Семинар
99-р хичээл: Сургаал ба Гэрээ 94–96


99-р хичээл

Сургаал ба Гэрээ 94–96

Оршил

Их Эзэн Сургаал ба Гэрээ 94-т цэдэглэгдсэн илчлэлтийг 1833 оны 8-р сарын 2-нд илчилж, гэгээнтнүүдэд Миссури дэх Сион хотыг байгуулахыг зааварласныхаа адилаар Көртландын хотыг байгуулахад тэднийг удирдсан. Их Эзэн гэгээнтнүүдийг ариун сүм барихыг зарлигласан дээрээ нэмж ерөнхийлөгчийн зөвлөлд зориулан байшин (Сүмийн захиргааны байр) мөн хэвлэх газар барихыг түүнчлэн зарлиглажээ. Хоёр сарын өмнө, 1833 оны 6-р сарын 1-нд Иосеф Смит Сургаал ба Гэрээ 95-д цэдэглэгдсэн Их Эзэн ариун сүмийн барилгын ажлыг хойшлуулсных нь төлөө гэгээнтнүүдийг зэмлэсэн тэрхүү илчлэлтийг хүлээн авсан. Сургаал ба Гэрээ 96 нь Көртланд дахь ариун сүм баригдах эдлэн газрын асуудлыг “хариуцах” үүрэгт (С ба Г 96:2) Ньюел К.Витнейг томилох Их Эзэний зааврыг агуулдаг.

Заах зөвлөмж

Сургаал ба Гэрээ 94

Их Эзэн гэгээнтнүүдэд хоёр байшин барихыг зарлиглаад, ариун сүм барих шаардлагатай байгааг дахин нотлов

Олон хоттой нэгэн улсаар аялах боломж олдлоо гэж төсөөлөхийг суралцагчдаас хүс. Тэд аялж байхдаа хот болгоны төвд спортын дэвжээ байхыг анзаарсан.

  • Энэ нь тухайн улсын хүмүүсийн тухай юуг санал болгож байна вэ?

  • Хэрэв та том хот байгуулах гэж байсан бол хотынхоо төвд юуг байрлуулах вэ? Яагаад?

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 94:1, 3, 10-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас хамт уншаад, Их Эзэн Огайогийн Көртландад барихыг гэгээнтнүүдэд зарлигласан гурван барилгыг олж тогтоохыг хүс. Суралцагчдыг олж мэдсэнээ хуваалцахад урь.

Зураг
Көртландын газар

Огайогийн Көртландын газрын сонголт, ойролцоогоор 1833 оны 8-р сар. Баруун талын гурван барилга нь Көртланд ариун сүм, Ерөнхийлөгчийн зөвлөл ажлаа явуулж болох байр, хэвлэх албыг төлөөлдөг.

  • Энэ гурван барилга ямар зүйлс Их Эзэнд чухал байдгийг харуулж байна вэ? (Ариун сүмийн ёслолууд, илчлэлтийг хүлээн авах болон Сүмд үйлчлэх Тэргүүн Зөвлөлийн ажил, судрууд болон Их Эзэний зарлиглах бусад ажлыг хэвлэх зэрэг болно.)

Их Эзэн Сургаал ба Гэрээ 94-т дурдсан барилгуудыг барих хороог Хайрум Смит, Ренолдс Кахун, Жаред Картер нарын бүрэлдхүүнтэй байгуулах заавар өгсөн гэдгийг тайлбарласнаар Сургаал ба Гэрээ 94:13–17-г нэгтгэн дүгнэ.

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 94:16-г дотроо уншаад, Их Эзэн гэгээнтнүүдэд ерөнхийлөгчийн зөвлөл болон хэвлэхэд зориулсан барилгуудыг барих талаар юу хий хэмээн хэлснийг олж мэдэхэд урь. Суралцагчдаас олж мэдсэнээ хуваалцахыг хүс.

  • Яагаад ариун сүм нь нөгөө хоёр барилгын түрүүнд баригдах нь чухал байсан гэж та бодож байна вэ? Энэ нь ариун сүмийн чухлын тухай бидэнд юу зааж байна вэ? (Та нөгөө хоёр барилга нь хэзээ ч баригдаагүй гэдгийг суралцагчдад мэдүүлж болно.)

Сургаал ба Гэрээ 95

Их Эзэн гэгээнтнүүдийг ариун сүмийн барилгын ажлыг хойшлуулж байгаагийнх нь төлөө гэсгээн цээрлүүлэв

Их Эзэн 1832 оны 12-р сарын 27, 28-нд цэдэглэгдсэн Сургаал ба Гэрээ 88:119-д анх Көртландад Ариун сүмийг барих зарлиг гаргасан гэдгийг суралцагчдад сануул. (Энэ огноог самбарт бич.) Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 95-ын хэсгийн удиртгалаас энэ илчлэлтийг өгсөн огноог олоход урь. Энэ хоёр огнооны хооронд хэр хугацаа өнгөрснийг ойролцоогоор тооцоолохыг тэднээс хүс. Энэ хугацаанд Сүмийн удирдагчид Көртландад ариун сүм барих газрыг худалдан авсан гэдгийг тайлбарла. Гэсэн хэдий ч, 1833 оны 6-р сарын 1 гэхэд гэгээнтнүүд ариун сүмийг барих нь байтугай суурийг нь тавихад ч бэлдэж эхлээгүй байв.

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 95:1–3-ыг чанга уншихад урь. Их Эзэн ариун сүм барих ажлыг хойшлуулсан талаар гэгээнтнүүдэд юу хэлснийг олж тогтоохыг ангийнхнаас хүс. Суралцагчдыг олж мэдсэнээ хуваалцахад урь.

  • Их Эзэн Өөрийн хайрладаг хүмүүсийн төлөө юу хийдэг вэ? (Суралцагчид дараах үнэнийг олж тодорхойлох ёстой. Бурхан хайрладаг хүмүүсээ гэсгээн цээрлүүлдэг. Та суралцагчдад энэ үнэнийг заадаг үгсийг судар дээрээ тэмдэглэхийг санал болгож болно.)

  • Гэсгээн цээрлүүлэх гэдэг нь юу гэсэн үг вэ? (Хүмүүжүүлэх эсвэл залруулах) Эдгээр шүлэгт цэдэглэснээр, Бурхан яагаад хайрладаг хүмүүсээ гэсгээн цээрлүүлдэг вэ?

Суралцагчдаас хэн нэгэн тэднийг зэмлэх эсвэл залруулахад хэрхэн хариулдаг талаар бодохыг хүс. Нэг суралцагчийг дараах өгүүллийг чанга уншихад урь. Ангийнхнаас Их Эзэний гэсгээн цээрлүүлэлтэд зарим гэгээнтний хариулсан арга замуудыг сонсохыг хүс.

Иосеф Смит Сургаал ба Гэрээ 95-д цэдэглэгдсэн илчлэлтийг хүлээн авсны дараа, Сүмийн удирдагчид ариун сүмийн барилгын ажлыг хэлэлцэхээр бага хурал хуралдуулсан. Зарим нь угсардаг байшин барихын төлөө байхад бусад нь гуалингаар байшин барих тухай бодож байв. Иосеф тэдэнд хүнд биш харин Бурханд зориулан өргөө барих гэж байгааг сануулаад, ‘ах нар бид өөрсдийнхөө Бурханд зориулан гуалингаар өргөө барих гэж үү? Үгүй ээ, надад үүнээс илүү сайн төлөвлөгөө байна. Надад Их Эзэний Өөрийнх нь өгсөн Түүнд зориулан барих өргөөний төлөвлөгөө байна’ хэмээн хэлжээ.” Иосефыг ариун сүмийн бүтэн загварыг тайлбарлахад тэнд байсан ах нарын бүгдийнх нь сэтгэл ихэд хөдөлжээ. Тэд барилгын талбай руу очиж, хашааг буулган, Смитийн гэр бүлийнхний эртнээс тариалдаг байсан улаан буудайн талбайг тэгшилсэн. Үр тариаг цэвэрлэсний дараа, Хайрум Смит “хананы суваг ухаж эхэлсэн.” (Люси Мак Смит, History of Joseph Smith by His Mother, хянан тохиолдуулсан Престон Нибли (1958 он), 230, 231.)

  • Бид эдгээр гэгээнтнээс гэсгээн цээрлүүлэлтэнд хэрхэн хариулах талаар юу сурч болох вэ?

3-р шүлэгт Их Эзэн гэгээнтнүүдийн ариун сүмийн барилгыг хойшлуулж байсныг “нэн гашуудалтай нүгэл” хэмээн тодорхойлсон. Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 95:5–6-аас Их Эзэн нэн гашуудалтай нүглийг юутай харьцуулсныг олж мэдэхэд урь. Тэднээс олж мэдсэнээ хуваалцахыг хүс.

  • Ариун сүм барих Их Эзэний зарлигийг үл тоомсорлох нь хэрхэн “үд дундад харанхуйд алхахтай” адил байж болох вэ? Хэрэв бид бусад зарлигийг үл тоомсорлохоор сонговол бид хэрхэн “үд дундад харанхуйд алхаж” байж болох вэ?

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 95:4, 8–9-ийг хамтрагчтайгаа уншихад урь. Их Эзэн Көртландын ариун сүмийг барихыг гэгээнтнүүдэд зарлигласан шалтгааныг олж тогтоохыг тэднээс хүс. Та “бибээр өөрийн ер бусын үйлийг тохиолгож болохын тулд” [4-р шүлэг] гэсэн хэллэг нь хэрхэн илчлэлт, тэнгэрлэг айлчлал болон бусад сүнслэг зүйлд итгэдэггүй хүмүүст сайн мэдээний сэргээлт нь хачин зүйл мэт харагдаж болохыг хэлж байгаа гэдгийг тайлбарлаж болно.

  • Эдгээр шүлгээс бид Их Эзэн яагаад ариун сүм барихыг бидэнд зарлигласан тухай юу сурч болох вэ? (Суралцагчдыг хариулсны дараа, та дараах зарчмыг самбар дээр бичиж болно. Ариун сүмд Их Эзэн Өөрийн үйлчлэгчдийг Түүний ажлыг хийхэд бэлтгэж, тэдэнд хүч чадлаар хишиг хүртээдэг.)

Хишиг хүртээх гэдэг нь хэн нэгэнд бэлэг өгөх гэсэн утгатайг тайлбарла. Ариун сүмд хишиг хүртэх гэдэг нь сүнслэг хүч чадал, мэдлэг хүлээж авахыг хэлнэ. Нэг суралцагчийг ерөнхийлөгч Томас С.Монсоны хэлсэн дараах үгийг чанга уншихад урь.

Зураг
Ерөнхийлөгч Томас С.Монсон

“Их Эзэний өргөөнд орж, та нарыг хүлээж буй адислалуудыг хүлээн аваагүй цагт та нар Сүмийн санал болгож буй бүхнийг олж аваагүй гэсэн үг. Сүмд гишүүн байх хамгийн дээд, чухлаас чухал адислалууд нь Бурханы ариун сүмд бидний хүлээн авдаг адислалууд юм” (“Ариун Сүм—дэлхийн гэрэлт цамхаг,” Ensign, 2011 оны 5-р сар, 93 эсвэл 2011 оны Ерөнхий чуулган, 98).

  • Зөвхөн Бурханы ариун сүмд бидний хүлээн авч болох авралын ямар хоёр ёслол байдаг вэ? (Ариун сүмийн хишиг болон гэрлэлтийн холболт.)

  • Одоо ариун сүмд эдгээр ёслол, адислалыг хүлээн авахад бэлтгэхийн тулд та нарын хийж болох зарим ямар зүйл байна вэ? (Хариултуудад аль хэдийн хүлээн авсан ёслол болон адислалууддаа итгэлтэй байх, үргэлж ариун сүмийн эрхийн бичигтэй байхуйц зохистой амьдрах зэрэг орж болно.)

Көртландын ариун сүмийг барих нь гэгээнтнүүдэд асар том даалгавар байсныг тайлбарла. 1833 оны эхэн үед Огайод 200-аас цөөн Сүмийн гишүүд байсан ба тэдний ихэнх нь ядуу байлаа. Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 95:11–12-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас дагуулан уншаад, хэрэв гэгээнтнүүд зарлигуудыг нь сахивал Их Эзэн юу амласан болохыг олж мэдэхийг хүс.

  • Хэрэв гэгээнтнүүд Түүний зарлигуудыг сахивал Их Эзэн юу амласан бэ?

Огайо дахь гэгээнтнүүд Их Эзэний амлалтад итгэлтэйгээр үргэлжлүүлж, ариун сүмийг барьсан гэдгийг ангийнханд мэдээл.

  • Бид 11-р шүлгээс ямар зарчим сурч болох вэ? (Суралцагчид дараах зарчмыг олж тогтоох ёстой. Хэрэв бид зарлигуудыг дагавал Их Эзэний биднээр хийлгэхийг хүссэн зүйлсийг хийх хүч чадалтай байх болно.)

  • Энэхүү зарчмыг хэрэгжүүлж болох ямар нөхцөл байдалтай бид тулгардаг вэ? Та нар зарлигуудад дуулгавартай байснаар ямар нэг зүйлийг хийхдээ Их Эзэний тусламжийг хүлээн авсан гэж хэзээ мэдэрсэн бэ?

Көртландын ариун сүмийн өрөөнүүдийн хэмжээ болон ямар зорилгоор өрөөнүүдийг ашиглах талаар Их Эзэн заавар өгсөн гэдгийг тайлбарласнаар Сургаал ба Гэрээ 95:13–17-г нэгтгэн дүгнэ. Нэг суралцагчийг 14-р шүлгийг чанга уншихад урь. Ангийнхнаас хамт уншаад, Их Эзэн тэдэнд ариун сүм барих хүч чадлыг өгнө гэсэн Өөрийн амлалтыг биелүүлэхийг илэрхийлсэн нэг арга замыг олж мэдэхийг хүс. Суралцагчдыг олж мэдсэнээ хуваалцахад урь. (Их Эзэн гурван хүнд ариун сүм хэрхэн баригдах ёстойг харуулна хэмээн амласан гэдгийг та онцлон тэмдэглэж болно. Тэр гурван хүн нь Тэргүүн Зөвлөл байсан.)

Энэхүү амлалт хэрхэн гүйцэлдсэнийг олж харахад нь суралцагчдад туслахын тулд нэг суралцагчийг дараах догол мөрийг чанга уншихад урь.

Иосеф Смит, Сидней Ригдон, Фредерик Г.Виллямс нар хамт залбираад ариун сүмийг үзэгдэлд харсан. Гадна талыг нь сайтар харсны дараа “барилга [тэдний] чанх орой дээр харагдаж” байсан бөгөөд өөрсдөө барилга дотор байгаа мэт барилгын дотор талыг харжээ (Сүмийн Ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит 2007, 307-г үзнэ үү). Дараа нь ариун сүм баригдаж дуусах дөхөх үед Фредерик Г.Виллямс үзэгдлээр үзсэн барилгын хэсэг бүрийг харж байсан загвартай яг адилхан байна гэж хэлсэн бөгөөд хоорондоо ямар ч ялгаа алга гэжээ.

  • Энэ жишээнд Их Эзэн гэгээнтнүүдэд Түүний хүссэн зүйлийг хийх хүчийг хэрхэн өгсөн бэ?

Сургаал ба Гэрээ 96

Ньюел К.Витней нь Сүмийн эзэмшиж байсан бүх эд хөрөнгийг хариуцахаар томилогдов

Сургаал ба Гэрээ 96-д Их Эзэн бишоп Ньюел К.Витнейг Сүмийн эзэмшиж байсан бүх эд хөрөнгийг хариуцах ёстой гэсэн заавар өгснийг тайлбарла. Ариун сүм нь Их Эзэнээр томилогдсон газар дээр баригдаж, бишоп Витней үлдсэн газрыг өвийг эрэлхийлж буй тэдэнд зориулан жижиг газруудад хуваах болсон. Эдгээр жижиг газрын зарим нь илчлэлтийн хэвлэлтийг хариуцсан сүмийн удирдагчдад тодорхойлогдсон байлаа. Энэ өвийг хүлээн авах нь тэднийг Бурханы үгийг хэвлэх зэргээр Их Эзэний ажлыг хийхэд цаг заваа зориулахад нь туслах болно. Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 96:4–5-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас хамт уншаад, Бурханы үгийг хэвлэх нь гэгээнтнүүдэд хэрхэн тусалж болохыг олж тогтоохыг хүс. Суралцагчдаас олж мэдсэнээ хуваалцахыг хүс.

Энэ илчлэлтэд Их Эзэн бас Жон Жонсоныг Сүмийн санхүүгийн ажил хэрэг, хэвлэлт болон бизнесийн үйл явцад хяналт тавьдаг Нэгдсэн пүүсийн гишүүнээр хүлээн зөвшөөрөгдөх ёстой хэмээн удирдсан гэдгийг тайлбарла.

Хэдэн суралцагчийг энэ хичээлээс сурсан зүйлсээ дүгнэж хэлэхэд урь. Тэднийг олж мэдсэн үнэнийхээ дагуу үйлдэхэд урь.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Сургаал ба Гэрээ 95:1–2. “Өөрийн хайрладаг та нарыг би тэрчлэн гэсгээн цээрлүүлнэ”

Бурханы гэсгээн цээрлүүлэлт нь хэрхэн Түүний хайрын нотолгоо болдгийг Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүкс тайлбарласан.

Зураг
Ахлагч Даллин Х.Өүкс

“Бурханы хайр үнэхээр төгс учраас Тэрээр зарлигуудаа дуулгавартай дагахыг биднээс хайрын үндсэн дээр шаарддаг. Учир нь бид гагцхүү Түүний хуулиудад дуулгавартай байснаар Түүн лүгээ адил төгс болж чадна” (“Хайр ба хууль,” Ensign, 2009 оны 11-р сар, 27 эсвэл 2009 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 28).

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсон:

Зураг
Ахлагч Д.Тодд Кристоффэрсон

“Энэ нь ихэвчлэн хэцүү байдаг ч Бурхан бидний алдаа дутагдлыг залруулахад цаг заваа зориулж, анхаарал тавихуйц үнэ цэнтэй гэдэгтээ бид баярлах хэрэгтэй.

Бурханлаг зэмлэл нь: (1) биднийг наманчлахад чиглүүлэх, (2) төгөлдөржүүлж, ариусгах, (3) заримдаа бидний амьдралын замыг Бурханы мэдэх илүү сайн зам руу өөрчлөн чиглүүлэх гэсэн гурван зорилготой юм.

Түүний хайраас үүдэлтэй сүнслэг зэмлэлийг хүртэхийн төлөө залбирцгаая” гэж заасан (“Би хайрладаг хүмүүсээ зэмлэдэг, сахилгажуулдаг юм” Ensign, 2011 оны 5-р сар, 98, 100 эсвэл 2011 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 104–107).

Сургаал ба Гэрээ 95:4. “Бибээр өөрийн ер бусын үйл”

“Өөрийн … ер бусын үйл” гэдэг хэллэг нь Их Эзэн тэдэнд наманчлах ямар ч шаардлага байхгүй гэж итгэдэг хүмүүсийг залруулах болно хэмээн Исаиа 28:21-д хэлснээс гарч ирдэг. Сайн мэдээний сэргээлт болон дэлхий дээрх үнэн Сүмийн зохион байгуулалт нь илчлэлт, тэнгэрлэг айлчлал болон бусад сүнслэг зүйлд итгэхийг мунхаглал гэж үздэг хүмүүст ер бусын тохиолдол юм. Сайн мэдээний сэргээлтийн мэдээ нь үнэнийг аль хэдийн мэддэг гэж итгэдэг олон хүнд тунхаглагддаг. Энэ хүмүүсийн зарим нь бидний чармайлтыг ер бусын гэж үзэж болно.

Сургаал ба Гэрээ 95:8–9. “Тэнгэрийн хүчээр” хишиг хүртээх гэдэг нь юу вэ?

Зураг
Ахлагч Брүс Р.Макконки

Хишиг бол бэлэг буюу өв хөрөнгө юм. Сүмд энэ нь гишүүдийн тодорхой амлалтуудыг өгч, мэдлэгийн бэлэг болон сүнслэг хүчийг хариуд нь хүлээн авдаг ариун сүмийн ёслолыг ихэвчлэн хэлдэг. Энд яригдах хишиг нь сүүлийн үеийн ариун сүмүүдэд гүйцэтгэгддэг зан үйлүүдтэй адилгүй байжээ. Көртландад санваартан гишүүд ‘бүтэн ёслол нь ёслолын ажилд зориулагдан ариун сүм баригдах ирээдүйн гүйцэтгэлд зориулан хадгалагдаж байсан тул хэсэгчилсэн хишиг хүртээлтэнд’ оролцсон (Брүс Р.Макконки, ‘A New Commandment: Save Thyself and Thy Kindred!’ Ensign, 1976 оны 8-р сар, х.10). Энэ эрин үе дэх анхны бүрэн хишиг хүртээлт 1842 оны 5-р сарын 4-нд Наувуд Иосеф Смитээр өгөгдсөн юм.

“Көртландад хүлээн авсан хишиг хүртээлтэд угаалга, тосолгоо мөн албан ёсны, санваартан ах нарын хөлийн угаалга бас багтжээ. Их Эзэн бас Өөрийн Сүнсийг цутгасан буюу өөр үгээр хэлбэл тэдэнд сүнслэг хүчээр хишиг хүртээж, олон нь илчлэлтүүд болон бусад бэлгийг хүлээн авсан (History of the Church, 2:308–310-ыг үзнэ үү)” (Сургаал ба Гэрээ суралцагчийн гарын авлага, 2 дахь хэвлэл [Сүмийн Боловсролын Систем гарын авлага, 2001 он], 226).