Семинар
109-р хичээл: Сургаал ба Гэрээ 104


109-р хичээл

Сургаал ба Гэрээ 104

Оршил

1834 оны хавар Сүм санхүүгийн хувьд хүндрэлтэй болоод байсан ба үүнд туслах санд хандив цуглуулах оролдлого ч мөн бүтэлгүй болжээ. 1832 онд Огайо дахь Сүмийн удирдлага Нэгдсэн пүүс нэртэй байгууллагыг үндэслэн байгуулсан бөгөөд зорилго нь Сионыг байгуулахад туслах мөн ядуусыг халамжлах зорилгоор наймаа, худалдаа, бизнесийн сонирхлуудыг дэмжин, удирдан явуулах байв (С ба Г 78-ыг үзнэ үү). 1832 оны 4-р сард Иосеф Смит бусад хүмүүсийн хамт Миссури дэх Сүмийн удирдагчидтай уулзсан бөгөөд Жаксон гүнлэгт Нэгдсэн пүүсийн нэг салбарыг үүсгэн байгуулав (С ба Г 82-ыг үзнэ үү). Энэ хоёр салбарын нэг нь Огайод, нөгөө нь Миссурид байсан ба 2 жилийн турш ажилласан юм. 1834 оны 4-р сарын 10-нд болсон цуглаан дээр пүүсийн гишүүд уг байгууллагыг татан буулгахаар шийдвэрлэсэн байна. Гэсэн ч, хоёр долоо хоногийн дараа Иосеф Смитийн хүлээн авсан илчлэлтэд “пүүс нь дахин зохион байгуулагдах” бөгөөд “үүний өмч хөрөнгө нь журмын гишүүдийн дунд хуваагдан, тэдэнд даалгагдах ёстой” гэжээ (С ба Г 104-ийн оршил хэсэг). Иосеф Смитийн удирдлагаар “Нэгдсэн пүүс” гэсэн нэртэй байснаа энэ нь илчлэлтээр “Нэгдсэн журам” болон өөрчлөгдсөн юм. Их Эзэн Сүмийн удирдагчдад тэдний өрийн талаар зөвлөн, ядуусыг хэрхэн халамжлах талаар Сүмийн бүх гишүүдэд удирдамж өгчээ.

Заах зөвлөмж

Сургаал ба Гэрээ 104:1–18

Нэгдсэн журмын талаар Их Эзэн удирдамж өгөв

Ангийн урд талд хүнд зүйл (том ном эсвэл чулуу) байрлуул. Нэг суралцагчийг тэр зүйлийг нэг хуруугаараа өргөнө үү хэмээн урь. Энэ нь боломжгүй, хэцүү ч гэсэн түүгээр үүнийг хийлгэхээр оролдуул. Дараа нь түүнд өргөхдөө туслуулахаар бусад суралцагчийг урихыг зөвшөөр. Тусалж байгаа бусад суралцагч мөн нэг хуруугаар өргөх ёстой бөгөөд уг зүйлийг өргөж чадах хүртэл нь туслах амлалтыг тэд өгөх ёстой. Эхний суралцагч уг зүйлээ өргөж чадах хүртэл өөр олон суралцагчийг үргэлжлүүлэн урихыг түүнд зөвшөөр.

  • Уг хүнд зүйлийг өргөхийн тулд юу зайлшгүй чухал байсан бэ? (Хариулт нь багаар ажиллах, эв нэгдэлтэй байх гэх мэт байж болно.)

Сүмийн эхэн үед санхүүгийн бэрхшээл Сүм дэх хамгийн хүнд ачаа нь байсан болохыг тайлбарла. 1832 оны 3 болон 4-р сард, Их Эзэн Сүмийн Нэгдсэн пүүсийг зохион байгуулахыг Сүмийн удирдагчдад зааварлажээ. Уг байгууллагын гишүүд нь Сүмийн өрийг багасгах, ядуусыг халамжлах, Их Эзэний ажлыг урагшлуулах зорилгоор Сүмийн худалдаа болон хэвлэлийн үйл ажиллагааг хариуцан, хамтран ажиллах гэрээг байгуулсан байна. Энэ байгууллага эхэндээ Нэгдсэн пүүс нэртэй байсан юм (Сургаал ба Гэрээ 2013 оны хэвлэлийн 78, 82 болон 104-р бүлгийн оршил хэсгүүдийг үзнэ үү). 1834 оны хавар гэхэд, өрийн асуудлаас шалтгаалан Сүмийн удирдагчид уг пүүсийг татан буулгах болсон. 1834 оны 4-р сарын 23-нд бошиглогч Иосеф Смит Сургаал ба Гэрээ 104-т цэдэглэгдсэн илчлэлтийг хүлээн авсан ба Их Эзэн Нэгдсэн пүүс, үүний өмч хөрөнгийг хэрхэн шийдэх талаар илчилжээ.

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 104-ийн оршил хэсгийг чанга уншихад урь. Ангийнхнаас дагуулан харж, Нэгдсэн пүүсийн талаар Их Эзэн Сүмийн удирдагчдаар юу хийлгэхийг хүсэж байсан талаар олж мэдэхийг хүс. (Суралцагчдыг уншихын өмнө, хэвлэлд гарсан илчлэлтэд “Нэгдсэн пүүс” гэсэн нэрний оронд “Нэгдсэн журам” болгон өөрчлөхийг Иосеф Смит зааварчилсныг тайлбарла.) Суралцагчдаас олж мэдсэнээ тайлагнахыг хүс.

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 104:1–4-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас дагуулан харж, Нэгдсэн журмын хүндрэл бэрхшээлийн шалтгаануудаас нэгийг олж мэдэхийг хүс. Та 4-р шүлэг дээрх шунахай сэтгэл гэдэг үг нь ямар нэгэн юмыг, ихэвчлэн өөр хүний эзэмшлийн ямар нэг зүйлийг өмчлөх хүслийг хэлдэг болохыг тайлбарлаж болно.

  • Шунахай сэтгэлээс болж ах нарын зарим нь юуг зөрчсөн бэ?

Суралцагчдад энэ хичээлийн эхэн дэх үзүүлэнт хичээлийг сануул. Хэрэв суралцагчдын зарим нь туслахаар амласан ч, бодлоо өөрчлөн уг зүйлийг өргөлцөлгүй явчихсан бол юу болох байсныг бодож үзэхийг тэднээс хүс.

Нэгдсэн журмын гэрээгээ зөрчихийн үр дагавар нь Сүмээс хөөгдөн мөн зовлон бэрхшээлийг өөрсөд дээрээ дуудах болно хэмээн Их Эзэн тогтоосон тухай тайлбарлаж, Сургаал ба Гэрээ 104:5–10-ыг дүгнэн хэлж өг (мөн С ба Г 78:11–12; 82:11–21-ийг үзнэ үү.)

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 104:11–13-ыг чимээгүй уншаад, Нэгдсэн журмын гишүүн бүр юу хүлээн авах болно хэмээн Их Эзэн хэлснийг олж мэдэхэд урь. Суралцагчдаас олж мэдсэнээ тайлагнахыг хүс. Даамал бол хэн нэгэнд харьяалагдах өмчийн төлөө хариуцлага хүлээсэн хүн гэдгийг та тайлбарлаж өгөх хэрэгтэй байж мэднэ.

  • 12–13-р шүлэгт өгүүлснээр Их Эзэн Нэгдсэн журмын гишүүн бүрд яагаад хариуцлага оноосон бэ?

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 104:14-ийг чанга уншихад урь. Нэгдсэн журамд хамаарагдах өмч хөрөнгийг хэн хариуцах ёстойг олж мэдэхийг хичээн дагаж уншихыг суралцагчдаас хүс.

  • Нэгдсэн журмын гишүүдэд өгөгдсөн өмч хөрөнгө хэний эзэмшлийнх вэ? (Суралцагчдыг хариулсны дараа, дараах үнэнийг самбар дээр бич. Бурхан дэлхийг бүтээсэн ба үүний дээрх бүх зүйлс Түүнийх юм.)

  • Энэ үнэн нь эд хөрөнгөнд хэрхэн хандах болон түүнийг хэрэглэх таны үзэл бодолд хэрхэн нөлөөлж болох вэ?

Сургаал ба Гэрээ 104:15–18-ыг чимээгүй уншихыг суралцагчдаас хүс. Их Эзэн даамлууддаа энэ дэлхийн зүйлсийг хэрхэн ашиглахыг зааварласан болохыг олж тогтоохыг тэднээс хүс.

  • Их Эзэн Өөрийн гэгээнтнүүдийн хэрэгцээг хэрхэн хангаж, бэлдэхийг хүсдэг вэ?

  • “Ядуус өргөмжлөгдөж, үүнд баячууд дорд болгогдох” гэдэг нь юу гэсэн утгатай гэж та нар бодож байна вэ?

Энэ өгүүлбэрийн утгыг ойлгоход нь суралцагчдад туслахын тулд Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жозеф Б.Вөртлиний хэлсэн дараах тайлбарыг чанга уншихыг нэг суралцагчаас хүс.

Зураг
Ахлагч Жозеф Б.Вөртлин

“Их Эзэний арга зам бол хүмүүсийг өөрсдөдөө туслахад нь туслах явдал юм. Ядуус цаг зуурын тусламжийг хүлээн авахын тулд ажиллан, зөв зарчмуудыг заалгаж, бие даах чадвараа хөгжүүлснээр ядуурлаас өөрсдийгөө гаргадаг учраас өргөмжлөлийг хүлээн авдаг. Баячууд тусламж хэрэгтэй хүмүүст өмч хөрөнгөнөөсөө харамгүй өгснөөр өөрсдийгөө даруусган дорд болгогддог” (“Inspired Church Welfare,” Ensign,1999 оны 5-р сар, 77).

  • Бусдад туслах бидний үүрэг хариуцлагын тухай 7–18-р шүлэгт ямар зарчмуудыг зааж байна вэ? (Суралцагчид дараахыг оролцуулан, янз бүрийн зарчмуудыг илэрхийлж болно. Их Эзэний бидэнд өгсөн зүйлсийг бусдад туслахад ашиглахдаа бид хариуцлага хүлээдэг. Энэ зарчмыг самбар дээр бич.)

“Ядуу болон тусламж хэрэгтэй” гэдэгт зөвхөн санхүүгийн тусламж биш, сүнслэг, сэтгэл зүй, оюун санааны болон нийгмийн тусламж хэрэгтэй хүмүүс орно гэдгийг бодоход суралцагчдыг урь. Түүнчлэн бидэнд буй элбэг дэлбэг зүйлс мөнгө, эд зүйлсээс хамаагүй илүү болохыг бид бодож болно. Бидний баялаг бол цаг хугацаа, авьяас, чадвар, мэдлэг, гэрчлэлүүд маань билээ.

  • Бид өөрсдийн баялгаас тусламж хэрэгтэй хүмүүст өгөх нь яагаад чухал гэж та нар боддог вэ?

  • Бид бусдад Их Эзэний арга замаар хэрхэн тусалж болох вэ?

Ядуу болон тусламж хэрэгтэй хүмүүст туслах өөрсдийн хичээл зүтгэлийн талаар тунгаан бодоход суралцагчдыг урь. Их Эзэний тэдэнд өгсөн зүйлсийг хэрэгцээтэй хүмүүст туслахад хэрхэн ашиглах талаар зорилго бичихийг тэднээс хүс.

Сургаал ба Гэрээ 104:19–77

Их Эзэн Нэгдсэн журам, эд хөрөнгийн хариуцлага, сан хөмрөгийн талаар удирдамж өгөв

Нэгдсэн журмын гишүүдэд даалгасан өмч хөрөнгийн хариуцлагын талаар Их Эзэн тодорхой удирдамжуудыг өгсөн болохыг тайлбарлан, Сургаал ба Гэрээ 104:19–53-ыг дүгнэн ярьж өг. Самбар дээр дараах шүлгийг бич. Сургаал ба Гэрээ 104:23, 25, 31, 33, 35, 38, 42, 46. Эдгээр шүлгийг чимээгүй уншин, журмын гишүүн бүрд Их Эзэний өгсөн амлалтад буй загварыг олж мэдэхийг суралцагчдаас хүс. Тэднээс олж мэдсэнээ хуваалцахыг хүс.

Эдгээр шүлэгт ямар үгс давтагдсаныг суралцагчдаас асуу. “Байхын хэрээр” гэсэн хэллэг нь “тийм хэмжээнд” буюу “тэр хэрээр” гэсэн утгатайг онцлон хэл.

  • Дуулгавартай байдал бидний хүлээн авдаг адислалуудад хэрхэн нөлөөлдөг талаар энэ үгс юуг зааж байна вэ?

Самбар дээр Бид итгэлтэй, даруу байхын хэрээр, Их Эзэн … болно гэж бич.

Суралцагчдаас энэ зарчмыг хэрхэн гүйцээн бичихийг асуу. (Тэдний хэлсэн үгсийг ашиглан, зарчмыг самбар дээр гүйцээн бич. Жишээлбэл: Бид итгэлтэй, даруу байхын хэрээр Их Эзэн бидний адислалуудыг үржүүлэх болно.)

  • Та нар Их Эзэний өмнө хүлээсэн хариуцлагаа итгэлтэй биелүүлсний учир хэн нэгэн адислагдахыг хэзээ харсан бэ?

Суралцагчдыг Их Эзэний өгсөн үүрэг даалгаварт хэрхэн итгэлтэй байх талаар тунгаан бодоход урь.

Судруудыг хэвлэх зэргээр Сүмийн ашиг тусын тулд хэрэглэх мөнгөн санг үүсгэн байгуулж, үүнийгээ хадгалан хамгаалах талаар Их Эзэн удирдамж өгсөн тухай тайлбарлан, Сургаал ба Гэрээ 104:54–77-г дүгнэн ярьж өг.

Сургаал ба Гэрээ 104:78–86

Их Эзэн Нэгдсэн журмын өрийн талаар Сүмийн удирдагчдад удирдамж өгөв

Суралцагчдаас ямар ч боломжгүй мэт санагдсан ямар нэг зүйлийг хийлгэхээр хэн нэгэн гуйж байсан үе байсан эсэхийг тунгаан бодохыг хүс. Цөөн хэдэн суралцагчийг туршлагаасаа хуваалцахад урь.

Их Эзэний тушаалуудыг дуулгавартай дагаж байх явцдаа Нэгдсэн журам ихээхэн өрөнд орсон байсан талаар тайлбарла. Хэд хэдэн үйл явдал зээлээ төлөхөд нь саад болсон байна. Жишээ нь, Миссуригийн Жаксон гүнлэг дэх хэвлэх газрыг танхайрагчид устгасан нь эдийн засгийн бэрхшээлтэй байдал үргэлжлэхэд нөлөөлсөн ба танхайрагчид гэгээнтнүүдийг Индепенденс дэх агуулахыг ашиглахад саад болж байсан.

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 104:78-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас дагуулан харж, Сүмийн өрийн талаар Их Эзэний өгсөн удирдамжийг олж мэдэхийг хүс.

  • Их Эзэн Нэгдсэн журмын гишүүдэд юу хийхийг зааварласан бэ?

Өрөө буцаан төлөх нь гэгээнтнүүдэд боломжгүй мэт санагдаж байсан байж болох ч Их Эзэн тэдэнд туслахаар заавар өгсөн болохыг онцол. ХЭРЭВ болон ТЭГВЭЛ гэсэн үгсийг самбар дээр 2 багананд бич. Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 104:80–82-ыг чанга уншихад урь. Ангийнхны тал хэсгийг дагуулан харж, өөрсдийн өрийг төлөхөд Их Эзэний тусламжийг авахын тулд гишүүдийг юу хийхийг Их Эзэн хүссэнийг олж мэдэхийг хүс. Ангийнхны нөгөө хэсгийг дагуулан харж, Их Эзэн гэгээнтнүүдийг өрөө төлөхөд нь туслахын тулд юу хийнэ хэмээн амласныг олж мэдэхийг хүс. Эхний бүлэгт самбар дээрх “ХЭРЭВ” гэсэн үгийн доор хариултуудаа бичихийг, харин 2 дахь бүлэгт “ТЭГВЭЛ” гэсэн үгийн доор олсон хариултуудаа бичихэд урь.

  • Сургаал ба Гэрээ 104:80–82 дээрээс бид ямар зарчмуудыг сурч болох вэ? (Суралцагчид өөр өөр үгсийг хэрэглэж болох ч дараах зарчимтай адил зүйлийг олж тогтоосон байх хэрэгтэй. Хэрэв бид Их Эзэний нэрийг дуудан, итгэлтэй, даруу байх юм бол, Тэрээр бидэнд Өөрийнх нь биднээс хүссэн зүйлийг биелүүлэхэд туслах болно.)

  • Өнөө үед Сүмийн гишүүдийн хувьд хэцүү гэж санагдах юуг хийгээсэй хэмээн Их Эзэн хүсдэг вэ? Их Эзэн биднээр хийлгэхийг хүсдэг зүйлсийг биелүүлэхэд даруу байдал, итгэлтэй байдал мөн залбирал ямар үүрэгтэй гэж та нар боддог вэ?

  • Судруудад 80–82-р шүлэгт бидний олж тогтоосон тэр зарчмын үлгэр жишээ болдог хэн байдаг вэ? Өнөөдөр энэ зарчмын үлгэр жишээ болдог хэнийг та мэддэг вэ?

Их Эзэний өөрсдөөр нь хийлгэхийг хүссэн тэдгээр зүйлийг биелүүлэхэд Тэрээр тэдэнд тусалж болохын тулд тэдний илүү даруу, дуулгавартай, залбиралтай байж болох нэгэн арга замын талаар дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ бичихэд суралцагчдыг урь.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Сургаал ба Гэрээ 104:15–18. Ядуус болон гачигдалтай хүмүүст туслах нь бидний үүрэг хариуцлага болой

Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Марион Ж.Ромни ядуус болон гачигдалтай хүмүүст тусалснаар бидний хүлээн авах адислалуудын талаар:

Зураг
Eрөнхийлөгч Марион Ж.Ромни

“Тосны болоод үнэт хүдрийн орд хаана байгааг [Сүмийн ерөнхийлөгчид] илчлэн хэлэх нь Их Эзэнд энгийн зүйл байх болно. Бид дараа нь тэдгээрийг ухаж гаргах хүнийг хөлслөөд мөн эд баялагт цутгах болно—мөн Хэйдс хүртэл баялагт хөвөх болно. Үгүй ээ, Их Эзэнд ядуусыг биднээр халамжлуулах нь тийм ч шаардлагатай биш юм. Харин бидэнд энэ туршлага хэрэгтэй. Бид бие биенээ хэрхэн халамжлахыг сурснаар Түүний оршихуйд эргэн очиход шаардлагатай Христийнх шиг хайр, зан чанарыг олж авч чадах болно” гэж ярьжээ (“Living Welfare Principles,” Ensign, 1981 оны 11-р сар, 92).

Сургаал ба Гэрээ 104:16. Гэгээнтнүүдийг хангах Их Эзэний арга зам

Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф гэгээнтнүүдийг хангах Их Эзэний арга замын талаар заахдаа:

Зураг
Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф

“Ядуус болон гачигдалтай хүмүүст туслахыг хичээдэг олон байгууллага, хувь хүн байдаг. Бид тэдгээр байгууллага болон сайхан сэтгэлтэй хүмүүст талархдаг. Гэхдээ гачигдалтай хүмүүст анхаарал халамж тавих Их Эзэний арга зам тэдний арга замаас өөр байдаг. Их Эзэн “Энэ нь миний өөрийн замаар хийгдэх ёстой” хэмээн хэлсэн [C ба Г 104:16]. Тэр бидний ойр зуурын хэрэгцээг анхаараад зогсохгүй, бидний мөнхийн өсөлт хөгжилтөд санаа тавьдаг. Тийм учраас бие даах чадвартай, хөршүүддээ үйлчилдэг, ядуусыг халамжилдаг байх нь Их Эзэний арга замд багтдаг” гэжээ (Дийтр Ф.Угдорф “Их Эзэний арга замаар хангах нь,” Ensign, 2011 оны 11-р сар, 54 эсвэл 2011 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 66).

Зураг
Eрөнхийлөгч Марион Ж.Ромни

Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Марион Ж.Ромни Их Эзэний арга замаар хангах илүү агуу зорилгын талаар: “Ядууст туслах Сүмийн гол үүрэг бол хэрэгцээг нь түр зуур хангах халамж бус, харин тэдний сүнсийг нь аврах явдал юм” гэж заасан (“The Role of Bishops in Welfare Services,” Ensign, 1977 оны 11-р сар, 81).