Семинар
37-р хичээл: Сургаал ба Гэрээ 30


37-р хичээл

Сургаал ба Гэрээ 30

Оршил

Нью-Йоркийн Фейеттед болсон Сүмийн чуулганы дараахан 1830 оны 9-р сард Давид Витмер, Бага Петр Витмер, Жон Витмер нарын өмнөөс Иосеф Смит илчлэлтүүдийг хүлээн авчээ. Эдгээр илчлэлтийг анх тусад нь хэвлэж гаргасан боловч Иосеф Смит тэдгээрийг 1835 оны Сургаал ба Гэрээний хэвлэлд нэг хэсэг болгон нийлүүлсэн байна.

Заах зөвлөмж

Сургаал ба Гэрээ 30:1–4

Их Эзэн Давид Витмерийг Сүнсэнд болон Их Эзэний томилогдсон үйлчлэгчдэд анхаарал хандуулаагүйнх нь төлөө зэмлэв

Суралцагчдаас дараах нөхцөл байдлуудыг дотроо тунгаан бодохыг хүс.

  1. Нэгэн залуу эрэгтэй Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимол дээр дурдсан жишгүүдтэй нийцэхгүй хөгжим сонсдог байв. Хэдийгээр тэр хөгжмийг амтархан сонсдог ч үүний үг хэллэг нь түүнийг Сүнсээ алдахад хүргэж, гэр бүл, найз нөхөд, Сүмээс нь холдуулж байгааг ухаарчээ.

  2. Нэгэн залуу эмэгтэй залуу эрэгтэйтэй хэд хэдэн удаа болзсоны дараа Ариун Сүнсний өдөөлтөөр тэр залуу эрэгтэй түүнийг бага багаар ариун явдлын хуулийг зөрчихөд ятгаж байгааг ухаарав.

Ариун Сүнс биднийг сүнслэг аюулд өртөх үед анхааруулдаг. Гэсэн хэдий ч хэрэв бид Түүний анхааруулгыг сонсохгүй бол Их Эзэний Сүнс биднээс холдох болно. Сургаал ба Гэрээ 30 нь бидэнд Сүнсний анхааруулгыг хүлээн авч, дагахад бэлтгэхэд туслах сургаал болон зарчмуудыг агуулдаг.

Сургаал ба Гэрээ 30-ийн эхний хэсэг нь бошиглогч Иосеф Смит Давид Витмерийн өмнөөс хүлээн авсан илчлэлт юм.

  • Та Давид Витмерийн талаар юу мэддэг вэ? (Хариултууд нь тэр болон түүний эцэг, эх Иосеф Смитийг Мормоны Номыг орчуулах газраар хангасан ба тэр Мормоны Номын Гурван Гэрчийн нэг байсан мөн тэр Сүмийн анхны зургаан гишүүний нэг байсан зэрэг орж болно.)

Хэдийгээр Давид Витмер олон талаар итгэлтэй байсан ч Их Эзэн Сүм дэх үүрэг хариуцлагуудаа үл тоомсорлосных нь төлөө түүнийг зэмлэжээ. Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 30:1–2-ыг чангаар уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, Их Эзэний зэмлэсэн үгсийг олж мэдэхийг хүс.

  • Их Эзэн яагаад Давид Витмерийг зэмлэсэн бэ? (Та суралцагчдын хариултуудыг самбар дээр жагсааж бичиж болно. Хариултууд нь Давид хүмүүнээс айсан, хүч чадлын төлөө Их Эзэнд найдаагүй, Их Эзэний зүйлсээс илүү дэлхийн зүйлст анхаарал тавьсан, Сүнс болон Сүмийн удирдагчдын удирдамжийг дагаагүй, Их Эзэний дуудан томилоогүй хүмүүсийн ятгалганд орсон зэрэг байж болно.)

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 30:1–2-оос бидний сурч болох зарчмуудыг санал болгоход урь. Тэд дараах зарим эсвэл бүх зарчмыг санал болгож болно.

Бид хүмүүнээс айхын оронд хүч чадлын төлөө Их Эзэнд найдах ёстой.

Бид дэлхийн зүйлсээс илүү Бурханы зүйлсэд анхаарлаа хандуулах ёстой.

Бид Их Эзэний дуудан томилоогүй хүмүүсийн ятгалганд орохоос илүү Сүнсийг болон Сүмийн удирдагчдын зөвлөгөөг дагах ёстой.

Суралцагчдад эдгээр зарчмын ач холбогдлыг ойлгож, мэдрэхэд туслахын тулд дараах асуултуудаас заримыг эсвэл бүгдийг асуу.

  • Хүмүүнээс айна гэдэг нь юу гэсэн үг гэж та нар бодож байна вэ? (Хариултууд нь энэ бол биднийг Бурханы сургаалаас холдуулах бусад хүний сургаалыг дагах гэсэн утгатай байж болно.)

  • Бид хүч чадлын төлөө Их Эзэнд найдаж болохын тулд бидний хийж чадах зүйлс юу вэ? Та нар хэзээ Их Эзэн та нарыг хүчирхэгжүүлж байгааг мэдэрсэн бэ?

  • Их Эзэний зүйлээс илүү дэлхийн зүйлст анхаарал хандуулах гэдэг нь юу гэсэн утгатай үг гэж та нар бодож байна вэ? Энэ буруу зүйлийг хийснээр ямар аюул ирж болох вэ?

  • Та нар хэрхэн Сүнсийг болон Сүмийн удирдагчдын зөвлөгөөг дагаснаар адислагдсан бэ?

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 30:3–4-ийг чангаар уншихад урь. Ангийнхныг Давид Витмерт өгсөн Их Эзэний зөвлөгөөг олж мэдэхэд урамшуулан дэмж.

  • Их Эзэн Давидыг зэмлэснийхээ дараа Давидад юу хий гэж зарлигласан бэ? (Хүлээн авсан зүйлсээ тунгаан бодож, Сүмийн үүргүүдээ биелүүлэх.)

  • Бурханаас хүлээн авсан зүйлсээ тунгаан бодох нь итгэлтэй үлдэхэд бидэнд хэрхэн тусалдаг вэ?

  • Бид өөрсдийгөө хүлээн авсан дуудлагадаа бүрэн зориулах үед хэрхэн сайнаар нөлөөлөгддөг вэ?

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 30:1–4-ийг дотроо дахин уншаад, тэдний амьдралд илүү дөхөм хэрэгжиж болох зөвлөгөөг олж мэдэхэд урамшуулан дэмж. Тэднээс уг зөвлөгөөг дагахын тулд юу хийж болох талаар тунгаан бодохыг хүс. Тэднийг бодол санаагаа дэвтэр эсвэл судрын дэвтэр дээрээ бичихэд урь.

Сургаал ба Гэрээ 30:5–8

Бага Петр Витмер нь Оливер Каудеритай хамт леменчүүдэд номлохоор дуудагдав

Ангид хүнд ямар нэгэн зүйл эсвэл ном, чулуу зэрэг хүнд зүйлсээр дүүргэсэн цүнх авчир. Нэг суралцагчийг үүнийг энгэртээ тэврэхэд урь. Суралцагчийг хүнд зүйлийг тэвэрч зогсох зуур Сургаал ба Гэрээ 30-д Давид Витмерт өгөгдсөн илчлэлтээс гадна Давидын дүү нар болох Петр, Жон нарт өгөгдсөн хоёр нэмэлт илчлэлт байдаг гэдгийг тайлбарла. Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 30:5-ыг өөрсдөө уншаад, Их Эзэн Бага Петр Витмерийг юу хийлгэхээр дуудсаныг олж мэдэхэд урь.

  • Их Эзэн Бага Петр Витмерийг юу хийлгэхээр дуудсан бэ? (Сайн мэдээг тунхаглах.) Энэхүү ажилд Петрийн удирдагч хэн байх ёстой байсан бэ? (Оливер Каудери.)

Өөр нэг суралцагчийг хүнд зүйл өргөж байгаа суралцагчид туслахад урь. Эхний суралцагчаас хэн нэгнээр туслуулах нь ганцаараа өргөж байхаас хэр өөр байгааг асуу. Их Эзэн Петрт хэрхэн Оливер Каудериг дэмжих талаар зөвлөгөө өгсөн гэдгийг тайлбарла. Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 30:5–8-аас Петр Оливерийг хэрхэн дэмжих ёстой байсныг тайлбарлах хэллэгүүдийг олохоор хайхад урь. Та суралцагчдад эдгээр хэллэгийг тэмдэглэж авахыг зөвлөж болно.

  • Та ямар хэллэгүүдийг олсон бэ? (Та нэг суралцагчийг бусдынхаа хариултуудыг самбар дээр жагсааж бичихэд урьж болно.)

  • Петрийн хувьд “[Оливерийн] бүхий л зовлонд зовж” байх гэдэг нь юу гэсэн үг гэж та бодож байна вэ? (Петр хүнд хэцүү цагт ч Оливерийн хажууд зогсох ёстой байсан.)

  • 6-р шүлэгт цэдэглэснээр залбирал нь Сүмийн удирдагчдыг дэмжихэд ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?

Сургаал ба Гэрээ 30:9–11

Жон Витмер сайн мэдээг тунхаглахаар дуудагдав

Сургаал ба Гэрээ 30:9–11 нь Жон Витмерт зориулсан илчлэлтийг агуулдаг гэдгийг тайлбарла. Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 30:9–10-ыг чангаар уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, Их Эзэн Жон Витмерийг юу хийлгэхээр дуудсаныг олж мэдэхийг хүс (Филип Бурроусын эхнэр Сүмийн гишүүн байсан гэдгийг тайлбарлавал тустай байж болно.) Бурроусын гэр бүл Витмерийн гэрээс хойш 11 километр орчмын зайд орших Нью-Йоркийн Сэнэка Фоллст амьдардаг байжээ. Филип Бурроусыг 10-р шүлэгт “ах” гэж дуудаж байгаа ч түүний Сүмд нэгдсэн тухай бүртгэл огт байдаггүй.

Суралцагчдыг олж мэдсэнээ тайлагнасны дараа тэднээс Сургаал ба Гэрээ 30:11-ийг нээж гаргаад, бид хэрхэн Их Эзэнд үйлчлэх тухай зарчмыг олж мэдэхийг хүс. Тэднийг “хэрэв-бол” өгүүлбэрээс сурсан зүйлээ хуваалцахад урамшуулан дэмж.

  • Та 11-р шүлгээс ямар зарчмыг харж байна вэ? (Суралцагчид өөр үгсийг ашиглаж болох ч хариултууд нь дараах зарчмыг тусгах ёстой. Хэрэв бид Их Эзэнд бүх зүрх сэтгэлээрээ үйлчилбэл Тэрээр бидэнтэй хамт байх болно.)

Суралцагчдыг Их Эзэнд үйлчилж байх үед нь Тэрээр тэдэнтэй хамт байгааг мэдэрсэн туршлагаа хуваалцахад урь. (Та мөн уг зарчмын талаар өөрийн гэрчлэлийг хуваалцаж болно.) Суралцагчдыг Их Эзэнд үйлчилснээр Түүнтэй илүү ойр байх боломжуудыг эрэлхийлэхэд урамшуулан дэмж.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Сургаал ба Гэрээ 30:5–7. Оливер Каудери Иосеф Смитийн зөвлөх байв

Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит:

Зураг
Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит

“Бага Петр [Витмер]-т Оливер Каудерид Иосеф Смитээс өөр томилогдсон зөвлөх байхгүй гэж мэдэгджээ. Иймээс Петр энэ аялалд явах зуураа зөвлөгөө өгөх биш харин авах нь түүний үүрэг гэдгийг ойлгожээ. Оливер Каудери Иосеф Смиттэй хамт Санваарт болон эрх мэдэлд томилогдох бүрд хамт байсан нь түүнд Сүмийн удирдлагад Иосеф Смитийн дараа хоёрт зогсох эрх мэдлийг өгсөн юм” (Church History and Modern Revelation, 2-р боть, [1953 он], 1:146–147).