Семинар
15-р хичээл: Иосеф Смит—Түүх 1:66–67; Сургаал ба Гэрээ 6–7


15-р хичээл

Иосеф Смит—Түүх 1:66–67; Сургаал ба Гэрээ 6–7

Оршил

1829 оны хавар бошиглогч Иосеф Смитэд Мормоны Номын орчуулгыг яаравчлуулах хүчтэй мэдрэмж төржээ. Тэр хөдөлмөрлөж, гэр бүлээ тэжээх ёстой байсан учраас орчуулах цаг түүнд маш хомс байлаа. Иосефын дүү Самуел, Эмма хоёр бичээчээр тусалж байсан ч бүрэн цагаар тусалж чадахгүй байв. Иосеф ялтсуудыг хүлээж аваад, жил хагасаас илүү болсон ба гар бичмэлийн 116 хуудсыг алдсанаас болж орчуулсан цөөн хэдхэн хуудастай үлдсэн байлаа. Орчуулгын ажилд өөрт нь туслах хэн нэгнийг Их Эзэн илгээх болтугай гэж Иосеф залбирав. Иосефын залбирлын хариуд Их Эзэн Оливер Каудерийг бичээчээр үйлчлүүлэхээр илгээжээ.

Сургаал ба Гэрээ 6 ба 7 дахь илчлэлтүүд нь Оливерыг ирсний дараа удалгүй өгөгдсөн байна. Сургаал ба Гэрээ 6 нь Их Эзэний ажил дахь Оливерын гүйцэтгэх үүрэгтэй холбоотой зөвлөгөөг агуулдаг. Сургаал ба Гэрээ 7 нь Төлөөлөгч Иоханы бичсэн зүйлүүдийн орчуулгыг агуулдаг ба Их Эзэний Хоёр дахь ирэлт хүртэл амьдарч мөн бодгалиудыг Есүс Христэд авчрах Иоханы хүслийг биелүүлсэн гэж заадаг.

Заах зөвлөмж

Иосеф Смит—Түүх 1:66–67; Сургаал ба Гэрээ 6:1–9

Оливер Каудери Иосеф Смитийн бичээч болов

Самбар дээр гэрлийн чийдэн ба мандаж буй нар зур.

Зураг
Гэрлийн чийдэнгийн зураасан зураг
Зураг
Мандаж буй нарны зураасан зураг
  • Гэрлийн чийдэн асаах нь мандаж буй нарыг харахаас яагаад өөр вэ? (Суралцагчид хэд хэдэн ялгааг хэлж болох ч нэг нь агшин зуур гэрэл гаргаж, нөгөө нь гэрлийг аажмаар гаргадаг гэдгийг хэл.)

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднар хувийн илчлэлтийн талаар тайлбарлахын тулд энэ жишээг ашигласан гэдгийг тайлбарла. Тэр зарим үед илчлэлт нь “хурдан, бүтнээрээ, нэг дор ирдэг [харанхуй өрөөнд гэрэл асааж байгаа мэт]. … [Гэхдээ] ихэнхдээ илчлэлт нь удаан хугацаанд жижиг хэсгүүдээр ирдэг” хэмээн хэлсэн (“Илчлэлтийн Сүнс,” Ensign, эсвэл Лиахона, 2011 оны 5-р сар, 88). Суралцагчдыг Их Эзэн тэдний залбирлуудад тэр дороо хариулсан эсвэл удаан хугацаанд алгуураар хариулсан тэр үеүдийг тунгаан бодоход урь. Суралцагчдыг өнөөдөр Сургаал ба Гэрээ 6-г судлах үедээ Бурхан илчлэлт өгөх үед тэдгээрийг танихад тэдэнд туслах үнэнүүдийг олж мэдэхэд урамшуулан дэмж.

Суралцагчдад энэ илчлэлтийн түүхэн нөхцөл байдлыг ойлгоход нь туслахын тулд нэг суралцагчийг энэ хичээлийн оршил хэсгийн эхний догол мөрийг уншихад урь. Дараа нь бүх суралцагчийг Иосеф Смит—Түүх 1:66–67-г дотроо уншаад, Иосефын илүү хурдан орчуулах хүч чармайлтад Тэнгэрлэг Эцэг хэрхэн тусалсныг олж тогтооход урь.

  • Орчуулахад нь туслах хэн нэгнийг гуйсан Иосефын гуйлтын хариуд Их Эзэн юу хийсэн бэ?

Суралцагчдыг олж мэдсэн зүйлээ хэлсний дараа Оливер Каудери Пеннсильванийн Хармонид байгаа Иосефтой уулзахын тулд Нью-Йоркийн Палмирагаас буюу 220 гаруй км хол газраас ирсэн ба (Сүмийн түүхийн газрын зургууд, газрын зураг 1, “Нэгдсэн Улсын зүүн хойд хэсэг”-ийг үзнэ үү), тэр Иосефыг залбирснаас хэдхэн хоногийн дараа ирсэн гэдгийг тайлбарла.

Оливерыг Иосефын бичээчээр ажиллаад удаагүй байхад Иосеф нэг илчлэлт хүлээн авсан бөгөөд үүнд Их Эзэн Оливерт хандан ярьсан юм. Энэ илчлэлт Оливерын хүслийг илэрхийлсэн бөгөөд түүний залбирч асуусан боловч Иосефт хэлээгүй байсан зүйлд хариулсан нь тодорхой юм. Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 6:5–6, 8-ыг дотроо уншаад, Их Эзэн Оливерын хүслийг мэдсэн гэдгийг харуулах зүйлүүдийг олж мэдэхэд урь.

  • Эдгээр шүлэг болон Иосефт туслах гэж 220 гаруй км газар аялсан Оливерын хүчин чармайлт бидэнд түүний талаар юу хэлж байна вэ?

Тайлбар: 1–9-р шүлгүүд нь Хайрум Смитэд өгөгдсөн илчлэлт болох Сургаал ба Гэрээ 11-т давтагддаг бөгөөд тэр хичээл дээр яригдах болно.

Сургаал ба Гэрээ 6:10–24

Их Эзэн Оливер Каудерид энэ ажлын үнэнийг батлав

Суралцагчдаас дараах асуултын талаар эргэцүүлэн бодохыг хүс.

  • Та нар Бурханаас хариулт хүлээн аваад, дараа нь энэ хариултын талаар санаа зовниж эсвэл эргэлзэж байсан уу? (Хэдэн суралцагчийг туршлагаасаа хуваалцахад урь. Та бас өөрийн туршлагыг хуваалцаж болно. (Хэт ариун нандин эсвэл хувийн шинжтэй зүйлээ хуваалцах хэрэггүйг суралцагчдад сануул.)

Их Эзэн Оливерт илчлэлтийн бэлэг байгаа гэж Оливер Каудерид хэлсэн гэдгийг тайлбарлаж, Сургаал ба Гэрээ 6:10–13-ыг нэгтгэн дүгнэ. Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 6:14–17, 20-ийг дотроо уншаад, Их Эзэн Оливерт илчлэлт хүлээн авч мөн таних талаар заасан зүйлийг олж мэдэхэд урь.

  • Их Эзэн Оливерт илчлэлт хүлээн авч мөн таних талаар ямар ямар үнэнийг заасан бэ?

Суралцагчид дараах зарчмуудыг нэрлэж болно. Суралцагчдыг тэдгээрийг хэлэх үед та самбар дээр бичиж болно. Та суралцагчдад эдгээр шүлэг дээрх анхаарлыг нь татсан хэллэгүүдийг тэмдэглэхийг зөвлөж болно.

Бид Тэнгэрлэг Эцэгээс хариулт эрэлхийлбэл Тэр бидэнд удирдамж өгнө.

Их Эзэн Ариун Сүнсээр дамжуулан бидний оюуныг гэгээрүүлнэ.

Бурхан бидний бодол болон зүрхний хүслүүдийг мэддэг.

Бид илчлэлт хүлээн аваад үүнийгээ зүрх сэтгэлдээ нөөцлөх ёстой.

  • Их Эзэн бидний залбирлыг сонсож мөн хариулдаг гэдгийг мэдэх нь бидэнд яагаад чухал вэ?

  • Их Эзэн бидний оюуныг “гэгээрүүлнэ” гэдэг нь юу гэсэн утгатай гэж та нар бодож байна вэ? (Их Эзэн Ариун Сүнсээр дамжуулан бидэнд санаа болон ойлголтыг өгнө гэдгийг та тайлбарлаж болно.)

  • Зөвхөн Бурхан бидний бодол болон зүрхний хүслүүдийг мэддэг гэдгийг мэдэх нь яагаад чухал вэ?

  • Их Эзэний үгсийг “нөөцлөх” гэдэг нь юу гэсэн утгатай гэж та нар бодож байна вэ? (Их Эзэний илчилсэн зүйлүүдийг судлах, тунгаан бодох, үйлдэх мөн хүлээн авч буй илчлэлтдээ итгэх.)

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 6:21–24-ийг чанга уншаад, Их Эзэн бидэнтэй харьцдаг өөр нэг арга замыг олж мэдэхийг суралцагчдаас хүс.

  • Эдгээр шүлгээс бид Их Эзэн бидэнд хандан ярьдаг өөр нэг арга замын талаар юу сурч болох вэ? (Их Эзэн үнэний гэрч болгож бидний оюунд амар амгаланг ярьдаг. Та суралцагчдад “чиний оюунд амар амгаланг” гэдэг хэллэгийг тэмдэглэхийг зөвлөж болно [С ба Г 6:23].)

  • Өөрсдийн туршлагаас харахад, Их Эзэн бидний оюунд амар амгаланг ярихад юу мэдрэгддэг вэ?

Суралцагчдад илчлэлт тэдэнд хэрхэн ирж болохыг илүү сайн ойлгоход нь туслахын тулд Их Эзэн бидэнд хандан ярьж байгааг таних нь зарим үед амаргүй байдаг гэдгийг онцлон хэл. Ахлагч Бэднар мандаж буй нарны зүйрлэлээ цааш нь үргэлжлүүлж, Их Эзэнээс илчлэлт хэрхэн ирдгийг тодруулсан гэдгийг тайлбарла. Тэгээд нэг суралцагчийг дараах хэлсэн үгийг чанга уншихад урь.

Зураг
Ахлагч Дэвид А.Бэднар

“Заримдаа үүлэрхэг, манантай өглөө нар манддаг. Үүлтэй байгаа учраас нарны гэрлийг харахад хэцүү байдаг ба нар тэнгэрийн хаяанд яг хэзээ мандсан гэдгийг олж мэдэх нь боломжгүй байдаг. …

Үүнтэй адил замаар бид олон удаа хэрхэн эсвэл хэзээ хүлээн авснаа нарийн танилгүй илчлэлтийг хүлээн авдаг” (“Илчлэлтийн сүнс,” 89).

  • Бид заримдаа Их Эзэний бидний залбиралд өгч буй хариултуудыг хэрхэн анзаарахгүй байж болох вэ?

  • Их Эзэнийг өөрт нь хандан ярьж байгааг илүү сайн таньж сурах хүсэлтэй байгаа хүнд та нар ямар зөвлөгөө өгөх вэ?

Оливер энэ илчлэлтийг хүлээн авсныхаа дараа Их Эзэний Сургаал ба Гэрээ 6:22-т ярьсан “тэр шөнийн” талаар Иосефт хэлсэн гэдгийг тайлбарла. Нэг суралцагчийг бошиглогч Иосеф Сургаал ба Гэрээ 6 дахь илчлэлтийг хүлээн авсны дараа юу олж мэдсэнийг уншихад урь.

Зураг
Бошиглогч Иосеф Смит

“Биднийг энэ илчлэлтийг хүлээн авсны дараа, Оливер надад үүнийг хэлсэн юм. Тэр манай аавын гэрт хоол идэхээр очсоны дараа гэр бүлийнхэн маань надад ялтсууд байгаа гэж ярихыг сонссон байна. Нэг орой тэр орондоо орсны дараа Их Эзэнд залбирч эдгээр зүйл нь үнэн эсэхийг асуухад Их Эзэн түүнд үнэн гэдгийг хэлжээ. Гэвч тэр энэ явдлыг нууц хэвээр нь хадгалж байсан ба үүнийгээ энэ илчлэлт ирсний дараа надад хэлсэн билээ. Энэ илчлэлтэд дурдагдсан зүйлийг Бурханаас өөр ямар ч хүн мэдээгүй байсан учраас тэр энэ ажил үнэн гэдгийг мэдэж байв” (History of the Church, 1:35).

Суралцагчдыг Их Эзэн тэдний оюуныг гэгээрүүлсэн эсвэл амар амгаланг өгсөн үеүдийг эргэн санахад урь. Тэгээд тэднийг эдгээр дурсамжийнхаа заримыг нь бичихэд урь. Тэднийг өмнө нь хүлээн авч байсан хувийн илчлэлтүүддээ итгэхэд урамшуулан дэмж. Дараагийн хоёр хичээл тэдэнд залбирлынхаа хариултыг таньж сурахад тусална гэдгийг тайлбарла.

Сургаал ба Гэрээ 6:25–37

Их Эзэн Иосеф, Оливер хоёрт орчуулахыг мөн үл эргэлзэж мөн үл айхыг зөвлөв

Их Эзэн хэрэв Оливер хүсвэл орчуулах бэлгийг хүлээн авч мөн Мормоны Номын хоёр дахь гэрч болж Иосефтой хамт зогсож болно хэмээн хэлснийг тайлбарлаж Сургаал ба Гэрээ 6:25–31-ийг нэгтгэн дүгнэ.

  • Хэрэв та нар Оливерын оронд байсан бол Их Эзэний танд оногдуулсан үүрэг хариуцлагыг сонсоод ямар мэдрэмжтэй байх байсан бэ?

Суралцагчдаас Их Эзэний тэднээр хийлгэхийг хүссэн зүйлээс айж, эргэлзэж байсан үеэ бодохыг хүс. Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 6:32–37-г дотроо уншаад, Иосеф, Оливер хоёрыг Их Эзэний ажлыг үргэлжлүүлэх үед Тэрээр тэдэнд эргэлзээ болон айдсаа даван туулах талаар хэрхэн зөвлөгөө өгснийг олж мэдэхэд урь.

  • Энэ зөвлөгөөнөөс ямар үнэнийг эсвэл зарчмуудыг бид амьдралдаа хэрэгжүүлж болох вэ? (Суралцагчид өөр өөр зарчмууд хэлж болох ч дараах зарчмыг олж, онцлох ёстой. Бид Есүс Христэд найдсанаар эргэлзээ болон айдсыг даван туулж чадна.)

  • Хүн санаа бодол болгондоо Христ рүү харж болох ямар жишээ байж болох вэ?

Цөөн суралцагчийг Аврагчийн тухай мэдлэг нь эргэлзээ эсвэл айдсаа даван туулахад нь тэдэнд тусалсан туршлагаасаа хуваалцахад урь. Та мөн өөрийнхөө туршлагаас хуваалцаж болно.

Сургаал ба Гэрээ 7

Хайрт Иохан Хоёр дахь ирэлт хүртэл амьдарч мөн бодгалиудыг Христэд авчирна гэсэн баталгааг хүлээн авав

Тайлбар: Хувиргагдсан биет Иоханы тохинууллын талаар тодорхой зүйл илчлэгдээгүй юм. Иоханы байгаа газар эсвэл хийх зүйлүүдийн талаар тааж ярих хэрэггүй.

1829 оны 4-р сард Оливерыг Иосефын орчуулгад тусалж байхад Иосеф тэр хоёр “Шинэ Гэрээнд дурдагдсан Төлөөлөгч Иоханы түүхийн талаар буюу [Иохан 21:20–23-ыг үзнэ үү] тэрээр үхсэн эсвэл [амьдарч] байгаа талаар өөр өөр бодолтой байсан гэдгийг тайлбарла” (Histories, Volume 1: 1832–1844, The Joseph Smith Papers Histories цувралын 1-р боть [2012], 284).

Суралцагчдыг Иосеф ба Оливерын асуултын хариултыг олохын тулд Сургаал ба Гэрээ 7:1–3-ыг уншихад урь. (Хэрэв суралцагчид хариултыг олж чадахгүй байвал та тэдэнд Сургаал ба Гэрээ 7:1–3-ын оршил хэсгийг уншихыг зөвлөж болно.)

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Сургаал ба Гэрээ 6:14–15. Залбирлын хариуг таних нь

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Ричард Г.Скотт залбирах хэрэгтэйг болон Бурханаас ирэх хариултуудыг хэрхэн таних тухай ийн заасан.

Зураг
Ахлагч Ричард Г.Скотт

“Заримдаа залбирлынхаа хариуг таньж мэдэхэд хэцүү байдаг. Заримдаа бид өөрсдийн амьдралын туршлага,хүч чадал чадавх дээрээ тулгуурлан амьдралыг туулахыг ухаалаг бусаар хичээдэг. Юу хийх ёстойгоо мэдэхийн тулд залбирч, тэнгэрлэг сүнсний удирдамжийг авах нь илүү ухаалаг байдал юм. Бидний дуулгавартай байдал нь сүнслэгээр өгөгдсөн зорилгоо биелүүлэхэд шаардагдах тэнгэрлэг хүч чадлыг хүлээн авах эрхийг бидэнд олгодог.

Оливер Каудери бидний олонтой адил Их Эзэн түүний залбиралд аль хэдийн хариулсан байсныг таньж мэдээгүй.

Хэрэв Бурхан таны залбиралд хариу өгөөгүй гэж бодож байвал судрын үгсийг тунгаан бод. [С ба Г 6:14–15] Дараа нь таны залбирлыг Тэр аль хэдийн хариулсан хэмээх нотолгоог амьдралаасаа анхааралтай эрж хай” (“Хувийн амьдралдаа илчлэлт, сүнсний удирдамжийг хэрхэн авах вэ,” Ensign эсвэл Лиахона, 2012 оны 5-р сар, 47).

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднар хувийн илчлэлтийг хэрхэн таних талаар бодлоо хуваалцсан.

Зураг
Ахлагч Дэвид А.Бэднар

“Бид тэнгэр элчүүдийг харж, тэнгэрлэг дуу хоолойнуудыг сонсож, хязгааргүй их сүнслэг илэрхийлэлтүүдийг хүлээн авахгүй байж болно. … Гэвч өөрсдийн гэрээнүүддээ үнэнч байж, зарлигуудыг сахиж, байнга сайныг хийхийг эрэлхийлэн, илүү сайн хүн болохыг хичээх аваас бидний алхмыг Бурхан залан чиглүүлэх болно гэсэн итгэлтэйгээр алхаж чадна. …

… Заримдаа илчлэлтийн сүнс шууд, ил тодоор, зарим үед нарийн учир утгатайгаар, алгуурхан ажиллах болно. Ихэвчлэн түүнийг таньж мэддэггүй. Гэвч энэ адислал хүлээн авагдсан загварын ачаар гэрэл та нарын бодгалийг гэрэлтүүлэн, өсгөж, ойлголтыг тань гэгээрүүлэн, (Aлма 5:7; 32:28-ыг үзнэ үү) та нарыг болон гэр бүлийн тань замыг заан, хамгаалах болно” (“Илчлэлтийн Сүнс,” Ensign эсвэл Лиахона, 2011 оны 5-р сар, 90).