Семинар
45-р хичээл: Огайод


45-р хичээл

Огайод

Оршил

Энэ хичээл нь суралцагчдад Огайо дахь гэгээнтнүүдийн амьдралыг тоймлон харуулах болно. 1830 оны 12-р сард гэгээнтнүүдэд Огайо руу нүүхийг зарлигласан (С ба Г 37:3-ыг үзнэ үү) бөгөөд 1831 оны 1-р сард, хэрэв тэд дуулгавартай байвал “тэнгэрийн хүчээр хишиг хүртэх болно (С ба Г 38:32) гэсэн амлалт өгөгджээ.

Огайод цугларсан хүмүүс агуу ихээр адислагдсан байна. Үргэлжлэн ирж буй илчлэлтүүд нь гэгээнтнүүдийг Есүс Христийн сайн мэдээний илүү гүн гүнзгий ойлголт руу хөтлөв. Үүнээс гадна тэд ариун сүм барьж, сайн мэдээг номлосноор ирсэн адислалуудыг хүлээн авчээ. Огайо дахь Сүм тоогоор болон сүнслэг хүчээр өсөхийн зэрэгцээ, Сүм болон Сүмийн удирдагчдын эсрэг харгис эсэргүүцэл өсөн нэмэгдэж байв. Бошиглогч Иосеф Смит 1831 оны 1-р сараас 1838 оны 1-р сар хүртэл Көртландад амьдарсан.

Заах зөвлөмж

Көртландын тойм

1831 оны 1-р сард бошиглогч Иосеф Смит, түүний эхнэр Эмма, Сидней Ригдон, Эдвард Партриж нар Нью-Йоркоос гаран Огайог зорьсон аж. Нью-Йорк дахь гэгээнтнүүдийн ихэнх нь дараагийн таван сарын хугацаанд тэдний араас явав. Дараагийн дөрвөн богино хичээл нь Сүмийн түүхэн дэх Огайогийн чухал үйл явдлуудын тоймыг багтаасан болно. Ангийг дөрвөн бүлэг болгон хуваарилж, бүлэг тус бүрд нэг богино хичээлийг оноож өг. (Хэрэв ангид байгаа суралцагчдын тоо хүрэлцэхгүй байвал та ангиа арай цөөн бүлэгт хувааж, нэг бүлэгт нэгээс дээш богино хичээлийг оноож өгч болно.) Суралцагчдыг тоймуудаа судалж, ангийнхандаа уг материалыг заахаар бэлтгэхэд урь. Суралцагчдад бэлдэх хангалттай цаг өгсний дараа бүлэг бүрийг ангид заах нэг гишүүнийг бүлгээсээ сонгоход урь. Нэг хичээлд 3-аас 4 минут шаардлагатай.

Богино хичээл 1—Сүмийн хууль

Дараах асуултуудыг тавьснаар хичээлээ эхэл.

  • Хуулиуд яагаад чухал вэ?

  • Сүмд хуулиуд яагаад чухал байж болох вэ?

Гэгээнтнүүдийг Огайод очсоны дараа Их Эзэн “[гэгээнтнүүдэд] өөрийн хуулийг өгөх болно” (С ба Г 38:32) хэмээн амласан гэдгийг ангийнханд сануул. Гэгээнтнүүдийг Огайод ирэхэд Их Эзэн амлалтаа биелүүлж, Сүмийн хууль хэмээх илчлэлтээ өгсөн гэдгийг тайлбарла. Сургаал ба Гэрээ 42-т цэдэглэгдсэн энэ хууль нь Сүмийн үйл ажиллагаануудыг удирддаг зарлигууд болон заавруудыг багтаадаг. Ангийн гишүүдийг Сургаал ба Гэрээ 42-р хэсгийн хураангуй (нэгдүгээр шүлгийн өмнө байрладаг)-г гүйлгэн уншиж, Их Эзэний гэгээнтнүүдэд өгсөн зарим хуулийг олж мэдэхэд урь.

Энэ хэсгийн хураангуйгаас суралцагчдыг “Өмч хөрөнгийн өргөлийг зохицуулах хуулиуд толилуулагдав” хэмээх өгүүлбэрийг тэмдэглэхэд урь.

Энэ илчлэлтээр “Бурханы хаант улсыг байгуулж, барихын тулд эрэгтэй, эмэгтэй хүмүүс сайн дураараа өөрсдийн цаг, авьяас чадвар, материаллаг зүйлсээ зориулдаг тэнгэрлэг зарчим” болох бүхнээ зориулах хуулийг Их Эзэн өгсөн (Судруудын Удирдамж, “Зориулах, Зориулалтын буюу өргөлийн хууль,” scriptures.lds.org). Бүхнээ зориулах хуулийн зарим зорилго нь ядуусыг халамжлан, шунаг сэтгэлээ үгүй хийн, гэгээнтнүүдийн дунд нэгдмэл байдлыг бий болгох зэргийг агуулж байв.

Их Эзэн бүхнээ зориулах хуулийг илчлээд жил гаруй хугацаа өнгөрсний дараа Сүмийн удирдагчдад Нэгдсэн журам байгуулахыг зарлиглав. Бүхнээ зориулах хуулийн зарчмууд дээр үндэслэсэн Нэгдсэн журмын нэг зорилго нь Сүмийн гишүүдэд, ялангуяа ядуу хүмүүст материаллаг зүйлээр туслахын тулд агуулахуудыг бий болгох явдал байсан. Энэ нь тэр үед амьдарч байсан гэгээнтнүүдийн хувьд адислал байсан юм. Учир нь Нью-Йоркоос Огайод ирж суурьшсан олон Сүмийн гишүүн гэр орон болон эд хөрөнгөө орхих хэрэгтэй болсон байв. Нэгдсэн журам нь мөн номлолын ажил болон хэвлэл гэх мэт Сүмийн олон төслүүдийг санхүүжүүлж байв. Бид хожим хичээлүүд дээрээ бүхнээ зориулах хуулийн талаар болон энэ нь гэгээнтнүүдэд хэрхэн нөлөөлсөн талаар илүү дэлгэрэнгүй суралцах болно.

Богино хичээл 2—Көртландын ариун сүм

Суралцагчдад гэгээнтнүүдийг Огайод ирэхэд тэдэнд “тэнгэрийн хүчээр хишиг хүртээх болно” (С ба Г 38:32-ыг үзнэ үү) хэмээсэн Их Эзэний амлалтыг сануул. Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 88:119-ийг чанга уншихад урь. Их Эзэний гэгээнтнүүдэд өгсөн зарлигийг олж мэдэхийг ангийнхнаас хүс. Тэднийг Их Эзэн тэдэнд байшин барихыг зарлигласныг тодорхойлсны дараа Их Эзэний хэлж буй тэр “байшин” нь ариун сүм болохыг тайлбарла. Көртландын ариун сүм бол энэ эрин үед баригдсан хамгийн анхны ариун сүм юм.

Суралцагчдыг өөрсдийнхөө судар дээр байгаа Көртландын ариун сүмийн зургийг гаргахад урь (Сүмийн түүхэн гэрэл зургууд, зураг 9, “Көртландын ариун сүм”).

Көртландын ариун сүмийг барихад 3 орчим жил шаардагдсан гэдгийг тайлбарла. Энэ ариун сүм 1836 оны 3-р сарын 27-нд онцгойлон адислагдсаны дараа, Их Эзэн гэгээнтнүүдэд тэнгэрийн хүчээр хишиг хүртээх болно гэсэн амлалтаа биелүүлж эхэлсэн ба тэд гайхамшигтай сүнслэг адислалуудыг авсан. Жишээ нь, Их Эзэн Көртландын ариун сүмд Өөрийн биеэр Иосеф Смит, Оливер Каудери нарт үзэгдэж, Тэрээр “энэ өргөөг хүлээн авсан” (С ба Г 110:7)-аа тунхагласан юм. Тэр бас дэлхий дээр санваарын чухал түлхүүрүүдээ сэргээхээр гурван тэнгэр элч болох Мосе, Елиас болон Елиаг илгээв. Эдгээр түлхүүр нь ариун сүмийн ёслолуудыг гүйцэтгэж мөн гэр бүлүүдийг үүрд мөнхөд лацдан холбох эрх мэдлийг гэгээнтнүүдэд олгох байв. Үүнээс гадна, “Израилыг цуглуулах түлхүүрүүд” энэ цаг үед сэргээгдсэн (С ба Г 110:11). Үүний үр дүнд номлогчид дуудагдаж мөн дэлхий даяар сайн мэдээг заах эрх мэдэлтэй болсон.

Богино хичээл 3—Номлолын ажил

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 42:6–7-г чанга уншихад урь. Ангийнхныг дагуулан харж, гэгээнтнүүдийг Огайод ирсний дараа Их Эзэний тэдэнд өгсөн зарлигийг олж мэдэхийг хүс. Суралцагчдыг шүлгүүдийг уншсаны дараа, дараах асуултуудыг тавь.

  • Их Эзэн гэгээнтнүүдэд ямар зарлиг өгсөн бэ?

  • 6-р шүлэгт цэдэглэгдсэнээр, эдгээр номлогч сайн мэдээг хэрхэн номлох ёстой байсан бэ?

  • Энэ нь өнөөдөр бүрэн цагийн номлогчид сайн мэдээг хэрхэн номлодогтой юугаараа адилхан байна вэ?

Нэгэнт Көртландын ариун сүм онцгойлон адислагдаж мөн Израилыг цуглуулах түлхүүрүүд дахин сэргээгдсэн болохоор Сүмийн гишүүд илүү олон газар Есүс Христийн сайн мэдээг тунхаглаж эхлэв. Суралцагчдыг судраасаа Сүмийн түүхийн газрын зургууд хэсгийн Газрын зураг 3-ыг гаргахад урь (“АНУ-ын Нью-Йорк, Пеннсильвани, Огайогийн газар нутаг”).

Суралцагчдыг газрын зургийг харж байх үед, Их Эзэн гэгээнтнүүдийг “бүх үндэстнүүдийн дотор” номлуулахаар урагш илгээх болно (С ба Г 38:33) хэмээн амласныг сануул. Көртланд бол дэлхий даяар номлогчдоо явуулж эхлэх хамгийн тохиромжтой байрлал байсныг тайлбарла. Көртланд Нэгдсэн улс дахь хэд хэдэн тээврийн гол замтай ойролцоо байв. Номлогчид Көртландаас Америкийн томоохон голууд болон Эрий нуурын уурын хөлөг онгоцон дээр очихын тулд богино зам туулах шаардлагатай байдаг байв. Тэд бас өмнө зүгтээ үндэсний авто замын системтэй, хойд зүгтээ сувгийн системтэй холбогдсон байсан юм. Үүний улмаас, Көртланд нь Канад, Нэгдсэн Улсын бусад хэсэг болон Их Британи руу номлолд явах гол цэг байв.

Энэ үеийн номлогчдын ажлын ачаар дэлхий даяарх Сүмийн гишүүдийн тоо мянга мянгаараа өссөн гэдгийг тайлбарла. 1837 онд ахлагч Хебер С.Кимбалл, ахлагч Оорсон Хайд хоёр өөр таван хүний хамт Их Британид номлолд дуудагдсан ба тэд тэнд 2000 орчим хүнд баптисм хүртээсэн. 1838 онд гэгээнтнүүд хавчлага дарамтын улмаас Көртландыг орхин явах үед Көртландад амьдарч байсан Сүмийн гишүүд 2000 орчимд, дэлхий даяарх Сүмийн гишүүд бараг 18000-д хүрээд байв.

Богино хичээл 4—Бусад чухал илчлэлт ба үйл явдал

Ангийн гишүүдийг Сургаал ба Гэрээ 42:61-ийг дотроо уншихад урь. Тэднийг уншиж дууссаны дараа, Иосеф Смитийг Огайод ирсний дараа Их Эзэн түүнд хэрэв тэр Бурханаас асуух аваас “илчлэлт дээр илчлэлтийг хүлээн авах” болно хэмээн хэлснийг онцлон хэл. Дараа нь суралцагчдыг Сургаал ба Гэрээний агуулгын он цагийн дараалал (оршлын дараа байдаг)-ыг гаргахад урь. Тэднээс Сургаал ба Гэрээн дээр цэдэглэгдсэн илчлэлтүүдийн ихэнхийг хаана хүлээн авсныг олж тогтоохыг хүс. Тэднийг ихэнх илчлэлтийг Огайод хүлээн авсныг олж мэдсэний дараа Огайо дахь энэ олон илчлэлт нь Их Эзэний үгийг биелүүлсэн гэдгийг тайлбарла.

Огайод хүлээн авсан чухал илчлэлтүүдийн заримыг нь ангийн гишүүдэд харуулахын тулд Сургаал ба Гэрээний дараах хэсгүүдээс нэг юм уу хоёрыг суралцагч бүрд оноо. Сургаал ба Гэрээ 76; 89; 107; 137.

Хэсэг бүр дээр, томилогдсон суралцагчдыг хэсгийнхээ оршлыг уншиж, нэгдүгээр шүлгийн өмнө байдаг хэсгийн хураангуйг гүйлгэн уншихыг хүс. Дараа нь суралцагч бүрийг оногдсон хэсгүүд нь яагаад чухал болохыг тайлбарлахад урь. Тэднийг тайлбарлах үед тэд дараах зүйлийг хэлж байгаа эсэхийг бататга.

Сургаал ба Гэрээ 76; 137 (Алдар суугийн гурван зэрэг болон селестиел хаант улсын талаарх илчлэлтүүд)

Cургаал ба Гэрээ 89 (Мэргэн ухааны үг)

Сургаал ба Гэрээ 107 (Санваарын талаарх илчлэлт)

Суралцагч бүрд хуваалцах боломж олгосны дараа дараах асуултыг тавь.

  • Огайо дахь гэгээнтнүүдийн хувьд эдгээр үнэний заримыг нь анх сонсоход тэдэнд ямар байсан бол гэж та нар бодож байна вэ?

Эдгээр илчлэгдсэн үнэнээс гадна Их Эзэн энэ үеэр Иосеф Смитэд Сүмийн удирдлагыг зохион байгуулахыг түүнчлэн зааварчилсан гэдгийг тайлбарла. Тэргүүн Зөвлөл, Арван хоёр Төлөөлөгчийн Чуулга болон Далын чуулга нь гэгээнтнүүдийг Огайод амьдарч байх үед албан ёсоор зохион байгуулагдсан. Үүнээс гадна, Иосеф Смит Библийн орчуулга дээрээ үргэлжлүүлэн ажиллаж байв.

Эсэргүүцэл болон урвалт Огайо дахь итгэлтэй гэгээнтнүүдийг хөмрөв

Суралцагчдыг дээрх үйл ажиллагааг гүйцэтгэсний дараа тэр үед Огайод байсан гэгээнтнүүд Их Эзэнээр үлэмж их адислагдаж байсан хэдий ч, Сатан Сүмийг эсэргүүцэх эсэргүүцлээ өсгөн нэмэгдүүлж байсныг тайлбарла. Гэгээнтнүүдийг Көртландад ирмэгц, Мормончуудын эсрэг шүүмжлэгчид Сүмийг дайрч эхлэв.

Нэг суралцагчийг энэ нөхцөл байдлын талаар Иосеф Смитийн дараах мэдэгдлийг уншихад урь.

Зураг
Бошиглогч Иосеф Смит

“Сүмийн энэ үед уг ажлыг сонирхох, эсвээс итгэлийг хүлээн авахаас хүмүүсийг холдуулахын тулд олон хуурамч илтгэл, худал хуурмагууд, мунхаг түүхүүд сонинд нийтлэгдэж мөн тараагдаж байв” (History of the Church, 1:158-д).

Эдгээр сөрөг мэдээллийн заримыг нь янз бүрийн шалтгааны улмаас Сүмийг орхисон хүмүүс эхлүүлсэн гэдгийг тайлбарла. Жишээ нь, 1831 оны 9-р сард өмнө нь Сүмийн гишүүн байсан Эзра Бут гэгч Сүмд нэгдэх гэж байсан хүмүүсийг ятгаж болиулахаар хичээн Сүмийн талаарх өөрийн шүүмжийг бичсэн 9 захидлаа хэвлүүлж байв (Documents, Volume 1: July 1828–June 1831, vol. 1 of the Documents series of The Joseph Smith Papers [2013 он], 203–204-ийг үзнэ үү; мөн түүнчлэн Church History in the Fulness of Times Student Manual, 2 дахь хэвлэл. [Сүмийн Боловсролын Системийн гарын авлага, 2003 он], 113–115-ыг үзнэ үү). Эдгээр захидал нь Сүмийн эсрэг дайсагнах дайсагналыг өсгөн нэмэгдүүлсэн. Иймэрхүү нөлөөнүүдээс үүдэлтэй хавчлага дарамт нь заримдаа ялангуяа бошиглогч болон Сүмийн бусад удирдагчийн эсрэг хүчирхийлэл болон хувирч байв.

1832 оны 3-р сарын 24-ний орой болсон нэгэн хэрцгий явдлаар 25-30 танхайрагч Иосеф, Эмма Смит хоёрын байрлаж байсан Огайогийн Хайрам дахь Жон Жонсоны гэр рүү дайрав. Тэр эрчүүд Иосеф Смитэд хүч хэрэглэн, түүнийг харанхуйд чирж гаргажээ. Тэд түүнийг боож, хувцсыг нь урж тасдан мөн хуруу шилтэй хүчил аманд нь цутгахаар оролдсон ба ингэснээр түүний нэг шүд хугарч, түүнээс хойш түүнийг ярихад бага зэрэг исгэрч байгаа мэт чимээ гардаг болжээ. Дараа нь түүний биед давирхай түрхэн, өд наагаад түүнийг орхисон байв. Иосеф жаахан тэнхээтэй болонгуут, гэр рүүгээ буцжээ. Түүнийг хаалган дээр ирэхэд Эмма, цус шиг харагдаж байсан түүний давирхайг хараад муужирч унажээ. Найзууд нь давирхайг шөнийн турш цэвэрлэж хонов. Ням гараг болох дараагийн өдөр нь Иосеф танхайрагчдын зарим нь ирсэн цуглаан дээр номлосон. Тэр цуглааны дараа Иосеф 3 хүнд баптисм хүртээсэн байна. (History of the Church, 1:261–265-ыг үзнэ үү.)

Энэ халдлагын тэмцэл, үймээн самууны үеэр байшингийн хаалга онгорхой орхигдсон байв. Үүний улмаас аль хэдийн улаан бурхан тусаад өвчтэй байсан Иосефын хүү, Иосеф Мурдок Смит “хатгаа” авч, 5 өдрийн дараа нас баржээ. Тэр орой бас Сидней Ригдоныг хөлийн өсгийнөөс нь чирж гэрээс нь гаргасан байв. Түүний толгой ширүүн, хөлдүү газраар чирэгдэн маш ихээр зулгарсан байсан бөгөөд тэр хэдэн өдрийн турш ухаан балартсан байдалтай байжээ. (History of the Church, 1:265-ыг үзнэ үү.)

Эдгээр болон бусад хүнд хэцүү зүйл тохиолдож байсан хэдий ч гэгээнтнүүд Көртландад, ялангуяа 1836-аас 1838 оны хооронд цугларсаар байсныг тайлбарла. Гэхдээ 1837 оны өвөл болон 1838 оны хавар мөрдлөг хавчлага үлэмж ширүүссэн тул гэгээнтнүүдийн ихэнх нь Огайог орхихоос өөр аргагүй байдалд хүрэв. Иосеф Смит, Сидней Ригдон, Бригам Янг зэрэг Сүмийн удирдагчид амь насаа хамгаалахын тулд Көртландаас дүрвэх хэрэгтэй болов.

Хэдийгээр Сүм Көртландад агуу их зовлон бэрхшээл, хавчлага дарамтыг туулсан боловч Их Эзэн итгэлтэй үлдсэн тэдгээрийг агуу ихээр адисалсан гэдгийг хуваалцан хичээлээ төгсгө.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Көртланд дахь урвалт

1833 онд урьд нь Сүмийн гишүүн байсан өөр нэг гишүүн Сүмд маш их асуудал учруулав. Доктор Пиластис Хөрлбат Сүмийн ахлагч байсан боловч номлолд үйлчилж байхдаа садар самуун үйлдсэн учраас Сүмийн гишүүнчлэлээс хасагджээ. Сүмийн удирдагчид түүнд нигүүлсэнгүй хандаж, түүний гишүүнчлэлийг сэргээхийг зөвшөөрсөн боловч тэр дахин нүгэл үйлдэж, хоёр дахь удаагаа хөөгдөв. Хөрлбат дараа нь Мормончуудын эсрэг гэрчийн мэдүүлгүүд цуглуулан, Мормоны Ном нь Бурханы хүчээр орчуулагдаагүй харин Соломон Сполдингийн гар бичмэл дээр үндэслэсэн гэж худал мэдэгдэл гарган Сүмийн болон Иосеф Смитийн нэр төрийг гутаахаар оролдов.

Хөрлбат, Сидней Ригдон Мормоны Номыг бичихийн тулд Сполдингийн гар бичмэлийг нууцаар олж аван, Иосеф Смиттэй хамтран хүний бичсэн зохиолоос хулгайлсан гэж зүтгэжээ. Гэхдээ Мормоны Номыг үгүйсгэх гэсэн энэ оролдлого нь ямар ч үндэслэлгүй байв. Сполдингийн гар бичмэлийг олох үед, шалгах хяналтынхан Мормоны Номтой таарах зүйлс, тэр бүү хэл энэ хоёрын хооронд ижил төстэй зүйл ч олж чадаагүй байна. Үүнээс гадна, Сидней Ригдон Мормоны Номыг хэвлэгдэн гарсны дарааг хүртэл Иосеф Смиттэй уулзаагүй байсан. Оливер Каудери Хөрлбатын худал гүтгэлгийн талаар гэрчлэхдээ: “Би … [Мормоны Номыг] орчуулан авсан алтан ялтсуудыг өөрийн гараар барьж үзсэн. Би бас үүнийг хөрвүүлэгчдийг харсан. Энэ ном бол үнэн. Сидней Ригдон энэ номыг бичээгүй. Ноён Сполдинг энэ номыг бичээгүй. Үүнийг бошиглогчийн амнаас гарсны дагуу би өөрөө бичсэн” гэжээ. [Рүбэн Миллэр, тэмдэглэл, 1848–1849, Гэр бүлийн болон гэр бүлийн түүхийн хэлтсийн архив, 1848 оны 10-р сар; орчин үеийн тэмдэг, зөв бичгийн дүрмийн дагуу болгосон.]” (Жэймс Э.Фаустын эш татсанаар, “Some Great Thing,” Ensign, 2001 оны 11-р сар, 47).

Огайод амьдарч байсан зарим хүн, Сүмийн гишүүд удалгүй маш олон болж, санал өгөх хэсэгтэй, улс төрийн эрх мэдэлтэй болж болзошгүй гэж санаа зовж байсан учраас Иосеф Смитийг болон Мормоны Номыг үгүйсгүүлэхээр Пиластис Хөрлбатад мөнгө төлж байжээ. Иосеф Смит Сүмийн гишүүд “ёс суртахуунгүй байдал болон завхайрлаас болж сүмээс хөөгдсөн Доктор Хөрлбат нэртэй хэн нэгний хэлсэн зүйлээс болж мөрдлөг хавчлагад өртөж байгаа мөн биднийг гүжирдэхийн тулд тэр гайхамшигтайгаар худал ярьж, хүмүүс түүний нөлөөнд автан Мормонизмыг унагахаар түүнд мөнгө өгч байгаа нь одоогийн бидний амьдралд аюул нүүрлүүлээд байгаад” гашуудаж байгаагаа захидалдаа бичжээ (“Виллям В.Фелпс болон бусдад бичсэн захидал, 1833 оны 8-р сарын 18,“ 3; josephsmithpapers.org вэбсайтыг үзнэ үү; зөв бичгийн дүрмийг стандартын дагуу болгосон).

Көртланд дахь бусад өсөлт

Их Эзэн Көртландад Сүмийн илүү олон бүтцийг илчилсэн. Көртландад байх хугацаанд дараах санваарын албад илчлэгдсэн юм. Үүнд: бишоп, дээд прист, Тэргүүн Зөвлөл, патриарх, дээд зөвлөл, төлөөлөгч болон дал.