Семинар
Гэрээр судлах хичээл: Сургаал ба Гэрээ 72–76:80 (16-р бүлэг)


Гэрээр судлах хичээл

Сургаал ба Гэрээ 72–76:80 (16-р бүлэг)

Гэрээр заах багш нарын ашиглах материал

Өдөр бүр гэрээр судлах хичээлийн тойм

Суралцагчдын Сургаал ба Гэрээ 72–76:80-ыг (16-р бүлэг) судалж байхдаа мэдэж авсан үйл явдал, сургаал, зарчмуудын дараах тойм нь хичээлийн нэг хэсэг болгон заахад зориулагдаагүй. Таны заах хичээл эдгээр сургаал, зарчмын цөөн хэд дээр төвлөрнө. Та суралцагчдынхаа хэрэгцээг бодож үзэхдээ Ариун Сүнсний өдөөлтийг дага.

1 дэх өдөр (Сургаал ба Гэрээ 72–74)

Суралцагчид Их Эзэн Ньюел К.Витмерийг бишопоор дуудсан талаар судалж байхдаа Есүс Христийн Сүмд үйлчлэх дуудлага нь Аврагчаас ирдэг гэдгийг мэдэж авсан. Тэд бас бишоп болон салбарын ерөнхийлөгчид өөрсдийн тойрог ба салбарууд дахь Сүмийн цаг зуурын болон сүнслэг ажлуудыг удирдан явуулдаг гэдгийг мэдэж авсан. Суралцагчид бошиглогч Иосеф Смитийн сүнсээр удирдуулсан Библийн орчуулгын ажлын талаар суралцаж байхдаа бяцхан хүүхдүүд Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан ариусгагдсан учраас ариун гэдгийг олж тогтоосон.

2 дахь өдөр (Сургаал ба Гэрээ 75)

Суралцагчид Сүмийн бүлэг ахлагчид өгсөн Их Эзэний заавруудыг судалснаар сайн мэдээг итгэлтэй тунхагладаг хүмүүст Их Эзэний өгдөг адислалуудын талаар мэдэж авсан. Суралцагчид Их Эзэний бүлэг ахлагчид өгсөн зөвлөгөөнөөс Их Эзэн бүх зүйлд хичээнгүй байхыг бидэнд зарлигласан гэдгийг олж мэдсэн.

3 дахь өдөр (Сургаал ба Гэрээ 76:1–49)

Бошиглогч Иосеф Смит, Сидней Ригдон хоёр Иохан 5:29-ийн утгыг тунгаан бодож байх үед тэдэнд Их Эзэнээс нэгэн илчлэлт өгөгдсөн юм. Суралцагчид энэ үзэгдлийг судлахаасаа өмнө бидэнд үнэнийг илчлэх Их Эзэний хүсэлтэй холбоотой зарчмуудыг олж мэдсэн. Суралцагчид энэ үзэгдлийн эхний хэсгийг судалж байхдаа Есүс Христ болон Сатаны талаарх олон сургаалуудыг олж тогтоосон. Суралцагчид бас Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан мөхлийн хөвгүүдээс бусад Бурханы бүх хүүхэд нүгэл болон үхлээс аврагдаж чадна гэдгийг мэдэж авсан.

4 дэх өдөр (Сургаал ба Гэрээ 76:50–80)

Суралцагчид бошиглогч Иосеф Смит, Сидней Ригдон хоёрын селестиел хаант улсын талаарх үзэгдэлд харсан зүйлсийг судалж байхдаа Есүсийн тухай гэрчлэл хүлээн авч, Түүний зарлигуудыг сахидаг тэдгээрт өгөгдөх мөнхийн адислалуудыг олж тогтоосон. Суралцагчид бас бид Есүс Христийн Цагаатгалаар дамжин төгс болж чадна гэдгийг мэдэж авсан. Суралцагчид селестиел болон террестриел хаант улсуудын хоорондын ялгаануудыг харьцуулснаар хэрэв бид Есүсийн тухай гэрчлэлдээ итгэлтэй байвал Бурханы селестиел хаант улсыг өвлөж авч чадна гэдгийг мэдэж авсан.

Оршил

Энэ хичээл нь Сургаал ба Гэрээ 76 дээр цэдэглэгдсэн үзэгдлээр дамжуулан бошиглогч Иосеф Смит, Сидней Ригдон хоёрын Аврагч болон селестиел, террестриел хаант улсуудын талаар мэдэж авсан зүйлс дээр төвлөрнө.

Заах зөвлөмж

Тайлбар: Та суралцагчдад Сургаал ба Гэрээ 76:40–41 дэх төгс эзэмших судрыг чээжлэх хүчин чармайлтад нь туслахын тулд энэ хичээлийг эхлэхэд эсвэл дуусах үеэр тэдэнтэй хамт үүнийг чээжээр уншиж болно.

Сургаал ба Гэрээ 76:20–24

Иосеф Смит, Сидней Ригдон хоёр Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христийн үзэгдлийг харав

Ангийнхныг нээлтийн дуу болгож “Би Гэтэлгэгч амьдыг мэднэ” (Сүмийн дуулал болон хүүхдийн дуу, 38-р хуудас) дууллыг дуулахад урь. Энэ дууллын үг нь суралцагчдад өнөөдөр суралцах зарчмуудын хүчийг мэдрэхэд тусалж болно.

Суралцагчдыг дараах нөхцөл байдлыг бодож үзэхэд урь: Сургууль дээр ангидаа сууж байтал багш чинь дэлхийн шашнуудыг ярьж эхэлжээ. Багш чинь Христийн шашны тухай дурдаад, Есүс Христийн талаар итгэл үнэмшлээ хуваалцах хүсэлтэй Христийн шашинтан ангид байгаа эсэхийг асуув.

  • Хэрэв та нар энэ нөхцөл байдалд байсан бол Есүс Христийн талаар юунд итгэж мөн юу мэддэг гэж хэлэх байсан бэ?

Бид Сургаал ба Гэрээ 76-аас Есүс Христийн талаарх олон үнэнийг сурч авч чадна гэдгийг онцол. Энэ илчлэлтийн хам сэдвийг эргэн харахад нь суралцагчдад туслахын тулд дараах асуултуудыг тавь.

  • Бошиглогч Иосеф Смит, Сидней Ригдон хоёр Сургаал ба Гэрээ 76-д цэдэглэгдсэн илчлэлтийг хүлээн авахынхаа өмнө юу хийж байсан бэ? (Хэрэв шаардлагатай бол хэсгийн оршлыг эргэн харахад суралцагчдыг урамшуул.)

  • Иосеф Смит, Сидней Ригдон хоёр энэ үзэгдлээрээ эхлээд юу харсан бэ? (Хэрэв суралцагчид санахгүй байгаа бол хариултыг олохын тулд Сургаал ба Гэрээ 76:20–24-ийг гүйлгэн харахад тэднийг урь.)

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 76:20–24-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, Есүс Христийн талаар Иосеф Смит, Сидней Ригдон хоёрын мэдэж авсан үнэнүүдийг олж мэдэхийг хүс.

  • Иосеф Смит, Сидней Ригдон хоёр энэ үзэгдлээр дамжуулан ямар үнэнийг мэдэж авсан бэ? (Нэг суралцагчийг хариултуудыг самбар дээр жагсаан бичихэд урь.)

Суралцагчид дараах сургаалуудыг багтаан өөр өөр сургаалыг олж тогтоож болно: Есүс Христ бол амьд, алдар суут хүмүүн; Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр тусдаа хүмүүс; Есүс Христ махан бие дэх Эцэгийн Төрсөн Ганц; Есүс Христ бол энэ дэлхий болон бусад дэлхийн Бүтээгч; мөн бид бол Бурханы хайртай охид, хөвгүүд. (Сүүлийн зарчмыг илүү сайн ойлгоход суралцагчдад туслахын тулд та Мозая 5:7-г уншихад тэднийг урьж болно.)

  • Самбар дээр бичсэн үнэнүүдээс та аль үнэнийг нь гэрчилж чадах вэ? Та үүнийг үнэн гэдгийг хэрхэн мэдэж авсан бэ?

Аврагчийн тухай гэрчлэлээ хуваалцах талаар бодож үз.

Сургаал ба Гэрээ 76:22–24 нь төгс эзэмших судрын хэсэг гэдгийг суралцагчдад сануул. Бошиглогч Иосеф Смит, Сидней Ригдон хоёроос гадна Есүс Христ өөр ямар хүмүүст үзэгдсэнийг олж нэрлэхийг тэднээс хүс. (Суралцагчид 3 дахь өдрийнхөө гэрээр судлах хичээл дээр бошиглогчдын судрууд дээр Аврагчийг харснаа гэрчилсэн бусад түүхийн солбицсон эшлэлүүдийг олох даалгавартай байсан.) Жишээлбэл, Египетээс гарсан нь 33:11; Хаадын дээд 11:9; ба Исаиа 6:5-ыг үзнэ үү; мөн Матай 5:8-ыг үзнэ үү.)

Сургаал ба Гэрээ 76:50–80

Иосеф Смит, Сидней Ригдон хоёр үзэгдлээр селестиел, террестриел хаант улсуудыг харав

Суралцагчдаас амрахаар эсвэл баярын үеэр очихыг хүсч байгаа хэдэн газраа нэрлэхийг хүс. (Тэдний хариултуудыг самбар дээр бич.) Самбар дээр жагсаасан газруудын нэгийг дугуйл. Сонгосон газраа очихын тулд ямар замаар аялах ёстойгоо дүрслэхийг суралцагчдаас хүс. Самбар дээр жагсаасан газруудаас анх очихоор сонгосон газраасаа ихээхэн ялгаатай өөр нэг газрыг сонго.

  • Хэрэв та эхний газар очихоор дүрсэлсэн замаа дагавал энэ нь таныг хоёр дахь газарт аваачих уу?

  • Та нарын сонгосон газар нь тэнд хүрэхээр таны явах ёстой замд хэрхэн нөлөөлдөг вэ?

Суралцагчдыг “Сургаал ба Гэрээ 76: Үзэгдлийн талаарх тойм” бүдүүвч зургийг суралцагчийн судлах удирдамжийнхаа 3 дахь өдрийн хичээл дээрээс гаргахад урь.

Зураг
алдар суугийн хаант улсууд
  • Бидний зам мөн хүрэх газрын талаар ярилцсан ярилцлага нь хэрхэн Сургаал ба Гэрээ 76-д цэдэглэгдсэн үзэгдэлтэй холбогдож байна вэ? (Бид энэ үзэгдлээс бидний хүн нэг бүрийн хувьд боломжтой мөнхийн газар руу хөтлөх зам эсвэл сонголтуудын талаар мэдэж авдаг.)

Нэг суралцагчийг селестиел хаант улс дахь өргөмжлөлд хүргэх замыг дүрсэлж буй Сургаал ба Гэрээ 76:51–53-ыг чанга уншихад урь. Өөр нэг суралцагчийг террестриел хаант улсад хүргэх замыг дүрсэлж буй Сургаал ба Гэрээ 76:72–79-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, селестиел болон террестриел хаант улсуудад хүргэх замууд хэрхэн өөр байгааг олж мэдэхийг хүс.

  • Селестиел хаант улсыг өвлөн авах тэдгээр болон террестриел хаант улсыг өвлөн авах тэдгээрийн хооронд та ямар ялгаатай зүйлийг олж ажигласан бэ? (Суралцагчдын анзаарч болох нэг чухал ялгаа нь террестриел хаант улсыг өвлөн авах хүмүүс “Есүсийн тухай гэрчлэлд нэн хүчтэй биш” [С ба Г 76:79]) байдаг явдал юм.)

Суралцагчдаас Сургаал ба Гэрээ 76:51–53-ыг эргэж хараад, эдгээр шүлэгт заагдсан нэг зарчмыг олж мэдэхийг хүс.

Дараах бүрэн бус зарчмыг самбар дээр бич. Хэрэв бид Есүсийн тухай гэрчлэлд нэн хүчтэй байвал …

  • Та 51–53-р шүлгээс сурсан зүйлсээсээ энэ зарчмыг хэрхэн гүйцээж бичиж болох вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч дараах зарчмыг олж тогтоосон байх ёстой. Хэрэв бид Есүс Христийн тухай гэрчлэлд нэн хүчтэй байвал Бурханы селестиел хаант улс дахь өргөмжлөлийг хүлээн авч чадна.

Энэ зарчмыг илүү сайн ойлгоход нь суралцагчдад туслахын тулд дараах асуултуудыг ярилц.

  • Аврагчийн тухай гэрчлэлтэй байх ба гэрчлэлдээ нэн хүчтэй байхын ялгаа нь юу гэж та нар бодож байна вэ?

  • Аврагчийн тухай гэрчлэлд нэн хүчтэй байдаг тэдгээрээс таны олж харж болох ямар үйлдэл болон зан хандлагууд байдаг вэ?

  • Есүс Христийн тухай гэрчлэлд нэн хүчтэй байхад та нарт юу тусалсан бэ?

Тэдний хүн нэг бүр селестиел хаант улс дахь өргөмжлөлийг хүлээн авах боломжтой хэмээх гэрчлэлээ хуваалц. Хийж байгаа сонголтууд нь тэдэнд хамгийн агуу аз жаргалыг авчрах мөнхийн газар луу тэднийг удирдаж байгаа эсэхийг тунгаан бодоход тэднийг урь. Есүс Христийн тухай гэрчлэлд нэн хүчтэй байхад тэднийг урамшуулан дэмж.

Дараагийн бүлэг (Сургаал ба Гэрээ 76:81–119; 77–83)

Суралцагчдыг ирэх долоо хоногт судлахад нь бэлтгэхийн тулд та тэднийг дараах асуултыг тунгаан бодоход урьж болно. Их Эзэн яагаад илүү их гэрэл хийгээд мэдлэг хүлээн авсан хүмүүсээс илүү ихийг хүсэн хүлээдэг вэ? Суралцагчид дараагийн хэсгээр Сургаал ба Гэрээ 76 дээр цэдэглэгдсэн бошиглогч Иосеф Смит, Сидней Ригдон хоёрт өгөгдсөн үзэгдлийн талаар судалж дуусахаас гадна ихийг өгсөн хүмүүсээсээ Тэрээр юуг хүсэн хүлээхийг мэдэж авах болно. Суралцагчид бас Илчлэлт 4:6–9 дээр дүрслэгдсэн “дөрвөн амьтны” тайлбарыг унших болно.