Семинар
Гэрээр судлах хичээл: Сүм Умард Миссури рүү нүүв; Сургаал ба Гэрээ 113–120 (25-р бүлэг)


Гэрээр судлах хичээл

Сүм Умард Миссури рүү нүүв; Сургаал ба Гэрээ 113–120 (25-р бүлэг)

Гэрээр заах багш нарын ашиглах материал

Өдөр бүр гэрээр судлах хичээлийн тойм

Суралцагчдын Сургаал ба Гэрээ 113–120-ийг (25-р бүлэг) судалж байхдаа мэдэж авсан үйл явдал, сургаал, зарчмуудын дараах тойм нь хичээлийн нэг хэсэг болгон заахад зориулагдаагүй. Таны заах хичээл эдгээр сургаал, зарчмын цөөн хэд дээр төвлөрнө. Та суралцагчдынхаа хэрэгцээг бодож үзэхдээ Ариун Сүнсний өдөөлтийг дага.

1 дэх өдөр (Сүм Умард Миссури рүү нүүв)

Суралцагчид Сүмийн Удирдах газрыг Умард Миссури рүү нүүхэд хүргэсэн үйл явдлуудын талаар судалж байхдаа хэрэв бид зовлон бэрхшээлүүдэд эргэлзээнээс илүүтэй итгэлтэй хариулахыг сонговол бидний гэрчлэлүүд хүчирхэгжих болно гэдгийг мэдэж авсан. Тэд бас бошиглогчийг дэмжиж, түүний зөвлөгөөг дагаснаар Бурханд ойртуулдаг сүнслэг хамгаалалтыг хүлээн авдаг гэдгийг мэдэж авсан. Суралцагчид бусдыг уучилснаар Их Эзэн бидний харилцааг эдгээх болно гэдгийг олж мэдсэн. Үүнээс гадна энэ хичээл бидний үйлдэл болон үг яриа бусад хүний Есүс Христийн Сүмийн тухай үзэл бодолд хэрхэн нөлөөлж болохыг тунгаан бодох боломжийг суралцагчдад олгосон.

2 дахь өдөр (Сургаал ба Гэрээ 113–114)

Миссуригийн Фар Вестэд ирсний дараахан Исаиагийн номон дээрх зарим хүнд хэсгийг тодруулахыг бошиглогч Иосеф Смитээс хүссэн. Эдгээр асуултад Их Эзэний илчилсэн хариултуудаас суралцагчид Иосеф Смит эцсийн өдрүүдэд Израилыг цуглуулах хаант улсын түлхүүрүүдийг хүлээн авсан гэдгийг мэдэж авсан. Суралцагчид хамгийн анхны төлөөлөгчдийн нэг Давид В.Паттены талаар судалж байхдаа хэрэв бид Их Эзэний удирдамжид анхаарлаа хандуулах юм бол Түүний бидэнд төлөвлөсөн бүх зүйлд бэлтгэгдэх болно гэдгийг олж мэдсэн.

3 дахь өдөр (Сургаал ба Гэрээ 115–116)

Суралцагчид энэ хичээлээр хэрэв бид босч, урагш гэрэлтүүлбэл бидний гэрэл үндэстнүүдийн хувьд жишиг байх болно гэдгийг мэдэж авсан. Тэд бас Сионы гадаснуудад цуглардаг тэдгээр нь хамгаалалт болон аюулгүй байдлыг хүлээн авдаг ба Сүмийн ерөнхийлөгч газар дэлхий дээрх Их Эзэний ажлыг удирдах түлхүүрүүдийг атгадаг гэдгийг олж мэдсэн.

4 дэх өдөр (Сургаал ба Гэрээ 117–120)

Огайогийн Көртланд дахь өмч хөрөнгийн талаар Ньюел К.Витней, Виллям Маркс нарт өгсөн Их Эзэний зөвлөгөөнөөс суралцагчид материаллаг зүйлсэд шунах нь биднийг илүү жинтэй асуудлуудыг үл хайхрахад хүргэж болно гэдгийг мэдэж авсан. Тэд Оливер Гранжерийн жишээнээс бидний Их Эзэнд үйлчлэх замаар гаргадаг золиослолууд нь Түүний хувьд ариун нандин байдаг гэдгийг мэдэж авсан.

Оршил

Энэ хичээл нь бас аравны нэгийн хууль болон энэ хуулийн дагуу амьдарснаар ирдэг адислалуудыг ойлгоход суралцагчдад туслах болно.

Заах зөвлөмж

Сургаал ба Гэрээ 119:1–4

Их Эзэн аравны нэгийн хуулийг илчлэв

Дараах асуултыг самбар дээр бич. Бид аравны нэгийн хуулийн дагуу амьдарснаар ямар арга замуудаар адислагддаг вэ?

1837 оны эхэнд Сүм олон гишүүнийхээ адилаар ихээхэн санхүүгийн бэрхшээлтэй тулгарсан байв. Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 119-ийн хэсгийн оршлыг чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, бошиглогч Иосеф Смит энэ илчлэлтийг авахад хүргэсэн ямар асуулт тавьсныг олж мэдэхийг хүс.

  • Иосеф Смит Их Эзэнээс юу гэж асуусан бэ?

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 119:1–4-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, Их Эзэний Иосефын асуултад хариулсан хариултыг олж мэдэхийг хүс.

  • 4-р шүлэгт цэдэглэснээр, аравны нэг гэж юу вэ? (Суралцагчид дараах зарлигийг олж тогтоох ёстой. Их Эзэн биднийг орлогынхоо арав хуваасны нэг хэсгийг аравны нэгд төлөх ёстой хэмээн зарлигласан. Та энэ зарлигийг самбар дээр бичиж болно.)

4-р шүлэг дэх ашгийнхаа гэдэг үгийн утгыг ойлгоход нь суралцагчдад туслахын тулд нэг суралцагчийг ерөнхийлөгч Ховард В.Хантэрын хэлсэн дараах үгийг чанга уншихад урь.

Зураг
Ерөнхийлөгч Ховард В.Хантэр

“Энэ хууль нь ‘тэдний бүх ашгийн аравны нэг’ хэмээн энгийнээр заагдсан. Ашиг гэдэг нь ашиг орлого, цалин хөлс, нэмэгдэл гэсэн утгатай байдаг. Энэ нь ажил хийсэн хүний цалин, бизнесийн үйл ажиллагааны ашиг, өсөн нэмэгдэж эсвэл үйлдвэрлэж буй ямар нэг зүйлийн өсөн нэмэгдэл эсвэл бусад эх сурвалжаас авч буй орлого байдаг. Их Эзэн энэ нь өнгөрсөн цаг үед байсны нэг адилаар ‘үүрд’ байх болно хэмээн хэлжээ (Conference Report, 1964 оны 4-р сар, 35).

  • Их Эзэн аравны нэгээ төлөхөд хэцүү байсан тэр үед гэгээнтнүүдэд аравны нэгээ төлөхийг зарлигласнаас та юу мэдэж авч байна вэ?

  • Аравны нэгээ төлөх нь ямар арга замаар итгэлийн үйлдэл болдог вэ?

Нэг суралцагчаас Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Жэймс Э.Фаустын хэлсэн дараах үгийг чанга уншихыг хүс.

Зураг
Ерөнхийлөгч Жэймс Э.Фауст

“Дэлхий даяарх гишүүд, тэдний ихэнх нь өдөр тутмын хэрэгцээгээ хангалттай хангаж чадахгүй байхад тэднийг яагаад Их Эзэний аравны нэгийн хуулийг дагах ёстой гэж урамшуулдаг вэ? Ерөнхийлөгч Хинклигийн Филиппиний Себу арал дээр хэлсэн шиг ‘ядуу зүдүү болон зовлонд амьдарч байгаа гишүүд хүртэл … сайн мэдээг хүлээн авч, үүний дагуу амьдарч, эдгээр нь өчүүхэн бага байсан ч аравны нэг болон өргөлүүдээ төлбөл … тэдний аяганд будаа, нуруун дээр нь хувцас, толгой дээр нь толгой хоргодох оромж байх болно. Би үүнээс өөр ямар нэг шийдэл олж харахгүй байна’ [“Inspirational Thoughts,” Ensign, 1997 оны 8-р сар, 7].

Зарим хүн аравны нэгээ төлөх боломжгүй гэж бодож болох ч Их Эзэн Өөрийн бүх зарлигийг дагах арга замыг бидэнд бэлтгэж өгөх болно гэж амласан [1 Нифай 3:7-г үзнэ үү]. Аравны нэг төлөх нь эхэндээ итгэлийн үйлдлийг шаарддаг. Байгаа зүйлийнхээ өчүүхэн бага хэсгийг Их Эзэнд эргүүлэн өгснөөр ядуурлаас гарах боломжтой гэдэгт би итгэдэг” (“Opening the Windows of Heaven,” Ensign, 1998 оны 11-р сар, 59).

Аравны нэгээ хэрхэн төлөхөө ойлгоход нь суралцагчдад туслахын тулд Аравны нэг болон бусад өргөлийн маягтыг үзүүл. Суралцагчдыг саяхан мөнгөтэй болсон гэж төсөөлөхийг хүс. Нэг суралцагчийг хэр их мөнгө төсөөлснөө хэлэхийг хүс.

  • Ийм хэмжээний мөнгөнд хэдэн төгрөгийн аравны нэг төлөх ёстой вэ?

Аравны нэгийн дүнг маягтан дээрх зохих хэсэгт бичээд, дараах асуултыг тавь.

  • Хэрэв бид маягтан дээрх өөр өөр хандивын төрлүүдэд орлогынхоо аравны нэгийг хуваавал аравны нэгээ бүрэн төлж байна уу? (Тэдний орлогын аравны нэг нь аравны нэг хэсэгт бичигдэх ёстой гэдгийг суралцагчид ойлгосон эсэхийг шалга.) Тэдний бусад санд хандивлаж буй аливаа хандивууд тэр арван хувиас тусдаа байдаг.)

Суралцагчдыг хоёр хоёроор нь хуваарил. Аравны нэгийн сан хэрхэн ашиглагддаг талаарх өөрсдийн ойлголтыг нэг нэгэндээ тайлбарлахыг тэднээс хүс. Дараа нь тэднийг Сургаал ба Гэрээ 119:2 дахь Их Эзэний өгсөн тайлбарыг уншихад урь.

  • 2-р шүлэгт цэдэглэснээр, аравны нэгийн санг юунд ашигладаг вэ? (Аравны нэгийг “[Их Эзэний] өргөө буюу [ариун сүмүүдийг барихад]” мөн “Сионы суурийг тавихад болон санваарт зориулан” [цуглааны байруудыг барих болон арчилж засварлах, судруудыг орчуулж, хэвлэх, мөн дэлхий даяарх номлолын болоод гэр бүлийн түүхийн ажлыг дэмжих зэрэг Их Эзэний ажлын бусад хэсгийг санхүүжүүлэхэд] ашигладаг. Өнөөдөр Сүмд ямар нэгэн өр байхгүй гэдгийг та тайлбарлаж болно. Дараах үнэнийг самбар дээр бич. Аравны нэгийн сан ариун сүмүүдийг барихад мөн Их Эзэний ажлыг гүйцэтгэхэд ашиглагддаг.)

Сургаал ба Гэрээ 119:5–7

Их Эзэн аравны нэгийн хуулийг тайлбарлав

Хоёр суралцагчийг жүжигчилсэн тоглолтод оролцоход урь. Нэг суралцагчийг Сүмийн идэвхтэй гишүүний дүрд, хоёр дахь гишүүнийг Сүмийн гишүүн биш хэн нэгний дүрд тоглохыг даалга. Хоёр дахь суралцагчид дараах асуултыг бичсэн цаас өг. Би чамайг орлогынхоо 10 хувийг сүмдээ өгдөг гэж сонссон. Та нар яагаад ийм зүйл хийдэг юм бэ?

Хоёр дахь суралцагчийг энэ асуултыг чанга уншихад урьж, нэг дэх суралцагчийг асуултад хариулахад урь. Тэднийг жүжигчлэн тоглосны дараа ангийнхнаас хэрхэн хариулах байсныг асуу. Энэ асуултад олон сайн хариулт байгаа гэдгийг онцол.

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 119:6–7-г чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, аравны нэгийн хуульд дуулгавартай байснаар юу гүйцэлддэгийг олж мэдэхийг хүс.

  • 6-р шүлэгт цэдэглэснээр, аравны нэгийн хуулийг дуулгавартай дагаснаар юу гүйцэлддэг вэ? (Сионы нутгийг Их Эзэнд ариусгах.)

Суралцагчдад энэ шүлгийг ойлгоход нь туслахын тулд ариусгагдах гэдэг нь Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан нүглээс чөлөөлөгдөж, цэвэр, ариун болохыг хэлж байгаа гэдгийг тайлбарла. Үүнээс гадна, Сион нь бодит газраас илүү зүйл гэдгийг суралцагчдад сануул. Энэ нь “зүрх сэтгэлдээ цэвэр ариун” (С ба Г 97:21) хүмүүс юм.

Суралцагчдыг аравны нэгийн хуульд дуулгавартай байснаар ирэх үр нөлөөнүүдийг өөрсдийнхөө үгээр нэгтгэн дүгнэж хэлэхэд урь. Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч дараах зарчмыг олж тогтоох ёстой. Аравны нэгээ төлөх нь биднийг хувь хүн болон Сүмийн хувьд ариусгадаг.

Суралцагчдад энэ зарчмын ач холбогдлыг ойлгож, мэдрэхэд нь туслахын тулд дараах асуултыг тавь.

  • Аравны нэгээ төлөх нь хэн нэгэнд ариусахад нь яагаад тусална гэж та бодож байна вэ?

Самбар дээрх асуултыг эргэн хар. Бид аравны нэгийн хуулийн дагуу амьдарснаар ямар арга замуудаар адислагддаг вэ? Та суралцагчдыг туршлагаа хуваалцаж бас аравны нэгийн хуулийн талаарх гэрчлэлээ хуваалцахад урьж болно. Та бас өөрөө гэрчлэлээ хуваалцаж болно. Суралцагчдыг Их Эзэнд орлогынхоо арван хувийг аравны нэг болгон төлснөөр итгэлээ хөгжүүлэхэд урамшуулан дэмж.

Дараагийн бүлэг (Сургаал ба Гэрээ 121–123; Науву зохион байгуулагдсан нь)

Суралцагчдыг өөрсдөдөө тохиолдож байсан зовлон бэрхшээлийнхээ талаар болон эдгээр туршлагаас юу сурснаа бодоход урь. Хэрэв та нарыг хуурамчаар яллаж, шоронд оруулсан бол та нарт ямар санагдах байсан бэ? Ирэх долоо хоногт тэд бошиглогч Иосеф Смитийн Либертийн шоронд шударга бусаар хоригдож байхдаа мэдэж авсан зарчмууд болон зовлон зүдгүүрийг туулахыг бидэнд зөвшөөрдөг Их Эзэний зорилгуудын талаар мэдэж авах болно гэдгийг тайлбарла.