Семинар
76-р хичээл: Сургаал ба Гэрээ 72–74


76-р хичээл

Сургаал ба Гэрээ 72–74

Оршил

Сүм Миссури руу өсөн тэлж мөн бишоп Эдвард Партриж тэнд очсоноос болж Огайод өөр нэг бишоп дуудагдах хэрэгцээ гарч иржээ. 1831 оны 12-р сарын 4-нд бошиглогч Иосеф Смит гурван илчлэлт хүлээн авсан ба тэдгээр нь Сургаал ба Гэрээ 72-т нэгтгэгдсэн. Эдгээр илчлэлтээр Ньюел К.Витнейг Огайод шинэ бишопоор дуудах ёстойг, бишоп Витнейн зарим үүргийг илчилж мөн Сионд цугларах талаар зааврууд өгсөн байна. Сургаал ба Гэрээ 73-т цэдэглэгдсэн илчлэлт нь 1832 оны 1-р сард өгөгдсөн бөгөөд Иосеф Смит, Сидней Ригдон хоёрт Библийн орчуулгын ажлыг дахин эхлүүлэх талаар Их Эзэний өгсөн удирдамжийг агуулдаг. Сургаал ба Гэрээ 74-т цэдэглэгдсэн илчлэлт нь 1830 онд буюу Сүм сэргээгдэхээс өмнө иржээ. Энэ нь тухайн үед нялх хүүхдийн баптисмыг зөвтгөхийн тулд зарим хүмүүсийн хэрэглэж байсан судар болох 1 Коринт 7:14-ийн талаар Их Эзэний өгсөн тайлбарыг агуулдаг.

Заах зөвлөмж

Сургаал ба Гэрээ 72:1–8

Их Эзэн Ньюел К.Витнейг Огайо дахь бишопоор дуудав

Суралцагчдаас Сүмийн ямар дуудлагыг хамгийн хүнд гэж боддогийг нь асуу.

  • Та нар өмнө нь дуудлага хүлээн авахыг эсвэл та нараас Сүмд ямар нэгэн хэцүү зүйлийг хийхийг асуухад сүрдэж эсвэл өөрсдийгөө үүнийг хийх чадваргүй гэж бодож байсан уу? Хэрэв тийм бол яагаад?

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 72:1–2-ыг дотроо уншаад мөн Сүмд дуудагдах ёстой байсан дуудлагыг олж тогтоохыг хүс. (“Их Эзэний талбайн энэ хэсэгт” гэдэг хэллэг нь Огайог хэлж байгаа гэдгийг та тайлбарлах хэрэгтэй байж болно.)

  • Огайод ямар дуудлага хэрэгтэй байсан бэ?

Суралцагчдад Огайод яагаад шинэ бишоп хэрэгтэй байсныг ойлгоход нь туслахын тулд тэднээс Сүмийн анхны бишопоор хэн дуудагдсаныг санахыг хүс (Эдвард Партриж; С ба Г 41:9-ийг үзнэ үү). Сүм Миссури руу өргөжин тэлж, бишоп Партрижийг Индепенденст (Көртландаас 1600 орчим км зайтай) шилжүүлсэн учир Огайод шинэ бишоп хэрэгтэй хэмээн Их Эзэн тунхагласан. Цөөн суралцагчийг ээлжлэн Сургаал ба Гэрээ 72:3–6-г чанга уншихад урь. Ангийнхнаас дагаж уншаад мөн Огайо дахь гэгээнтнүүдэд яагаад бишоп хэрэгтэй байсныг тайлбарласан хэллэгийг хайж олохыг хүс.

  • 3 болон 5-р шүлэгт цэдэглэгдсэнээр, Огайо дахь гэгээнтнүүдэд яагаад бишоп хэрэгтэй байсан бэ? (Тэд өөрсдийн ажил үүрэгт бишопын өмнө хариуцлага хүлээж чадах байв.)

  • Энэ нь бид өнөөдөр бишоп эсвэл салбарын ерөнхийлөгчийнхөө өмнө хариуцлага хүлээдэгтэй хэрхэн адилхан байна вэ?

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 72:7–8-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас дагаж уншаад, Огайод хэн шинэ бишопоор дуудагдсаныг мөн түүнийг хэн энэ дуудлагад сонгосныг олж тогтоохыг хүс.

  • Огайо дахь шинэ бишопоор хэн дуудагдсан бэ?

  • Хэн Ньюел К.Витнейг шинэ бишопоор сонгосон бэ?

  • Их Эзэний Сүмд үйлчлэх дуудлагуудын талаар бид 8-р шүлгээс ямар сургаалыг сурч болох вэ? (Суралцагчдын хариулт дараах сургаалыг илэрхийлж болно. Есүс Христийн Сүмд үйлчлэх дуудлагууд нь Аврагчаас ирдэг.)

Суралцагчдаас хэрэв тэд Сүмийн амаргүй дуудлагад дуудагдсан бол ямар мэдрэмжтэй байх байснаа бодохыг хүс. Нэг суралцагчийг Ньюел К.Витнейн ач хүү Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Оорсон Ф.Витнейн ярьсан түүхийг чанга уншихад урь. Ангийнхнаас Витней ах бишопоор дуудагдахдаа ямар сэтгэгдэлтэй байсныг мөн дуудлага нь хаанаас ирсэн тухай юу сурсныг нь олж мэдэхийг хүс.

Зураг
Ахлагч Оорсон Ф.Витней

“Энэ чухал үүрэг хариуцлага (бишопын албан тушаал)-ыг биелүүлнэ гэдэг бодол [Ньюел К.Витнейн] чадлаас хэтэрсэн мэт санагдаж байв. … Тэр … өөрийн чадварт итгэлгүй байсан ба энэ өндөр, ариун итгэл найдварыг биелүүлэх чадваргүй гэж [боджээ]. Сандарч тэвдсэн тэр бошиглогчид ханджээ:

‘Би өөрийгөө бишоп болж чадна гэж бодохгүй байна, Иосеф ах аа. Гэхдээ энэ нь Их Эзэний хүсэл гэж та хэлж байвал би хичээнэ.

Та ганц миний үгэнд итгэх хэрэггүй’ хэмээн бошиглогч найрсгаар хариулаад, ‘Явж, өөрөө Эцэгээс асуу’ гэжээ.

Ньюел … [бошиглогчийн] зөвлөгөөг дагахаар шийдэв. … Түүний даруу, чин зүрхний залбирал хариулагдсан юм. Шөнийн анир чимээгүйд, буйдхан өрөөндөө тэр тэнгэрээс нэгэн дуу хоолой сонсжээ ‘Таны хүч чадал надад байна.’ Эдгээр үг цөөн бас энгийн байсан боловч асар их утга учиртай байв. Түүний эргэлзээ үүр цайхаас өмнөх шүүдэр шиг арилжээ. Тэрээр тэр даруй бошиглогч дээр очиж, сэтгэл хангалуун байгаа ба дуудагдсан албан тушаалаа хүлээн авах хүсэлтэй байгаагаа хэлжээ” (“The Aaronic Priesthood,” Contributor, 1885 оны 1-р сар, 126).

  • Ньюел К. Витнейг бишопоор үйлчлэх дуудлагыг хүлээн авахад юу тусалсан бэ?

  • Бид Сүмийн дуудлага эсвэл үүрэгт ажлыг хийхээс сүрдэж байвал энэ туршлагаас бидэнд туслах юу сурч болох вэ?

  • Сүмд үйлчлэх дуудлагууд Аврагчаас ирдэг гэдгийг ойлгох нь дуудлагуудыг хүлээн авч мөн хичээнгүй үйлчлэхэд та нарт хэрхэн тусалж чадах вэ?

Их Эзэний Сүмд үйлчлэх дуудлагууд Түүнээс ирдэг гэдэг гэрчлэлийг тань хүчирхэгжүүлсэн туршлагаа хуваалцах талаар бодож үзээрэй.

Сургаал ба Гэрээ 72:9–26

Их Эзэн бишопын үүргүүдийг тайлбарлав

Дараах үнэнийг самбар дээр бич. Бишоп болон салбарын ерөнхийлөгчид өөрсдийн тойрог ба салбаруудад Сүмийн цаг зуурын болон сүнслэг ажлуудыг удирдан явуулдаг. (Цаг зуурын гэдэг нь материаллаг зүйлийг хэлдэг гэдгийг та тайлбарлаж болно. Жишээлбэл, бишоп болон салбарын ерөнхийлөгчид Сүмийн өмч, Сүмийн мөнгө хөрөнгө мөн бишопын агуулах дахь зүйлүүдийн хэрэглээг зохицуулдаг.)

Эдгээр шүлэг нь бишоп Витнейн зарим үүргийг дүрсэлдэг гэдгийг тайлбарласнаар Сургаал ба Гэрээ 72:9–26-г хураангуйл. Энэ илчлэлтэд Их Эзэний дүрсэлсэн бишопын үүргүүд нь өргөлийн хуулийн хүрээн дэх бишопын үүрэгт хамааралтай гэдгийг тайлбарла. Энэ хугацаанд, Сүм өнөөдрийнх шиг тойргуудад хуваагдаагүй байсан ба тойрог бүрийг тэргүүлэх бишопууд байгаагүй. Тэр үед зөвхөн хоёр бишоп байсан. Бишоп Витней Огайо дахь гэгээнтнүүдийн бишоп, бишоп Партриж Миссури дэх гишүүдийн бишоп байсан.

Сургаал ба Гэрээ 73

Их Эзэн Иосеф Смит, Сидней Ригдон хоёрыг Библийн орчуулгыг үргэлжлүүлэн хийхэд удирдав

Их Эзэн номлож байсан ахлагчдыг хоёр долоо хоногийн дараа болох дараагийн чуулган болтол үргэлжлүүлэхийг зааварласан гэдгийг тайлбарласнаар Сургаал ба Гэрээ 73:1–2-ыг хураангуйл. Бошиглогч Иосеф Смит, Сидней Ригдон хоёр Эзра Бутийн хэвлүүлсэн захиануудаас үүдсэн Сүмийн талаарх ташаа мэдээллийг арилгахын тулд номлож байлаа. Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 73:3–4-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас дагаж уншаад, Их Эзэн Иосеф Смит, Сидней Ригдон нарт чуулганы дараа юунд анхаарлаа төвлөрүүлэх ёстой хэмээн зарлигласныг олж мэдэхийг хүс.

  • Их Эзэн Иосеф Смит, Сидней Ригдон хоёроос чуулганы дараа юунд анхаарлаа төвлөрүүлэхийг хүссэн бэ? Их Эзэн ямар “орчуулгын ажлын” тухай ярьж байсан бэ? (Библийн засвар.)

Сургаал ба Гэрээ 74

Их Эзэн 1 Коринт 7:14-ийн утгыг тайлбарлав

Суралцагчдыг өөрсдийгөө Сүмийн бүрэн цагийн номлогчоор үйлчилж байна гэж төсөөлөн бодоход урь. Тэд Сүмийг сонирхож буй залуу хостой ярилцаж байхдаа уг хос нэг хүүтэй байсан ба хүү нь хэдхэн сартай байхдаа нас барсан гэдгийг мэдэж авчээ. Хүүхэд нь нас барахаасаа өмнө баптисм хүртээгүй учраас тэнгэрт байх боломжгүй гэж тэр хоёрын шашны удирдагч хэлжээ. Эцэг, эх хоёр хүүхдээ алдсандаа мөн хүүхэд нь аврагдах боломжоо алдсанд асар их уй гашууд автсан байна.

Суралцагчдаас энэ нөхцөл байдалд хэрхэн хариулах байсан талаараа бодохыг хүс. Хичээлийн дундуур хариултаа хэлэх боломж гарна гэдгийг тэдэнд хэл.

Сургаал ба Гэрээ 74 нь Их Эзэний өгсөн 1 Коринт 7:14-ийн тайлбарыг агуулдаг гэдгийг тайлбарла. Нэг суралцагчийг 1 Коринт 7:14-т байдаг төлөөлөгч Паулын үгс болох Сургаал ба Гэрээ 74:1-ийг чанга уншихад урь. Суралцагчдад 1 Коринт дахь энэ шүлэг нялх хүүхдийн баптисмыг зөвтгөхийн тулд ашиглагддаг гэдгийг хэл. (Та 1-р шүлэг дэх үл итгэгч гэдэг үг нь Есүс Христийн сайн мэдээг хүлээн аваагүй еврейчүүдийг хэлж байгаа гэдгийг тайлбарлаж болно. Хүн нөхөр эсвэл эхнэрийнхээ зөв шударга байдлаар аврагддаг гэж Паул хэлээгүй бөгөөд харин нэгнийх нь хөрвүүлэг гэр бүлд ариусгагч нөлөөг авчирч чадна гэж хэлсэн юм.)

Цөөн суралцагчийг ээлжлэн Сургаал ба Гэрээ 74:2–6-г чанга уншихад урь. Ангийнхнаас дагаж уншаад, төлөөлөгч Паулын үед эхнэр нөхөр хоёрын нэг нь Есүс Христийн сайн мэдээнд хөрвөгдөж, нөгөө нь Мосегийн хуулийг дагаж байсан асуудлыг олж мэдэхийг хүс.

  • Ийм гэр бүлд ямар хүндрэлүүд гарч байсан бэ? (Эхнэр, нөхрүүд хүүхдүүддээ Есүс Христийн сайн мэдээ эсвэл Мосегийн хуульд итгэж мөн дуулгавартай байхыг заах эсэх дээр зөрчилдөж байжээ [3-р шүлгийг үзнэ үү]; Мосегийн хуулийг дагаж өссөн хүүхдүүд Есүс Христийн сайн мэдээнд итгэдэггүй байв [4-р шүлгийг үзнэ үү].)

  • Өөр итгэл үнэмшилтэй хосууд гэрлэх нь гэр бүлд хэрхэн нөлөөлж болох вэ?

Есүс Христийн Цагаатгал нь Мосегийн хуулийг гүйцэлдүүлсэн бөгөөд хөвч хөндөлт нь цаашид шаардлагагүй болсон гэдгийг тайлбарла. Гэсэн хэдий ч, Мосегийн хуулийг дагадаг еврейчүүд хөвч хөндүүлээгүй эрэгтэй хүүхэд цэвэр бус гэж итгэдэг байжээ. Энэ итгэл үнэмшил нь эцэг, эх хоёрын нэг нь Есүс Христийн сайн мэдээнд, нөгөө нь Мосегийн хуульд итгэдэг гэр бүлүүд дотор асуудал гаргах болсон байна. Шашны итгэл үнэмшил, зан үйлийн талаар үүнтэй төстэй зөрчилдөөн нь эхнэр нөхөр хоёрын нэг нь Сүмийн гишүүн, нөгөөдөх нь гишүүн бус гэр бүлүүдэд тохиолдож болно.

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 74:7-г чанга уншихад урь. Ангийнхнаас дагаж уншаад, Их Эзэн бяцхан хүүхдүүдийн талаар юу заасныг хайж олохыг хүс.

  • Их Эзэн бяцхан хүүхдүүдийн талаар юу заасан бэ? (Суралцагчид өөр үгс ашиглаж болох ч, тэдний хариулт нь дараах зүйлийг илэрхийлэх ёстой: Бяцхан хүүхдүүд Есүс Христийн Цагаатгалаар ариусгагдсан учраас ариун юм. Та энэ сургаалыг судар дээрээ тэмдэглэхийг санал болгож болно.)

Суралцагчдад энэ хичээлийн эхэнд ярилцсан номлогчийн жишээг сануул. Суралцагчдыг Моронай 8:8–12 болон Сургаал ба Гэрээ 29:46–50-ыг Сургаал ба Гэрээ 74:7-гийн хажууд холбогдох эшлэл болгон бичихэд урь. Суралцагчдыг Моронай 8:8–12 ба Сургаал ба Гэрээ 29:46–50-ийг хамтрагчтайгаа хамт уншиж, дараах асуултыг хамтдаа ярилцахад урь:

  • Бяцхан хүүхдүүдийн авралын талаар Сургаал ба Гэрээ 74:7 ба Моронай 8:8–12 дээрээс сурсан зүйлээ ашиглаад, та нар нас барсан хүүхэд нь тэнгэрт байх боломжгүй гэж бодож байсан хосод юу заах байсан бэ?

Нэг эсвэл хоёр хамтралыг юу заах байснаа тайлбарлахад урь. Бяцхан хүүхдүүдийг гэтэлгэх Аврагчийн Цагаатгалын хүчийг гэрчилж хичээлээ дуусга.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Сургаал ба Гэрээ 72:13. Бишоп Витней бишоп Партрижийн удирдлаган доор үйлчлэв

Бишоп Эдвард Партриж Сүмийн анхны бишопоор дуудагдав. Бишоп Ньюел К.Витней бишоп Партрижийн удирдлаган доор үйлчлэв. Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит ийн тайлбарлажээ.

Зураг
Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит

“Көртланд дахь бишоп [Ньюел К.Витней] даамлуудын бүртгэлийг Сион дахь бишопт [Эдвард Партриж] ‘хүлээлгэн өгөх’ ёстой байсан бөгөөд бичээсүүд тэнд бүрмөсөн хадгалагддаг байсан. Энэ үүргийн төлөө Ньюел К.Витней бишоп байхаар дуудагдсан. Тэр Көртландад Их Эзэний агуулахыг хамгаалж мөн талбайн тэр хэсэгт хөрөнгө хүлээн авч мөн хүлээн авсан зарлигийнхаа дагуу ахлагчдыг бүртгэж, хүлээн авсан зүйлээ юугаар ч юм төлөх ёстой тэдний бүгдийнх нь хүслийг хангахын төлөө юм. Хүлээн авагдсан эдгээр хөрөнгө нь Сүмийн сайн сайхны төлөө мөн ‘ядуус хийгээд гачигдагсдын’ төлөө адислагдах ёстой байв. Хэрэв төлөх чадваргүй хүн байвал бичиг хийгээд Сионы бишопт өгдөг байв. Бишоп Их Эзэн гарт нь өгсөн мөнгөнөөс өрийг төлөх ёстой байв’” (Church History and Modern Revelation, 2-р боть [1953 он], 1:270). (Сургаал ба гэрээ Суралцагчийн гарын авлага, 2-р хэвлэл. [Сүмийн Боловсролын Системийн гарын авлага, 2001], 152-153-ыг үзнэ үү.)

Сургаал ба Гэрээ 72:9–26. Огайо дахь бүхнээ зориулах хууль ба бишоп Витнейн үүргүүд

Өргөлийн хууль нь Огайод бүрэн бүтнээрээ, нийтийг хамарсан байдлаар хэзээ ч хэрэгжиж байгаагүй. Үүнийг Огайогийн Томпсон дахь гэгээнтнүүдийн дунд хэрэгжүүлэхийг оролдсон боловч олон хүчин зүйлээс болж амжилт олоогүй юм. Эдгээр шалтгааны нэг нь Леман Коплей Колесвилл дахь гэгээнтнүүдийг өөрийн газар дээр амьдруулах саналаа буцаан татсан явдал юм (С ба Г 54-ийг үзнэ үү). Гэсэн хэдий ч, өргөлийн хуулийн зарчмууд болон дадлуудаар амьдарсаар л байв. Зарим гишүүн даамал болж, ядуус ба гачигдагсдад, түүнчлэн Сүмийн цаг зуурын эрэлт хэрэгцээнд анхаарал тавихад туслах агуулахтай болсон. Бишоп Ньюел К.Витней өргөлийн хуулийн эдгээр хэсгийг, Огайо дахь Сүмийн цаг зуурын ажлыг хариуцаж мөн зохицуулж байв. Энэ нь тухайн газар нутагт Сүмийн өмч хөрөнгийг харж хандах үүргийг багтааж байв.

Бишоп Витнейгийн үндсэн үүргүүдийн нэг нь ядуус ба гачигдагсдыг халамжлах явдал байв. Үүнийг хийх нэг арга зам нь хэрэгцээтэй хүмүүсийг хоолоор хангах зорилгоор “мацгийн цуглаан” хийн, гишүүдийн өгсөн хоол ундыг тараах явдал байжээ. Бишоп Витней дуудлагадаа өөрийн бизнесийн ур чадваруудыг зориулж мөн өөрийнхөө өмч хөрөнгөний ихээхэн хэсгийг Сүмд болон бусдыг халамжлахад зориулсан юм. Тэр амьдралынхаа төгсгөлийг хүртэл бараг 19 жилийн хугацаанд бишопын албан тушаалдаа итгэлтэйгээр үйлчилсэн бөгөөд Эдвард Партрижийн үйлчилж байсан дуудлага болох Сүмийн тэргүүлэх бишопоор үйлчилжээ.

Сургаал ба Гэрээ 72:20–22. Хэвлэлийн фирм

1831 оны 11-р сард Огайогийн Хайрамд болсон чуулганы дараа судруудыг оролцуулан Сүмийн хэвлэмэл материалууд болон тэдгээрийн хэвлэлт, хангамжийг зохицуулах ажилд цаг зав болон хүч чармайлтаа зориулах зургаан хүн дуудагджээ (С ба Г 70:3–4-ийг үзнэ үү). Эдгээр эрэгтэй буюу Иосеф Смит, Мартин Харрис, Оливер Каудери, Жон Витмер, Сидней Ригдон болон Виллям В.Фелпс нар нь Хэвлэлийн фирмийнхэн хэмээн танигдах болжээ. Их Эзэн энэ хэвлэлийн бизнес нь яваандаа өөрсдийгөө хангаж чадах хангалттай орлого олно гэсэн хүсэлтэйгээр уг эрчүүдэд хэрэгцээтэй зүйлээ бишопоос хүсэх эрх мэдэл өгсөн (С ба Г 72:20-ийг үзнэ үү). Хэвлэлийн фирмийн гишүүд бизнесийн орлогоор цалинжиж, илүү гарсан ашиг нь Их Эзэний агуулахад буцааж тушаагдах ёстой байв (С ба Г 70:5–8-ыг үзнэ үү). Хэвлэлийн фирм нь цөөн жил ажилласан хэдий ч, Зарлигуудын ном болон үүний залгамжлагч Сургаал ба Гэрээ, мөн Evening and the Morning Star гэх мэт Сүмийн сонин хэвлэлийг хэвлэснээр дэлхий дахинд асар их хувь нэмэр оруулсан юм. (Documents, Volume 2: July 1831–January 1833-ыг үзнэ үү, vol. 2 of the Documents series of The Joseph Smith Papers [2013], xxv–xxvi).

Сургаал ба Гэрээ 74:4–6. Хуурамч уламжлалууд

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Ричард Г.Скотт Есүс Христийн сайн мэдээтэй харшлах уламжлалууд эсвэл ёс заншлуудтай зохицох талаар зөвлөгөө өгсөн.

Зураг
Ахлагч Ричард Г.Скотт

“Үндэстэн ястны, соёлын эсвэл үндэсний өвүүдэд талархалтай байх нь сайхан бас ашиг тустай байж болдог боловч үнэнч хожмын үеийн гэгээнтний хүлээн зөвшөөрөх ёсгүй амьдралын загварыг мөнхжүүлдэг.

[Ерөнхийлөгч Ховард В.Хантэр:] ‘Би та нарт Есүс Христийн Сүмийн гишүүнчлэлдээ хамгийн их ач холбогдол өгч байхыг зөвлөж байна. Таны гэр бүл, хайртай хүмүүс, соёлын өв эсвэл хадгалагдаж ирсэн уламжлал таныг ямар ч зүйл хийхийг хүссэн та үүнийг Аврагчийн заасан зүйлстэй жишиж үзээрэй. Хэрэв заасан зүйлээс нь гажиж байвал энэ зүйлийг өөрөөсөө холдуулж, цаашид хийх хэрэггүй. Энэ нь та нарт аз жаргал авчрахгүй’ гэж хэлсэн (“Counsel to Students and Faculty,” Church College of New Zealand, 12 Nov. 1990)” (“Removing Barriers to Happiness,” Ensign, 1998 оны 5-р сар, 85).