Семинар
115-р хичээл: Сургаал ба Гэрээ 137


115-р хичээл

Сургаал ба Гэрээ 137

Оршил

1836 оны 1-р сарын 21-нд бошиглогч Иосеф Смит баригдаж дуусах дөхсөн Көртландын ариун сүмийн дээд давхрын өрөөнд Тэргүүн Зөвлөлийн зөвлөхүүд болон Миссури бас Көртландын бишопын зөвлөлийнхөнтэй мөн аавтайгаа болон бичээчтэйгээ хамт уулзалт хийжээ. Энэ хүмүүс ариун сүмийг онцгойлон адислах бэлтгэлийн ёслолыг явуулах ажлын төлөө цугларсан байв. Тэр үед бошиглогч сайн мэдээний мэдлэггүйгээр нас барсан хүмүүсийг хэрхэн шүүх тухай Их Эзэний тунхаглалыг сонсож мөн селестиел хаант улсыг үзэгдэлд үзсэн байна. Тэр үед Иосеф Смитийн бичээч байсан Варрен Парриш бошиглогчийн дэвтэр дээр энэ үзэгдлийг тэмдэглэжээ. Энэ үзэгдлийн тэмдэглэлийн хэсэг нь хожим Сургаал ба Гэрээнд 137-р хэсэг болон орсон юм.

Заах зөвлөмж

Сургаал ба Гэрээ 137:1–6

Иосеф Смит селестиел хаант улсыг үзэгдэлд үзэв

Суралцагчдаас дараах асуултуудын талаар тунгаан бодохыг хүс. (Та тэднийг энэ зарчмыг дэвтэр юм уу судрын тэмдэглэлдээ бичихэд урьж болно.)

  • Таны амьдралд хамгийн чухал ямар хүмүүс байдаг вэ? Энэ хүмүүс танд яагаад онцгой чухал вэ?

Суралцагчдад тунгаан бодох цаг өгсний дараа, хэдэн суралцагчаас санал бодлоо ангийнхантайгаа хуваалцахыг хүс.

  • Таны хайртай хүмүүс селестиел хаант улсад амьдрах боломжтойг мэдэх нь танд яагаад чухал вэ?

Сургаал ба Гэрээ 137-д Иосеф Смитийн селестиел хаант улсыг үзсэн үзэгдлийн талаарх дүрслэл ордог болохыг тайлбарла. Тэрээр тэнд харсан зарим хүний нэрийг энэ дүрслэлдээ дурджээ. Энэхүү илчлэлтийн түүхэн нөхцөл байдлын талаар мэдэж авахын тулд Сургаал ба Гэрээ 137-р хэсгийн оршлыг уншихад суралцагчдыг урь.

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 137:1–4-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас дагуулан харж, селестиел хаант улсыг дүрсэлсэн үг хэллэгүүдийг хайж олохыг хүс. Суралцагчдаас олж мэдсэнээ тайлагнахыг хүс.

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 137:5–6-г чанга уншихад урь. Ангийнхнаас дагуулан харж, Иосеф Смит селестиел хаант улсад хэнийг харсныг олж мэдэхийг хүс.

  • Иосеф Смит селестиел хаант улсад хэнийг харсан бэ? (Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ, Адам, Абрахам, Иосеф Смитийн аав, ээж, мөн Иосефын ах Алвин. Иосефын аав, ээж хоёр тэр үед амьд байсан бөгөөд үнэндээ уг үзэгдлийг үзэх үед аав нь тэр өрөөнд түүнтэй хамт байсан гэдгийг хэлэх нь тустай байж болох юм. Энэ нь уг үзэгдэл селестиел хаант улсад хэдийн очсон хүмүүсийн тухай биш, яваандаа тэнд очих хүмүүсийн талаар байсныг харуулж байгаа ажээ.)

  • 6-р шүлэгт өгүүлснээр, Иосеф яагаад ах Алвиныгаа селестиел хаант улсад байхыг хараад их гайхсан бэ?

Энэ үйл явдал яагаад Иосеф Смитэд онцгой байсан тухай илүү сайн ойлгоход нь тэдэнд туслахын тулд нэг суралцагчийг дараах үгсийг уншихад урь.

Иосеф Смит өөрийн ах Алвиныг ихэд хайрлан хүндэтгэдэг байжээ. Алвин ч Иосефт их хайртай, тэрээр Иосефыг тэнгэр элч Моронайгаас алтан ялтсуудыг авах бэлтгэл ажилд нь их дэмжин тусалдаг байсан юм. 1823 оны 11-р сард Алвин 25 настай, Иосеф 17 настай байх үед Алвин маш хүндээр өвчилсөн юм. Түүний бие улам муудсаар удахгүй өнгөрөх гэж байх үедээ тэр Иосефт: “Би чамайг их сайн хүү байж, ялтсуудыг авахын тулд өөрт буй бүх чадлаа гаргаасай гэж хүсэж байна. Чамд ирж буй бүх зарлигийг сахин, хүлээн авсан заавруудад итгэлтэй байгаарай” хэмээн зөвлөжээ (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаал: Иосеф Смит [2007], 401; мөн Church History in the Fulness of Times Student Manual, 2 дахь хэвлэл [Church Educational System manual, 2003], 41–42-ыг үзнэ үү).

Алвины үхэл Иосефын гэр бүлд асар их уй гашууг авчирсан юм. Нью-Йоркийн Палмирад Алвины оршуулах ёслол дээр пресбитераны тохинуулагч ёс журмыг гүйцэтгэжээ. “Алвины ёслол дээр тэр санваартан Алвиныг цугларалтын гишүүн байгаагүй болохоор аврагдаж чадахгүй гэж мэдэгджээ. Иосефын дүү Виллиам Смит :‘[Тэр тохинуулагч] … Алвиныг сүмийн гишүүн байгаагүй учраас там руу очсон гэж маш хатуу хэлсэн, гэсэн ч тэр маш сайн хүү байсан, аав үүнд маш дургүйцсэн хэмээн дурсжээ’” (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит, х. 401, 403).

Зураг
Алвин Смитийн булшны чулуу

Бошиглогч Иосеф Смитийн том ах Алвин Смитийг оршуулсан газрын булшны чулуун дээрх бичээс.

Ах Алвиныгаа селестиел хаант улсад хараад Иосефт ямар санагдсан тухай бодоход суралцагчдыг урь.

Сургаал ба Гэрээ 137:7–10

Сайн мэдээний мэдлэггүйгээр нас барсан хүмүүсийг хэрхэн шүүх талаар Их Эзэн илчлэв

Дараах асуултыг самбар дээр бич. Алвин энэ амьдралдаа баптисм хүртээгүй мөртлөө яагаад селестиел хаант улсад орох боломжтой байх вэ?

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 137:7–8-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас дагуулан харж, самбар дээрх асуултад хариулахад туслах үнэнийг олж мэдэхийг хүс.

  • Самбар дээрх асуултад хариулах ямар үнэнийг Их Эзэн Иосеф Смитэд илчилсэн бэ? (Суралцагчид дараах үнэнийг олж таних хэрэгтэй. Сайн мэдээний мэдлэггүйгээр нас барсан ч үүнийг хүлээн авах байсан хүмүүс селестиел хаант улсыг өвлөх болно.)

  • Уг үнэн нь, хайртай хүмүүс нь сайн мэдээний мэдлэггүйгээр нас барсан хүмүүсийг хэрхэн тайвшруулж болох вэ?

Их Эзэн Сургаал ба Гэрээ 137:7–8 дахь үнэнийг нас барагсдын төлөөх баптисмын талаарх зарчмыг илчлэхээсээ өмнө илчилсэн болохыг онцлон хэл. Суралцагчид нас барагсдын төлөөх баптисмын тухай илчлэлтүүдийг дараагийн хичээлүүдэд сурах болно.

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 137:9-ийг чанга уншихыг урьж, Их Эзэн бүх хүнийг ямар арга замаар шүүх талаар юу заасныг олж тодруулахыг ангийнхнаас хүс.

  • 9-р шүлэгт цэдэглэгдсэнээр Их Эзэн биднийг хэрхэн шүүх вэ? (Суралцагчид өөр үгс хэрэглэж болох ч хариултууд нь дараах зарчмыг тусгасан байна. Их Эзэн биднийг ажлуудаар маань мөн зүрх сэтгэлийн маань хүслээр шүүх болно. Зарчмыг самбар дээр бич.)

  • Яагаад бидний хүсэл болоод ажил хоёулаа чухал гэж та нар боддог вэ?

Дараах жишээ бүрийг чанга унш. Жишээ бүрийн дараа тэднээс энэ асуултад хариулахыг хүс.

  • Энэ жишээ бидний хүсэл бидний ажлуудтай адил чухал гэдгийг хэрхэн харуулж байна вэ?

  1. Сүмийн энэ гишүүн ариун сүмд гэрлэх чин хүсэлтэй. Сүмд насан туршдаа итгэлтэй үйлчилсэн уг гишүүн ариун сүмд ханьтайгаа лацдан холбогдох боломжгүй байсаар нас баржээ.

  2. Нэгэн залуу хүү баптисмын гэрээгээ чанд сахиж, Аароны санваарын үүргүүдээ биелүүлдэг. Тэр бүрэн цагийн номлолд үйлчлэх маш их хүсэлтэй боловч өөрийн бие махбодын чадвараас болоод үйлчлэх боломжгүй юм.

  3. Нэгэн залуу эмэгтэй өөр нэг залуу эмэгтэйд атаархдаг байв. Тэрээр их найрсаг дүр эсгэдэг ч, тэр охинд ямар нэгэн муу зүйл болоосой хэмээн нууцаар хүсдэг байлаа.

  4. Нэг залуу эр үргэлж завхай зүйлс боддог бөгөөд өөрийн энэ зохисгүй бодол, мэдрэмжийг өөрчлөхийн тулд Их Эзэнээс тусламж гуйн эрэлхийлдэггүй.

Хэлэлцүүлгийн хэсэг болгон та Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүксийн дараах тайлбарыг уншихыг хүс.

Зураг
Ахлагч Даллин Х.Өүкс

“Хэрвээ бид өөрсдийгөө ёс бус үйлсээс хол байлгах л юм бол Бурханы хуулийн доор гэм нүгэлгүй байна гэдэгтээ итгэлтэй байна уу? Хэрвээ бидэнд ёс бус бодол болон хүслүүд байх юм бол яах вэ?

Шүүлтийн өдөр үзэн ядалтын мэдрэмжүүд анзаарагдахгүй өнгөрөх болов уу? Атаархал анзаарагдахгүй өнгөрөх болов уу? Шунахай сэтгэл яах бол? …

Иймэрхүү асуултад хариулах бидний хариулт нь, бид илэрхий үйлдэл хийлгүйгээр, зүгээр л зүрх сэтгэлийнхээ мэдрэмж, хүслүүдээр нүгэл үйлдэж болдог гэдэг нь муу мэдээ байж болох юм.

Гэхдээ бас сайхан мэдээ байгаа шүү. Бурханы хуулийн дагуу, бид тиймэрхүү адислалуудыг авахад хүргэх үйлсийг хийж чадаагүй байсан ч зөв шударгынхаа төлөө шагнагддаг.

Хэн нэгэн хүн хадам аавын минь төлөө ямар нэг зүйлийг хийхийг хүссэн боловч нөхцөл байдлаасаа болж чадсангүй. Тэгэхэд тэр: ‘Баярлалаа. Би чиний сайхан хүслийг үйлс гэж бодъё’ гэж хэлэх болно. Үүний адилаар, Тэнгэр дэх Эцэг маань үйлдэх ямар ч боломжгүй үйлсийн оронд бидний зүрх сэтгэлийн үнэн хүслийг хүлээн авах болно гэдэгт би итгэдэг” (“The Desires of Our Hearts,” Ensign, June 1986, 66).

  • Өөрийн ажил үйлс болон зүрх сэтгэлийн хүслүүдээр шүүгдэх болно гэдгийг мэдэх нь танд хэрхэн нөлөөлөх вэ?

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 137:10-ыг чанга уншихад уриад, ангийнхныг селестиел хаант улсыг өвлөгчдийн тухай Их Эзэний заасан өөр нэг үнэнийг олж мэдэхийг хүс.

  • 10-р шүлгийн дагуу, селестиел хаант улсад хэн аврагдах вэ? (Дараах сургаалыг суралцагчид илэрхийлэх ёстой. Хариуцлагын насанд хүрэхээсээ өмнө нас барсан бүх хүүхэд селестиел хаант улсад аврагдах болно.)

Энэ илчлэлтийг Иосеф хүлээн авах үед Эмма тэр хоёр нас барсан дөрвөн хүүхдийнхээ төлөө (нэг нь өргөмөл хүү нь байсан) шаналж байсан билээ. Дараа нь тэдний өөр хоёр хүүхэд бүр нялх байхдаа бас нас баржээ.

Зураг
Нялх Алвин Смитийн булшны чулуу

Иосеф болон Эмма Смитийн нялх хүү Алвин Смитийн булшны чулуун дээрх бичээс.

10-р шүлэгт илчилсэн үнэн нь хүүхдээ алдан гашуудах гэр бүлийг хэрхэн тайвшруулж болох талаар бодоход суралцагчдыг урь. Энэхүү үнэн тэдэнд өөрсдөд нь эсвэл гэр бүлийн гишүүдэд хэрхэн тайвшрал авчирсан талаар өөрсдийн туршлагуудыг бодох цагийг тэдэнд өг.

  • Сургаал ба Гэрээ 137-оос та нар бүх хүндээ селестиел хаант улсад амьдрах боломжийг өгөхийг хүссэн Их Эзэний хичээл зүтгэлийн талаар юу сурсан бэ?

Өнөөдрийн ярилцсан үнэнүүдийн талаар гэрчил. Та бас суралцагчдад гэрчлэлээ хуваалцах боломж олгож болно.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Сургаал ба Гэрээ 137:9. Ажил үйлс болон хүслүүдээрээ шүүгдэх нь

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүкс, Сургаал ба Гэрээ 137:9 дэх буруу ойлголт өгч болох хоёр зүйлийн талаар сэрэмжлүүлэхдээ:

Зураг
Ахлагч Даллин Х.Өүкс

“Нэгдүгээрт, бидэнд уг үйлдлийг хийх үнэхээр боломжгүй байсан нөхцөлд л бидний хүслийг орлуулан зөвшөөрөх болно гэдгийг бид санах ёстой. Бидэнд үйлдэх чин хүсэл дутсан ч боломжгүй байсан мэтээр нууж хаацайлахыг оролдон мөн тэгснээр тушаасан бүх үйлийг гүйцэтгэхээр чадах бүхнээ хийхгүй аваас бид өөрсдийгөө хуурч болох хэдий ч Шударга Шүүгчийг бол хуурч чадахгүй юм.

Үйлдлийг хийгээгүй ч үүнийг орлуулж болох хүсэл нь өнгөцхөн, цочмог, эсвэл түр зуурынх байж болохгүй. Энэ нь чинхүү сэтгэлээр, бүрэн дүүрэн ирсэн байх ёстой. Адислал хүртэхүйц үр дүнтэй байхын тулд зүрх сэтгэлийн маань хүслүүд бурханлаг гэмээр чин сэтгэлийнх байх учиртай юм.

Хоёрдугаарт, бидний чин сэтгэлийн энэ хүслүүд сайн мэдээний ёслолуудыг орлох болно гэж бодож болохгүй гэдгийг бид ойлгох ёстой. Сайн мэдээний хоёр ёслолын талаар Их Эзэний тушаасан хоёр зарлигийг: ‘Үнэнээр, үнэнээр би чамд хэлье. Хэн ус болон Сүнснээс эс төрнө, тэр хүн Бурханы хаанчлалд орж чадахгүй’ хэмээсэн үгсийг бодож үз. (Иохан 3:5.) Мөн селестиел алдар суугийн гурван зэрэглэлийн тухай орчин үеийн сударт, ‘Хамгийн дээдхийг нь олж авахын тулд хүн санваарын энэхүү ариун жаягт [гэрлэлтийн шинэ бөгөөд үүрдийн гэрээг хэлж буй] орох ёстой.’ (C ба Г 131:2.) Судруудад эдгээр тушаалын хувьд өөр ямар ч хувилбар байхгүй, өөр ямар ч эрх мэдэл хаана ч өгөгдөөгүй юм.

Бурханы шударга ёс, өршөөлийн дагуу шаардлагатай ёслолуудад хамаатай энэ хатуу тушаалууд нь тэнгэрлэг эрх мэдлээр гүйцэтгэх тэдгээр ёслолыг энэ амьдралд хийлгэж чадаагүй хүмүүст итгэмжлэлээр зохицуулагддаг. Тиймээс сүнсний дэлхийд байгаа ийм хүсэлтэй хэн ч гэсэн биечлэн өөрөө ийнхүү үйлдэн энэ ёслолд оролцсон мэт тооцогдож болох юм. Ийм маягаар итгэмжлэгдсэн хүмүүсийн хайрын үйлчлэлээр дамжуулан биеэс салсан сүнснүүд ч гэсэн зүрх сэтгэлийн хүслийн учир шагнал авч болно” хэмээн хэлжээ (“The Desires of Our Hearts,” Ensign, 1986 оны 6-р сар, 67).

Сургаал ба Гэрээ 137:10. Нас барсан бяцхан хүүхдүүдийн авралын тухай

Далын ахлагч Шэйн М.Боуэн Сургаал ба Гэрээ 137:10-т заасан үнэний хүч чадлын тухай туршлагаасаа хуваалцахдаа:

Зураг
Ахлагч Шэйн М.Бөүэн

“Чилид залуу номлогчоор үйлчилж байхдаа манай хамтрагч бид хоёр, салбарынхаа ам бүл долуулаа нэгэн гэр бүлтэй танилцсан билээ. Ээж нь хүүхдийнхээ хамт долоо хоног бүр цуглаанд ирж оролцдог байсан юм. Бид тэднийг Сүмийн гишүүд болоод удаж байгаа гэж боддог байв. Нэлээд хэдэн долоо хоногийн дараа бид тэднийг баптисм хүртээгүй болохыг олж мэдэж билээ.

Бид тэр даруй мөнөөх гэр бүлтэй холбоо барьж, гэрт нь очиж тэдэнд хичээл зааж болох эсэхийг лавлан асуулаа.

Хичээлийн явцад Рамирез эгч сүнслэг байдлаар маш эрчимтэй өсөж байв. Тэр бидний заасан бүх сургаалыг тун идэвхийлэн судалж байлаа. Нэгэн үдэш бид нялх хүүхдүүд баптисм хүртдэг эсэх талаар ярилцаж, тэд гэм зэмгүй учир баптисм хүртэх шаардлагагүй тухай заав. Бид түүнээс Моронайн номноос дараах үгсийг уншихыг хүссэн юм.

‘Гэвч бага насны хүүхдүүд бүр дэлхийн үүслээс Христээр амьд; хэрэв тийм бус аваас, Бурхан нь ялгаварладаг Бурхан, мөн түүнчлэн хувирамтгай Бурхан, мөн нүүр тал харагч болно; учир нь хэчнээн олон бага насны хүүхдүүд баптисмгүйгээр нас нөгчсөн билээ!’ [Moронай 8:12.]

Энэ судрыг уншсаныхаа дараа Рамирез эгч учир зүггүй уйлж эхлэв. Хамтрагч бид хоёр ихэд сандарцгаав. Би түүнээс “Рамирез эгчээ, бид таныг гомдоох ямар нэгэн зүйл хэлж эсвэл хийчихэв үү?” гэж асуув.

Тэр өгүүлрүүн: ‘Өө үгүй ээ, ахлагч аа, та нарт ямар ч буруу байхгүй. Зургаан жилийн өмнө би нэг нярай хүүтэй байсан юм л даа. Бид түүнд баптисм хүртээхээс өмнө тэр маань өөд болчихсон юм. Нэгэн санваартан лам түүнийг баптисм хүртэж чадаагүй тул мөнхөд хоёр ертөнцийн заагт үлдэх болно гэсэн билээ. Зургаан жилийн турш би тэр зовлон, гэмийг үүрсээр ирсэн. Энэ судрыг уншсаны дараа би Ариун Сүнсний хүчээр энэ бол үнэн гэдгийг мэдэж байна. Нуруунаас маань хүнд ачаа авагдсан мэт санагдсан болохоор би баярын нулимс унагаж байна’ гэлээ. …

Бараг тэвчихийн аргагүй зовлон шаналал, уй гашуугаар зургаан жилийн турш зовсны эцэст Тэнгэр дэх хайрт Эцэгийн маань амьд бошиглогчоор дамжуулан илчлэгдсэн үнэн сургаал энэ тарчлан зовсон эмэгтэйд гайхамшигт амар амгаланг авчирчээ. Рамирез эгчид найм болон түүнээс дээш настай хүүхдүүдтэйгээ баптисм хүртсэнийг дурдах шаардлагагүй биз ээ” гэж ярьжээ (“Because I Live, Ye Shall Live Also,” Ensign, 2012 оны 11-р сар, 15 эсвэл 2012 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 17).