Семинар
Гэрээр судлах хичээл: Сургаал ба Гэрээ 88–89 (19-р бүлэг)


Гэрээр судлах хичээл

Сургаал ба Гэрээ 88–89 (19-р бүлэг)

Гэрээр заах багш нарын ашиглах материал

Өдөр бүр гэрээр судлах хичээлийн тойм

Суралцагчдын Сургаал ба Гэрээ 88–89-ийг (19-р бүлэг) судалж байхдаа мэдэж авсан үйл явдал, сургаал, зарчмуудын дараах тойм нь хичээлийн нэг хэсэг болгон заахад зориулагдаагүй. Таны заах хичээл эдгээр сургаал, зарчмын цөөн хэд дээр төвлөрнө. Та суралцагчдынхаа хэрэгцээг бодож үзэхдээ Ариун Сүнсний өдөөлтийг дага.

1 дэх өдөр (Сургаал ба Гэрээ 88:1–40)

Суралцагчид бошиглогч Иосеф Смит болон дээд пристийн нэгэн бүлэгт өгөгдсөн илчлэлтийг судалж байхдаа Бурхан бүх зүйлд Христийн гэрлээр дамжуулан гэрэл болон амийг өгдөг гэдгийг мэдэж авсан. Суралцагчид Сүнс хийгээд бие нь Есүс Христээр дамжуулан Амилалтаар гэтэлгэгддэг хүмүүний бодгаль гэдгийг мөн бид Амилалтаар дуулгавартай байсан тэрхүү хуулийнхаа дагуу алдар сууг хүлээн авах болно гэдгийг мэдэж авсан.

2 дахь өдөр (Сургаал ба Гэрээ 88:41–69)

Суралцагчид энэ хичээлээр Түүний бүтээлүүдийг харах үедээ Бурханы сүр жавхлан болон хүчийг олж харж чадна гэдгийг мэдэж авсан. Суралцагчид Их Эзэн Өөрийн цаг хугацаанд Өөрийн бүх хаант улсад болон тэдгээрийн оршин суугчид дээр хэрхэн зочлох талаар судалсан. Суралцагчид бас тэд Их Эзэнд ойртон ирснээр Их Эзэн тэдэнд ойртон ирэх болно гэдгийг мэдэж авсан. Тэд бас Тэнгэрлэг Эцэг өөрсдөд нь хамгийн сайн гэж мэддэг арга замаараа тэдний залбирлуудад хариулдаг бөгөөд хэрэв тэд Бурханы алдар суугийн төлөө бүхнээ зориулах аваас гэрлээр дүүргэгдэх болно гэдгийг мэдэж авсан.

3 дахь өдөр (Сургаал ба Гэрээ 88:70–141)

Суралцагчид Их Эзэний өгсөн Бошиглогчдын сургууль байгуулах заавруудыг судалж байхдаа хэрэв тэд бие биедээ зааж мөн судлахаар мөн тэрчлэн итгэлээр суралцахыг эрэлхийлбэл Есүс Христэд итгэх тэдний итгэл өсөх болно гэдгийг мэдэж авсан. Тэд өөрсдөд нь сурч мөн сэнхрэхэд нь туслах зөв шударга зан чанарууд болон Их Эзэний бидэнд хийхээ болихыг зарлигласан шударга бус үйлдлүүдийг олж тогтоосон. Тэд бас сайн мэдээг хамт суралцаж байгаа хүмүүстээ нөхөрлөл ба хайрыг харуулах нь тэднийг хамтдаа судлах үед Сүнсийг урьдаг гэдгийг мэдэж авсан.

4 дэх өдөр (Сургаал ба Гэрээ 89)

Бошиглогчдын сургуульд явж байсан ах нарт өгсөн Их Эзэний зөвлөгөөнөөс суралцагчид эцсийн өдрүүд дэх хуйвалдагч хүмүүсийн хилэнцэт бодлуудын учир Их Эзэн биднийг хорт бодисуудыг хэрэглэхгүй байхыг сэрэмжлүүлсэн гэдгийг мэдэж авсан. Тэд тодорхой бодисуудыг хэрэглэхгүй байх талаар Их Эзэний өгсөн сэрэмжлүүлгийг олж тогтоосон бөгөөд тэд эрүүл хоол хүнсийг ухаалгаар бас талархалтай идэх ёстойг мэдэж авсан. Суралцагчид хэрэв бид мэргэн ухааны үгийг дагавал Их Эзэн биднийг эрүүл мэнд, мэргэн ухаан, хүч чадал болон хамгаалалтаар адислах болно гэдгийг мэдэж авсан.

Оршил

Энэ хичээл нь сайн мэдээг бусдад заахын үнэ цэнийг таньж мэдэхэд суралцагчдад тусалж чадна. Тэд долоо хоногийн турш судалсан зарчмуудынхаа заримыг бие биедээ заах үедээ Их Эзэний Бошиглогчдын сургуульд явдаг байсан хүмүүст заасан зарим зарчмыг туршиж үзэх боломжтой байх болно.

Заах зөвлөмж

Тайлбар: Суралцагчдыг энэ долоо хоногт Сургаал ба Гэрээ 88:124 дэх төгс эзэмших судрын хэсгийг судалж байх үед семинар болон Сүмийн бусад ангид хамрагдаж байхдаа үүнийг чээжилж бас чээжээр уншихад урьсан. Энэ урилга нь зөв шударга үйлдэл хийж, шударга бус үйлдлүүдээ зогсоох нь суралцаж мөн сэнхрэхэд бидэнд туслах болно гэдгийг тэдэнд санахад туслах зорилготой байсан. Та үүний талаар суралцагчдад сануулж мөн энэ хэсгийг хамтдаа чээжээр уншихад тэднийг урьж болно. Та бас тэднийг энэ хэсэгт өгөгдсөн зөвлөгөөний дагуу амьдрахад урамшуулан дэмжиж болно.

Сургаал ба Гэрээ 88:70–117

Их Эзэн Сүмийн ахлагчдад үйлчлэлдээ бэлтгэхийг зарлиглаж мөн Хоёр дахь ирэлттэй холбоотой үйл явдлуудыг илчлэв

Нэг суралцагчийг самбарын өмнө гарч, өөр нэг суралцагчид зангиа зангидах (эсвэл хоёр дахь суралцагчийн хэрхэн хийдгийг мэдэхгүй өөр даалгавар байж болно) гэх мэт энгийн даалгаврыг хэрхэн гүйцэлдүүлэх талаар заахад урь. Хэрэв суралцагчид саяхан хэн нэгэнд хичээл эсвэл ямар нэгэн зүйл хийхийг зааж тусалсан бол гараа өргөхийг хүс. Гараа өргөсөн суралцагчдын цөөн хэдээс нь хэнд, юу зааснаа хэлэхийг хүс. Дараах асуултуудыг тавьж, хичээлээ шалга.

  • Заахаар бэлдэж байхдаа эсвэл хэн нэгэнд зааж байхдаа та юу сурсан бэ?

  • Бид бусдаар заалгахаасаа илүү бусдад заахаар бэлтгэж байхдаа яагаад илүү их суралцдаг гэж та нар бодож байна вэ?

Их Эзэн Сургаал ба Гэрээ 88 дахь энэ илчлэлтийг 1832 оны 12-р сарын сүүлээс эхлэн 1833 оны 1-р сарын эхний хэдэн өдөрт Сионыг байгуулах талаар Их Эзэний хүслийг мэдэхээр залбирсан хэсэг бүлэг санваартнуудад өгсөн гэдгийг суралцагчдад сануул. Их Эзэн энэ илчлэлтээрээ энэ бүлэг санваартныг “эцсийн хаант улсын анхны хөдөлмөрлөгчид” (С ба Г 88:70, 74) хэмээн дурдсан бөгөөд тэднийг дэлхий дээрх үндэстнүүдийн дунд сайн мэдээг тунхаглахад өөрсдийгөө бэлтгэхийн тулд сургууль зохион байгуулж мөн хамрагдахыг тэдэнд зарлиглав (С ба Г 88:74, 84, 127-г үзнэ үү).

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 88:73–76-г чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, Их Эзэн бусдад заахаар бэлтгэхийн тулд эдгээр санваартанд юу хийх ёстой хэмээн зарлигласныг олж мэдэхийг хүс.

  • Эдгээр “анхны хөдөлмөрлөгчид” номлогчийн хувьд бусдад заахаар бэлтгэхийн тулд юу хийхээр зарлигдуулсан бэ? (Та нэг суралцагчаас бичээч болж, бусдынхаа хариултуудыг самбар дээр жагсааж бичихийг хүсэж болно.)

  • Бид сайн мэдээг илүү үр дүнтэй хуваалцахын тулд өөрсдийгөө “зохион байгуулж,” “бэлтгэж” мөн “ариусгах”-ын тулд юу хийж чадах вэ?

  • Нүглээсээ цэвэрших нь сайн мэдээг хуваалцах бидний чадварт хэрхэн нөлөөлдөг вэ?

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 88:77–80-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, Их Эзэн эдгээр санваартанг хамтдаа цуглах үед юу гэж зарлигласныг олж мэдэхийг хүс. Суралцагчдаас олж мэдсэнээ тайлагнахыг хүс.

  • Их Эзэн хичээнгүйлэн заадаг хүмүүст ямар амлалт өгсөн бэ? (Түүний ач ивээл тэдэнтэй хамт байх бөгөөд тэдний ойлгох шаардлагатай Бурханы хаант улсад хамааралтай бүх зүйл тэдэнд илүү төгс зааварлагдах болно хэмээн Их Эзэн амласан.)

  • Их Эзэний “ач ивээл та нартай байх болно” (С ба Г 88:78) гэдэг нь юу гэсэн утгатай вэ? (Биднийг сайн мэдээг зааж мөн суралцахаар хичээнгүйлэн эрэлхийлэх үед Их Эзэн бидэнд туслах болно.)

  • Та 77–78-р шүлгээс сурсан зүйлс дээрээ үндэслэн заах талаар ямар зарчим гаргаж болох вэ? (Суралцагчид олон зарчим олж тогтоож болно. Та тэднийг хариулсны дараа, дараах зарчмуудыг самбар дээр бичиж болно. Биднийг бие биедээ хичээнгүйлэн заах үед Их Эзэн Өөрийн үнэнийг илүү төгс ойлгоход бидэнд туслах болно. Бид бие биедээ зааснаар сайн мэдээг бусадтай хуваалцахаар бэлтгэж чадна.)

  • Бусдад сайн мэдээг заах нь үүнийг илүү сайн ойлгоход танд ямар арга замаар тусалж байсан бэ?

  • 79-р шүлэгт цэдэглэснээр, бусад ямар сэдвийг ойлгох нь бидэнд чухал байдаг вэ? Ийм өргөн мэдлэгтэй байх нь сайн мэдээг бусдад заахад бидэнд хэрхэн тусалж чадах вэ?

Тайлбар: Дараах үйл ажиллагаа нь дөрвөн гишүүнтэй бүлгүүдэд бэлтгэхэд мөн хоёр хоёроороо бие биедээ заахад зориулагдсан. Хэрэв танай анги жижиг бол та суралцагчдыг нэг нэгээр нь бэлдүүлж, заалгуулж болно эсвэл та ангийнхнаараа хичээлүүдийн нэгийг заалгуулаад дараа нь өөрөө тэдэнд өөр хичээл зааж өгч болно.

Суралцагчдын олж тогтоосон хоёр зарчмын ач холбогдлыг ойлгож мөн хэрэгжүүлэхэд нь туслахыг хүсэж байгаагаа тэдэнд тайлбарла. Суралцагчдыг дөрвөн гишүүнтэй бүлэг болгон хуваарил. Бүлэг бүрийн хоёр суралцагчаас Сургаал ба Гэрээ 88:63–68-ыг хоёр өөр суралцагчид заахаар бэлтгэхдээ өөрсдийнхөө судар болон судрын тэмдэглэлүүдээ ашиглан хамтарч ажиллахыг хүс. Үлдсэн хоёр суралцагчийг Сургаал ба Гэрээ 89:18–21 дэх төгс эзэмших судрын хэсгийг эхний хоёр суралцагчид заахаар бэлтгэхдээ хамтарч ажиллахыг хүс.

Бүлэг бүрд дараах заавруудыг хувилж өг. Тэднийг зааврууд болон судрын шүлгүүдийг уншиж, дараа нь хичээл бүрийг хэрхэн заахаа шийдэхийг хүс. (Хоёр суралцагчийг хоёулаа заах үйл явцад оролцоход урамшуулан дэмж.) Хос бүрд хичээлүүдээ бэлтгэх ойролцоогоор 8–10 минут, заах ойролцоогоор 5 минут байгаа гэдгийг тайлбарла.

Хичээл заах суралцагчдад өгөх зааврууд:

  1. Өөрт оногдсон судрын хэсгээ унш. Та бэлтгэж бас заах үедээ Ариун Сүнсийг өөртөө туслуулахын тулд зүрх сэтгэлдээ залбирч болно.

  2. Долоо хоногийн турш хэсгүүдийг судалж байхдаа сурсан зүйлсээ санахад туслах судар юм уу судрын тэмдэглэл дээрээ хийсэн тэмдэглэл эсвэл тайлбаруудаа хар.

  3. Заахыг хүсэж байгаа сургаал эсвэл зарчмаа бичиж авч эсвэл тэмдэглэ.

  4. Сургаал эсвэл зарчмаа хэрхэн заахаа шийд. Тоймоо гаргахдаа дараах санаануудыг ашиглах талаар бодож үз.

    1. Зааж буй хүмүүсийнхээ анхаарлыг татаж мөн сэдвээ танилцуулахын тулд ашиглаж болох энгийн асуулт эсвэл үзүүлэнт хичээлийн талаар бод.

    2. Уг илчлэлтийн түүхэн нөхцөл байдал болон агуулгын талаар мэддэг зүйлсээ тайлбарлаж, зааж байгаа хүмүүсээ өөрт оногдсон хэсгийг бүгдийг нь эсвэл хэсэгчлэн уншихад урь.

    3. Зааж буй хүмүүстээ сургаал эсвэл зарчмыг олж тогтооход нь туслах асуултуудыг тавьж, дараа нь тэдний ойлгосон эсэхийг мэдэхийн тулд илүү олон асуулт тавь.

    4. Сургаал эсвэл зарчимтай холбоотой өөрт тохиолдсон туршлагаа хуваалцаж, үүний ач холбогдол болон үнэний талаар гэрчлэлээ хуваалц. Та бас зааж байгаа хүмүүсээ энэ сургаал эсвэл зарчимтай холбоотой өөрсдөд нь тохиолдсон туршлагаа хуваалцахад урьж болно.

Суралцагчдад бэлтгэх хангалттай цаг гаргаж өгсний дараа Сургаал ба Гэрээ 88:63–68-ыг судалсан хосуудыг бүлгийнхээ бусад хоёр суралцагчид заахад урь. Дараа нь суралцагчдаас үүргүүдээ солихыг хүсэж, Сургаал ба Гэрээ 89:18–21-ийг судалсан хосоос бүлгийнхээ бусад хоёр суралцагчид заахад урь.

Суралцагчдыг бие биедээ заасны дараа самбар дээрх дараах зарчмыг онцол: “Биднийг бие биедээ хичээнгүйлэн заах үед Их Эзэн Өөрийн үнэнийг илүү төгс ойлгоход бидэнд туслах болно.” Дараа нь ангийнханд дараах асуултуудыг тавь.

  • Эдгээр судрын талаарх ойлголт тань өнөөдөр эдгээрийг өөр хэн нэгэнд зааснаар хэрхэн гүнзгийрсэн бэ?

  • Их Эзэн танд тусалсныг та ямар арга замаар мэдэрч байсан бэ?

Суралцагчдыг бусдад сайн мэдээг заах боломжуудыг хайж олоход нь урамшуулан дэмж. Үүнийг хийснээр тэдний хүлээн авах адислалуудын талаар гэрчлэлээ хуваалц.

Дараагийн бүлэг (Сургаал ба Гэрээ 90–97)

Суралцагчдыг ирэх долоо хоногт судлахад нь бэлтгэхийн тулд та дараах асуултыг бодож үзэхэд тэднийг урьж болно: Их Эзэн Өөрийнх нь царайг харах тэдэнд ямар шаардлагуудыг тавьсан бэ? Та ариун сүмд орохдоо “зүрх сэтгэлээрээ цэвэр ариун” (С ба Г 97:16) байснаар ямар адислалууд ирдэг вэ? Та урьд өмнө нь Бурханыг шүтэн бишрэх гэдэг нь юу гэсэн үг болох талаар бодож байсан уу? Та үүнийг ирэх долоо хоногт судалж байхдаа бид хэнийг, хэрхэн шүтэн биширдгийг олж мэд.