Семинар
61-р хичээл: Сионы төв газар


61-р хичээл

Сионы төв газар

Оршил

1831 оны зун Огайод цугларсан гэгээнтнүүдийн зарим нь Миссуригийн Жаксон гүнлэгт суурьшиж эхлэв. 1831 оны 7-р сарын 20-нд бошиглогч Иосеф Смитэд өгсөн илчлэлтдээ, Их Эзэн Миссуригийн Индепенденсийг Сионы “төв газар” хэмээн тодорхойлжээ (С ба Г 57:3). Гэгээнтнүүд Сионыг байгуулахад бэлтгэхийн тулд тэр хавийн газруудыг худалдаж авах ёстой байсан ба Их Эзэний зарлигуудыг бас сахих ёстой байжээ. Гэсэн хэдий ч, удалгүй гэгээнтнүүд болон Миссуригийн Жаксон гүнлэгийн ихэнх иргэдийн хооронд зөрчилдөөн бий болж, улмаар танхайрагчдыг гэгээнтнүүдийн эсрэг хүчирхийлэл үйлдэхэд хүргэсэн байна. Гэгээнтнүүд 1833 оны 11, 12-р сард Жаксон гүнлэгээс хөөгдөн гарчээ.

Заах зөвлөмж

Их Эзэн Миссуригийн Индепенденсийг Сионы төв газар хэмээн тодорхойлов

Хичээл эхлэхээс өмнө Огайогийн Көртланд гэсэн үгийг цаасан дээр бичээд, ангийн нэг талын ханан дээр байрлуул. Нөгөө талын ханан дээр Миссуригийн Индепенденс гэж цаасан дээр бичсэн үгийг байрлуул. Эсвэл та самбар дээр Огайогийн Көртланд, Миссуригийн Индепенденсийг тод тэмдэглэсэн Нэгдсэн Улсын төвийн баруун хэсгийн энгийн газрын зургийг зурж болно (Сүмийн түүхийн газрын зургууд, Газрын зураг 6, “Өрнөд руу хийсэн Сүмийн нүүдэл”-ийг үзнэ үү). Хичээлийг заахдаа газрын зурагт анхаарал хандуул.

Зураг
газрын зураг, АНУ-ын зүүн хойд хэсэг

Суралцагчдыг хээр хонож байхад нь шуурга ирж байна гэж төсөөлөхийг хүссэнээр хичээлээ эхэл.

  • Шуурганаас хоргодох ямар аргууд байдаг вэ? Ийм нөхцөлд майхан яаж тус болох вэ?

Бошиглогч Исаиа Сионыг асар том майхантай зүйрлэн хэлсэн гэдгийг тайлбарла. Тэрээр, “Майхныхаа талбайг өргөтгөн, сууцныхаа хөшгийг дэлгэн татаж, бүү хаагтун. Аргамжаагаа уртасгаж, гадсаа бөхлөгтүн” (Исаиа 54:2) гэж хэлжээ. Их Эзэн Тэргүүн Зөвлөл болон Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгаар дамжуулан дэлхий даяар Сионы гадаснуудыг байгуулж байгаа нь энэ бошиглолын биелэлт юм.

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 64:41–43-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас дагаж уншаад, Их Эзэний Сионд цугларах зөв шударга хүмүүст амласан адислалуудыг олж мэдэхийг хүс.

  • Сионд цуглардаг зөв шударга хүмүүст Их Эзэн ямар адислалуудыг амласан бэ?

1831 оны 7-р сард Их Эзэн Миссуригийн газар нутаг бол Сионы амлагдсан нутаг бөгөөд Миссуригийн Индепенденс нь Сион хотын “төв газар” байна (С ба Г 57:1–3-ыг үзнэ үү) хэмээн тунхаглажээ.

Нэг суралцагчийг Миссуригийн Индепенденс гэсэн тэмдгийн хажууд зогсоход урь. Суралцагчийг самбар дээр майхны зураг зурахыг хүс. (Хэрэв анги хангалттай том байвал та толгой хоргодох хот барьж эхэлж буй гэгээнтнүүдийг төлөөлүүлэхээр майхан авчирч, нэг эсвэл хоёр суралцагчаар үүнийг бариулах талаар бодож үзээрэй.)

  • Та нар өмнө нь майхныг буруу барьж байсан эсвэл хэсгүүд нь дутуу майхан барьж байсан уу? Юу тохиолдсон бэ?

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 105:5-ыг дотроо уншаад, Сионы “майхан” нь Их Эзэн хүлээн авахуйц байхын тулд хэрхэн баригдах ёстойг олж мэдэхэд урь. Суралцагчдаас олж мэдсэн зүйлээ тайлагнахыг хүс.

Дараах зарчмыг самбар дээр бич. Сион нь селестиел хаант улсын хуулийн зарчмууд дээр баригдах ёстой. Их Эзэн 1831 онд Сионы байршлыг илчилсний дараагийн хоёр жилд нь гэгээнтнүүд ямар зарчмуудад тулгуурлан Сионыг барих ёстой талаар олон илчлэлт өгсөн.

Дараах судрын эшлэлүүдийг самбар дээр бич.

Сургаал ба Гэрээ 82:14–19

Сургаал ба Гэрээ 97:10–16

Сургаал ба Гэрээ 97:21–22, 25–27

Сургаал ба Гэрээ 133:4–9

Суралцагчдыг дөрвөн бүлэгт хуваагаад бүлэг бүрд самбар дээрх судрын хэсгүүдийн нэгийг өг. Бүлгүүдийг оногдсон судрын хэсгийг уншаад, Сионыг амжилттай байгуулахын тулд гэгээнтнүүдийн дагах хэрэгтэй зөв шударга ёсны зарчмууд эсвэл зарлигуудыг олж мэдэхэд урь.

Суралцагчид оногдсон хэсгүүдээ уншсаны дараа, тэднийг олж мэдсэн зүйлээ бусадтайгаа хуваалцахад урь. Нэг суралцагчийг самбарт өөрсдийн хариултуудыг бичихэд урь. (Суралцагчдын хариултууд дараах зүйлсийг багтаах ёстой: өргөлийн хуулиар амьдарч мөн бусдын сайн сайхныг эрэлхийл [С ба Г 82:17–19]; ариун сүм барьж мөн тэнд заавар хүлээн ав [С ба Г 97:10–14]; зүрх сэтгэлдээ цэвэр ариун бай [С ба Г 97:16, 21]; зарлигуудыг сахь [С ба Г 97:25–26]; өөрсдийгөө ариусгаж дэлхийн зүйлсээс холдох гэсэн утгатай “Вавилоноос гарагтун,” [С ба Г 133:4–5].)

  • Зөв шударга байдлын эдгээр зарчмаар амьдрах нь Сионыг барьж мөн сүнслэг шуурганаас хамгаалагдахад нь гэгээнтнүүдэд ямар арга замаар тусалсан байж болох вэ? Эдгээр зарчмаар амьдрах нь өнөө үед биднийг хэрхэн хамгаалж болох вэ?

Та цөөн хэдэн суралцагчийг судруудаа авчирч, Огайогийн Көртланд гэсэн тэмдгийн хажууд зогсож эсвэл суухыг уриад, эдгээр суралцагчийн нэг эсвэл хоёрыг нь Миссуригийн Индепенденс гэсэн тэмдгийн хажууд зогсож эсвэл суухыг урьж болно. 1831 оны 7-р сард Их Эзэн Сионы байршлыг илчилсний дараа, гэгээнтнүүдийн олон нь Миссуригийн Индепенденст суурьшиж мөн Сионыг байгуулахын тулд 1800 орчим километр явсан гэдгийг тайлбарла. Зарим нь Көртландад мөн зүүн зүгийн бусад газруудад үлдсэн юм. 1834 оны 2-р сарын 17-нд Көртландад гадас зохион байгуулагдсан.

Майхны зургийг үзүүл (эсвэл ангид авчирсан майхан руу заа). Гэгээнтнүүд Сионыг байгуулахаар хамт хөдөлмөрлөх үед Сионы хамгаалах адислал нь тэд бүгдэд болон Миссуригийн Индепенденст амьдарч байгаагүй байсан хүмүүст хүртэл нөлөөлсөн гэдгийг тайлбарла. Гэгээнтнүүд Сион хотын суурийг тавихын тулд хөрөнгө болон нөөц баялгуудаа хандивлахаар хамтдаа хөдөлмөрлөжээ. Суралцагчдаас Сионы майхны үргэлжлэл Көртландад буй гэгээнтнүүдийг хамгаалж байгаагаар төсөөлөхийг хүс.

Гэгээнтнүүд ба Миссуригийн иргэдийн хооронд үүссэн зөрчилдөөн

Суралцагчдад 1831-ээс 1833 онд Огайо болон Көртландад болсон үйл явдлуудыг ойлгоход нь туслахын тулд Көртланд дахь Сионы гадасны гэгээнтнүүд Миссурид Сионы төв газрыг байгуулах ажлыг хэрхэн дэмжиж байсан тухай дараах тайлбарыг уншихыг Көртланд тэмдгийн дэргэдэх нэг суралцагчаас хүс. Ангийнхныг Көртланд дахь зарим гэгээнтэн Сионыг байгуулахын тулд юу хийснийг сонсоход урь.

Огайогийн Көртланд: 1831 оны 11-р сард болсон цуврал чуулгануудын үеэр Иосеф Смит болон Сүмийн бусад удирдагч хүлээн авсан илчлэлтүүдийг түүвэрлэж, ном болгон хэвлэхээр төлөвлөжээ. Виллям В.Фелпс тэдгээрийг Зарлигуудын ном болгон хэвлэж болохын тулд Оливер Каудери, Жон Витмер хоёр илчлэлтийн гар бичмэлүүдийг Миссурид авчрах ёстой байв. 1831-ээс 1832 оны хооронд Иосеф үргэлжлүүлэн илчлэлтүүдийг авсаар байсан ба Библийг орчуулж байв. 1832 оны хавар Иосеф Сион дахь гэгээнтнүүд дээр айлчилж, Сатан “тэдний зүрх сэтгэлийг үнэнээс холдуулахыг” (С ба Г 78:10) эрэлхийлж байгааг сэрэмжлүүлэхээр мөн Көртланд болон Индепенденс дэх бишопын агуулахын ажилд туслахаар Миссурид ирсэн байна. Огайо дахь сүмийн зарим гишүүн Миссурид газар болон хоол хүнс худалдаж авахад туслахын тулд мөнгө хандивласан юм. Гэгээнтнүүдийн олон нь Сион руу нүүсээр, 1832 оны сүүлээр Сүмийн гишүүдийн гуравны нэг нь Жаксон гүнлэгт амьдарч байв.

  • Иосеф Смит болон Көртланд дахь гэгээнтнүүд Миссури дэх гэгээнтнүүдэд Сионыг байгуулахад нь хэрхэн тусалсан бэ?

Нэг суралцагчаас Сион хотыг байгуулах гэгээнтнүүдийн хүчин чармайлтын талаар чанга уншихыг хүс. Гэгээнтнүүд Сионыг байгуулж эхлэхдээ тэд юуг зөв, юуг буруу хийснийг олохыг ангийнхнаас хүс.

Миссуригийн Индепенденс: Парлей П.Пратт Сион дахь гэгээнтнүүдийн сууршилтыг “амар амгалан болон элбэг дэлбэг байдал тэдний хөдөлмөрийг шагнаж, аглаг буйд үр өгөөжтэй талбай боллоо” гэж дүрсэлсэн (Autobiography of Parley P. Pratt, Бага Парлей П. Пратт [1938 он], 93). Миссури дэх Сүмийн удирдагчид нүүж ирж буй гэгээнтнүүдийн хэрэгцээг хангахын тулд ажиллаж байлаа. Үүнд газар худалдаж авах, дэлгүүр болон хэвлэх газар нээх зэрэг ажлууд багтаж байв. 1833 оны 7-р сард хожмын үеийн гэгээнтнүүдийн тоо 1200 болтлоо өсөв. Гэвч удирдагчид болон гэгээнтнүүдэд асуудлууд байсаар байв. Зарим гишүүн аминч үзэл ба шуналаасаа болж өргөлийн хуулиар амьдарч чадахгүй байв.

Гишүүд дуулгаваргүй байдлаасаа үүдсэн асуудлуудаас гадна тухайн газар нутгийн оршин суугчидтай зөрчилдөж эхэлсэн юм. Миссуричууд “Мормончуудын” хурдацтай өсөлт болон орон нутгийн эдийн засаг болон улс төрд үзүүлэх тэдний нөлөөний талаар санаа зовж байв. Орон нутгийн шашны удирдагчид гэгээнтнүүдийн итгэдэг зүйлстэй санал зөрж байлаа. Шашны нэг удирдагч Сүмийн гишүүдийн талаар худал үг тарааж, иргэдийг тэдний эсрэг хүч хэрэглэхэд өдөөн хатгаж байв. 1833 оны 7-р сард В.В.Фелпс “Эрх чөлөөт өнгөт арьстнууд” гэсэн гарчигтай нийтлэл гаргасан нь боолуудын дунд номлох талаар номлогчдод анхааруулга болсон байна. Боолчлолыг дэмждэг Миссуригийн иргэд, гэгээнтнүүд Миссурид эрх чөлөөтэй боолуудыг урьж байна гэж ташаа ойлгосон байв. Энэ нь аль хэдийн хүндрээд байсан асуудал дээр түгшүүр нэмсэн юм. 1833 оны 7-р сарын 20-нд бүлэг танхайрагчид хэвлэх машиныг гаргаж хаяж, хэвлэх үйлдвэрийг эвдэж, Зарлигуудын номын үдэгдээгүй хуудаснуудыг устгаж, бишоп Партриж болон хөрвөгч Чарьлз Аллен нарт лав болон өд түрхэж, тосгоныг түйвээсэн байна. Дайсагнал үргэлжилсээр байсан ба Гэгээнтнүүд тэр жилийнхээ 11, 12-р сард Жаксон гүнлэгийг орхиж явахаас аргагүйд хүрэв.

  • Их Эзэний хамгаалалтанд найдаж байсан ч Жаксон гүнлэгээс хөөгдсөн зөв шударга гэгээнтнүүдийн нэг байсан бол та нарт ямар мэдрэмж төрөх байсан бэ?

  • Хэн нэгэн та нараас эртний гэгээнтнүүд яагаад Сион хотыг байгуулж чадаагүйг асуувал та нар юу гэж хариулах вэ? (Эхний асуултад хариулахад нь туслахын тулд та тэднийг Сургаал ба Гэрээ 101:6–7; 103:2–4; 105:3–4, 9-ийг уншихад урьж болно.)

Хэрэв суралцагчдыг суудалдаа суухыг уриагүй байгаа бол одоо тэднийг урь.

Сионы ирээдүй ямар байна вэ?

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 97:21-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас дагаж уншаад, Их Эзэн Сионыг хэрхэн дүрсэлснийг олж мэдэхийг хүс. Та суралцагчдад дараах үнэнийг заасан үгсийг судар дээрээ тэмдэглэхийг санал болгож болно. Сион бол зүрх сэтгэлдээ цэвэр ариун. Самбар дээр буй зарчмууд болон зан чанарын жагсаалтыг ярилцаж, дараах асуултуудыг тавь.

  • Ямар байдлаар энэ зөв шударга зарчмууд хүмүүсийг зүрх сэтгэлдээ цэвэр ариун болоход туслах вэ?

  • Сионыг байгуулахад өнөөдөр бидний үүрэг юу вэ? (Бид зөв шударга амьдарч мөн бусдыг зөв шударга амьдрахад урамшуулж чадна. Бид сайн мэдээний дагуу амьдарч мөн үүнийг хуваалцсанаар Сионы хил хязгаар тэлж, үүний гадаснууд хүчирхэгждэг мөн Бурхан гэгээнтнүүдийг хамгаалдаг.)

Суралцагчдыг самбар дээрх зөв шударга байдлын зарчмуудыг бодож үзэхэд урь. Тэднийг эдгээр зарчмын нэгийг илүү итгэлтэйгээр дагах зорилгоо хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ бичихэд урамшуул.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Сион зөв шударга байдлын зарчмууд дээр байгуулагдах ёстой

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсон Сионыг селестиел хаант улсын хуулийн зарчмууд дээр тулгуурлан байгуулах шаардлагын тухай ярьсан.

Зураг
Ахлагч Д.Тодд Кристоффэрсон

“Сионыг байгуулахын тулд хийгдэх ажлын ихэнх нь бидний хүн нэг бүрийн ‘зүрх сэтгэлдээ цэвэр ариун’ (С ба Г 97:21) болох чармайлт байдаг юм. ‘Селестиел хаант улсын хуулийн зарчмуудаар биш бол, Сион байгуулагдаж чадах нь үгүй; эс тэгвээс бибээр үүнийг өөртөө хүлээн авч чадахгүй’ (С ба Г 105:5) хэмээн их Эзэн хэлжээ. Мэдээж хэрэг, селестиел хаант улсын хууль бол сайн мэдээний хууль юм. Бидний гэрээнүүд Аврагчийг байнга санаж байх болон дуулгавартай байдал, золиослол, өргөл, шударга үнэнч байдлын талаарх Селестиел хаант улсын хуулинд багтдаг.

Аврагч эхэн үеийн зарим гэгээнтнийг ‘тачаангуй … хүслийнх’ нь (С ба Г 101:6; мөн С ба Г 88:121-ийг үзнэ үү) улмаас шүүмжилсэн юм. Энэ хүмүүс зурагт, кино, интернет, радиогүйгээр амьдарч байсан шүү дээ. Бэлгийн харьцааг өдөөсөн дүрслэл, хөгжмөөр дүүрсэн өнөөгийн дэлхийд бид тачаангуй хүсэл, эл хүслээс улбаатай хилэнцээс ангид байгаа гэж үү? Даруу бусаар хувцаслах, порнограф үзэн ёс суртахуунгүй явдалд оролцох биш, харин ч эсрэгээрээ бид зөв шударга байдлын төлөө өлсөж, цангах учиртай билээ. Та бид Сионд очихын тулд ёс бус явдлаараа бусад хүмүүсээс арай гайгүй байх нь хангалтгүй юм. Бид сайн хүн болоод зогсох биш харин ариун эрчүүд, ариун эмэгтэйчүүд болох ёстой. Дэлхийн зүйлсэд өчүүхэн ч хоргодолгүйгээр бие сэтгэл бүхнээ сайн мэдээнд бүрэн зориулцгаая гэсэн Ахлагч Нийл А.Максвэллийн үгсийг санацгаая A Wonderful Flood of Light [1990 он], 47)” (“Сионд ирэгтүн,” Ensign, 2008 оны 11-р сар, 38–39 эсвэл 2008 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 45–49).

Тэргүүлэх Бишопын зөвлөлийн хоёрдугаар зөвлөх, бишоп Кийт Б.Макмуллин Сионы байгуулагдах суурь зарчмуудын заримыг тоочжээ.

Зураг
Бишоп Кэйт Б.Макмюллин

“Бүхнээ зориулах гэрээ нь золиослолыг багтаадаг ба хайр, ажил хөдөлмөр, мөн бие даах чадварыг эрхэмлэдэг ба Бурханы хаант улсыг байгуулахад маш чухал юм. Их Эзэн, ‘селестиел хаант улсын хуулийн зарчмуудаар биш бол, Сион байгуулагдаж чадах нь үгүй; эс тэгвээс бибээр үүнийг өөртөө хүлээн авч чадахгүй’ хэмээн хэлсэн [С ба Г 105:5.] Бүхнээ зориулах гэрээ нь энэ хуулийн гол цөм юм. Ирээдүйд бид энэ хуулийг бүрэн дүүрэн дагаж мөрдөх болно. Энэ гэрээ нь ‘өөрийн цаг зав, авьяас чадвар болон хөрөнгө мөнгөө сүнслэг болон материаллаг хэрэгцээтэй байгаа хүмүүсийг халамжлах, Их Эзэний хаант улсыг байгуулахад зориулахыг хэлдэг.’ [Ensign, 1984 оны 8-р сар, 4; Tambuli, 1984 оны 12-р сар, 7-г үзнэ үү.]

Хайр, ажил хөдөлмөр, бие даах чадвар болон бүхнээ зориулах эдгээр зарчим Бурханаас өгөгддөг юм. Тэдгээрийг хүлээн авч мөн үүний дагуу өөрсдийгөө захирдаг хүмүүс зүрх сэтгэлдээ цэвэр ариун болдог. Зөв шударга нэгдмэл байдал нь тэдний нийгмийн гол шинж нь юм. Тэдний амар амгалан ба эв нэгдэл үндэстнүүдэд үлгэр дуурайл болдог. Бошиглогч Иосеф Смит хэлсэн нь:

“Сионыг байгуулах нь эрин зуун бүхэнд Бурханы хүмүүсийн сонирхлыг татсаар ирсэн зорилго юм. Энэ бол бошиглогч, санваартнууд болон хаад онцгой баяртайгаар сэтгэл зүрхэндээ тээж ирсэн сэдэв мөн. … Бид бол хожмын үеийн [Сионы] алдар сууг тохиолгон авчрахаар Бурханы сонгосон ивээлт хүмүүс. Энэ ажил нь харанхуйн хүчнүүдийг устгаж , дэлхийн шинэчлэл, Бурханы алдар суу, мөн хүн төрөлхтний авралыг тохиолгон авчрах хувь тавилантай ажил юм.’ (Сүмийн Ерөнхийлөгчдийн сургаалаас, Иосеф Смит [2007 он], 210; онцлон тэмдэглэлт нэмэгдсэн). (“Сионд ирэгтүн! Сионд ирэгтүн!” Ensign, 2008 оны 11-р сар, 96 эсвэл 2008 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 45).

Эхэн үеийн гэгээнтнүүд яагаад Сионыг байгуулах боломжгүй байсан бэ?

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсон:

Зураг
Ахлагч Д.Тодд Кристоффэрсон

“Бошиглогч Иосеф Смитийн удирдлаган дор сүмийн эртний гишүүд Миссурид Сионы төв газрыг байгуулахыг оролдсон боловч, тэд ариун хотыг барихад тэнцээгүй юм. Их Эзэн тэдний бүтэлгүйтлийн нэг шалтгааныг тайлбарлахдаа:

‘Тэдний гараас миний шаардсан зүйлүүдэд тэд дуулгавартай байж сурсангүй, харин бүх төрлийн хилэнцээр дүүрэн байна, мөн гэгээнтнүүд болсон үедээ өөрсдийн эд юмсаас ядуус хийгээд өөрсдийн дундах зовж зүдрэгсэдтэй хуваалцахгүй байна;’

‘Мөн селестиел хаант улсын хуулиар шаардагддаг эв нэгдлийн дагуу нэгдээгүй болой’ (С ба Г 105:3–4).

‘Хэрүүл мөн зөрчилдөөн, мөн атаархал бас маргаан, мөн тачаангуй хийгээд шунахай хүслүүд тэдний дунд байв; тиймийн тул тэд эдгээр зүйлүүдээр өөрсдийн өвийг бохирложээ’ (C ба Г 101:6).

Гэвч анхдагч гэгээнтнүүдийг шүүмжлэхийн оронд, харин бид өөрсдөө тэднээс илүүг хийж байна уу үгүй юу гэдгээ шалгах хэрэгтэй.

Сион бол өөрийнхөө иргэдийн зан чанар, харьцаа хандлага, итгэл бишрэлийн улмаас л Сион байдаг. ‘Их Эзэн өөрийн хүмүүсийг Сион хэмээн нэрлэв, учир нь тэд нэг зүрх сэтгэл мөн нэг оюунтай байлаа, мөн зөв шударга ёсонд оршин сууж байлаа; мөн тэдний дунд ядуус байсангүй’ гэснийг санагтун (Мосе 7:18). Хэрэв бид гэр орон, салбар, тойрог, гадаснууддаа Сионыг байгуулж чадвал эдгээр жишгийг ханган биелүүлэх ёстой. Үүний тулд (1) Бид нэг зүрх сэтгэл, нэг оюун ухаантай болж нэгдэх, (2( хувь хүмүүсийн хувьд, хамт олноороо ч ариун хүмүүс болох нь, (3) өөрсдийнхөө дундах ядуу зүдүү байдлыг үгүй болгохуйц тийм үр дүнтэйгээр гачигдалтай хүмүүсийг анхаарч халамжлах нь зайлшгүй чухал болно. Сионыг ирж эдгээр зүйл тохиохыг бид хүлээж болохгүй. Харин эдгээрийг хийх үед л Сион ирдэг юм” гэж заажээ (“Сионд ирэгтүн,” Ensign, 2008 оны 11-р сар, 37–38 эсвэл 2008 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 45–49).

Гадаснууд байгуулах нь Сионы хотуудыг байгуулахтай адил

Ахлагч Брүс Р.Макконки гадаснууд нь дэлхий даяар амьдарч буй гэгээнтнүүдийн цугларах газар хэмээн тайлбарлажээ.

Зураг
Ахлагч Брүс Р.Макконки

“Гадас нь газар зүйн хил хязгаартай байдаг. Гадас байгуулах нь Ариун Хотыг байгуулж байгаатай адил юм. Дэлхий дээрх гадас бүр нь тухайн газарт амьдардаг Израилын алдагдсан хоньдын цугларах газар юм. …

Зүрх сэтгэлдээ цэвэр ариун байх замаар бидний хүн нэг бүр өөрсдийн амьдралд Сионыг байгуулж чадна. Амлалт нь, ‘Мөн зүрх сэтгэлдээ цэвэр ариун бүгд нь адислагдах болно, учир нь тэд Бурханыг харах’ юм. (Maтай 5:8.) Бидний хүн нэг бүр найзууд болон хөршүүдээ Израилын сүрэгт цуглуулснаар Сионы хил хязгаарыг тэлж чадна” (“Come: Let Israel Build Zion,” Ensign, 1977 оны 5-р сар, 118).

Иосеф Смитийн Миссуригээс Көртланд руу буцсан аялал

Иосеф Смит Миссури дэх гэгээнтнүүд дээр айлчилсны дараа Көртланд руу буцсан аяллынхаа талаар ингэж бичжээ.

Зураг
Бошиглогч Иосеф Смит

“[1832] оны 5-р сарын 6-нд би Индепенденс дэх ах нартай салах ёс хийгээд, Ригдон, Витней ах нартай хамт сүйх тэргээр Көртланд руу буцах аяллаа эхлүүлэн Сэнт Люис, тэндээсээ Индианагийн Винцен, тэндээсээ Огайо голын хүрхрээний ойролцоох Нью Албани оров. Бидний сүүлд дурдсан газар ирэхээс өмнө морьд маань айж цочирдсон бөгөөд бишоп Витней дээд хурдаараа явж байгаа сүйх тэрэгнээс үсрэх гэж оролдсон боловч хүрэм нь тээглэж, хөл нь дугуйнд орсноос болж хэд хэдэн газар хугарсан. Энэ үед би бэртэлгүйгээр үсэрч буусан. Бид Гринвилл дэх ноён Портерийн буурчийн газар дөрвөн долоо хоносон ба ахлагч Ригдон шууд Көртланд руу явсан. Энэ хугацаанд Витней ах нэг удаагийн хоол эсвэл нэг шөнийн нойр алдаагүй. Буурчийн газрын эзний дүү Портер эмч түүнийг асарч байсан ба тэр, энэ газар хугарсан ясыг нь эвэнд нь оруулах ‘Мормончууд’ байхгүй нь харамсалтай хэрэг гэж хэлж байлаа. Би Витней ахтай хамт байж мөн хөдөлж чаддаг болтол нь түүнд үйлчилж байв. Энэ газар байх хугацаанд би олонтоо ой руу алхдаг байсан ба тэнд олон шинэхэн булш хардаг байв. Нэг өдөр би оройн хоол идчихээд шууд хаалганы дэргэд очоод маш их бөөлжиж эхлэв. Би маш их цус болон хортой зүйлээр бөөлжсөн ба энэ нь эрүүг минь мултартал тийм хүчтэйгээр хамаг биеийн булчинг хөдөлгөв. Би эрүүгээ гараараа буцааж оруулаад, Витней ах дээр (хэвтэрт байсан) хамаг хурдаараа очсон бөгөөд тэр миний толгой дээр гар тавьж Их Эзэний нэрээр намайг адислахад хэдийгээр хордлогоны үр нөлөө нь толгойн үс салж унам маш хүчтэй байсан боловч би тэр дороо эдгэрсэн. Энэ эгзэгтэй мөчид намайг аварсан Тэнгэрлэг Эцэгтээ талархаж байна. Есүс Христийн нэрээр, Амен.

Витней ах бараг дөрвөн долоо хоногийн турш орноос босоогүй байсан ба би ойд алхаж байгаад түүний өрөөнд ороод, өглөө гэр рүүгээ явахыг зөвшөөрч байгаа эсэхийг асуулаа. Бид зургаа орчим километр зайтай гол руу морин тэргээр явж, биднийг хүлээж буй завиар гол гараад, тэндээс нэг уналганы мориор дараагийн завь байгаа газар очоод, арван цаг гэхэд гол өгсөөд, гэр рүүгээ явахаар төлөвлөв. Тэр зоригтойгоор мөн явна гэдгээ надад хэлсэн. Маргааш өглөө нь миний түүнд хэлснээр бүх зүйл бүтсэн бөгөөд бид арван цагаас өмнө голыг хурдтай өгсөж явсаар Вэллсвиллд газардаж, Чардон хүртэл явах сүйх тэргэнд суугаад тэндээсээ морь тэргээр явсан бөгөөд зургаан сарын үед Көртландад ирсэн” (in History of the Church, 1:271–272-т). (Church History in the Fulness of Times Student Manual, 2 дахь хэвлэл [Сүмийн Боловсролын Системийн гарын авлага, 2003 он], 116-г мөн үзнэ үү.)

Жаксон гүнлэг дэх мөрдлөг хавчлага

“[1833] оны дөрөвдүгээр сар дуусахаас өмнө, мөрдлөг хавчлагын сүнс өөрийгөө харуулав. Эхний үе шатанд, удалгүй санал өгөх хуудсанд өөрсдийг нь хэт давамгайлж мэднэ хэмээн айж, өдий олон тооны хожмын үеийн гэгээнтнүүд ирсэнд дургүй байгаагаа нутгийн иргэд Сүмийн гишүүдэд сануулдаг байв. Гэгээнтнүүд ихэвчлэн умард муж улсуудынх байсан бөгөөд тэд хар арьстнуудыг боолчлохыг ерөнхийдөө эсэргүүцдэг байсан боловч энэ нь тухайн үед Миссури муж улсад хуулиар зөвшөөрөгдсөн байжээ.

‘Мормоны гамшгийг’ устгахад бэлэн байгаа хүмүүсийн гарын үсэг цуглуулахын тулд эсэргүүцэгч хүчин бичгээр, зарим үед нууц бүтцээр дамжуулан тарааж байжээ. Дайсагналын эдгээр мэдрэмж 1833 оны долоодугаар сарын 20-нд 400 орчим хүнтэй танхайрагч бүлэг өөрсдийн хүч чармайлтуудыг зохицуулахын тулд Индепенденс дахь шүүхийн байранд цугласан тэр үед дээд цэгтээ хүрсэн юм. Гэгээнтнүүд Жаксон гүнлэгийг орхин явах, Evening and the Morning Star; сониноо хэвлэн гаргахыг зогсоох; түүнчлэн Жаксон гүнлэгт нэмж нэг ч Сүмийн гишүүнийг ирүүлэхгүй байх бичгэн шаардлагыг Сүмийн удирдагчдын өмнө тавьсан ажээ. Сүмийн удирдагчид эдгээр хууль бус шаардлагыг зөвшөөрөөгүй болохыг танхайрагч бүлэг мэдээд, мөн хянан тохиолдуулагч Виллям В.Фелпсийн гэр байсан сонины газрыг дайрчээ. Танхайрагчид хэвлэлийн дардсыг хулгайлан, барилгыг нураасан байв. …

Танхайрагч бүлэг долоодугаар сарын 23-нд дахин ирэхэд, тэднийг хүмүүст хор хүргэхгүй байлгахын тулд Сүмийн удирдагчид өөрсдийгөө барьцаалан өгөхийг санал болгов. Гэвч танхайрагч бүлэг нийт Сүмд хор хохирол учруулна гэж сүрдүүлэн, бүх хожмын үеийн гэгээнтэнд тус гүнлэгийг орхин явахаар зөвшөөрүүлэхийг ах нарт албаджээ. Танхайрагч бүлгийн үйлдлүүд хууль бус, Нэгдсэн Улсын болон Миссури муж Улсын үндсэн хуулиудын эсрэг байсан учраас Сүмийн удирдагчид муж улсын захирагч Даниел Данклинаас тусламж ирэв. Тэрээр тэдэнд иргэний эрхүүдийнх нь талаар зөвлөгөө өгч, гэгээнтнүүдийг хуулийн зөвлөгөө авахад чиглүүлжээ.

1833 оны сүүлчээр гэгээнтнүүдийн олонх нь Клей гүнлэг рүү Миссури мөрнийг хойд талаар гатлан, тэнд түр зуур толгой хоргодох газар олжээ” (Бидний өв: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Товч Түүх [1996 он], 46, 47, 49, 50).