Семинар
41-р хичээл: Сургаал ба Гэрээ 36–37


41-р хичээл

Сургаал ба Гэрээ 36–37

Оршил

1830 оны 12-р сарын 9-нд, Эдвард Партрижийг баптисм хүртэхээс хоёр өдрийн өмнө Их Эзэн бошиглогч Иосеф Смитээр дамжуулан түүнд илчлэлт өгөв. Сургаал ба Гэрээ 36-д цэдэглэгдсэн энэ илчлэлтэд Их Эзэн Эдвард Партрижийн нүглүүдийг өршөөсөн бөгөөд түүнийг сайн мэдээ номлоход дуудсан. Их Эзэн бүх санваартан сайн мэдээг тунхаглах ёстой хэмээх зарлигийг түүнчлэн өгөв. Энэ илчлэлтийг хүлээн авсны дараа Иосеф Смит удалгүй Сургаал ба Гэрээ 37 дахь илчлэлтийг хүлээн авсан. Энэ илчлэлт дээр Их Эзэн гэгээнтнүүдийг Нью-Йоркоос явж, Огайод цугларахыг зарлиглав.

Заах зөвлөмж

Сургаал ба Гэрээ 36:1–3

Их Эзэн Эдвард Партрижийн нүглүүдийг өршөөж, түүнийг сайн мэдээ номлоход дуудав

Бүрэн цагийн номлогчоор үйлчлэхэд нь номлогчид хэрэг болж болох зүйлүүдийг багтаасан нэг чемодан (эсвэл үүргэвч)-ыг ангид авчир. Жишээ нь, та үүн дотроо судрууд, цагаан цамц, зангиа, гутал болон Миний сайн мэдээг номло номын нэг хувийг хийж болох юм. Суралцагчдад хаалттай чемоданыг үзүүлж, үүнийг бүрэн цагийн номлолдоо үйлчлэх гэж буй номлогчид зориулан бэлдсэн гэж төсөөлөн бодоход урь. Чемоданд юу байгаа гэж бодож байгаа талаар тэднээс асуу. Дараа нь чемоданыг нээж, доторх зүйлсийг тэдэнд үзүүл. (Эсвэл та тэднийг хоёр хоёроор нь ажиллуулж, номлолд үйлчлэхэд хэрэг болж болох зүйлсийг жагсаан бичүүлэх эсвэл зураг зурахад урьж болно.)

Номлогчдод хэрэгтэй ч чемодан (эсвэл үүргэвч)-д багтдаггүй зарим зүйл байдгийг тайлбарла. Их Эзэн Эдвард Партрижид өгсөн илчлэлтдээ эдгээр зүйлийн заримыг дурдав. Энэхүү илчлэлт Сургаал ба Гэрээ 36-д байдаг. Суралцагчдыг энэ илчлэлтийг судалж байхдаа номлолд үйлчлэхээр бэлтгэгдэхээс өмнө номлогчид юу хэрэгтэй талаар олж мэдэхэд урь. (Хичээлийн үеэр суралцагчид үнэнийг олж тогтоох үед та цаасан дээр эдгээр үнэнийг бичиж болно. Дараа нь чемодан эсвэл үүргэвчний гадна талд суралцагчдад харагдахуйц газар цаасаа наах буюу тогтоо. Та бас тэдгээрийг самбар дээр шууд бичиж болно.)

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 36-ийн нөхцөл байдлын талаарх доорх мэдээллийг чанга уншихад урь. Ангийнхныг, баптисм хүртэх шийдвэрээ гаргахад нь Эдвард Партрижид юу тусалсныг олж сонсоход урь.

Оливер Каудери болон түүний хамтрагчдыг зүүн хойд Огайод ирснээс хойш хэдхэн долоо хоногийн дотор Есүс Христийн сэргээгдсэн Сүмд олон хүн баптисм хүртсэн байв. Эдвард Партрижийн эхнэр Лидиа хөрвөгдсөн байсан бөгөөд номлогчдын баптисм хүртээсэн хүмүүсийн дунд байсан хэдий ч Эдвард бүрэн итгээгүй хэвээр байлаа. Тэр шийдвэр гаргахаасаа өмнө бошиглогч Иосеф Смиттэй уулзахыг хүсэж байв. Сидней Ригдон тэр хоёр Иосеф Смитийг цуглаан дээр номлож байх үед нь Нью-Йоркийн Вотерлүүд ирсэн. Бошиглогчийг ярьж дуусахад, Эдвард ярихаар босов. Тэрээр Вотерлүү орох замдаа Манчестер дахь Смитийн фермийн ойролцоо байдаг хөршүүдтэй нь Смитийн гэр бүлийнхний зан чанарын талаар ярилцсан гэж хэлэв. Эдвард сонссон зүйлдээ сэтгэл хангалуун байсан учир өөрт нь баптисм хүртээхийг Иосефоос хүсжээ. (Documents, Volume 1: July 1828–June 1831, vol. 1 of the Documents series of The Joseph Smith Papers [2013 он], 197, 199, 224-ийг үзнэ үү.)

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 36:1-ийг чимээгүй уншиж, Их Эзэн Эдвард Партрижийг баптисм хүртсэний дараа түүнд юу гэж хэлснийг олж мэдэхийг хүс.

  • Баптисм хүртсэнээр Эдвард Партриж ямар адислал хүлээн авсан бэ? (Их Эзэн түүний нүглүүдийг өршөөсөн.)

  • Эдвард баптисм хүртсэнийхээ дараа ямар үүрэг хүлээсэн бэ?

  • Сайн мэдээг номлохоор дуудагдсан тэдгээрийн хувьд наманчилж, нүглүүдээсээ өршөөгдөх нь яагаад чухал гэж та нар бодож байна вэ?

Суралцагчдадаа ирээдүйн номлогчдын хувьд нүглүүдээ наманчлах нь яагаад чухал болохыг ойлгоход нь туслахын тулд ангийн нэг суралцагчийг Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холландын хэлсэн дараах үгийг уншихад урь. (Ахлагч Холланд “дайсныхаа төлөө тоглож” мөн “Аврагчийн багт орох” гэсэн хэллэгүүдийг ашиглахдаа сайн ба хилэнцтийн хоорондох дайныг спортын тэмцээнтэй харьцуулж байгааг та онцлон хэлж болно.) Суралцагч бүрд энэ хэлсэн үгийг хувилж өгөх талаар бодож үзээрэй.

Зураг
Ахлагч Жэффри Р.Холланд

“Сайн, хилэнцтийн хоорондох энэ бодит дайнд уруу таталт ирэх тоолонд чөтгөрийн талд тоглочихоод, дараа нь юу ч болоогүй юм шиг ариун сүмд болон номлолын талбарт Аврагчийн багийн хувцсыг өмсөж гарч ирж болохгүй. … … Бурхан доромжлогдохгүй.

… энэ ажилд Түүнтэй хамт хөдөлмөрлөхөөр дуудагдсан хүмүүсийн төлөө зохистой байдлын шугамыг Их Эзэн зурсан юм. Өөрөө садар самууныг үйлдэж эсвэл хараалын үг хэлж эсвэл порнограф үздэг байсан ямар ч номлогч бусдыг наманчлалд урьж чадахгүй! … Та нарыг тэдэнд хандан ярих үед Сүнс та нартаа хамт байхгүй байх бөгөөд үгс хоолой дээр чинь тээглэж, ганц ч үг дуугарч чадахгүй болно. Та нар Лихайн үзсэн ‘хориглогдсон замаар’ [1 Нифай 8:28] будилан одсон хэрнээ бусдыг ‘нарийн бөгөөд шулуун’ [2 Нифай 31:18] зам руу удирдаж чадахгүй” (“Бид бүгд дуудагдсан,” Ensign, 2011 оны 11-р сар, 45 эсвэл 2012 оны 10-р сарын Ерөнхий чуулга,, 54).

Номлолын үйлчлэлдээ цэвэр ариун байхын тулд одоо юу хийж чадахаа ойлгоход нь суралцагчдадаа туслахын тулд нэг суралцагчийг ахлагч Холландын хэлсэн үгээс наманчлах дараах урилгыг чанга уншихад урь.

Зураг
Ахлагч Жэффри Р.Холланд

“Та нар хэн ч бай, юу ч хийсэн бай та нар уучлагдаж болдог юм. Та нарын хүн нэг бүр … шаналгаж байгаа аливаа нүглээ ардаа орхиж болно. Энэ бол өршөөлийн гайхамшиг; Есүс Христийн Цагаатгалын гайхамшиг мөн. Гэвч та нар сайн мэдээний дагуу амьдарна гэж амлахгүйгээр, хэрэгтэй үед наманчлахгүйгээр өршөөлийг хүлээн авч чадахгүй. Би та нарыг … идэвхтэй мөн цэвэр ариун байгаач хэмээн гуйж байна. Шаардлагатай бол, идэвхтэй болохыг мөн цэвэр ариун бол гэж би та нараас хүсэж байна” (“Бид бүгд дуудагдсан,” 54).

Эдвард Партриж энэ илчлэлтийг хүлээн авахаасаа өмнө баптисм хүртсэн байсан ч, Ариун Сүнсний бэлэг хараахан хүлээн аваагүй байсныг тайлбарла. Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 36:2–3-ыг чимээгүй уншиж, Их Эзэн Эдвардад Ариун Сүнсний бэлгийн талаар юу гэж хэлснийг олж мэдэхийг хүс. Суралцагчдаас олж мэдсэнээ тайлагнахыг хүс.

  • Их Эзэний Эдвард Партрижид хэлсний дагуу, номлогчид яагаад Ариун Сүнстэй хамтрагч байх хэрэгтэй вэ?

  • 2-р шүлэгт цэдэглэгдсэнээр, Ариун Сүнс Эдвард Партрижид юу заах вэ? “Хаант улсын амар амгалан зүйлүүдийг” сурах гэдэг нь юу гэсэн утгатай үг гэж та нар бодож байна вэ? (Суралцагчдад энэ асуултад хариулахад нь туслахын тулд тэднээр Сургаал ба Гэрээ 42:61-ийг уншуул.)

Та суралцагчдыг Ариун Сүнс хаант улсын амар амгалангийн зүйлүүдийг тэдэнд заах үед мэдэрсэн сэтгэгдлээ хуваалцахад урьж болно. (Суралцагчдад зарим туршлага нь хуваалцамгүй, маш ариун нандин бөгөөд хувийн чанартай байдгийг сануул.)

Сургаал ба Гэрээ 36:4–8

Их Эзэн сайн мэдээг номлохоор дуудагдсан тэдгээрийн талаар нэгэн зарлиг гаргав

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 36:4–5, 7-г чанга уншихад урь. Суралцагчийг уншихаас өмнө, эдгээр шүлэг дээр Их Эзэн “[Өөрийн] сүмийн ахлагчдад” хандан ярьж байгаа гэдгийг онцлон хэл (С ба Г 36:7). Ангийнхныг дагаж уншин, Их Эзэний санваартнуудад өгсөн үүргийг олж мэдэхийг хүс.

  • Их Эзэн санваартнуудад ямар үүрэг өгсөн бэ? (Суралцагчдыг хариулсны дараа, самбар дээр дараах үнэнийг бич. Санваартнууд сайн мэдээг номлохоор дуудагддаг.)

Суралцагчдадаа энэ үнэний ач холбогдлыг болон энэ нь манай үед хэрхэн хамаардгийг ойлгоход нь туслахын тулд ангийн нэг суралцагчийг ерөнхийлөгч Томас С.Монсоны дараах хэлсэн үгийг чанга уншихад урь.

Зураг
Ерөнхийлөгч Томас С.Монсон

“Бошиглогчдын үеийн үед заасаар ирсэн зүйлийг давтан хэлэхэд, зохистой мөн чадвартай залуу хөвгүүн бүр номлолд үйлчлэхээр бэлтгэх ёстой. Номлолын үйлчлэл нь санваарын үүрэг бөгөөд бидэнд хэмжээлшгүй ихийг өгсөн Их Эзэний өмнө хүлээсэн бидний хариуцлага билээ” (“Бид дахин уулзлаа,” Ensign, 2010 оны 11-р сар, 3–4 эсвэл 2010 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 3–4).

  • Сургаал ба Гэрээ 36:5-д цэдэглэгдсэнээр, санваартнууд томилогдож мөн сайн мэдээг номлохоор илгээгдэхээсээ өмнө юу хийх хэрэгтэй вэ?

  • Залуу эрэгтэй сайн мэдээг номло хэмээх зарлигийг бүрэн дүүрэн хүлээн авдаг гэдгээ Их Эзэнд хэрхэн харуулж чадах вэ?

  • Сайн мэдээг номло хэмээх зарлигийг хүлээн авсан хэнийг та нар мэддэг вэ? Энэ хүний үлгэр жишээ та нарт хэрхэн нөлөөлсөн бэ?

Бүрэн цагийн номлолын үйлчлэл нь санваарын үүрэг хэдий ч, залуу эмэгтэйчүүд бас үйлчилж болно гэдгийг та тайлбарлаж болно. Ерөнхийлөгч Томас С.Монсон

Зураг
Ерөнхийлөгч Томас С.Монсон

“Залуу эгч нарт хандан хэлэхэд: Залуу эрсийн адил бүрэн цагийн номлолд үйлчлэх санваарын үүрэг хариуцлага та нарт байхгүй ч, та нар бүрэн цагийн номлолд үйлчлэн агуу хувь нэмэр оруулдаг бөгөөд та нарын үйлчлэлийг дуртай хүлээн авна” (“Бид дахин уулзлаа,” 3).

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 36:6-г чимээгүй уншиж, Их Эзэн Өөрийн номлогчдод заа хэмээн зарлигласан үндсэн захиасуудыг олж мэдэхийг хүс. Суралцагчдад “Махан биеэр бузарлагдсан өмсгөл” хэмээх үгсийг ойлгоход нь туслахын тулд эртний Израилд өвчнөөр бузартсан хувцсыг уг өвчин тархахаас сэргийлж шатаадаг байсан гэдгийг тайлбарла. Энэ шүлэгт Их Эзэн өвчнийг нүгэлтэй адилтгасан бөгөөд иймээс бидэнд нүгэлтэй холбоотой юунаас боловч зайлсхийхийг зарлигладаг. (Брүс Р.Макконки, Doctrinal New Testament Commentary, 3 vols. [1965–1973 он], 3:428-ыг үзнэ үү.)

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 36:7-г чанга уншихад урь. Ангийнхныг шүлгийг гүйлгэн харж, санваартнууд ямар байдлаар дуудлагадаа хандах хэрэгтэйг олж мэдэхийг хүс.

  • Санваартан хүн [өөрийнхөө дуудлага]-ыг хэрхэн бүхий л зүрх сэтгэлээрээ дуртайяа хүлээн авч чадах вэ? (Дуудлагат ажилдаа өөрийгөө зориулж, чин сэтгэлээсээ мөн шударгаар үйлчлэх зэрэг хариултууд байж болно.)

Хэрэв та бүрэн цагийн номлолд үйлчилсэн бол сайн мэдээг номлохын тулд дуудлагаа хэрхэн дуртайяа хүлээн авсан туршлагаа хуваалцах талаар бодож үзээрэй.

Сургаал ба Гэрээ 37

Их Эзэн Өөрийн Сүмийг Огайод цугларахыг тушаав

Сидней Ригдон, Эдвард Партриж хоёрыг Огайод Сүмийг сонирхож байх үед Нью-Йорк дахь гэгээнтнүүдийн хавчлага дарамт ихэсч байв. Зарим тохиолдолд Сүмийн удирдагчдын амь насанд заналхийлж, дайснууд нь тэднийг устгахаар нууцаар уулзаж байв (С ба Г 38:13, 28–29-ийг үзнэ үү). 1830 оны 12-р сарын сүүлээр Сидней Ригдон, Эдвард Партриж хоёрыг Нью-Йоркт ирээд хэдхэн долоо хоносны дараа Иосеф Смит нэгэн илчлэлт хүлээн авсан бөгөөд тэр илчлэлтэд Их Эзэн гэгээнтнүүдийг дайснуудаасаа зугтан, Огайо руу нүүхийг зарлигласан.

Гурван суралцагчийг ээлжлэн Сургаал ба Гэрээ 37:2–4-ийг чанга уншихад урь. Ангийнхныг дагуулан харж, Их Эзэн Иосеф Смитийг Огайо руу явахынхаа өмнө ямар бэлтгэлүүд хийхийг хүссэнийг олж мэдэхийг хүс. Суралцагчдаас олж мэдсэнээ тайлагнахыг хүс.

  • Их Эзэн яагаад Иосеф Смитэд Колесвилл дэх гэгээнтнүүд рүү явахыг зарлигласан бэ?

  • Бид эдгээр шүлгээс залбирлын талаар ямар зарчмууд сурч чадах вэ? (Суралцагчид өөр өөр үг хэрэглэж болох ч дараах зарчмыг олж тодорхойлж байгаа эсэхийг бататга. Хэрэв бид итгэлтэй залбирвал Их Эзэн бидний залбирлуудад хариулах болно. Их Эзэн ихэвчлэн хүмүүсийг ашиглаж бидний залбирлуудад хариулдаг.)

  • Хэн нэгэн хүн таны залбирлын хариулт болж байсан уу?

Сүнсний өдөөлтийн дагуу энэ хичээл дээр яригдаж буй сургаал болон зарчмуудын талаарх гэрчлэлээ хуваалц. Суралцагчдыг эдгээр илчлэлтийн талаар суралцаж байхдаа мэдэрсэн зүйлүүдийнхээ дагуу үйлдэхэд урь.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Сургаал ба Гэрээ 36. Эдвард Партриж

Эдвард Партриж сэргээгдсэн сайн мэдээг 1830 оны 10-р сарын үед, леменчүүд рүү явж байсан номлогчдыг Миссури явах замдаа Огайогийн Көртландад түр зогсоод байхад нь анх сонссон (С ба Г 28:8; 32:2–3-ыг үзнэ үү). Гэсэн хэдий ч, тэр баптисм хүртэлгүй бараг хоёр сар болсон байна. Бошиглогчийн ээж Люси Мак Смит, Эдвард Партрижийн баптисм хүртэх шийдвэрийн талаар дараах зүйлийг бичсэн байдаг: “Тэр оны [1830] арван хоёрдугаар сард Иосеф манай гэрт нэг цуглааныг явуулж байв. Түүнийг номлож байхад Сидней Ригдон, Эдвард Партриж хоёр орж ирж, цугларсан хүмүүсийн дунд суув. Иосеф яриагаа дуусгаад, ярих хүсэлтэй хүн бүрд үг хэлэх боломж олгов. Энэ үеэр ноён Партриж босож зогсон, бидний номлож байсан сургаалын талаар илүү их мэдээлэл олж авах зорилготойгоор Манчестерт очсон боловч биднийг ололгүй харин хөршүүдээс маань бидний хүн чанарын талаар асуусан бөгөөд Иосеф Мормоны Номын талаар биднийг [тэднийг] хуурах хүртэл тэд маргахын аргагүй сайн хүмүүс байсан гэж тэд хэлсэн гэв. Тэр бас манай фермийн дундуур явж, эмх цэгц болон аж үйлдвэрлэлийг ажиглажээ. Тэр бидний итгэлийнхээ төлөө гаргасан золиослолыг харсан учраас, бидний үнэн байдал нь шашнаас маань өөр ямар ч зүйл дээр эргэлзээ төрүүлж байгаагүйг сонссон учраас бидний гэрчлэлд итгэж мөн ‘хэрэв Иосеф ах надад баптисм хүртээх юм бол’ баптисм хүртэхэд бэлэн болсон гэж хэлсэн юм (History of Joseph Smith by His Mother, хянсан Прэстон Нибли [1958 он], 191–192). Иосеф Смит Эдвард Партрижид 1830 оны 12-р сарын 11-нд баптисм хүртээсэн байна.

Эдвард Партриж хожим нь Сүмийн анхны бишоп болж, Миссурид ихээхэн хавчлага, дарамтыг туулсан. Тэр 1840 онд Иллиной мужийн Наувуд 47 настай байхдаа Сүмийн итгэлтэй гишүүн хэвээр нас барсан. (Эдвард Партрижийн талаар дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл Сургаал ба Гэрээ 36:1–7; 41:9–11; 42:10; 50:39; 51:1–4, 18; 52:24; 57:7; 58:14–16, 24–25, 61–62; 60:10; 64:17; 124:19; мөн Church History in the Fulness of Times Student Manual, 2 дахь хэвлэл, [Сүмийн Боловсролын Системийн гарын авлага, 2003], 82; Сургаал ба Гэрээ суралцагчийн гарын авлага, 2 дахь хэвлэл, [Cүмийн Боловсролын Системийн гарын авлага, 2001 он], 72-ыг үзнэ үү.)

Сургаал ба Гэрээ 36:4–8. Залуу эрэгтэй бүр номлолд үйлчлэх хэрэгтэй

Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон заахдаа:

Зураг
Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон

“Залуу эрэгтэй бүр номлолд үйлчлэх хэрэгтэй юү? гэсэн асуултыг байнга тавьдаг. Энэ асуултад Их Эзэн хариулсан. Энэ бол тийм гэсэн хариулт юм. Залуу эрэгтэй бүр номлолд үйлчлэх хэрэгтэй.

Залуу эрэгтэй бүр номлолд үйлчлэх хэрэгтэй хэдий ч, залуу эрэгтэй бүр бие махбод, сэтгэл санаа эсвэл ёс суртахууны хувьд бэлтгэгдээгүй байдгийг бид ойлгодог. Үүний үр дүнд зарим нь номлогч байх боломжоо алдаж болно. Гэхдээ бүгд Их Эзэнд үйлчлэхэд зохистой байж, явахад бэлтгэх хэрэгтэй” гэж заав (“Our Commission to Take the Gospel to All the World,” Ensign, 1984 оны 5-р сар, 45).

Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл:

Зураг
Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл

“Номлолын хөтөлбөр зайлшгүй шаардлагатай юу? гэж байнга асуудаг. Хариулт нь мэдээж үгүй. Хүн бүрд чөлөөт сонголт өгөгдсөн. Залуу эрэгтэй бүр номлол хийх хэрэгтэй юү? гэж асуудаг. Сүмийн хариулт нь тийм гэсэн хариулт бөгөөд Их Эзэний хариулт бас тийм байдаг. Энэ хариултыг бид тодруулан: Мэдээж Сүмийн эрэгтэй гишүүн бүр аравны нэгээ төлөх хэрэгтэй байдаг шиг, цуглаанууддаа оролцох хэрэгтэй байдаг шиг, амьдралаа дэлхийн бузар муугаас цэвэр мөн ангид байлгах хэрэгтэй байдаг шиг, мөн Их Эзэний ариун сүмд селестиел гэрлэлтийг төлөвлөх хэрэгтэй байдаг шиг номлолд явах хэрэгтэй байдаг” гэж заав (“Planning for a Full and Abundant Life,” Ensign, 1974 оны 5-р сар, 87).

Сургаал ба Гэрээ 36:4–8. Номлогч эгч нар

Их Эзэн Өөрийн Сүмийн бүх гишүүнийг сайн мэдээ номлохыг зарлигладаг. Зарим эмэгтэй, хэдийгээр тэд залуу эрэгтэйчүүдтэй адил үүрэг хүлээдэггүй ч бүрэн цагийн номлолд үйлчлэн, энэ зарлигийг хүлээн авдаг.

Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон:

Зураг
Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон

“Залуу эмэгтэйчүүд ээ, та нарт бас бүрэн цагийн номлолд үйлчлэх боломж байгаа шүү гэдгийг санаарай. … Бидний хамгийн сайн номлогчдын зарим нь залуу эгч нар байдаг” гэж хэлсэн (“To the Young Women of the Church,” Ensign, 1986 оны 11-р сар, 83).

Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли хэлэхдээ:

Зураг
Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли

“Бидэнд залуу эмэгтэйчүүд хэрэгтэй байна. Тэд гайхалтай ажлыг хийдэг. Тэд ахлагчдын орж чаддаггүй гэр оронд орж чаддаг.

… Тэргүүн Зөвлөл болон Арван хоёрын чуулга залуу эгч нарт номлолд явах үүрэг хүлээгээгүй гэдгийг нэгэн дуугаар хэлдэг. Би хэлэхийг хүсэж буй зүйлээ хэн нэгнийг гомдоолгүйгээр хэлж чадах байх гэж найдаж байна. Залуу эмэгтэйчүүд, залуу эрэгтэйчүүдийнхтэй харьцуулахуйц үүрэг хүлээсэн гэж бодох хэрэггүй. Тэдний зарим нь номлолд явахыг маш ихээр хүсэх болно. Хэрэв тийм бол тэд бишоп болон эцэг эхтэйгээ зөвлөлдөх хэрэгтэй” гэж заасан (“Some Thoughts on Temples, Retention of Converts, and Missionary Service,” Ensign, 1997 оны 11-р сар, 52).

Сургаал ба Гэрээ 36:6. “Зөрүүд үеийнхэн” гэж юу вэ?

Зөрүүд гэдэг үг нь дуулгаваргүй, удирдахад хэцүү гэсэн утгатай. Тиймээс, зөрүүд хүмүүс нь Их Эзэнд амьдралаа нийцүүлдэггүй, дуулгаваргүй, тэрслүү хүмүүс юм. Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит хожмын үеийн хүмүүсийг “Энэ бол сүнсний харанхуйд амьдарч буй зөрүүд үеийнхэн” гэж хэлсэн (Church History and Modern Revelation, 2-р боть [1953 он], 1:163). Энэ хэллэг нь бас Үйлс 2:40 дээр байдаг. (Сургаал ба Гэрээ суралцагчийн гарын авлага, 2 дахь хэвлэл [Сүмийн Боловсролын Системийн гарын авлага, 2001 он], 73-ыг үзнэ үү.)

Сургаал ба Гэрээ 36:6. “Махан биеэр бузарлагдсан өмсгөлийг хүртэл жигшин галаас урагш гарч ирэгтүн” гэсэн нь юу гэсэн утгатай үг вэ?

Сургаал ба Гэрээ 36:6 дахь Их Эзэний үгстэй адилхан үгсийг агуулсан Иуда 1:23-ын талаар Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконки бичихдээ: “Эртний Израилд өвчин тархахаас сэргийлэхийн тулд халдварт өвчнөөр бузарлагдсан хувцсыг шатааж устгадаг байв. (Лев. 13:47–59; 15:4–17.) Тиймээс Сүм дэх гэгээнтнүүд нүглээс хамгийн хол байж, зайлсхийх ёстой ба нүгэлтнүүдийн хувцас гэгдэх нь галаар шатаагдах ёстой мөн энэ нь ёс бусын бохирдолд хүрсэн юуг ч байсан зайлуулах ёстой гэсэн утгатай. Хаант улсад нэгдэхээр уригддаг дэлхий дээр байгаа тэдний хувьд ч ийм байх болно” гэж бичсэн байна (Doctrinal New Testament Commentary, 3-р боть [1965–1973], 3:428). (Сургаал ба Гэрээ суралцагчийн гарын авлага, 2 дахь хэвлэл [Сүмийн Боловсролын Системийн гарын авлага, 2001 он], 73-ыг үзнэ үү.)

Сургаал ба Гэрээ 37:1. “Дахиад орчуулах нь … зүйтэй бус”

Сургаал ба Гэрээ 37:1 нь Иосеф Смитийн Библийн орчуулгын талаар өгүүлж байна. Бошиглогч Иосеф, Мормоны Номын орчуулгыг дуусгачихсан байв. Библи дээр ажиллаж байсан түүний ажил чухал байсан ч “дайсны улмаас” Огайо руу нүүх нь илүү чухалд тооцогдож байв (С ба Г 37:1). Тэрээр хожим нь Огайод байхдаа Библийг хянан засварлах ажлаа үргэлжлүүлсэн. (Сургаал ба Гэрээ суралцагчийн гарын авлага, 2 дахь хэвлэл [Сүмийн Боловсролын Системийн гарын авлага, 2001 он], 74-ийг үзнэ үү.)

Сургаал ба Гэрээ 37:3. Оливер Каудерийг эргэж ирэх хүртэл Огайод цуглар

Оливер Каудери 1830 оны 10-р сарын дунд үеэс хойш номлогчоор үйлчилсэн (С ба Г 30:5–6; 32:2-ыг үзнэ үү). Энэ номлол нь түүнийг болон түүний хамтрагчдыг Нью-Йорк, Индиана, Иллиной болон Огайогаар дамжин Миссури хүртэл 1400 миль (2200 км)-ийн аялал хийхэд хүргэсэн бөгөөд тэнд тэд баруун Миссуригийн зах хязгаарт амьдарч байсан уугуул америкчуудад номлосон бөгөөд Ариун Сүм болон Шинэ Иерусалимыг барих газрыг тогтоосон ( “Covenant of Oliver Cowdery and Others, 17 October 1830,” in Documents, Volume 1: July 1828–June 1831, vol. 1 of the Documents series of The Joseph Smith Papers [2013 он], 202–205-ыг үзнэ үү). Гэгээнтнүүд Огайо руу нүүж, Оливер Каудерийн буцаж ирэхийг хүлээх зарлиг хүлээн авав. Огайо руу нүүсэн энэ нүүдэл нь Сионыг байгуулах талаар цаашдын зааврыг хүлээн авах бэлтгэл байв (С ба Г 38:31–33-ыг үзнэ үү). Эцэст нь, Оливер Каудери эргэж ирээгүй ч өөрийнхөө оронд Парлей П.Праттыг явуулсан. (Сургаал ба Гэрээ суралцагчийн гарын авлага, 2 дахь хэвлэл [Сүмийн Боловсролын Системийн гарын авлага, 2001 он], 74-ийг үзнэ үү.)