Семинар
2-р хичээл: Сургаал ба Гэрээний удиртгал


2-р хичээл

Сургаал ба Гэрээний удиртгал

Удиртгал

Сургаал ба Гэрээ бол “эцсийн өдрүүдэд дэлхий дээрх Бурханы хаант улсыг байгуулах болон зохицуулахын тулд өгөгдсөн бурханлиг илчлэлтүүд хийгээд сүнсээр ирсэн тунхаглалууд”-ыг агуулдаг (Сургаал ба Гэрээний удиртгал). Суралцагчид Сургаал ба Гэрээг залбирч судалснаараа Есүс Христийн талаарх өөрсдийн гэрчлэлийг хүчирхэгжүүлж мөн хувийн илчлэлт хүлээн авч чадна.

Заах зөвлөмж

Сургаал ба Гэрээ нь бошиглогч Иосеф Смит болон түүний залгамжлагчдын хүлээн авсан илчлэлтүүдийг агуулдаг.

Дараах асуултуудаар хичээлээ эхлүүл.

  • Дэлхий нийтээрээ ямар ном уншвал хамгийн их ашиг тустай гэж та нар бодож байна? Яагаад? (Санал болгох цөөн хэдэн ном үзүүлэх талаар бодож үзээрэй.)

Суралцагчдыг асуултад хариулсны дараа нэг суралцагчийг Иосеф Смитийн хэлсэн үгийг уншихад урь. Ангийнхнаас Сургаал ба Гэрээний талаар бошиглогчийн заасан зүйлийг олж сонсохыг хүс.

Зураг
Бошиглогч Иосеф Смит

“[Сургаал ба Гэрээ бол] эдгээр эцсийн өдрүүд дэх Сүмийн үндэс суурь бөгөөд хүмүүнд дахин итгэмжлэгдэн олгогдсон бидний Аврагчийн Хаант улсын нууцуудын түлхүүрүүдийг үзүүлснээрээ дэлхийд ашиг тустай юм” (Сүмийн Ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007], 219).

Сургаал ба Гэрээ нь дэлхийд маш их ашиг тустай бөгөөд ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит “энэ нь бидэнд дэлхийн баялгуудаас илүү үнэ цэнтэй юм” хэмээн тунхагласныг тайлбарла (Doctrines of Salvation, эмхэтгэсэн Брүс Р.Макконки, 3-р боть [1954–1956], 3:199). Өнөөдрийн хичээл дээр Сургаал ба Гэрээг судлах нь өөрсдийнх нь амьдралд ашиг тус болох арга замуудыг эрж хайхад суралцагчдыг урамшуул.

Суралцагчдыг Сургаал ба Гэрээний удиртгал хэсгийг нээхэд урь. Бид Сургаал ба Гэрээний ашиг тусыг хүртэхийн тулд эхлээд сургаалууд болон гэрээнүүд нь юу болохыг ойлгох ёстой гэдгийг тайлбарла. Нэг суралцагчаас эхний хуудас дахь удиртгалын эхний өгүүлбэрийг чанга уншихыг хүс.

  • Та нар сургаал гэдэг үгийг яаж тодорхойлох вэ? Гэрээ гэж юу вэ? Илчлэлт гэж юу вэ? (Та сургаал гэдэг нь Есүс Христийн сайн мэдээний үндэс суурь, мөнхийн үнэн, гэрээ бол Бурхан болон Түүний хүүхдүүдийн хоорондын ариун хэлэлцээр, илчлэлт нь Бурханы хүүхдүүдтэйгээ харилцах арга зам гэдгийг тайлбарлаж болно. Та эдгээр тодорхойлолтыг самбар дээр бичиж мөн суралцагчдад судрынхаа удиртгал хэсэгт тэмдэглэхийг зөвлөж болно.)

Суралцагчдыг Сургаал ба Гэрээний удиртгал хэсгийн наймдугаар догол мөрийг дотроо уншихад урь (“Сайн мэдээний сургаалууд нь …” гэж эхэлнэ). Энэ догол мөр нь Сургаал ба Гэрээнд байдаг зарим сургаалыг жагсаасан гэдгийг тайлбарла. Суралцагчдыг эхний өгүүлбэрийг дотроо уншаад, илүү их суралцах хүсэлтэй байгаа нэг эсвэл үүнээс олон сургаалыг олж тогтооход урь.

  • Та нар аль сургаалыг илүү их судлах сонирхолтой байна вэ? Тэдгээр үнэний талаарх илүү их мэдлэг болон ойлголт нь та нарт хэрхэн тус болно гэж бодож байна вэ?

Эдгээр сургаалын талаар мэдлэгтэй байх нь маш чухал боловч Сургаал ба Гэрээний хамгийн чухал үнэ цэн нь үүн доторх чухал үнэнүүдэд оршдог гэдгийг тайлбарла. Нэг суралцагчийг найм дахь догол мөрний сүүлийн өгүүлбэрийг чанга уншихад мөн ангийнхныг Сургаал ба Гэрээг ийм үнэ цэнтэй болгож буй үнэнийг олж мэдэхэд урь.

  • Сургаал ба Гэрээг юу “агуу үнэ цэнтэй” болгодог вэ? Аврагчийн тухай гэрчлэл яагаад ийм их үнэ цэнтэй байдаг вэ?

  • Сургаал ба Гэрээг судалснаар Есүс Христийн тухай таны гэрчлэл хэрхэн нэмэгдэж болох вэ?

Дараах зарчмыг самбар дээр бич. Бид Сургаал ба Гэрээн дэх илчлэлтүүдийг судалснаар Есүс Христийн тухай гэрчлэлээ хүчирхэгжүүлж чадна.

Суралцагчдыг Аврагчийн талаар илүү хүчтэй гэрчлэлтэй байснаар амьдралд нь хэрхэн ач тустай байж болох талаар тунгаан бодоход урь. Сургаал ба Гэрээг судалснаараа Есүс Христийн тухай гэрчлэлийг тань хэрхэн хүчирхэгжүүлснийг хуваалцах талаар бодож үзээрэй.

Суралцагчдад Сургаал ба Гэрээг судлах нь Есүс Христийн тухай тэдний гэрчлэлийг хэрхэн хүчирхэгжүүлж болохыг ойлгоход нь туслахын тулд нэг суралцагчийг удиртгал хэсгийн эхний догол мөрийн хоёр дахь өгүүлбэрийг чанга уншихад урь. Ангийнхнаас Сургаал ба Гэрээгээр дамжуулан тэд хэний дуу хоолойг сонсож болохыг олж тогтоохыг хүс. Суралцагчдыг хариулсны дараа дараах зарчмыг самбар дээр бич. Бид Сургаал ба Гэрээг судлах үедээ Аврагчийн дуу хоолойг сонсож чадна.

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 18:34–36-г чанга уншихад урь. Ангийнхнаас Сургаал ба Гэрээг судлах үедээ Их Эзэний дуу хоолойг хэрхэн сонсож болохыг олж мэдэхийг хүс.

  • Бид Сургаал ба Гэрээг судалбал юуны талаар гэрчилж чадах вэ?

Та Сургаал ба Гэрээнд “Их Эзэн” эсвэл “Бурхан” гэдэг үгс ихэвчлэн Есүс Христийг төлөөлдөг гэдгийг тайлбарлаж болно. Тэрээр Сургаал ба Гэрээний туршид гардаг өгүүлэгч юм.

Нэг суралцагчаас удиртгал хэсгийн гурав дахь догол мөрийг чанга уншихыг хүс. Ангийнхныг Их Эзэний дуу хоолойг дүрсэлсэн үгсийг олж мэдэхэд урь. (Та тэдэнд олж мэдсэн зүйлээ тэмдэглэхийг зөвлөж болно.)

  • Аврагчийн дуу хоолойг дүрслэхийн тулд ямар үгсийг ашигласан байна вэ?

  • Та нар Их Эзэний дуу хоолойг сонсож, ойлгох чадвартай байснаараа амьдралд тань ямар тус ирж болох вэ? (Ирэх долоо хоногуудад суралцагчид Их Эзэний дуу хоолойг сонсох өөр арга замуудын талаар суралцаж мөн Тэрээр тэдэнд хандан ярих үед үүнийг таних болно гэдгийг тайлбарла.)

Сургаал ба Гэрээг судлах нь суралцагчдын амьдралд хэрхэн ашиг тусаа өгч болохыг ойлгоход нь тэдэнд туслахын тулд Сургаал ба Гэрээн дэх илчлэлтүүдтэй холбоотой зарим хүний зургийг үзүүлэх талаар бодож үзээрэй. Иосеф ах (Сайн мэдээний уран зургийн цуглуулга [2009], д. 87; мөн LDS.org-ийг үзнэ үү), Эмма Смит (д. 88), Иохан Баптист Аароны санваарыг олгосон нь (д. 93), Meлкизедек санваарыг сэргээсэн нь (д. 94), Елиа Көртландын ариун сүмд үзэгдсэн нь (д. 95). Тэд Сургаал ба Гэрээн дэх илчлэлтүүдийг судалснаар эдгээр хүний талаар чухал зүйлүүдийг мэдэх болно гэдгийг тайлбарла. Нэг суралцагчаас Удиртгал хэсгийн зургаа дахь догол мөрний эхний хоёр өгүүлбэрийг уншихыг хүс (“Эдгээр ариун илчлэлтүүд нь …” гэж эхэлнэ). Ангийнхныг Сургаал ба Гэрээн дэх илчлэлтүүд ямар нөхцөл байдалд хүлээн авагдсаныг олж тогтооход урь.

Зураг
Бошиглогч Иосеф Смит
Зураг
Эмма Смит
Зураг
Иохан Баптист Аароны санваар хүртээсэн нь
Зураг
Мелкизедек санваарын сэргээлт
Зураг
Елиа Көртландын ариун сүмд үзэгдсэн нь
  • Энэ догол мөрөн дэх ямар ямар хэллэг эдгээр илчлэлт ирсэн нөхцөл байдлуудыг дүрсэлж байна вэ? (“Залбирлын хариуд,” “хэрэгтэй цаг үед,” мөн “бодит амьдралын нөхцөл байдлууд”).

Чи гэдэг үгийг бичсэн цаасыг үзүүл. Сүмийн түүхэн дэх хувь хүмүүстэй адил бидэнд ч бас тэнгэрлэг удирдамж хэрэгтэй нөхцөл байдлууд тохиолддог гэдгийг тайлбарла. Суралцагчдыг хичээлийн жилийн турш тэдэнд тохиолдож болох мөн Их Эзэний удирдамжийг хүлээн авч болох нөхцөл байдлуудыг дүрслэн хэлэхэд урь. Нэг суралцагчийг самбар дээр тэдний хариултыг бичихэд урь.

Суралцагчдад энэ жил тэдний суралцах илчлэлт бүр нь Бурхан үнэхээр амьд, Тэрээр Өөрийн хүүхдүүдтэй ярьдаг бөгөөд Өөрийн Сүмийг удирддаг гэсэн нэмэлт гэрчлэлүүдийг өгөх болно гэдгийг тайлбарла.

  • Та нарыг хүнд хэцүү нөхцөл байдалд байх үед эдгээр нэмэлт гэрчлэл хэрхэн та нарт тусалж чадах вэ?

  • Удиртгал хэсгийн зургаа дахь догол мөрөнд дурдсанаар тусламж хэрэгтэй үедээ тэнгэрлэг удирдамж хүлээн авахын тулд бид юу хийх ёстой вэ?

Суралцагчдад зургаа дахь догол мөрөөс нэг зарчмыг олоход нь туслахын тулд самбар дээр дараах бүрэн бус өгүүлбэрийг бич. Хэрэв бид, Их Эзэн …х болно.

Суралцагчдыг самбар дээрх өгүүлбэрийг гүйцээж, сурсан зүйлээ дүгнэн ярилцахад урь. Суралцагчид өөр өөр үгс хэрэглэж болох ч хариултууд нь дараах зарчмыг агуулсан байх ёстой. Хэрэв бид хэрэгтэй цаг үедээ тусламж хүсэн залбирвал Их Эзэн бидэнд удирдамж өгөх болно.

Суралцагчдыг удиртгалын дөрөв ба тав дахь догол мөрийг гаргахыг хүс. Эдгээр догол мөр нь дэлхий дээрх Есүс Христийн Сүмийн сэргээлт дэх чухал үйл явдлуудыг, Анхны үзэгдэл болон бусад тэнгэрлэг үзэгдэл, Мормоны Номын орчуулга, санваарын эрх мэдэл ба түлхүүрүүдийн сэргээлт болон Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн зохион байгуулалт зэргийг тоймлон өгүүлдэг гэдгийг тайлбарлаж тэднийг дүгнэн ярилц. Суралцагчдад суралцах явцдаа тэд эдгээр ариун нандин үйл явдлын талаар илүү ихийг суралцах болно гэдгийг хэл. Бошиглогч Иосеф Смит болон бусад хүн Их Эзэний тусламж болон удирдамжийг эрэлхийлсний хариуд эдгээр тэнгэрлэг үйл явдал тохиолдсон гэдгийг тайлбарла.

  • Та нарт хэзээ Их Эзэний тусламж эсвэл удирдамж хэрэгтэй нөхцөл байдал тохиолдож мөн үүнийгээ хүлээн авч байсан бэ?

Суралцагчдаас Удиртгал хэсэг дэх “Сургаал ба Гэрээ ном үнэн болох тухай Арван хоёр Төлөөлөгчийн гэрчлэл” хэсгийг гаргахыг хүс. Нэг суралцагчийг эхний хоёр догол мөрийг чанга уншихад урь (“Тиймийн тул, Их Эзэн …” гэж эхэлнэ). Ангийнхнаас тэдний анхаарлыг татсан хэллэгүүдийг олж тогтоохыг хүс.

  • Сургаал ба Гэрээний талаарх арван хоёр төлөөлөгчийн гэрчлэлийн ямар хэллэгүүд онцгой санагдсан бэ? Яагаад?

Суралцагчдыг хариулсны дараа хичээлийн эхэнд Сургаал ба Гэрээг судлах нь тэдний амьдралд ач тусаа өгч болох арга замуудыг олж мэдэхэд тэднийг урамшуулан дэмжсэн гэдгийг тэдэнд сануул. Суралцагчдыг Сургаал ба Гэрээ тэдний амьдралд хэрхэн ач тусаа өгөөсэй гэж хүсч байгаагаа мөн тэд үүнийг хүлээн авахын тулд юу хийх хэрэгтэйгээ хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэлдээ бичихэд урь.

Суралцагчдыг бичиж дууссаны дараа энэ хичээлийн жилд Аврагчийн дуу хоолойг сонсож мөн Түүнээс удирдамж хүлээн авахын тулд Сургаал ба Гэрээг өдөр бүр залбирч судлахад тэднийг уриал. Та Сургаал ба Гэрээг судлах нь эдгээр адислалыг амьдралдаа хүлээн авахад тань хэрхэн тусалсан талаар гэрчлэлээ хуваалцаж хичээлээ төгсгөж болно.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Мормоны Ном болон Сургаал ба Гэрээ хоёрын хооронд ямар харилцан уялдаа байдаг вэ?

Мормоны Ном ба Сургаал ба Гэрээ хоёрын хоорондын харилцан уялдааны талаар ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон ийн заажээ.

Зураг
Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон

“Мормоны Ном болон Сургаал ба Гэрээ нь Түүний хүмүүсийг цуглуулж мөн Их Эзэний Хоёр дахь ирэлтэд бэлтгэхийн тулд Израилын Бурханаас ирсэн илчлэлтүүд болон хамтдаа оршдог юм.

Мормоны Ном болон Сургаал ба Гэрээ нь бие биенээ гэрчилдэг. Та аль нэгэнд нь итгээд, нөгөөд нь итгэхгүй байж чадахгүй.

Сургаал ба Гэрээ нь Мормоны Ном болон бошиглогч Иосеф Смит, түүний залгамжлагчдаар дамжин хийгдэж буй Сэргээлтийн үргэлжилсэн ажил хоёрын хоорондох бат холбоос юм.

Мормоны Ном нь хүмүүнийг Христэд авчирдаг. Сургаал ба Гэрээ нь хүмүүнийг Христийн хаант улс, “бүх дэлхийн гадаргуу дээрх цорын ганц үнэн бөгөөд амьд сүм” болох Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд [С ба Г 1:30] авчирдаг. Би үүнийг мэднэ.

Мормоны Ном бол манай шашны ‘тулгуурын чулуу’ бөгөөд хожмын үеийн илчлэлтүүдийг агуулсан Сургаал ба Гэрээ нь өнгөлгөөний чулуу нь юм. Их Эзэн Өөрийн баталгаа болсон тамгыг тулгуурын болон өнгөлгөөний чулуу хоёулан дээр дарсан юм” (“Мормоны Ном болон Сургаал ба Гэрээ,” Ensign, 1987 оны 5-р сар, 83).

Илчлэлтээс хэвлэлт хүртэл: Сургаал ба Гэрээний өөр өөр хэвлэл

1831 оны 11-р сард бошиглогч Иосеф Смит Огайогийн Хайрам дахь ахлагчидтай уулзжээ. Эдгээр ахлагч бошиглогчийн хүлээн авсан зарим илчлэлтийг эмхэтгэж мөн хэвлэхээр шийджээ. Тэд 65 илчлэлтийг сонгож мөн үүнийгээ Зарлигуудын ном гэж нэрлэжээ. 1833 оны зун гэхэд эдгээрийн ихэнх нь хэвлэгдсэн байсан ч дээрэмчид бараг бүх хувийг устгажээ. Үүний үр дүнд өнөөдөр маш цөөн хувь нь үлдсэн байна. Өөр нэгэн хэвлэл 1835 онд батлагдаж мөн хэвлэгджээ. Энэ хэвлэл нь Итгэлийн талаарх илтгэлүүд (Сургаал ба Гэрээний удиртгал хэсгийг үзнэ үү) ба 103 илчлэлтийг багтаасан байв. Тиймээс энэ нь Сургаал (илтгэлүүд) ба Гэрээ (илчлэлтүүд) гэдэг нэртэй анхны хэвлэл байв. (Сүмийн Түүх, 2:243–251-ийг үзнэ үү.)

Цөөн хэдэн хэвлэл (тус бүрд нь шинэ илчлэлтүүд нэмж эсвэл зохион байгуулалтыг үл ялиг сайжруулж) 1981 он хүртэл үе үе хэвлэгдэж байжээ. Энэ онд Сүм гурамсан судрын шинэ хэвлэлийг англи хэл дээр зүүлт тайлбар, холбогдох эшлэл болон шинэ индекстэйгээр хэвлэсэн байна. 1836 онд селестиел хаант улсын талаар бошиглогч Иосеф Смитийн хүлээн авсан үзэгдэл, 1918 онд ерөнхийлөгч Жозеф Ф.Смитийн хүлээн авсан нас барагсдын гэтэлгэлийн талаарх үзэгдэл энэ хоёр нь 1976 онд Сүмийн жишиг бүтээлд орж Агуу Үнэт Сувд номд багтсан байсан ба энэ үед Сургаал ба Гэрээ номын 137, 138 дугаар хэсэг болж оржээ. 1981 оны хэвлэл нь 138 хэсэг, хоёр албан ёсны тунхаг: 1890 онд ерөнхийлөгч Вилфорд Вүдраффын гаргасан Тунхаг бичиг, 1978 онд ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбаллын гаргасан санваарын талаарх тунхгаас бүрдсэн юм. 2013 оны 3-р сарын 1-нд Тэргүүн Зөвлөл хожмын үеийн гэгээнтнүүдийн судруудын англи хэл дээрх шинэ хувилбарыг зарласан. Энэ хэвлэлд орсон ихэнх өөрчлөлт нь судлах тусламж эсвэл Сургаал ба Гэрээний оршил хэсэг эсвэл бичвэрт оруулсан үг үсгийн жижиг засварууд зэрэг байна. (Өөр өөр хэвлэлийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл “Revelations Correspondence Chart in “Corresponding Section Numbers in Editions of the Doctrine and Covenants,” JosephSmithPapers.org/reference/library-ийг үзнэ үү.)