Семинар
138-р хичээл: Сургаал ба Гэрээ 131


138-р хичээл

Сургаал ба Гэрээ 131

Оршил

Сургаал ба Гэрээ 131-д 1843 оны 5-р сарын 16–17-нд Иллинойгийн Рамуст бошиглогч Иосеф Смитийн заасан зарчмуудын эмхэтгэл агуулагддаг. Тэрээр гэрлэлтийн шинэ бөгөөд үүрдийн гэрээ болон итгэлтэй хүмүүст ирэх мөнх амьдралын адислалын талаар заажээ. Мөн тэрээр бүх сүнс матери мөн гэж заав.

Заах зөвлөмж

Сургаал ба Гэрээ 131:1–4

Иосеф Смит мөнхийн гэрлэлтийн гэрээний ач холбогдлын талаар заав

Суралцагчдад энгийн кодтой цоожийг үзүүл. Та хайрцагны тагийг цоожлохдоо үүнийг ашиглах талаар бодож үз. Хэрэв танд цоож байхгүй бол самбар дээр зур. Нэг эрэгтэй, нэг эмэгтэй суралцагчийг самбарын өмнө гарч ирэхэд урь. Нэг суралцагчид кодын эхний хэсгийг бичсэн цаасыг өг. Өөр нэг суралцагчид кодын сүүлийн хэсэг бичигдсэн цаасыг өг. Хэрэв та ангид цоож авчирсан бол суралцагчдын аль нэгнээс нь нөгөө суралцагчийнхаа тусламжгүйгээр цоожийг нээхийг хүс. Дараа нь хамтдаа цоожийг нээхийг хүс.

Зураг
кодтой цоож

Дараах асуултыг самбар дээр бич (эсвэл хоёр суралцагчийн онгойлгох хайрцган доторх цаасан дээр бич): Хэрэв цоож селестиел хаант улсын хамгийн дээд зэрэглэлд орох хаалгыг төлөөлж байгаа бол цоожны код юуг төлөөлж байна вэ? Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 131-ийг судлангаа энэ асуултын хариултыг олж мэдэхийг хүс.

1843 оны 5-р сарын 16-нд бошиглогч Иосеф Смит Иллинойн Рамус руу аялсан гэдгийг тайлбарла. Тэрээр Бэнжамин болон Мэлисса Жонсон нарын гэрт байрлаж байхдаа эхнэр, нөхрийн хувьд мөнхөд холбогдох тэдний лацдан холболтыг гүйцэтгэсэн байна. Мөн тэрээр мөнхийн гэрлэлт нь хэрхэн селестиел хаант улстай холбогддогийг заажээ. Эдгээр үнэн нь Сургаал ба Гэрээ 131:1–4-т цэдэглэгдсэн байдаг. (History of the Church, 5:391–392-ыг үзнэ үү.)

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 131:1-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, бошиглогчийн селестиел хаант улсын талаар илчилсэн үнэнийг олж мэдэхийг хүс.

  • Иосеф Смит селестиел хаант улсын талаар юуг илчилсэн бэ?

Бид ихэвчлэн селестиел хаант улс дахь алдар суугийн хамгийн дээр зэрэглэлийг хүлээн авахыг өргөмжлөл буюу мөнх амьдрал гэж хэлдэг гэдгийг тайлбарла. Өргөмжлөл гэдэг үгийг самбар дээр бич. Селестиел алдар суугийн энэ зэрэглэлийг хүлээн авах хүмүүс Тэнгэрлэг Эцэгтэй адил амьдрах болно гэдгийг тайлбарла.

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 131:2–4-ийг чанга уншихад уриад, ангийнхнаас бид селестиел хаант улсын хамгийн дээд зэрэглэлийг хүлээн авахын тулд юу хийх ёстойг олж мэдэхийг хүс.

  • Бид селестиел хаант улсын хамгийн дээд зэрэглэлийг хүлээн авахын тулд юу хийх хэрэгтэй вэ? (Суралцагчид дараах сургаалыг олж тогтоох ёстой. Бид селестиел хаант улсын хамгийн дээд зэрэглэлийг хүлээн авахын тулд гэрлэлтийн шинэ бөгөөд үүрдийн гэрээнд орох ёстой.)

  • 4-р шүлэг дэх хэрэв бид ариун сүмд зохих эрх мэдлээр лацдан холбогдохгүй бол “өсөн нэмэгдэж үл чадна” гэдэг нь юу гэсэн үг гэж та нар бодож байна вэ? (Суралцагчдад энэ шүлгийг ойлгоход нь туслахын тулд та өсөн нэмэгдэх гэдэг нь селестиел хаант улсад үргэлжлүүлэн хүүхэдтэй болох боломж гэдгийг тайлбарлаж болно.)

Суралцагчдад “гэрлэлтийн шинэ бөгөөд үүрдийн гэрээ” гэдэг хэллэгийг ойлгоход туслахын тулд энэ нөхцөлд шинэ гэдэг үг нь бидний эрин үед энэ гэрээ шинээр сэргээгдсэн гэсэн утгатайг хэл. Үүрдийн гэдэг нь энэхүү чухал гэрээ нь мөнхөд байх болно гэсэн үг юм. Бид ариун сүмд л селестиел гэрлэлтийн энэхүү гэрээнд ордог гэдгийг суралцагчдад сануул.)

  • Эрэгтэй, эмэгтэй хүний хоорондох селестиел гэрлэлт нь ямар арга замуудаар тэднийг өргөмжлөлд бэлтгэдэг гэж та нар бодож байна вэ?

Нэг суралцагчийг Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднарын дараах үгийг чанга уншихад урь. Ангийнхнаас гэрлэлт нь хэрхэн биднийг мөнх амьдралд бэлтгэхэд тусалдгийг сонсохыг хүс.

Зураг
Ахлагч Дэвид А.Бэднар

“Бидэнд Эцэгийн төлөвлөгөөнд мөнхийн гэрлэлт яагаад чухлыг ойлгоход тусалдаг хоёр хүчирхэг шалтгаан бий.

1-р шалтгаан: Эрэгтэй, эмэгтэй сүнснүүдийн мөн чанар нь бие биенээ гүйцээдэг бөгөөд төгс болгодог юм, мөн тиймээс эрэгтэй, эмэгтэй хүмүүс өргөмжлөл өөд хамтдаа дэвшихээр зориулагдсан байдаг. …

Тэнгэрлэг загвараар эрэгтэй, эмэгтэй хүн нь төгс төгөлдөр ба алдар суугийн бүрэн байдал руу хамтдаа өсөж хөгжихөөр төлөвлөсөн байдаг. Эрэгтэй, эмэгтэй хүн нь өвөрмөц ялгаатай зан ааш, авьяас чадварынхаа ачаар гэрлэлтийн харилцаандаа хосгүй онцгой төлөв, туршлагуудыг авчирдаг. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс энэ нэгдэлд өөр өөр байдлаар, адил тэгш эрхтэйгээр хувь нэмэр оруулдаг бөгөөд нэгдмэл байдлыг үүнээс өөр байдлаар бий болгох боломжгүй юм. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс бие биенээсээ суралцаж мөн бие биенээ хүчирхэгжүүлж, адисалснаар эрэгтэй хүн эмэгтэй хүнийг гүйцээж, төгс болгон мөн эмэгтэй хүн эрэгтэй хүнийг гүйцээж, төгс болгодог. …

2-р шалтгаан: Тэнгэрлэг загвараар хүүхдүүдийг мөнх бус байдалд авчрахад, хүүхдүүдээ өсгөж, хүмүүжүүлэх хамгийн сайн нөхцөл байдлыг бүрдүүлэхэд эрэгтэй, эмэгтэй хүн хоёулаа хэрэгтэй” (“Marriage Is Essential to His Eternal Plan,” Ensign, 2006 оны 6-р сар, 83–84; тод болон налуу үсгийг оруулаагүй болно).

  • Ахлагч Бэднарын хэлснээр эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондох гэрлэлт яагаад бидний өргөмжлөлд шаардлагатай байдаг вэ?

  • Селестиел гэрлэлт нь өргөмжлөлд чухал байдаг хэмээх сургаалыг ойлгох нь ирээдүйн хань ижлээ ямар байгаасай гэж хүсэхэд тань хэрхэн нөлөөлөх вэ?

  • Та нарын насанд яагаад ариун сүмд мөнхөд гэрлэхэд бэлтгэхийг эн тэргүүн тавих нь чухал байдаг вэ?

Та энэ амьдралд селестиел гэрлэлтийг хүртэх боломжгүй байсан хүмүүст өргөмжлөлийн адислалууд боломжтой байх болно гэдгийг тайлбарлаж болно. Нэг суралцагчийг Итгэлдээ үнэнч байх нь товхимол дээрх дараах өгүүлбэрийг чанга уншихад урь.

“Сүмийн зарим гишүүн хэдийгээр гэрлэхийг хүсэж байгаа ч мөн өөрсдийнх нь буруугаас биш ч ганц бие хэвээр үлддэг. Хэрэв та ийм нөхцөлд байгаа бол, ‘Бурханыг хайрладаг тэдний сайн сайхны төлөө бүх юмыг хамтдаа ажиллуулна’ (Ром 8:28) гэдгийг сана. Хэрэв та зохистой хэвээр байх аваас хэзээ нэгэн өдөр танд энэ амьдралд эсвэл дараачийн амьдралд мөнхийн гэр бүлийн харилцааны бүх адислал өгөгдөх болно” (Итгэлдээ үнэнч байх нь: Судрын заалт [2004], 76).

  • Баптисмын гэрээнүүдээ сахих нь одоо ариун сүмийн адислалуудыг хүлээн авахад бэлтгэхэд тань хэрхэн туслах вэ? Залуу эрэгтэй, эмэгтэйчүүд ариун сүм дэх селестиел гэрлэлтийг эн тэргүүнд тавихын тулд одоо юу хийж болох вэ? (Та суралцагчдын хариултыг самбар дээр бичиж болно.)

Суралцагчдыг ариун сүмд мөнхөд гэрлэхийг эн тэргүүнд тавихад урамшуулан дэмж. Селестиел гэрлэлтээс ирдэг адислалуудын талаар гэрчил.

Сургаал ба Гэрээ 131:5–6

Бошиглогч “бошиглолын илүү баттай үг”-ийг тайлбарлав

Суралцагчдад цаасан дээр бичсэн баталгаа эсвэл нотолгоог үзүүл.

  • Бидэнд баталгаа байх нь ямар ач тустай байдаг вэ?

  • Тэнгэрлэг Эцэгээс ирэх баталгаа нь яагаад онцгой үнэ цэнтэй байдаг вэ?

1843 оны 5-р сарын 17-ны өглөө Иллинойн Рамуст бошиглогч Иосеф Смит Бурханаас ирэх баталгааг төлөөлөх 2 Петр 1:19 дэх хэсэгт буй номлолыг айлдсан юм (History of the Church, 5:392-ыг үзнэ үү). Суралцагчдыг 2 Петр 1:19-ийг дотроо уншаад, тэр хэсгийг олж мэдэхэд урь. (“Бошиглолын илүү баттай үг”)

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 131:5-ыг дотроо уншаад, “бошиглолын илүү баттай үг” гэдэг хэллэгийн утгыг олж мэдэхэд урь. Тэднээс олж мэдсэнээ тайлагнахыг хүс.

  • 5-р шүлэгт цэдэглэснээр, Тэнгэрлэг Эцэг бошиглолын илүү баттай үгээр дамжуулан хүнд ямар баталгааг өгдөг вэ? (Мөнх амьдрал).

  • Иймэрхүү баталгааг хүлээн авах нь ямар санагдана гэж та бодож байна вэ? Яагаад?

Тэмдэглэл: Бошиглолын илүү баттай үгийг хүлээн авсан байж болох хүмүүсийн тухай таамаглан ярих шаардлагагүй юм. Гэсэн хэдий ч, судруудад мөнх бус байхдаа мөнх амьдралын баталгааг хүлээн авсан зарим хүний тухай өгүүлдэг. Жишээлбэл, Их Эзэн энэхүү баталгааг Иосеф Смитэд (Сургаал ба Гэрээ 132:49-ийг үзнэ үү) мөн Алмад (Мозая 26:20-ийг үзнэ үү) өгсөн байдаг.

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 131:6-г чанга уншихад уриад, ангийнхнаас хэн нэгэнд мөнх амьдралыг хүлээн авахад нь саад болдог зүйлийг олж мэдэхийг хүс.

  • Бошиглогч Иосеф Смит аврагдах хийгээд мөнх амьдралыг хүлээн авах боломжийг юу хүмүүнд олгодог гэж хэлсэн бэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч бид юу ч мэдэхгүйгээр аврагдаж чадахгүй гэдгийг ойлгож байгаа эсэхийг бататгаарай. Та мөн энэ үнэнийг самбар дээр бичиж болно.)

Нэг суралцагчийг Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Марион Ж.Ромнигийн энэ үнэний талаар өгсөн дараах тайлбарыг уншихад урь. Суралцагчдаас мөнх амьдралыг хүлээн авахын тулд бидэнд хэрэгтэй мэдлэгийг сонсохыг хүс.

Зураг
Eрөнхийлөгч Марион Ж.Ромни

“‘Цорын ганц үнэн Бурхан … болон … Есүс Христийг’ (Иохан 17:3) мэдэх нь дэлхий ертөнц дээрх хамгийн чухал мэдлэг юм; Энэ нь бошиглогч Иосеф Смитийн хэлснээр уг мэдлэггүйгээр хэн ч аврагдаж чадахгүй мэдлэг юм. Энэ мэдлэггүй байх нь илчлэлтэд бичигдсэнээр юу ч мэдэхгүй байх явдал юм. ‘Юу ч мэдэхгүйгээр аврагдах нь хүмүүний хувьд боломжгүй бөлгөө.’ (C ба Г 131:6.)” (“Except a Man Be Born Again,” Ensign, 1981 оны 11-р сар, 14).

  • Бид мөнх амьдралыг хүлээн авахын тулд ямар мэдлэгтэй байх ёстой вэ? Энэ мэдлэг нь яагаад бидний авралд зайлшгүй чухал гэж та нар бодож байна вэ?

  • Та нар Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христийг илүү сайн мэдэхийн тулд юу хийж чадах вэ?

Сургаал ба Гэрээ 131:7–8

Иосеф Смит бүх сүнс матери мөн гэж заав

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 131:7–8-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, сүнс юунаас бүрддэгийг олж мэдэхийг хүс.

  • Та эдгээр шүлгээс юу сурч байна вэ? (Бүх бүтээл материас бүрддэг боловч сүнсний матери нь “илүү нарийн, эсвээс цэвэр” байдаг.)

Сургаал ба Гэрээ 131 дээр ярилцсан зарчмуудын тухай гэрчилж, суралцагчдыг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христтэй илүү адилхан болохын тулд Тэдний талаарх мэдлэгээ дээшлүүлэхэд урамшуулан дэмж.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Сургаал ба Гэрээ 131:1–4. “Гэрлэлтийн шинэ бөгөөд үүрдийн гэрээ”

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконки селестиел гэрлэлт болон хэн нэгнийг дуудан, сонгосныг нь бататгах хоёрын хоорондох уялдаа холбоог тайлбарлажээ.

Зураг
Ахлагч Брүс Р.Макконки

“Баптисмын адил селестиел гэрлэлт нь наманчлагч хүмүүст хаалга нээж, тэдний мөнх амьдралд хүргэх аяллыг эхлүүлдэг. Энэхүү гэрлэлтийн ариун нандин жаяг нь селестиел өргөмжлөлд хүргэх хаалгыг нээж өгдөг. …

Ариун санваарын хүч, эрх мэдлээр мөн Елиагаар сэргээгдсэн лацдан холбох хүчний ариун журмаар холбогдсон мөн ариун сүмд гэрлэсэн хүмүүст алдар суугийн өв, хүндэтгэл, хүч ба Бурханы хаант улс дахь эзэмшил амлагдсан байдаг. Гэсэн хэдий ч яг л баптисмтай адил бүх амлалт нөхцөлтэй байдаг; тэдгээр нөхцөл нь лацдан холбогдсон хосын итгэл дээр суурилсан гэж тов тодорхой хэлэгдсэн байдаг. Хэрэв тэд селестиел гэрлэлтийн дараа зарлигуудыг дагах аваас тэдний нэгдмэл байдал ирэх амьдралд үргэлжлэх болно; хэрэв тэд хувийн зөв шударга байдлын жишгийг дагахгүй бол тэдний гэрлэлт тэднийг нас барахад хүчингүй болж, тэд ганц бие, тусгаарлагдсан байдалд тавигдах болно.

… Хэн нэгнийг дуудан, сонгосныг бататгах гэдэг нь мөнх амьдралын баталгааг хүлээн авах гэсэн үг юм. Их Эзэнд дэлхий дээр селестиел гэрлэлт болон (хэн нэгнийг дуудан, сонгосныг бататгах гэсэн утгатай) мөнх амьдралд лацдагдах сургаалыг нэг илчлэлтээр өгөх нь энгийн зүйл байсан. Үнэндээ нэг нь бусдынхаа шууд үр дагавар юм. Мөнхийн гэрлэлт нь мөнх амьдралын нөхцөлтэй амлалт ба хэн нэгнийг дуудан, сонгосныг бататгах нь нөхцөлгүй амлалт юм. …

… Бид зөвхөн селестиел гэрлэлтийн нөхцөлтэй үндэслэлээр дуудагдаж мөн сонгогдсон баталгааг хүлээн авахаар амьдрах ёстой. Баптисм ба селестиел гэрлэлттэй л адил бид эдгээр гэрээний нэг хэсэг болох мөнх амьдралын гайхамшигт амлалтыг хүлээн авсныхаа дараа дуудагдан, сонгогдсон баталгааг хүлээн авах хүртлээ зөв шударга байдалд урагш тэмүүлэх ёстой” (Doctrinal New Testament Commentary, 3-р боть [1965–1973], 3:331, 332, 333).

Сургаал ба Гэрээ 131:5. “Бошиглолын илүү баттай үг”

“Бошиглолын илүү баттай үг гэсний утга нь тэрээр Ариун санваарын хүчээр дамжуулан илчлэлтээр мөн бошиглолын сүнсээр мөнх амьдралд лацдагдахыг хүн мэдэх нь болой” (С ба Г 131:5). Энэ адислалыг мөн хэн нэгнийг “дуудан, сонгосныг бататгах” (2 Петр 1:10) гэж дурдсан байдаг.

Христийн зөв шударга дагалдагчид мөнх амьдралын баталгааг олж авдаг сонгогдогсдын дунд тоологдож болно. Энэ дуудлага ба сонгууль нь наманчлал болон баптисмаар эхэлдэг. Энэ нь тэд ‘урагш тэмүүлэн, Христийн үгнээс зооглон, мөн эцсээ хүртэл тэвчих’ (2 Ни. 31:19–20) үед бүрэн дүүрэн болдог. Судрууд энэ явцыг дуудлага ба сонгогдсоноо баттай болгох хэмээн нэрлэдэг (2 Пет. 1:4–11; С ба Г 131:5–6)” (Судруудын удирдамж, “Дуудлага ба сонгогдогсод,” scriptures.lds.org).

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконки ийн тайлбарлажээ.

Зураг
Ахлагч Брүс Р.Макконки

“Өөрсдийгөө зөв шударга байдалд бүрэн зориулдаг, Бурханы амнаас урагш гардаг үг бүрээр амьдардаг хүмүүс өөрсдийнхөө дуудагдан, сонгогдсоныг бататгадаг. Тийн тэд бошиглолын илүү баттай үгийг хүлээж авдаг ба энэ нь Их Эзэн тэдний өргөмжлөлийг энэ амьдралд байхад нь лацадна гэсэн үг юм. Петр дуудагдан, сонгогдсоноо баттай болгохын тулд гэгээнтнүүдийн явах ёстой зөв шударгын замыг нэгтгэн дүгнээд, дараа нь (Хувиралтын уулан дээр Иаков, Иохантай хамт хүлээн авсан туршлагын талаар) эдгээр гурван хүн бошиглолын илүү баттай үгийг хүлээж авсан гэжээ. (2 Пет. 1.)

Иосеф Смит ийн заажээ. ‘Хүмүүн нь Христэд итгэдэг болж, нүглээ наманчлан, нүглийнхээ уучлалын төлөө баптисм хүртэж, эхний Тайтгаруулагч болох Ариун Сүнсийг (гар тавилтаар) хүлээн авсны дараа зөв шударга байдлын төлөө өлсөж, цанган, Бурханы өмнө өөрийгөө цаашид даруусгаж, Бурханы үг бүрээр амьдрах юм бол Их Эзэн удалгүй түүнд, Хүү минь, чи өргөмжлөгдөх болно гэж хэлнэ. Их Эзэн түүнийг тал бүрээс нь шалган, тэр хүн бүхий л хичээл зүтгэлээр Түүнд үйлчлэхэд шийдвэр төгс байгааг мэдсэн үед тэр хүн өөрийнх нь дуудагдан мөн сонгогдсон нь баттай болсныг мэдэх болно. Ийн өөр Тайтгаруулагчийг хүлээн авах эсэх нь түүний эрх болдог.’ Тайтгаруулагчийг хүлээн авна гэдэг нь Христ түүнд үзэгдэж, тэрээр мөнхийн зүйлсийг харна гэсэн үг юм. [Teachings of the Prophet Joseph Smith, sel. Joseph Fielding Smith [1976], 149–151; налуу үсгийг нэмсэн болно].

Бошиглогч мөн ‘Бошиглолын илүү баттай үг гэсний утга нь тэрээр Ариун санваарын хүчээр дамжуулан илчлэлтээр мөн бошиглолын сүнсээр мөнх амьдралд лацдагдахыг хүн мэдэх нь болой’ гэж хэлжээ. (С ба Г. 131:5.) Их Эзэний ихээр таалсан тэдгээр хүмүүс Ариун Сүнсийг үгүйсгэх, гэмгүй цусыг урсгахаас бусад бүх нүглийн эсрэг лацдагддаг. Энэ нь тэдний өргөмжлөл баталгаатай болсон гэсэн үг юм. Тэд Бурханы хуулийн бүрэн байдлыг дагаж, дэлхийг ялсан учраас дуудагдан, сонгогдсон нь бататгагдсан байдаг. …

… Бошиглогч үүнийг өөрийн дээр лацадсан. Тэрээр ирэх дэлхийд бурханлаг байдлыг хүлээн авна гэдгээ ‘илчлэлтээр, бошиглолын сүнсээр, Ариун Санваарын хүчээр’ мэдсэн юм. Бурхан түүнд: ‘Учир нь бибээр Их Эзэн чиний Бурхан билээ, бас бүр дэлхийн төгсгөл хүртэл бүх үүрд мөнхөөр дамжин чамтай хамт байх болно, учир нь өргөмжлөлийг чинь би чам дээр үнэнээр лацдан мөн чамд зориулж, эцэг Абрахамын чинь хамт Эцэгийнхээ хаант улсад хаан сэнтийг бэлтгэх бөлгөө’ хэмээн хэлжээ. (С ба Г 132:49; налуу бичилт нэмэгдсэн.)

Эдгээр дээд адислал нь селестиел гэрлэлтийн нэг хэсэг биш гэдэг нь тодорхой ойлгогдох ёстой. ‘Хосуудад амлагдсан селестиел гэрлэлттэй холбоотой адислалууд нь гэрлэсэн хосын итгэлтэй байдлыг шаарддаг нөхцөлтэй байдаг.’ (Doctrines of Salvation, vol. 2, pp. 46–47.)” (Mormon Doctrine, 2 дахь хэвлэл [1966], 109–110).

Сургаал ба Гэрээ 131:6. “Юу ч мэдэхгүйгээр аврагдах нь хүмүүний хувьд боломжгүй бөлгөө.”

1844 оны 4-р сарын 7-нд бошиглогч Иосеф Смит найз Кинг Фоллэтийн оршуулах ёслол дээр номлол айлджээ. Тэрээр номлолдоо мэдлэгийн үнэ цэнийн талаар заасан.

Зураг
Бошиглогч Иосеф Смит

“Мэдлэг хүнийг авардаг; сүнснүүдийн дэлхийд мэдлэггүйгээр хэн ч өргөмжлөгдөхгүй. Зарлигуудад анхаарал хандуулдаггүй хүн авралгүйгээр үлдэх болно. Хэрэв хүн мэдлэгтэй бол аврагдаж чадна” (“The King Follett Sermon,” Ensign, 1971 оны 5-р сар, 15).