Семинар
101-р хичээл: Сургаал ба Гэрээ 98:1–22


101-р хичээл

Сургаал ба Гэрээ 98:1–22

Оршил

1833 оны 7-р сарын 20-нд, Миссуригийн 400–500 орчим уугуул оршин суугчид нэгдэн, өөр ямар ч гэгээнтнийг Жаксон гүнлэг рүү нүүж ирэхгүй байхыг мөн одоо амьдарч байгаа хүмүүсийг тэндээс гарч явахыг шаардсан. Миссури дахь гэгээнтнүүд энэ шаардлагад хариу өгөхөөс өмнө, танхайрагчид тэдний эд хөрөнгийг устгаж мөн амь насанд нь заналхийлж эхлэв. 1833 оны 8-р сарын 6-нд бошиглогч Иосеф Смит Сургаал ба Гэрээ 98-д цэдэглэгдсэн илчлэлтийг хүлээн авсан бөгөөд үүнд Их Эзэн хавчлагад хэрхэн хандах талаар гэгээнтнүүдэд зааварчилга өгсөн юм. Миссурид болж буй бэрхшээлийн талаарх мэдээлэл 900 милийн (1450 км) тэртээ Огайогийн Көртландад байсан бошиглогчид хүрсэн байж болох хэдий ч, тэрээр уг нөхцөл хэр ноцтой байсныг зөвхөн илчлэлтээр дамжуулан ойлгож чадсан юм. Энэхүү илчлэлтэнд Их Эзэн, Миссури болон Огайо дахь гэгээнтнүүдийн шаналал зовлонг мэдэж байгаагаа өгүүлсэн. Тэрээр амьдарч буй газрынхаа үндсэн хуулийг дагаж мөрдөх, мөн гэрээнүүдээ сахихыг тэдэнд зөвлөжээ.

Заах зөвлөмж

Сургаал ба Гэрээ 98:1–3

Их Эзэн гэгээнтнүүдийг зовлон бэрхшээл дунд нь тайтгаруулав

Хичээл эхлэхээс өмнө дараах асуултыг самбар дээр бич. Та нарт ямар санагдах бол?

Тэгээд нэг суралцагчийг дараах догол мөрийг чанга уншихад урь. Ийм нөхцөл тулгарвал тэдэнд ямар санагдах талаар бодохыг ангийнхнаас хүс.

1833 оны 7-р сарын 20-ны бямба гарагт, 400 - 500 орчим Миссуригийн иргэдээс бүрдсэн уурлаж хилэгнэсэн бүлэг Миссуригийн Индепенденс дэх шүүхийн байранд цугларчээ. Тэд мормончуудын талаарх шаардлагуудыг тодорхойлсон баримт бичгийг боловсруулах хороог сонгов. Тэд дахин нэгээхэн ч хожмын үеийн гэгээнтнийг Жаксон гүнлэг рүү нүүхгүй байх шаардлага тавьсан бөгөөд тэнд аль хэдийн амьдарч байгаа хүмүүсийг аль болох хурдан нүүж явах амлалт өгөх ёстой гэж байв. Үүнээс гадна тэд Сүмийн сонины газрыг нийтлэлээ зогсоохыг шаардаж байв. Эдгээр шаардлагыг Миссурид байсан Сүмийн удирдагчдад танилцуулах үед Сүмийн удирдагчид гайхан балмагдсан ба уг саналыг авч хэлэлцэх мөн Огайо дахь Сүмийн удирдагчидтай зөвлөлдөх 3 сарын хугацаа өгөхийг хүссэн байна. Шаардлага тавьсан Миссуригийн иргэдийн бүлэг Сүмийн удирдагчдын хүсэлтийг эсэргүүцэв. Дараа нь гэгээнтнүүд 10 өдөр өгөхийг хүссэн ч тэдэнд хариултаа өгөх ердөө 15 минутыг олгосон байна. (Church History in the Fulness of Times Student Manual, 2 дахь хэвлэл [Сүмийн Боловсролын Системийн гарын авлага, 2003], 132–133.)

Суралцагчдын анхаарлыг самбар дээрх асуултад хандуулаад дараах асуултыг тавь.

  • Хэрэв та тэр үед Миссуригийн Индепенденст амьдарч байсан гэгээнтнүүдийн нэг нь байсан бол ямар санагдах байсан бол?

Суралцагчдыг хариулсны дараа өөр нэг суралцагчийг дараах мөрүүдийг уншихад урь.

Индепенденсийн шүүхийн байран дахь миссуричуудын цуглаан тэр дорхноо дээрэмчдийн бүлэг болон хувирч, хэвлэл мэдээллийн газрыг устгахаар шийдэж гэнэ. Тэд хэвлэлийн байр руу дайран орж, тавилгуудыг нь гудамж, цэцэрлэг рүү гарган шидэж, хэвлэх машиныг эвдлэн, үсгийн хэвийг нь тараан хаяв. Мөн хэвлэсэн олон ажил, үүний дотор Зарлигуудын номны үдээгүй ихэнх хуудсыг устгажээ. Танхайрагч бүлгийнхэн дараа нь Гилберт ба Витнейгийн дэлгүүрийг устгахаар явав. Сидней Гилбэрт харин тэднийг төлөвлөснөө хэрэгжүүлэхээс нь өмнө танхайрагч бүлгийнхэнтэй уулзан, бүх бараагаа баглан 3 хоногийн дотор гарч явах амлалтыг өгсөн юм. (Church History in the Fulness of Times, 133 үзнэ үү.)

Суралцагчдыг энэ үйл явдалтай холбоотойгоор самбар дээрх асуултын хариултуудаа хуваалцахад урь. Суралцагчдыг санал бодлоо хуваалцсаны дараа өөр нэг суралцагчийг дараах мөрүүдийг уншихад урь.

3 хоногийн дараа, 7-р сарын 23-нд танхайрагч бүлгийнхэн Миссуригийн Жаксон гүнлэгт дахин ирсэн бөгөөд энэ удаа тэд урт буу, гар буу, ташуур, бороохойгоор зэвсэглэсэн байв. Тэд нуруулдсан өвс, тариан талбайд гал тавьж, хэд хэдэн айлын гэр орон, амбаар, бизнесийг устгажээ. Тэд эцэст нь гэгээнтнүүдийн амь нас, өмч хөрөнгө аюулд учраад байгааг хараад өөрсдийн амь насыг оронд нь өгөхийг хүссэн Сүмийн 6 удирдагчтай тулгарчээ. Уг саналыг эсэргүүцсэн танхайрагчдын удирдагчид гүнлэгийг орхиж явахыг зөвшөөрөхгүй юм бол эрэгтэй, эмэгтэй хүн, хүүхэд нэг бүрийг ташуурдах болно хэмээн заналхийлсэн байна. Эдгээр дарамтын улмаас ах нар Жаксон гүнлэгээс гарч явах гэрээнд гарын үсэг зурсан юм. Сүмийн гишүүдийн тал нь, мөн ихэнх удирдагчид 1834 оны 1-р сарын 1 гэхэд, үлдсэн хүмүүс нь 4-р сарын 1 гэхэд гарч явах ёстой байв. Танхайрагчид, хөөгдсөн гэгээнтнүүдийн эд хөрөнгийг зарахаар үлдэхийг Жон Корилл, Сидней Гилберт хоёрт зөвшөөрчээ. (Church History in the Fulness of Times, 134-ийг үз.)

Сургаал ба Гэрээ 98-р хэсгийн оршлыг чангаар уншихад нэг суралцагчийг урь. Ангийнхнаас дагуулан харж уншаад, юунаас болж уг илчлэлт өгөгдсөнийг олж мэдэхийг хүс. Суралцагчдыг хариултаа хуваалцахад урь.

  • Энэ хэсгийн оршилд цэдэглэгдсэнээр, уг илчлэлт ирсэн энэ цаг үе юугаараа онцлог вэ?

Энэ цаг хугацааны туршид Огайо дахь гэгээнтнүүд ч мөн дарамт хавчлаганд байсан болохыг тайлбарла. Уг илчлэлтийн зарчмууд тэдэнд ч мөн бидэнд ч бас хамаатай юм. Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 98:1–2-ыг чанга уншихад урь. Их Эзэний гэгээнтнүүдэд өгсөн зөвлөгөөг олохыг ангийнхнаас хүс. (2-р шүлэг дээрх Сабаот хэмээх үг нь “олон хүмүүс” эсвэл “армиуд” гэсэн утгатай еврей үг болохыг хэлэх нь тустай байж болно.) Энэ нь Их Эзэн тэнгэр элчүүдийн армийг болон олонхыг мөн Израилын арми буюу гэгээнтнүүдийг удирддаг гэсэн утгыг энд илэрхийлсэн. [Bible Dictionary,“Сабаот”-ыг үзнэ үү.])

  • Их Эзэн гэгээнтнүүдэд ямар зөвлөгөө өгсөн бэ? (Суралцагчдын хариултуудыг самбар дээр бич.)

  • Гэгээнтнүүдийн хувьд хүнд хэцүү үед талархал өргөдөг байх нь яагаад чухал байдаг вэ?

  • Их Эзэнийг “тэвчээртэйгээр хүлээх” гэдэг нь юу гэсэн үг гэж та нар бодож байна вэ?

Нэг суралцагчийг Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Робэрт Д.Хэйлсийн хэлсэн дараах үгийг чанга уншихад урь. Ангийнхнаас Их Эзэнийг тэвчээртэйгээр хүлээх гэдэг нь юу гэсэн утгатай болохыг олж сонсохыг хүс.

Зураг
Ахлагч Робэрт Д.Хэйлс

“Тэгвэл Их Эзэнийг хүсэн хүлээнэ гэдэг нь юу гэсэн үг вэ? Судруудад хүлээх гэдэг үг нь найдах, хүлээх, итгэх гэсэн утгатай байдаг. Их Эзэнд итгэж, найдахын тулд итгэлтэй, тэвчээртэй, даруу байж, зарлигуудыг дуулгавартай дагаж, эцсээ хүртэл тэвчих хэрэгтэй” (“Эзэнийг хүсэн хүлээ: Таны хүсэл биелэг,” Ensign, 2011 оны 11-р сар, 72 эсвэл 2011 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 84).

  • Их Эзэнийг тэвчээртэй хүлээх зөвлөгөө нь Миссури дэх гэгээнтнүүдэд яагаад чухал байсан бэ?

  • 2-р шүлэг дээр тайвшралын ямар үгсийг та нар харж байна вэ?

Дараах гүйцэд бус өгүүлбэрийг самбар дээр бич. Хэрэв бид бүх зүйлд талархан, Их Эзэнийг тэвчээртэйгээр хүлээх юм бол, …

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 98:3-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, хэрэв тэд Их Эзэний зөвлөгөөг дуулгавартай дагавал Их Эзэн юу гэж амласныг олж мэдэхийг хүс.

  • Та нар  3-р шүлэг дээр үндэслэн дараах зарчмыг хэрхэн гүйцээх вэ? (Дараах нь суралцагчид энэ зарчмыг гүйцээж болох нэг арга юм. Хэрэв бид бүх зүйлд талархан, Их Эзэнийг тэвчээртэйгээр хүлээх юм бол Их Эзэн зовлон зүдрэлийг маань бидний сайн сайхны төлөө ажилладаг болгоно.)

Хэцүү үедээ Их Эзэнд найдан итгэлтэйгээр хүлээж, талархах шалтгаан олж байсан хэн нэгний тухай бодохыг суралцагчдаас хүс.

  • Зовлон бэрхшээл энэ хүний амьдралд хэрхэн сайн зүйлсийг авчирсан бэ?

Сургаал ба Гэрээ 98:4–10

Их Эзэн гэгээнтнүүдэд орон нутгийн хуулийг дагахыг зөвлөв

Их Эзэн тэвчээртэйгээр хүлээх зөвлөгөөг гэгээнтнүүдэд өгснөөс гадна Өөрийнхөө бүх тушаалуудыг дагахыг (С ба Г 98:4) мөн “орон нутгийн үндсэн хууль болох тэр хуулийг нөхөрсгөөр дагахдаа [дэмжихдээ]” зөвтгөгдөх болно гэж хэлсэн юм. (С ба Г 98:6) Орон нутгийн үндсэн хуулийг Тэрээр “эрх, онцгой боломжуудыг хадгалснаар эрх чөлөөний зарчмыг” хөхиүлэн дэмждэг бөгөөд “бүх хүн төрөлхтөнд хамаатай” хэмээн тайлбарласан (С ба Г 98:5).

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 98:9–10-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагуулан харж, засаг төрийн удирдагчдын талаар Их Эзэн юу гэж хэлснийг олж мэдэхийг хүс. Суралцагчдыг сурч мэдсэн зүйлийнхээ тухай бусадтайгаа хуваалцахад урь.

  • Сургаал ба Гэрээ 98:4–10-т өгсөн Их Эзэний зөвлөгөө, аль ч оронд амьдардаг байсан, өнөөдөр бидэнд хэрхэн тус болж болох вэ?

Сургаал ба Гэрээ 98:11–18

Их Эзэн гэгээнтнүүдэд хэцүү цаг үед ч гэсэн гэрээгээ сахихыг зааварлав

Суралцагчдаас дараах асуултын талаар эргэцүүлэн бодохыг хүс.

  • Есүс Христийн үйл хэрэг, нэрийн төлөө амиа зориулдаг хүмүүст ямар шагнал ирдэг вэ?

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 98:11–15-ыг чанга уншихад урь. Ангийнхныг дагаж уншин, уг асуултын хариуг мөн соригдож нотлогдсон байх тухай Их Эзэн гэгээнтнүүдэд юу хэлснийг олохыг хүс.

  • Их Эзэн ямар зарлигийг гэгээнтнүүдэд өгсөн бэ? (С ба Г 98:11–12-ыг үзнэ үү.)

  • 13–15-р шүлэгт өгүүлснээр, Бурханы биднийг сорьдог нэг шалтгаан юу вэ? (Суралцагчдыг хариулсны дараа, дараах зарчмыг самбар дээр бич. Дагахад хэцүү байхад ч гэсэн гэрээгээ сахих эсэхийг маань мэдэхээр Их Эзэн биднийг шалгадаг.)

  • 1833 онд Миссурид амьдарч байсан гэгээнтнүүдийн хувьд энэ үнэнийг мэдэх нь яагаад тэдэнд чухал байсан байж болох вэ? Энэ үнэнийг санах нь өнөөдөр бидэнд яагаад чухал байж болох вэ?

Хүнд хэцүү үед гэрээгээ сахихын үлгэр жишээг харуулсан, өөрийн таних хэн нэгний талаар бодохыг суралцагчдаас хүс. Хэдэн суралцагчаас хариултаа ангийнхантайгаа хуваалцахыг хүс.

Дагахад хэцүү үед ч гэсэн гэрээндээ үнэнч, хүчирхэг үлдэж чадахын тулд юуг хийх талаараа бодохыг суралцагчдаас хүс.

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 98:16–18-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Их Эзэн Өөрийн хүмүүст юу хийхийг зааварласныг олж мэдэхийг хүс. Суралцагчдаас олж мэдсэнээ хуваалцахад урь.

Сургаал ба Гэрээ 98:19–22

Их Эзэн Көртландын гэгээнтнүүдэд наманчил хэмээн хэлэв

Их Эзэн энэ илчлэлтийг өгөх тэр үед Огайогийн Көртланд дахь гэгээнтнүүд ч бас зовлон бэрхшээлүүдийг туулж байсан. Сургаал ба Гэрээ 98:19–22 дээрээс, тэдэнд зориулсан Их Эзэний захиасыг бид уншдаг.

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 98:19–22-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас дагуулан харж, Их Эзэн Көртландын гэгээнтнүүдийн талаар юу хэлснийг олж мэд. Суралцагчдаас олж мэдсэнээ тайлагнахыг хүс.

  • Көртландын гэгээнтнүүдийн талаар Их Эзэний хэлсэн үгс Миссуригийн гэгээнтнүүдэд хэлсэн үгтэй ямар хамааралтай вэ? (С ба Г 98:11-ийг үзнэ үү.)

  • 11-р шүлэг дэх Их Эзэний захиас бидэнд хэрхэн хамаарч болох вэ? (Сайнаас “зууран барих”гэдэг нь үүнд хөдөлшгүй бат бөх байх гэсэн үг болохыг ойлгоход нь суралцагчдад тусал)

Өнөөдөр яригдсан сургаалууд болон зарчмуудын талаар гэрчлэлээ хуваалцсанаар хичээлээ дуусга. Суралцагчдыг гэм нүглээ орхиж, сайнаас зууран барихад урамшуул.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Сургаал ба Гэрээ 98. Жаксон гүнлэг дэх зөрчлийн шалтгаанууд

“Нутгийн уугуул оршин суугчид Жаксон гүнлэг дэх сүмийн гишүүдийн тоо хурдтайгаар нэмэгдэх тусам сэжиглэх нь бүр их нэмэгдэх болов. Олон хүн дорнодоос ирсэн шинэ шашны энэ олон шүтлэгтэн өөрсдөөс нь олон болохоос айх болжээ. ‘Хуучин оршин суугчид’ нь орж ирж буй хожмын үеийн гэгээнтнүүдийг бодвол илүү өөр өөр гарал үүсэлтэй байсан ба соёл, улс төр, шашин, эдийн засгийн ялгаа гарах нь гарцаагүй байсан.

Жаксон гүнлэгийн оршин суугчид өмнөд мужуудын уулархаг бүсүүдээс Нэгдсэн улсын баруун өнцөг рүү нийгмийн тогтуун байдал, эрх чөлөө хайж ирсэн болхи бүдүүлэгдүү хүмүүс байв. Тэдний ихэнх нь Шинэ Англи болон дорнодод илүү нийтлэг байсан соёлоор дутмаг, боловсролгүй хүмүүс байсан юм. Тэдний олон нь хараал, зүхлээр ярьдаг, шашин шүтлэггүй, морь уралдуулж, тахиа зодолдуулдаг, ажилгүй залхуу, архи ууж, мөрийтэй тоглодог, хүч хэрэглэдэг хүмүүс байжээ.

Уугуул оршин суугчид гэгээнтнүүдийн өсөлтийг хараад хэдийгээр тэд Жаксон гүнлэгт байх богинохон хугацаандаа албан тушаалтан болж мөн эвсэл болж, сонгууль өгч байгаагүй ч гэсэн, тэднийг улс төрийн хувьд аюултай хэмээн бодсон ажээ. 1833 оны 7-р сард мормончуудын хүн ам бараг 1200 орчим байсан бөгөөд сар бүр илүү олон хүн ирж байв. Зарим гишүүн олон мянган хүн энэ гүнлэгт амьдрахаар ирж байгаа хэмээн сайрхан ярьж байв. … Жаксон гүнлэгт мянган жилийн хаанчлал байгуулагдахад бүх ‘харийнхан’ (Мормон бус хүмүүс) тусгаарлагдана хэмээх шашны номлолд хуучин оршин суугчид дургүйцсэн аж.

‘Протестант тохинуулагчид мөн гүнлэгт орж ирсэн мормончуудад дургүйцэж байв. Хожмын үеийн гэгээнтнүүдийг юманд хэт улайрдаг, танхай гэж дуудаж байсан бөгөөд гайхамшиг, бошиглол, эдгэрэлт, илчлэлт мөн хэлүүдээр ярихад итгэдэг болохоор нь итгэмтгий болон мэдлэг боловсролгүй гэж нэрлэж байв. Өөрсдийн хүмүүсийн заримыг алдахаас айх, харамлан атаархах сэтгэл нь тохинуулагчдыг дайсагнал руу түлхсэн юм. …

Үүнээс гадна худалдаа, наймаа эрхлэгч мормончууд, өмнө нь миссуричуудын эзэгнэж байсан нэн ашигтай Санта Фе худалдааны замын нэг хэсгийг амжилттайгаар ашиглаж эхэлсэн. Зарим хуучин оршин суугчид нь, сүмийн гишүүд өөрсдийнх нь эдлэн газар болон худалдаа наймааг эзлэн түрэмгийлэхээр шийдчихэж хэмээн айж байв. Түүнээс гадна, гэгээнтнүүд бэлэн мөнгөгүй болохоор нутгийн худалдаачдаас бараа авалгүй, харин сүмийн агуулахад хоорондоо бараагаа солилцдог байлаа. … Хуучин оршин суугчдын зарим нь эдлэн газраа мормончуудад зарж, нүүн явж байв. Энэ нь дэлгүүрүүдэд худалдан авагчдыг бүр цөөн болгосноор үлдсэн оршин суугчдад тэдний цаашдын санхүүгийн байдал нуран унаж магадгүй мэт санагдуулах болсон юм [Т.Эдгар Лион, “Independence, Missouri, and the Mormons, 1827–1833,” BYU Studies, 1972 оны намар, 17–18].

1833 оны хавар байдал бүр хүндэрч, Миссури мөрөн үерлэн, Индепенденс дэх усан зогсоолыг устгаж, голын сувгийг өөрчлөн суурингаас холдуулсан байна. Голын дээшээ, зогсоол сайтай Уэстпорт гэдэг шинэ хот байгуулагдсан ба Индепенденс дэх ажил худалдаа буурч ирэв. Индепенденс дэх хувийн хэвшлийнхэн энэхүү нөхцөл байдалдаа мормончуудыг буруутгаж байв. Ирээдүйд юу болохыг таамагласан хуучин оршин суугчдын зарим нь гэгээнтнүүдэд өмч хөрөнгөө зарахыг хүсэх болов. Сүмийн гишүүд ферм, эд хөрөнгийг нь худалдаж авахыг хүссэн ч, хүрэлцэхүйц мөнгө байхгүй байлаа. Энэ нь миссуричуудын бухимдлыг нэмж, удалгүй мормончууд ямар үгээгүй хоосон болох тухай цуу яриаг тэд тарааж эхлэв.

Миссуригийн хил орчмынхон индианчуудаас айж, тэднийг үзэн яддаг байжээ. 1830-аад оны үед засгийн газар Индепенденсийн залгаа баруун нутгуудаар зүүнээс ирсэн омгийнхныг суурьшуулж эхэлсэн тэр үеэс тэдний дургүйцэл нэмэгдсэн юм. 1832 оны Хар шонхрын дайны дараа баруун Миссуригийн иргэд Конгресст цэргийн хамгаалалтын шугам, пост байгуулж өгөхийг хүссэн өргөдөл бичсэн байна. Анхны мормон номлогчид энэхүү түгшүүртэй нөхцөл байдал дунд уугуул америкчуудын хувь заяаг зөгнөн тунхагласаар орж ирсэн юм. Хуучин оршин суугчид нь гэгээнтнүүдийг Шинэ Иерусалим хотоо байгуулах газрыг олж авахын тулд индианчуудын тусламжийг ашиглах вий хэмээн айж байв. Протестант тохинуулагчид нь индианчуудын дунд шашнаа номлох хожмын үеийн гэгээнтнүүдийн хичээл зүтгэлд атаархаж байсны улмаас цаашдын байдал улам түвэгтэй болж байлаа.

Гэгээнтнүүд ба хуучин оршин суугчдын хоорондох зөрчил нь боол эзэмших асуудлаас болж улам хурцдаж ирсэн. 1820 оны алдарт Зөвшилцлөөр Миссури боол эзэмшигч мужийн хувьд Холбоонд нэгдсэн байв. Гэсэн ч боол эзэмших нь хязгаарлагдмал байсан юм. Хуучин оршин суугчид боол эзэмших эрхээрээ бахархдаг байсан ба боол эзэмшихийн эсрэг тэмцлийг жигшиж байв. Хойноос мөн Зүүнээс ирсэн гэгээнтнүүдийн зарим нь боол эзэмшлийн эсрэг үзлийг авчирсан ба Өмнөдөд энэ үед хар арьстнуудын бослого гарах боломж нь тэдний айдсыг төрүүлж байсан юм. 1831 онд Виржиниад гарсан Нат Төрнерийн боолын үймээний үр дүнд 70 гаруй цагаан арьстан, 100 орчим боолын амь үрэгдсэн ажээ. Зэвсэгт бослогоос айх айдас боол эзэмшигч мужуудын дунд тархсан байлаа. 1832 оны эхээр, боолуудыг эздээ үл сонсож эсвэл зугтахыг гэгээнтнүүд ятгаж байна гэсэн цуу үг миссуричуудыг ихэд бухимдуулжээ.

“1833 онд уг цуу яриаг зогсоохын тулд Оройн ба өглөөний од сонинд боолууд мөн “өнгөтэй чөлөөт хүмүүс” гэж нэрлэгддэг хуучны боол байсан хүмүүсийн дунд номлогчид шашнаа номлохдоо болгоомжтой байхыг сануулсан өгүүлэл нийтлэгдсэн байна. Харамсалтай нь, нутгийн миссуричууд энэ зөвлөгөөг Фелпс ах эрх чөлөөтэй хар арьстнуудыг Жаксон гүнлэг дэх мормончуудтай нэгдэхийг урьж байна хэмээн буруу ойлгосон аж. Уг өгүүлэл цуу үгний шалтгаан болж, сүм эрх чөлөөт хар арьстнуудыг Миссури руу урих ямар ч санаа бодол байхгүй тухай Фелпс ах нэмэлт тайлбар гаргахад хүрэв. Гэвч энэ нь ямар нэгэн тус болж чадаагүй юм” (Church History in the Fulness of Times Student Manual, 2 дахь хэвлэл [Сүмийн Боловсролын Системийн гарын авлага, 2003], 130–132).