Семинар
36-р хичээл: Сургаал ба Гэрээ 29:30–50


36-р хичээл

Сургаал ба Гэрээ 29:30–50

Оршил

1830 оны 9-р сарын 26-нд зохион байгуулагдсан Сүмийн чуулганы өмнөхөн Бошиглогч Иосеф Смит зургаан ахлагчийн дэргэд нэгэн илчлэлтийг хүлээн авчээ. Эдгээр зургаан ахлагч энэхүү илчлэлтээр дамжуулан Адам, Ева хоёрын уналт болон уналтаас Есүс Христийн Цагаатгалаар дамжин гэтэлгэгдэх талаар суралцав.

Заах зөвлөмж

Сургаал ба Гэрээ 29:30–45

Аврагч биднийг Уналтаас гэтэлгэснээ мөн бидэнд нүглүүдийн авралыг санал болгосноо тунхаглав

Дараах нөхцөл байдлыг суралцагчидтайгаа хуваалцаад тэдэнд дараах асуултыг тавь.

Нэг найз чинь тань дээр сэтгэлээр унасан байдалтай ирлээ гэж төсөөл. Яагаад сэтгэлээр унасныг нь асуутал тэр сайн хүн байх гэж хичээсэн боловч энэ нь үр ашигтай байгаа эсэхийг мэдэхгүй байна гэв. Тэр зарлигуудыг сахих гэж хичээсэн ч түүний амьдрал нь нүгэл үйлдэхийг сонгож буй үе тэнгийнхний амьдралаас юугаар илүү байгааг олж харахгүй байна гэжээ. Мөн үе тэнгийнхэн нь буруу сонголт хийснээс болж тэдний амьдралд ямар нэгэн муу зүйл болж байгааг харахгүй байна гэж тэр онцолсон байна.

  • Та найзынхаа асуудалд хэрхэн хариулах вэ?

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 29-ийг судалж байхдаа найзынхаа асуудалд хариулахад туслах сургаал болон зарчмуудыг олж мэдэхэд урь.

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 29:31–32-ыг чангаар уншихад урьж, суралцагчдаас хамт уншихыг хүс. Суралцагчдад эдгээр шүлэг дэх сургаалуудыг ойлгоход нь туслахын тулд суралцагчийг чангаар уншихаас өмнө дараах тайлбарыг хий.

Бүтээлтийн үед Адам, Ева, дэлхий болон дэлхий дээрх бүх зүйл сүнслэг байдалтай байсан. Адам, Ева хоёрт бие махбод байсан ч тэд үхэж чадахгүй мөн Бурханы оршихуйд үүрд амьдрах байв. Гэвч Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөий нэг хэсэг нь Түүний бүх бүтээл мөнх бус болох ёстой байлаа. Өөрөөр хэлбэл, тэд түр зуурын болж мөн үхэх ёстой байсан юм. Амилуулалтын дараа тэд сүнслэг байдал буюу бие махбодтой бөгөөд үхэшгүй байдалд эргэн орох болно.

Өөр нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 29:34–35-ыг чангаар уншихад урь. Суралцагчдаас Их Эзэн бидэнд өгдөг зарлигуудыг Өөрөө юу гэж үздэг талаар олж мэдэхийг хүс.

  • Их Эзэн зарлигуудаа хэрхэн тодорхойлдог вэ? (Суралцагчдын хариулт дараах сургаалыг тусгах ёстой. Бурханы бүх зарлиг сүнслэг юм. Энэ сургаалыг самбар дээр бич.)

  • Их Эзэн бүх зарлигаа сүнслэг хэмээн хэлсэн тунхаглалыг та хэрхэн тайлбарлах вэ? Биднийг зарлигуудыг дагах үед ирдэг сүнслэг адислалуудын зарим жишээ нь юу вэ?

Суралцагчдыг эдгээр асуултад хариулах үед та Мэргэн Ухааны Үг, аравны нэгийн хууль зэрэг олон зарлиг түр зуурын адислалуудыг авчирдаг гэдгийг онцолж болно. Гэсэн хэдий ч тэдгээр нь илүү агуу сүнслэг адислалуудыг мөн авчирдаг. Түр зуурын адислалууд эцэстээ дуусдаг ч сүнслэг адислалууд нь үүрд мөнхөд үлддэг.

  • Самбар дээр бичсэн сургаал хэрхэн хичээлийн эхэнд ярилцсан нөхцөл байдал байгаа таны найзад туслах вэ?

Мөнх бус байдлын өмнөх сүнсний дэлхийд чөтгөр Бурханы эсрэг босч, “тэнгэрийн олны гуравны нэг хэсгийг” урвуулсан гэдгийг тайлбарлаж, Сургаал ба Гэрээ 29:36–39-ийг нэгтгэн дүгнэ. Чөтгөр болон түүнийг дагагчид эсэргүүцэл гаргасны улмаас тэнгэрээс хөөгджээ.

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 29:39-ийг чангаар уншихад урьж, суралцагчдаас Их Эзэн яагаад чөтгөрт биднийг уруу татахыг зөвшөөрснийг олж мэдэхийг хүс.

  • Их Эзэн яагаад чөтгөрт биднийг уруу татахыг зөвшөөрдөг вэ? Бидэнд сайн, муугийн хооронд сонгох эрх байх нь яагаад чухал байдаг вэ?

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 29:40–45 дахь үнэнүүдийг ярилцахад нь бэлтгэхийн тулд Сургаал ба Гэрээ 29:35-д Их Эзэн Едений цэцэрлэгт байхдаа Адамд өгсөн зарлигаа дурддаг гэдгийг онцолж хэл (мөн С ба Г 29:40-ийг үзнэ үү). Суралцагчдыг Мосе 3:16–17 дахь уг зарлигийг дотроо уншихад урь.

  • Их Эзэн ямар зарлигийг Адамд өгсөн бэ? (Тэр сайн ба муугийн мэдлэгийн модны жимснээс бүү ид хэмээн Адамд зарлиг болгосон юм. Хэрэв Адам энэ зарлигийг зөрчвөл юу тохиолдоно гэж Их Эзэн хэлсэн бэ? (Адам үхэх болно. Адам уг зарлигийг зөрчсөн өдрөөс эхлэн бие махбод болон сүнсний үхэлд харьяалагдах болсон юм.)

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 29:40–41-ийг уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, “сүнсний үхэл” хэллэгийн утгыг олж мэдэхийг хүс.

  • Энэ шүлэгт цэдэглэснээр сүнсний үхэл гэж юу вэ? (Суралцагчид дараах сургаалыг илэрхийлэх ёстой. Сүнсний үхэл нь Бурханы оршихуйгаас хөөгдөхийг хэлдэг.)

Суралцагчдад 41-р шүлэг дэх “анхны үхэл” хэмээх хэллэгийг ойлгоход нь туслахын тулд сүнсний хоёр үхэл байдаг гэдгийг тайлбарла. Анхны үхэл нь Уналтын үр дагавар бөгөөд түр зуурын байдаг. Хоёр дахь үхэл нь нүглээ наманчлаагүйн үр дагавар бөгөөд наманчлаагүй мөн дуулгаваргүй байсан хүмүүсийн хувьд энэ нь үүрд үргэлжлэх болно.

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 29:42-ыг чангаар уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, Адамын зөрчлийн улмаас ирсэн өөр нэг үхлийг олж мэдэхийг хүс.

  • Адамын зөрчлийн улмаас өөр ямар үхэл ирсэн бэ? (Зуурдын үхэл; өөрөөр хэлбэл, бие махбодын үхэл. Энэ үхэл нь сүнс, бие махбодын салах явдал юм.)

Суралцагчдад Уналтын бүх хүн төрөлхтөнд авчирсан үр дагаврыг ойлгоход нь туслахын тулд тэднийг Хиламан 14:16-г уншихад урь. Адамын зөрчлийн үр дагавар хэнд ирснийг олж тогтоохыг тэднээс хүс.

  • Адамын зөрчлийн үр дагавар хэнд ирсэн бэ? (Бүх хүн төрөлхтөн.)

Нэг суралцагчийг Хиламан 14:17-г чангаар уншихад урь. Адамын зөрчлийн үр дагаврыг хэрхэн даван гарах талаар энэ шүлэг юу хэлж байгааг олж мэдэхийг ангийнхнаас хүс.

  • Адамын зөрчлийн үр дагаврыг хэрхэн даван гарах вэ? Хэн эдгээр адислалыг хүлээн авах вэ?

Дараах судрын заалтыг самбар дээр бич. Алма 33:22; 42:23. Бүх хүн шүүгдэх гэж Бурханы оршихуйд эргэж очих боловч хүн бүр Түүний оршихуйд үүрд үлдэх зохистой биш байх болно гэдгийг тайлбарла. Дараа нь суралцагчдыг самбар дээр жагсааж бичсэн судрын хэсгүүдийг дотроо уншаад, энэ үнэний нотолгоог олж мэдэхэд урь. Хангалттай хугацааны дараа тэднийг юу олж мэдсэнээ тайлагнахад урь.

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 29:43–44-ийг чангаар уншихад урь. Христэд “итгээгүй” тэд “сүнсний уналтаасаа гэтэлгэгдэж чадахгүй” гэдэг тунхаглалыг онцолж хэл. Хэдийгээр бүх хүн Адам, Ева хоёрын Уналтаас гэтэлгэгдэх боловч Есүс Христэд итгэж, наманчлахаас татгалзсан хүмүүс өөрсдийн сүнсний уналтаас гэтэлгэгдэхгүй байх болно.

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 29:42–43-ыг чангаар уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, нүглийн үр дагавраасаа аврагдах арга замуудыг олж мэдэхийг хүс.

  • Эдгээр шүлэгт цэдэглэснээр нүглүүдийнхээ үр дагавраас аврагдахын тулд бид юу хийх хэрэгтэй вэ? (Суралцагчид өөр үгсийг ашиглаж болох ч дараах сургаалыг илэрхийлэх хэрэгтэй. Есүс Христ Цагаатгалаараа дамжуулан Түүнд итгэж, нүглүүдээ наманчилсан хүн бүрд өршөөл мөн мөнх амьдралыг санал болгодог. Энэ сургаалыг самбар дээр бич.)

Адам, Ева хоёрын Уналт бидний аз жаргалын төлөөх Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний нэг хэсэг байсан юм. Бид төрөхөөсөө өмнө Бурханы оршихуйд амьдарч байсан ч бид бүгдээрээ дэлхийд ирж, бие махбодыг хүлээн авч, сонгох эрхээ ашиглан Есүс Христийг дагахыг суралцах хэрэгтэй байлаа. Мөнх амьдралыг хүлээн авах үе дэх бидний сүнслэг байдал мөнх бус байдлын өмнөх сүнсэн дэлхийд байсан бидний сүнслэг байдлаас илүү агуу байх болно. Нэг суралцагчийг Итгэлдээ үнэнч байх нь товхимол дээрх дараах тайлбарыг уншихад урь.

“Үхэшгүй байдал гэдэг нь амилуулагдсан биет байдлаараа мөнхөд амьдрахыг хэлнэ. Хүн бүр Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан энэхүү бэлгийг хүлээн авна. Мөнх амьдрал буюу өргөмжлөл гэдэг нь бид Бурханы оршихуйд амьдрах болон гэр бүлээрээ байх тэрхүү селестиел хаант улсын хамгийн дээд түвшинд амьдрах амьдралыг өвлөн авна гэсэн үг юм” (C ба Г 131:1–4-ыг үзнэ үү). Энэ бэлэг нь үхэшгүй байдалтай адил Есүс Христийн Цагаатгалаар боломжтой болсон юм. Гэсэн хэдий ч энэ нь ‘биднийг сайн мэдээний хуулиуд хийгээд ёслолуудад дуулгавартай байхыг’ шаарддаг (Итгэлийн тунхаг 1:3)” (Итгэлдээ үнэнч байх нь: Сайн мэдээний заалт [2004], 125).

Суралцагчдад Аврагчийн Цагаатгалын адислалуудыг хүлээн авахад нь туслах сонголтууд хийхийн ач холбогдлыг ойлгоход нь туслахын тулд нэг суралцагчийг ерөнхийлөгч Томас С.Монсоны дараах зөвлөгөөг чангаар уншихад урь:

Зураг
Ерөнхийлөгч Томас С.Монсон

“Мөнх амьдралаа бүү дэнсэнд тавь. Хэрвээ та нар гэм нүгэл үйлдсэн бол үүнээсээ буцан, зөв зам дээрээ гарч ирмэгцээ уучлалын гайхамшгаас ирэх амар амгалан болон баяр баяслыг мэдрэх болно.

Та нар бол тэнгэрийг өвлөгчид юм. Тэнгэрлэг Эцэгийн хаант улсад мөнхийн амьдралыг хүртэх нь та нарын зорилго билээ. Энэхүү зорилгод нэг удаагийн бахдам оролдлогоор бус харин амьдралын туршид хуримтлуулсан ухаалаг сонголтууд, зөвт байдал болон хөдөлшгүй зорилгоор хүрдэг юм. Сайхан зүйлд хүрэх нь амаргүйн адил мөнхийн амьдралын шагналыг хүртэх нь чармайлтыг шаарддаг.

… Бид бүгд сонгох эрх чөлөөндөө талархалтай байж, сонголтын хариуцлагыг өөр дээрээ авч, сонголтын үр дүнгийн талаар болгоомжтой байцгаая” (“Гурван сонголт,” Ensign, 2010 оны 11-р сар, 69–70 эсвэл 2012 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 68–69).

Сургаал ба Гэрээ 29:46–50

Аврагч бяцхан хүүхдүүд болон ойлгох чадваргүй хүмүүс Түүний Цагаатгалаар дамжин гэтэлгэгддэг гэж тунхаглав

Бид Сургаал ба Гэрээ 29:46–50-аас Бурханы хуулийг зөрчсөнөөр ирдэг үр дагаврууд нь бяцхан хүүхдүүд болон Бурханы өмнө хариуцлага хүлээх чадваргүй хүмүүст өөр байдаг гэдгийг мэддэг гэж тайлбарла. Бид мөн Есүс Христийн агуу хүч мөн нигүүлслийг хардаг. Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 29:46–47-г чангаар уншихад урь.

  • Энэ нь найман нас хүрэхээсээ өмнө нас барсан бяцхан хүүхдүүдэд ямар утга учиртай байдаг вэ? (Тэд селестиел хаант улсад аврагддаг. Мөн C ба Г 137:10-ыг үзнэ үү.) Та мөн Иосеф Смитийн орчуулгын дагуу Эхлэл 17:11 [Библийн хавсралт] болон Сургаал ба Гэрээ 68:25-д бяцхан хүүхдүүд найман насандаа Их Эзэний өмнө хариуцлага хүлээж эхэлдэг гэсэн байдаг гэдгийг онцолж хэлж болно. Энэхүү сэдвийн дагуу нэмэлт сургаалуудыг Моронай 8 болон Сургаал ба Гэрээ 137:10-аас үзнэ үү.)

  • Энэхүү хэсэг хэрхэн Есүс Христийн Цагаатгалын талаарх таны ойлголтыг дээшлүүлж байна вэ?

Хичээлийг дуусгахдаа суралцагчдыг Сургаал ба Гэрээ 29:49-ийг дотроо уншаад, Их Эзэн тэднээс хувь хүн бүрийн хувьд юу хүсэн хүлээдгийг тунгаан бодоход урь. Цөөхөн хэдэн суралцагчийг Тэнгэрлэг Эцэгийн оршихуйд эргэн очиж, тэнд үүрд үлдэнэ гэдэг нь юу гэсэн үг болохыг хуваалцахад урь. Хэдэн суралцагчид хариулсны дараа тэднийг Их Эзэний оршихуйд үүрд үлдэхэд нь туслах сонголтуудыг хийхэд урамшуулан дэмж.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Сургаал ба Гэрээ 29:30–50.

Доорх хүснэгт нь Адам, Ева хоёр хориглогдсон жимснээс хүртсэнээс болж ирсэн өөрчлөлтүүдийг тайлбарладаг.

Уналтын өмнө

Уналтын дараа

  1. Бие махбодын үхэл байхгүй байсан; Хэрэв Адам, Ева хоёр зөрчил үйлдээгүй бол үүрд амьдрах байсан (2 Нифай 2:22-ыг үзнэ үү).

  2. Сүнсний үхэл байхгүй байсан; тэд Бурханы оршихуйд амьдарч байсан.

  3. Өргөмжлөлд хүрэх өсөлт хөгжилт боломжгүй байсан (2 Нифай 2:22-ыг үзнэ үү).

  4. Тэд хүүхдүүдтэй болж чадахгүй байсан (2 Нифай 2:23-ыг үзнэ үү).

  5. Тэд гэм зэмгүй гэнэн байж, сайныг муугаас мөн баяр баяслыг зовлонгоос ялгаж мэдэхгүй байсан (2 Нифай 2:23-ыг үзнэ үү).

  1. Бүх зүйл мөнх бус болж, бие махбодын хувьд үхэх болсон ( 2 Нифай 9:6-г үзнэ үү).

  2. Адам, Ева хоёр Бурханы дэргэдээс хөөгдөж, сүнсний хувьд үхмэл болсон (С ба Г 29:40–42-ыг үзнэ үү).

  3. Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний дагуу мөнхийн өсөлт хөгжил боломжтой болсон (Мосе 5:11-ийг үзнэ үү).

  4. Тэд хүүхдүүдтэй болох боломжтой болсон (Мосе 4:22; 5:11-ийг үзнэ үү).

  5. Тэд сайн мөн хилэнцтийг мэдэж, баяр баясгалан мөн зовлонг мэдэрдэг болсон (Мосе 5:11-ийг үзнэ үү).

Сургаал ба Гэрээ 29:34–35. Бурханы хуулиудад дуулгавартай байх эсвэл дуулгаваргүй байхаас ирэх үр дагаврууд

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч Боид К.Пакэр заахдаа:

Зураг
Ерөнхийлөгч Боид К.Пакэр

“Амьдралыг захиран удирддаг түр зуурын болон сүнслэг хуулиуд нь дэлхийн үүслээс өмнө тогтоогдсон байсан юм. … Энэ нь тэдгээрийг дуулгавартай дагах эсвэл дуулгавартай дагахгүй байхаас ирдэг үр дагавруудын адил мөнхийн юм. Тэдгээр нь нийгмийн эсвэл улс төрийн санал бодол дээр тулгуурладаггүй. Тэдгээр нь өөрчлөгддөггүй. Ямар ч дарамт шахалт, эсэргүүцэл, хууль дүрэм тэдгээрийг өөрчилж чадахгүй” гэж заажээ (“For Time and All Eternity,” Ensign, 1993 оны 11-р сар, 22).

Сургаал ба Гэрээ 29:41. “Сүүлчийн буюу сүнсний үхэл”

Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит хоёр дахь сүнсний үхлийг:

Зураг
Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит

“Хоёр дахь үхэл нь сүнснийх юм; энэ нь Их Эзэний дэргэдээс хөөгдөхийг хэлдэг. Энэ нь сүнсний анхны үхэлтэй адилхан бөгөөд наманчлаагүй мөн сайн мэдээний ёслолуудыг хүлээн аваагүй бүх хүнд ирэх болно. Сүнсний анхны үхлийг хүлээн авсан буюу Бурханы дэргэдээс холдсон зовсон хүмүүс сайн мэдээний зарчмуудад дуулгавартай байснаар уг үхлээс гэтэлгэгдэх боломжтой байдаг. Тэд баптисм болон гишүүний баталгаагаар дамжуулан дахин төрж мөн улмаар сүнслэг амьдралд эргэн ирдэг ба эцсээ хүртэл дуулгавартай байснаар Бурханы хаант улс дахь мөнх амьдралын адислалуудыг хүртэгч болох болно.

Хоёр дахь үхлийг хүлээн авсан хүмүүс нь сүнсний гэрлийг хүлээн авсан боловч үүнийг эсэргүүцсэн хүмүүс юм. Тэд нүгэлдээ үлдэж, цөллөгдөх болно” гэж тайлбарлажээ (Doctrines of Salvation, хянасан Брүс Р.Макконки, 3-р боть [1954–1956 он], 2:222–223).

Сургаал ба Гэрээ 29:46–47. “Бага насны хүүхдүүд гэтэлгэгддэг”

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконки Бурханы өмнө хариуцлага хүлээх насанд хүрээгүй бяцхан хүүхдүүдийн авралын талаар:

Зураг
Ахлагч Брүс Р.Макконки

“Бурханы хүмүүстээ өгсөн бүх сайн мэдээний гайхамшигт үнэнүүдийн дотор бусдаас сайхан, бодгалийг баясгагч, бодгалийг ариусгагч—Бяцхан хүүхдүүд аврагдах болно гэж тунхагласан нэгэн сургаал байдаг юм. Тэд Христ дотор амьд бөгөөд мөнх амьдралыг хүлээн авах болно. Тэдний хувьд гэр бүлийн нэгж үргэлжлэх ба өргөмжлөлийн бүрэн дүүрэн байдал тэднийх юм. Ямар ч адислал хойш тавигдахгүй. Тэд үхэшгүй алдар сууд босч, бүрэн өсч хөгжөөд, селестиел хаант услын хамгийн дээдэд үүрд амьдрах болно—энэ нь бид амьдарч болохын тулд бидний төлөө нас барсан Ариун Мессиагийн цагаатгагч золиослолоор ирсэн ач гавьяа, нигүүлсэл, ач ивээлийн ачаар ирэх болно …

Бүх бяцхан хүүхэд селестиел хаант улсад шууд аврагдах уу?

Энэ асуултад тэнгэрийн нэг захаас нөгөө зах хүртэл чанга сонсогдохоор тийм гэж хариулна. Есүс энэ талаар шавь нартаа заасан. Мормон энэ талаар дахин дахин хэлсэн. Олон бошиглогч энэ талаар ярьсан ба энэ нь бүхэл авралын төлөвлөгөөнд зайлшгүй байдаг юм. Хэрэв ийм байгаагүй бол гэтэлгэл эцэс төгсгөлгүй хэрэгжиж чадахгүй юм. Иймээс бидний хүсэн хүлээдэгчлэн Иосеф Смитийн селестиел хаант улсын талаарх үзэгдэл уг мэдэгдлийг агуулдаг: ‘Мөн тэрчлэн хариуцлагын насанд хүрэхээсээ өмнө нас барсан бүх хүүхдүүд тэнгэрийн селестиел хаант улсад аврагддагийг бибээр болгоов.’ [С ба Г 137:10.

“Тэд яагаад мөн яаж аврагддаг вэ?

Тэд нүглээс ангид учраас цагаатгалаар дамжин аврагддаг. Тэд Бурханаас цэвэр ариун ирдэг бөгөөд энэ амьдралд ямар ч нүгэл мөн толбо тэдэнд хүрдэггүй; тэд өөрсдийнхөө Бүтээгч рүү цэвэр ариун байдалтай буцдаг. Хариуцлагын насанд хүрсэн хүмүүс наманчлал, баптисм болон дуулгавартай байдлаар дамжуулан цэвэр болох ёстой. Нүглийн төлөө хариуцлага хүлээх чадваргүй хүмүүс хэзээ ч сүнсээр унахгүй бөгөөд хэзээ ч мэдрээгүй сүнсний уналтаас гэтэлгэгдэх шаардлагагүй юм. Иймээс бяцхан хүүхдүүд Христ дотор амьд юм. Их Эзэн ‘бага насны хүүхдүүд дэлхийн сууринаас миний Төрсөн Ганцаар дамжин гэтэлгэгддэг’ хэмээн хэлжээ. (C ба Г 29:46.)” (“The Salvation of Little Children,” Ensign,1977 оны 4-р сар, 3, 4–5).