаанд Бурханы шүүлтийг хүлээн авах болно гэдгийг мэдэж авсан. Тэд бас Бурхан бидэнд мэдлэгийг Ариун Сүнсээр дамжуулан илчилдэг гэдгийг мөн зовлон зүдгүүр нь биднийг цэвэршүүлж, илчлэлт хүлээн авахад биднийг бэлтгэдэг гэдгийг олж мэдсэн.

3 дахь өдөр (Сургаал ба Гэрээ 121:34–46)

Суралцагчид бошиглогч Иосеф Смитийн Либерти шоронд байхдаа бичсэн сүнслэг нөлөө бүхий захидлын энэ хэсгээс санваартнууд зөв зохистой амьдарснаар л тэнгэрийн хүчийг хүлээн авч чадна гэдгийг мэдэж авсан. Суралцагчид бас санваартны хүчийг сулруулж эсвэл хүчирхэгжүүлж чаддаг тодорхой үйлдлүүдийг авч үзсэн.

4 дэх өдөр (Сургаал ба Гэрээ 123; Науву зохион байгуулагдсан нь)

Суралцагчид хавчин гадуурхагчдадаа хандах гэгээнтнүүдийн үүргийн талаар судалж байхдаа эдгээр зарчмыг мэдэж авсан. Их Эзэн биднийг өөрсдийнхөө хийх зүйлийг хийсний дараа амлалтуудаа биелүүлэх болно. Учир нь тэд үүнийг хаанаас олохыг мэддэггүйн улмаас гагцхүү үнэнээс хол байдаг нь олон буй. Их Эзэний өчүүхэн жижиг мэт санагдах зарлигуудыг дагах бидний шийдвэр нь ирээдүйд агуу үр нөлөөтэй байж болно. Суралцагчид бас Иллинойгийн Наувуд зохион байгуулагдсан Сүмийн удирдах газрын талаар мэдэж авсан бөгөөд Халамжийн нийгэмлэг Есүс Христийн сайн мэдээний Сэргээлтийн сүнсээр өдөөгдсөн хэсэг гэдгийг олж тогтоосон.

Оршил

Суралцагчид энэ хичээлээр амьдралын хүнд хэцүү зүйлстэй тулгарах үед бидэнд тусалж чадах Сургаал ба Гэрээ 121–122 дахь сургаалуудаас заримыг давтах болно. Тэд бас хавчлага дарамт нь Бурханы ажлын өсөлт хөгжлийг зогсоохоосоо илүү урагшлахад нь нөлөөлж чадна гэдгийг олж мэдсэн. Эцэст нь суралцагчид Иллинойгийн Наувуд Халамжийн нийгэмлэг зохион байгуулагдсан талаар мэдэж авч мөн өнөөдөр Халамжийн нийгэмлэгийн хүмүүсийг адисалж байгаа арга замуудыг хуваалцах болно.

Заах зөвлөмж

Сургаал ба Гэрээ 121–122

Гэгээнтнүүд хавчлага дарамттай тулгарснаар чухал сургамжуудыг авав

Устгах тушаал, Хауны тээрэм, Либерти шорон гэж самбар дээр бич. 1838–1839 оны хооронд Миссури дэх гэгээнтнүүдэд тохиолдсон хавчлага дарамтуудын талаар мэдэж авсан зүйлсээ нэгтгэн дүгнэхдээ эдгээр үгийг ашиглахад суралцагчдыг урь.

Сургаал ба Гэрээ 121:7–10; 122:7–9 гэж самбар дээр бич. Эдгээр шүлэгт Их Эзэн бошиглогч Иосеф Смитийг болон гэгээнтнүүдийг зовлон зүдгүүртэй үед нь тайтгаруулахын тулд түүнд зарчмуудыг илчилсэн гэдгийг суралцагчдад сануул. Суралцагчдыг эдгээр шүлгийг дотроо уншаад, эдгээр шүлэг дээрх сургаалууд нь зовлон зүдгүүртэй үед тэдэнд тусалж болох арга замуудыг олж мэдэхэд урь. Цөөн суралцагчийг олж мэдсэнээ хуваалцахад урь.

Долоо хоногийн турш суралцагчид төгс эзэмших судар болох Сургаал ба Гэрээ 121:36, 41–42-ыг судалсан. Та тэднээс 36-р шүлгийг чээжээр уншин, үүнийг давтахыг хүсэж болно. Та бас тэднээс Их Эзэний 41–42-р шүлэгт дурдсан зөв шударга үйлдлүүдийг жагсаан бичихийг хүсч болно.

  • Та эдгээр зөв шударга зарчмуудын үлгэр жишээ болсон хэнийг мэддэг вэ?

Зөв шударга санваартнуудад болон санваарын хүчээр дамжуулан бүх хүний хүлээн авч чадах адислалуудад талархаж буй талархлаа хуваалц.

Науву зохион байгуулагдсан нь

Суралцагчдаас гал унтрааж чадах зүйлсийг нэрлэхийг хүс. Дараа нь гал гарахад нөлөөлж чадах зүйлсийг асуу. Иосеф Смит Бурханы ажлыг галтай харьцуулсан гэдгийг тайлбарла.

  • Гэгээнтнүүдийн Миссурид үзэж туулсан хавчлага дарамт нь Бурханы ажлыг унтраах устай адил байсан гэж бодож байна уу эсвэл үүнийг илүү өсөж хөгжихөд тусалсан түлштэй адил байсан гэж та бодож байна уу? Яагаад?

Нэг суралцагчаас бошиглогч Иосеф Смитийн хэлсэн дараах үгийг уншихыг хүс. Бошиглогч энэ мэдэгдлийг захидал болгон 1831 оны 3-р сарын 1-нд Жон Вэнтворд нэртэй сонины эрхлэгчид бичсэн гэдгийг тайлбарла.

Зураг
Бошиглогч Иосеф Смит

“Хавчлага дарамт нь үнэний өсөлтийг зогсоогоогүй харин гал дээр тос нэмсэн юм. …

… Үнэний жишгүүд тогтоогдсон бөгөөд ямар ч бохир гар энэ ажлыг зогсоож чадахгүй. Хавчлага дарамт гарч ирэн, дээрэмчид нэгдэж, арми цугларч, гүтгэлэг доромжлол ил гарсан ч Бурханы үнэн бүх нутагт айлчлан, бүх оронд нэвтэрч, бүх чихэнд сонсогдож, Бурханы зорилго гүйцэлдэн улмаар Аугаа Иехова ажил дууслаа хэмээн хэлэх хүртэл зоригтойгоор, эелдэг зөөлнөөр, бие даан урагшлах болно” (History of the Church, 4:540-д).

  • Бид энэ хэлсэн үгнээс ямар зарчим сурч болох вэ? (Суралцагчид өөр өөр үнэнийг олж тогтоож болох ч дараах зүйлийг онцол. Юу ч дэлхий даяарх Бурханы ажлын өсөлтийг зогсоож чадахгүй.)

  • Энэ зарчмын ямар нотолгоог та өнөөдөр харж байна вэ?

  • Та ямар арга замаар Бурханы ажлыг хөгжүүлэхэд оролцож чадах вэ?

Бошиглогч Иосеф Смитийг энэ бошиглолыг Жон Вэнтвортод захидлаар бичих үед Их Эзэн олон оронд сайн мэдээг номлох номлогчдыг бэлтгээд эхэлчихсэн байсан гэдгийг тайлбарла. Тэрхүү бошиглол нь Их Британиас эхлээд олон мянган хүн баптисм хүртсэнээр гүйцэлдэж эхэлсэн юм. Шинэ гишүүд Сүмд агуу их хүч чадлыг авчирсан ба олон хүн Науву дахь гэгээнтнүүдтэй нэгдэхээр аялж байв.

Иллинойгийн Науву дахь Сүмийн эмэгтэйчүүд Их Эзэний ажлыг урагшлуулахад агуу хүч чадал болж байсан гэдгийг хэл. Нэг суралцагчийг дараах хоёр догол мөрийг чанга уншихад урь.

1842 онд Иллинойгийн Науву дахь зарим эмэгтэй Наувугийн ариун сүмийн барилгад ямар арга замаар тусалж чадахаа хэлэлцэхээр цугларсан юм. Тэд нэгэн нийгэмлэг байгуулж, дараа нь үүний талаар бошиглогч Иосеф Смитийн санаа бодлыг асуув. Тэр үүнийг зөвшөөрсөн ч Халамжийн нийгэмлэгийг “санваартны удирдлаган доор санваарын загвараар зохион байгуулах” сүнслэг удирдамж хүлээн авчээ (Сүмийн Ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007], 510; мөн Daughters in My Kingdom: The History and Work of Relief Society [2011], 12-ыг үзнэ үү).

Эмма Смит хамгийн анхны Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгчөөр дуудагдав. Наувуд Халамжийн нийгэмлэгийн нарийн бичгээр үйлчилж байсан Элиза Р.Снөү эгч хожим нь Халамжийн нийгэмлэгийн хоёр дахь ерөнхий ерөнхийлөгчөөр үйлчлэхээр дуудагдсан ба “[Халамжийн нийгэмлэгийн] нэр нь орчин үеийнх байж болох ч байгууллага нь эртний гаралтай юм. [Бошиглогч Иосеф Смит] бидэнд үүнтэй адил байгууллага эртний сүмд байсан хэмээн хэлсэн” (“Female Relief Society,” Deseret News, 1868 оны 4-р сарын 22, 1; мөн Daughters in My Kingdom, 7-г үзнэ үү) гэж заасан юм.

  • Бид Элиза Р.Снөүгийн хэлсэн үгнээс Халамжийн нийгэмлэгийн талаар юу мэдэж авч чадах вэ? (Суралцагчдыг хариулах хооронд дараах үнэнийг самбар дээр бич. Халамжийн нийгэмлэг бол Есүс Христийн Сүмийн Сэргээлтийн сүнслэгээр нөлөөлөгдсөн нэг хэсэг юм.)

  • Энэ үнэнийг ойлгох нь бидэнд яагаад чухал гэж та бодож байна вэ?

Нэг суралцагчийг Халамжийн нийгэмлэгийн талаарх дараах хэлсэн үгийг чанга уншихад урь.

“Халамжийн нийгэмлэг нь мөнх амьдралын адислалуудад Бурханы охидыг бэлтгэхэд туслахаар зохион байгуулагдсан. Халамжийн нийгэмлэгийн зорилго бол итгэл хийгээд хувийн зөв шударга байдлыг өсгөх, гэр орон ба гэр бүлүүдийг хүчирхэгжүүлэх мөн тусламж хэрэгтэй хүмүүсийг олж туслан, халамж үзүүлэх явдал юм” (Daughters in My Kingdom, xi).

Суралцагчдаас 4 дэх өдрийн 7 дахь даалгавраар судрын тэмдэглэл дээрээ бичсэн зүйлээ эргэж харахыг хүс. (Тэднээс Халамжийн нийгэмлэгийн гишүүнтэй ярилцаж бас Халамжийн нийгэмлэг түүний амьдралыг адисалж мөн Их Эзэний ажилд оролцох боломжийг түүнд олгосон арга замуудыг бичихийг хүссэн.) Суралцагчдыг энэ үйл ажиллагаанаас сурч мэдсэнээ хуваалцахад урь.

Итгэлтэй эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хичээл зүтгэл бүр өнөөдөр дэлхий даяар Их Эзэний ажлыг үргэлжлүүлэн өргөжин тэлэхэд хэрхэн тусалж байгаа талаар гэрчлэлээ хуваалцан, хичээлээ дуусга. Суралцагчдыг Их Эзэний ажилд үргэлжлүүлэн оролцож болохын тулд итгэлтэй амьдрахад урь.

Дараагийн бүлэг (Сургаал ба Гэрээ 124–128)

Суралцагчдаас нас барагсдын төлөө баптисм болон баталгааны ёслолуудад оролцож байсан үеүдээ бодохыг хүс. Тэдний ирэх долоо хоногт суралцах хэсгүүдийн ихэнх нь Наувугийн ариун сүм болон нас барагсдын төлөөх баптисмын ёслолуудын сэргээлтийн талаар байх болно гэдгийг тайлбарла.