Семинар
97-р хичээл: Сургаал ба Гэрээ 93:1–20


97-р хичээл

Сургаал ба Гэрээ 93:1–20

Оршил

1833 оны 5-р сарын 6-нд бошиглогч Иосеф Смитийн хүлээн авсан илчлэлт Сургаал ба Гэрээ 93-т цэдэглэгдсэн. Энэ илчлэлтийг хоёр хэсэг болгон заана. Энэ хичээл нь 1–20-р шүлэгт Есүс Христийн тайлбарласан илчлэлтийн зорилгод төвлөрнө. “Мөн та нар хэрхэн шүтэхээ мэдэж мөн ойлгож, мөн та нар юуг шүтэхээ мэдэж болохын тулд, миний нэрээр та нар Эцэгт ирж, мөн тогтоосон цагт түүний бүрэн байдлыг хүлээж авч болохын тулд эдгээр айлдваруудыг би та нарт өгдөг” (С ба Г 93:19).

Заах зөвлөмж

Сургаал ба Гэрээ 93:1–5

Есүс Христ хүмүүс Түүний царайг хэрхэн харж бас Түүнийг байдгийг мэдэж авч чадахыг заав

Суралцагчдын мэддэг олны танил нэг хүний зургийг үзүүлж, тэр хүний нэрийг мэддэг эсэхийг тэднээс асуу. (Хэрэв та зураг үзүүлэх боломжгүй бол тухайн хүний нэрийг самбар дээр бичиж, тэр хүн юу хийдгийг эсвэл хэрхэн олны танил болсныг тайлбарлахыг суралцагчдаас хүс.)

  • Энэ хүний хэн болохыг яагаад ийм олон хүн мэддэг вэ?

  • Энэ хүний хэн болохыг мэдэх нь чухал гэж та бодож байна уу? Яагаад?

Есүс Христийн зургийг үзүүлээд (Есүс Христ [Сайн мэдээний зургийн цуглуулга (2009 он), д. 1] ашиглаж болно; мөн LDS.org-ийг үзнэ үү), мөн өнөөдөр Түүнийг хэн болохыг мэдэхгүй олон хүмүүс байгааг тайлбарла.

Зураг
Есүс Христ
  • Есүс Христийн хэн болохыг мэдэх нь яагаад чухал гэж та нар бодож байна вэ?

Бид Бурханы хүүхдүүдийн хувьд Есүс Христийн тухай мэддэггүй бол өөрсдийн бүрэн хүчин чадалд хүрэх боломжгүй гэдгийг гэрчил. Сургаал ба Гэрээ 93-т Их Эзэн бидэнд Түүний тухай мөн одоо болон үүрд мөнхөд биднийг адислах Түүний хүчийн талаарх мэдлэгээ хэрхэн өсгөхийг заасан гэдгийг тайлбарла. Дараах хоёр асуултыг самбарт бичихдээ суралцагчдыг хариултыг асуултын доор бичих зай үлдээ.

Есүс Христийн тухай гэрчлэлийг олж авахын тулд бид юу хийх ёстой вэ?

Хэрэв бид эдгээр зүйлийг хийвэл Түүний талаар юу мэдэж авч чадах вэ?

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 93:1–5-ыг чанга уншихад урь. Суралцагчдыг уншиж эхлэхээс өмнө тал суралцагчдаас эхний асуултын хариултыг харин үлдсэн суралцагчдаас хоёр дахь асуултын хариултыг олж мэдэхийг хүс. Шүлгүүдийг уншиж дууссаны дараа, цөөн хэдэн суралцагчийг самбарын өмнө гарч ирээд, асуултуудад өгсөн өөрсдийн хариултыг бичихэд урь. Дараа нь ангид дараах асуултыг тавь.

  • Та нар 1-р шүлэгт байгаа энэ амлалтыг хэрхэн “хэрэв–тэгвэл” гэдэг зарчим болгож хэлэх вэ? (Суралцагчдын хариултууд нь дараах зарчмыг тусгах ёстой. Хэрэв бид нүглээ орхиж, Христэд ирж, Түүний нэрийг дуудаж, дуу хоолойг дуулгавартай дагаж мөн зарлигуудыг сахивал Түүний царайг харж мөн хэн болохыг мэдэх болно.)

Та энэ адислал нь Их Эзэний цаг хугацаанд, Түүний арга замаар, Түүний хүслийн дагуу ирэх болно гэдгийг онцолж болно (С ба Г 88:68; мөн Инос 1:27-г үзнэ үү).

  • Сургаал ба Гэрээ 93:1 дэх үйлдэл бүр нь Есүс Христийг мэдэхэд бидэнд хэрхэн тусалж чадах вэ?

  • Таны 3-р шүлэгт суралцсан зүйлээс Эцэг, Хүү хоёрын тухай ойлгоход хамгийн чухал сургаал нь юу вэ? (Суралцагчид дараах сургаалыг олж тогтоох ёстой. Эцэг, Хүү хоёр нэг юм.)

  • Эцэг, Хүү хоёр нэг гэдэг нь юу гэсэн утгатай вэ?

Эцэг, Хүү хоёр тусдаа, салангид оршдог, тус бүрдээ алдар суут махан биетэйг ойлгоход нь суралцагчдад тусал (С ба Г 130:22-ыг үзнэ үү). Гэсэн хэдий ч, Эцэг, Хүү хоёр зорилго болон сургаалын хувьд нэг юм. Тэд Тэнгэрлэг Эцэгийн авралын төлөвлөгөөг тохиолгон авчрахын төлөө төгс эв нэгдэлтэй ажилладаг.

Сургаал ба Гэрээ 93:4 дэх дараах өгүүлбэрийг онцол. “Тэрбээр өөрийн бүрэн байдлыг надад өгсний учир Эцэг.” Дараа нь суралцагчдаас Сургаал ба Гэрээ 93:17, 26-г уншихыг хүс. Дараах асуултуудыг тавь.

  • Есүс Христ Эцэгийн бүрэн байдлыг хүлээн авсан гэдэг нь юу гэсэн утгатай вэ? (С ба Г 93:16–17, 26-г үзнэ үү.)

  • 4–5-р шүлэг дэх үнэнүүд бидэнд Эцэг, Хүү хоёр нэг гэдэг нь юу гэсэн утгатай болохыг цааш нь ойлгоход хэрхэн туслах вэ?

Эцэг, Хүү хоёр нэг учраас хэрэв бид Сургаал ба Гэрээ 93:1-д Их Эзэний хэлсэн зүйлсийг хийвэл Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг хоёуланг нь мэдэх болно гэдгийг тайлбарла.

Сургаал ба Гэрээ 93:6–20

Иоханы цэдэг нь Есүс Христ хэрхэн Тэнгэрлэг Эцэгийн алдар суугийн бүрэн байдлыг авсныг ойлгоход бидэнд тусалдаг

Их Эзэн Сургаал ба Гэрээ 93-т Иоханы цэдгээс өгсөн мэдээллийг судалснаар бид Есүс Христийн талаар илүү ихийг мэдэж авч болохыг тайлбарла. Есүс Христийг мөнх бус амьдрал дахь тохинууллаа эхлэх үед төлөөлөгч Иохан нь Иохан Баптистын шавь байсан гэдгийг тайлбарлах нь бас тустай байж болно. Төлөөлөгч Иохан бичээстээ, Иохан Баптистын Аврагчийн тухай гэрчилж байсны гэрч болох хэсэгчилсэн шастирыг өгсөн.

Суралцагчдыг дөрөв дөрвөөр нь бүлэг болгон хуваа. Бүлэг бүрийг Сургаал ба Гэрээ 93:6–11-ийг хамт уншаад, Аврагчийг тодорхойлоход хэрэглэсэн нэрсийг олж тогтоохыг хүс. Суралцагчдын олох нэрсэд “Үг, бүр авралын элч” (8-р шүлэг), “гэрэл мөн дэлхийн Гэтэлгэгч” (9-р шүлэг), “үнэний Сүнс” (9-р шүлэг), “Эцэгийн Төрсөн Ганц” (11-р шүлэг) зэрэг багтах ёстой.

Тэднийг шүлгүүдийг уншиж дуусахад суралцагч бүрд дээр дурдсан нэрсийн тухай дараах мэдээллийн хуулбарыг өг. Бүлэг бүрийн нэг гишүүнээр нэг нэр сонгуулаад холбогдох мэдээллийг чимээгүй судлуул. Суралцагчдыг бүлгийнхээ үлдсэн гишүүдэд уг нэр нь юу гэсэн утгатай болохыг тайлбарлахад бэлдэхийг болон дараах асуултын хариултаа хуваалцахыг зааварла. Та тэр асуултыг самбар дээр бичих эсвэл суралцагчид хэрэгтэй үедээ харж болоход зориулан тараах материалд нь оруулж болно.

  • Энэ мэдээлэл танд Есүс Христийг илүү сайн мэдэх, талархах мөн дагахад хэрхэн туслах вэ?

“Үг, бүр авралын элч”

Есүс Христийг Иохан 1:1-д “Үг” хэмээн нэрлэсэн байдаг. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Рассэлл М.Нэлсон:

Зураг
Ахлагч Рассэлл М.Нэлсон

“Грек хэл дээрх Шинэ Гэрээнд Үг гэдэг нь Логос буюу ‘илэрхийлэл’ юм. … Тэр нэр томьёо нь хачин санагдаж болох ч энэ нь зохистой. Бид илэрхийллээ бусдад дамжуулахдаа үгсийг хэрэглэдэг. Тиймээс Есүс дэлхийд Эцэгийнхээ Үг эсвэл илэрхийлэл нь байсан” гэж тайлбарласан (“Jesus the Christ: Our Master and More,” Ensign, 2000 оны 4-р сар, 4). Есүс Христ бидэнд Эцэгийнхээ үгсийг номлож, захиасыг нь сонсож мөн дуулгавартай байсан хүмүүс авралыг хүлээн авах учраас Түүнийг авралын элч хэмээн нэрлэсэн (Иохан 12:49–50-ийг үзнэ үү).

“Гэрэл мөн дэлхийн Гэтэлгэгч”

Христийн гэрлээр дамжуулан Есүс Христ бүх зүйлд гэрэл болон амь өгдөг. Тэр бүх хүнд хэрхэн амьдрах ёстой талаар төгс үлгэр жишээ болдог учраас бас Дэлхийн Гэрэл хэмээн нэрлэгддэг. Есүс Христ Цагаатгалаараа дамжуулан бүх хүн төрөлхтний нүглүүдийн төлөөсийг төлж, бүх хүнийг амилах боломжтой болгосон учраас Тэр бол дэлхийн Гэтэлгэгч юм.

“Үнэний Сүнс”

“Үнэний Сүнс” гэдэг нэр нь бидэнд Есүс Христ худал хэлж эс чадахыг мөн үнэний бүрэн байдлыг эзэмшдэг болохыг ойлгоход тусалдаг (Инос 1:6; С ба Г 93:26-г үзнэ үү). Тэр хүн төрөлхтөнд үнэнийг илчилдэг (C ба Г 76:7–8-ыг үзнэ үү). Энэ нэр нь Есүс Христийг гэрчилдэг Ариун Сүнсэнд бас хэрэглэгддэг (Иохан 15:26-г үзнэ үү).

“Эцэгийн Төрсөн Ганц”

Есүс Христ бол энэ дэлхий дээр төрсөн хамгийн агуу нэгэн билээ. Бурхан бол бүх хүн төрөлхтний сүнсний Эцэг, харин Есүс Христ бол энэ дэлхийд махан биеэр Бурханы жинхэнэ Хүү болж төрсөн цорын ганц хүн юм. Есүс Христ нь үхэшгүй мөнх эцгээс төрсөн учраас Түүнд үхлийг давах хүч байсан (Иохан 5:26-г үзнэ үү). Энэ хүч нь Түүнийг бүх хүн төрөлхтний төлөө Цагаатгал болон Амилалтыг хийх боломжийг олгосон.

Бүлгүүдэд ярилцлагаа дуусгах хангалттай цаг гаргаж өгсний дараа, нэг суралцагчаас Сургаал ба Гэрээ 93:12–17-г чанга уншихыг хүс. Ангийнхнаас хамт уншаад, Есүс Христ хэрхэн Эцэг шигээ болсныг олж тогтоохыг хүс.

  • Есүс Христ хэрхэн Эцэг шигээ болсон бэ? (Суралцагчдын хариултууд дараах зарчмыг тусгах ёстой. Есүс Христ Эцэгийн алдар суугийн бүрэн байдлыг хүлээн авах хүртлээ ач ивээлээс ач ивээлд өсөн хөгжсөн.)

  • Есүс Христ бүрэн байдлыг хүлээн авах хүртлээ ач ивээлээс ач ивээлд үргэлжлүүлж байлаа гэдэг нь юу гэсэн утгатай гэж та бодож байна вэ?

Ач ивээл бол бидэнд мөнх амьдрал болон өргөмжлөлийг олж авах боломжийг олгодог Бурханаас ирдэг хүч чадал гэдгийг ойлгоход нь суралцагчдад тусал. Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 93:19–20-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, Аврагч хэрхэн Эцэгийнхээ бүрэн байдлыг хүлээн авснаа илчилсэн шалтгааныг олж мэдэхийг хүс.

  • 19-р шүлэгт цэдэглэснээр, Тэрээр Эцэгийнхээ бүрэн байдлыг хэрхэн хүлээн авснаа яагаад илчилсэн бэ?

Бид Аврагч болон Тэнгэрлэг Эцэгийг “мэдэж мөн ойлгож” мөн хэрхэн бишрэн шүтэхээ мэдэж, Түүний бүрэн байдлыг хүлээн авч болохын тулд хэрхэн бүрэн байдлыг хүлээн авснаа илчилсэн гэдгийг харахад суралцагчдад тусал. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконкигийн хэлсэн дараах мэдэгдлийг самбар дээр бич. (Энэ мэдэгдэл нь (The Promised Messiah: The First Coming of Christ [1978 он], 568 дээр байдаг).

“Төгс шүтлэг бишрэл бол даган дуурайх явдал мөн. Бид даган дуурайдаг хүмүүсээ хүндэлдэг” (Ахлагч Брүс Р.Макконки).

  • Шүтэн бишрэх гэдэг нь юу гэсэн үг вэ?

  • Бид Тэнгэрлэг Эцэгээ хэрхэн шүтдэг вэ? (Суралцагчид дараах зарчмыг илэрхийлэх ёстой. Бид Есүс Христийн жишээг дагаснаар Тэнгэрлэг Эцэгээ шүтдэг.)

  • Аврагчийн ач ивээлээс ач ивээлд өсөх өсөлт нь бидэнд тохиолдож болох суралцах ба өсөж хөгжих үйл явцтай хэр адилхан байсан бэ?

  • Сургаал ба Гэрээ 93:20 дээр Есүс Христийн үлгэр жишээг дагаж, Түүний зарлигуудыг сахидаг хүмүүст ямар амлалт өгөгддөг вэ? (Суралцагчид дараах зарчмыг илэрхийлэх ёстой. Хэрэв бид зарлигуудыг дагавал Есүс Христтэй адил Эцэгийн бүрэн байдлыг хүлээн авч чадна.)

Хичээлийн эхэнд үзүүлсэн Аврагчийн зургаа үзүүл.

  • Есүс Христийн үлгэр жишээ, сургаал болон Цагаатгалын тухай гэрчлэлтэй байх нь яагаад чухал вэ?

  • Та “ач ивээлээс ач ивээлд” (С ба Г 93:13) үргэлжлүүлэх болон Түүнтэй илүү адил болохын тулд юу хийж чадах вэ?

Нэг суралцагчаас ерөнхийлөгч Лорэнзо Снөүгийн хэлсэн дараах үгсийг чанга уншихад уриад, ангийнхнаас Аврагчтай илүү адил болохын тулд тэд юу хийхийг хүсэж байгаагаа бодохыг хүс.

Зураг
Ерөнхийлөгч Лорензо Снөү

“Нэг дор төгс төгөлдөр болно гэж бодож болохгүй. Хэрэв та тэгвэл урам тань хугарах болно. Өнөөдөр та өчигдрөөс илүү сайн байж, маргааш та өнөөдрөөс илүү сайн бай. Магадгүй өнөөдөр биднийг зарим талаараа давсан уруу таталтуудыг маргааш биднийг давж гаргахгүй бай. Ийм маягаар өдөр бүр бага зэрэг сайжирсаар байх болно. Мөн та бусдад түүнчлэн өөрсдөдөө сайн зүйлийг хийлгүйгээр амьдралаа өнгөрөөхийг зөвшөөрч болохгүй” (Teachings of Presidents of the Church: Lorenzo Snow [2012 он], 103).

Суралцагчдыг Аврагчийн жишээг дагаснаар өсөж хөгжихийг мөн сайжрахыг эрэлхийлэх тодорхой арга замын талаар хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ бичихэд урь.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Сургаал ба Гэрээ 93:5. Есүс Христ Эцэгийн ажлуудыг илэрхийлдэг

Есүс Христийн мөнх бус үйлчлэлийн хамгийн чухал зорилго нь биднийг Тэнгэр дэх Эцэгээ мэдэхэд туслах явдал байсан гэж Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холланд тайлбарлажээ.

Зураг
Ахлагч Жэффри Р.Холланд

“Есүсийн хэлж, хийхээр ирсэн бүх зүйл, ялангуяа Өөрийн цагаатгах зовлон шаналал, золиослолоор Тэр бидэнд Бурхан бидний Мөнхийн Эцэг хэн болох мөн ямархуу байхыг, түүнчлэн бүх насны болон бүх үндэстний хүүхдүүддээ Өөрийгөө бүрэн зориулдгийг харуулсан. Есүс үг, үйлдлээрээ Өөрийн Эцэг, бидний Тэнгэр дэх Эцэгийн үнэн мөн чанарыг илчилж, бидэнд хамааруулах гэж хичээж байв.

Тэр үүнийг ядаж л тодорхой хэмжээнд хийсэн. Яагаад гэвэл тэр үед мөн одоо ч бид бүгдээрээ Бурханыг илүү гүнзгий хайрлаж, Түүнд бүрэн дуулгавартай байхын тулд Түүнийг илүү бүрэн дүүрэн мэдэх хэрэгтэй. …

Тэгээд өлссөнийг хооллох, өвчтөнийг эдгээх, зусардалтыг зэмлэх, итгэлийн төлөө гуйх—энэ бол Христ бидэнд ‘өршөөнгүй, нинжин сэтгэлтэй, уурлахдаа удаан, тэсвэртэй, сайн сайхнаар дүүрэн’ Эцэгийн маань арга замыг харуулж байгаа нь юм [Lectures on Faith (1985 он), 42.]” (“The Grandeur of God,” Ensign, 2003 оны 11-р сар, 70, 72).

Сургаал ба Гэрээ 93:12–16. Эцэг биднийг Түүний бүрэн байдлыг хүлээн авахыг хүсдэг

Бид хэрхэн Тэнгэрлэг Эцэгийн хүсэж байгаа шиг хүн болж, Түүний бүрэн байдлыг хүлээн авахыг Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүкс тайлбарлажээ.

Зураг
Ахлагч Даллин Х.Өүкс

“Есүс Христийн сайн мэдээ бол Тэнгэрлэг Эцэг маань биднийг хэн болохыг хүсдэг тийм хүмүүс хэрхэн болохыг бидэнд харуулдаг төлөвлөгөө билээ.

Нэгэн сургаалт зүйрлэл энэ ойлголтыг харуулдаг. Нэгэн чинээлэг эцэг хэрэгтэй мэргэн ухаан, нэр хүндийг хараахан хөгжүүлээгүй байгаа хүүхдэдээ өмч хөрөнгөө үлдээвэл түүний өв хөрөнгийг хоосруулна гэж мэдэж байв. Эцэг нь хүүхдэдээ ингэж хэлсэн.

‘Миний чамд өгөхийг хүссэн надад байгаа бүхий л зүйл нь зөвхөн баялаг минь биш харин түүнчлэн миний байр суурь болон хүмүүсийн дундах нэр хүнд маань юм. Надад байгаа юмыг би чамд амархан өгч чадна, харин над шиг бол гэдгийг чи өөрөө эзэмших ёстой. Миний суралцсаныг суралцаж, миний амьдарсан шиг амьдарснаар чи өв хөрөнгөө өвлөх бүрэн эрхтэй болно. Би өөрийн мэргэн ухаан, байр сууриа олж авсан хуулиуд, мөн зарчмуудаа чамд өгнө. Миний эзэмшсэнийг эзэмшиж, миний жишээг дага, мөн чи над шиг болно, надад байгаа бүхэн чинийх болох болно.’

Энэ сургаалт зүйрлэл нь тэнгэрийн загвартай төстэй. Есүс Христийн сайн мэдээ нь мөнх амьдралын харьцуулшгүй өв хөрөнгө, Эцэгийн бүрэн байдлыг амлаж, олж авч болох хууль болон зарчмуудыг илчилдэг билээ” (“The Challenge to Become,” Ensign, 2000 оны 11-р сар, 32).

Сургаал ба Гэрээ 93:13–14. Есүс Христ “эхлээд бүрэн байдлыг хүлээж аваагүй”

Есүс Христийн хүлцэлд, Тэрээр бүр Бурхан Тэргүүтэний нэг гишүүн гэдгээ болон мөнх бус байдалд хөшгөөр дамжин орж, бидэнтэй адил болж, Бурхан Эцэгийн Төрсөн Цорын Ганц Хүү гэдэг тэнгэрлэг нэр төрөө анхнаасаа мэдэхгүй байх зэрэг багтсан. Ерөнхийлөгч Лорэнзо Снөү: “Есүс тэжээлийн тэвшинд даавуунд өлгийдүүлсэн нялх хүүхэд байхдаа Өөрийгөө Бурханы Хүү байсныг мөн Тэр урьд нь дэлхийг бүтээснээ мэдэхгүй байсан. Херодын тушаал гарах үед Тэр энэ талаар юу ч мэдээгүй, Өөрийгөө хамгаалах хүчгүй байсан бөгөөд [Иосеф, Мариа хоёр] Түүнийг авч тэр тушаалын нөлөөллөөс хамгаалахаар Египет рүү [зугтаасан] билээ. … Тэр нас бие гүйцсэн ба Түүнийг өсөж хөгжих явцад хэн болох мөн ямар зорилгоор энэ дэлхийд байсан нь Түүнд илчлэгдсэн юм. Есүсийн дэлхийд ирэхээс өмнө эзэмшиж байсан алдар суу хийгээд хүч чадал Түүнд мэдэгдэх болно” гэж тайлбарласан (Teachings of Presidents of the Church: Spencer W. Kimball [2012], 279).

Сургаал ба Гэрээ 93:12, 19–20. Ач ивээлээс ач ивээлд үргэлжлүүлж, Эцэгийн алдар суугийн бүрэн байдлыг хүлээн авах нь

Бошиглогч Иосеф Смитийн дараах мэдэгдэл нь бид бүрэн байдлыг хүлээн авах хүртэл ач ивээлээс ач ивээлд өсөж хөгжихийн нэг талыг тодруулж өгдөг.

Зураг
Бошиглогч Иосеф Смит

“Бид өөрсдийнхөө өмнө байгаа бүх мэдлэгийг ганцхан дайралтаар эзэмших гэвэл энэ нь мэргэн ухаан биш. Харин бид нэг удаад багахнаар олж авах ёстой. Тэгвэл бид үүнийг ойлгож чадна” (Сүмийн Ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007 он], 303).

Тэр цааш нь:

Зураг
Бошиглогч Иосеф Смит

“Та шатаар өгсөх боллоо гэхэд доороос нь эхэлж, дээд талд нь гартал алхам алхмаар өгсдөг биз дээ. Сайн мэдээний зарчмуудыг эзэмших нь үүн лүгээ адил бөгөөд та нар өргөмжлөлийн анхдагч зарчмаас эхэлж, улмаар бүгдийг нь мэдэж авах ёстой. Гэвч та эдгээр зарчмыг мэдэхээсээ өмнө хөшигний цаад талд гарчихсан бол үүнд ихээхэн цаг хугацаа шаардагдана. Энэ дэлхийд бүхнийг ойлгоно гэж байхгүй. Бид бүр ирэх дэлхийд ч аврал, өргөмжлөлөө мэдэх нь агуу ажил байх болно” хэмээн мэдэгдсэн (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007 он], 303).