Семинар
43-р хичээл: Сургаал ба Гэрээ 38:17–42


43-р хичээл

Сургаал ба Гэрээ 38:17–42

Оршил

Өмнөх хичээл нь Сургаал ба Гэрээ 38-ын эхний 16 шүлгийг хамарсан. Энэ хичээл нь энэ хэсгийн үлдсэн хэсгийг хамрах болно. Огайод цугларах зарлигийн талаар илүү ихийг мэдэхийг хүссэн гэгээнтнүүдийн хүслийн хариуд Их Эзэн Мянган жилд зөв шударга хүмүүст ирэх зарим адислалыг илчлэв. Тэр дараа нь гэгээнтнүүдэд эв нэгдэлтэй байхыг зааварласан бөгөөд тэднийг яагаад Огайод цугларахыг зарлигласнаа тайлбарлав. Эцэст нь цугларалтаа хэрхэн эхлэхээ мэдэхэд нь гэгээнтнүүдэд туслах нэгэн зарлигийг Их Эзэн өгчээ.

Заах зөвлөмж

Сургаал ба Гэрээ 38:17–22

Их Эзэн одоо болон Мянган жилийн турш зөв шударга хүмүүст ирэх зарим адислалыг илчлэв

Суралцагчдаас өв хөрөнгө гэж юу болох мөн үүнийг голдуу хэн хүлээн авдаг талаар асуу.

  • Та нар яагаад өв хөрөнгө хүлээн авахыг хүсэж байна вэ?

Цөөн суралцагчийг Сургаал ба Гэрээ 38:17–22-ыг ээлжлэн чанга уншихад урь. Ангийнхныг дагуулан харж, Их Эзэний Өөрийн хүмүүст амласан өвийг олж тогтоохыг хүс.

  • Эдгээр шүлэгт дурдагдсан өвийг хүлээн авахын тулд Их Эзэн Өөрийн хүмүүсийг юу хийх хэрэгтэй хэмээн хэлсэн бэ? (Үүнийг бүхий л зүрх сэтгэлээрээ эрэлхийл [С ба Г 38:19-ийг үзнэ үү]; Түүний дуу хоолойг сонсож мөн Түүнийг дагагтун [С ба Г 38:22]-ыг үзнэ үү.)

Нэг суралцагчийг өмнөх хичээл дээр үзсэн Сургаал ба Гэрээ 38-ын түүхэн нөхцөл байдлыг тайлбарлахад урь. Хэрэв шаардлагатай бол, суралцагчдад Нью-Йоркт байсан гэгээнтнүүдийн зарим нь Огайо руу нүүх Их Эзэний зарлигийн талаар илүү ихийг мэдэхийг хүссэн болохыг сануул.

  • Мөнхийн өвийнх нь талаар гэгээнтнүүдэд заах нь Огайо руу нүүх зарлигийн талаар тэдний бодолд хэрхэн нөлөөлсөн байх гэж та нар бодож байна вэ?

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 38-ын үлдсэн хэсгийг судлахдаа Их Эзэн яагаад Огайод цугларах зарлигийг гэгээнтнүүдэд өгсөн тухай илүү олон шалтгааныг олж мэдэхэд тэднийг урамшуулан дэмж.

Сургаал ба Гэрээ 38:23–27

Их Эзэн гэгээнтнүүдэд эв нэгдэлтэй байхыг зарлиглав

Хичээл эхлэхийн өмнө ойролцоо байдаг барилгын гадна талбайн энгийн эскиз зургийг самбар дээр зур. Эсвэл энд харуулснаар байшингийн энгийн зураг зур. Барилгын чухал элементүүд болох хаалга, цонх, хана, дээвэр гэх мэтийг оролцуулж зур. Суралцагчдаас барилгын аль хэсэг нь хамгийн чухал болохыг асуу. Суралцагчдыг хариулах үед барилгын хэсэг бүр шаардагдах үүрэг гүйцэтгэдгийг ойлгоход нь тэдэнд тусал.

Зураг
байшингийн бүдүүвч
  • Барилгын хэсгүүдийг гэр бүлийн гишүүдтэй эсвэл тойрог, салбарын хүмүүстэй хэрхэн харьцуулж болох вэ? (Барилгын хэсэг бүр чухлын нэгэн адил гэр бүл эсвэл тойрог, салбарын хүн бүр үнэ цэнтэй бөгөөд чухал үүрэг гүйцэтгэж чадна.)

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 38:23–25-ыг дотроо уншиж, бид бусад хүнийг хэрхэн харах ёстойг зааж буй үгсийг олж мэдэхэд урь. Суралцагчдаас сурсан зүйлээ хуваалцахыг хүс.

  • “Хүн бүр ах дүүсээ өөр шигээ хүндлэг” гэдэг нь юу гэсэн үг гэж та нар бодож байна вэ? (Суралцагчдыг хариулсны дараа, дараах зарчмыг самбар дээр бич. Бид өөрсдийгөө үнэлдэг шигээ бусдыг үнэлэх ёстой.)

Суралцагчдад энэ зарчмыг санахад нь туслахын тулд Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч Боид К.Пакэрын хэлсэн дараах үгийг самбар дээр бич. Та суралцагчдад үүнийг судар дээрээ эсвэл хичээлийн дэвтэр юм уу судрын тэмдэглэл дээрээ хуулж бичихийг санал болгож болно. (Энэ хэлсэн үгийг “Сүмийн сул дорой хийгээд даруу тэдгээр нь” Ensign эсвэл Лиахона, 2007 оны 11-р сар, 7-оос олж болно.)

“[Сүмийн] гишүүдийн дунд онцгой эрх тэгш байдал байдаг. Бидний хэн нь ч өөрийгөө бусдаас илүү үнэ цэнтэй хэмээн бодох ёсгүй (С ба Г 38:24–25-ыг үзнэ үү)” (Ерөнхийлөгч Боид К.Пакэр).

  • Хүмүүс өөрсдийгөө бусдаас илүү үнэ цэнтэй эсвэл илүү сайн гэж бодсон үед юу тохиодог вэ?

  • Бид өөрсдийгөө бусдаас илүү үнэ цэнтэй гэж үзээгүй үед Сүм хэрхэн адислагддаг вэ?

Суралцагчдад, Аврагч бид бусдыг өөрсөд шигээ хүндэтгэх хэрэгтэйг харуулж нэгэн сургаалт зүйрлэл заасныг хэл. Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 38:26 дээрх энэ сургаалт зүйрлэлийг чанга уншихад урь. Ангийнхныг дагуулан харж, энэ сургаалт зүйрлэл дээрх хүн хөвгүүддээ хэрхэн хандсаныг олж мэдэхийг хүс.

  • Хэрэв та нар энэ сургаалт зүйрлэл дээрх ноорхой хувцас хүлээж авсан хүү байсан бол та нарт ямар санагдах байсан бэ?

  • Сайхан хувцас хүлээн авсан хүү энэ нөхцөл байдлыг сайжруулахын тулд юу хийж болох вэ?

  • Энэ сургаалт зүйрлэлээр дамжуулан Их Эзэний бидэнд хэлэхийг хүссэн захиас юу гэж та нар бодож байна вэ?

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 38:27-г дотроо уншиж, Их Эзэний энэ сургаалт зүйрлэлээс биднийг ойлгоосой гэж хүсэж байгаа зарчмыг олж мэдэхийг хүс. (Суралцагчид өөр өөр үг хэрэглэж болох ч тэд дараах зарчимтай адил зүйлийг илэрхийлэх хэрэгтэй: Хэрэв бид нэг биш бол Их Эзэний хүмүүс байж чадахгүй. Энэ зарчмыг эхэнд бичсэн зарчмынхаа хажууд самбар дээр бич. Та суралцагчдадаа энэ зарчмыг зааж буй үгсийг судрууд дээрээ тэмдэглэж авахыг санал болгож болно.)

  • 27-р шүлэгт хэлснээр “нэг байх” гэдэг нь юу гэсэн үг вэ? (Зөв шударга байдалд бусадтай болон Их Эзэнтэй нэгдмэл байх.)

  • Өөрсдийгөө үнэлдэг шигээ бусдыг үнэлэх нь бие биетэйгээ нэг болоход бидэнд хэрхэн тусалж болох вэ? Энэ нь Их Эзэнтэй нэг болоход бидэнд хэрхэн тусалж болох вэ?

  • Хэрэв бид нэг биш бол яагаад Их Эзэний хүмүүс байж чадахгүй гэж та нар бодож байна вэ?

Огайод цуглахаар дуудагдсан эртний Сүмийн гишүүд өөр өөр нөхцөл байдлаас ирсэн гэдгийг тайлбарла. Зарим нь фермүүдээ амжилттай авч явж, нийгэмдээ хүндлэгддэг байхад зарим нь эд хөрөнгө багатай, нийгмийн доод давхаргад тооцогддог байв.

  • Самбар дээр бичсэн зарчмууд нь гэгээнтнүүдийг Огайо дахь Сүмийн бусад гишүүнтэй хамт цугларах үед тэднийг хэрхэн адисалсан байж болох вэ?

Хичээл эхлэхийн өмнө та бүх суралцагчид Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Хэнри Б.Айрингийн хэлсэн дараах үгийг бичсэн тараах материалыг тарааж өгөхөөр бэлтгэж болно. Нэг суралцагчаас хэлсэн үгийг чанга уншихыг хүс. Ангийнхныг дагуулан харж, нэгдмэл байх зарлиг нь Бурханы Өөрийн хүмүүсийг хамтдаа цуглуулах зарлигтай хэрхэн холбогдож байгаа арга замуудыг хайж олохыг хүс.

Зураг
Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг

“Нэгдмэл байдлаар адислагдан, баяр баяслаар дүүрэн байх тохиолдлуудыг мэднэ. … [Тэнгэрлэг Эцэг маань] бидэнд хайртай учраас энэ бүх ариун хүслийг өгөхийг хүсдэг.

Түүний бидэнд өгөхийг хүсэж байгаа нэгдмэл байхын жаргал нь ганцаараа эзэмших зүйл бус бөгөөд хувь хүн тус бүрдээ үүнийг амсаж чадахгүй ээ. Бид түүнийг эрэлхийлж, бусадтай хамт түүнийг хэрэгжүүлэх ёстой. Энэ нь гэнэтийн юм бус, тиймээс Бурхан биднийг адисалж болохын тул Тэрээр биднийг хамтдаа цугларахыг хүсдэг. Тэр биднийг нэг гэр бүл болон нэгдэхийг урьдаг. Тэрээр биднийг анги, хэсэг, салбаруудыг байгуулж, тогтмол хамтдаа уулзахыг зарлигласан. Эдгээр цугларалтын ачаар Бурханы бидний төлөө зохион байгуулан төлөвлөсөн агуу боломжууд бидний өмнө минь дэлгэгддэг. Бидний үйлчлэх хүчийг өсгөн нэмэгдүүлж, баяр баяслыг авчрах нэгдмэл байдлын төлөө бид залбирч, ажиллаж чадна” (“Зүрх сэтгэлээрээ нэгдмэл байх нь,” Ensign, 2008 оны 11-р сар, 69 эсвэл 2008 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 79).

  • Ерөнхийлөгч Айрингийн хэлснээр, Их Эзэн биднийг яагаад хамтдаа цугларахыг хүсдэг вэ? (Тэгснээр тэр биднийг адисалж, эв нэгдэлтэй болохын төлөө ажиллахад тусалж чадна.) Нэгдмэл байдлын адислалууд нь юу вэ? (Баяр баясал болон өсөн нэмэгдсэн бидний үйлчлэх хүч юм.)

  • Бид яагаад гэр бүлээрээ цуглардгийг ойлгоход ерөнхийлөгч Айрингийн хэлсэн үг бидэнд хэрхэн тусалдаг вэ? Мөн Сүмийн гишүүдээрээ болонсеминарын ангиараа цугларахад?

  • Бусадтай хамтдаа цугласнаар ирдэг адислалууд таны амьдралд тохиолдож байсан уу?

Суралцагчдыг гэр бүлтэйгээ, сүмийн анги эсвэл чуулгынхаа залуу эрэгтэй, эмэгтэйчүүдтэй мөн Их Эзэнтэй нэг байхын тулд хийж чадах зүйлсээ тэмдэглэлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ бичин цөөн хэдэн минутыг зарцуулахад урь. Хангалттай цаг өгсний дараа цөөн хэдэн суралцагчийг бичсэн зүйлээ хуваалцахыг хүс.

Сургаал ба Гэрээ 38:28–33

Их Эзэн яагаад Өөрийн Сүмийг Огайод цугларахыг зарлигласнаа тайлбарлав

Их Эзэн гэгээнтнүүдийг Нью-Йоркийг орхиж, Огайод цугларахыг зарлигласан өөр бусад шалтгаануудыг илчилснийг тайлбарла. Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 38:28–30-ийг чанга уншихад урьж, ангийнхнаас гэгээнтнүүдийг Огайод цугларахыг зарлигласан бусад шалтгааныг олж мэдэхийг хүс.

  • Их Эзэн гэгээнтнүүдэд юуны талаар сэрэмжлүүлсэн бэ?

  • 30-р шүлэгт хэлснээр, Их Эзэний хүмүүс дайснуудаасаа айхгүй байхын тулд юу хийж чадах вэ? (Та дараах зарчмыг зааж буй үгсийг тэмдэглэхийг суралцагчдадаа санал болгож болно. Хэрэв бид бэлтгэлтэй байвал айхгүй байх болно.)

Сая тодорхойлж хэлсэн үнэнээ ойлгож, хэрэгжүүлэхэд нь суралцагчдадаа туслахын тулд тэднийг хоёр хоёроор нь хувааж, дараах асуултуудын хариултуудыг хос хосоороо ярилцахад урь. (Та асуултуудыг самбар дээр бичиж болно.)

  • Сөрөг хүчин эсвэл аюултай тулгарах үед бэлтгэлтэй байдал нь яагаад бидэнд өөртөө итгэх итгэлийг өгдөг гэж бодож байна вэ?

  • Биднийг сүйтгэх дайсны чармайлтын эсрэг бэлтгэлтэй байхын тулд бид юу хийж чадах вэ?

Суралцагчдад 1831 онд Нью-Йорк дахь гэгээнтнүүдийн зарим нь яагаад Огайо руу явахаар зарлигдуулсан талаар асууж байсан гэдгийг сануул. Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 38:31–33-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас, гэгээнтнүүд Огайод цугларах зарлигийг дуулгавартай дагах юм бол тэдний адислагдаж болох арга замуудыг тодорхойлохыг хүс. Суралцагчид 4 адислалыг тодорхойлж хэлэх хэрэгтэй. (1) тэд “дайсны хүчнээс зугтааж болох”, (2) тэд зөв шударга хүмүүс болж [Бурханд] цугларч, (3) тэд Бурханы хуулийг хүлээн авч мөн (4) “тэнгэрийн хүчээр хишиг хүртэх” болно.

Дараах зарчмыг самбар дээр бич. Их Эзэн Өөрийн хүмүүсийг хамгаалж, сүнслэг байдлаар хүчирхэгжүүлэхийн тулд цуглуулдаг.

  • Та нарын жишгүүдийн дагуу амьдардаг тэдэнтэй хамт цугларах нь Сатаны хүчнээс хамгаалагдсанаа мэдэхэд та нарт хэрхэн тусалдаг вэ?

  • Бурханы хуулиудыг хүлээн авах нь биднийг сүнслэг байдлаар хүчирхэгжихэд хэрхэн тусалдаг вэ?

Сургаал ба Гэрээ 38:34–42

Огайод цугларахтай холбоотой зарлигууд Сүмд өгөгдөв

Их Эзэн Огайо руу нүүхэд нь гэгээнтнүүдэд туслах зарим зарлиг болон зөвлөгөөгөөр тэднийг хангасныг тайлбарлан Сургаал ба Гэрээ 38:34–42-ыг дүгнэн ярьж өг. Олон гэгээнтний хувьд амьжиргааных нь цорын ганц эх үүсвэр нь тэдний фермийн аж ахуй байсан гэдгийг түүнчлэн тайлбарла. Сүмийн олон гишүүд өмч хөрөнгөө нэгэн зэрэг зарж байсан болохоор гэгээнтнүүдийн олон нь фермээ алдагдалтай зарах эсвэл бүр тэдгээрийг зарж чадахгүй байж болох нөхцөл байдалтай тулгараад байв. Зарах газар их байсан нь үнэ ханшийг бууруулж, худалдан авагчдад хэт хямд үнээр гэгээнтнүүдийн фермийн аж ахуйг худалдан авах боломжийг олгож байв.

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 38:37, 39-ийг дотроо уншиж, гэгээнтнүүдийн фермүүд болон эд баялгуудын талаар Их Эзэний өгсөн зөвлөгөөг олж мэдэхийг хүс. Суралцагчдыг олж мэдсэн зүйлээ хуваалцахад урь.

  • Их Эзэний та нарт өгсөн мөнхийн амлалтуудыг мэдэх нь Түүний зарлигуудад дуулгавартай байхад та нарт хэрхэн тусалдаг вэ?

Энэ зарлиг өгөгдсөний дараа зарим гэгээнтэн фермээ зарж чадахгүй байсныг тайлбарла. Зарим нь фермээ маш их алдагдалтай зарсан бол зарим нь бүр эдлэн газраа зарж ч чадаагүй. Зарим итгэлтэй гишүүн зарагдаагүй гэр орон, өмч хөрөнгөө зүгээр л үлдээгээд Огайо руу явсан.

Та энэ хичээл дээр тодорхойлогдсон үнэнүүдийн талаар гэрчлэлээ хуваалцсанаар хичээлээ төгсгөж болно. Суралцагчдыг хичээлийн турш мэдэрсэн, бичиж тэмдэглэсэн зүйлсийнхээ дагуу үйлдэхэд урь.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Сургаал ба Гэрээ 38:24–25. “Мөн хүн бүр ах дүүсээ өөр шигээ хүндлэг”

Ерөнхийлөгч Боид К.Пакэр Сургаал ба Гэрээ 38:24–25 дахь Их Эзэний сургаалыг харуулсан нэгэн түүхийг хуваалцахдаа:

Зураг
Ерөнхийлөгч Боид К.Пакэр

“Би залуу байхдаа нэгэн настай эгч дээр гэрийн багшаар очдог байв. Тэр амьдралынхаа туршлагаас надад заасан юм.

Түүнийг жаахан охин байхад ерөнхийлөгч Бригам Янг өөрийнх нь нэрээр нэрлэгдсэн Бригам хотод ирсэн нь том үйл явдал байв. Түүнд хүндэтгэл үзүүлэхээр цагаан хувцас өмссөн Хүүхдийн хэсгийн хүүхдүүд Сүмийн ерөнхийлөгчийн сүйх тэргийн урдуур цацах сагс цэцэг гартаа барин, хот руу орох зам дагуу зогссон байв.

Ямар нэг зүйл тэр охиныг дургүйцүүлэв. Тэр цэцэгнүүдээ шидэхийн оронд сүйх тэрэгний өмнүүр чулуу өшиглөн, ‘Тэр миний өвөө Лавландаас юугаараа ч илүү биш’ гэв. Үүнийг нь бусад хүмүүс сонсож мөн тэр маш ихээр зэмлүүлжээ.

Ерөнхийлөгч Бригам Янг Жэний Стийдтэй санал нийлэх хамгийн эхний хүн байх байсан гэдэгт би итгэлтэй байдаг. Тэр өөрийгөө Лавланд өвөөгөөс эсвэл Сүмийн өөр ямар ч зохистой гишүүнээс илүү үнэ цэнтэй гэж үздэггүй байсан” гэж хэлсэн (“Сүмийн сул дорой ба даруу тэдгээр нь,” Ensign эсвэл Лиахона, 2007 оны 11-р сар, 7).

Сургаал ба Гэрээ 38:27, 34–36. Ядуусыг харж хандаж, эв нэгдэлтэй бай

Энэ илчлэлтээр Их Эзэн гэгээнтнүүдэд нэгдмэл байж мөн ядуусыг харж халамжлахыг зарлигласан. Эдгээр нь бүхнээ зориулах хуулийн үндсэн зарлигуудын хоёр нь юм. Эдгээр хоёр зарлигийг бас Мосе 7:18 болон 4 Нифай 1:2–3 дээр онцолсон байдаг. Гэгээнтнүүд Миссурид бүхнээ зориулах хуулийн дагуу амьдрахаар хичээх үедээ “[өөрсдийн эд юмсаас ядуустай … хуваалцаагүй [учраас]” мөн “нэгдмэл” байгаагүй (С ба Г 105:3–5)-н улмаас амжилт олоогүй.