Семинар
134-р хичээл: Сургаал ба Гэрээ 127; 128:1–11


134-р хичээл

Сургаал ба Гэрээ 127; 128:1–11

Оршил

Сургаал ба Гэрээ 127 нь 1842 оны 9-р сарын 1-нд Иосеф Смитийн нас барагсдын төлөө гүйцэтгэж буй баптисмуудынхаа цэдгийг хөтлөхийг гэгээнтнүүдэд зааварлан бичсэн захидлыг агуулдаг. Долоо хоногийн дараа Иосеф нас барагсдын төлөөх баптисмын талаар өөр нэг захидал бичжээ. Сургаал ба Гэрээ 128 нь бид яагаад гүйцэтгэгдсэн авралын ёслолуудын цэдгийг хөтлөх ёстойг заасан уг захидлыг агуулдаг.

Заах зөвлөмж

Сургаал ба Гэрээ 127:1–4

Иосеф Смит мөрдлөг хавчлага хийгээд гай зовлонд алдаршина

Мөнх бус байдал гэж бичсэн том хоосон шилэн сав мөн гай зовлон гэж бичсэн устай савыг үзүүлснээр хичээлийг эхэл. Суралцагчдаас ямар гай зовлон тэдэнд тохиолдсоныг эсвэл хэн нэгэнд тохиолдохыг харсныг асуу. Тэдний хэлсэн гай зовлон бүрд устай савнаас хоосон сав руу бага зэрэг ус хий.

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 127:1-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, Иосеф Смит 1842 онд Наувуд ямар гай зовлонг туулсныг олж мэдэхийг хүс. Суралцагчдаас олж мэдсэнээ тайлагнахыг хүс.

1842 оны 5-р сард гэгээнтнүүдийг устгах тушаал буулгасан Миссури мужийн захирагч асан Лилбурн В.Боггс үл мэдэх хүний гарт амиа алдах дөхөн шархаджээ. Миссуригийн эрх мэдэлтнүүд бошиглогч Иосеф Смитийг Боггсыг алуулах хүн явуулсан гэж гүтгэн, түүнийг Миссуригийн шүүхэд авчрахыг оролдов. Тэр үед Иосеф Смит Миссуригээс яваад хэдэн жил болж байсан ба Иллинойгийн Наувуд амьдарч байв. Бошиглогч хэрвээ Миссури рүү буцаж явбал алуулна гэдгээ мэдэж байсан учраас хууль бусаар баривчлагдахгүйн тулд Миссуригийн албан хаагчдаас хэсэг хугацаагаар зугтаж байсан юм. 1843 оны 1-р сард Иосеф Смитийг баривчилж, Миссурид авчрах нь хууль бус гэж шийджээ.

Сургаал ба Гэрээ 127 нь Иосеф Смитийн Миссуригийн цагдаа нарт хууль бусаар баривчлагдахаас зугтаж байхдаа Сүмийн гишүүдэд бичсэн захидал гэдгийг тайлбарла. Науву дахь гэгээнтнүүд энэ захиаг хэдэн өдрийн дараа уншжээ.

Суралцагчдад нэг нь хөвдөг, нөгөө нь хөвдөггүй хоёр адилхан хэмжээтэй бөмбөг үзүүл. (Жишээлбэл, та хоосон, хуванцар мөн энгийн гольфийн бөмбөг ашиглаж болно.) Хоёр бөмбөгийг устай саванд хийгээд дараах асуултыг тавь.

  • Энэ хоёр бөмбөг нь хэрхэн гай зовлонд хүмүүсийн хандах өөр өөр арга замыг харуулж байна вэ?

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 127:2-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас Иосеф гай зовлонд хэрхэн хандсаныг олж мэдэхийг хүс.

  • Аль бөмбөг Иосеф Смитийн гай зовлонд хандах хандлагыг хамгийн сайн илэрхийлж байна вэ? Яагаад?

  • Иосеф гай зовлон, аюулыг давж гарна гэдгээ хэрхэн мэдэж байсан бэ?

  • Иосефын гэгээнтнүүдэд бичсэн захидлаас харахад юу бидэнд гай зовлонг тэвчихэд тусалдаг вэ? (Суралцагчдыг хариулсны дараа, дараах зарчмыг самбар дээр бичсэнээр тэдний хариултыг нэгтгэн дүгнэ. Тэнгэрлэг Эцэгт итгэх нь бидэнд гай зовлонг тэвчихэд тусалдаг.)

Суралцагчдыг Тэнгэрлэг Эцэгт итгэснээрээ гай зовлонг тэвчиж чадсан (эсвэл олж мэдсэн) хэн нэгэн таньдаг хүнийхээ тухай бодоход урь. Цөөн суралцагчаас хэний тухай бодсоноо мөн Тэнгэрлэг Эцэгт итгэх нь тэр хүнд гай зовлонг тэвчихэд хэрхэн тусалсныг тайлбарлахыг хүс.

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 127:3–4-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, бошиглогч гэгээнтнүүдэд юу гэж хэлснийг олж мэдэхийг хүс. Суралцагчдыг өөрсдөд нь чухал санагдсан хэллэгүүдийг олж тогтоож, хуваалцахад урь.

  • 3-р шүлэгт цэдэглэснээр, гэгээнтнүүд яагаад гай зовлон тохиолдоход баяртай байх ёстой вэ?

  • 4-р шүлэгт Их Эзэн хавчлага дарамтыг тэвчих хүмүүст юу амласан бэ?

  • Тэнгэрлэг Эцэгт итгэх нь хэрхэн амьдралын хүнд хэцүү үеүдийг тэвчихэд тань тусалсан бэ?

Сургаал ба Гэрээ 127:5–12

Бошиглогч Иосеф Смит гэгээнтнүүдэд нас барагсдын төлөө гүйцэтгэж буй баптисмуудынхаа цэдгийг хөтлөхийг зөвлөв

Иосеф Смитийг энэ захидлыг бичихээс жил хагасын өмнө Их Эзэн гэгээнтнүүдэд нас барагсдын төлөөх баптисм ариун сүмд гүйцэтгэгдэх ёстой хэмээн хэлсэн байжээ ( С ба Г 124:30-ыг үзнэ үү). Гэсэн хэдий ч, Их Эзэн түр хугацаанд ойролцоох гол, горхинд нас барагсдын төлөөх баптисмыг гүйцэтгэхийг зөвшөөрөв. Их Эзэн ариун сүм бэлэн болмогц нас барагсдын төлөөх баптисмын ёслолыг зөвхөн ариун сүмд гүйцэтгэсэн тохиолдолд хүчинтэй байх болно хэмээн хэлжээ. Гэгээнтнүүд 1841 оны 11-р сард Науву ариун сүмд нас барагсдын төлөөх баптисмыг гүйцэтгэж эхэлсэн.

Суралцагчдаас нас барагсдын төлөөх баптисмд хамгийн сүүлд оролцсон тухайгаа бодохыг хүс. Суралцагчдыг хэн нэгэн баптисмын үед усан сангийн хажууд сууж байсан эсэх зэрэг үүнтэй холбоотой туршлагынхаа талаар тайлбарлахад урь.

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 127:5–9-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, нас барагсдын төлөөх баптисмыг гүйцэтгэх үед хэн үүнд оролцох ёстойг олж мэдэхийг хүс. Суралцагчдыг олж мэдсэнээ тайлагнахад урь.

  • 7-р шүлэгт цэдэглэснээр, цэдэг хөтлөгч баптисмуудын гэрч болох нь яагаад чухал байдаг вэ?

Дараах гүйцэд биш өгүүлбэрийг самбар дээр бич. Дэлхий дээр бидний гүйцэтгэдэг ариун сүмийн ёслолууд нь …

Суралцагчдыг 5–9-р шүлэг дээр үндэслээд, өгүүлбэрийг гүйцээж бичихэд урь. (Суралцагчдыг энэ өгүүлбэрийг гүйцээж бичсэний дараа, өгүүлбэр дараах үнэнтэй төстэй харагдах ёстой. Дэлхий дээр бидний гүйцэтгэдэг ариун сүмийн ёслолууд тэнгэрт холбогддог.)

  • Ариун сүмийн ёслолууд яагаад тэнгэрт холбогдох болно гэж та бодож байна вэ?

  • Энэ үнэнийг мэдэх нь хэрхэн “нас барагсдынхаа” төлөө ариун сүмийн ёслолуудыг гүйцэтгэх үүрэг хариуцлагаа биелүүлэхэд тань тусалж болох вэ?

Иосеф Смит нас барагсдын төлөөх баптисмын талаар илүү олон зүйлийг гэгээнтнүүдэд заахыг хүссэн боловч өөрөө нуугдмал байдалд байсан учраас заах боломжгүй байсан гэдгийг тайлбарласнаар Сургаал ба Гэрээ 127:10–12-ыг нэгтгэн дүгнэ. Тэрээр гэгээнтнүүдэд нас барагсдын төлөөх баптисм болон бусад чухал сэдвийн талаар илүү олон захидал бичнэ гэж амлажээ.

Сургаал ба Гэрээ 128:1–11

Иосеф Смит авралын ёслолуудын талаар яагаад цэдэг хөтөлдгийг тайлбарлав

Бошиглогч Иосеф Смит Сургаал ба Гэрээ 127-д цэдэглэгдсэн захидлыг бичсэнээс долоо орчим хоногийн дараа нас барагсдын төлөөх баптисмын талаар өөр нэг захидлыг гэгээнтнүүдэд бичсэн юм. Уг захидал Сургаал ба Гэрээ 128-д агуулагдсан байдаг.

Иосеф Смит нас барагсдын төлөөх баптисмын ёслолыг гэрчилж, цэдгийг нь хөтлөх орон нутгийн цэдэг хөтлөгчид байх ёстой гэж заасан гэдгийг тайлбарласнаар Сургаал ба Гэрээ 128:1–5-ыг нэгтгэн дүгнэ. Мөн орон нутгийн цэдгүүдийг Сүмийн ерөнхий цэдэгт эмхэтгэхээр ерөнхий цэдэг хөтлөгч томилогдох ёстой гэж тэрээр заажээ.

Тэдэнд паспорт (эсвэл паспортны зураг) үзүүл. Паспорт эзэмшигчид ямар эрх олгогдсон байдгийг асуу.

  • Өөр хэн нэгний паспорт нь таныг өөр улс орон руу нэвтрэх шаардлагыг яагаад хангахгүй вэ?

  • Хэрэв та өөр улс руу дутуу мэдээлэлтэй паспорттой орохыг оролдвол юу болох вэ?

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 128:6–7-г чанга уншихад урь. Ангийнхнаас Бурханы оршихуй руу ороход тэнцэх үү үгүй юу гэдгийг ямар цэдгүүд тодорхойлохыг олж мэдэхийг хүс. Суралцагчдыг олж мэдсэнээ тайлагнахад урь. Иохан, Иосеф Смит хоёр хэд хэдэн цэдгийг дурдсан гэдгийг онцол. Тухайлбал: “номууд нээгдсэн байв” мөн “амьдралын ном болох өөр нэг ном” гэх мэтээр дурдсан.

  • 7-р шүлэгт цэдэглэснээр, Иоханы хэлсэн хамгийн эхний ном юу вэ? (Дэлхийд хадгалагддаг цэдгүүд.)

  • Амьдралын ном гэж юу вэ? (Тэнгэрт хадгалагддаг цэдэг.)

  • Эдгээр номонд юу цэдэглэгдсэн байдаг вэ? (Бидний ажил үйлс.)

  • Бурханы оршихуй руу орохын тулд эдгээр номонд ямар ажил үйлс цэдэглэгдсэн байх ёстой вэ?

Суралцагчдыг энэ асуултын талаар санал бодлоо хуваалцсаны дараа, нэг суралцагчийг Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч Боид К.Пакэрын хэлсэн дараах үгийг чанга уншихад урь.

Зураг
Ерөнхийлөгч Боид К.Пакэр

“Ёслолууд болон гэрээнүүд нь [Бурханы] оршихуйд орох зөвшөөрлийг авах гэрчилгээ юм” (“Covenants,” Ensign, 1987 оны 5-р сар, 24).

  • Ерөнхийлөгч Пакэрын хэлснээр хэрэв тухайн хүний цэдгүүд түүнийг баптисмын ёслолыг хэзээ ч хүлээж аваагүй гэж харуулбал шүүлтийн өдөр юу болох вэ?

Дараах өгүүлбэрийг самбар дээр бич. Та нар дэлхий дээр юуг ч холболоо гэсэн, тэнгэрт холбогдох болно. Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 128:8-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, бошиглогч Иосеф Смит энэ мэдэгдлийг гэгээнтнүүдэд хэрхэн тайлбарласныг олж мэдэхийг хүс. Суралцагчдыг олж мэдсэнээ хуваалцах хооронд холболоо гэдэг үгийг цэдэглэлээ гэдэг үгээр, холбогдох гэдэг үгийг цэдэглэгдэх гэдэг үгээр сольж бич.

  • Бид хүлээн авсан ёслолуудаа цэдэглэх талаар 8-р шүлгээс юу сурдаг вэ? (Та “өөрсдийнхөө зохих хүнээр” гэдэг нь өөрийнхөө төлөө баптисм хүртсэн хүмүүсийг хэлдэг бөгөөд “Өөрсдийгөө төлөөлсөн тэдний” гэдэг нь хэн нэгнээр дамжуулан баптисм хүртсэн хүмүүсийг хэлдэг гэдгийг тайлбарлаж болно.)

Дараах өгүүлбэрийг самбар дээр бич. Ёслол гүйцэтгэгдэж, зохих хөтлөгдсөн үед ёслол газарт болон тэнгэрт холбогддог.

  • 8-р шүлэгт цэдэглэснээр, ёслолуудыг дэлхийд болон тэнгэрт холбохын тулд юу болох ёстой вэ? (Суралцагчдыг хариулах хооронд нэг суралцагчийг самбар дээрх үнэнийг дараахын адил гүйцээж бичихэд урь. Ёслол санваарын эрх мэдлээр гүйцэтгэгдэж, зохих цэдэг хөтлөгдсөн үед ёслол газарт болон тэнгэрт холбогддог.)

  • Энэ зарчим нь сайн мэдээний мэдлэггүйгээр нас барсан хүмүүст ямар найдвар өгч байна вэ?

  • Бидэнд энэ зарчмыг хэрэгжүүлэхийн тулд ямар үүрэг хариуцлага байдаг вэ?

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 128:9-ийг чанга уншихад урь. Суралцагчдаас Иосеф Смит энэ зарчмын талаар юу гэж хэлснийг олж мэдэхийг хүс.

  • Их Эзэн санваарын эрин үе бүрд юу хийсэн бэ? (Их Эзэн доод тал нь нэг үйлчлэгчдээ санваарын лацдан холбох түлхүүрүүдийг атгаж, эзэмшихийг зөвшөөрсөн.)

  • 9-р шүлэгт цэдэглэснээр, ёслол санваарын эрх мэдлээр гүйцэтгэгдэж, зохих цэдэг хөтлөгдсөн үед юу болдог вэ? (Энэ нь газарт болон тэнгэрт хууль болж, үүнийг хүлээн авсан хүн зохисгүй амьдрахаас бусдаар цуцлагдаж чадахгүй.)

Их Эзэн санваарын лацдан холбох түлхүүрүүдийг Петрт өгсөн шиг өнөө үед ч гэсэн дахин өгсөн гэдгийг тайлбарласнаар Сургаал ба Гэрээ 128:10–11-ийг нэгтгэн дүгнэ.

Та хичээлээ дуусгахдаа дараах асуултуудыг самбар дээр бичээд, суралцагчдыг асуултуудад хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ хариулахад урь.

Нас барагсдын төлөөх баптисм болон лацдан холбох түлхүүрүүд нь хоорондоо хэрхэн холбогддог вэ?

Та өнөөдөр сурсан зүйлийнхээ ачаар юу хийх сүнслэг удирдамжийг хүлээн авсан бэ?

Цөөн суралцагчийг бичсэн зүйлээ ангийнхантай хуваалцахад урь. Та мөн нас барагсдын төлөөх баптисмыг гүйцэтгэх талаар өөрийнхөө гэрчлэлийг хуваалцаж болно.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Сүмийн анхдагч удирдагчид Масонст нэгдэв

Бошиглогч Иосеф Смит болон Сүмийн олон гишүүн 1839 онд Миссуриг орхисон ч бошиглогчийг Иллинойгийн Науву хотыг барихаар хөдөлмөрлөж байх хооронд миссуричууд түүнийг үргэлжлүүлэн хавчиж дарамталсаар байсан юм. 1842 оны эхээр Иосеф Смит болон Науву хотын зарим иргэн Масонс гэдэг нийгэмлэгт нэгджээ. Тэд мужтай мөн гэгээнтнүүдийг Миссуригээс ирэх цаашдын хавчлага дарамтаас хамгаалахад тусалж чадах Масонсын гишүүн болох улс болон үндэсний удирдагчидтай харилцах харилцаагаа хүчирхэгжүүлэхийн тулд үүнийг хийсэн байж болох юм. (Church History in the Fulness of Times Student Manual, 2 дахь хэвлэл [Сүмийн Боловсролын Системийн гарын авлага, 2003], 264-ийг үзнэ үү.)

Сургаал ба Гэрээ 127:5. “Нас барагсдын тань төлөөх баптисм”

Далын ахлагч В.Грант Бангэртэр бид бие махбодоороо нас барсан ч сүнсээрээ амьд байгаа хүмүүсийн төлөө баптисмыг гүйцэтгэдэг гэж тайлбарлажээ.

Зураг
Ахлагч В:Грант Вангэртэр

“Бид ариун сүмийн ёслолуудыг нэрсийн төлөө биш хүмүүсийн төлөө гүйцэтгэдэг гэдгийг үргэлж санах болтугай. Бидний ‘нас барсан’ гэж нэрлэдэг хүмүүс сүнсээрээ амьд мөн ариун сүмд байдаг” (“What Temples Are For,” Ensign, 1982 оны 5-р сар, 72).