Семинар
18-р хичээл: Сургаал ба Гэрээ 11–12


18-р хичээл

Сургаал ба Гэрээ 11–12

Оршил

1829 оны 5-р сард Аароны санваар сэргээгдсэний дараахан удалгүй хоёр эрэгтэй хүн Пеннсильванийн Хармонид бошиглогч Иосеф Смит дээр ирсэн нь Иосеф Смитийн ах Хайрум болон Ахмад Иосеф Найт хоёр байв. Тэд хоёулаа Бурханд үйлчлэх мөн сайн мэдээний Сэргээлтийн ажилд туслах хүсэлтэй байсан юм. Сургаал ба Гэрээ 11 нь Хайрум Смит Сионы ашиг сонирхлыг хэрхэн авчирч чадах талаар Их Эзэний түүнд өгсөн илчлэлтийг агуулдаг. Сургаал ба Гэрээ 12 нь Ахмад Иосеф Найт Сионы ашиг сонирхлыг хэрхэн авчирч чадах талаар Их Эзэний түүнд өгсөн илчлэлтийг агуулдаг.

Заах зөвлөмж

Сургаал ба Гэрээ 11:1–14

Хайрум Смит Сионы ашиг сонирхлыг авчирч мөн төлөвшүүлэхэд хэрхэн тусалж чадахаа мэдэв

Суралцагчдаас тэднийг Сүмийн үйл ажиллагаа төлөвлөх, хэрэгцээтэй хүнд үйлчлэх, сургуулийн клуб эсвэл бүлгийн ажилд оролцох зэрэг чухал үйл ажиллагаа эсвэл ажилд нэгдэж, оролцохыг хүссэн үеэ бодохыг хүс.

  • Та нар үйл ажиллагаа эсвэл ажилд оролцохын тулд юу хийх хэрэгтэй байсан бэ? (Суралцагчид бүртгүүлэх, анкет бөглөх, удирдаж буй хүнтэй нь ярих эсвэл тэдний оролцох хүслийг харуулсан өөр зүйлүүдийг нэрлэж болно.)

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 11 ба 12-ын оршил хэсгийг уншаад, Их Эзэний ажилд оролцохыг хүссэн хоёр хүний нэрийг олоход урь. Дараа нь суралцагчдыг Сургаал ба Гэрээ 11:27, 12:7-г дотроо уншаад, Их Эзэн Өөрийнхөө ажилд туслуулахаар өөр хэнийг урьсныг олж мэдэхэд урь.

  • Их Эзэн Өөрийнхөө ажилд туслуулахаар өөр хэнийг урьсан бэ? (Түүнд туслах хүсэлтэй бүх хүнийг.)

Суралцагчдад Сургаал ба Гэрээ 11-ийн түүхэн нөхцөл байдлыг ойлгоход нь туслахын тулд энэ хэсэг дэх илчлэлт нь дүү Иосефтойгоо уулзахаар Нью-Йоркийн Палмирагаас Пеннсильванийн Хармонид ирсэн Хайрум Смитэд өгөгдсөн гэдгийг тайлбарла. Хайрум Мормоны Номын орчуулгын ахиц гэх мэт сүүлийн үеийн үйл явдлуудыг мэдэж байсан бололтой. Тэр Их Эзэний ажилд Иосефт хэрхэн тусалж болохоо мэдэхийг хүсжээ. Иосеф Их Эзэнээс асууж мөн энэхүү илчлэлтийг хүлээн авчээ. (Суралцагчдад Их Эзэний ажилд хүсэл чухал үүрэг гүйцэтгэдэг гэдгийг ойлгоход нь туслахын тулд та тэдэнд Сургаал ба Гэрээ 11:3, 8, 10, 14, 17, 21, 27 дахь хүсэх ба хүсэлтэй гэдэг үгийг тэмдэглэхийг зөвлөж болно.)

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 11:5–9-ийг дотроо уншихад урь. Ангийнхны хагасаас нь Их Эзэний Хайрумд амласан адислалуудыг олж тогтоохыг хүс. Нөгөө хагасаас нь Хайрум тэдгээр адислалыг авахын тулд юу хийх ёстой байсныг олж тогтооход урь. (Суралцагчдыг хариулах хооронд та “Бурханы нууцууд” нь [С ба Г 11:7] зөвхөн илчлэлтээр мэдэгддэг сүнслэг үнэнүүд гэдгийг тодруулж болно.)

  • Бид Сургаал ба Гэрээ 11:8-аас Их Эзэний ажлыг хийхийг хүсэх талаар юу сурч чадах вэ? (Суралцагчдыг хариулах хооронд дараах үнэнийг онцол. (1) Бид зөв шударга хүслүүдийнхээ дагуу Бурханаас адислалуудыг хүлээн авч чадна. (2) Хэрэв бид Бурханы ажлыг хийхийг хүсвэл олон сайн зүйлийг хийх арга хэрэгсэл байх болно.)

Дараах асуултыг самбар дээр бич. Би энэ үед “олон сайн зүйлийг хийх арга хэрэгсэл байх[ын]“ тулд юу хийж чадах вэ?

Цөөн суралцагчийг ээлжлэн, Сургаал ба Гэрээ 11:10–14-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас Хайрумд олон сайн зүйлийг хийхэд нь туслах Их Эзэний өгсөн зөвлөгөөг олж мэдэхийг хүс. Тэднийг уншиж дууссаны дараа цөөн хэдэн суралцагчийг урьж, олж мэдсэн зүйлээ самбар дээрх асуултын доор бичихэд урь. Та суралцагчдад энэ үнэнийг хичээлийн дэвтэртээ эсвэл судрын тэмдэглэл дээрээ бичихийг зөвлөж болно. (Хичээлийн туршид тэд жагсаалтад нэмж бичих болно.)

  • Сүнсэнд итгэл найдвараа тавих гэдэг нь ямар утгатай үг гэж та нар бодож байна вэ?

  • Сургаал ба Гэрээ 11:12–13-т цэдэглэгдсэнээр бид Сүнсний нөлөөг хэрхэн таньж чадах вэ? (Суралцагчид өөр үгс хэрэглэж болох ч дараах үнэнийг олж тогтоох ёстой. (1) Их Эзэний Сүнс биднийг сайныг хийхэд, даруу байхад мөн зөв шударгаар шүүхэд удирддаг. (2) Сүнс бидний оюуныг гэгээрүүлж мөн бидний бодгалийг баяр баясгалангаар дүүргэдэг.)

Та эдгээр үнэнийн талаар ярилцахдаа суралцагчдыг төгс эзэмших судрын хэсэг болох Сургаал ба Гэрээ 8:2–3-ыг давтахад урьж болно. Мөн та суралцагчдад энэ төгс эзэмших судрын хэсгийг судартаа Сургаал ба Гэрээ 11:12–14-ийн хажууд бичихийг зөвлөж болно.

  • Сургаал ба Гэрээ 11:12–13-т цэдэглэгдсэнээр Сүнс бидний оюун болон зүрхэнд нөлөөлж болох ямар ямар арга зам байдаг вэ?

  • Та эдгээр арга замын нэгээр Сүнсний нөлөөг хэзээ мэдэрч байсан бэ? Энэ туршлага нь ямар байдлаар та нарыг “сайныг хийхэд” удирдсан бэ?

Сургаал ба Гэрээ 11:15–30

Их Эзэн Хайрум Смитэд номлох дуудлагадаа бэлтгэхийг зарлиглав

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 11:15–16-г чанга уншихад урь. Ангийнхнаас дагуулан уншаад, Хайрум Смитээр Их Эзэн юу хийлгэхийг хүссэнийг олж мэдэхийг хүс. Хайрум Смит дуудагдах хүртлээ номлохгүй байх зарлиг хүлээн авсан гэдгийг ойлгоход суралцагчдад тусал.

  • Эдгээр шүлэгт цэдэглэгдсэнээр Хайрум Смит сайн мэдээг номлохоосоо өмнө яагаад “багахан хүлээх” хэрэгтэй байсан бэ? (Та “миний үгийг, миний хадыг, миний сүмийг мөн миний сайн мэдээг чи авах хүртлээ” гэдэг үг хэллэг нь Сүм хараахан зохион байгуулагдаагүй мөн Мормоны Ном хараахан хэвлэгдээгүй байсан үеийг хэлж байгаа гэдгийг тайлбарлаж болно.)

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 11:17–20-ийг чанга уншаад, ангийнхнаас Хайрум сайн мэдээний үр дүнтэй номлогч байхын тулд юу хийх хэрэгтэй хэмээн Их Эзэн хэлснийг олж мэдэхийг хүс. Та суралцагчдын хариултуудыг самбар дээрх жагсаалтад нэмж болно. Мөн та суралцагчдыг хариултуудаа бичихэд урьж болно.

  • Бүхий л зүрх сэтгэлээрээ Их Эзэнтэй нэгдэх гэдэг нь юу гэсэн үг гэж та нар бодож байна вэ? (Энэ захиас дээрх нэгдэх гэдэг үгийн утга ямар нэгэн зүйл эсвэл хэн нэгэнд ойр дотно байх гэсэн утгатай гэдгийг тайлбарлаж болно.)

  • Сургаал ба Гэрээ 11:18 ба 20-д ямар үг хэллэг давтагдаж байна вэ? (Мөн та “миний зарлигуудыг сахигтун” гэсэн үг хэллэг 6 болон 9-р шүлэгт гардаг гэдгийг хэлж болно.)

Дараах зарчмыг самбар дээр бич. Зарлигуудыг сахих нь биднийг Их Эзэний ажлыг хийхэд сүнслэгээр бэлтгэдэг.

  • Өнөөдөр зарлигуудыг сахих нь та нарыг номлогчийн үйлчлэл, гэрлэлт болон ирээдүйн Сүмийн үйлчлэлд хэрхэн бэлтгэх вэ?

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 11:21–22-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас Хайрумд сайн мэдээний үр дүнтэй номлогч болоход нь туслах өөр юу хийх хэрэгтэй байсныг олж мэдэхийг хүс.

  • Хайрум Түүний үгийг хүмүүст тунхаглахын тулд юу хийх хэрэгтэй хэмээн Их Эзэн хэлсэн бэ? (Самбар дээрх жагсаалтад судруудаас судлах гэсэн санааг нэмж болно.)

  • Бурханы үгийг мэдэхийн тулд судруудыг судлах, судруудыг зүгээр унших хоёр хоорондоо ямар ялгаатай вэ?

  • Их Эзэн Сургаал ба Гэрээ 11:21–22-т заагдсан загварыг дагадаг Оливер болон бусад хүнд юу амласан бэ? (Суралцагчид дараах зарчмыг олж тогтоох ёстой. Их Эзэний үгийг судалдаг хүмүүс Түүний Сүнсийг болон сайн мэдээний үнэнийг бусдад үнэмшүүлэх хүчийг хүлээн авна.)

Сургаал ба Гэрээ 12

Их Эзэн Иосеф Найтад хэрхэн Сионы ашиг сонирхлыг авчирч мөн төлөвшүүлэх талаар зөвлөв

Суралцагчдад хэдэн алдартай хүний нэрийг хэл. Тэднээс таны дурдсан хүмүүсийн талаар сонсож байсан эсэхийг мөн энэ хүмүүс яагаад алдартай байгааг асуу. Дараа нь тэднээс Ахмад Иосеф Найт гэдэг хүний тухай сонсож байсан эсэхийг нь асуу.

  • Тойрог эсвэл салбартаа итгэлтэйгээр мөн чимээгүй үйлчилдэг хүмүүсийн тухай бод. Тэд Бурханы хаант улсыг байгуулахад хэрхэн тусалж байна вэ?

Суралцагчдад Ахмад Иосеф Найтын талаар болон сайн мэдээний Сэргээлтэд түүний оруулсан хувь нэмрийг ойлгоход нь туслахын тулд нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 12-ын оршил хэсгийг уншихад урь. Ахмад Иосеф Найт өнөө үед сайн танигдаагүй боловч Мормоны Номын орчуулгын чухал үед бошиглогч Иосеф Смитийг хоол хүнс болон өөр бусад зүйлээр хангаж байсныг тайлбарла. Сургаал ба Гэрээ 12 1829 оны 5-р сард Их Эзэний Иосеф Смитээр дамжуулан Ахмад Иосеф Найтад өгсөн илчлэлтийг агуулдаг. Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 12:6–8-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас Их Эзэний ажилд туслах хүсэлтэй хүмүүст байх ёстой зөв шударга шинж чанаруудыг олж тогтоохыг хүс.

  • Сургаал ба Гэрээ 12:8-д цэдэглэгдсэнээр Их Эзэн Өөрийнх нь ажилд туслах хүсэлтэй хүмүүсийг ямар ямар шинж чанартай байхыг шаарддаг вэ?

  • Та нар эдгээр шинж чанарыг амьдралдаа хэрхэн хөгжүүлж байна вэ?

Суралцагчдад Ахмад Иосеф Найт эдгээр зөв шударга шинж чанарыг хөгжүүлж мөн ашиглахыг үргэлж хичээдэг байсан гэдгийг хэл. Тэр бошиглогчийн тохинууллын турш Иосеф Смитэд материаллаг болон сүнслэг дэмжлэг үзүүлж байсан. Иосеф Смит Сургаал ба Гэрээ 12 дахь илчлэлтийг авснаас хойш олон жилийн дараа Иосеф Найтын итгэлийн талаар дараах зүйлийг бичжээ.

Зураг
Бошиглогч Иосеф Смит

“Ахмад Иосеф Найт бол итгэлтэй мөн үнэнч, үлгэр жишээч, ариун журамтай ба нинжин сэтгэлтэй, хэзээ ч баруунаас зүүн рүү хазайдаггүй хүн юм. … Тэр бол зөв шударга хүн” (History of the Church, 5:124).

Суралцагчдыг өнөөдөр сурсан зүйлээ бодож мөн хэрэгжүүлэхэд урамшуулан дэмжихийн тулд цөөн хэдэн суралцагчийг дараах үг хэллэгийг хэрхэн гүйцээх байснаа хуваалцахад урь. “Их Эзэний ажилд туслахын тулд би … хийх болно”

Та энэ үг хэллэгийг хэрхэн гүйцээх байснаа хуваалцаж, хичээлээ дуусгаж болно.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Сургаал ба Гэрээ 11:2. Бурханы үг “хоёр талдаа иртэй илднээс хурц”

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Орсон Пратт Бурханы үгийн хүчийг дараах байдлаар дүрсэлжээ.

Зураг
Ахлагч Оорсон Пратт

“Энгийн үнэний захиас Бурханаас илгээгдэж мөн тэнгэрлэг эрх мэдлээр, тэнгэрлэгээр өдөөгдсөн хүнээр тунхаглагдах үед оюун бодлыг хоёр талдаа иртэй илд мэт нэвтэлж, гүн шингэсэн атаа жөтөөг мөн насан туршид тогтож, хүмүүний мэргэн ухаанаар бий болсон эртний буруу ойлголт ба уламжлалын үндсийг тасддаг. Энэ нь үнэн болон худлын заагийг мөн Христийн сургаал болон хүмүүний сургаалын заагийг өөрчлөгдөшгүй оновчтойгоор цавчдаг. Энэ нь хүмүүний ухаан өөрийнх нь эсрэг гаргаж ирэх маргааныг амархан давдаг. Сүнсээр өдөөгдөөгүй хүмүүсийн зохиосон үзэл бодол, тунхаг, шашны сургуульд үүссэн сургаалууд нь бүгд өглөөний шүүдэр шиг алга болж, тэнгэрээс шууд ирсэн захиасын дэргэд үнэ цэнээ алдах болно” (“Divine Authority—or was Joseph Smith Sent of God?”Orson Pratt’s Works on the Doctrines of the Gospel [1945], 1:1).

Сургаал ба Гэрээ 11:9. “Энэ үеийнхэнд наманчлалаас өөр юу ч бүү ярь” гэдэг нь юу гэсэн үг вэ?

Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит:

Зураг
Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит

“Их Эзэн үйлчлэгчдэдээ наманчлалаас өөр юу ч бүү ярь хэмээн хэлэхдээ, тэр тэднийг баптисмын тухай, хүмүүсийг Их Эзэний зарлигуудад дуулгавартай байхыг бүү ярь гэж хэлээгүй юм. Гэхдээ тэр тэдний хэлж мөн хийж байгаа бүх зүйл нь хүмүүсийг наманчлалд авчрах зорилготой байгаасай гэж хүсдэг. Номлолдоо үүнийг хийж чадахгүй байгаа номлогч үүргээ ойлгоогүй хэрэг юм” хэмээн хэлжээ (Church History and Modern Revelation, 2-р боть [1953], 1:57).

Итгэлдээ үнэнч байх нь товхимол наманчлалын талаар дараах зүйлийг заадаг.

“Наманчлал нь сайн мэдээний анхдагч зарчмуудын нэг юм (Итгэлийн тунхаг 1:4-ийг үзнэ үү). Энэ нь энэхүү амьдралд хийгээд мөнх оршихуй дахь таны аз жаргалд зайлшгүй хэрэгцээтэй. Наманчлал нь буруу зүйлээ ухаарснаас илүү чухал билээ. Энэ бол Бурханы, өөрийн тухай хийгээд дэлхий ертөнцийн тухай шинэ үзэл бодол өгөх бодол санаа болон зүрх сэтгэлийн өөрчлөлт юм. Энэ нь нүглийн ангижрал болон уучлал эрэхээр Бурханд хандахыг хэлнэ. Бурханыг хайрлах хайр мөн Түүний зарлигуудыг дагах чин сэтгэлийн хүсэл л урам зориг оруулдаг” (Итгэлдээ үнэнч байх нь: Судрын заалт [2004], 132).

Сургаал ба Гэрээ 11:25. “Илчлэлтийн сүнсийг бүү үгүйсгэ”

Зураг
Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит

Хайрум Смитэд өгөгдсөн энэ зөвлөгөө нь өнөөдөр ч бидэнд сайн зөвлөгөө болдог гэдгийг ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит тайлбарлажээ. Их Эзэн эхэн үетэй адилаар Сургаал ба Гэрээнд нэмж орох илчлэлтүүдийг өгөхгүй байна гэж гомдоллодог Сүмийн зарим гишүүн байдаг ба тэд Сүмд илчлэлт яагаад зогссоныг асуудаг. Ихэвчлэн эдгээр шүүмжлэгч нь Их Эзэний аль хэдийн өгсөн зарлигуудыг итгэлтэй сахихгүй байгаагаас болж өнөөдөр Сүмд Их Эзэний илчлэлт болон удирдамж тогтмол ирсээр байгаа гэдэг үнэнийг харж чаддаггүй. Их Эзэний мутар энэ хүмүүсийг эхлэлээс удирдсаар ирсэн ба энэ удирдамж нь бусад үеүдтэй адил өнөө үед ч бүх даруу ба гэмшсэн сэтгэлтэй хүнд үзүүлэгддэг гэдгийг ялган таних сүнстэй ямар ч хүн харахгүй байна гэж байхгүй. (Иaков 4:8-ыг үзнэ үү.)” (Church History and Modern Revelation, 2-р боть [1953], 1:57; мөн Сургаал ба Гэрээний суралцагчийн гарын авлага, 2 дахь хэвлэлийг үзнэ үү [Сүмийн боловсролын системийн гарын авлага, 2001], 26).