Семинар
11-р хичээл: Сургаал ба Гэрээ 3


11-р хичээл

Сургаал ба Гэрээ 3

Оршил

Мартин Харрисыг Иосефын алтан ялтсуудаас орчуулсан гар бичмэлийн 116 хуудсыг алдсаны дараа Иосеф Смит Сургаал ба Гэрээ 3-т цэдэглэгдсэн илчлэлтийг хүлээн авчээ. Энэ илчлэлтэд Их Эзэн хүмүүний ёс бус байдлаас үл хамааран Түүний ажил ялах болно хэмээн хэлсэн аж. Их Эзэн түүнчлэн Иосеф Смитийг зэмлэж мөн хэрэв түүнийг наманчлахгүй бол тохиолдох зүйлийн талаар сэрэмжлүүлжээ. Эцэст нь Их Эзэн Мормоны Номыг урагш авчрах Өөрийн зорилгыг тайлбарладаг.

Заах зөвлөмж

Сургаал ба Гэрээ 3:1–3

Иосеф Смит Бурханы ажлууд хясагдаж болохгүй гэдгийг ойлгов

Суралцагчдыг эцэг, эх эсвэл удирдагчдынхаа зарлиг юм уу зөвлөгөөг дагахын оронд найзынхаа үгийг сонсохоор уруу татагдаж болох нөхцөл байдлын талаар тунгаан бодоход урь.

  • Найзууд маань бидэнд буруу зүйл хийхэд нөлөөлөх үед тэднийг эсэргүүцэх нь яагаад заримдаа хэцүү байдаг вэ?

Суралцагчдаас Мормоны Номын гар бичмэлийн 116 хуудсыг алдахад хүргэсэн үйл явдлуудын талаар мэддэг зүйлээ хуваалцахыг хүс.

Та суралцагчдыг хариулах үед тэдний хариултуудыг дараах мэдээллээр баяжуулж болно.

Бошиглогч Иосеф Смит 1828 оны 4-р сарын дунд үеэс 1828 оны 6-р сарын дунд үе хүртэл Пеннсильванийн Хармонид амьдарч байхдаа ялтсуудыг орчуулж байв. Хөрөнгө чинээтэй фермийн эзэн, бизнес эрхлэгч Мартин Харрис Иосеф Смитийг орчуулж байх үед түүний бичээчээр үйлчилж байсан юм. Мартин Иосефоос 22 насаар ах байсан ба Иосеф, Эмма хоёрт 50 ам.доллар (энэ мөнгө нь тэр үедээ их хэмжээний мөнгө байсан) өгч тэдэнд Пеннсильванийн Хармони руу (Эммагийн гэр бүл энд амьдарч байв) нүүхэд нь тусалж мөн Иосефыг орчуулж байх үед дэмжлэг үзүүлж байв. 1828 оны 2-р сард Иосеф Мартинд ялтсууд дээрх бичгүүдийн хуулбарыг авч, Нью-Йорк дахь эрдэмтдэд үзүүлэхийг санал болгожээ (Иосеф Смит—Түүх 1:63–65-ыг үзнэ үү). Мартины эхнэр Люси Харрис ялтсуудыг орчуулах ажилд тусалж мөн санхүүгийн хувьд дэмжлэг үзүүлж байгаа нөхөртөө илүү их санаа зовж эхлэв. Түүний эхнэр болон бусад хүн ялтсуудын байгаа эсэхийг харъя гэж Мартинд шахалт үзүүлж байв. Мартин тэдний эргэлзээг тайлахын тулд 6-р сарын дунд үеэр Иосефоос орчуулагдсан гар бичмэлийн 116 хуудсыг нотолгоо болгон үзүүлэхээр авч явахыг хүсжээ.

Мартин Харрис гар бичмэлийн хуудсуудыг авч явахыг хүсэх үед бошиглогчид ямар хэцүү байсныг төсөөлөн бодоход суралцагчдыг урь. Түүхэн нөхцөл байдлыг ойлгоход туслахын тулд нэг суралцагчийг бошиглогч Иосеф Смитийн дараах түүхийг уншихад урих талаар бодож үзээрэй.

Зураг
Бошиглогч Иосеф Смит

“[Мартин] [гар бичмэлийг гэртээ аваачиж хүмүүст үзүүлж] болох эсэхийг Урим ба Туммимаар дамжуулан Их Эзэнээс асуухыг надаас хүсэв. Би асууж, тэр үүнийг авч явах ёсгүй гэсэн хариу ирэв. Гэсэн хэдий ч энэ хариултад түүний сэтгэл ханаагүй ба дахин асууж өгөөч гэж надаас хүслээ. Би асуусан боловч хариу нь урьдын адил байв. Тэр мөн л сэтгэл нь ханасангүй, дахиад нэг асууж өгөөч гэж намайг шалсаар байлаа” (Сүмийн Түүх, 1:21).

  • Иосеф Смит тодорхой хариу авсныхаа дараа яагаад Бурханаас дахин дахин асуусан гэж та нар бодож байна вэ?

Мартиныг маш их гуйсны дараа Иосеф Их Эзэнээс гурав дахь удаагаа асууж мөн Их Эзэн Мартинд “тодорхой болзолтойгоор” гар бичмэлийг авч явах зөвшөөрөл өгсөн гэдгийг тайлбарла (Сүмийн Түүх, 1:21). Мартин гар бичмэлийг зөвхөн эхнэртээ болон гэр бүлийнхээ цөөн хэдэн гишүүнд үзүүлнэ гэж амлажээ. Мартин Нью-Йоркод гар бичмэлийг авч иржээ. Мартиныг явснаас хойш удалгүй Эмма Смит Алвин хүүгээ төрүүлж, хүү төрөөд удалгүй нас баржээ. Эмма өөрөө амиа алдах дөхсөн бөгөөд Иосеф хоёр долоо хоног түүнийг сахиж дэргэд нь байв. Энэ үед Мартин яваад, гурван долоо хоносон боловч тэд түүнээс ямар ч сураг сонссонгүй. Удаан тэнхэрч байсан Эмма Иосефыг Нью-Йорк руу явж, Мартиныг яагаад сураггүй болсныг олж мэдэхийг ятгажээ. Иосеф эцэг эхийнхээ гэр рүү аялж, тэнд ирснийхээ дараа Мартиныг дуудуулсан байна. Мартин өглөөнөөс хойш удаж байж иржээ. Тэр ирээд, Смитийн гэр бүлийнхэнтэй хамт хооллохоор суусан боловч аягаа унагав. Түүнийг зүгээр эсэхийг асуухад тэр цурхиран уйлж, эцэст нь гар бичмэлийн 116 хуудсыг алдсан гэдгээ хүлээжээ. (Энэ түүхийн талаар илүү дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл History of Joseph Smith by His Mother, хянасан Прэстон Нибли [1958], 124–129-өөс үзнэ үү.)

  • Бошиглогч Иосеф Смитэд тохиолдож байсан эдгээр хүнд нөхцөл байдлыг бодож үзээрэй. Та нар ийм нөхцөл байдалд орсон бол ямар байх байсан гэж бодож байна вэ?

Иосеф Смит гар бичмэлийн 116 хуудасгүйгээр Хармонид эргэж ирээд, өршөөл хүсэн залбирсан гэдгийг суралцагчдад хэл. Иосеф “Мартин Харрист гар бичмэлийг өгөх зөвшөөрөл хүсэж Их Эзэнийг чилээсэн учраас” (History of the Church, 1:21), Моронай Урим ба Туммимыг авч, Иосеф орчуулах бэлгээ алдсан юм. Гэсэн хэдий ч, Иосеф “даруу байж мөн наманчилбал” тэдгээрийг буцаан авч болно гэж Моронай амлажээ (History of Joseph Smith by His Mother, 134). Хэсэг хугацааны дараа Иосеф Сургаал ба Гэрээ 3-т цэдэглэгдсэн илчлэлтийг хүлээн авчээ.

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 3:1–3-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас Их Эзэн бошиглогч Иосеф Смитийг юу ойлгоосой гэж хүссэнийг олж мэдэхийг хүс.

  • Та нар эдгээр шүлэг дээрх Иосеф Смитэд өгсөн Их Эзэний захиасыг хэрхэн дүгнэж хэлэх вэ? (Суралцагчдыг санаануудаа хуваалцах үед дараах сургаалыг онцлон хэл. Бурханы зорилгууд хясагдаж болохгүй. Та суралцагчдад энэ үнэнийг 1-р шүлэг дээр тэмдэглэхийг зөвлөж болно. Сургаал ба Гэрээ 3:1 дээр хясагдах гэдэг үг нь гүйцэлдэхэд саад болох гэсэн утгатай гэдгийг тайлбарлах нь тустай байж болно.)

  • Энэ үнэн нь Иосеф Смитэд хүнд хэцүү үед нь хэрхэн тусалсан байж болох вэ? Энэхүү үнэнийг ойлгох нь бид бүгдийн хувьд яагаад чухал вэ?

Сургаал ба Гэрээ 3:4–15

Их Эзэн Иосеф Смитийг зэмлэж мөн наманчлахыг ухуулав

Бурхан хэдийгээр Өөрийнх нь ажил хясагдаж болохгүй гэж хэлсэн ч Тэр түүнчлэн бошиглогчийг гаргасан алдаа болон тэдгээр алдааныхаа үр дагавруудыг ойлгоосой гэж хүссэн гэдгийг тайлбарла. Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 3:4–6-г чанга уншихад урь. Ангийнхнаас Иосеф Смитийн хувьд сонсоход хэцүү байсан байж болох үг, хэллэгийг олж тогтоохыг хүс. Цөөн суралцагчийг сонгосон үг, хэллэгүүдээ мөн яагаад сонгосон гэдгээ хуваалцахад урь.

  • Иосеф ямар байдлаар “хүмүүний ятгалгад хөтлөгдсөн” бэ? (C ба Г 3:6).

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 3:12–15-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас Иосефын үйлдлүүд яагаад тийм ноцтой байсныг онцолсон үг, хэллэгийг олж мэдэхийг хүс. Суралцагчдыг олж мэдсэн зүйлээ хуваалцахад урь.

Нэг суралцагчаас Сургаал ба Гэрээ 3:7-г чанга уншихыг хүс. Иосеф Смит Мартины ятгалгад автах үедээ юу хийх ёстой байсан хэмээн Их Эзэн хэлснийг олж тогтооход ангийнхныг урь. (Суралцагчийг уншихаас өмнө та энэ шүлэгт гарч буй хүмүүн гэдэг үг нь бүх хүн төрөлхтнийг хэлж байгаа гэдгийг тайлбарлаж болно.) Суралцагчдыг Их Эзэний зөвлөгөөг олж тогтоосны дараа дараах зарчмыг самбар дээр бич. Бид хүмүүнээс илүүгээр Бурханаас айх ёстой. (Та суралцагчдад 7-р шүлэг дээрх энэ зарчмуудыг тодотгосон өгүүлбэрүүдийг тэмдэглэхийг зөвлөж болно.)

  • Хүмүүнээс илүүгээр Бурханаас айх гэдэг нь юу гэсэн үг вэ?

Суралцагчдад Бурханаас айх гэдэг нь юу гэсэн үг болохыг ойлгоход нь туслахын тулд нэг суралцагчийг Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсоны хэлсэн дараах тайлбарыг уншихад урь.

Зураг
Ахлагч Д.Тодд Кристоффэрсон

“Судрууд хүн төрөлхтөнд Бурханаас айхыг олонтоо зөвлөдөг. Өнөө үед бид айх гэдэг үгийг ерөнхийдөө “хүндлэх,” “бишрэх” эсвэл “хайрлах” буюу Бурханаас айх гэдэг нь Бурханыг хайрлах эсвэл Түүнийг болон Түүний хуулийг хүндэтгэх гэж ойлгодог. Энэ нь ихэнх тохиолдолд зөв утга байдаг боловч зарим үед Бурханы зарлигуудыг зөрчиж, Бурханыг гомдоохоос айх тухай бошиглогчдыг ярих үед айх гэдэг үг нь үнэхээр айх гэсэн утгатай үг биш болов уу гэж би боддог. …

… Бусдын бодол санаа эсвэл дарамт шахалт ямар ч байсан бид Бурханы мэлмийд буруу зүйлийг хийхээс айх хэмжээнд Түүнийг хайрлаж мөн бишрэн хүндлэх ёстой” (“A Sense of the Sacred” [Залуучуудад зориулсан СБС-ийн галын дэргэдэх цугларалт , 2004 оны 11-р сарын 7], 6–7, LDS.org; мөн speeches.byu.edu-г үзнэ үү).

  • Ахлагч Кристоффэрсоны хэлснээр Бурханаас айх гэдэг нь юу гэсэн үг вэ?

  • Ахлагч Кристоффэрсоны тайлбарласнаар Бурханаас айх нь бусдын нөлөөнд автсан үед бидэнд хэрхэн тусалж чадах вэ?

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 3:8-ыг дотроо уншаад, хэрэв Иосеф Смит Мартины хүсэлтийн хариуд ирсэн эхний хариултыг сонссон бол Бурхан юу хийх байсныг олж мэдэхэд урь. Суралцагчдаас эдгээр шүлгээс суралцаж болох зарчмыг дүгнэн хэлэхийг хүс. Суралцагчид өөр үгс хэрэглэж болох ч тэд хэрэв бид Их Эзэний зарлигуудад итгэлтэй байвал Тэр биднийг хүнд үед дэмжих болно гэдгийг ойлгож байгаа эсэхийг нягтлаарай. Та энэ зарчмыг самбар дээр бичиж болно.

Суралцагчдаас бусад хүний ятгалга эсвэл нөлөөнд авталгүй, Их Эзэний зарлигуудыг дагасан үеийнхээ талаар бодохыг хүс. Цөөн суралцагчийг дуулгавартай байдлынхаа ачаар Их Эзэний тусламжийг хэрхэн хүлээн авснаа хуваалцахад урь.

Хичээлийн эхэнд та суралцагчдаас дуулгавартай байхын оронд найз нөхдийнхөө үгийг дагахаар уруу татагдаж болох нөхцөл байдлуудын талаар бодохыг хүссэн гэдгээ тэдэнд сануул. Дараа нь самбар дээр бичсэн үнэн рүү тэдний анхаарлыг хандуул.

  • Найз чинь зөв биш гэж мэдэж байгаа зүйлийг тань хийлгэхээр уруу татах үед энэ үнэн та нарт хэрхэн тусалж болох вэ?

Суралцагчдыг энэ үнэнийг найзууд болон гэр бүлийнхэнтэйгээ харилцах харилцаандаа хэрхэн ашиглаж болох тухай хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ бичихэд урь.

Хангалттай цаг гаргаж өгсний дараа нэг суралцагчаас Сургаал ба Гэрээ 3:9–10-ыг чанга уншихыг хүс. Ангийнхныг хамт уншиж, Иосефын гаргасан алдаа ноцтой байсан хэдий ч Их Эзэний Иосеф Смитэд өгсөн амлалтыг олж мэдэхийг хүс. (Олж мэдсэн зүйлээ тэмдэглэхийг та суралцагчдад зөвлөж болно.)

  • Их Эзэн Иосеф Смитэд ямар амлалт өгсөн бэ? Энэ амлалт бидэнд хэрхэн хамаатай байж болох вэ? (Суралцагчид олон зарчим хуваалцаж болох ч хэрэв бид наманчилбал Их Эзэний нигүүлслийг хүлээн авна гэсэн ойлголт тэдний хариултад байх ёстойг анхаар.)

  • Сургаал ба Гэрээ 3:4–6-д Их Эзэний Иосефт хэлсэн зүйлээс авч үзвэл та нар Иосефын оронд байсан бол Их Эзэнээс энэ амлалтыг сонссоны дараа та нарт ямар мэдрэмж төрөх байсан бэ?

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 3:9, 11-ийг дотроо уншаад, бошиглогч Иосеф Смитэд Их Эзэний өгсөн сэрэмжлүүлгийг олж тогтоохыг хүс.

  • Бид нүглүүдээ наманчилж мөн Их Эзэний нигүүлслийг эрэлхийлэхдээ эдгээр сэрэмжлүүлгийг санаж байх нь яагаад чухал вэ?

Сургаал ба Гэрээ 3:16–20

Их Эзэн Мормоны Номын талаарх Өөрийн зорилгыг тайлбарлав

Суралцагчдаас Сургаал ба Гэрээ 3:16–20-ийг дотроо уншаад, Мормоны Номын талаар Их Эзэний өгсөн зорилгуудыг олж тогтоохыг хүс.

  • Иосеф Смит, Мартин Харрис хоёрын хийж байсан ажил Их Эзэн болон Түүний хүмүүст яагаад чухал байсан бэ?

Цөөн суралцагчийг сурсан, мэдэрсэн зүйлүүдээ мөн суралцсан үнэнүүдээ хэрхэн хэрэгжүүлж болох талаар хуваалцахыг урьж, энэ хичээлээ дуусга. Биднийг гэм нүглүүдээ наманчлах үед Их Эзэн нигүүлсэнгүй байдаг талаар гэрчлэлээ хуваалц. Их Эзэн гар бичмэлийн 116 хуудсыг алдсан хохирлыг хэрхэн зассаныг дараагийн хичээл дээр үзэх болно гэдгийг та суралцагчдад хэлж болно.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Сургаал ба Гэрээ 3. Люси Харрис

Мартин Харрисын эхнэр Люсиг “маш хачин, байгаа байдал нь атаархуу эмэгтэй байсан … ба хэрэв ямар нэг зүйлийг сайн сонсоогүй бол үүнийг өөрөөс нь нууж байгаа нууц зүйл хэмээн харддаг байсан.” Люси Харрис Иосеф Смитийг сэжиглэж байсан ба ялтсуудыг харах хүсэлтэй байсан. Мартиныг орчуулгын ажлын талаар Иосефтой уулзахаар явахад нь Люси Харрис хамт явж, ялтсуудын талаар Иосефоос асууж мөн тэдгээрийг үзүүлэхийг шаарджээ. Иосеф түүнд үзүүлж чадахгүй гэдгээ хэлжээ. “Учир нь тэр Их Эзэний томилсноос бусад хүнд тэдгээрийг гэрчлэх боломжгүй байсан юм.”

Иосеф Люси Харрист үүнийг хэлсний маргааш орой нь тэр нэгэн зүүд зүүдэлсэн ба өглөө нь үүнийгээ Иосефт хэлсэн байна. “Нэг хүн түүнд үзэгдэж, тэр Их Эзэний үйлчлэгчтэй арсалдаж, … Бурханы мэлмийд зөв биш зүйлийг хийсэн гэж хэлжээ. Тэгээд тэр хүн түүнд ингэж хэлжээ, ‘Болгоогтун, ялтсууд энэ байна, тэдгээрийг харж мөн итгэ.’” Люси дараа нь орчуулгын ажлыг дэмжиж, тусалмаар байна гэдгээ Иосефт хэлсэн байна.

Харамсалтай нь Люси Харрисын зүрх сэтгэлийн өөрчлөлт удаан үргэлжлээгүй бөгөөд удалгүй тэр ялтсуудыг үзүүл хэмээн дахин шаардаж эхлэв. Иосеф, Эмма хоёрыг Пеннсильванийн Хармони руу нүүсний дараахан Мартин эхнэртээ хэлэлгүйгээр тэдний араас явав. Эхнэр нь үүнийг мэдээд нөхрөө өөрөөс нь хол маш их цагийг өнгөрөөж байна гэж нөхөртөө уурлаж мөн үүнээс илүүгээр Смитийнхэн түүнийг залилах гэж байна гэж санаа нь зовж байв.

Мартин удалгүй Нью-Йорк руу буцаж мөн Хармони руу дахин явахаар бэлтгэх үед нь Люси Харрис түүнтэй хамт явна гэж зүтгэжээ. Тэд Иосеф, Эмма хоёрын гэрт ирэхэд тэр ялтсуудыг харахаас нааш явахгүй гэж хэлэв. Тэр тэдний гэрийг бүхэлд нь нэгжсэн боловч ялтсуудыг олсонгүй. Түүнээс хойш Люси нөхрөө “их гарын луйварчинд” мэхлүүлсэн гэж ярьж явдаг болов. Хоёр долоо хоногийн дараа Мартин түүнийг гэрт нь хүргэж өгөв. Люси Мартиныг ятгаж болиулахыг оролдсон ч тэр Иосефт туслахаар Хармони руу буцжээ. Мартиныг эзгүйд Люси үргэлжлүүлэн “айлаас айлд очиж харамслаа ярьж, Иосеф Смит хүмүүсийг мэхэлж байна гэж тунхаглаж байв” гэж Люси Мак Смит бичжээ. (History of Joseph Smith by His Mother, хянасан Прэстон Нибли [1958], 114–122-ыг үзнэ үү.)

Сургаал ба Гэрээ 3. Алдагдсан гар бичмэлээс болж зовж шаналсан нь

Мартин Харрисыг гар бичмэлийн 116 хуудсыг авч явсны дараахан Эмма Смит Алвин хүүгээ төрүүлж, хүү төрсөн өдөртөө нас барсан юм. Эмма өөрөө амиа алдах дөхсөн бөгөөд Иосеф хоёр долоо хоног түүнийг сахиж дэргэд нь байв. Энэ үед Мартин яваад, гурван долоо хоносон боловч тэд түүнээс ямар ч сураг сонссонгүй. Иосеф гар бичмэлийн талаар санаа нь зовж байсан ч Эммагийн эрүүл мэнд муу байсан учраас эмээсэндээ түүнд юу ч хэлээгүй байв.

“Гэвч хэдэн өдрийн дараа [Эмма] өөрөө энэ сэдвийг хөндөж, эхийгээ өөртэйгөө хамт байлгахаар авчруулахыг нөхрөөсөө гуйж мөн түүнийг ноён Харрисын талаар сураг гаргахаар [Нью-Йоркийн] Палмира руу яв гэж хэлсэн юм. Иосеф эхлээд дургүйцсэн ч эхнэрийнх нь бие сайжирч байгааг, тэр өөрийг нь явуулах хүсэлтэй байгааг хараад явахыг зөвшөөрсөн юм.

“Тэр Палмирагаар дайрч өнгөрөх сүйх тэргэнд сууж, ганцаараа явж байхдаа Мартинд тохиолдсон байж болзошгүй зүйлийг мөн гар бичмэлийг гараасаа гаргаж … Их Эзэнээс дахин дахин асууснаар өөрийгөө зөрчилд унагаж мөн ингэснээрээ гар бичмэлийг алдсан байж магадгүй талаар бодож байв.”

Сүйх тэрэгнээс бууж, шөнөжингөө 20 миль алхсаны эцэст Иосеф Манчестерт байдаг эцэг, эхийнхээ гэрт ирэв. “Иосеф бага зэрэг юм идэж аваад, … ноён Харрист хэл хүргэхийг биднээс хүслээ. Бид үүнийг тэр даруй хийсэн юм. … Ноён Харрис биднийг дуудсан үед шалавхан ирдэг байсан учраас өглөөний хоол бэлэн болох үеэр ирж бидэнтэй хамт хооллох байх гэж бодоод бид гэр бүлдээ зориулж, өглөөний хоол бэлтгэв. Найман цагт бид ширээгээ засаж, түүнийг хэзээ мөдгүй ороод ирнэ гэж хүлээж байлаа. Бид есөн цаг хүртэл хүлээсэн боловч тэр ирсэнгүй. Арав, арван нэг болж байхад ч тэр ирээгүй байв. Гэхдээ арван хоёр хагас болж байхад бид түүнийг газар ширтэн, удаан гэгч нь байшингийн зүг ирж явааг харав. Хашааны хаалган дээр ирээд, тэр орж ирэхийн оронд хашаан дээр гарч суугаад, малгайгаараа нүдээ халхалж хэсэг зуур суув. Ингэж байгаад тэр сая байшинд орж ирэв. Удалгүй ноён Харрис бидэнтэй хамт суулаа. Тэр хутга, сэрээг хэрэглэх гэж байгаа мэт авсан боловч тэр даруй унагачихав. Үүнийг ажиглаж байсан Хайрум, ‘Мартин, чи яагаад юм идэхгүй байна вэ; чи өвдөө юү?’ гэж асуув. Энэ үед ноён Харрис гараараа нүүрээ дараад асар гашуунаар уйлж, ‘Ай, би бодгалиа алдсан! Би бодгалиа алдсан!’ гэж хэлэв.

Ирснээсээ хойш айдсаа нууж байсан Иосеф сандлаасаа үсрэн босч, ‘Мартин, чи гар бичмэлийг алдчихсан юм уу? Чи тангаргаа зөрчиж мөн миний болон өөрийнхөө толгой дээр шийтгэлийг авчирлаа гэж үү?’ гэж дуу алдав.

‘Тийм ээ; алга болсон, би хаана байгааг нь мэдэхгүй’… гэж Мартин хариулав.

Иосеф, … ‘Бүх зүйл өнгөрлөө! Би одоо яах вэ? Би гэгч амьтан Бурханы уур хилэнг өдөөх нүгэл үйлдлээ. Би Их Эзэнээс хүлээн авсан эхний хариуг дагах ёстой байсан юм. Учир нь гар бичмэлийг гараасаа гаргах нь аюултай гэж тэр надад хэлсэн’ гэж хэлэв. Тэр уйлж, гүн санаа алдаж мөн шалан дээр нааш цааш алхаж байлаа.

Ингэж байгаад тэр Мартинд буцаж яваад, дахин хай гэж хэлэв.

Мартин, ‘үгүй ээ, ямар ч нэмэргүй, би [гар бичмэлүүдийг хайж] ор, дэрээ уран байж нэгжсэн учраас энэ олдохгүй гэдгийг мэднэ’ гэж хэлэв.

Иосеф, ‘Тэгээд би ийм байдалтай буцах ёстой гэж үү?’ Би ийм байдалтай буцаж очиж зүрхлэхгүй. Би Их Эзэний өмнө ямар нүүрээрээ очих билээ? Бүхний Дээдийн тэнгэр элч намайг яаж баалах бол оо?’ …

Маргааш өглөө нь тэр гэр рүүгээ буцсан юм. Бидний хүсэн хүлээж байсан, бидэнд нууцхан баяр баяслыг өгч байсан зүйл болох хүсэл мөрөөдөл минь хоромхон зуурын төдийд үүрд алга болсон учраас бид уйтгар гунигт автацгаасан юм” (Люси Мак Смит, History of Joseph Smith by His Mother, хянасан Прэстон Нибли [1958], 125–129).