Семинар
154-р хичээл: Сургаал ба Гэрээ 138:1–24, 38–50


154-р хичээл

Сургаал ба Гэрээ 138:1–24, 38–50

Оршил

1918 оны 10-р сарын 3-нд ерөнхийлөгч Жозеф Ф.Смит Солт Лэйк хот дахь Бийхайвын байшиндаа (ерөнхийлөгч Бригам Янг Сүмийн ерөнхийлөгч байхдаа амьдарч байсан) Сургаал ба Гэрээ 138-д цэдэглэгдсэн үзэгдлийг хүлээн авав. Энэ үзэгдэлд ерөнхийлөгч Смит, Аврагчийг Өөрийн үхэл хийгээд Түүний амилалтын хоорондох цаг хугацаанд үхлийн гинжнээс аврагдахаа хүлээн диваажинд байсан зөв шударга сүнснүүдэд үйлчилж байхад нь харжээ. Энэ бол Сургаал ба Гэрээ 138-ыг ярилцах хоёр хичээлийн эхнийх нь юм.

Заах зөвлөмж

Сургаал ба Гэрээ 138:1–11

Ерөнхийлөгч Жозеф Ф.Смит судрууд болон Есүс Христийн Цагаатгалын талаар эргэцүүлэн бодов

Суралцагчдаас авралын төлөвлөгөө болон үхлийн дараа сүнс болон бие махбодод юу тохиолдохыг бясалгахыг хүс.

  • Биднийг нас барахад бидний сүнс болон бие махбодод юу тохиолдох вэ? Бидний сүнс хаана очих вэ?

  • Сүнсний дэлхий ямар байна гэж та нар төсөөлдөг вэ?

Сүмийн зургаа дахь ерөнхийлөгч Жозеф Ф.Смит сүнсний дэлхийн тухай илчлэлтийг хүлээн авсан гэдгийг тайлбарла. Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 138-ын оршлыг чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, ерөнхийлөгч Смит 1918 оны 10-р сарын ерөнхий чуулганы өмнөх саруудад юу туулж, мэдэрч байсныг олж мэдэхийг хүс. Тэднээс олж мэдсэн зүйлээ тайлагнахыг хүс.

Суралцагчдад эдгээр сард ерөнхийлөгч Жозеф Ф.Смит Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүнээр үйлчилж байсан өөрийн хүү Хайрум Мак Смитийг алдсандаа гашуудаж байсныг хэл. Оны эхээр ахлагч Смит 45 настай байхдаа мухар олгой нь хагарснаас болж нас баржээ.

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 138:1-4-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, 1918 оны 10-р сарын 3-нд ерөнхийлөгч Жозеф Ф.Смитийн өрөөндөө ганцаараа байхдаа эргэцүүлэн бодож байсан сургаалыг олж мэдэхийг хүс.

  • Ерөнхийлөгч Смит ямар сургаалыг бясалгаж байсан бэ? (Суралцагчдыг хариулсны дараа, дараах сургаалыг самбар дээр бич. Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан мөн сайн мэдээний зарчмуудад дуулгавартай байснаар бүх хүн төрөлхтөн аврагдаж болно.)

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 138:5-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, ерөнхийлөгч Смит Цагаатгалын тухай бясалгаж байхдаа юу мэдэрснийг олж мэдэхийг хүс.

  • Ерөнхийлөгч Смитийг Цагаатгалын тухай бясалгаж байхад оюун санаанд нь юу орж ирсэн бэ?

Суралцагчдаас хэрэв тэд сайн мэдээний нэг сэдвийн талаар эргэцүүлэн байхад судрын хэсгээс оюун санаанд нь орж ирж байсан эсэхийг асуу. Тэднийг туршлагаасаа хуваалцахад урь.

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 138:6–10-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт хараад, ерөнхийлөгч Смитэд гүн сэтгэгдэл төрүүлсэн сургаалыг олж мэдэхийг хүс. Тэднээс олж мэдсэнээ хуваалцахыг хүс. Тэгээд бидэнд сүнсний дэлхийн тухай Петрийн сургаалыг ойлгоход туслах үзэгдлийг ерөнхийлөгч Смит хүлээн авсныг тайлбарла.

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 138:11-ийг дотроо чимээгүй уншаад, ерөнхийлөгч Смит судруудыг бясалгаж байхдаа юу харсныг олж мэдэхэд урь. Суралцагчдаас олж мэдсэнээ хуваалцахыг хүс.

Суралцагчид сүнсний дэлхийн тухай ерөнхийлөгч Смитийн үзэгдлийн талаар судалж мэдэхээсээ өмнө түүний дүрсэлсэн илчлэлт авсан үйл явцыг анзаарах ёстой. Тэр судруудыг бясалган байхдаа Цагаатгалын сургаал, Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христийн бүх хүн төрөлхтний төлөөх агуу хайрын тухай бодож байлаа. Эдгээр бодол нь түүний оюун санаанд Петрийн үгсийг оруулсан. Тэгээд тэр Петрийн үгсийг эргэцүүлэн байхад, ‘[түүний] ойлголтын … мэлмий нээгдэж,’ түүн дээр Ариун Сүнс ирэн, сүнсний дэлхийг харжээ.

  • Илчлэлт хүлээн авахад бэлтгэх талаар бид ерөнхийлөгч Жозеф Ф.Смитээс юу сурч авч чадах вэ? (Суралцагчид өөр үгсийг ашиглаж болох ч хариултууд нь дараах зарчмыг тусгах ёстой. Бид судраас уншиж мөн эргэцүүлэн бодсоноор илчлэлт хүлээн авахад өөрсдийгөө бэлтгэдэг. Та суралцагчдад энэ зарчмыг 11-р шүлгийн ойролцоо судар дээрээ бичихийг санал болгож болно.)

  • Судраас уншиж мөн эргэцүүлэн бодох нь хэрхэн илчлэлтийг урихад тусалдаг вэ?

Нэг суралцагчийг Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсоны хэлсэн дараах мэдэгдлийг уншихад урь. (Хэрэв боломжтой бол, мэдэгдлийн хуулбарыг суралцагчдад хувилан тарааж өгөөд дагуулан уншихыг тэднээс хүс.) Суралцагчдыг ахлагч Кристоффэрсоны бид судрыг хэрхэн судлах ёстойг дүрсэлснийг олж сонсохыг хүс.

Зураг
Ахлагч Д.Тодд Кристоффэрсон

Би ‘судлах’ гэдэг үгийг хэлэхдээ уншихаас хавьгүй их зүйлийг хэлж байгаа юм. … Би та нарыг цөөхөн хэдэн шүлэг уншаад, түүнийгээ тунгаан бодож, дахин уншиж, утгыг нь бодох зуураа ойлголтын төлөө залбирч, оюун бодолдоо асуулт тавин, сүнслэг нөлөөллийг хүлээн, хүлээн авсан нөлөөлөл, илчлэлтээ санаж, илүү сайн суралцаж чадахын тулд бичиж тэмдэглэж байгаагаар төсөөлдөг (“When Thou Art Converted,” Ensign эсвэл Лиахона, 2004 оны 5-р сар, 11).

  • Судраас судалж байхдаа та нар хэзээ энэхүү загварыг дагасан бэ? Энэ нь та нарын туршлагыг хэрхэн өөрчилсөн бэ?

Суралцагчдыг ахлагч Кристоффэрсоны дүрслэн үзүүлсэн арга замаар судраас уншиж, эргэцүүлэн бодох зорилго тавихад урь.

Сургаал ба Гэрээ 138:12–24, 38–50

Жозеф Ф.Смит амилуулалтаа хүлээж буй зөв шударга үхэгсдийг харав

Суралцагчдыг хоёр хоёроор нь хуваарил. Тэднийг хамтрагчтайгаа дараах асуултыг ярилцахыг хүс.

  • Ирээдүйд болох ямар үйл явдлыг та нар тэсэн ядан хүлээж байна вэ? Үүнд сэтгэл тань яагаад догдолж байгаа вэ?

Хангалттай цаг гаргаж өгсний дараа, цөөн суралцагчаас хариултаа ангийнхантай хуваалцахыг хүс. Ерөнхийлөгч Жозеф Ф.Смит сүнсний дэлхийг үзэгдэлд харахдаа сүнснүүдийн том цугларалтыг харсан гэдгийг тайлбарла.

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 138:12–13-ыг чанга уншихад урь. Цугласан сүнснүүдийн талаарх дүрслэлийг ангийнхнаас олж мэдэхийг хүс.

  • Ерөнхийлөгч Смит харсан сүнснүүдээ хэрхэн дүрсэлсэн бэ?

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 138:38–49-ийг дотроо уншаад, тэнд байсан зарим сүнсний нэрийг олж мэдэхийг хүс. (Та суралцагчдад эдгээр нэрийг судар дээрээ тэмдэглэхийг зөвлөж болно.) Суралцагчдаас олж мэдсэн нэрсийнхээ заримыг хэлэхийг хүс.

  • 49-р шүлэгт цэдэглэсний дагуу, тэдгээр сүнс юу хүлээж байсан бэ? (Чөлөөлөлт.)

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 138:14–16, 50-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, тэдгээр зөв шударга сүнс яагаад баясал хийгээд баяр хөөрөөр дүүрснийг олж мэдэхийг хүс.

  • Тэдгээр зөв шударга сүнс яагаад баясал хийгээд баяр хөөрөөр дүүрсэн бэ? (‘Тэдний чөлөөлөлтийн өдөр ойрхон байсны улмаас’ [15-р шүлэг]. Өөрөөр хэлбэл, тэд Есүс Христийн Цагаатгалын учир удахгүй амилна гэдгээ мэдэж байлаа.)

  • Тэдгээр зөв шударга сүнсний сүнс бие махбодтойгоо эргэн нэгдэхийг яагаад чөлөөлөлт болж байна гэж та нар бодож байна вэ?

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 138:17-г чанга уншихад уриад, ангийнхнаас сүнс болон бие махбодын нэгдлийн дараа зөв шударга бодгалиудын хүлээн авах адислалуудыг олж мэдэхийг хүс. Та суралцагчдаас олж мэдсэнээ тэмдэглэхэд урьж болно.

  • Бид амилахдаа юуг хүлээн авах вэ? (Бүрэн дүүрэн баясал.)

  • Бид Сургаал ба Гэрээ 138:14–17, 50-аас бие махбодын үхлээс чөлөөлөгдөх талаар юу сурч болох вэ? (Суралцагчид олон янзын сургаал, зарчмуудыг олж тогтоож болох ч дараах хоёр сургаалыг ойлгосон байх ёстой. Бурхан Эцэг болон Есүс Христийн ач ивээлээр бид үхлийн хүлээснээс чөлөөлөгдөнө мөн бид амилалтаар дамжуулан бүрэн баяслыг хүлээн авна. Та эдгээр сургаалыг самбар дээр бичиж болно.)

Нэг суралцагчийг бие махбодтой байхын хэрэгцээ болон адислалуудын талаар өгүүлсэн Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднарын хэлсэн дараах мэдэгдлийг уншихад урь. Бие махбод биднийг бүрэн баяслыг хүлээн авахад зориулсан Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөнд чухал болох шалтгаануудыг сонсоход ангийнхныг урь.

Зураг
Ахлагч Дэвид А.Бэднар

“Бидний бие махбод мөнх бус оршихуйн өмнөх дэлхийд байхдаа хүлээн авч чадахааргүй байсан туршлагуудыг өргөн хүрээнд, гүн гүнзгий, хүч чадалтайгаар олж авах боломжийг олгодог. Иймээс бусад хүнтэй харилцах харилцаа, ялган таних ба үнэний дагуу үйлдэх, Есүс Христийн сайн мэдээний зарчим, ёслолуудыг дагах чадварууд нь бидний бие махбодоор дамжуулан боломжтой болсон билээ.

Эцэгийн төлөвлөгөө нь Түүний хүүхдүүдийг чиглүүлж, аз жаргалтай болоход нь тусалж, амилж, өргөмжлөгдсөн биетэйгээр гэртээ аюулгүй буцаж ирэхэд нь зориулагдсан байдаг (“Бид ариун явдалд итгэдэг,” Ensign, 2013 оны 5-р сар, 41, 43 эсвэл 2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 50, 52).

  • Бүрэн баяслыг хүлээн авахад бидэнд яагаад бие махбод хэрэгтэй вэ?

Та суралцагчдын хариулт дээр нэмэлт болгон, бүрэн баясал гэдэг нь Тэнгэрлэг Эцэгийн мэдэрдэг баясал гэдгийг тайлбарлахыг хүсэж болно. Тэнгэрлэг Эцэг мах, ясан бие махбодтой билээ (С ба Г 130:22-ыг үзнэ үү). Бидний бие болон сүнс салахад, бид Түүнтэй адилгүй болж баяр баяслын бүрэн байдлыг хүлээн авч чадахгүй (C ба Г 93:33–34-ийг үзнэ үү). Бидний сүнс болон бие салшгүй холбогдож, бид амилахдаа эцэстээ Тэнгэрлэг Эцэгтэйгээ адил болж, бүрэн баяслыг хүлээн авна.

Сүнсний дэлхийд байсан зөв шударга сүнснүүд тэднийг чөлөөлж мөн ‘төгс хэлбэрт’ (C ба Г 138:16–17) сэргээх Бурханы Хүүгийн ‘ирэхийг’ хүлээх буюу ирэлтийг хүлээж байсан гэдгийг тайлбарла. Суралцагчдыг эдгээр зөв шударга сүнс цугларцгааж байхад дэлхий дээр юу болж байсныг төсөөлөхөд урь. Есүс Христ Гетсемани болон загалмай дээрх Өөрийн зовлон зүдгүүрээр Тэнгэрлэг Эцэгийн бүх хүүхдийг цагаатгаж байсан. Сүнсний дэлхий дэх зарим зөв шударга сүнс чөлөөлөлтөө хэдэн мянган жилийн турш хүлээжээ. Есүс Христийн хийсэн золиослол тэднийг гэм нүглээс нь гэтэлгэхээс гадна бие махбодын үхлээс авардаг.

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 138:18–19-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагуулан харж, эдгээр шүлэгт дүрслэгдсэн үйл явдлууд ямар байхыг төсөөлөхийг хүс.

  • Сүнсний дэлхий дэх Есүс Христийн дүр төрх Түүний айлчлан очсон хүмүүст ямар харагдана гэж та нар бодож байна вэ?

  • Аврагч эдгээр сүнсэнд юу заасан бэ?

  • Хэрэв та нар сүнсний дэлхийд Аврагчийн номлохыг сонсож байсан бол та нарын төлөө Цагаатгалыг дөнгөж гүйцэтгээд ирсэн Түүнд хэрхэн хариулах байсан бэ? (Та суралцагчдыг энэ асуултад чанга хариулахын оронд дотроо чимээгүй эргэцүүлэн бодоход урьж болно.)

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 138:23–24-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, зөв шударга сүнснүүд Аврагчийн айлчлалд хэрхэн хариулсныг олж мэдэхийг хүс. Суралцагчдаас олж мэдсэнээ хуваалцахыг хүс.

Самбар дээр бичсэн эхний сургаал руу заа. Есүс Христийн Цагаатгалаар мөн сайн мэдээний зарчмуудад дуулгавартай байснаар бүх хүн төрөлхтөн аврагдана. Суралцагчид Сургаал ба Гэрээ 138-ыг үргэлжлүүлэн судалснаар Тэнгэрлэг Эцэг Өөрийн бүх хүүхдэд Аврагчийн Цагаатгалаас ашиг тус хүртэх арга замаар хангадаг болохыг сурна гэдгийг тайлбарла.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Сургаал ба Гэрээ 138. Ерөнхийлөгч Жозеф Ф.Смитийн хувийн нөхцөл байдал

1869 оноос 1918 оны хооронд ерөнхийлөгч Жозеф Ф.Смит гэр бүлийн гишүүдийнхээ үхэлтэй холбоотой шаналал, харууслыг мэдэрч байв. Тэрээр ес нь хүүхэд байхдаа нас барсан арван гурван хүүхэд болон эхнэрээ оршуулжээ. Ерөнхийлөгч Смит ууган хүүхэд Мерси Жозефин нь гурван нас арай хүрээгүй байхдаа нас барах үед дараах захиаг эхнэр Эднадаа бичсэн.

Зураг
Ерөнхийлөгч Жозеф Ф.Смит

“Одоо хэр нь миний зүрх шимширч, оюун ухаан минь самуурсан хэвээр байгаа ч би өөртөө найдан үүнийг арай чамай зүрхлэн бичлээ. Хэрэв би үглэн бувтнаж байгаа бол Бурхан намайг өршөөг, сэтгэл минь зовиурлан шаналж мөн зүрх минь няцарч, тасар татуулж байна. Гэр бүл болоод бяцхан хүүхэд минь байгаа гэр орон минь эзгүйрч бараантсан мэт байгаад би гутарч байна. Намайг гэртэй минь болон энэ дэлхийтэй холбосон хамгийн өхөөрдөм, хонгорхон боловч хамгийн хүчтэй утас тасарч, үр минь, хонгорхон Додо минь явчихлаа! Би үүнд итгэж ч чадахгүй байгаа бөгөөд зүрх минь, ийм байж болох уу? гэж асууж байлаа. Би дэмий хайж, сонсож байсан ч дуу чимээ үл гарах бөгөөд намайг өрөөнүүдээр дэмий сэлгүүцэхэд бүгд хоосон, ганцаардмал, үгүйрч мөн орхигдсон байв. Би цэцэрлэгийн зам, байшингийн эргэн тойрныг харж, энд ч тэнд ч нар шиг алтан шар зулай, ягаахан хацрыг зэрвэсхэн хайсан ч байсангүй, жижигхэн хөлийн чимээ сонсогдсонгүй. Гэрэлтсэн жижиг хар нүд хайр гэрэлтүүлэн аавыгаа харахгүй, хонгорхон хүсэл дүүрэн хоолой мянга мянган асуултаар булахгүй, хөөрхөн бяцхан зүйлс хэлэн, хөгжилтэйгөөр шулганан, булбарай зөөлөн гараараа хүзүүгээр минь тэврэхгүй, тэврэлтийн маань хариуд зөөлөн сарнай шиг уруулаараа үнсэхгүй, харин оронд нь жижигхэн хоосон сандал л байна. Түүний бяцхан тоглоомууд далд хийгдэж, хувцаснууд нь хураагдаж нэгэн хоосон бодол зүрх сэтгэлд минь хүнд ачаа болон—тэр энд байхгүй, тэр явчихсан! гэж байлаа. Гэвч тэр буцаж ирэхгүй гэж үү? Тэр намайг удаан орхиж чадахгүй, тэр хаана байна вэ? Би бараг жолоогоо алдсан. Зөвхөн Бурхан л миний охиндоо хэр их хайртай байсныг мэдэх бөгөөд тэр миний гэрэл, зүрхний минь баяр баясгалан байсан юм.

Түүнийг нас барахын өмнөх өглөө, би түүнийг шөнө бүр хардаг шигээ түүнтэй хамт шөнөжин байсныхаа дараа түүнд ‘Бяцхан танхил үр минь шөнөжингөө унтсангүй’ гэв. Тэр толгойгоо сэгсрээд, ‘Ааваа, би өнөөдөр унтах болно’ гэж хэлсэн. Ай! тэдгээр хэдхэн үгс хэрхэн миний зүрхийг зүссэн гээч. Үхлийн нойрсолтыг хэлж байгаа өөр нэгэн дуу хоолой байсныг би мэдэж байсан ч итгэхийг хүсээгүй ба тэр унтсан. Ай! Зүрхний минь гэрэл унтарлаа. Бодгальд минь сийлэгдсэн тэнгэрийн дүрс бараг алга болчих шиг болсон (Жозеф Фийлдинг Смит, Life of Joseph F. Smith [1938], 455–456).