Семинар
96-р хичээл: Сургаал ба Гэрээ 90–92


96-р хичээл

Сургаал ба Гэрээ 90–92

Оршил

1833 оны 3-р сарын 8-нд, Их Эзэний өгсөн илчлэлт Сургаал ба Гэрээ 90-д цэдэглэгдсэн. Энэ илчлэлт нь Дээд санваартны ерөнхийлөгчийн зөвлөлд хандсан зааврыг агуулсан бөгөөд Тэргүүн Зөвлөлийг байгуулах “алхмын үргэлжлэл” байв. 1833 оны 3-р сарын 9-нд, Иосеф Смит Библийн орчуулгадаа Апокрифыг оруулах эсэхийг Их Эзэнээс асуусан. Иосеф Смитийн асуултад Их Эзэн Сургаал ба Гэрээ 91-д цэдэглэгдсэн илчлэлтээр дамжуулан хариулсан бөгөөд тэрийг орчуулах шаардлагагүй хэмээн хэлжээ. Хэдхэн хоногийн дараа буюу 1833 оны 3-р сарын 15-нд бошиглогч Сургаал ба Гэрээ 92-т цэдэглэгдсэн Иосеф Смитийн зөвлөхүүдийн нэг Фредерик Г.Виллямсийг Сүмийн халамжийн болон бизнесийн ажил хэргийг хянаж удирдахаар байгуулагдсан Нэгдсэн пүүсийн идэвхтэй гишүүн байхыг зааварласан илчлэлтийг хүлээн авсан.

Заах зөвлөмж

Сургаал ба Гэрээ 90:1–18

Их Эзэн Дээд санваарын ерөнхийлөгчийн зөвлөлд үүрэг хариуцлагынх нь талаар заавар өгөв

Энэ хичээлийг дараах асуултуудаар эхэл.

  • Таны хүлээж авсан хамгийн үнэ цэнтэй бэлэг ямар бэлэг вэ? Яагаад үнэ цэнтэй байна вэ?

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 90:1–3-ыг чанга уншихад уриад, ангийнхнаас Их Эзэний Иосеф Смитэд өгсөн ямар нэгэн үнэ цэнтэй зүйлийг олж мэдэхийг хүс.

  • Иосеф Смит юу атгаж байсан бэ? (Хаант улсын түлхүүрүүд гэдэг нь ерөнхийлөгчийн зөвлөлийн эрх буюу дэлхий дээр Түүний хаант улсыг удирдан, чиглүүлэхээр Бурханаар хүмүүнд өгөгдсөн эрх мэдэл гэсэн үг юм.) Тэр нь яагаад үнэ цэнтэй вэ?

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 90:4–5-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас хамт уншаад, гэгээнтнүүдэд өгсөн Их Эзэний сэрэмжлүүлгийг олж тогтоохыг хүс. (Та 4–5-р шүлэгт хэрэглэсэн зөгнөлүүд гэдэг нь Түүний бошиглогчоор дамжуулан Бурханаас ирэх илчлэлтүүдийг хэлж байгааг тайлбарлах хэрэгтэй байж болно.)

  • Их Эзэн ямар анхааруулгыг гэгээнтнүүдэд өгсөн бэ? Бид энэ сэрэмжлүүлгээс ямар зарчмыг суралцаж болох вэ? (Суралцагчдын хариултууд дараах зарчмыг тусгасан байх ёстой. Хэрэв бид Бурхан Өөрийн бошиглогчдоор дамжуулан өгдөг илчлэлтүүдэд хөнгөмсгөөр хандвал бүдэрч унах болно. Та энэ зарчмыг самбар дээр бичиж болно.)

  • Бурханы Өөрийн бошиглогчдоор дамжуулан өгдөг илчлэлтүүдэд “хөнгөмсөг зүйл” мэт хандах гэдэг нь юу гэсэн утгатай гэж та нар бодож байна вэ? Хүмүүсийн хөнгөмсөг хандахаар уруу татагдаж мэдэх илчлэлтийн зарим ямар жишээ байна вэ?

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 90:6-г дотроо уншаад, Их Эзэн өөр хэнийг хаант улсын түлхүүрүүдийг атгадаг гэж хэлснийг олж мэдэхэд урь. Суралцагчдаас олж мэдсэнээ хуваалцахыг хүс.

1833 оны 3-р сарын 18-нд буюу 90-р хэсэг өгөгдсөнөөс арван өдрийн дараа Иосеф Смит хожим нь Сүмийн Тэргүүн Зөвлөл гэж нэрлэгдэх Дээд санваарын ерөнхийлөгчийн зөвлөлийн зөвлөхүүдээр Сидней Ригдон, Фредерик Г.Виллямс хоёрыг онцгойлон адисалсан гэдгийг тайлбарла.

  • Бид 6-р шүлгээс ямар сургаалыг сурч болох вэ? (Суралцагчдын хариулт дараах сургаалыг тусгасан байх ёстой. Тэргүүн Зөвлөл нь хаант улсын түлхүүрүүдийг атгадаг. Хэдийгээр Тэргүүн Зөвлөлийн гишүүн бүр хаант улсын түлхүүрүүдийг атгадаг ч Сүмийн ерөнхийлөгч нь бүхэл Сүмийн төлөө илчлэлт хүлээн авч чаддаг цорын ганц хүн юм гэдгийг суралцагчид ойлгосон байхад анхаар.)

Тэргүүн Зөвлөлийнхөн дэлхий даяар сайн мэдээг номлох Бошиглогчдын сургуулийн гишүүдийг бэлтгэх заавар авсан гэдгийг тайлбарласнаар Сургаал ба Гэрээ 90:7–10-ыг нэгтгэн дүгнэ. Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 90:11-ийг дотроо уншаад, энэ шүлэг нь өнөөдөр хэрхэн биелэгдэж байгааг бодож үзэхэд урь. Суралцагчдаас олж мэдсэнээ хуваалцахыг хүс.

Та мөн Сургаал ба Гэрээ 90:12–18-ыг нэгтгэн дүгнэж болно. Бошиглогч Иосеф Смит болон түүний зөвлөхүүд Сүмийн ажил хэргийг цэгцлэх ёстойг эдгээр шүлэг заадаг.

Та Тэргүүн Зөвлөл нь хаант улсын түлхүүрүүдийг атгадаг гэдгийг гэрчилж, тэдний үгийг дагахын чухлын талаарх сэтгэгдлээ хуваалцаж болно.

Сургаал ба Гэрээ 90:19–37

Их Эзэн Сион дахь гэгээнтнүүдэд зааварлав

Иосеф Смитийг Сургаал ба Гэрээ 90 дэх илчлэлтийг хүлээн авах үед Сүмд санхүүгийн нөөц байхгүйгээс болж тэр болон Сүмийн бусад удирдагч хэцүү байдалд байсан гэдгийг тайлбарла.

  • Та амьдралдаа маш хэцүү нөхцөл байдалд орсон үедээ юу хийдэг вэ?

Сургаал ба Гэрээ 90:19–37 нь эхэн үеийн Сүмийн удирдагчдад тулгараад байсан хэцүү нөхцөл байдлаа хэрхэн зохицуулахыг заасан Их Эзэний зааврыг агуулдаг болохыг тайлбарла. Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 90:24-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас хамт уншаад, хэцүү цаг үеийг туулж байгаа хувь хүмүүсийг тайтгаруулж чадах зөвлөгөөг олж тогтоохыг хүс.

  • 24-р шүлэг дэх ямар зөвлөгөө нь хэцүү цаг үеийг туулж байгаа хувь хүмүүсийг тайтгаруулж чадах вэ? Та энэ шүлэг дэх Их Эзэний захиасыг хэрхэн зарчим шиг тодорхойлох вэ? (Суралцагчдын хариултууд дараах зарчмыг тусгасан байх ёстой. Хэрэв бид хичээнгүйлэн судалж, үргэлж залбирч, итгэлтэй байж, гэрээгээ сахих юм бол бүх зүйл бидний сайн сайхны төлөө хамтран ажиллах болно.)

  • Бүх зүйл бидний сайн сайхны төлөө хамтран ажиллах болно гэдэг нь юу гэсэн утгатай гэж та нар бодож байна вэ?

  • Та хэцүү цаг үедээ итгэлтэй байхыг эрэлхийлээд, үр дүнд нь адислагдаж байснаа хэзээ мэдэрсэн бэ?

Хэцүү үед агуу итгэлтэй байдлыг харуулсан Сүмийн нэг гишүүн бол Виенна Жаквес гэдгийг тайлбарла. Суралцагчдад хос хосоороо ажиллахыг даалга. Суралцагч бүрд Виенна Жаквесийн тухай дараах мэдээллийн хуулбарыг өг. Хамтрагчдыг Сургаал ба Гэрээ 90:28–31-ийг хамт судлаад, Виеннад өгсөн Их Эзэний онцгой зааврыг олж тогтоохыг хүс. Дараа нь тэднийг гарын авлагаа судлаад Виеннагийн итгэлтэй байсан арга замуудыг хайж олохыг хүс.

Виенна Жаквес нь эхэн үеийн олон хожмын үеийн гэгээнтнүүдийн итгэлтэй байдлын нэгэн үлгэр жишээ юм. Тэр 1787 оны 6-р сарын 10-нд төржээ. Тэрээр АНУ-ын Массачусетсийн Бостонд номлогчидтой уулзсаныхаа дараа 1831 онд Огайогийн Көртланд руу явжээ. Тэнд тэрээр зургаан долоо хоног байж байгаад, баптисм хүртэв. Виенна Бостон руу ирээд гэрийнхнээсээ хэд хэдэн хүнийг Сүмд ирэхэд нь тусалжээ. Түүнийхээ дараа тэрээр “бүхий л ажил хэргээ төвхнүүлчихээд, Көртландад буцаж ирэн, өөрийнхөө хүсэл сонирхлыг Сүмтэй үүрд нэгтгэжээ” (“Home Affairs,” Woman’s Exponent, 1878 оны 7-р сарын 1, 21). 1833 онд Виенна өөрийнхөө эзэмшиж байсан бүх эд хөрөнгийг, үүний дотор 1400 долларыг Сүмд мөнгө хамгийн их хэрэгтэй байсан тэр үед зориулав. Тэрээр дараа нь Сион дахь өв хөрөнгөө авахаар Миссури рүү аялсан. Гэтэл, тэрээр хүрэлцэн ирснийхээ дараа тун удалгүй гэгээнтнүүдтэй хамт мөрдлөг хавчлага амсчээ. Миссурид гэрээсээ хөөгдсөнийхөө дараа тэрээр Сионы хуаран дахь өвчтэй хүмүүсийг халамжилжээ. Хибэр С.Кимбалл энэ тухай, “Би миний болон ах нарын маань хүсэлтэд тохинуулсан Виенна Жаквес эгчээс … их сайхан сэтгэлийг хүлээн авав; Их Эзэн [түүнийг] сайхан сэтгэл гаргасных [нь] төлөө шагнах болтугай” гэж бичжээ (“Extracts from H. C. Kimball’s Journal,” Times and Seasons, 1845 оны 3-р сар, 839–840).

Виенна Миссурид байхдаа Даниэл Шийрэртэй гэрлэв. Тэрээр 1847 онд 60 настайдаа, баруун зүгт Юта руу өөрөө хөсөг тэргээ түрэн аялжээ. Тэрээр Солт Лэйк хотод суурьшин, үлдсэн амьдралаа өөрийнхөө хэрэгцээг хангах, судруудыг хичээнгүйлэн судлахаар шаргуу хөдөлмөрлөсөн. Виенна 1884 оны 2-р сарын 7-нд 96 насандаа таалал төгсчээ. Түүний эмгэнэлийн бичигт “Тэрээр гэрээнүүддээ үнэнч байсан ба сайн мэдээний сэргээлтийг үнэлж баршгүй үнэт зүйл хэмээн дээдэлдэг байсан” гэж бичжээ (“In Memoriam,” Woman’s Exponent, 1884 оны 3-р сарын 1, 152). (Мөн Susan Easton Black, “Happiness in Womanhood,” Ensign, 2002 оны 3-р сар, 12–14-ийг үзнэ үү.)

Хамтрагчдыг уншиж дууссаны дараа, дараах асуултуудыг ангийнхантай ярилц.

  • Виенна Жаквес Их Эзэний түүнд өгсөн заавруудыг хэрхэн биелүүлсэн бэ? Виенна Жаквесийн талаарх юу нь танд гүнзгий сэтгэгдэл төрүүлж байна вэ?

  • Та нар Виенна Жаквесийн тухай уншсан зүйлээсээ юу сурсан бэ?

Сургаал ба Гэрээ 91

Аврагч Иосеф Смитийг Апокрифыг орчуулахгүй байхыг зааварлав

Хэрэв боломжтой бол ном, сонин юм уу сэтгүүл эсвэл хөдөлгөөнт төхөөрөмж зэрэг мэдээллийн хэдэн өөр эх сурвалжийг харуул.

  • Эдгээр эх сурвалжаас таны уншсан зүйл үнэн гэдгийг та яаж мэдэх вэ?

Сургаал ба Гэрээ 91-д цэдэглэгдсэн илчлэлт нь уншсан зүйлээ үнэн эсэхийг хэрхэн ялган танихыг Иосеф Смитэд зааварласан болохыг тайлбарла. Нэг суралцагчийг хэсгийн удиртгалыг чанга уншихад урь. Ангийнхнаас хамт уншаад, Иосеф энэ илчлэлтийг хүлээн авах үедээ юу хийж байсныг олж мэдэхийг хүс. Тэднийг олж мэдсэнээ хуваалцахад урь.

Апокриф нь анх еврей Библид (Хуучин Гэрээ) ороогүй байсан ч Христийн үеийн өмнөхөн Библийн грек хэлээр орчуулагдсан хувилбарт орсон иудей хүмүүсийн ариун номуудын цуглуулга юм гэдгийг тайлбарла. Зарим ном нь Хуучин Гэрээ, Шинэ Гэрээ хоёрын хоорондын цаг хугацаанд гүүр болдог. Христэд итгэгч эртний хүмүүс зуун зууны дараа Библийн номуудыг эмхэтгэхдээ Апокрифын номуудыг оруулсан ч тэдгээр нь судрын хэсэгт хамаарагдах эсэхийн талаар асуултууд гарч байсан. Иосеф Смитийн сүнслэгээр өдөөгдсөн орчуулга дээрээ ажиллаж байхдаа ашиглаж байсан Библийн хувилбар Апокрифыг агуулсан байжээ. Гэсэн хэдий ч, Апокрифын хүчинтэй эсэх нь асуудалтай байсан болохоор Иосеф Библийн орчуулгадаа тэдгээр номыг оруулах ёстой эсэхээ Их Эзэнээс асуусан.

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 91:1–3-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас Иосеф Смит Апокрифын тухай юу олж мэдсэнийг олж мэдэхийг хүс. (Та засвар оруулах нь бичээст нэмж оруулсан материал, заримдаа эх бичвэрийг гуйвуулсан үр дүнд хүргэдэг гэдгийг тайлбарлах хэрэгтэй байж болно.)

Суралцагчдыг олж мэдсэнээ хуваалцсаны дараа, нэг суралцагчаас Сургаал ба Гэрээ 91:4–6-г чанга уншихыг хүс. Ангийнхнаас Апокрифт юу нь үнэн байгааг Иосеф Смит хэрхэн мэдэж болохыг олж тогтоохыг хүс.

  • Апокрифт юу нь үнэн байгааг Иосеф хэрхэн мэдэж болох байсан бэ?

  • 4–6-р шүлэг дэх зөвлөгөө бидний унших зүйлд хэрхэн тусалж чадах вэ? (Суралцагчид дараах зарчмыг олж тогтоох ёстой. Ариун Сүнс бидэнд уншиж байгаа зүйлсийн үнэн эсэхийг мэдэхэд тусалж чадна.)

Та тэдний уншсан ямар нэг зүйлийн үнэнийг Ариун Сүнс баталж байгааг мэдэрсэн туршлагаасаа хуваалцахад суралцагчдыг урьж болно.

Сургаал ба Гэрээ 92

Фредерик Г.Виллямсийг Нэгдсэн пүүст хүлээн авах ёстой байв

Сургаал ба Гэрээ 92-т агуулагдсан илчлэлт нь Нэгдсэн пүүсийн (мөн Нэгдсэн журам гэж нэрлэдэг) хэсэг болсон Сүмийн удирдагчдад Фредерик Г.Виллямсийг пүүст хүлээн авахыг зааварласан. Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 92:1–2-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас хамт уншаад, Их Эзэн хэрхэн Фредерик Г.Виллямсийг пүүсийн гишүүн шиг үйлдэхийг хүссэнийг олж мэдэхийг хүс. Суралцагчдаас олж мэдсэнээ хуваалцахыг хүс.

  • Фредерик Г.Виллямс нь “цог золбоотой нэг гишүүн” байсан гэдэг нь юу гэсэн үг гэж та нар бодож байна вэ?

  • Та нар өнөөдөр Сүмийн цог золбоотой гишүүн байхын тулд юу хийж чадах вэ?

  • Бид итгэлтэй хүмүүст амласан адислалуудын тухай 2-р шүлгээс ямар зарчмыг мэдэж авч чадах вэ? (Суралцагчид дараах зарчмыг тусгасан байх ёстой. Хэрэв бид Их Эзэний зарлигуудыг сахихдаа итгэлтэй байвал үүрд мөнхөд адислагдах болно.)

Энэ хичээл дээр олж тогтоосон сургаал болон зарчмуудын чухлын талаар гэрчлэн, хичээлээ дуусга.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Сургаал ба Гэрээ 90:24. “Хичээнгүйлэн судлагтун”

Их Эзэн гэгээнтнүүдэд “хичээнгүйлэн судлагтун, үргэлж залбирагтун, мөн итгэлтэй байгтун, … та нарын сайн сайхны тулд бүх зүйл хамтдаа ажиллах болно” хэмээн зөвлөжээ (С ба Г 90:24). Ерөнхийлөгч Харолд Б.Лий энэ зөвлөгөө нь энэ илчлэлтийг өгч байх үед хүнд бэрхшээлтэй тулгараад байсан “Сүмийн удирдлагад бага зэрэг эсвэл бүр огт туршлагагүй” эхэн үеийн Сүмийн удирдагчдад тэр тусмаа утга учиртай байх байсан гэж тайлбарласан (Stand Ye in Holy Places: Selected Sermons and Writings of President Harold B. Lee [1974], 197). Тэрээр цааш нь “хичээнгүйлэн судлагтун” гэдэг нь юу гэсэн утгатайг тайлбарласан:

Зураг
Ерөнхийлөгч Харолд Б.Лий

“Хичээнгүй гэдэг нь залхуу эсвэл хайнга эсвэл хэнэггүй байхын эсрэг хөдөлмөрч гэсэн утгатай. Өөрөөр хэлбэл, тэд Сүмийн сургаалуудыг мэдэхийн тулд хайх ёстой мөн тэд Сүмийн журмын талаар өгсөн заавруудыг мэдэхийн тулд эрэлхийлэх ёстой” (Stand Ye In Holy Places, 198).

Сургаал ба Гэрээ 90:25–27. Гэгээнтнүүд гэр бүлээ “цөөн” байлгаж байна уу?

Сургаал ба Гэрээ 90:25–27-д “Их Эзэн Өөрийн үйлчлэгчдэд сэрэмжлүүлсэн, ялангуяа бошиглогчийн аавыг Сүмээр тэдэнд олгосон эд зүйлсийг зохисгүй (25-р шүлэг) бөгөөд нөхцөл байдлыг ашиглах чадвартай хүмүүст хэрэглүүлэхгүйн тулд гэр бүлээ цөөн байлгахад сэрэмжлүүлсэн. Их Эзэн тэдэнд гэр бүлээ цөөн байлга хэмээн зөвлөхдөө шууд хүүхдүүдийг нь хэлж байгаа хэрэг биш юм. Ах нарын нээлттэй байшин, нээлттэй зүрхийг ашиглах хандлагатай айлчлагчид болон аялдан дагалдагчдыг хэлжээ. Ах нар энэ асуудлыг анхаарч үзвэл Их Эзэний ажлыг биелүүлэхэд нь тэдэнд саад болохгүй байх болно” (Sidney B. Sperry, Doctrine and Covenants Compendium [1960], 462; мөн Сургаал ба Гэрээний суралцагчийн гарын авлага, 2-р хэвлэл [Сүмийн Боловсролын Системийн гарын авлага, 2001 он], 214-ийг үзнэ үү).

Сургаал ба Гэрээ 91:4–6. Бидний уншсан зүйлийн үнэн эсэхийг мэдэхэд Ариун Сүнс бидэнд тусалж чадна.

Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф:

Зураг
Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф

“Дэлхийн аль ч түүхэнд ийм их мэдээллийг одоогийнх шиг амархан олж авч байсангүй. Эдгээр мэдээллийн зарим нь үнэн, зарим нь буруу, ихэнхдээ үнэний хувьтай байдаг.

Ийм учраас, дэлхийн түүхэнд үнэн ба бурууг хэрхэн зөв ялган танихад суралцахаас илүү чухал зүйл үгүй билээ. …

Ариун Сүнс бол илчлэгч мөн. Тэр бол бидэнд бүх зүйлийн үнэнийг заадаг; ‘бүх зүйлийг мэддэг мөн мэргэн ухаан, нигүүлсэл, үнэнч, шударга ёс мөн шүүлтийн дагуу бүх хүч байдаг тэр зүйл буюу’ Тайтгаруулагч юм [Мосе 6:61].

Ариун Сүнснээс ирдэг үнэний гэрч нь хүн бүрд, хаа сайгүй, дэлхийн бөмбөрцгийн эргэн тойронд боломжтой байдаг. Үнэнийг мэдэхээр эрэлхийлэх, оюундаа тунгаан бодох [С ба Г 9:8-ыг үзнэ үү] мөн ‘Христэд итгэлтэй байж, чин сэтгэлтэйгээр, үнэн хүсэлтэйгээр асуух аваас, үүний үнэнийг Ариун Сүнсний хүчээр’ [Моронай 10:4] мэдэх болно” гэж заасан. (“Үнэн гэж юу вэ?” [Сүмийн Боловсролын Системийн онцгой цугларалт, 2013 оны 1-р сарын 13], 3, 6; speeches.byu.edu).