Семинар
153-р хичээл: Албан тунхаг 1 ба ариун сүмийн ажлын зогсолтгүй хөгжил


153-р хичээл

Албан тунхаг 1 ба ариун сүмийн ажлын зогсолтгүй хөгжил

Оршил

Бошиглогч Иосеф Смит олон эхнэр авах ёсны зарчмыг заахыг зааварласан илчлэлт хүлээн авсны дараа Сүмийн зарим гишүүн түүний удирдлаган доор 1840-өөд оны эхээр олон эхнэр авч эхэлжээ. Дараагийн хэдэн арван жилд Сүм энэ заншлаасаа болж олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарав. “Ерөнхийлөгч Вилфорд Вүдрафф илчлэлт хүлээн авсны дараа 1890 оны 10-р сарын 6-нд Сүмээр албан ёсны болон хууль хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн Манифесто буюу [Албан тунхаг 1]-ийг гаргасан. Үүгээр Сүм дэх олон эхнэр авах ёсыг төгсгөл болгосон билээ” (Албан тунхаг 1-ийг үзнэ үү). Хэдийгээр гэгээнтнүүд эсэргүүцэлтэй тулгарч байсан ч өөрсдөдөө болон нас барагсдад зориулсан аврах ёслолуудыг хүлээн авах ариун сүмүүдийг барихаар хичээнгүйлэн хөдөлмөрлөж байв. Тэд 1846 оноос 1893 оны хооронд таван ариун сүмийг онцгойлон адисалжээ.

Заах зөвлөмж

Их Эзэн хожмын үеийн гэгээнтнүүд олон эхнэртэй байх явдлыг зогсоох ёстой хэмээн илчлэв

Суралцагчдыг Бурханы зарлигласан зүйлсийг хийснээрээ баривчлагдаж юм уу хоригдсон судар дахь зөв шударга хүмүүсийг нэрлэхийг хүс. (Хариултад Даниел, Абинадай, Петр, Иосеф Смит болон Аврагч багтаж болно.)

Хожмын үеийн олон гэгээнтэн эрэгтэй Нэгдсэн Улсын засгийн газар олон эхнэртэй байх ёсыг хууль бус болгосон хууль гаргасны дараа ч энэ заншлыг дагахыг заасан зарлигийг сахисаар байсан учраас баривчлагдаж мөн хоригдож байсныг тайлбарла. Зарим эмэгтэй, баривчлагдахаас зайлсхийн нуугдсан нөхрийнхөө байршлыг зааж өгөөгүйгээсээ болж бас баривчлагдаж байв.

Суралцагчдыг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүдийн дунд олон эхнэр авах ёс хэрхэн эхэлснийг нэгтгэн дүгнэхийг хүс. (Бошиглогч Иосеф Смит олон эхнэр авах ёсны зарчмын тухай илчлэлтийг хүлээн авсан бөгөөд Сүмийн гишүүд Их Эзэний зарлигт хариулан 1840-өөд оны эхээр олон эхнэр авч эхэлжээ [С ба Г 132-ыг үзнэ үү].)

Нэг суралцагчийг дараах догол мөрийг чанга уншихад урь. Суралцагчдаас Сүмийн гишүүд Их Эзэний олон эхнэртэй байх зарлигийг дагахад нь тэдэнд тулгарч байсан зарим бэрхшээлийг олж сонсохыг хүс.

1852 оны 8-р сард Солт Лэйк хотод болсон чуулганы нэг хэсгээр ахлагч Оорсон Пратт Бурханаас ирсэн зарлигт дуулгавартай байснаар Сүмийн зарим гишүүн олон эхнэр авах ёсыг дагаж байгааг олон нийтэд зарлажээ. Ахлагч Пратт энэ зарлалыг ерөнхийлөгч Бригам Янгийн удирдлагаар хийсэн байна. Нэгдсэн Улс дахь шашны ба улс төрийн олон удирдагч гэрлэлтийн энэ тогтолцоог эсэргүүцэж, ёс суртахуунгүй, бүдүүлэг гэж үзэж байв. Хожмын үеийн гэгээнтнүүдийг нээлттэй яриа, ном, сэтгүүл хийгээд сонинуудад дооглон тохуурхаж байлаа. Нэгдсэн Улсын Конгресс Сүмийн гишүүдийн эрх чөлөөг хязгаарлаж мөн Сүмийн эзэмшиж болох хөрөнгийн хэмжээнд хязгаар тогтоосноор Сүмийг эдийн засгийн хувьд хохироосон хуулиудыг гаргаж байв. Энэхүү хууль тогтоомж нь эцэстээ нэгээс илүү эхнэртэй эрэгтэйчүүдийг баривчлах буюу шоронд хориход хүргэсэн. Уг эрэгтэйчүүд “сонгуульд санал өгөх, гэр орондоо амар амгалан байх болон иргэний бусад эрх чөлөөг эдлэх” эрхээ хасуулжээ (Бидний Өв: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Товч Түүх [1996], 114). 1890-ээд он гэхэд хэдэн зуун итгэлтэй хожмын үеийн гэгээнтэн шоронд тодорхой хугацаагаар хоригдсон байв. Бусад нь баривчлагдаж, шоронд хоригдохоос зайлсхийн нуугджээ. Эдгээр нөхцөл байдалд олон гэр бүл сэтгэлийн хямрал, харуусал, ядуурал болон өлсгөлөнд автав.

1852 оны мэдэгдлийн дараа олон эхнэртэй байх ёс илүү их газар авч, олон мянган эрэгтэй, эмэгтэйчүүд санваарын удирдагчдын удирдлаган доор олон эхнэр бүхий гэрлэлтэд холбуулж байв. Хэдийгээр дэлхий тэдний олон эхнэр авах ёсыг тохуурхаж байсан ч итгэлтэй хожмын үеийн олон гэгээнтэн энэ заншлаа хамгаалж мөн үүнийг Бурхан бошиглогч Иосеф Смитээр дамжуулан илчилснийг мэднэ гэдгээ гэрчилж байлаа.

  • Та нар эртний хожмын үеийн гэгээнтнүүдийн олон эхнэртэй байх Их Эзэний зааварт дуулгавартай байснаас болж тэдэнд учирч байсан бэрхшээлүүдийг хэрхэн нэгтгэн дүгнэх вэ?

Зураг
Ерөнхийлөгч Вилфорд Вүдрафф

Эдгээр хүнд хэцүү нөхцөл байдал нь ерөнхийлөгч Вилфорд Вүдраффыг гэгээнтнүүдийн олон эхнэртэй байх ёсны талаар Их Эзэний удирдамжийг эрэлхийлэхэд хүргэсэн гэдгийг тайлбарла. 1889 онд ерөнхийлөгч Вүдрафф Сүмийн удирдагчдад олон эхнэр авах зарчмыг заахаа зогсоохыг зааварчилсан. 1890 он хүртэл маш цөөхөн олон эхнэр авах ёслол гүйцэтгэгдсэн бөгөөд эдгээр нь ерөнхийлөгч Вүдраффын зөвлөгөөний эсрэг үйлдэгджээ. Хэдий тийм байсан ч зарим хүн Сүмийг олон эхнэртэй байх явдлыг өөгшүүлсэн хэвээр байгаа гэсэн мэдээллийг хэвлэж байлаа. Эдгээр мэдээлэл Сүмийн эсрэг илүү их дайсагналыг авчирсан. 1890 оны 9-р сард, ерөнхийлөгч Вүдрафф одоо Сургаал ба Гэрээн дэх Албан тунхаг 1 гэх болсон тунхаг бичгийг гаргажээ.

Ерөнхийлөгч Вүдрафф Сүмийг олон эхнэртэй байх явдлыг өөгшүүлсэн хэвээр байгааг баталсан мэдээллүүд худлаа юм гэдгийг тунхагласан гэдгийг тайлбарласнаар Албан тунхаг 1-ийн эхний гурван догол мөрийг нэгтгэн дүгнэ. Тэгээд гурван суралцагчийг ээлжлэн Албан тунхаг 1-ийн (“Олон эхнэр авах ёсыг” гэж эхэлж байгаа) дөрөв болон тавдугаар догол мөрийг мөн ард нь байгаа Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч асан ерөнхийлөгч Лорэнзо Снөүгийн мэдэгдлийг уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, ерөнхийлөгч Вүдрафф гэгээнтнүүдэд юу хийхийг зааварласныг олж мэдэхийг хүс.

  • Гэгээнтнүүдэд юу хийхийг зааварласан бэ? (Олон эхнэр авах аливаа гэрээ хийх юмуу гэрлэхийг цээрлэх.)

  • Ерөнхийлөгч Лорэнзо Снөүгийн мэдэгдлийн дагуу олон эхнэр авах аливаа гэрээ хийх юмуу гэрлэхийг цээрлэх зааварчилга нь яагаад Сүмийн ерөнхийлөгчөөс ирэх нь чухал вэ? (Учир нь тэр лацдах хүчний түлхүүрүүдийг атгадаг дэлхий дээрх цорын ганц хүн байсан юм. Та олон эхнэр авах ёс нь зөвхөн Сүмийн ерөнхийлөгчдөд өгөгддөг санваарын түлхүүрүүдээр зөвшөөрөгддөг байсан [С ба Г 132:7, 148-ыг үзнэ үү] гэдгийг суралцагчдад сануулж болно.

Нэг суралцагчийг тунхаг бичгийн араас бичигдсэн “Тунхаг бичгийн талаарх ерөнхийлөгч Вилфорд Вүдраффын гурван удаагийн хэлсэн үгнээс авсан хэсэг”-ийн эхний догол мөрийг чанга уншихад урь: Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, ерөнхийлөгч Вүдраффын гэгээнтнүүдэд заасан зарчмыг олж мэдэхийг хүс.

  • Ерөнхийлөгч Вүдрафф гэгээнтнүүдэд юу заасан бэ? (Суралцагчдыг хариулах үед дараах сургаалыг самбар дээр бич. Их Эзэн Сүмийн ерөнхийлөгчид Сүмийн замыг нь алдагдуулахыг хэзээ ч зөвшөөрөхгүй. Та мөн суралцагчдыг энэ сургаалыг зааж буй үг, хэллэгүүдийг судар дээр тэмдэглэхэд урьж болно.)

  • Энэ зарчим өнөөдөр бидэнд хэрхэн туслах вэ?

Сүмийн зарим гишүүн олон эхнэр авах ёсны зарчмаар амьдрахаар удирдуулчихаад дараа нь зогсоохоор удирдагдсандаа гайхаж байсныг тайлбарла. Их Эзэн ерөнхийлөгч Вүдраффыг гэгээнтнүүдээс нэг зүйл асуулгахаар чиглүүлсэн. Гурван суралцагчийг “Тунхаг бичгийн талаарх ерөнхийлөгч Вилфорд Вүдраффын гурван удаагийн хэлсэн үгнээс авсан хэсэг” дэх (“Мөн сүүлийн үед” гэж эхэлж байгаа) гурав, дөрөв болон тавдугаар догол мөрийг чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, ерөнхийлөгч Вүдраффын гэгээнтнүүдэд тавьсан асуултыг олж мэдэхийг хүс.

  • Ерөнхийлөгч Вүдраффын гэгээнтнүүдээс асуухаар сүнслэгээр өдөөгдсөн асуултыг та нар хэрхэн дүгнэх вэ?

Гэгээнтнүүд Ютагийн Сэйнт Жорж ариун сүм, Ютагийн Логан ариун сүм, Ютагийн Мантай ариун сүм болон бараг дуусч байгаа Солт Лэйкийн ариун сүмээ алдах аюулд орсныг тайлбарла. (Боломжтой бол эдгээр ариун сүмийн зургийг үзүүлж болно.)

  • Хэрэв ариун сүмүүд нь хураагдвал ямар чухал ажлууд зогсох вэ?

Нэг суралцагчийг “Тунхаг бичгийн талаарх ерөнхийлөгч Вилфорд Вүдраффын гурван удаагийн хэлсэн үгнээс авсан хэсэг” дэх (“Хэрэв ямар нэгэн” гэж эхэлж буй) долоодугаар догол мөрийг чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, ерөнхийлөгч Вүдрафф хэрэв Бурхан өөрийг нь Сүмийн удирдагчдад олон эхнэр авах ёсны дагуух гэрлэлтийг гүйцэтгэхээ зогсоохыг зааварчлаагүй бол юу хийх байсныг олж мэдэхийг хүс.

  • Ерөнхийлөгч Вүдрафф юу хийх байсан бэ?

  • Бид ерөнхийлөгч Вүдраффын “Их Эзэн бич хэмээн надад хэлснийг бибээр бичсэн билээ” гэсэн мэдэгдлээс юу сурч чадах вэ? (Суралцагчдыг хариулсны дараа, та дараах сургаалыг самбар дээр бичиж болно. Их Эзэн Сүмийн ерөнхийлөгчид өгсөн илчлэлтээрээ дамжуулан Сүмээ удирддаг.)

  • Энэ сургаал танд хэрхэн нөлөөлсөн бэ?

Суралцагчдыг таны самбар дээр бичсэн үнэнүүдийн талаар гэрчлэлээ хуваалцахад урь. Та мөн гэрчлэлээ хуваалцаж болно.

Зураг
Ерөнхийлөгч Жозеф Ф.Смит

Цөөн тооны хожмын үеийн гэгээнтэн энэ тунхаг бичиг өгөгдсөний дараа олон эхнэр авах ёсны дагуу гэрлэсэн гэдгийг тайлбарла. 1904 онд ерөнхийлөгч Жозеф Ф.Смит “бүхий л [олон эхнэр] авах ёс нь хориглогдсон бөгөөд хэрэв Сүмийн аливаа албан тушаалтан болон гишүүн ийм гэрлэлтийг ёслох юм уу гүйцэтгэвэл … гишүүнчлэлээс хасагдах болно” хэмээн зарлан тунхагласан (Conference Report, 1904 оны 4-р сар, 75-д). Энэ бодлого өнөөдөр ч үргэлжилдэг.

  • Та нар сурч мэдсэн зүйл дээрээ үндэслэн, хэрэв хэн нэг нь хожмын үеийн гэгээнтнүүд олон эхнэр авах ёсыг дагаж байгаа эсэхийг асуувал юу гэж хариулах вэ? (Суралцагчдад Сүмийн гишүүд Их Эзэний олон эхнэр авах зарлигт дуулгавартай байхын тулд үүнийг түр хугацаагаар сахисан ч мөн л Их Эзэний зарлигийн дагуу аль хэдийн больсон гэдгийг ойлгоход тусал. Нэг эрэгтэй, нэг эмэгтэйн хоорондох гэрлэлт нь Бурхан өөрөөр тунхаглаагүй л бол гэрлэлтийн талаарх Түүний жишиг юм [Иаков 2:27, 30-ийг үзнэ үү].)

Их Эзэн хожмын үеийн гэгээнтнүүд гэр бүлтэйгээ лацдан холбогдох ёстойг илчлэв

Тунхаг бичиг өгөгдсөний дараа, Сүмийн ариун сүмүүд болон өв хөрөнгийг хураах гэсэн холбооны засгийн газрын сүрдүүлэг зогссоныг тайлбарла. Гэгээнтнүүд үүнд анхаарал нь сарнихгүйгээр ариун сүмийн ажилд илүү их төвлөрөх боломжтой болсон. 1893 оны 4-р сарын 6-нд Солт Лэйкийн ариун сүмийн тулгын чулууг тавьснаас дөчин жилийн дараа ерөнхийлөгч Вилфорд Вүдрафф, үйл ажиллагаа явуулж байгаа ариун сүмийн тоог дөрөв болгон энэ ариун сүмийг онцгойлон адисалжээ.

1894 оны 4-р сард Солт Лэйкийн ариун сүмийг онцгойлон адисалснаас нэг жилийн дараа ерөнхийлөгч Вүдрафф илчлэлт хүлээн авснаа зарласан байна. Энэ илчлэлтээс өмнө Сүмийн гишүүд өөрсдийнхөө мэдлэгийн хүрээнд, эцэг эхтэйгээ лацдуулахынхаа оронд Иосеф Смит юм уу Бригам Янг зэрэг Сүмийн удирдагчидтай ихэнхдээ лацдан холбуулах эсвэл “өргүүлдэг” байжээ. Гэвч ерөнхийлөгч Вүдрафф илчлэлтээрээ дамжуулан гэгээнтнүүдийг “чадах чинээгээрээ ургийн бичгээ хөтөлж, эцэг эхтэйгээ лацдан холбогдох” ёстой гэдгийг мэдэж авсан байна. Хүүхдүүдийг эцэг эхтэй нь лацдан холбож, энэ гинжийг чадахынхаа хэрээр ахиул. … Энэ бол өөрийнх нь хүмүүсийн талаарх Их Эзэний хүсэл юм (Жэймс Р.Кларкийн эмхэтгэл, Messages of the First Presidency of The Church of Jesus Christ of Latter-day Saints, 6-р боть [1965–75], 3:256–257; мөн Teachings of Presidents of the Church: Wilford Woodruff [2004], xxxiii–xxxv-ыг үзнэ үү).

  • Лацдах ёслолоор дамжуулан бид хэнтэй холбогдож болох вэ? (Суралцагчдыг хариулсны дараа, дараах үнэнийг самбар дээр бич. Бид лацдах хүчээр дамжуулан биднээс өмнө ирсэн хийгээд бидний араас ирэх тэднийг оролцуулан гэр бүлийнхээ гишүүдтэй лацдан холбогдож чадна).

  • Гэр бүлийнхээ гишүүнтэй лацдан холбогдож чадна гэдгээ мэдэх нь та нарт ямар санагдаж байна вэ?

Лацдах хүч болон ариун сүмийн ёслолуудаар дамжуулан гэр бүлийнхээ үр удамтай холбогдохын чухлыг гэрчилснээр хичээлээ дуусга.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Албан тунхаг 1. Судруудын 2013 оны хэвлэлтэд багтсан нөхцөл байдал

Дараах мэдэгдэл нь судруудын 2013 оны хэвлэлтийн Албан тунхаг 1-ийн оршил болсон бөгөөд суралцагчдад хожмын үеийн гэгээнтнүүд 1800-аад онд олон эхнэр авах ёсыг дагадаг байсан тухай асуултуудад хариулахад тусална. Та мөн энэ мэдэгдлийн хуулбарыг хэвлээд, 2013 онд хэвлэгдсэн судар байхгүй суралцагчдад тарааж өгч болно.

“Библи болон Мормоны Ном нь нэг эхнэр юм уу нэг нөхөртэй байх нь Бурхан өөрөөр тунхаглаагүй л бол гэрлэлтийн талаарх Түүний жишиг юм гэж заадаг (2 Самуел 12:7–8 болон Иаков 2:27, 30-ийг үзнэ үү). Иосеф Смитийг илчлэлт хүлээн авсны дараа олон эхнэр авах ёсыг 1840-өөд оны эхээр Сүмийн гишүүдийн дунд танилцуулжээ (хэсэг 132-ыг үзнэ үү). 1860 оноос 1880 он хүртэл, Нэгдсэн Улсын засгийн газар олон эхнэртэй байх шашны энэ ёсыг хууль бус болгох хуулиудыг гаргасан. Эдгээр хууль нь эцэстээ Нэгдсэн Улсын Дээд шүүхээр дэмжигдэв. Ерөнхийлөгч Вилфорд Вүдрафф, илчлэлт хүлээн авсны дараа тунхаг бичгийг гаргасан бөгөөд энэ нь 1890 оны 10-р сарын 6-нд Сүмээр албан ёсны хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн юм. Үүгээр Сүм дэх олон эхнэр авах ёс төгсгөл болсон билээ.”

Албан тунхаг. Олон эхнэр авах ёс нь тунхаг бичиг гарснаар гэнэт эцэс болсон уу?

Сүмийн зарим гишүүн 1890 онд өгөгдсөн Тунхаг бичгийн дараа ч олон эхнэр авахаа үргэлжлүүлсээр байжээ. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүкс ийн тайлбарласан.

Зураг
Ахлагч Даллин Х.Өүкс

”Олон эхнэртэй байх ёс тунхаг бичиг гарснаар шууд эцэс болоогүй юм. Тэр илчлэлтийг зарлагдахаас өмнө лацдагдсан олон эхнэртэй байх ёсны харилцаа нэгэн үе үргэлжилсэн. Олон эхнэртэй байх ёс тунхаг бичиг хэрэгжих эсэх нь тодорхой биш байснаас болж Нэгдсэн Улсын гадна тодорхой хугацаанд үргэлжилж байлаа. Мөн түүнчлэн зарим бүс нутагт дургүйцэх хуулиуд, адислах сургаалуудын хоорондох хурцадмал зөрчилдөөнөөс болж үүссэн тодорхой бус байдал болон дарамт шахалтын дунд эрхээ олж авсан удирдагчид болон гишүүд арав орчим жил олон эхнэртэй байх ёсыг үргэлжлүүлэв. …

Эхнэр хүүхдүүд нь нэг талаас нөхөр юм уу эцгээ хаана байгаа талаар худлаа хэлэн нуух эсвэл нөгөө талаас үнэнээ хэлэн түүний шорон руу явахыг харах гэсэн аймшигтай сонголтыг хийх болсон нөхцөл байдлуудын тухай уншаад зүрх минь шимширдэг. Эцэг нь шоронд орсноор ширээн дээрх хоол, пийшин дэх түлээ нь үгүй болж байв. Эдгээр хүнд бэрх сонголт нь үнэнд үнэнч шударга байх сонголтыг болон хайрт хамтрагчтайгаа хамт байж хүйтэн мөн өлсгөлөнгөөс ангид байх хэрэгцээний хоорондох зөрчилдөөнийг багтааж байв.

Миний зүрх сэтгэл түүнчлэн үнэнд үнэнч байх хийгээд эхнэр, хүүхдүүддээ мөн бие биедээ үнэнч байхын хооронд хавчигдаад байсан Сүмийн удирдагчдын төлөө шаналж байна. Үнэнийг хэлнэ гэдэг бол нууцыг задруулах эсвэл ахынхаа шоронд орох шалтгаан болох юм уу явуулах гэсэн үг юм.

Би тэрхүү сайн хүмүүст тулгарч байсан дарамт шахалттай нүүр тулаагүйдээ баяртай байхаас өөр энэ бүгдийн талаар юу гэж бодохоо ч мэдэхгүй байна. Миний зүрх сэтгэл ашиг тусыг нь миний бие шууд хүртэж байсан тэдний зориг хийгээд золиослолын төлөө шаналж байна. Би тэднийг шүүхгүй. Тэр шүүлт нь үйлдэгчийн нөхцөл байдал болон зүрх сэтгэлийг бүр хамгийн их мэдлэгтэй түүхчийн хүрч үл чадах ойлголт ба мэргэн ухааны түвшинд мэдэж байсан Их Эзэнд хамаарна” (“Gospel Teachings about Lying,” Clark Memorandum [Brigham Young University J. Reuben Clark Law School periodical], 1994 оны хавар, 16–17).

1904 оноос хойш Сүм олон эхнэр авсан мөн олон эхнэр авах ёслолыг үйлдсэн аливаа гишүүнээ гишүүнчлэлээс хассан (Conference Report, 1904 оны 4-р сар, 75-ыг үзнэ үү). 1998 онд ерөнхийлөгч Гордон Б.Хинкли олон эхнэр авах ёсны талаар Сүмийн байр суурийг хэлж өгчээ.

Зураг
Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли

“Энэ Сүм олон эхнэртэй байх ёсыг дагаж байгаа хүмүүстэй ямар ч хамааралгүй. … Хэрэв манай гишүүдээс олон эхнэртэй байх тохиолдол гарвал тэд Сүмийн хамгийн хатуу шийтгэлийг хүлээх буюу гишүүнчлэлээс хасагдана. Тэд зөвхөн иргэний хуулийг зөрчөөд зогсохгүй түүнчлэн энэ Сүмийн хуулийг мөн зөрчиж байна” (“What Are People Asking about Us?” Ensign, 1998 оны 11-р сар, 71).

Ерөнхийлөгч Вилфорд Вүдраффын хэлсэн үгнүүд. Их Эзэн Сүмийн ерөнхийлөгчийг бидний замыг алдагдуулахаар удирдахыг хэзээ ч зөвшөөрөхгүй

Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Марион Ж.Ромни тухайн үедээ Сүмийн ерөнхийлөгч байсан ерөнхийлөгч Хибэр Ж.Гранттай тохиолдсон туршлагаасаа ярьсан.

Зураг
Eрөнхийлөгч Марион Ж.Ромни

“Миний хажууд зогсоод, тэрээр гараа мөрөн дээр минь давуулан тавиад: ‘Хүү минь үргэлж Сүмийн ерөнхийлөгч рүү харж байгаарай, хэрэв тэр чамайг ямар нэгэн зүйл хий гэвэл энэ нь буруу байсан ч чи тэрийг нь хийвэл үүний чинь төлөө Их Эзэн чамайг адислах болно.’ Тэрээр нүдээ ирмээд, ‘Гэвч чи үүнд санаа зовох хэрэггүй. Их Эзэн илэрхийлэгчдээ хүмүүсийг төөрөлдүүлэхийг хэзээ ч зөвшөөрөхгүй’ гэж хэлсэн юм (Conference Report, 1960 оны 10-р сар, 78-д)

Албан тунхаг 1. Нэмэлт мэдээлэл

Албан тунхаг 1-ийн тухай илүү мэдээлэл авахыг хүсвэл LDS.org дээрх Сайн мэдээний сэдвүүд рүү орж “олон эхнэр авах ёс” эсвэл “олон эхнэртэй байх ёс”-ыг хай.