Семинар
120-р хичээл: Сургаал ба Гэрээ 112


120-р хичээл

Сургаал ба Гэрээ 112

Оршил

1837 оны 7-р сарын 23-нд, тэр үед Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч байсан Томас Б.Маршт зориулан өгсөн илчлэлтийг бошиглогч Иосеф Смит хүлээн авчээ. Энэхүү илчлэлтэд Их Эзэн Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын үүрэг хариуцлагуудын талаар зөвлөгөө өгсөн бөгөөд уг илчлэлт Сургаал ба Гэрээ 112-т цэдэглэгдсэн юм.

Заах зөвлөмж

Сургаал ба Гэрээ 112:1–13

Их Эзэн Томас Б.Маршт зөвлөгөө мөн адислалууд ирэх амлалтыг өгөв

Дараах үгсийг самбар дээр бич. Ууртай, залхсан, гомдсон, атаархсан. Суралцагчдаас иймэрхүү мэдрэмжтэй байсан үеийнхээ талаар санахыг хүс.

Тэгээд нэг суралцагчийг дараах түүхийг чанга уншихад урь. Томас Б.Маршт самбарт бичсэн дээрх мэдрэмжүүдийг төрүүлсэн байж болох, түүнд тулгарсан нэгэн нөхцөл байдлыг олж сонсохыг ангийнхнаас хүс.

1835 онд Томас Б.Марш төлөөлөгчөөр дуудагдсаныхаа дараахан Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгчөөр томилогдсон юм. 1837 оны хавар Арван хоёр төлөөлөгчийн нэг, ахлагч Парлей Пратт ерөнхийлөгч Маршаас удирдамж авалгүйгээр Англи руу номлолд явахаар төлөвлөж байгааг ерөнхийлөгч Марш олж мэдсэн байна. Миссурид байсан ерөнхийлөгч Марш, ахлагч Пратт болон бусад Арван хоёрын гишүүдэд 1837 оны 7-р сарын 24-нд Огайогийн Көртландад ирж, номлолын төлөвлөгөөнүүдээ нэгтгэж болохын тулд ирж уулзахыг урьсан бичиг илгээжээ. Гэтэл уг уулзалт болохоос нэг сарын өмнө, Арван хоёрын хоёр өөр гишүүд болох Хибер С.Кимбалл, Оорсон Хайд хоёр бошиглогч Иосеф Смитээс номлолын дуудлага авсныхаа дараахан Англи руу явсан байв. Ерөнхийлөгч Марш Арван хоёрын гишүүдээс өөрийнх нь оролцоогүйгээр сайн мэдээг Англид номлохоор явж эхэлсэнд сэтгэл дундуур байсан юм.

  • Ийм нөхцөл байдалд ерөнхийлөгч Марш самбар дээрх мэдрэмжүүдээс зайлсхийхийн тулд юу хийж болох вэ? Иймэрхүү мэдрэмжүүдэд бодол санаа болон үйлдлээ эзэмдүүлэхийн зарим аюул юу вэ?

Ерөнхийлөгч Марш өөрийн зовнилыг бошиглогч Иосеф Смиттэй хуваалцаж, түүний зөвлөгөөг эрэлхийлжээ. Үүний хариуд, Их Эзэн Сургаал ба Гэрээ 112-т цэдэглэгдсэн илчлэлтийг өгсөн юм.

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 112:1–3-ыг чанга уншихад урь. Ангийн тал хэсгээс ерөнхийлөгч Томас Б.Маршт Их Эзэний өгсөн сэрэмжлүүлгүүдийг олж мэдэхийг хүс. Нөгөө тал хэсгээс ерөнхийлөгч Маршийн хийсэн сайн зүйлсийн талаар Их Эзэний хэлсэн үгсийг хайж олохыг хүс. (Тэднийг уншиж эхлэхээс өмнө 3-р шүлэгт буй дорд аваачих гэдэг үг нь ерөнхийлөгч Маршийг өөрийгөө даруусгасан болохыг харуулж байгаа гэдгийг та тайлбарлаж өгч болно.)

  • Томас Б.Маршт Их Эзэн ямар сэрэмжлүүлгүүдийг өгсөн бэ?

  • Их Эзэн ерөнхийлөгч Маршийг ямар сайн зүйлсийг хийсэн гэж хэлсэн бэ?

Их Эзэн ерөнхийлөгч Маршид цаашдын зөвлөгөөг өгсөн бөгөөд итгэлтэй байдлынхаа төлөө ерөнхийлөгч Маршийн хүлээн авч чадах зарим адислалыг илчилсэн юм. Цөөн суралцагчийг ээлжлэн Сургаал ба Гэрээ 112:4–10-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас дагуулан харж, Их Эзэний Томас Б.Маршт өгсөн амлалтуудыг олж мэдэхийг хүс. Нэг суралцагчаар суралцагчдын олсон энэхүү амлалтуудыг самбар дээр бичүүлэхээр урь.

  • 10-р шүлэгт Их Эзэний заасныг та өөрийнхөө үгээр хэрхэн давтаж хэлэх вэ? (Суралцагчид өөр үгс хэрэглэж болох ч дараах зарчмыг олж тогтоох хэрэгтэй. Хэрэв бид даруу байх юм бол, Их Эзэн биднийг удирдан, залбирлуудад маань хариулах болно.)

  • Их Эзэний удирдамжийг хүлээн авахад яагаад даруу чанар бидэнд тусалдаг вэ?

  • Та өөрийгөө даруусгаснаар Их Эзэнээр удирдуулж байгаагаа хэзээ мэдэрсэн бэ?

1837 оны 7-р сард Их Эзэн энэхүү илчлэлтийг өгөх үед, Сүмд эв нэгдэлгүй байдал, маргаан, урвалт тохиолдож байсан юм. Сүмийн зарим гишүүн бардамнал, шуналаасаа болж бошиглогч Иосеф Смитийн эрх мэдэлд эргэлзэх, илт шүүмжлэх явдал гарч байв. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын зарим гишүүнийг оролцуулсан Сүмийн зарим гишүүн, бүр Иосеф Смитийг Сүмийн ерөнхийлөгчөөс буулгахыг эрэлхийлж байв.

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 112:11–13-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас дагуулан харж, Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын хэцүүдэж буй гишүүдэд хэрхэн туслах талаар Их Эзэн, ерөнхийлөгч Маршт ямар удирдамж өгснийг олж мэдэхийг хүс. Суралцагчдаас олж мэдсэнээ тайлагнахыг хүс.

Сургаал ба Гэрээ 112:14–34

Томас Б.Маршт Их Эзэн Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын үүргүүдийн талаар заав

Их Эзэн ерөнхийлөгч Томас Б.Маршт олон чухал үүрэг хариуцлага өгснийг онцол. Дараах асуултыг самбар дээр бич. Чухал үүрэг хариуцлагыг хүлээн авах үед тань даруу байхад танд юу тусалж болох вэ? Энэ асуултыг эргэцүүлэн бодоход суралцагчдыг урь.

Их Эзэн Томас Б.Маршт Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгчийн хувьд үүрэг хариуцлагынхаа чухлыг ойлгож мэдэхэд туслан мөн энэ явцдаа даруу байхыг түүнд үргэлжлүүлэн сануулж зөвлөсөн. Дараах хүснэгтийг самбар дээр бич, эсвэл тараах хуудас болгон бэлтгэ. Хүснэгтэн дэх эшлэлүүдийг уншихыг суралцагчдаас хүсээд, дараа нь тэдгээрийг хоёр хоёроороо хүснэгтийг (эсвэл ангиараа хамтдаа бөглөхийг) бөглөхийг хүс.

С ба Г 112:14–22, 28–33

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулга болон ерөнхийлөгч Маршийн үүрэг хариуцлагын чухлыг илэрхийлсэн үгс

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулга болон ерөнхийлөгч Маршт даруу байхын хэрэгцээг сануулсан үгс

Суралцагчдад уг хүснэгтийг бөглөх хангалттай хугацаа өгсний дараа, дараах асуултуудыг тавь.

  • Ерөнхийлөгч Маршийн үүрэг хариуцлагын чухлыг онцлон тодруулах ямар үгсийг та нар олсон бэ?

  • 16–17-р шүлэгт хэлсний дагуу Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч ямар түлхүүрүүдийг атгадаг вэ? (Суралцагчид өөр өөр үг ашиглаж болох ч дараах үнэнийг илэрхийлэх ёстой. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч бүх үндэстэнд сайн мэдээг тунхаглах Арван хоёрын ажлыг удирдах түлхүүрүүдийг эзэмшдэг.)

  • 30–32-р шүлэгт өгүүлснээр, Их Эзэн Томас Б.Маршт өөрийнх нь эзэмшдэг санваарын түлхүүрүүдийн талаар юуг заасан бэ? (Суралцагчид өөр өөр зарчмыг илэрхийлж болох ч дараах үнэнийг олж тогтоох ёстой. Санваарын түлхүүрүүд цаг хугацааны бүрэн байдлын эрин үед эцсийн удаа сэргээгдсэн. Та эрин үе гэдэг үгийн утгыг товчхон давтаж болно [Bible Dictionary, “Эрин үе”-ийг хар.)

  • Томас Б.Маршт даруусах хэрэгтэйг сануулсан ямар үгсийг та нар олсон бэ?

  • 15 болон 30-р шүлгүүд дээрх Их Эзэний үгс, Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгчийн хувьд Томас Б.Марш, мөн Сүмийн ерөнхийлөгчийн хувьд Иосеф Смит нарын хоорондын харилцааны талаар юуг зааж байна вэ?

Энэхүү илчлэлтээр хүлээн авсан зөвлөгөөг дагахад Томас Б. Маршт хэцүү байсныг ойлгоход суралцагчдад туслахын тулд нэг суралцагчийг дараах үгсийг уншихад урь.

Сургаал ба Гэрээ 112 дахь илчлэлт өгөгдөөд нэг их удаагүй байх үед Томас Б.Марш ахлагч Хибер С.Кимбаллын эхнэр Вайлэт Кимбаллд нөхрийн тань Англи дахь номлол үр дүнд хүрч чадахгүй гэж хэлсэн ажээ. Ерөнхийлөгч Марш сайн мэдээг хилийн чанадад түгээх нь өөрийнх нь үүрэг хариуцлага учраас Англи руу хэн нэгнийг илгээх эсвэл өөрийн биеэр явахаас нааш номлогчийн ажлын хаалга нээгдэх боломжгүй хэмээн бодож байсан аж.

  • Энэ явдал Томас Маршт даруу байх нь хэцүү байсан байж болохыг хэрхэн харуулж байна вэ?

Самбар дээр бичсэн асуулт руу дахин ханд. Суралцагчдыг уг асуултад хариулахыг урь. Энэ ярилцлагын хэсэг болгон Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын дараах мэдэгдлийг ашиглах талаар бод.

Зураг
Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф

“Бид өөрсдийгөө хэн ч биш гэж бодсоноор даруу болдог юм биш, харин бусдыг бодсоноор даруу төлөв болно. Бурхан болон хөршүүддээ үйлчлэх сэтгэлтэй явснаар даруу төлөв болдог билээ.

… Өөрийгөө бодохоо больж, бусдад үйлчилж эхлэх тэр үед бардамнал маань багасч, алга болж эхэлнэ” (“Бардамнал ба санваар,” Ensign, 2010 оны 11-р сар, 58 эсвэл 2010 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 63).

Ерөнхийлөгч Маршт амласан Их Эзэний адислалуудын тухай суралцагчдад сануул (С ба Г 112:4–10-ыг үзнэ үү). Та эдгээр адислалыг самбар дээр нэг суралцагчаар жагсаан бичүүлчихсэн байж болно. Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 112:34-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас дагуулан харж, эдгээр адислалыг авахын тулд Томас Марш юу хийх хэрэгтэй байсныг олж мэдэхийг хүс. Суралцагчдаас олж мэдсэнээ тайлагнахыг хүс. Дараа нь дараах зарчмыг самбар дээр бич. Их Эзэний амласан адислалуудыг хүлээн авахын тулд бид итгэлтэй байх ёстой.

Суралцагчдад энэ зарчмыг ойлгоход туслахын тулд Томас Б.Маршийн Сүмээс холдсон болоод эргэн ирсэн тухай дараах түүхийг унш эсвэл дүгнэн ярьж өг.

Ерөнхийлөгч Марш хүлээн авсан зөвлөгөөгөө хэсэг хугацаанд дагаж байсан. Тэр Иосеф Смитийг дэмжин, Сүмийг хүчирхэгжүүлэхээр ажиллаж байв. Гэсэн хэдий ч тэр удалгүй Сүмийг удирдах арга замын талаар сөрөг зүйл бодож эхлэв. Эдгээр мэдрэмж нь дуулгаваргүй, түрэмгий Сүмийн гишүүд болон Миссури дахь хөршүүдийнх нь хоорондох зөрчлийн талаар санаа зовсонтой нь давхацжээ. 1838 оны 9-р сард тэрээр урвалтын сүнсэнд баригдаад байхад нь түүний эхнэр Елизабэт нэгэн хэрүүл маргаанд орооцолдсон байна. Тэр өөр нэг эмэгтэйн хамт хоёул Сүмийн гишүүн байсан бөгөөд бяслаг хийх хангалттай сүүг байнга солилцож байхаар тохирсон байв. Гэтэл сүүнийхээ тослог ихтэй хэсгийг өөртөө авч хадгалаад, тохирсондоо хүрэхгүй байна гэж Марш эгчийг нөгөө эгч нь буруутгажээ. Энэ хэрэг хэд хэдэн удаа Сүмийн удирдагчдын өмнө ирсэн юм. Энэ асуудлыг бүр Тэргүүн Зөвлөлийн өмнө ч авчрав. Тэр тутамд Марш эгчийг буруутай гэж үзжээ. Ерөнхийлөгч Марш эдгээр шийдвэрт уурлан дургүйцэж байв (Жорж А.Смит, “Discourse,” Deseret News, 1856 оны 4-р сарын 16, 44-ийг үзнэ үү). Хэдий энэ нөхцөл нь түүнийг Сүмийг орхиход хүргээгүй ч түүний бусад дургүйцэл бухимдал дээр нэмэгдэн, улам их болгов. Тэрээр Сүмийн удирдагчдын тухайд яваандаа улам шүүмжлэлтэй хандах болж, яваандаа гэгээнтнүүдийн эсрэг хандсан юм. Хожим нь тэрээр “Би бошиглогчид атаархаж … мөн зөв байсан бүх зүйлсийг үл тоон, харин бүх цагаа ёсон бусыг эрж хайн өнгөрөөж байсан” гэж дурссан байдаг (“Remarks,” Deseret News, 1857 оны 9-р сарын 16, 220).

1838 оны 10-р сард Томас Б.Марш Миссуригийн хотын даргын өмнө мормончууд Миссури мужид өс хонзонтой хандаж байсан гэж тангараглан мэдүүлсэн байна. Энэ мэдүүлэг засгийн газарт хөөн гаргах тушаал гаргахад нөлөөлсөн бөгөөд 15000 гаруй гэгээнтнийг Миссури дэх гэрээс нь хөөн гаргахад хүрсэн билээ.

Сүмийг орхисноос хойш 18 жилийн дараа Томас Б.Марш Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Хибер С.Кимбаллд даруухнаар захидал бичин, өршөөл гуйж мөн Сүмд дахин элсэх зөвшөөрлийг хүсжээ. Тэр өөрийн алдаанаас юу сурсан талаараа: “Их Эзэн надгүйгээр сайныг үйлдсээр байсан ба миний унаснаас болж юу ч алдаагүй, харин би ямар ихийг алдсан гээч” гэж тайлбарлав. (Томас С.Маршийн Хибер С.Кимбаллд бичсэн захидал, 1857 оны 5-р сарын 5, Brigham Young Collection, Сүмийн Түүхийн Номын сан, Кэй Даровскийн эш татсанаар, “The Faith and Fall of Thomas Marsh,” Revelations in Context, history.lds.org).

Самбар дээрх зарчимд суралцагчдын анхаарлыг хандуул. Томас Б.Марш Сүмийн бүрэн гишүүнчлэлийг эргүүлэн хүлээн авсан болохыг тайлбарла. Гэхдээ Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгчийн хувьд тэр өөрийгөө даруусган, итгэлтэй бай хэмээх Их Эзэний зөвлөгөөг дагаж чадаагүй учир Сургаал ба Гэрээ 112:4–10-т жагсаасан адислалуудыг хүлээн авч чадаагүй юм.

Цөөн хэдэн суралцагчаас өнөөдөр сурсан зүйлийнхээ талаар хуваалцахыг хүс. Өөрийн илүү даруу мөн итгэлтэй байж чадах нэг аргыг сонгож, үүний дагуу үйлдэх төлөвлөгөө бичихийг суралцагчдаас хүс.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Сургаал ба Гэрээ 112:30. “Тэргүүн Зөвлөл … таны зөвлөхүүд болон таны удирдагчид байхаар … томилогддог”

Тэргүүн Зөвлөл ба Арван хоёр Төлөөлөгчдийн Чуулгын гишүүн бүр хаант улсын түлхүүрүүдийг эзэмшдэг. Арван хоёр Төлөөлөгчдийн Чуулгын ерөнхийлөгч дэлхий дээрх бүх үндэстний дунд сайн мэдээг тунхаглах Арван хоёрын ажлыг удирдах түлхүүр буюу эрх мэдлийг эзэмшдэг (С ба Г 112:16). Гэсэн ч Арван хоёрын Чуулгын ерөнхийлөгч мөн төлөөлөгчдийн хэн нь ч өөрсдийн санваарын түлхүүрүүдийг зөвхөн Сүмийн ерөнхийлөгч болон Тэргүүн Зөвлөлийн зөвлөхүүдийн удирдлаган доор хэрэглэдэг. Иймээс Их Эзэн, Томас Б.Марш болон Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын бусад гишүүнийг тэдний дээр тэргүүлэх Иосеф Смитийн эрх мэдлийг зөвшөөрөхийг сануулан сэрэмжлүүлсэн юм (С ба Г 112:15-20-ийг үзнэ үү). Энэ тэргүүлэх эрх мэдэл нь Томас Б.Марш Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгчийн хувьд дэлхий дээрх бүх үндэстний дунд сайн мэдээг тунхаглах Арван хоёрын ажлыг удирдах түлхүүрийг эзэмшдэг хэдий ч, Иосеф Смит Сүмийн ерөнхийлөгчийн хувьд Арван хоёрын Чуулгын хоёр гишүүн Хибер С.Кимбалл, Оорсон Хайд нарыг Англи руу дуудах эрх мэдэлтэй байсны учир юм.