Семинар
Гэрээр судлах хичээл: Сургаал ба Гэрээ 41–44 (10-р бүлэг)


Гэрээр судлах хичээл

Сургаал ба Гэрээ 41–44 (10-р бүлэг)

Гэрээр заах багш нарын ашиглах материал

Өдөр бүр гэрээр судлах хичээлийн тойм

Суралцагчдын Сургаал ба Гэрээ 41–44-ийг (10-р бүлэг) судалж байхдаа мэдэж авсан үйл явдал, сургаал, зарчмуудын дараах тойм нь хичээлийн нэг хэсэг болгон заахад зориулагдаагүй. Таны заах хичээл эдгээр сургаал, зарчмын цөөн хэд дээр төвлөрнө. Та суралцагчдынхаа хэрэгцээг бодож үзэхдээ Ариун Сүнсний өдөөлтийг дага.

1 дэх өдөр (Сургаал ба Гэрээ 41)

Суралцагчид Сургаал ба Гэрээ 41-ээс бид Их Эзэнийг сонсож мөн дуулгавартай дагах юм бол Тэр биднийг адислахдаа баяртай байдаг бөгөөд бид Түүний хуулиудыг хүлээн авч мөн тэдгээрийг дагах юм бол Есүс Христийн дагалдагчид болдог гэдгийг мэдэж авсан. Суралцагчид Эдвард Партрижийн Сүмийн хамгийн анхны бишоп байх дуудлагыг судалснаар бишопууд Бурханаар дуудагдаж, гишүүдийн дуу хоолойгоор дэмжигдэн батлагдаж мөн зохих эрх мэдлээр дамжуулан томилогддог гэдгийг мэдэж авсан.

2 дахь өдөр (Сургаал ба Гэрээ 42:1–29)

Сургаал ба Гэрээ 42-ыг “Сүмийн хууль” гэдгээр нь мэддэг болсон. Суралцагчид Сүмийн хуулийн эхний хэсгийг судалж байхдаа хэрэв бид итгэлтэй залбирах юм бол бусдад заахад бидэнд туслах Сүнсийг хүлээн авч чадна гэдгийг мэдэж авсан. Үүнээс гадна суралцагчид Ариун Сүнс бүх зүйлийг мэддэг бөгөөд Эцэг ба Хүүгийн талаар гэрчилдэг гэдгийг мэдэж авсан. Сургаал ба Гэрээ 42-ын энэ хэсэгт судалсан олон хууль, зарлиг дотроос суралцагчид өөр хэн нэгнийг тачаангуйгаар хардаг тэрээр итгэлийг үгүйсгэнэ, мөн Сүнстэй байх нь үгүй гэдгийг мэдэж авсан.

3 дахь өдөр (Сургаал ба Гэрээ 42:30–93)

Суралцагчид Их Эзэний бүхнээ зориулах хуулийн талаар судалж, зааж байхдаа бид ядуус болон гачигдалтай хүмүүсийг халамжлах ёстой бөгөөд бусдад сайныг үйлдсэнээр үүнийг Их Эзэнд үйлддэг гэдгийг мэдэж авсан. Суралцагчид бас хэрэв бид асуувал амар амгалан болон баяр баяслыг бидэнд авчрах мэдлэгийг Их Эзэн бидэнд өгөх болно гэдгийг олж тогтоосон. Тэд ганцаарчлан үйлдсэн гэм нүгэл ганцаарчлан шийдэгдэх ёстой гэдгийг мэдэж аван, энэ хичээлийг дуусгасан.

4 дэх өдөр (Сургаал ба Гэрээ 43–44)

Суралцагчид Сургаал ба Гэрээ 43-аас зөвхөн Сүмийн ерөнхийлөгч л бүх Сүмийн төлөө илчлэлт хүлээн авна гэдгийг мэдэж авсан. Суралцагчид бас Сүмийн цуглаануудын зорилго нь нэг нэгэндээ зааж мөн сэнхрүүлэх бөгөөд бид өөрсдөө сурсан үнэнийнхээ дагуу үйлдэх үүрэгтэй гэдгийг ойлгосон. Суралцагчид Их Эзэн хүүхдүүддээ наманчилж мөн өөрсдийгөө Есүс Христийн Хоёр дахь ирэлтэд бэлтгэхийг хэрхэн зарлигласныг судалснаар Мянган жилийн турш Сатан хүлэгдэж мөн Есүс Христ хүмүүстэйгээ хамт дэлхий дээр хаанчлах болно гэдгийг мэдэж авсан.

Оршил

Суралцагчид энэ хичээлээр суралцагчдын гэрээр судлах хичээлүүд дээр дурдагдаагүй үхэл ба эдгэрэлтийн талаар Сургаал ба Гэрээ 42 дээр өгөгдсөн Их Эзэний сургаалууд дээр төвлөрөх болно.

Заах зөвлөмж

Сургаал ба Гэрээ 42:43–52

Их Эзэн үхэл ба эдгэрэлтийн талаар зөвлөгөө өгөв

Нэг гартаа өвчтэй хүмүүсийг адислахад зориулсан ариулан адисалсан оливын тостой жижиг савыг барьж, нөгөө гартаа савтай эм барь.

  • Эдгээр зүйлийг юунд ашигладаг вэ?

  • Бид өвчтэй байгаа үедээ эдгээр зүйлийн алинд нь найдах хэрэгтэй байдаг вэ?

Суралцагчдыг өөрсдийн бодлыг товч хуваалцсаны дараа нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 42:43–44-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас бид өвчтэй үедээ юунд найдах хэрэгтэй талаар Их Эзэний өгсөн зааврыг олж мэдэхийг хүс. Эдгээр шүлгийг ойлгоход суралцагчдад туслахын тулд 43-р шүлэгт дурдагдсан эмийн ургамал болон хөнгөн хоол хүнс нь энэ илчлэлт өгөгдөх үед нийтлэг хэрэглэгддэг байсан эмийн эмчилгээ байсныг тайлбарлах нь тустай байж болох юм.

Эдгэрэлт нь итгэл болон эмийн эмчилгээгээр аль алинаар нь боломжтой болдгийг ойлгоход нь суралцагчдад туслахын тулд нэг суралцагчийг Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүксийн хэлсэн дараах үгийг чанга уншихад урь. Суралцагчдыг унших хооронд итгэл болон эмийн эмчилгээгээр аль алинаар нь хэрхэн эдгэж болохыг олж сонсохыг ангийнхнаас хүс.

Зураг
Ахлагч Даллин Х.Өүкс

“Хожмын үеийн гэгээнтнүүд хамгийн сайн анагаах мэдлэг, арга барилыг хэрэглэхэд итгэдэг. Бид эрүүл мэндээ хадгалахын тулд хоол тэжээл, биеийн тамирын дасгал болон өөр аргуудыг хэрэглэдэг. Эрүүл болохын тулд эмч, мэс засалч гэх мэт анагаахын мэргэжилтнүүдийн тусламж авахыг хүсдэг.

Анагаах ухааны аргыг хэрэглэх нь итгэлийн залбирал болон санваарын адислалд итгэж найдахтай зөрчилддөггүй.

Мэдээжийн хэрэг, бид итгэлээр залбирахаасаа эсвэл эдгээх санваарын адислалыг өгөхөөсөө өмнө анагаах ухааны бусад бүх аргыг хэрэглэсэн байх ёстой биш л дээ. Яаралтай үед залбирал, адислалыг эхэнд тавьдаг. Бид бүх талын хүч чармайлтыг нэгэн зэрэг хэрэглэх нь олонтоо байдаг” (”Өвчтөнийг эдгээх нь,” Ensign, 2010 оны 5-р сар, 47 эсвэл 2010 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 55).

  • Өвчтэй байгаа үедээ эдгэхийн тулд залбирал, санваарын адислалуудыг авахын зэрэгцээ эмчилгээ хийлгэх нь яагаад чухал гэж та нар бодож байна вэ?

  • 44-р шүлэгт цэдэглэснээр, санваарын адислал хүлээн авсан өвчтэй хүн бүр эдгэрэх үү?

Суралцагчдад санваарын адислал авсан зарим хүн эдгэрэхгүй байж болох шалтгааныг Их Эзэн тайлбарласан гэдгийг хэл. Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 42:48-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, санваарын адислалын үр дүнд хэн нэгэн эдгэрэх эсэхийг шийддэг зарчмыг олж мэдэхийг хүс.

  • 48-р шүлэгт цэдэглэснээр, санваарын адислалын үр дүнг тодорхойлдог хамгийн чухал хүчин зүйл юу вэ? (Хэрэв хүн Есүс Христэд итгэх итгэлтэй байж мөн үхэлд оноогдоогүй бол эдгэрэх болно. Та “үхэлд оноогдоогүй” гэдэг нь үхэл эсвэл эдгэрэлт Их Эзэний цаг, мэргэн ухаан болон хүслийн дагуу тохиолдох болно гэдгийг тайлбарлах хэрэгтэй байж болно.)

  • Есүс Христэд итгэх итгэлтэй хүн бүр яагаад эдгэрдэггүй вэ?

  • Бид бүгдэд зориулсан Бурханы хүсэл болон цаг хугацаанд итгэлтэй байх нь яагаад чухал байдаг вэ?

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 42:48-аас өвчнөөсөө эдгэрэх талаар бидний сурч болох зарчмыг олж тогтооход урь. Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч тэдний хариулт дараах зарчмыг тусгах хэрэгтэй. Хэрэв бид Есүс Христэд итгэх итгэлтэй байвал Түүний хүслийн дагуу эдгэрч чадна. Та суралцагчдад 48-р шүлэг дээрх энэ зарчмыг зааж буй үг, хэллэгүүдийг тэмдэглэхийг санал болгож болно.)

Суралцагчдад бидний итгэл хүсэн хүлээж байгаа тодорхой үр дүнгээс маань илүүтэй Есүс Христэд төвлөрөх ёстой гэдгийг ойлгоход туслахын тулд нэг суралцагчийг Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүксийн хэлсэн дараах үгийг чанга уншихыг хүс. Ангийнхныг бидний итгэл Есүс Христэд төвлөрөх нь яагаад чухал болох шалтгааныг олж сонсоход урь.

Зураг
Ахлагч Даллин Х.Өүкс

Бидний үүрд мөнхийн сайн сайхан байдалд юу хамгийн сайн болохыг Тэр мэддэг гэдгийг мөн Түүний агуу хайрыг мэддэг Бурханы хүүхдүүд бид Түүнд итгэдэг. Сайн мэдээний анхны зарчим нь Их Эзэн Есүс Христэд итгэх итгэл юм. Итгэл гэдэг нь найдвар гэсэн үг. Хүнд өвчнөөс болж хорвоог орхисон арван хэдтэй охины оршуулгын ёслол дээр миний нэг хамаатан үг хэлэхэд би тэр найдлагыг мэдэрч байлаа. Эхлээд намайг гайхшируулж, улмаар гэгээрүүлсэн дараах үгсийг тэр хэлж билээ: ‘Тэр охин хорвоог орхисон нь Их Эзэний хүсэл байсныг би мэднэ. Түүнд сайн эмчилгээ хийсэн. Санваарын адислал өгөгдсөн. Түүний нэр ариун сүмийн залбирлын нэрсийн жагсаалтад байсан. Охиныг эдгэрч, эрүүл болохын төлөө зуу зуун залбирал хэлэгдсэн. Түүнийг энэ үед гэртээ аваачих нь Их Эзэний хүсэл биш байсан бол тэр эдгэрэх байсан гэж гэрийнхэн нь баттай итгэж байсныг би мэднэ’ гэж тэр хэлсэн юм. Мөн арван хэдэн настайдаа нас барсан өөр нэг сор болсон охины эцгийн хэлсэн үгэнд би тийм найдварыг мэдэрсэн юм. Тэрээр ‘манай гэр бүлийн итгэл Есүс Христэд төвлөрдөг бөгөөд энэ нь бидний итгэлийн үр дүнгээс хамаардаггүй. Түүний энэ үг миний хувьд үнэн юм. Бид хайрт нэгнийгээ эдгэрэхийн төлөө чадах бүхнээ хийдэг. Харин үр дүн нь ямар байхыг бид Их Эзэнд даатгадаг”’ гэж хэлж билээ (“Өвчтөнийг эдгээх нь,” 58).

  • Ахлагч Өүксийн ярьсан хүмүүс Есүс Христэд итгэх итгэлээ хэрхэн харуулсан бэ?

  • Заримдаа хайртай хүнээ амьдарч эсвэл эдгэрэхийг харснаас илүү түүнийг нас барахыг эсвэл удаан хугацаанд өвчиндөө шаналахыг харах үед илүү их итгэл шаардагддаг. Яагаад ийм байж болно гэж та нар бодож байна?

  • Бид хүсэн хүлээсэн үр дүнгээ хүлээн авахгүй байж болох ч Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэх нь яагаад чухал гэж та нар бодож байна вэ?

Суралцагчдаас эмчилгээний зохих зөвлөгөөнүүдийг дагаж, залбирал болон санваарын адислалуудаар дамжуулан эдгэрэхийг хичээсэн боловч нас барсан хэн нэгнийг мэддэг эсэхийг асуу. (Ийм нөхцөл байдлыг туулсан суралцагчдад онцгой мэдрэмжтэй ханд.) Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 42:45–47-г чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, хайртай хүн нь нас барсан хэн нэгэнд тайтгарал авчирч болох үгсийг олж мэдэхийг хүс.

  • 45-р шүлэг нь бид нас нөгчсөн тэднийг алдсаныхаа төлөө уйлах болно хэмээн хэлдэг. 46-р шүлэгт заасан ямар сургаал нь хайртай нэгнээ алдсан тэдэнд тайтгарал өгч болох вэ? (Их Эзэнд нас нөгчсөн тэдэнд үхэл нь тааламжтай байх болно. Та суралцагчдад энэ үнэнийг заасан үг хэллэгүүдийг тэмдэглэхийг зөвлөж болно.)

  • Их Эзэнд “нас нөгчсөн” гэдэг нь юу гэсэн үг гэж та нар бодож байна вэ? (Үүнийг тайлбарлах нэг арга зам нь хүн эцсээ хүртэл итгэлтэй тэвчиж бас нас бартлаа ариун гэрээнүүдээ сахисан.)

  • Үхэл нь Их Эзэнд нас нөгчсөн тэдэнд “тааламжтай” байх болно гэдэг нь юу гэсэн үг гэж та нар бодож байна вэ? (Та нас барсан итгэлтэй хүн нь бие махбодын өвчинд шаналан зовсон байж болох хэдий ч энэ амлалт нь сүнсний дэлхийд түүний амсах амар амгаланг хэлж байгааг тайлбарлах хэрэгтэй байж болно.)

Суралцагчдыг хэрэв тэд өнөөдөр үхэх байсан бол үхэл нь тэдэнд “тааламжтай” байхаар амьдарч байгаа эсэхээ тунгаан бодоход урь. (Та суралцагчдыг бодлоо хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ бичиж авахад урьж болно.)

Өнөөдрийн хичээл дээр заагдсан үнэнүүдийн талаар гэрчлэлээ хуваалцан, хичээлээ дуусга.

Дараагийн бүлэг (Сургаал ба Гэрээ 45–48)

Суралцагчдаас Есүс Христийн Хоёр дахь ирэлтийн талаар санаа зовж байсан эсэхийг асуу. Дараагийн хэсгээр тэд Аврагчийн Хоёр дахь ирэлтийн шинж тэмдгүүдийн талаар илүү дэлгэрэнгүй суралцах болно гэдгийг тайлбарла. Есүс Христийг ирэх үед юу тохиолдох вэ? Тэр цаг үед бэлэн байхын тулд бид юу хийж чадах вэ?