Семинар
63-р хичээл: Сургаал ба Гэрээ 58:1–33


63-р хичээл

Сургаал ба Гэрээ 58:1–33

Оршил

1831 оны 8-р сарын 1-нд, Их Эзэн Миссуригийн Индепенденсийг Сионы төв газар хэмээн тодорхойлсноос хойш хоёр долоо хоног хүрэхгүй хугацааны дараа Иосеф Смит Сургаал ба Гэрээний 58-д цэдэглэгдсэн илчлэлтийг хүлээн авчээ. Энэ илчлэлт нь уг шинэ газарт юу хийх ёстой талаар Бурханы хүслийг мэдэхийг ихэд хүсэж байсан хүмүүсийн асуултын хариуд өгсөн байна. Энэ илчлэлтэд Их Эзэн гэгээнтнүүдэд зовлон бэрхшээлдээ итгэлтэй байхыг зөвлөж мөн Тэрээр гэгээнтнүүдийг яагаад Сион руу илгээснээ тайлбарлажээ. Их Эзэн гэгээнтнүүдийг сонгох эрхээ ашиглан зөв шударга байдлыг тохиолгон авчрахыг урамшуулжээ.

Заах зөвлөмж

Сургаал ба Гэрээ 58:1–5

Их Эзэн гэгээнтнүүдэд гай зовлонгийнхоо үед итгэлтэй байхыг зөвлөв

Хичээл эхлэхийн өмнө Одоо ба Ирээдүй гэсэн үгсийг самбар дээр бич.

Суралцагчдаас амьдралд нь тулгарч байгаа хамгийн хүнд бэрхшээлээ бодохыг хүссэнээр хичээлээ эхэл.

  • Энэ амьдрал болон ирэх амьдралын ирээдүйн талаар бодох нь одоо тулгарч байгаа бэрхшээлүүдийг давахад тань хэрхэн тусалж болох вэ?

Нэг суралцагчийг дараах догол мөрийг чанга уншихад урь. Суралцагчдаас 1831 онд Миссури дэх гэгээнтнүүдийн заримыг нь сэтгэлээр унахад хүргэсэн байж болох бэрхшээлүүдийг олж мэдэхийг хүс.

1831 оны 1-р сард номлогчид Миссуригийн баруун хязгаарын цаана Индиан Территорид амьдарч буй хэсэг бүлэг Делаверийн индианчуудыг олжээ. Делаверийн индианчууд Мормоны Номд агуулагдаж буй сайн мэдээг сурах сонирхолтой байлаа. Гэвч, номлогчид Индиан Территорид орж мөн сайн мэдээг заахад шаардлагатай зөвшөөрлийг аваагүй байсан ба индиан нутгийн төлөөлөгчид болон шашны удирдагчдын эсэргүүцлийн улмаас Сүмийн номлогчид уг нутгаас гарах шаардлагатай болсон байна. Номлогчид дараа нь Миссуригийн Индепенденс болон эргэн тойронд суурьшсан цагаан арьстнуудад заахыг оролдсон боловч 1831 оны 7-р сар гэхэд арав хүрэхгүй хөрвөгчид Сүмд нэгдсэн байв. 1831 онд Сүмийн ахлагчид Огайогоос Миссурид ирээд үзсэн зүйлдээ заримынх нь урам хугарсан байсан. Тэдний зарим нь хурдацтай өсч буй итгэгчдийн суурин, нүүж ирж буй Сүмийн гишүүдийг хүлээж авахад бэлэн газрыг харна хэмээн бодож байжээ. Индепенденс дэх газрыг боловсруулаагүй байсанд цөөн хэдэн хүн сэтгэл түгшиж буйгаа илэрхийлэв. Үүнээс гадна, зарим ах Миссурид үлдэж, дараа нь ирэх гэгээнтнүүдэд зориулан Сионыг бэлтгэхийн тулд газар худалдаж авахаар урамшуулагджээ.

  • Энэ нөхцөл байдал нь яагаад Сүмийн зарим гишүүний урмыг хугалсан байж болох вэ?

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 58:1–2-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас дагаж уншаад, ахлагчдад бэрхшээлүүдээ давахад нь тусалж магадгүй хэмээн Их Эзэний юу хэлснийг олж мэдэхийг хүс.

  • Их Эзэн эдгээр ахлагчид юу гэж хэлсэн бэ?

  • 2-р шүлэгт буй үнэнүүдийг та нар хэрхэн хураангуйлан тайлбарлах вэ? (Суралцагчид дараах зарчмуудыг тодорхойлох ёстой. Хэрэв бид Их Эзэний зарлигуудыг сахивал адислагдана. Бэрхшээл ирэх үед бид итгэлтэй үлдвэл мөнхийн шагнал маань илүү агуу байх болно. Та суралцагчдад 2-р шүлэг дээр эдгээр зарчмыг зааж буй өгүүлбэрийг тэмдэглэхийг санал болгож болно.)

Суралцагчдын анхаарлыг самбар дээрх Одоо ба Ирээдүй гэсэн үгсэд хандуул. Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 58:3–5-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас дагаж уншаад, Их Эзэн ахлагчдад Өөрийн хүмүүсийн одоо болон ирээдүйн талаар юу гэж хэлснийг олж мэдэхийг хүс. Олж мэдсэн зүйлээ тайлагнахыг суралцагчдаас хүс.

  • 3-р шүлэгт цэдэглэгдсэнээр, бид бэрхшээлийг туулж байх үедээ юуг ихэвчлэн харж эсвэл ойлгож чаддаггүй вэ?

Их Эзэн ахлагчдаас тэвчиж буй бэрхшээлүүдийнхээ цаадахыг харж мөн итгэлтэй байвал бодит болох алдар суут ирээдүйн талаар бодохыг хүссэн гэдгийг эдгээр шүлэг харуулж байгааг онцол. Миссури дэх гэгээнтнүүдэд Их Эзэний өгсөн захиас нь бэрхшээлүүдийг итгэлтэйгээр тэвчдэг хүмүүст амлагдсан адислалууд дээр төвлөрүүлэх замаар тэвчээртэй байхад бидэнд тусалж чадна.

  • Их Эзэнд итгэх нь та нарт бэрхшээлүүдээ итгэлтэйгээр тэвчихэд хэрхэн тусалж болох вэ?

  • Та нар зовлон бэрхшээлүүдээ итгэлтэйгээр тэвчсэнийхээ төлөө хэзээ адислагдаж байсан бэ?

Суралцагчдыг яг одоо тулгарч буй хамгийн хүнд бэрхшээлээ бодоход дахин урь. Тэднийг бэрхшээлүүд байгаа ч гэсэн сайн мэдээнд итгэлтэй үлдэхэд урамшуул. Ингэснээр тэд Их Эзэний одоо болон ирээдүйд тэдэнд зориулан бэлтгэсэн адислалуудыг хүлээн авч чадна.

Сургаал ба Гэрээ 58:6–13

Аврагч гэгээнтнүүдийг яагаад Сион руу илгээснээ тайлбарлав

Суралцагчдаас асуу.

  • Та яагаад хийх ёстой гэдгийг нь ойлгоогүй ч ямар нэг зүйлийг хийх даалгавар авч байсан уу? Энэ нь танд ямар санагдсан бэ?

  • Нөгөөтэйгүүр, хэн нэгэн хүн та нараас ямар нэг зүйл хийхийг хүсэж мөн хийлгэж байгаа шалтгааныг нь ойлгоход тань тусалж байсан уу? Шалтгаануудыг мэдэх нь ямар өөрчлөлтийг авчирдаг вэ?

Их Эзэн Сионы суурийг тавиулахаар хүмүүсийг илгээсэн зарим шалтгаанаа илчилсэн гэдгийг тайлбарла. Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 58:6–8-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас дагаж уншаад, Сионы суурийг тавиулахаар хүмүүсийг илгээсэн талаар Их Эзэний өгсөн шалтгааныг олж мэдэхийг хүс. Суралцагчдаас олж мэдсэн зүйлээ тайлагнахыг хүс.

Их Эзэн Сионы суурийг тавиулахаар хүмүүсийг илгээсэн нэг шалтгаан нь дэлхийг Есүс Христийн Хоёр дахь ирэлтэд бэлтгэх явдал байсан гэдгийг тайлбарласнаар Сургаал ба Гэрээ 58:9–13-ыг хураангуйл. Эдгээр шүлэгт, Их Эзэн бүх үндэстний хүмүүс сайн мэдээний адислалуудыг хүртэхээр уригдах болно хэмээн заадаг Шинэ Гэрээн дэх сургаалт зүйрлэлийг эш татсан байдаг.

  • Дэлхийг Есүс Христийн Хоёр дахь ирэлтэд бэлтгэж байгаа гэдгээ мэдэх нь ахлагчдад бэрхшээлүүдээ итгэлтэйгээр давахад хэрхэн тусалж болох байсан бэ?

Сургаал ба Гэрээ 58:14–23

Их Эзэн бишопын үүрэг хариуцлагуудыг дүрсэлж мөн гэгээнтнүүдэд орон нутгийн хуулийг дагаж мөрдөхийг зарлигладаг.

Зураг
Эдвард Партриж

Их Эзэн Сионы хотыг барих ажлыг удирдан чиглүүлүүлэхээр бишоп Эдвард Партрижийг дуудсан гэдгийг суралцагчдад сануул. Их Эзэн Бишоп Партриж болон Сидней Гилберт нарт Сүмийн өмч хөрөнгийг захиран зарцуулж мөн Миссуригийн Индепенденс болон ойр хавьд газар худалдаж авахын тулд Миссурид үлд гэсэн заавар өгчээ (С ба Г 57:7–8-ыг үзнэ үү). Гэгээнтнүүд газар худалдаж авахаар бэлтгэж байхад бишоп Партриж сонгогдсон байсан газрын чанарын тал дээр Иосеф Смиттэй маргалдсан гэдгийг тайлбарла. Тэр өөр газруудыг худалдаж авах ёстой гэсэн мэдрэмжтэй байв. Энэхүү санал зөрөлдөөн нь Их Эзэнээс зэмлэл хүлээхэд хүргэсэн байна.

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 58:14–15-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас дагаж уншаад, Их Эзэн бишоп Партрижид юу хэлснийг олж мэдэхийг хүс. Суралцагчдаас олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс.

  • Суралцагчдын анхаарлыг Сургаал ба Гэрээ 58:3-т дахин хандуул. Энэ шүлэгт илчлэгдсэн үнэнүүд нь бишоп Партрижид аль газрыг худалдаж авах талаар бошиглогчтой маргалдсаныхаа төлөө наманчлах сонголтыг хийхэд нь хэрхэн тусалсан байж болох вэ?

Бишоп Партриж даруу байдлаар Их Эзэний зэмлэлийг хүлээн зөвшөөрч мөн нүглээсээ өршөөгдсөн гэдгийг тайлбарла.

  • Сургаал ба Гэрээ 58:3-т илчлэгдсэн үнэнүүд нь хэрхэн Их Эзэний зарлигуудад итгэлгүй байдал эсвэл зүрх сэтгэлийн харалган байдлаар бус харин итгэлтэйгээр хариулахад бидэнд тусалж чадах вэ?

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 58:16–20-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас дагаж уншаад, Их Эзэн бишоп Партрижид бишопын үүргүүд болон Сионыг барихад туслах хариуцлагынх нь талаар юу гэж хэлснийг олж мэдэхийг хүс.

  • Эдгээр шүлэгт өгүүлснээр, бишопын үүрэг хариуцлага юу вэ?

  • Өнөөдөр бишопууд Их Эзэний хүмүүсийг шүүдэг ямар арга замууд байдаг вэ?

Их Эзэн биднийг Өөрөө ирж мөн Мянган жилийн турш засаглах хүртэл орон нутгийн хуулиудыг дагахыг хүсдэг гэдгийг тайлбарласнаар Сургаал ба Гэрээ 58:21–23-ыг хураангуйл.

Сургаал ба Гэрээ 58:24–33

Их Эзэн гэгээнтнүүдэд сайныг үйлдэхийн тулд сонгох эрхээ ашиглахыг зөвлөв

Суралцагчдад дараах нөхцөл байдлуудыг уншиж өг.

Та нар гудамжинд алхаж яваад нэг настай хүн унахыг харлаа гэж төсөөл. Та нар дараах зүйлүүдийн алийг нь хийх ёстой вэ?

  1. Тэр хүнд тусал хэмээн хэлэх Сүнсний өдөөлтийг хүлээх

  2. Хэн нэгэн хүн юу хийхийг чинь хэлэхийг хүлээх

  3. Өөр хүн туслах эсэхийг харж хүлээх

  4. Унасан хүнд тэр даруй туслах.

Суралцагчдыг хариулсны дараа дараах асуултуудыг тавь.

  • Өөр хэн нэгнээс удирдамж ирэхийг хүлээлгүйгээр тэр хүнд туслах нь яагаад чухал вэ?

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 58:26-28-г чанга уншихад урь. Ангийнхнаас дагаж уншаад, Сионы хотыг барих үедээ бэрхшээлтэй тулгарсан гэгээнтнүүдэд Их Эзэний зааж буй зарчмуудыг олж мэдэхийг хүс. (Та “бүх зүйлд албадуулдаг тэр нь” [С ба Г 58:26] гэсэн хэллэг нь ямар нэг зүйлийг шаардахаас нааш хийдэггүй хүнийг хэлж байгаа гэдгийг тайлбарлаж болно.)

  • Та нар 26–28-р шүлгээс ямар үнэнүүдийг олсон бэ? (Суралцагчид дараах үнэнүүдийг хэлж болно. Бид өөрсдийнхөө төлөө үйлдэхээр сонгох хүчтэй. Хэрэв бид Их Эзэн бидний хийх ёстой бүх зүйлийг хэлэхийг хүлээвэл шагналаа алдах болно. Хэрэв бид зөв шударга байдлыг тохиолгохоор авчрахын тулд өөрсдийн сонгох эрхээ ашиглавал бид шагнагдах болно. Суралцагчдын үгсийг ашиглан эдгээр үнэнийг самбар дээр бич.)

  • Эдгээр шүлэг ямар “шагналыг” ярьж байна вэ? Өөрсдийн чөлөөт хүсэл зоригоор олон сайн зүйлийг хийх нь мөнх амьдралыг хүлээж авах эсэхэд маань хэрхэн нөлөөлөх вэ?

  • Та нар гэртээ сайн зүйлсийг хийхэд санаа сэтгэлээ бүрэн зориулж болох ямар арга замууд байдаг вэ? Сургууль дээр? Тойрог эсвэл салбартаа?

Суралцагчдыг сайныг хийхийн тулд сонгох эрхээ ашигласны хариуд адислагдаж байсан туршлагаасаа хуваалцахад урь.

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 58:29–33-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас дагаж уншаад, сайныг хийхийн тулд сонгох эрхээ ашигладаггүй эсвэл Их Эзэний зарлигуудад эргэлздэг хүмүүст юу тохиолддогийг олж мэдэхийг хүс.

  • Сайныг хийхийн тулд сонгох эрхээ ашигладаггүй эсвэл Их Эзэний зарлигуудад эргэлздэг хүмүүст юу тохиолддог вэ?

  • Зарим хүн өөрсдийн залхуу эсвэл дуулгаваргүй байдлаас болоод адислалууд хүлээн авахгүй үедээ ямар үйлдэл үзүүлдэг вэ? 33-р шүлэг-т, Их Эзэн ийм хүмүүст ямар сэрэмжлүүлэг өгч байна вэ?

Сайныг хийхийн тулд сонгох эрхээ ашиглахын чухлыг гэрчил. Суралцагчдыг дараагийн хичээлээс өмнө сонгох эрхээ ашиглан ямар нэг сайн зүйл хийхэд урь. Суралцагчдад юу хийснээ дараагийн хичээл дээр хуваалцах боломжтой байх болно гэдгийг хэл.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Сургаал ба Гэрээ 58:2–4. “Их гай зовлонгийн дараа дагалдах алдар суу”

Ерөнхийлөгч Бригам Янг мөнхийн талаас нь үзэх үзэлтэй байх болон итгэлтэй хүмүүст ирдэг алдар суугийн талаар дараах зүйлийг заажээ.

Зураг
Ерөнхийлөгч Бригам Янг

“Бид энэ амьдрал дахь бэрхшээл болон асуудлуудын тухай ярьдаг. Гэхдээ та нар өөрсдийгөө энэ богино хугацаанд шашиндаа итгэлтэй байж мөн мөнхийн аврал болон Бурханы оршихуй дахь алдар суугийн титмийг хүлээн авсны дараа мянга мянга ба сая сая жилийн дараа ямар байхаар нь харж чадсан гэж бодоод үз. Тэгээд энэ амьдралаа, алдсан болон тэвчсэн зүйлүүдээ мөн сэтгэлээр унасан үеүдээ эргэж хараад та нар ‘энэ бүхэн яах вэ? Тэдгээр зүйл нь түр зуур байсан ба бид одоо энд байна. Бид мөнх бус амьдралынхаа хэсэг хугацаанд итгэлтэй байсан ба бид одоо мөнх амьдрал болон алдар сууг эдэлж байна’ гэж дуу алдах болно” (“Remarks,” Deseret News, 1859 оны 11-р сарын 9, 1). (Мөн Сургаал ба Гэрээ суралцагчдын гарын авлага, 2 дахь хэвлэл [Сүмийн Боловсролын Системийн гарын авлага, 2001], 119–120-ийг үзнэ үү.)

Сургаал ба Гэрээ 58:3. “Бурханыхаа төлөвлөгөөг … та нар эгэл нүдээрээ болгоож чадах нь үгүй”

Бид Бурханы бидэнд зориулсан зүйлүүдийг үргэлж ойлгодоггүй гэж тайлбарласан К.С.Люисийн хэлсэн үгийг ахлагч Нийл А.Максвэлл хуваалцсан.

Зураг
Ахлагч Нийл А.Максвэлл

“К.С.Люис Mere Christianity, хэмээх номдоо өөрсдийгөө Түүний хүсэлд захируулах нь сүнслэг өсөлт явагдах цорын ганц арга гэдгийг ойлгоход бидэнд туслах онцгой замаар Бурхан ба бидний харилцааг дүрсэлсэн.

Өөрийгөө амьд байшин гэж төсөөл. Бурхан тэр байшинг засварлахаар ирдэг. Эхлээд, та Түүний юу хийж байгааг ойлгоно. Тэр ус зайлуулах хоолойг сольж мөн дээвэр дээрээс ус алдалтыг зогсоодог. Та эдгээр ажил хийгдэх ёстойг мэдэж байсан учраас үүнд гайхахгүй. Гэвч Тэр байшинг аймшигтай өвдөх хүртэл нь хүчтэй цохих бөгөөд энэ нь ойлгогдохгүй. Тэр юугаа хийгээд байгаа юм бол? Хариулт нь гэвэл, Тэр таны бодож байснаас нэлээд өөр байшин барьж байгаа юм. Шинэ жигүүр, нэмэлт давхар, өндөр цамхаг болон цэцэрлэг байгуулж байна. Та өөрийгөө ердийн л нэг жижигхэн байшин болно гэж бодож байсан боловч Тэр орд харш барьж байна …’ (С. Льюис, Mere Christianity [1952], 160).” (“The Value of Home Life,” Ensign, 1972 оны 2-р сар, 5).

Сургаал ба Гэрээ 58:8–11. “Их Эзэний үдшийн зоог”

“Хуучин Гэрээнд гардаг хоёр найрын бэлгэдэл нь Их Эзэний үдшийн зоогт хамаарагддаг ба энэ нь ‘сайн зүйлүүдийн найр’ ба ‘нэн сайн цэвэршүүлсэн тунгаамал дарсны найр’ буюу. Энэ хоёр хоёулаа элбэг баян байдлын тэмдэг бөгөөд энд дурдагдсан найр нь асар их ач холбогдолтой гэдгийг харуулж байна (С ба Г 57:5–14; 65:3; Maтай 22:1–14; Илчлэлт 19:7–9-ийг мөн үзнэ үү)” (Сургаал ба Гэрээ суралцагчийн гарын авлага [Сүмийн Боловсролын Системийн гарын авлага, 2001], 120).

Сургаал ба Гэрээ 58:14–15. Бишоп Партриж нүглүүдээ наманчлав

Бишоп Партриж Миссурид сонгогдсон байсан газрын чанарын тал дээр Иосеф Смиттэй маргалджээ. Тэр өөр газруудыг худалдаж авах ёстой гэсэн мэдрэмжтэй байв. Үүнийх нь төлөө Их Эзэн бишоп Партрижийг зэмлэжээ.

Бишоп Партриж Сургаал ба гэрээ 58 дахь Их Эзэний зэмлэлийг даруу байдлаар хүлээн авсан. Энэ илчлэлт өгөгдсөнөөс хэдхэн өдрийн дараа тэр эхнэртээ хандан ийнхүү бичжээ: “Намайг өндөр албанд үйлчилж байгааг чи мэдэх бөгөөд үе үе зэмлүүлэхдээ би дуудлагаа буцааж өгөхөөс илүүтэйгээр дуудлага маань миний чадвараас илүү ба би Тэнгэрлэг Эцэгийн таалалд нийцэх хэмжээнд үйлчилж чадахгүй байх гэж айдаг” (letter to Lydia Partridge, Aug. 5–7, 1831, Church History Library, Salt Lake City). Бошиглогч Иосеф, бишоп Партриж хоёрын хоорондын маргаан гэж үздэг Сионд болсон хурлын тэмдэглэлүүдэд Партриж санал зөрсөндөө “харамссаар ирсэн ба одоо ч харамсаж байгаа” гэж хэлсэн хэмээн бичигдсэн байдаг (Minute Book 2, 1832 оны 3-р сарын 10, 23, Church History Library, Salt Lake City; мөн josephsmithpapers.org-ийг үзнэ үү). 1831 оны 9-р сарын 11-нд өгөгдсөн илчлэлт дээр Партрижийн хийсэн зүйл өршөөгдсөн хэмээн бичигдсэн байдаг (Documents, Volume 2: 1831 оны 7-р сар–1833 оны 1-р сар, vol. 2 of the Documents series of The Joseph Smith Papers [2013 он], 62).

Сургаал ба Гэрээ 58:27–28. “Чөлөөт хүсэл зоригоороо олон зүйлийг хий”

“Сайн зарчимд санаа сэтгэлээ бүрэн зориул” (С ба Г 58:27) гэсэн зөвлөгөөг дагасан эерэг жишээг Далын ахлагч Вон Ж.Фэдэрстөүний хуваалцсан туршлагаас харж болно.

Зураг
Вон Ж.Фэдэрстөүн

“Намайг арав юм уу арван нэгтэй байхад олон хамаатан маань манайд ирсэн юм. Гэрт маань 35, 40 орчим хүн байсан. Ээж минь тэднийг бүгдийг нь оройн хоолонд урьсан байв. Оройн хоолны дараа хүн бүр нөгөө өрөөнд орцгоов. Угаагаагүй аяга таваг, халбага сэрээ хөглөрч байлаа. Хоол ундыг далд хийгээгүй байсан ба хоол хийхэд ашигласан сав суулга хөглөрч байв.

Би хүн бүр явсны дараа ээж минь энэ бүгдийг цэвэрлэнэ гэдгийг бодлоо. Надад нэг санаа төрөв. Би угааж эхэллээ. Тэр үед цахилгаан аяга таваг угаагч байгаагүй. Ээж минь маш цэвэрч хүн байсан бөгөөд тэр бидэнд аяга таваг угааж мөн арчих зөв аргыг заасан юм. Би энэ их ажлыг хийж эхэллээ. Эцэст нь, гурван цагийн дараа би сүүлийн аяга тавгаа хатааж дуусаж байв. Би бүх хоолны үлдэгдлийг хадгалж, ширээ, угаалтуур болон шалаа цэвэрлэв. Гал тогооны өрөө цэмцгэр болсон байв.

Зочид явсны дараа ээж минь цэвэрлэгээ хийхээр гал тогоонд орж ирээд яаж гайхаж байсныг би хэзээ ч мартахгүй. Би энгэрээсээ доош өвдөг хүртэл норсон байсан. Миний гаргасан бүхий л хичээл зүтгэл ээжийн гайхсан царайг харахад хангалттай байсан юм. Сэтгэл хөдлөл, тайвшрал болон бахархал түүний царайд тодорч байв. Би ээждээ ийм баяслыг дахин дахин авчрах шийдвэрийг тэр өдөр гаргасан юм” (“We Love Those We Serve,” New Era, 1988 оны 3-р сар, 19).