Семинар
107-р хичээл: Сургаал ба Гэрээ 102


107-р хичээл

Сургаал ба Гэрээ 102

Оршил

1834 оны 1-р сар гэхэд Сүмийн гишүүдийн тоо 3000 гаруй болон өссөн байв. Энэ өсөлт Сүмийн ажил хэргийг хөтлөн явуулах нэмэлт удирдлагын хэрэгцээг бий болгосон юм. 1834 оны 2-р сарын 17-нд хорин дөрвөн дээд прист Иосеф Смитийн гэрт чуулганд цугларан, Сүмийн анхны дээд зөвлөлийг зохион байгуулжээ. Цуглааны бичиг хэргийн ажилтан Оорсон Хайд, уг дээд зөвлөл нь уг цуглааны тайланд бага зэрэг алдаа гаргасан байхыг ажиглажээ. Тиймээс дээд зөвлөл бошиглогч Иосеф Смитийг шаардлагатай залруулгыг хийх хэрэгтэй хэмээн санал нэгдэв. Дараа өдөр нь, 2-р сарын 18-нд Иосеф Смит эхний протокол мэдэгдэл дээр сүнслэгээр удирдагдан, өөрчлөлт хийсэн юм. Цуглааны протокол мэдэгдэлд өөрчлөлт хийн, үүнийг 2-р сарын 19 буюу дараагийн өдөр нь хүлээн зөвшөөрсөн байна. Одоо Сургаал ба Гэрээ 102-т буй эдгээр протокол мэдэгдэл нь, дээд зөвлөлийн зохион байгуулалтыг зааж мөн ноцтой гэм нүгэл хийсэн хүмүүст сахилгын арга хэмжээ авах талаар гадасны ерөнхийлөгчийн зөвлөл болон дээд зөвлөлд удирдамж өгчээ. (Дүүргийн ерөнхийлөгчийн зөвлөлийнхөн болон дүүргийн зөвлөлүүдэд мөн энэ журмыг мөрдөх эрх бас олгогдсоныг анхаарна уу.)

Заах зөвлөмж

Сургаал ба Гэрээ 102:1–5

Сүмийн анхны дээд зөвлөл зохион байгуулагдав

Ерөнхийлөгч Харолд Б.Лийгийн хэлсэн дараах үгсийг чанга унш.

Зураг
Ерөнхийлөгч Харолд Б.Лий

“Хэдэн жилийн өмнө … би гадасны ерөнхийлөгчөөр үйлчилж байсан юм. Нэгэн маш ноцтой хэргийг Дээд зөвлөл болон гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн хувьд бидний өмнө дэлгэсэн ба үүнд нэгэн сайхан залуу охиныг гэмтээж хохироосон эрийг сүмээс хөөх шийдвэр гаргасан. Бараг л шөнөжингөө хуралдан, энэ шийдвэрийг гаргасны дараа, би маргааш өглөө нь ядарсан байдалтай оффис руугаа орох үедээ өмнөх орой нь [зөвлөл дээр уулзсан], нөгөө буруутай хүний ахтай тулгарав. Тэр хүн ‘Миний дүүд тохоож буй энэ хэрэгт тэр буруугүй гэдгийг би танд хэлэх гэсэн юм’ гэв.

‘Түүнийг буруугүй гэдгийг та яаж мэдсэн юм бэ?’ хэмээн би асуулаа.

‘Яагаад гэвэл би залбирсан, тэгээд Их Эзэн түүнийг буруугүй гэж хэлсэн” гэж уг хүн хариулав (Teachings of Harold B. Lee, хянасан Клайд Ж.Виллиамс [1996], 420–421).

  • Таны бодлоор, дээд зөвлөл гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн гаргасан шийдвэрийн эсрэг энэ хариултыг тэр хүн хэрхэн хүлээн авсан байж болох вэ?

Сургаал ба Гэрээ 102-т дээд зөвлөл болон гадасны ерөнхийлөгчийн зөвлөл, ноцтой гэм нүгэл хийсэн Сүмийн гишүүдэд яаж туслах талаар Их Эзэний хүслийг хэрхэн эрэлхийлдэг тухай ойлгоход бидэнд туслах зарчмууд ордог.

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 102:1-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас дагуулан харж, дээд зөвлөл гэж юу болохыг олж тогтоохыг хүс.

  • Дээд зөвлөл гэж юу вэ? (“Нэг эсвэл гурван ерөнхийлөгч” тэргүүлдэг 12 дээд санваартан бүхий бүлэг юм. Өнөө үед Сүмд гадасны ерөнхийлөгч болон түүний зөвлөхүүд дээд зөвлөлийн дээр тэргүүлдэг.)

Сургаал ба Гэрээ 102-т дүрсэлсэн дээд зөвлөл нь одоогийн гадаснууд дахь дээд зөвлөлөөс зарим талаараа өөр байсныг тайлбарла. Энэ зөвлөл нь Огайогийн Көртланд мөн эргэн тойрны газар нутгуудыг хариуцдаг байсан ба энэ зөвлөлийг Тэргүүн Зөвлөл тэргүүлдэг байсан. Гэвч Сүмийн гишүүнчлэл өсөх тусам, гадаснууд зохион байгуулагдаж мөн гадасны ерөнхийлөгчийн зөвлөлүүд болон дээд зөвлөлүүд нь өөрсдийн гадасны харьяа газар дотор Сүмийг удирдахаар дуудагдаж байсан.

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 102:2-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас дагуулан харж, дээд зөвлөлийн зорилго болон энэ нь хэрхэн томилогддог тухай олж мэдэхийг хүс.

  • Дээд зөвлөл хэрхэн томилогддог вэ? Үүний зорилго юу вэ?

Суралцагчид дээрх асуултуудад хариулсны дараа, самбар дээр дараах үнэнийг бич. Дээд зөвлөл Сүмд үүссэн хүндрэлтэй асуудлуудыг зохицуулахаар илчлэлтээр томилогддог. “Хүндрэлтэй асуудлууд” гэдэг нь ерөнхийдөө ноцтой гэм нүгэл үйлдсэн гишүүдийн нөхцөл байдлыг хэлдэг гэдгийг тайлбарла.

Хичээлийн эхэнд дурдсан ерөнхийлөгч Лийгийн түүх нь дээд зөвлөлийн нэг үүрэг хариуцлагын жишээ бөгөөд гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн удирдлагаар, Сүмийн сахилгын зөвлөлийн хувьд шийдвэр гаргадаг. Сахилгын зөвлөлийн зорилгыг ойлгоход нь ангийнханд туслахын тулд, нэг суралцагчийг дараах мэдэгдлийг уншихад урь. Сүмийн сахилгын зөвлөлийн гурван зорилгыг сонсохыг суралцагчдаас хүс.

“Хамгийн ноцтой алдсууд болох иргэний хуулийг ноцтойгоор зөрчих, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийг хүчирхийлэх, завхайрал, хүчин болон цус нэгэнтэйгээ бэлгийн харьцаанд орох зэрэг нь ихэнхдээ Сүмийн албан ёсны сахилгын арга хэмжээг шаарддаг. Сүмийн албан ёсны сахилгын арга хэмжээнд Сүмийн гишүүнчлэлээс хасах, Сүмийн гишүүнчлэлийн онцгой эрхийг хязгаарлах зэргийг хамруулж болно. …

… Сахилгын зөвлөлүүдийн зорилго нь, [1] алдас үйлдэгч бодгалийг аврах, [2] гэмгүй нэгнийг хамгаалах, [3] цэвэр ариун, зарчимч байдал хийгээд Сүмийн сайн нэрийг хамгаалахад оршдог.

Сүмийн сахилга нь бурханлагаар нөлөөлөгдсөн үйл явц бөгөөд тодорхой хугацаа шаарддаг. Гишүүн энэхүү үйл явц болоод Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан нүглийн уучлалыг хүлээн авч, оюун санаандаа амар амгаланг олж, ирээдүй дэх алдсаас зайлсхийх хүчийг олж авч чадна. (Итгэлдээ үнэнч байх нь: Судрын заалт [2004], 185).

  • Сүмийн сахилгын зөвлөлийн гурван зорилго юу вэ?

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 102:4-ийг чанга уншихад урь. Ангийнхныг дагаж уншин, дээд зөвлөлийн гишүүд дуудлагаа хэрхэн биелүүлэх ёстойг дүрсэлсэн үгсийг олохыг хүс. Дараа нь суралцагчдаас олж мэдсэн зүйлээ мэдээлэхийг хүс.

Сургаал ба Гэрээ 102:6–34

Сахилгын зөвлөлийн журам тавигдав

Сургаал ба Гэрээ 102:6–11 дэх шүлгүүд нь, дээд зөвлөлийн бүх гишүүн оролцоогүй нөхцөлд тэд хэрхэн үйл ажиллагаа явуулах талаар тайлбарласан болохыг суралцагчдад хэлж, дүгнэн ярь. Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 102:12–14-ийг чимээгүй уншин, дээд зөвлөлийн гишүүд сахилгын зөвлөл дээр хэрхэн ярихаар сонгогддогийг олж мэдэхэд урь. Дараа нь суралцагчдаас олж мэдсэн зүйлээ мэдээлэхийг хүс.

  • Шодох гэдэг нь юу гэсэн үг вэ? (Энэ тохиолдолд, зөвлөлийн гишүүд нэгээс арван хоёрын хоорондох дугаараас сугална гэсэн үг.)

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 102:15–18-ыг чанга уншихад урин, дээд зөвлөл яагаад тоонуудыг сугалдаг шалтгааныг олж мэдэхийг ангийнхнаас хүс.

  • Бид 15–16-р шүлгээс сахилга батын зөвлөлүүд хэрхэн явагдах ёстой талаар юуг сурч болох вэ? (Суралцагчдыг хариулсны дараа, дараах өгүүлбэрийг самбар дээр бич. Есүс Христийн Сүмд сахилгын зөвлөл нь шударга, тэгш байдалд явагддаг.)

  • Хэрэв сахилгын зөвлөлийн хурлын үеэр дээд зөвлөх тэгш тоог сугалах юм бол түүний үүрэг юу байх вэ? Ноцтой гэм нүгэл хийсэн Сүмийн гишүүдийн талаар Их Эзэн санаа зовж байдгийг энэ нь хэрхэн харуулж байна вэ?

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 102:19-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас дагуулан харж, зөвлөлийн ерөнхийлөгч хоёр талын мэдүүлгийг сонссоны дараа юу хийх ёстойг олж мэдэхийг хүс. Дараа нь суралцагчдаас олж мэдсэн зүйлээ мэдээлэхийг хүс.

  • Буруутай этгээдийн болоод Сүмийн эрх ашиг, сонирхлын талаар эхлээд зөвлөлийн гишүүдийн үгийг сонсох нь гадасны ерөнхийлөгчид шийдвэр гаргахад нь хэрхэн туслах вэ?

Нэг суралцагчийг ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн дараах мэдэгдлийг чангаар уншихад урь. Зөвлөлийн ерөнхийлөгч хоёр талын мэдүүлгийг сонсохоос өөр юу хийдэг талаар ажиглан олж мэдэхэд ангийнхныг урь.

Зураг
Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли

“Залбирал эхлэхээс өмнө хэзээ ч шүүлтийг явуулж байгаагүй … гэдгийг би та нарт батлан хэлэхийг хүсэж байна. Зөвхөн хүмүүний, ялангуяа ганц хүний шүүлтээс болж гишүүний эсрэг арга хэмжээ авах нь маш ноцтой зүйл юм. Сүнсний удирдамж тэнд байх ёстой шударга ёсыг дагахыг хичээж байгаа бол Сүнсийг хичээнгүйгээр эрэлхийлэн мөн түүнийг дагах ёстой” (“In … Counsellors There Is Safety,” Ensign, 1990 оны 11-р сар, 50).

  • Хоёр талын мэдүүлгийг сонсохоос гадна гадасны ерөнхийлөгч өөр юу хийдэг вэ?

  • 19-р шүлэгт заасны дагуу, ерөнхийлөгч шийдвэр гаргасны дараа зөвлөлөөс юу хийхийг шаарддаг вэ?

Сургаал ба Гэрээ 102:20–22 дахь шүлгүүд нь шийдвэрийн талаар эргэлзээтэй байгаа тохиолдолд юу хийх тухай заавар өгсөн болохыг тайлбарлан, дүгнэн ярьж өг.

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 102:23-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас дагуулан харж, сургаалын асуудлууд нь тодорхой биш тохиолдолд юу хийгдэх ёстойг олж мэдэхийг хүс. Суралцагчдыг сурсан зүйлээ хуваалцахад урь.

  • 23-р шүлэгт ямар үнэнийг заасан бэ? (Суралцагчдыг хариулсны дараа дараах үнэнийг самбар дээр бич. Сахилгын зөвлөлийг тэргүүлж буй тэдний дээр Их Эзэн Өөрийн оюун санааг илчилдэг.)

Гадасны сахилгын зөвлөлийн шийдвэрүүдийг Тэргүүн Зөвлөлд давж заалдаж болох тухай тайлбарлан Сургаал ба Гэрээ 102:27–34-ийг нэгтгэн дүгнэ.

Энэ хичээлийн эхэнд дурдсан ерөнхийлөгч Харолд Б.Лийгийн хэлсэн түүхийг суралцагчидтай давт.

  • Та нар хэнд илүү итгэх байсан бэ? Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл болон дээд зөвлөлд үү, эсвэл тэдний шийдвэрийг давж заалдсан тэр хүнд үү?

  • Сургаал ба Гэрээ 102-ыг судлахдаа олж мэдсэн үнэнүүдэд үндэслэвэл, бид Сүмийн сахилгын зөвлөлийн гаргасан шийдвэрүүдэд яагаад итгэх хэрэгтэй вэ?

Суралцагчдыг хариулсны дараа, та нэг суралцагчаа ерөнхийлөгч Харолд Б.Лийгийн түүхийн үлдсэн хэсгийг уншихад урь.

Зураг
Ерөнхийлөгч Харолд Б.Лий

“Би түүнийг өрөөндөө орохыг уриад, дараа нь орж суумагц ‘Танд хувийн хэдэн асуулт тавивал болохсон болов уу? гэж асуусан юм.

Тэр ‘Тийм ээ, болно.

Та хэдэн настай вэ?’ гэв.

‘Дөчин долоо.’

‘Та ямар санваартай вэ?’

Тэр өөрийгөө багш гэж бодож байна гэж хэлсэн.

‘Та мэргэн ухааны үгийг сахидаг уу?’

‘За, үгүй дээ. ’…

‘Та аравны нэг төлдөг үү?’

Тэр ‘Үгүй ’ гээд, 32-р тойргийн бишоп хэвээрээ байгаа цагт би төлөх сонирхол алга’ гэж хэлэв.

Би түүнээс ‘Та санваарын цуглаандаа оролцдог уу? гэтэл,

‘Үгүй, ноёнтон’ гэж тэр хариулсан юм.

‘Та бас ариун ёслолын цуглаандаа оролцдоггүй юу?’

‘Үгүй ээ, эрхэм ээ.’

‘Та гэр бүлийн залбирал хийдэг үү?’ гэхэд тэр үгүй гэлээ.

‘Та судраас суралцдаг уу?’ Тэр нүд нь их муу хардаг болохоор нэг их уншиж чаддаггүй гэв.

‘За тэгэхээр, Пайнеер гадасны шилдэг арван таван эрэгтэй өчигдөр орой залбирсан. … Тэгтэл дээрх зүйлсийн алийг нь ч хийдэггүй гэж хэлсэн атлаа та залбираад, үүний эсрэг хариулт авлаа гэж хэлж байна. Та үүнийг юу гэж тайлбарлах вэ?’ гэж хэлэв.

Тэгтэл тэр хүн миний бодлоор маш гайхалтай хариултыг өгсөн. Тэрээр ‘За, Ерөнхийлөгч Лий, миний хариулт буруу эх сурвалжаас ирсэн байх ёстой гэж би бодож байна’ гэсэн билээ” (Teachings of Harold B. Lee, 421–422).

Сүмийн гадасны ерөнхийлөгчийн зөвлөл болон дээд зөвлөлийн гаргасан шийдвэрт бид яагаад итгэж болох талаар гэрчлэлээ хуваалцахыг бод.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Сургаал ба Гэрээ 102. Сүмийн сахилгын зөвлөлүүд

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч М.Рассэлл Баллард Сүмийн сахилгын зөвлөлүүдийн талаар:

Зураг
Ахлагч М.Рассэлл Баллард

“Гишүүд заримдаа яагаад сахилгын зөвлөлүүд байдаг талаар асуудаг. Гурван гол зорилго нь: алдас үйлдэгчийн бодгалийг аврах, гэмгүй нэгнийг хамгаалах, Сүмийн цэвэр ариун, зарчимч байдал, сайн нэрийг хамгаалах явдал юм.

Тэргүүн Зөвлөлөөс сахилгын зөвлөлүүд нь хүн амины хэрэг, цус холилдох, [хүүхдийг (бэлгийн ба биеийн) хүчирхийлэх] эсвэл урвасан зэрэг тохиолдолд хуралдах ёстой хэмээн зааварласан байдаг. Түүнчлэн Сүмийн олны танил удирдагч ноцтой гэм нүгэл үйлдсэн, хууль зөрчигч нь бусад хүнд аюул учруулж болох хүчирхийлэгч байх, нэг хүн ноцтой гэм нүглийг дахин давтан үйлдсэн, ноцтой гэм нүгэл нь нийтэд илэрхий байсан зэрэг нөхцөлд сахилгын зөвлөл хуралдах ёстой. …

Мөн үр хөндөлт, хүйс солиулах мэс засал, хүн алах оролдлого, хүчингийн хэрэг, бэлгийн харьцааны хүч хэрэглэсэн авир, санаатайгаар бусдын бие махбодод гэмтэл учруулах, гэр бүлээс гадуурх завхайрал, садар самуун явдал, эхнэр, нөхрийн зүй бус авир, ижил хүйстний харьцаа, … ханиа дээрэлхэх, гэр бүлийн хариуцлагаа санаатайгаар орхих, дээрэм, хулгай хийх, бусдыг хуурч мөнгө олох, хууль бус аргаар мөнгө олох, хууль бус бодисыг зарах, залилах, худал мэдүүлэг өгөх, худлаа тангараглах зэрэг ноцтой гэм нүгэл үйлдэгдэх үед сахилгын зөвлөл цугларан уг гишүүний Сүм дэх байдлын талаар хэлэлцэж болно. [Гэм нүгэл үйлдэгч нь ноцтойгоор хууран мэхлэх үйлдлүүд хийсэн, шударга бус, луйврын хэлбэртэй үйлдлийг бэлэн мөнгөтэй харьцах арилжааны явцад гаргасан үед мөн сахилгын зөвлөл хуралдана.]

Иргэний болон эрүүгийн гэмт хэргийг шийдэхээр сахилгын зөвлөлийг дуудахгүй. Иргэний шүүхийн шийдвэр нь Сүмийн сахилгын зөвлөл цуглах шаардлагатай эсэхийг тодорхойлоход тусалж болно. Гэсэн хэдий ч, иргэний шүүхийн шийдвэр нь сахилгын зөвлөлийн шийдвэртэй адил байх ёстой гэсэн үг биш юм.

Сахилгын зөвлөл нь аравны нэгийг төлөхгүй, мэргэн ухааны үгэнд дуулгаваргүй байх, сүмд явахгүй байх, гэрийн багш нарыг хүлээн авахгүй байх зэрэг зүйлсэд хуралдах хэрэггүй. Өрөө төлөхгүй байх эсвэл бизнес нь бүтэлгүйтсэн асуудлыг шийдвэрлэхэд оролцохгүй. Гишүүдийн дунд гарсан маргааныг зохицуулахад эдгээр нь оролцохгүй. Сүмийн баримтаас өөрийн нэрийг хасахыг шаарддаг эсвэл [идэвх нь суларсан] гишүүдэд зориулан хуралдахгүй.

Сахилгын зөвлөлийн хурал нь нээлтийн залбирлаар эхэлдэг бөгөөд үүний дараа зөвлөл цугларах болсон шалтгааныг мэдэгдэнэ. Уг гишүүнээс гэм буруутай үйлдлийнх нь талаар, өөрийнх нь бодол санаа болон наманчлалын аль шатуудыг хэрэгжүүлж байгаа талаар ярихыг хүсдэг. Гишүүн нь санваартан удирдагчдын тодруулах асуултад хариулна. Дараа нь уг гишүүнийг явуулж, удирдагчид хамтдаа зөвлөлдөн залбирч, шийдвэр гаргадаг.

Зөвлөл нь олон хүчин зүйлийг, тухайлбал, ариун сүмийн эсвэл гэрлэлтийн гэрээ зөрчигдсөн эсэх; итгэл болон эрх мэдлийг урвуулан ашигласан эсэх; гэм нүглийн давталт, ноцтой байдал, түвшин; нүгэл үйлдэгчийн нас, намба, туршлага; мөн гэм буруугүй хохирогчийн болон гэр бүлийнх нь сонирхол; гэмт үйлдэл үйлдсэнээс эхлээд буруугаа хүлээх хүртэлх хугацаа; хэргээ өөрийн санаачилгаар хүлээсэн эсэх; наманчилсан нотолгоо зэргийг авч үзэх хэрэгтэй болдог.

Зөвлөлд сууж буй хүмүүс нь бүх зүйлийг чанд нууцлах ёстой бөгөөд уг зүйлд хайрын сүнсээр хандаж шийдэх хэрэгтэй. Тэдний зорилго бол шийтгэх бус, харин тухайн гишүүнд Бурханы өмнө зогсохдоо дахин цэвэр болоход зайлшгүй шаардлагатай өөрчлөлтүүдийг хийхэд нь туслах явдал юм.

Зөвлөлийн шийдвэр сүнслэг удирдамжаар шийдэгддэг. Зөвлөл нь дараах 4 шийдвэрийн нэгэнд хүрч болно. Тухайлбал: (1) арга хэмжээ авахгүй, (2) албан хариуцлагын хугацаа өгөх, (3) гишүүнчлэлээс түдгэлзүүлэх эсвэл (4) хөөх.

Гэм нүгэл хийсэн байсан ч зөвлөл энэ удаад ямар нэгэн арга хэмжээ авахгүй байхаар шийдвэрлэж болно. (Цаашдын зөвлөмжийг тойргийнхоо бишопоос авахыг гишүүнд хэлж урамшуулна.)

Албан ёсны сорилго нь гишүүнийг бүрэн наманчлахад нь туслахын тулд түр хугацаанд ногдуулах сахилгын шийтгэл юм. Зөвлөлийн тэргүүлэх албан тушаалтан уг сорилгын дуусах нөхцөл байдлыг тодруулж хэлж өгнө. Сорилгын хугацаанд бишоп эсвэл гадасны ерөнхийлөгч уг хүний сайжран дээшилж байгаад туслахаар байнгын холбоотой байх болно.

Зөвлөлийн гаргаж болох 3 дахь шийдвэр бол гишүүнчлэлээс түдгэлзүүлэх юм. Гишүүнчлэлээс түдгэлзүүлэх нь түр хугацаанд [үргэлжлэх] боловч, заавал богино хугацаа байх шаардлагагүй юм. Гишүүнчлэлээс түдгэлзүүлсэн хүмүүс Сүм дэх гишүүнчлэлээ хадгалж үлддэг. Тэднийг Сүмийн олон нийтийн цуглаануудад суухыг дэмждэг ч, тэд олны өмнө залбирах эсвэл үг хэлэх эрхгүй. Тэд Сүмийн дуудлагатай байх, ариун ёслолоос хүртэх, Сүмийн албан тушаалтнуудыг дэмжин батлах, ариун сүмийн эрхийн бичиг эзэмших эсвэл санваарыг хэрэглэх боломжгүй. Гэсэн ч тэд аравны нэг болон өргөлийг төлж, хэрэв хишиг хүртсэн бол ариун сүмийн гармент үргэлжлүүлэн өмсөж байж болно.

Хөөн зайлуулах нь Сүмийн сахилгын зөвлөлийн гаргаж болох хамгийн хатуу шүүлт юм. Хөөгдсөн хүмүүс Сүмийн гишүүн биш болно. Тиймээс тэдэнд Сүмийн гишүүнчлэл, тухайлбал ариун сүмийн гармент өмсөх, аравны нэг болон бусад өргөл өргөх зэрэг эрх нь үгүй болно. Тэдгээр нь сүмийн нийтийн цуглаануудад, гишүүнчлэлийг нь түдгэлзүүлсэн хүмүүсийн адил ирж болох боловч, эдгээрт хязгаарлагдмал байдлаар оролцоно. Сүмээс хөөгдсөн хүмүүсийг наманчлах болон улмаар баптисмд тэнцэхийн тулд бэлтгэхэд нь урамшуулдаг” хэмээн тайлбарлажээ. (“A Chance to Start Over: Church Disciplinary Councils and the Restoration of Blessings,” Ensign, 1990 оны 9-р сар, 15–16).

Сургаал ба Гэрээ 102:18. Буруутгагчийн болон буруутай этгээдийн эрх

1840 онд бошиглогч Иосеф Смит буруутай этгээдийн эрхийн талаар дээд зөвлөлд заавар өгчээ. Түүний заасан тэр зарчмуудыг одоо Сүмийн сахилгын зөвлөлүүдэд үргэлжлүүлэн хэрэглэж байна. Тэрээр:

Зураг
Бошиглогч Иосеф Смит

“Зөвлөл нь уг зөвлөлийн гишүүдийн бодол санаа бусдын хэргийг шийдэхдээ аль нэг тал руу хэлтийхгүй байж болохын тулд, хоёр тал хоёулаа оролцоогүй нөхцөлд, эсвэл оролцох боломж өгөгдөөгүй нөхцөлд ямар ч хэргийг шийдэж болохгүй; бас хүмүүний хэрэг нь шүүгдэхээр авчрахаас өмнө хүний гомдлыг сонсох ёсгүй; бас уг хүн өөрийгөө өмгөөлж хамгаалахад бэлэн биш мөн оролцоогүй нөхцөлд дээд зөвлөлийн өмнө уг хүний төлөв занг дэлгэн ярих ёсгүй” хэмээн заажээ (History of the Church, 4:154-т). Хэрэв нэг тал буюу зайлшгүй чухал гэрч нь сахилгын зөвлөл дээр ирж чадахгүй болсон бол, тэргүүлж буй удирдагч түүнийг бичгээр мэдэгдлээ өгөхийг урьж болно.