Семинар
44-р хичээл: Сургаал ба Гэрээ 39–40


44-р хичээл

Сургаал ба Гэрээ 39–40

Оршил

1831 оны нэгдүгээр сард Протестант тохинуулагч Жеймс Ковилл гэгч Нью-Йоркийн Фейеттед Иосеф Смиттэй уулзсан бөгөөд “Өөрийн үйлчлэгч Иосефоор дамжуулан Их Эзэнээс түүнд өгч болох аливаа зарлигийг тэрээр дагах болно хэмээх гэрээнд Их Эзэнтэй орсон” (Documents, Volume 1: July 1828–June 1831, vol. 1 of the Documents series of The Joseph Smith Papers [2013 он], 233–234-ийг үзнэ үү). Их Эзэний хариулт Сургаал ба Гэрээ 39-д цэдэглэгдсэн байдаг. Энэ илчлэлтээрээ Их Эзэн Жеймс Ковиллыг баптисм хүртэж, Огайод сайн мэдээний бүрэн байдлыг тунхаглахад дуудав. Гэхдээ энэ илчлэлтийг бичигдсэний маргааш нь Жеймс Ковилл Фейеттег орхин явж, “урьдын зарчмууд болон хүмүүс рүүгээ эргэн очив” (History of the Church, 1:145). Их Эзэн дараа нь Ковилл яагаад түүнд өгсөн зарлигуудад дуулгавартай байгаагүй шалтгааныг тайлбарлан Иосеф Смит, Сидней Ригдон хоёрт илчлэлт өгөв. Энэ илчлэлт нь Сургаал ба Гэрээ 40-д цэдэглэгдсэн байдаг.

Заах зөвлөмж

Сургаал ба Гэрээ 39:1–12

Есүс Христ, Жеймс Ковиллыг Өөрийнх нь сайн мэдээг хүлээн авч, баптисм хүртэхэд урив

Суралцагчдаас саяхан эцэг эх нь эсвэл өөр хэн нэгэн хайртай хүн нь бэлэг өгсөн гэж төсөөлөн бодохыг хүс. Тэд бэлгээ нээж үзтэл тэдний үнэхээр их хүсэж байсан зүйл нь байв.

  • Та нар энэ бэлгийг хүлээн авах уу? Энэ бэлгийг хүлээн авахгүй байхыг сонгох ямар нэгэн шалтгаан бий юү?

  • Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүд хүлээн авахгүй байхаар сонгосон Түүнээс ирэх ямар нэгэн бэлэг эсвэл өглөгийг та нар бодож олж чадах уу?

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 39:1–3-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас зарим хүний хүлээн авахгүй байхаар сонгосон зүйлийг олж мэдэхийг хүс.

  • Энэ хүмүүс юуг хүлээн авахгүй байхаар сонгосон бэ?

  • Есүс Христийг хүлээн авах гэдэг нь юу гэсэн утгатай үг гэж та нар бодож байна вэ?

  • Аврагчийн дэлхий дээрх тохинууллын талаар та нарын мэдэж байгаагаар, Түүний хүмүүсийн Өөрийг нь хүлээж аваагүй зарим шалтгаан юу байсан бэ?

Дараах бүрэн бус өгүүлбэрийг самбар дээр бич. Бид Есүс Христийг хүлээн авах юм бол, Тэр … болно

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 39:4-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас самбар дээрх өгүүлбэрийг хэрхэн зарчим болгон гүйцээж болох талаар олж мэдэхийг хүс. Суралцагчдаас сурсан зүйлээ хуваалцахыг хүс.

Хэдийгээр энэ шүлэг дээр “хөвгүүд” гэж дурдсан боловч эмэгтэйчүүд Есүс Христийн охид болж чадна хэмээн Их Эзэн заасныг онцлон хэлнэ үү (С ба Г 25:1-ийг үзнэ үү). Дараа нь самбар дээрх өгүүлбэрийг дараах маягаар гүйцээж бичнэ үү. Хэрэв бид Есүс Христийг хүлээн авах юм бол, Тэр бидэнд Түүний хүүхдүүд болох хүчийг өгөх болно.

Суралцагчдад Есүс Христийн хүүхдүүд болох нь юу гэсэн утгатай үг болохыг ойлгоход нь туслахын тулд нэг суралцагчийг ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смитийн дараах хэлсэн үгийг уншихад урь. (Та хичээл эхлэхийн өмнө энэ хэлсэн үгийг самбар дээр бичиж эсвэл тараах материал болгон өгөхөөр бэлтгэж болно.)

Зураг
Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит

“Аврагч маань бидний төлөө Өөрийн хийсэн Цагаатгалаар дамжуулан бидэнд амьдрал, мөнх амьдралыг боломжтой болгодог учраас сударт Түүнийг бидний Эцэг болдог хэмээн бичсэн байдаг” (Doctrines of Salvation, нэгтгэсэн Брүс Р.Макконки, 3-р боть [1954–1956 он], 1:29).

Зүрх сэтгэл нь Есүс Христийн нэрэнд итгэх итгэлээр өөрчлөгдсөн тэдгээр нь Түүнээс сүнсээр төрдөг хэмээн бид Мормоны Номоос сурдгийг тайлбарла. Тэд Түүний хөвгүүд мөн охид болдог (Мозая 5:7-г үзнэ үү). Энгийнээр хэлэхэд, Христийн хөвгүүд болон охид нь “Есүс Христийн сайн мэдээг хүлээн авсан тэдгээр юм” (Судруудын Удирдамж, “Христийн хүүхдүүд,” scriptures.lds.org).

  • Ерөнхийлөгч Смитийн хэлснээр бид яагаад Есүс Христийн хүүхдүүд болдог вэ?

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 39:5–6-г дотроо уншиж, Түүний хүүхдүүд болохын тулд бид Есүс Христийг хэрхэн хүлээн авч мөн Түүний бидэнд санал болгож буй зүйлсийг хэрхэн ашиглаж болохыг олж мэдэхийг тэднээс хүс.

  • Та нар эдгээр шүлгээс сурсан зүйл дээрээ үндэслэн Есүс Христийн хүүхдүүд болохын тулд бид юу хийх ёстойг хэрхэн тайлбарлах вэ?

Эдгээр шүлэг дээрх Их Эзэний үгс нь 40 орчим жилийн турш нэр хүндтэй Методист тохинуулагч байсан Жеймс Ковиллд өгөгдсөн гэдгийг тайлбарла. Иосеф Смитийг энэхүү илчлэлтийг хүлээн авахаас өмнөхөн Жеймс Ковилл Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний талаар олж мэдсэн байв. Хэдийгээр тэр Сүмийн гишүүн биш байсан ч Иосефоор дамжуулан хүлээн авсан аливаа зарлигийг дуулгавартай дагах болно гэж гэрээнд орсон. (Сүүлийн үеийн судалгаа нь илчлэлт өгөгдсөн тэр хүний талаар илүү сайн ойлголт өгч байгааг анхаарна уу. Хэрэв суралцагчдад судруудын хамгийн сүүлийн хэвлэл байхгүй бол энэ хэсгийн оршилд хамгийн сүүлийн мэдээлэл ороогүй байгаа.)

  • Энэ илчлэлтийг хүлээн авахдаа Жеймс Ковилл Сүмийн гишүүн биш байсан гэдгийг мэдэж байгаа тул, 5–6-р шүлгүүд дээрх сургаалууд түүнд хэрхэн хамаарч болох вэ?

  • Есүс Христ болон Түүний сайн мэдээг хүлээн авч, баптисм хүртэхэд Жеймс Ковиллоос яагаад агуу их итгэл шаардагдсан байж болох вэ? (Тохинуулагчийн хувьд, Жеймс Ковилл баптисм хүртэхийг сонгосон бол түүний 40 гаруй жилийн хугацаанд бий болгосон албан тушаал, найз нөхдийн хүрээлэл болон орлого нь байхгүй болох байсан.)

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 39:7–9-ийг чанга уншихад урь. Ангийнхныг дагуулан харж, Их Эзэн Жеймс Ковиллыг мэддэг байсан нотолгоонуудыг олж мэдэхийг хүс. Суралцагчдыг олж мэдсэн зүйлээ хуваалцсаны дараа дараах асуултуудыг тавь.

  • Хэрэв та нар Жеймс Ковиллын оронд байсан бол эдгээр үгийг сонссоны дараа та нарт ямар санагдах байсан бол? Яагаад?

  • Энэ цаг мөч дэх Жеймс Ковиллын зүрх сэтгэлийн байдлын талаар Их Эзэн юу гэж хэлсэн бэ? Их Эзэний “зүрх сэтгэл чинь одоо миний өмнө зөв байна” хэмээсэн нь юу гэсэн утгатай үг гэж та нар бодож байна вэ? (Та суралцагчдыг 8-р шүлэг дээрх одоо гэдэг үгийг тэмдэглэхэд урьж болно.)

  • 9-р шүлэгт цэдэглэгдсэнээр, Жеймс Ковилл яагаад Их Эзэнийг олон удаа хүлээж аваагүй вэ?

Самбар дээр дараах хүснэгтийг зур.

Хэрэв та нар … юм бол

 … болно.

Гурван суралцагчийг Сургаал ба Гэрээ 39:10–12-ыг ээлжлэн чанга уншихад урь. Уншиж эхлэхийнхээ өмнө ангийн нэг хэсгээс Их Эзэн Жеймс Ковиллыг юу хий хэмээн зааварласныг асуу. Ангийнхны нөгөө хэсгээс Жеймс Ковилл Их Эзэнийг дагах юм бол түүнд өгөгдөхөөр амлагдсан зүйл нь юу болохыг олж мэд.

Суралцагчдыг сурсан зүйлээ хуваалцах үед хүснэгтийн тохирох гарчгийн доор хариултуудыг бич. Суралцагчдад эдгээр шүлгийг илүү сайн ойлгоход нь туслахын тулд дараах асуултуудыг тавь.

  • Хэрэв Жеймс Ковилл Их Эзэний баптисм хүртэх урилгыг хүлээн авсан бол тэр ямар арга замуудаар илүү агуу адислалуудыг хүлээн авч мөн илүү агуу ажлыг хийж болох байсан бэ? (Суралцагчдад, Их Эзэн Жеймст урьд өмнө өөрт нь байгаагүй Ариун Сүнсний бэлэг болон санваарын томилолт гэх мэт үүрэг хариуцлага хийгээд адислалуудыг багтаасан сайн мэдээний бүрэн байдлыг хүлээн авахыг санал болгосон гэдгийг ойлгоход нь тусал.)

Сургаал ба Гэрээ 39:10 болон 11-д гардаг хэрэв гэдэг үгийг онцлон тэмдэглэ. Та суралцагчдадаа энэ үгийг судар дээрээ тэмдэглэхийг санал болгож болно.

  • Эдгээр шүлэг дээрх хэрэв гэдэг үг нь ямар ач холбогдолтой вэ? (Их Эзэний Жеймс Ковиллд амласан адислалууд нь Жеймс Их Эзэний дуу хоолойг сонсох эсэхээс шалтгаалах байв.)

  • Их Эзэн эдгээр шүлэг дээр хэрэв гэдэг үгийг ашигласан байдлаас бид ямар зарчим сурч авч болох вэ? (Суралцагчид өөр өөр үг ашиглаж болох ч тэд дараах зарчмыг тодорхойлж хэлэх ёстой. Их Эзэний амласан адислалууд нь бид Их Эзэний дуу хоолойг сонсох эсэхээс шалтгаалдаг. Энэ зарчмыг самбар дээр бич.)

Суралцагчдыг Их Эзэний тэдэнд амласан адислалуудын заримыг дотроо тунгаан бодоход урь. Тэгээд дараах асуултын тухай тунгаан бодохыг тэднээс хүс:

  • Та нар эдгээр адислалыг хүлээн авах боломжтой болохын тулд Их Эзэн та нарт ямар нөхцөлүүдийг тавьсан бэ?

Сургаал ба Гэрээ 39:13–24

Жеймс Ковилл Огайод сайн мэдээний бүрэн байдлыг номлохоор дуудагдав

Суралцагчдад Их Эзэн Жеймс Ковиллыг Огайод сайн мэдээг номлоход дуудсан гэдгийг хэлснээр Сургаал ба Гэрээ 39:13–24-ийг дүгнэн ярьж өг. Их Эзэн түүнд юу заахыг мөн үүнийг хэрхэн заах талаар зааварчилгаа өгсөн.

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 39:22-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг даган уншиж, энэ хичээл дээр ярилцсан зарчмуудтай энэ шүлэг хэрхэн холбогдож байгааг олж мэдэхийг хүс.

  • Хэрэв та Сүмийн гишүүн биш байсан бол мөн энэ илчлэлт дээрх зааврууд танд өгөгдсөн байсан бол та юу гэж хариулах байсан гэж бодож байна вэ?

Сургаал ба Гэрээ 40

Их Эзэн Жеймс Ковилл яагаад Түүний үгийг хүлээж аваагүйг илчлэв

Суралцагчдадаа Сургаал ба Гэрээ 39 дээрх энэ илчлэлт бичигдсэний маргааш нь Жеймс Ковилл Нью-Йоркийн Фейеттег орхин явж, “урьдын зарчмууд болон хүмүүс рүүгээ эргэн очсон” (History of the Church, 1:145) гэдгийг хэл. Их Эзэн Иосеф Смит, Сидней Ригдон хоёрт Жеймс Ковилл 39-р хэсэгт дурдагдсан Их Эзэний заавруудыг яагаад дагаагүйг мөн адислалуудыг яагаад хүлээн аваагүйг илчлэв.

Гурван суралцагчийг Сургаал ба Гэрээ 40:1-3-ыг ээлжлэн чанга уншихад урь. Ангийнхнаас, Жеймс Ковиллын Их Эзэний дуу хоолойг сонсоогүй шалтгаануудыг олж мэдэхийг хүс.

  • Сургаал ба Гэрээ 40:1-ийг Сургаал ба Гэрээ 39:8-тай харьцуул. Жеймс Ковиллын зүрх сэтгэл хэрхэн өөрчлөгдсөн бэ?

  • Сургаал ба Гэрээ 40:2-т цэдэглэгдсэнээр, Их Эзэний үгийг хүлээн авахгүй байхад Жеймс Ковиллыг эцэст нь юу удирдсан бэ?

  • 2-р шүлэгт та нар ямар зарчмуудыг тодорхойлж болох вэ? (Суралцагчид олон зарчмыг тодорхойлж болох ч дэлхийгээс айх айдас болон санаа зовнилууд нь Их Эзэний үгийг эсэргүүцэхэд бидэнд нөлөөлж болно гэдгийг тэд ойлгож байгаа эсэхийг бататга. Энэ үнэнийг самбар дээр бич. Та суралцагчдад үүнийг судар дээрээ тэмдэглэхийг санал болгож болно.)

  • Хүмүүст Их Эзэнийг дагахад саад болж болох дэлхийн ямар санаа зовнилууд байдаг вэ?

Суралцагчдыг Есүс Христийг дагаж мөн Түүний сайн мэдээгээр амьдрахад нь тэдэнд саад болж болох дэлхийн зарим айдас болон санаа зовнилыг хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ бичихэд урь. Тэднээс айдас эсвэл санаа зовнилоо даван туулах итгэлтэй болохын тулд хийж чадах зүйлүүдээ жагсаан бичихийг хүс. Бичсэн зүйлийнхээ дагуу үйлдэхэд тэднийг урамшуулан дэмж.

Суралцагчдад сурсан зүйлээ нэгтгэн дүгнэхэд нь туслахын тулд хэрвээ гэдэг үгийг самбар дээр бич. Тэгээд дараах асуултуудыг тавь.

  • Энэ үг Жеймс Ковиллд хэрхэн хамаарч болох вэ?

  • Энэ үг бидэнд хэрхэн хамаарч болох вэ?

Хичээлээ төгсгөхдөө цөөн хэдэн суралцагчийг адислалтай хамааралтай нөхцөлүүдэд дуулгавартай байсан учраас Их Эзэнээс адислал хүлээн авсан туршлагуудаа хуваалцахад урь. Та бас зарлигуудыг дагах үед бидний хүлээн авдаг адислалуудын талаар гэрчлэлээ хуваалцаж болно.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Сургаал ба Гэрээ 39. Жеймс Ковилл

Сургаал ба Гэрээ 39-ийн эхний хувь нь үүнийг Жеймс гэдэг нэртэй хүнд өгөгдсөн илчлэлт хэмээн заадаг. Энэ илчлэлтийн хэвлэгдсэн хувь нь хүлээн авагчийн нэрийг “Жеймс (К.,)” болгон тодруулсан байна. 1835 оны Сургаал ба Гэрээний хэвлэл дээр түүний нэрийг “Жеймс Ковилл” болгон тогтоосон. 1981 оны Сургаал ба Гэрээний хэвлэл дээр түүнийг баптист тохинуулагч байсныг олж тогтоосон. Гэхдээ саяхны нэгэн судалгаа энэ илчлэлтийг методист тохинуулагч Жеймс Ковиллд өгөгдсөн гэж тогтоосон байна.

Сургаал ба Гэрээ 40. Жеймс Ковилл яагаад Их Эзэний үгийг эсэргүүцсэн бэ?

1831 онд Нэгдсэн методист сүмийн зарим гишүүн дахин баптисм хүртэж болно гэдэгт итгэдэггүй байв. Бас тэд хэн нэгэнд Ариун Сүнсийг өгөх хүч байдаг гэдэгт ч итгэдэггүй байв. Методист тохинуулагч Жеймс Ковилл дахин баптисм хүртэх зарлигаас болж шаналж байсан байж магадгүй (С ба Г 39:10-ыг үзнэ үү). Үүнээс гадна Жеймс Ковилл хатуу ширүүн нөхцөлд тойрон аялдаг номлол (аялдаг тохинуулагч) хийн 7 жилийг өнгөрөөсөн байв. Тэрээр 1797 онд тойрон аялдаг номлолоосоо буусан байсан. Их Эзэн түүнийг номлолд явахыг дуудах үед, Ковилл хил даван номлол хийх даалгавар нь маш их золиослол шаардсан зүйл гэж бодсон байж болох юм. Энэ нь хийсэн гэрээгээ зөрчихөд түүнд нөлөөлсөн “дэлхийн санаа зовнилууд” (С ба Г 40:2)-ын нэг хэсэг байсан байж болох юм.