Семинар
157-р хичээл: Албан тунхаг 2


157-р хичээл

Албан тунхаг 2

Оршил

20-р зууны турш номлолын ажил дэлхий даяар тархсан билээ. Сүмийн удирдагчид африк гаралтай Сүмийн гишүүдийн төлөө санваар хүртээх болон ариун сүмийн ёслолуудад дахь хоригийн талаар удирдамж хүсэн залбирчээ. Шийдвэрлэх илчлэлт Сүмийн ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбаллд ирж, Тэргүүн Зөвлөл дэх түүний зөвлөхүүд болон Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүдээр 1978 оны 6-сарын 1-нд Солт Лэйкийн ариун сүмд батлагджээ. 1978 оны 6-р сарын 8-нд хаяглагдсан захидалдаа тэд энэ илчлэлтийг зарлав.

Заах зөвлөмж

Албан тунхаг 2

Их Эзэн санваарын болон ариун сүмийн адислалууд нь Сүмийн зохистой гишүүн бүрд боломжтой хэмээн илчлэв

Ангийнхнаас тэд хожмын үеийн гэгээнтэн нэгэн найзыг нь Сүмийн тухай зарим асуулт зовоож байна гэж төсөөлөн бодохыг хүс.

  • Та нар найзыгаа юу хийхийг урамшуулах вэ?

Суралцагчдыг хариулсны дараа, Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын хэлсэн дараах мэдэгдлийг чанга унш.

Зураг
Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф

“Хайрт залуу найзууд минь, магадлан лавлах нь үнэн рүү хөтөлдөг тул бид асуух дуртай хүмүүс. …

… Магадлан лавлах нь гэрчлэлийг төрүүлэгч мөн. Зарим нь ичмээр эсвэл зохисгүй мэт санагддаг ч сайн мэдээтэй холбоотой ноцтой асуултууд байгаа учраас тэдэнд тэгж санагддаггүй. Асуулт тавих нь сул дорой байдал биш. Энэ нь өсөлтийн эхлэл мөн.

Бурхан бидэнд асуултуудынхаа хариултыг эрэлхийлэхийг зарлиглаж (Иаков 1:5–6-г үзнэ үү) мөн биднийг зөвхөн ‘Христэд итгэлтэй байж, чин сэтгэлтэйгээр, үнэн хүсэлтэйгээр’ (Moронай 10:4) эрэлхийлэхийг хүсдэг. Хэрэв бид тэгэх аваас бүх зүйлсийн үнэн ‘Ариун Сүнсний хүчээр’ (Moронай 10:5) бидэнд тунхаглагдах болно.

Асуухаас бүү ай. Сониуч бай, харин бүү эргэлз! Итгэлээс болон аль хэдийн хүлээн авсан гэрлээсээ ямагт зууран барь” (“The Reflection in the Water” [Сүмийн Боловсролын Системийн онцгой цугларалт, 2009 оны 11-р сарын 1], LDS.org).

  • Ерөнхийлөгч Угдорф Сүмийн тухай асуух зүйл байгаа хэн нэгэнд туслах юу заасан бэ?

Асууснаар үнэнийг хүлээн авч мөн ойлгохыг эрэлхийлсэн хоёр хувь хүн болох Хэлвэсио болон Руда Мартинс нарын дараах түүхийг чанга уншихыг нэг суралцагчаас хүс.

Зураг
Ахлагч Хэлвэсио Мартинс

Ахлагч Хэлвэсио Мартинс

“1972 оны 4-р сарын нэгэн цэлмэг үдэш … Хэлвэсио Мартинс гэр бүлийнхээ үнэнийг хайж буй эрлийн талаар тунгаан боджээ. Тэр эхнэр Рудатайгаа олон шашныг судалж үзсэн ч аль нь ч тэдний сүнсний орон зайг дүүргэж чадахгүй байв. ‘Тэр үдэш би Бурхантай ярилцаж, тусламж хүссэн’ гэж тэр хэлэв” (“Elder Helvécio Martins of the Seventy,” Ensign, 1990 оны 5-р сар, 106).

Үүнээс хэд хоногийн дараа номлогчид тэдний Бразилын Рио дэ Жанейро дахь гэрт иржээ. Ахлагч Мартинс дурсан хэлэхдээ “Эдгээр залуу эрэгтэй манай гэрт ирсэн тэр мөчид миний бүхий л уйтгар гуниг болон сүнслэг байдлын сэтгэлийн зовнил арилж, одоо миний мэдэх Ариун Сүнсний нөлөөллөөс ирсэн тайвшрал болон саруул тунгалаг байдлаар солигдсон юм” гэв (with Mark Grover, The Autobiography of Elder Helvécio Martins [1994], 43).

Африк гаралтай Хэлвэсио, Руда хоёр номлогчидтой ярилцаж байхдаа Хэлвэсио Сүм дэх хар арьстай хүмүүсийн үүргийн талаар асуув. Мартинсынхан тухайн үед Сүмийн бодлогод хар арьстай африк гаралтай эрчүүдийг санваар хүртэхийг хориглосон байсныг олж мэдэв. Энэ нь тэднийг номлогчдоос илүү их зүйл асуухад удирджээ.

  • Хэрэв та нар Мартинсын гэр бүлийнх шиг байдалд орсон бол санваарын хоригийн тухай мэдэж аваад ямар асуулт тавих байсан бэ?

Албан тунхаг 2-ын оршил хэсэг болсон дараах мэдэгдлийг үзүүл. (Та энэ оршил хэсгийн хуулбарыг судруудын 2013 онд хэвлэгдсэн хувь байхгүй байгаа суралцагчдад тарааж өгч болно.) Нэг суралцагчийг энэ мэдэгдлийг чанга уншихад уриад, ангийнхныг санваарын хоригийн тухай хувь хүмүүсийн асууж болох асуултуудын хариултуудыг олж мэдэхийг хүс.

“Мормоны Ном ‘хар ба цагаан, боол ба чөлөөт, эр болон эм’ бүгдийг оролцуулан ‘Бурханд бүгд адил’ хэмээн заадаг (2 Нифай 26:33). Сүмийн түүхийн турш олон улс орны бүхий л үндэстэн болон ястнуудын хүмүүс баптисм хүртэж Сүмийн итгэлтэй гишүүд байсаар амьдарч иржээ. Иосеф Смитийн үед цөөн тооны хар арьстай эрэгтэй Сүмийн гишүүд санваар хүртэж байв. Түүхийнхээ эхэн үед Сүмийн удирдагчид африк гаралтай хар арьстай эрчүүдэд санваар хүртээхээ больсон байлаа. Сүмийн шастирт яагаад ингэх болсон тодорхой санаануудыг өгдөггүй.”

  • Энэ мэдэгдэл санваарын хоригийн талаарх ямар асуултуудад хариулах вэ?

“Сүмийн шастирт яагаад ингэх болсон тодорхой санаануудыг өгдөггүй” гэсэн мөрөнд анхаарал хандуул. Суралцагчид зарим хүн яагаад африк гаралтай эрчүүд тодорхой хугацаанд санваар хүртдэггүй байсан шалтгааныг санал болгож болох ч тэдгээр нь зөв биш байж болно гэдгийг ойлгосон эсэхэд анхаар. Сая уншсан мэдэгдэл Сүмийн албан ёсны байр суурийг илтгэдэг.

Өөр нэг суралцагчийг Мартинсын гэр бүл сэргээгдсэн сайн мэдээний тухай сурсныхаа дараа юу хийснийг дүрсэлсэн дараах догол мөрийг уншихад урь.

Мартинсын гэр бүл 1972 оны 7-р сарын 2-нд баптисм хүртэж, сүмд итгэлтэйгээр үйлчилсэн юм. Тэдний ууган хүү Маркусыг патриархын адислалаа хүлээн авах үед түүнийг сайн мэдээг тунхаглах болно хэмээн амласан байна. Хэдийгээр санваарын хориг Маркусыг бүрэн цагийн номлолд үйлчлэхэд саад болж байсан ч, эцэг эх нь номлолд зориулсан хадгаламжийн данс нээжээ. 1975 онд Сүмээс Бразилын Сан Паулод ариун сүм баригдах болно гэдгийг зарлажээ. Мартинс эгч мөнгө хуримтлуулахад туслан өөрийн үнэт эдлэлийг зарав. Мартинс ах итгэлтэйгээр ариун сүмийн хэвлэлийн хорооны гишүүнээр үйлчилсэн байна. Мартинсын гэр бүл ариун сүмд санваарын ёслолуудыг хүлээн авах боломжгүй гэдэгт итгэж байсан ч эдгээр золиослолыг хийсэн ажээ.

  • Та нар Мартинсын гэр бүлийг хэдийгээр тэд тухайн үедээ санваарын хориг байсан ч яагаад баптисм хүртэж, Сүмд итгэлтэйгээр үйлчилсэн гэж бодож байна вэ?

Суралцагчдыг энэ асуултыг ярилцсаны дараа, Мартинс ахын хариултыг чанга унш.

Зураг
Ахлагч Хэлвэсио Мартинс

“‘Бид үнэнийг олсон, үүний дагуу амьдрахад биднийг юу ч зогсоож чадахгүй.’ … ‘Сүнс та нарт сайн мэдээ үнэн гэдгийг хэлэх үед та нар үүнийг хэрхэн үгүйсгэж чадах вэ?’” (“Elder Helvécio Martins of the Seventy,” 106-д).

Мартинсын гэр бүл Ариун Сүнсээр дамжуулан гэрчлэл хүлээн авсан учраас хэдийгээр өөрсдөд нь ойлгохгүй зүйлс байсан ч Их Эзэнд итгэн, урагш тэмүүлж чадсаныг онцлон хэл.

  • Та нарт асуултууд гарах үед Мартинсын гэр бүл хэрхэн жишээ болон үйлчилж чадах вэ? (Бид аль хэдийн мэддэг зүйлээсээ зууран барьж мөн нэмэлт мэдлэг иртэл бат зогсож чадна.)

Мартинсын гэр бүлээс гадна олон үндэстний африк гаралтай олон мянган хүн 1978 оны илчлэлтээс олон арван жилийн өмнө сэргээгдсэн сайн мэдээний үнэнийг мэдэх болсныг тайлбарла. Солт Лэйк хот дахь Сүмийн удирдагчид Африк руу номлогчдыг илгээхийг шаардсан захидлыг Нигер болон Гана дахь баптисм хүртээгүй хөрвөгчдөөс олонтоо хүлээн авч байлаа. Олон жилийн турш Сүмийн удирдагчид уг асуудлыг анхааралтай залбирч үзсэн ч Африк руу номлогчдыг илгээх цаг нь болсон гэж мэдрэхгүй байсан бөгөөд тэнд орон нутгийн гишүүд ёслолуудыг тэргүүлж эсвэл гүйцэтгэх боломжгүй байсан юм.

Зураг
Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл

Албан тунхаг 2 ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбаллын 1978 оны 6-р сарын 1-нд хүлээн авсан илчлэлтийн албан ёсны тунхаглалыг агуулдаг. Нэг суралцагчийг “Эрхэм хүндэт Ах нар аа” гэж эхэлж байгаа эхний догол мөрийг чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, Сүмийн удирдагчид юуг гэрчилсэн гэж хэлснийг олж мэдэхийг хүс.

  • Сүмийн удирдагчид дэлхий даяар юуг гэрчилсэн бэ?

  • Сүмийн удирдагчид Их Эзэний ажил өргөжин тэлэх болно хэмээн гэрчлэх үедээ ямар сүнслэг өдөөлт хүлээн авсан бэ? (Сайн мэдээний бүх адислалыг зохистой гишүүн бүрд хүртээх хүсэл.)

Нэг суралцагчийг (“Биднээс өмнө” гэж эхэлж байгаа) дараагийн догол мөрийг чанга уншихад урь. Ангийнхнаас Сүмийн удирдагчид нөлөөлөгдсөн хүсэл дээрээ хэрхэн үйлдсэнийг олж мэдэхийг хүс.

  • Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл болон Сүмийн бусад удирдагч нөлөөлөгдсөн хүслийнхээ дагуу хэрхэн үйлдсэн бэ?

  • Энэ нь бидэнд бошиглогчдын тухай юу зааж байна вэ? (Суралцагчдыг хариулсны дараа, та дараах үнэнийг самбар дээр бичиж болно. Бошиглогчид Сүмийг удирдахдаа Их Эзэний удирдамжийг эрэлхийлдэг.)

“Бошиглогчдоор хийгдсэн амлалтуудыг ухамсарлан” гэсэн үгсийг онцол.

  • Эдгээр үг хийгээд үүнийг танилцуулж буй өгүүлбэр Сүмийн удирдагчид санваарын хоригийн талаар юу мэдэж байсан тухай бидэнд юу зааж байна вэ? (Тэд хэзээ нэг цагт бүх зохистой эрэгтэй санваар хүлээн авах боломжтой байхыг мэдэж байсан.)

1978 оноос олон жилийн өмнө Тэргүүн Зөвлөл болон Арван хоёр Төлөөлөгчийн Чуулга санваарын хоригийн тухай ярилцаж мөн залбирч байсан гэдгийг тайлбарла. Сүмийн удирдагчид зуу гаран жилийн өмнөх хоригийг өөрчлөхийн тулд илчлэлт хэрэгтэй гэдгийг мэдэрсэн. Зарим үед энэ асуулт ерөнхийлөгч Кимбаллын оюуныг ихээр шаналгаж байснаас болж тэр байн байн ариун сүм явж энэ талаар ганцаараа залбирдаг байжээ.

Нэг суралцагчийг “Тэрээр бидний залбирлуудыг сонссон” гэж эхэлж байгаа дараагийн хоёр догол мөрийг чанга уншихад урь: Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, ерөнхийлөгч Кимбалл, Тэргүүн Зөвлөл дэх түүний зөвлөхүүд болон удирдамжууд, Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүдэд өгсөн Их Эзэний хариултыг олж мэдэхийг хүс.

  • Их Эзэний бошиглогчдынхоо залбиралд өгсөн хариулт юу вэ?

  • Их Эзэн Өөрийн Сүмийг хэрхэн удирддаг тухай энэ нь бидэнд юу зааж байна вэ? (Суралцагчдыг хариулсны дараа, самбар дээр дараах сургаалыг бич. Их Эзэн Өөрийн Сүмийг бошиглогчдодоо өгсөн илчлэлтээр дамжуулан удирддаг.)

Энэ илчлэлт дэлхий даяарх хүмүүст гүнзгий нөлөө үзүүлсэн гэдгийг тайлбарла. Нэг суралцагчийг Хэлвэсио Мартинс болон түүний эхнэр Руда нар энэ тухай олж мэдээд хэрхэн хариулсныг уншихад урь.

“Би сэтгэлийн хөдлөлөө барьж чадахгүй байлаа! Руда бид хоёр унтлагынхаа өрөөнд ороод, өвдөг сөгдөж суугаад залбирсан. Бидний зөвхөн мөрөөдөж л байсан тэр үйл явдлын төлөө бид Тэнгэрлэг Эцэгтээ талархахдаа уйлж билээ. Тэр өдөр үнэндээ иржээ мөн энэ нь бидний мөнх бус амьдралд тохиов” (Autobiography, 69–70). Мартинсын гэр бүлийнхэн ариун сүмд лацдан холбуулсан юм. Тэдний хүү Маркус санваарын хоригийг дуусгавар болгосон илчлэлтийн дараа номлолд үйлчилсэн африк гаралтай анхны Сүмийн гишүүн байлаа. Хэлвэсио Мартинс орон нутгийн санваарын удирдагч болж эцэстээ Далын Хоёрдугаар чуулгын гишүүнээр дуудагдсан байна.

Санваарын хоригийг дуусгавар болгосон илчлэлтийн дараахан номлогчдыг Африк руу илгээсэн гэдгийг тайлбарла. Тэр тив дээр ариун сүмүүд баригдсан бөгөөд хэдэн зуун мянган хүн сайн мэдээний ёслолуудыг өөрсдөдөө болон нас барсан өвөг дээдсийнхээ төлөө хүлээн авсан.

Суралцагчдаас Сүм яагаад хэсэг хугацаанд африк гаралтай эрчүүдэд санваар олгоогүй талаар асууж болно гэдгийг онцол. Тэднийг энэ асуултад хэрхэн хариулах тухай бодоход урь.

Бусдад санваарын хориг яагаад эхэлснийг мэдэхгүй гэж тайлбарлах нь зүйтэйг батал. Үүнээс гадна бид өөрсдийн мэддэг үнэнүүдийг хуваалцаж мөн гэрчилж болно. (Та самбар дээр бичсэн үнэнүүдэд анхаарлыг нь хандуулж болно.) Суралцагчдыг мэдрэмж болон гэрчлэлээ хуваалцахад урьснаар хичээлээ дуусга. Та мөн гэрчлэлээ хуваалцаж болно.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Албан тунхаг 2. Санваарын адислалууд Бурханы бүх хүүхдэд боломжтой юм

Арван хоёрын Төлөөлөгчийн Чуулгын ахлагч М.Рассэлл Баллард хэдийгээр санваарын эрх мэдэл нь эрэгтэйчүүдэд өгөгддөг ч Тэнгэрлэг Эцэгийн бүх хүүхэд—эрэгтэй болон эмэгтэйчүүд санваарын адислалуудыг хүлээн авч чадна гэдгийг тайлбарласан.

Зураг
Ахлагч М.Рассэлл Баллард

“Тэнгэрлэг Эцэгийн маань санваараар адислагдсан агуу төлөвлөгөөнд санваарыг ашиглах онцгой үүрэг хариуцлага эрчүүдэд өгөгдсөн ч тэд өөрсдөө санваар биш юм. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс өөр өөр үүрэгтэй боловч адил үнэ цэнтэй байдаг. Эмэгтэй хүн эр хүнгүйгээр үр хүүхэдтэй болж чадахгүйтэй адил эрэгтэйчүүд эмэгтэй хүнгүйгээр мөнхийн гэр бүлтэй болоход санваарын хүчээ бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй. Өөрөөр хэлбэл, мөнхийн төлөвт авч үзэхэд хүүхэд төрүүлэх хүч болон санваарын хүчийг эхнэр нөхөр хоёр хуваалцдаг. Эхнэр нөхрийн хувьд, эрэгтэй эмэгтэй хүмүүс бид Тэнгэрлэг Эцэгээ дагахын тулд хичээх хэрэгтэй. Тэд өөрсдийн амьдрал болон гэр бүлдээ санваарын адислалуудыг эрэлхийлэхдээ Христэд итгэгчдийн эрхэм зан чанарууд болох хайр, даруу байдал, тэвчээртэй байдалд анхаарах хэрэгтэй.

Тэнгэрлэг Эцэг Өөрийн бүх охид хөвгүүдэд санваарын адислалуудыг хүлээн авч мөн санваарын хүчээр хүчирхэгжих арга замыг өгсөн гэдгийг бид ойлгох нь чухал (“Энэ нь Миний ажил болон Алдар Суу бөлгөө,” Ensign, 2013 оны 5-р сар, 19 эсвэл 2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган,, 20).

Албан тунхаг 2. Бурханы илчлэлтэд хүмүүний гаргасан шалтгаануудыг хавсаргахаас зайлсхий

“Санваарын тухай илчлэлтийн арван жилийн ойн 1988 оны ярилцлага дээр [Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүкс] тэнгэрлэг илчлэлтэд мөнх бус шалтгаануудыг өгсөн оролдлогууд дахь [өөрийн] хандлагыг тайлбарлажээ.

Зураг
Ахлагч Даллин Х.Өүкс

“‘Хэрэв та нар судруудыг “Их Эзэн яагаад энэ зарлигийг эсвэл тэр зарлигийг өгсөн бэ” гэсэн асуултыг оюундаа тунгаан уншвал зууд ганцаас ч бага шалтгаан тоочсоныг олж мэдэх болно. Шалтгаануудыг өгөх нь Их Эзэний загвар биш юм. [Мөнх бус] бид л илчлэлтүүдэд шалтгаануудыг өгдөг. Бид зарлигуудад шалтгаануудыг гаргадаг. Бид тэгвэл өөрсдөө л үлдэх болно. Зарим хүн бидний энд ярьж байгаа зарим зүйлд шалтгаануудыг өгсөн бөгөөд тэдгээр нь гайхалтай нь буруу болж таарсан. Энэ нь сургамж болсон. … Би аль эрт зарлигуудад итгэж харин үүнд санал болгосон шалтгаануудад итгэхгүй гэж шийдсэн.’

Түүнээс ерөнхий эрх мэдэлтнүүдээр өгөгдсөн шалтгаануудыг хэлж байгаа эсэхийг асуухад [тэр] ийн хариулсан.

‘Би ерөнхий эрх мэдэлтнүүдээр өгөгдсөн шалтгаануудыг ч мөн бусдаар … боловсруулагдсан шалтгаануудыг ч хэлж байна. Шалтгаанууд нь бүхэлдээ надад хэрэгцээгүй эрсдлийг авчирч байгаа юм шиг санагдсан. … Энд болон бусад хэсэгт илчлэлтүүдэд шалтгаан өгөх гэсэн өнгөрсөнд хийгдэж байсан алдаануудыг давтахгүй байцгаая. Шалтгаанууд нь ихэнхдээ хүнээр зохиогдсон байж таардаг. Илчлэлтүүдийг бид Бурханы хүсэл гэж үзэн дэмждэг бөгөөд энд л аюулгүй байдаг’ [“Apostles Talk about Reasons for Lifting Ban,” Daily Herald, Прово, Юта, 1988 оны 6-р сарын 5, 21 (AP)]” (Даллин Х.Өүкс, Life’s Lessons Learned [2011], 68–69).

Албан тунхаг 2. Бид бүх хариултыг мэдэх албагүй, харин юу мэддэгээ цаг үетэйгээ нийцүүлэн шинэчлэн өргөтгөж байх ёстой

Далын ахлагч Паул В.Жонсон сайн мэдээний багш нарт дараах зөвлөгөөг өгсөн.

Зураг
Ахлагч Пол В.Жонсон

“Суралцагчдын хувьд багшийгаа бүх зүйлийн хариултыг мэдэхгүй ч гол асуултуудын хариултыг мэддэгийг мөн хүчтэй гэрчлэлтэйг харах нь эрүүл бус зүйл биш юм. Тэнгэр элч Нифайгаас Бурханы хүлцлийг мэдэх эсэхийг нь асуухад Нифай ‘Тэрбээр хүүхдүүддээ хайртайг нь мэднэ би; тийм боловч, бүх зүйлүүдийн утгыг мэдэх нь үгүй би” хэмээн хариулсан байдаг’ (1 Нифай 11:17). Хэдийгээр бид тодорхой асуултын хариултыг мэдэхгүй ч мэддэг зүйлсийнхээ тухай суралцагчдад сануулж чадна.

Бидний нүүр тулдаг өөр нэг сорилт бол ялангуяа хэрэв бид хэсэг хугацаанд заасан бол хуучин архив болон хуучин тайлбараа давтан өгөх гээд байдаг явдал мөн. Бид Сүмийн одоогийн байдалтай хөл нийлүүлбэл илүү дээр байхсан. Үүнийг хийх хамгийн сайн аргуудын нэг бол LDS.org-ийн шинэ мэдээ хэсгийн материалуудтай танилцаж байх явдал юм (mormonnewsroom.org).

Би 1978 оны зун семинар болон институтэд ажилд орсон. Тэр зуны 6-р сард илчлэлтээр санваар нь бүх зохистой эрэгтэйд боломжтой болсон гэдгийг зарласан. Тэр жилийн 8-р сард Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүн, ахлагч Брүс Р.Макконки семинар институтийн албан хаагчдын, үүнтэй адил нэгэн цуглаан дээр ярьжээ. Тэрээр энэ асуудлын талаарх бидний ойлголтыг илчлэлт хэрхэн өөрчилснийг тодотгосон байна. Тэрээр ийн хэлжээ.

‘Одоогийн илчлэлтийн эсрэг өнгөрсөн өдрүүдэд миний хэлсэн юм уу ерөнхийлөгч Бригам Янгийн эсвэл ерөнхийлөгч Жорж К.Канноны юм уу хэн нэгний хэлсэн бүгдийг март. Бид хязгаарлагдмал ойлголттойгоор мөн өнөөдөр дэлхийд ирээд байгаа гэрэл хийгээд мэдлэггүйгээр ярьж байсан.

Бид үнэнүүд хийгээд гэрлүүдээ шат шатаар болон дүрэм дүрмээр авдаг. Бидэнд одоо энэ тодорхой сэдэв дээр оюуны чадамж ба гэрлийн шинэ үер орж ирсэн бөгөөд энэ нь өнгөрсөнд байсан бүхий л харанхуй, үзэл санаа болон бодлуудыг арилгана. Тэдгээр нь ямар ч хамаагүй болсон.

Энэ (1978) оны 6-р сарын эхний өдрөөс өмнө энэ асуудлын … талаар хэн нэгний хэлж байсан зүйл юуг ч өөрчлөхгүй’ (“All Are Alike unto God” [CES symposium on the Book of Mormon, Aug. 18, 1978], 2; LDS.org).

“Тиймээс өгөгдөж байгаа гэрэлтэйгээ мөр зэрэгцэн алхъя” (“A Pattern for Learning Spiritual Things” [СБС-ийн шашны багш нарт хандаж хэлсэн үг, 2012 оны 8-р сарын 7], LDS.org).

Албан тунхаг 2. “Их Эзэн одоо хүслээ мэдүүлсэн”

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын зарим гишүүн 1978 оны 6-р сарын 1-нд илчлэлт хүлээн авахад өөрсдөд тохиолдсон туршлагаа хожим дүрслэн хэлжээ. Жишээ нь, тухайн үед Арван хоёрын чуулгын гишүүн байсан ерөнхийлөгч Гордон Б.Хинкли ийн гэрчилжээ.

Зураг
Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли

“Өрөөнд ариун нандин, ариусгагдсан мэт уур амьсгал байлаа. Миний хувьд тэнгэрлэг хаан ширээ ба Ах нартайгаа хамт өвдөг сөгдөн гуйж байгаа Бурханы бошиглогч хоёрын хооронд суваг хоолой нээгдсэн мэт санагдав. … Ариун Сүнсний хүчээр тэр бошиглогчид залбирч байгаа зүйл нь зөв, цаг нь ирсэн мөн одоо санваарын гайхамшигтай адислалууд аль удмынхаас үл хамааран газар бүрийн зохистой бүх эрэгтэйд хүртээгдэх ёстой хэмээх баталгаа ирсэн.

Тэр хүрээн дэх бүх эрэгтэй Ариун Сүнсний хүчээр мөн адил зүйлийг мэдэрсэн. …

… Тэр тохиолдлын үед тэнд байсан бидний хэн нь ч үүний дараа өмнөхтэйгөө адил байхаа больсон. Сүм ч адил байхаа больсон (“Priesthood Restoration,” Ensign, 1988 оны 10-р сар, 70).

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконки үүнтэй адил зүйлийг баталсан.

Зураг
Ахлагч Брүс Р.Макконки

“[Албан тунхаг 2 дээр агуулагддаг илчлэлт хүлээн авагдсан] энэ тохиолдолд залхтал гуйж, итгэлтэй байсан учраас мөн цаг хийгээд хугацаа нь болсон учраас Их Эзэн хянамгай байдалдаа Ариун сүнсийг Тэргүүн Зөвлөл болон Арван хоёр дээр гайхалтай болоод гайхамшигтай байдлаар асгасан нь тэнд байсан хэний ч мэдэрч байснаас хамаагүй илүү байлаа. Илчлэлт Сүмийн ерөнхийлөгчид ирсэн. Энэ нь түүнчлэн тэнд байсан бүгдэд ирсэн” [СБС-ийн шашны багш нарт хандаж хэлсэн үг, 1978 оны 8-р сарын 18], 3, LDS.org).

Албан тунхаг 2. Нэмэлт мэдээлэл

Албан тунхаг 2-ын талаар илүү мэдээлэл авахыг хүсвэл LDS.org дээрх Сайн мэдээний сэдвүүд рүү орж “race and the priesthood”-ыг хай.