Семинар
116-р хичээл: Сургаал ба Гэрээ 109:1–46


116-р хичээл

Сургаал ба Гэрээ 109:1–46

Оршил

Гэгээнтнүүд Көртландын ариун сүмийг барихаар ойролцоогоор 3 жил хөдөлмөрлөжээ. Тэднийг барьж дуусахад Их Эзэн ариун сүмийг онцгойлон адислахад хэлэх залбирлыг Иосеф Смитэд илчилсэн юм. 1837 оны 3-р сарын 27-нд бошиглогч онцгойлон адислах үйлчлэлийн нэг хэсэг болгож энэхүү залбирлыг уншжээ. Энэ залбирал Сургаал ба Гэрээ 109-д цэдэглэгдсэн байдаг. Энэ хичээлээр ариун сүмийг хүлээн авахыг, үүнд орж бишрэн шүтдэг хүмүүсийг хамгаалан, адисална гэсэн амлалтуудаа биелүүлэхийг Их Эзэнээс хүссэн гуйлтыг агуулдаг уг залбирлын эхний хэсгийг бид энэ хичээлээр үзэх болно.

Заах зөвлөмж

Сургаал ба Гэрээ 109:1–23

Иосеф Смит Их Эзэнээс Көртландын ариун сүмийг хүлээн авахыг мөн энд бишрэн шүтдэг хүмүүсийг адислахыг гуйв

Ариун сүмүүдийн хэд хэдэн зургийг үзүүл. Суралцагчдаас ариун сүм бүр хаана байрладгийг мэдэх эсэхийг асууж болно.

Дараах асуултыг самбар дээр бич. Бид ариун сүмүүдийг яагаад барьдаг вэ? Суралцагчдыг хосууд болгон хувааж, энэ асуултын хариултын талаар ярилцахад урь. Хангалттай цаг өгсний дараа уг асуултын хариултуудыг бид Сургаал ба Гэрээ 109-өөс олж болохыг тайлбарла.

Зураг
Көртландын ариун сүм

Көртландын ариун сүмийн зургийг суралцагчдад үзүүл (Gospel Art Book [2009], д. 117-г үз бас LDS.org болон josephsmith.net-ээс үзнэ үү). Гэгээнтнүүд Көртландын ариун сүмийг барихын тулд 3 шахам жилийн турш золиослол гаргаж, хөдөлмөрлөсөн болохыг тайлбарла. Хэрэв тэд Түүний зарлигуудыг сахих юм бол тэдэнд “үүнийг барих хүч байх” болно гэсэн Их Эзэний амлалт биелэгдэхийг тэд харсан юм. (С ба Г 95:11). 1836 оны 3-р сарын 27-нд гэгээнтнүүд ариун сүмийн онцгойлон адислах үйлчлэлд оролцож, Иосеф Смит онцгойлон адислах залбирлыг хэлжээ. Тэрээр уг залбирлын үгийг онцгойлон адислах цуглааны өмнө илчлэлтээр хүлээн авсан юм. Уг залбирал Сургаал ба Гэрээ 109-д цэдэглэгдсэн байдаг.

Зураг
Көртландын ариун сүмийн 1-р давхар

Көртландын ариун сүмийн доод давхрын төсөл зураг.

Көртландын ариун сүмийг онцгойлон адислах цуглаанд бараг 1000 шахам хожмын үеийн гэгээнтэн оролцсон болохыг тайлбарла. Илүү олон хүн оролцохыг хүсэж байсан боловч барилгын дотор багтахгүй байв. Бошиглогч Иосеф Смит тэднийг өөр барилга доторх цуглаанд оролцуулахаар төлөвлөсөн ба тэдэнд зориулан онцгойлон адислах үйлчлэлийг хэдэн өдрийн дараа дахин гүйцэтгэсэн байна.

Суралцагчдыг өөрсдийгөө Көртландын ариун сүмийг онцгойлон адислах цуглаанд оролцож байгаагаар төсөөлөхөд урь. Нээлтийн дууг найрал дуучид дуулах үед тэд тэсч ядан хүлээж байв. Дараа нь Сидней Ригдон ёслолыг гүйцэтгэв. Богинохон завсарлагын дараа тэд Сүмийн удирдагчдыг дэмжин батлах боломжтой байлаа. Тэгээд бошиглогч Иосеф Смит гарч ирэн онцгойлон адислах залбирлыг уншсан юм.

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 109:1–4-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас дагуулан харж, Көртландын ариун сүмийг барьсан эхний шалтгааныг олж мэдэхийг хүс.

  • Гэгээнтнүүдийн Көртландын ариун сүмийг барьсан эхний шалтгаан юу байсан бэ? (Их Эзэний зарлигласны дагуу гэгээнтнүүд ариун сүмийг барьсан болохыг суралцагчид олж мэдэх ёстой. Самбар дээр дараах өгүүлбэрийг бич. Их Эзэн бидэнд ариун сүмүүдийг барихыг зарлигладаг.)

Нэг суралцагчийг босож зогсоод, Сургаал ба Гэрээ 109:5-ыг чанга уншихад урь. Ангийнхныг дагуулан уншихдаа, ариун сүмийг барихын тулд гэгээнтнүүдийн гаргасан золиослолыг дүрсэлж буй үгсийг олж мэдэхийг хүс.

  • Та нар ямар үгсийг олж анзаарсан бэ? (Хариулт нь “асар их гай зовлон,” “ядуу зүдүү байдлаасаа”, “өөрсдийн эд хөрөнгийг өргөсөн” зэрэг хариултууд байж болно.)

Көртландын ариун сүмийг барихаар гэгээнтнүүдийн гаргасан золиослолуудыг ойлгоход суралцагчдад туслахын тулд нэг суралцагчийг дараах дүгнэлтийг уншихад урь.

1833 оны 6-р сараас 1836 оны 3-р сар хүртэл Сүмийн гишүүд Их Эзэний өргөөг барихад туслахын тулд цаг хугацаа, мөнгө, эд хөрөнгөө золиосолсон юм. Эрчүүд барилга дээр сайн дураараа ажиллаж байв. Эмэгтэйчүүд хувцас хунар хийж, хоргодох байраар хангаж байлаа. Эрчүүдийн олон нь Сионы хуаранд явахад, зарим эмэгтэй ариун сүм дээр үргэлжлүүлэн ажиллаж байв. Жон Таннер, Виенна Жак зэрэг зарим хожмын үеийн гэгээнтэн өөрийн эд баялгийн ихэнхийг ариун сүм барих ажилд өгсөн билээ. Бусад зарим нь ажлын нарийн ур чадвараа хандивлаж байсан. Жишээлбэл, Бригам Янг Канадад Артемус Миллет гэдэг хүнд баптисм хүртээсэн юм. Миллет ах Канадын засгийн газарт чулуучнаар ажиллаж байснаа гэр бүлээрээ Көртланд руу нүүн ирж, ариун сүмийн барилгын ажлыг удирдах даамлаар үйлчилжээ. Ариун сүмийн нийт үнэ өртөг ойролцоогоор 60000 америк доллар байсан ба тэр үеийн гэгээнтнүүдийн ядуу зүдүү байдлыг бодож үзэх юм бол асар их хэмжээний мөнгө байсан юм. Тэр дүнг Нэгдсэн Улсын өнөөгийн ханштай харьцуулбал 1 000 000 гаруй америк доллартой тэнцэх юм.

  • Ариун сүмийг барихад гаргасан гэгээнтнүүдийн золиослолын талаар юу нь танд гүн сэтгэгдэл төрүүлж байна вэ?

Яагаад гэгээнтнүүд ариун сүмийг барихад ийм их золиослол гаргасныг тайлбарлах үнэнийг олж мэдэхээр 5-р шүлгийг дор бүрнээ чимээгүй дахин уншихад суралцагчдыг урь.

  • Гэгээнтнүүд яагаад ариун сүмийг барихыг хүссэн тухай ямар үнэнийг та нар олж мэдсэн бэ? (Суралцагчид Ариун сүмд Их Эзэн Өөрийгөө бидэнд үзүүлдэг гэсэн үнэнийг илэрхийлэх хэрэгтэй. Энэ зарчмыг самбар дээр бич.)

Ангийн нэг хэсгийг Сургаал ба Гэрээ 109:10–11-ийг дотроо чимээгүй уншиж, хүмүүс ариун сүмийн адислалуудыг олж хүртэж болохын тулд Иосеф Смит Их Эзэнээс юу хүссэнийг олж мэдэхэд урь. Ангийн нөгөө тал хэсгийг Сургаал ба Гэрээ 109:12–13-ыг чимээгүй уншиж, Их Эзэн ариун сүмд Өөрийгөө хэрхэн үзүүлдгийг ойлгоход тэдэнд туслах үгсийг олоход урь. Хангалттай хугацаа өгсний дараа та эхний бүлэгт дараах асуултуудыг тавь.

  • Хүмүүс ариун сүмийн адислалуудыг хүлээн авч болохын тулд Иосеф Смит Их Эзэнээс юу хүссэн бэ? (Их Эзэний мэлмийд тэд зохистой байж болохын тулд Өөрийн алдар суугаар тэдэнд туслахыг.)

  • Бид ариун сүмд орохоор зохистой байхыг эрэлхийлэх үед бидэнд яагаад Их Эзэний алдар суу хэрэгтэй байдаг вэ?

Хоёр дахь бүлэгт дараах асуултыг тавь.

  • Их Эзэн ариун сүмд Өөрийгөө хэрхэн үзүүлдгийг ойлгоход та нарт туслах ямар үг хэллэгийг та нар олсон бэ? (Та мөн суралцагчдад ангийнхны хуваалцах үгсийг судартаа тэмдэглэхийг зөвлөж болно.)

Ариун сүмд байхдаа Их Эзэнтэй илүү ойр байснаа мэдэрсэн туршлагаасаа хосоороо нэг нэгэндээ эсвэл ангийнхантайгаа хуваалцахад урь. Зарим туршлага бусадтай хуваалцахааргүй маш нандин буюу хувийн шинжтэй байдгийг тэдэнд сануул. Тохиромжтой бол өөрт тохиолдсон туршлагаасаа хуваалц.

  • Ариун сүмд Их Эзэнтэй ойр байгаагаа мэдрэх нь ариун сүмийн гадуурх амьдралд хэрхэн нөлөөлдөг вэ?

Сургаал ба Гэрээ 109:14–23-ыг бие даан үргэлжлүүлэн уншихад суралцагчдыг урьж, ариун сүмд орж шүтэн биширдэг хүмүүст Их Эзэний амласан нэмэлт адислалуудыг олж мэдэхийг хүс.

  • Ариун сүмд орж шүтэн биширдэг хүмүүст Их Эзэн ямар нэмэлт адислалуудыг амласан бэ? (Эдгээр шүлгээс суралцагчид олон адислалыг олж мэдэж болно. Та эдгээр адислалыг самбар дээр бичиж болно.)

22–23-р шүлгээс үзэхэд, ариун сүмд шүтэн биширснээр ирдэг зарим үр дүн юу вэ? (Суралцагчдын өгсөн хариулттай холбоотой дараах үнэнийг олж мэдэхэд тэдэнд тусал. Ариун сүмийн адислалуудыг хүлээн авах нь Их Эзэнд үйлчлэхэд биднийг Түүний тусламж, хүч чадлаар зэвсэглэж өгдөг. Энэ үнэнийг самбар дээр бич. Та бас үүнийг судар дээрээ бичихийг суралцагчдад санал болгож болно.)

  • “[Их Эзэний] хүчээр зэвсэглэх” гэдэг нь юу гэсэн үг гэж та нар бодож байна вэ?

Суралцагчдад Их Эзэний хүчээр зэвсэглэх гэдгийг илүү сайн ойлгоход туслахын тулд, нэг суралцагчаас Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жозеф Б.Вөртлины хэлсэн дараах мэдэгдлийг чангаар уншихыг хүс.

Зураг
Ахлагч Жозеф Б.Вөртлин

“Их Эзэний өргөөнд итгэлтэй Сүмийн гишүүд “тэнгэрийн хүчээр” хишиг хүртэж болно [С ба Г 95:8]. Энэ хүч бидэнд уруу таталтыг эсэргүүцэх, Их Эзэний зарлигуудыг дуулгавартай дагаж, гэрээгээ хүндэтгэх, мөн гэр бүл, найз нөхөд, хөршүүддээ оргилуун зоригтой гэрчлэлээ хуваалцах хүслийг төрүүлдэг” (“Cultivating Divine Attributes,” Ensign, 1998 оны 11-р сар, 27).

  • Ийм төрлийн хүч танд болон танай гэр бүлд хэрхэн адислал болж болох вэ? Ийм төрлийн хүч бүрэн цагийн номлогчдод хэрхэн адислал болж болох вэ?

Сургаал ба Гэрээ 109:24–46

Ариун сүмд орж бишрэн шүтдэг мөн сайн мэдээг тунхагладаг хүмүүсийг хамгаалж мөн адислахыг Иосеф Смит Их Эзэнээс гуйв

Самбар дээр нийвий ба сэлэм зур. Та нийвий гэдэг нь тоосго буюу чулууны хооронд зуурмаг түрхэхэд хэрэглэгддэг гэдгийг тайлбарлаж болно. Эдгээр багаж хэрэгслийг ариун сүмийн барилга дээр хэрхэн хэрэглэж болохыг суралцагчдаас асуу.

Зураг
Нийвий ба сэлэм

Көртландын ариун сүм баригдаж байх үед танхайрагчид ариун сүмийг устгахаар дайрч байсан тухай тайлбарла. Ерөнхийлөгч Бригам Янг: “сүмийн барилга дээр хөдөлмөрлөгсөд танхайрагчдаас өөрсдийгөө хамгаалахын тулд нэг гартаа сэлэм барьж, нөгөө гараараа чулуу байрлуулж, нийвийгээ хэрэглэж байсан” гэж ярьжээ (Discourses of Brigham Young, Жон А.Видцоу [1954], 415). Заримдаа, өдөр нь ариун сүм дээр ажиллаж байсан эрчүүд шөнө нь мөн хамгаалах шаардлагатай болдог байсан.

Гэгээнтнүүд ариун сүмээ болон өөрсдийгөө хамгаалахаар хичээнгүйлэн хөдөлмөрлөхийн зэрэгцээ, Их Эзэнээс хамгаалахыг гуйсан талаар тайлбарла. Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 109:24–28-ыг чанга уншихад уриад, ангийнхнаас ариун сүмийг барьж дууссаны дараа Иосеф Смит ямар төрлийн хамгаалалтыг Их Эзэнээс хүссэнийг олж мэдэхэд урь.

  • Иосеф Смит ямар төрлийн хамгаалалтын төлөө залбирсан бэ?

  • 24-р шүлэгт хэлсэнчлэн, бид ийм төрлийн хамгаалалтыг авахын тулд юу хийж болох вэ?

  • Бид хилэнцтээс хамгаалах хамгаалалтыг хүлээн авах талаар эдгээр шүлгээс юу сурч болох вэ? (Суралцагчид өөр үгс хэрэглэж болох ч дараах зарчмыг олж тогтоох хэрэгтэй. Хэрэв Их Эзэний хүмүүс зохистой байж, ариун сүмд Түүнийг бишрэн шүтэх юм бол, ёс бус зүйлс тэднийг дийлэх хүчгүй байх болно.)

Сургаал ба Гэрээ 109:29–46-г дүгнэхдээ гэгээнтнүүдийн эсрэг худал үг тараагчид мухардалд орж, Сүмийн гишүүд Их Эзэний ажлыг хийх боломжтой болохын төлөө бошиглогч залбирсан болохыг тайлбарлан дүгнэн ярьж өг. Тэрээр мөн Их Эзэнээс ариун сүмийг Өөрийн алдар суугаар дүүргэхийг мөн үйлчлэгчдээ сайн мэдээг тунхаглахад хэрэгтэй гэрчлэл болон хүчээр хангаж өгөхийг гуйсан.

Ариун сүмээс хол амьдардаг ч, ариун сүмийн хүчинтэй зөвшөөрлийн бичиг байнга эзэмшдэг байхад суралцагчдыг урамшуулснаар төгсгө. Ерөнхийлөгч Ховард В.Хантэрын дараах үгсийг хуваалцах талаар бод.

Зураг
Ерөнхийлөгч Ховард В.Хантэр

“Өөрийнх нь хүмүүс ариун сүмээр жигүүрлэсэн хүмүүс байхыг Их Эзэн хүсдэг. Сүмийн гишүүн бүр ариун сүмд орохуйц зохистой байхыг миний бие зүрх сэтгэлийнхээ гүнээс хүсдэг билээ. Бүгдээрээ ариун сүмд ордог, ариун сүмийг хайрладаг хүмүүс байцгаая. Цаг зав, мөнгө, хувийн нөхцөл байдал маань боломж олгохын хэрээр ариун сүмд аль болох олон удаа ордог байцгаая” (“The Great Symbol of Our Membership,” Ensign, 1994 оны 10-р сар, 5).

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Сургаал ба Гэрээ 109. Көртландын ариун сүмийн барилгын зураг төсөл

Дараах нь Көртландын ариун сүмийн онцгойлон адислалыг үйлдсэн нэг давхрын төлөвлөлтийг харуулсан зураг юм.

Зураг
Көртландын ариун сүмийн нэгдүгээр давхар

Сургаал ба Гэрээ 109:2–3. Илчлэлт болон зарлигуудаар хүчирхэгжсэн нь

Есүс Христийн удирдлагаар бошиглогч Иосеф Смит өөрийн чадлаар гүйцэтгэж чадахааргүй тийм зүйлсийг хийх боломжтой байсан юм. Көртландын ариун сүмийн загвар, барилга, байгууламжийн тухай бошиглогч Бригам Янг:

Зураг
Ерөнхийлөгч Бригам Янг

Илчлэлт байхгүй байсан бол, Иосеф бусад шиг өөрсдөөс нь юу хүсэж байсныг мэдэж чадахгүй байх байсан. Зарлиг тушаал байхгүй байсан бол, тийм агуу барилгыг барихаар оролдоно гэхэд Сүмийн гишүүдийн тоо маш цөөн, итгэлээр сул, түрийвчиндээ мөнгөгүй байсан” хэмээн тунхаглажээ (Discourses of Brigham Young, Жон А:Видцоу [1954], 415).

Сургаал ба Гэрээ 109:5. “Ядуу зүдүү байдлаасаа бид өөрсдийн эд хөрөнгийг өгөв”

Ерөнхийлөгч Томас С.Монсон ариун сүмийн адислалуудыг хүлээн авахаар гаргаж болох золиослолуудын тухай өгүүлэхдээ:

Зураг
Ерөнхийлөгч Томас С.Монсон

“Энэхүү золиослол нь ариун сүмийн барилга болон ариун сүмд орж буй хүмүүстэй байнга холбоотой байсаар ирсэн. Үй олон гишүүн Бурханы ариун сүмээс ирдэг адислалуудыг гэр бүлдээ болон өөртөө авахын тулд хөдөлмөрлөж, тэмцсэн билээ.

Яагаад ийм олон хүн ариун сүмийн адислалуудыг авахын тулд агуу их золиослолыг хийхэд бэлэн байсан юм бол? Ариун сүмд өгдөг мөнхийн адислалуудыг ойлгодог хүмүүс энэ адислалуудыг хүлээн авахын тулд ямар ч золиослол үүнээс агуу бус, ямар ч төлбөр их бус, ямар ч тэмцэл хэцүү биш гэдгийг мэддэг байсан юм. Аялахад хол газар, давахад хэтэрхий хүнд зовлон, тэвчээд баршгүй шаналал гэж байдаггүй. Ариун сүмд хүлээн авсан авралын ёслолууд буюу хэзээ нэгэн өдөр биднийг Тэнгэрлэг Эцэгтээ мөнхийн гэр бүлдээ буцаж очих зөвшөөрөл, дээд тэнгэр дэх адислал ба хүчээр хангагдсан байхын тулд гаргах золиослол, хүч чармайлт бүр үнэ цэнтэй.” (“Ариун сүм—Дэлхийн гэрэлт цамхаг,” Ensign, 2011 оны 5-р сар, 92 эсвэл 2011 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 4).