Семинар
132-р хичээл: Сургаал ба Гэрээ 124:22–83


132-р хичээл

Сургаал ба Гэрээ 124:22–83

Оршил

1841 оны 1-р сарын 19-нд Их Эзэн гэгээнтнүүдэд Иллинойгийн Наувуд ариун сүм барихыг зарлиглажээ. Их Эзэн Сургаал ба Гэрээ 124-т цэдэглэгдсэн илчлэлтэд ариун сүм барихдаа хичээнгүй байвал гэгээнтнүүдэд боломжтой болох адислалуудын тухай тайлбарласан. Их Эзэн гэгээнтнүүдэд Наувуд ирэх аяны хүмүүст зориулан байшин барихыг зарлигласан юм.

Заах зөвлөмж

Сургаал ба Гэрээ 124:22–41, 56–83

Их Эзэн гэгээнтнүүдэд ариун сүм болон Наувуд зочлон ирэх хүмүүст зориулан байшин барихыг зарлиглав

Хичээл эхлэхээс өмнө дараах асуултыг самбар дээр бич. Танаас цаг хугацаа, хичээл зүтгэл, золиослол шаардсан ямар зүйлийг та хийж гүйцэтгэж байсан бэ? Суралцагчдыг ангид орж ирэх үед тэднээс уг асуултад хариулах бэлтгэлтэй байхыг хүс. Онцгой цугларалтын дараа цөөн хэдэн суралцагчаас хариултуудаа ангийнхантай хуваалцахыг хүс.

  • Таны хийсэн зүйл яагаад шаардсан цаг хугацаа, хичээл зүтгэл, золиослолын үнэ цэнтэй тохирох вэ?

1841 он гэхэд маш олон тооны гэгээнтэн Иллинойгийн Науву руу нүүсэн байсан гэдгийг тайлбарла. Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 124:25–27-г дотроо уншаад, Их Эзэн Наувуд байгаа гэгээнтнүүдэд юу хийхийг зарлигласныг олж мэдэхэд урь.

  • Их Эзэн гэгээнтнүүдэд юу хийхийг зарлигласан бэ?

  • Их Эзэн гэгээнтнүүдийг ариун сүм барихдаа юу ашиглаасай хэмээн хүссэн бэ?

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 124:28-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, Их Эзэн гэгээнтнүүдэд ариун сүм барихыг зарлигласан шалтгаануудыг олж мэдэхийг хүс.

  • Гэгээнтнүүд яагаад ариун сүм барих хэрэгтэй байсан бэ? (Их Эзэний айлчлалд зориулсан газар барьж, санваарын бүрэн байдлыг сэргээхийн тулд.)

Суралцагчдад 28-р шүлэг дэх “санваарын бүрэн байдал” гэдэг хэллэгийг ойлгоход нь туслахын тулд нэг суралцагчийг ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смитийн дараах үгийг уншихад урь.

Зураг
Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит

“Эдгээр ёслол болон адислалыг хүлээн авах итгэлтэй хүн бүр санваарын бүрэн байдлыг хүлээн авдаг. Их Эзэн ‘тэднийг сүр хүчинд, мөн хүч чадалд, мөн эзэгнэлд адил тэгш болгодог бөлгөө’ [С ба Г 76:95; мөн С ба Г 88:107-г үзнэ үү]. … Их Эзэн энэ Сүмд байгаа бүх хүнд дуулгавартай байдлынх нь дагуу Их Эзэний ариун сүмийн ёслолуудаар дамжуулан санваарын бүрэн байдлыг хүлээж авах боломжийг өгсөн юм. Үүнийг өөр хаанаас ч хүлээн авч чадахгүй” (Doctrines of Salvation, хянасан Брүс Р.Макконки, 3-р боть [1954–56], 3:132–133-т).

Сүмийн эрэгтэй, эмэгтэй бүх гишүүн ариун сүмийн бүх ёслолыг хүлээн авснаар санваарын адислалуудын бүрэн байдлыг хүлээн авч чадна. Бид эдгээр ёслолоор дамжуулан Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүддээ өгөхийг хүсдэг бүх адислалыг олж авч чадна. Ариун сүмийн ёслол, гэрээнүүдийн сэргээлт Көртландын ариун сүмд эхэлсэн боловч дуусаагүй байсан гэдгийг онцол. Наувуд ариун сүм барьснаар ариун сүмийн ёслолууд ба гэрээнүүдийн сэргээлт үргэлжлэх боломжтой болох байлаа (С ба Г 124:28, 40–41-ийг үзнэ үү).

  • Ёслол гэж юу вэ? (Cанваарын эрх мэдлээр гүйцэтгэгддэг ариун нандин, албан ёсны үйлдэл юм.)

Зарим ёслол нь өргөмжлөлд зайлшгүй шаардлагатай байдаг бөгөөд эдгээр авралын ёслолын олон нь зөвхөн ариун сүмд гүйцэтгэгддэг. Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 124:29-ийг дотроо уншаад, Их Эзэний сэргээх шаардлагатай гэж хэлсэн эдгээр чухал ёслолын нэгийг олж мэдэхэд урь. Суралцагчдаас олж мэдсэнээ хуваалцахыг хүс.

1840 оны 8-р сарын 15-нд бошиглогч Иосеф Смит сайн мэдээг хүлээн авах боломжгүй байсан нас барсан гэр бүлийн гишүүд, найз нөхдийнхөө төлөө баптисмын ёслолыг юуны өмнө гүйцэтгэж болно гэж гэгээнтнүүдэд заасан гэдгийг тайлбарла (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007], 457-г үзнэ үү). Энэхүү мэдэгдлийн дараа нас барагсдын төлөөх олон баптисм Миссури мөрөнд эсвэл ойролцоох голуудад гүйцэтгэгдсэн юм.

Цөөн хэдэн суралцагчийг Сургаал ба Гэрээ 124:30–34-ийг ээлжлэн чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, нас барагсдын төлөөх баптисм хаана гүйцэтгэгдэх ёстой тухай Их Эзэний удирдамжийг олж мэдэхийг хүс.

  • Их Эзэн нас барагсдын төлөөх баптисм Өөрт нь хүлээн зөвшөөрөгдөж болохын тулд хаана гүйцэтгэгдэх ёстой гэж хэлсэн бэ? Их Эзэн яагаад нас барагсдын төлөөх баптисмын ёслолыг түр хугацаанд ариун сүмээс гадна гүйцэтгэхийг гэгээнтнүүдэд зөвшөөрсөн бэ?

Зураг
Науву ариун сүм

Та Науву ариун сүмийн зургийг үзүүлж болно (Сайн мэдээний уран зургийн цуглуулга [2009], д. 118; мөн LDS.org-ийг үзнэ үү). Иосеф Смит Сургаал ба Гэрээ 124 дэх илчлэлтийг хүлээн авсны дараа, ариун сүм дэх ажил маш хурдан урагшилсан болохыг тайлбарла. 1841 оны 10-р сарын 3-нд ариун сүмийн доод давхар хагас дутуу дууссаны дараа Иосеф Смит гэгээнтнүүдэд ”Нас барагсдын өмнөөс хийх ёслолыг Их Эзэний Өргөөнд гүйцэтгэх хүртэл дахиад баптисм хийгдэхгүй. … Учир нь Их Эзэн ийнхүү айлдлаа!” гэж хэлжээ (Сургаалаас: Иосеф Смит 531). 1841 оны 11-р сарын 21-нд Науву ариун сүмийн доод давхарт баптисмын усан санг барьж, онцгойлон адисалсны дараа нас барагсдын төлөөх баптисм дахин эхэлжээ. (Church History in the Fulness of Times Student Manual, 2 дахь хэвлэл [Сүмийн Боловсролын Системийн гарын авлага, 2003], 251–252; Сургаалууд: Иосеф Смит, 531–533-ыг үзнэ үү.)

Зураг
баптисмын усан сан

Науву ариун сүмийг барьж дууссаны дараа, бошиглогч Иосеф Смит баптисмын усан сан ариун сүмийн доод давхарт Израилын арван хоёр овгийг төлөөлсөн арван хоёр үхрийн нуруун дээр баригдах ёстой гэж хэлжээ.

  • Сургаал ба Гэрээ 124-т цэдэглэснээр, амьд болон нас барсан хүмүүсийн төлөө санваарын ёслолуудын бүрэн байдлыг хүлээн авч болох цорын ганц ямар газар байдаг вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч дараах сургаалыг олж тогтоох ёстой. Ариун сүм бол амьд болон нас барсан хүмүүсийн төлөө санваарын ёслолуудын бүрэн байдлыг хүлээн авч болох цорын ганц газар юм.)

  • Энэхүү сургаал Наувуд ариун сүм барихад шаардлагатай золиослолуудыг хийхэд гэгээнтнүүдийг хэрхэн урамшуулсан байж болох вэ?

Суралцагчдад энэхүү сургаалын үнэн мөн ач холбогдлыг мэдрэхэд нь туслахын тулд нэг суралцагчийг ерөнхийлөгч Томас С.Монсоны дараах үгийг чанга уншихад урь. (Та энэ мэдэгдлийн хувийг суралцагч бүрд өгч болно.)

Зураг
Ерөнхийлөгч Томас С.Монсон

“Ариун сүмд өгдөг мөнхийн адислалуудыг ойлгодог хүмүүс эдгээр адислалыг хүлээн авахын тулд ямар ч золиослол агуу бус, ямар ч төлбөр их бус, ямар ч тэмцэл хэцүү биш гэдгийг мэднэ. Алс холын аяныг туулж, бүх саад бэрхшээлийг даван гарч, аливаа таагүй байдлыг тэвчин дуусгах болно. Ариун сүмд хүлээн авсан авралын ёслолууд буюу хэзээ нэгэн өдөр биднийг Тэнгэрлэг Эцэгтээ мөнхийн гэр бүлдээ буцаж очих зөвшөөрөл, дээд тэнгэр дэх адислал ба хүчээр хангагдсан байхын тулд гаргах золиослол, хүч чармайлт бүр үнэ цэнтэй” (“Ариун Сүм—Дэлхийн гэрэлт цамхаг,” Ensign, 2011 оны 5-р сар, 92 эсвэл 2011 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 4).

  • Та ариун сүмийн ёслолуудыг хүлээн авах зохистой байж, үүнд бэлтгэхийн тулд ямар ямар золиослол хийх шаардлагатай байж болох вэ?

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 124:38–41-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, Их Эзэн яагаад Мосед аглаг буйдад асар барихыг зарлиглаж, Өөрийн хүмүүст амлалтын нутагт ариун сүм барихыг зааварласныг олж мэдэхийг хүс. (Та Мосе болон түүний хүмүүс нас барагсдын төлөөх баптисмыг гүйцэтгээгүй гэдгийг тайлбарлаж болно. Аврагчийг нас барсныхаа дараа сүнсний дэлхийд уг ажлыг танилцуулах хүртэл нас барагсдын төлөө ямар ч ажил хийгдээгүй юм.)

  • 38-р шүлэгт цэдэглэснээр, Их Эзэн яагаад эртний израилчуудад асар болон ариун сүмүүд барихыг зарлигласан бэ?

Дараах хоёр асуултыг самбар дээр бич.

Чамд ариун сүм яагаад чухал байдаг вэ? Сүм яагаад ариун сүмүүдийг барьдаг вэ?

Суралцагчдад хоёр хоёроороо ажиллахыг даалга. Суралцагч бүрээс самбар дээрх асуултуудаас сонгохыг хүс. Суралцагчдыг хамтрагчдаа хандан, Сургаал ба Гэрээ 124:25–41-ээс сурсан зүйлс дээрээ тулгуурлан асуултандаа ээлжлэн хариулахад урь. Мөн та цөөн хэдэн суралцагчийг ойлгосон зүйлээ (эсвэл хамтрагчийнхаа ойлголтыг) ангийнхантай хуваалцахад урьж болно.

Их Эзэн гэгээнтнүүдэд ариун сүмээс гадна Наувуд ирж буй зочдод зориулсан Науву байрыг барихыг зарлигласныг тайлбарласнаар та Сургаал ба Гэрээ 124:22–24, 56–83-ыг нэгтгэн дүгнэж болно.

Сургаал ба Гэрээ 124:42–55

Их Эзэн хэрэв гэгээнтнүүд ариун сүм барих зарлигийг нь дагавал юу тохиолдохыг тайлбарлав

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 124:42–45-ыг дотроо уншаад, Их Эзэн ариун сүм барьж, Өөрийнх нь болон үйлчлэгчдийнх нь дуу хоолойг анхааран сонсвол гэгээнтнүүдэд юу тохиолдоно гэж хэлснийг олж мэдэхэд урь. Суралцагчдаас олж мэдсэнээ хуваалцахыг хүс.

Их Эзэн ариун сүм барьсан ч Түүний эсвэл Түүний үйлчлэгчдийн дуу хоолойг сонсохгүй бол гэгээнтнүүдэд юу тохиолдоно гэж хэлснийг тайлбарласнаар Сургаал ба Гэрээ 124:46–54-ийг нэгтгэн дүгнэ. Их Эзэн гэгээнтнүүдэд хавчлага дарамтаас болж Түүний ажлыг (мөн ариун сүмийг барих ажлыг) хийхэд саад тотгор учирч байгаа ч тэдний хичээл зүтгэлийг хүлээн авах болно хэмээн тайлбарлажээ.

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 124:55-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, Их Эзэн гэгээнтнүүд Науву ариун сүм барих зарлигийг дагаснаар юуг батлан харуулна хэмээн тэдэнд тунхагласныг олж мэдэхийг хүс.

  • 55-р шүлэгт цэдэглэснээр, бид Их Эзэний зарлигуудыг дагах үедээ Түүнд юуг батлан харуулдаг вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч дараах зарчмыг олж тогтоох ёстой. Бид Их Эзэний зарлигуудыг дагаснаар итгэлтэй байдлаа батлан харуулдаг. Та энэ зарчмыг самбар дээр бичиж болно.)

Суралцагчдыг Их Эзэний зарлигуудыг дагахад заримдаа хэрэгтэй байдаг хичээл зүтгэл, цаг хугацаа, золиослолуудыг тунгаан бодоход урь.

  • Бурханд итгэлтэй байдлаа батлан харуулах боломж таныг Түүний зарлигуудыг дагахад хэрхэн урамшуулдаг вэ?

  • 55-р шүлэгт цэдэглэснээр, Их Эзэн Наувуд ариун сүм барих юм бол гэгээнтнүүдэд өөр ямар адислалуудыг өгнө хэмээн амласан бэ?

55-р шүлэгт амласан алдар хүндэтгэл, үхэшгүй байдал, мөнх амьдралын адислалууд нь мөнхийн шинж чанартай гэдгийг онцол.

  • Их Эзэнд итгэлтэй байдлаа батлан харуулснаар хүлээн авах адислалууд тэр даруй ирэхгүй байж магадгүй гэдгийг ойлгох нь яагаад чухал вэ?

Суралцагчдыг Тэнгэрлэг Эцэг болон Аврагчид үнэнч мөн итгэлтэй байхыг хүссэнээр зарлигийг дуулгавартай дагасан амьдралынхаа туршлагуудыг тунгаан бодоход урь. Цөөн хэдэн суралцагчийг туршлагуудаа мөн Их Эзэнд үнэнч мөн итгэлтэй байдлаа харуулснаар мэдэрсэн мэдрэмжээ хуваалцахад урь. Суралцагчдыг Их Эзэнд итгэлтэй байдлаа батлан харуулах боломжуудыг эрэлхийлэхэд урь.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Сургаал ба Гэрээ 124:45. “Тэд байрнаасаа хөдөлгөгдөх нь үгүй”

Их Эзэн гэгээнтнүүдэд ариун сүм барихыг зарлиглахдаа тэдэнд “тэд байрнаасаа хөдөлгөгдөх нь үгүй” гэж амласан юм.

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч Боид К.Пакэр:

Зураг
Ерөнхийлөгч Боид К.Пакэр

“Их Эзэн маш хүнд хэцүү цагт миний мэдэхээр бүх сударт байдаг хүнд хэцүү анхааруулгыг өгсөн юм. Энэ нь Науву ариун сүмийг барихтай холбоотой байсан юм. Гэгээнтнүүд ариун сүм барихаа үргэлжлүүлэх нь маш их хавчлага дарамтыг авчрах болно гэдгийг туршлагаасаа мэдэж байсан учраас уг ажлыг хойшлуулсан. Их Эзэн хугацааг нь сунгаж, ‘хэрэв та нар уг томилолтын төгсгөлд эдгээр зүйлүүдийг эс хийх аваас, та нар өөрсдийн нас барагсадтайгаа хамт сүмийн хувьд няцаагдах болно’ [С ба Г 124:32] хэмээн хэлжээ.

Ихэнхдээ анзаарагддаггүй агуу амлалт энэ илчлэлтэд байдаг. ‘Хэрэв миний хүмүүс миний дуу хоолойг мөн өөрийн хүмүүсийг удирдахаар миний томилсон үйлчлэгчдийн минь дуу хоолойг анхаарах аваас, болгоогтун, үнэнээр би та нарт хэлж байна, тэд байрнаасаа хөдөлгөгдөх нь үгүй’ [С ба Г 124:45].

Энэ амлалтыг сана; үүнээс зууран барь. Энэ нь аз жаргалтай гэр бүлд шаардлагатай тэдгээр жишгийг үл тоомсорлох, бүр үзэн ядах нийгэмд гэр бүлээ хамтад нь байлгахыг хичээж байгаа хүмүүст агуу тайтгарал авчирна.

Би Их Эзэний өргөсөн тэдгээр хүний дуу хоолойг анхааран сонсдог хүмүүс ‘байрнаасаа хөдөлгөгдөх нь үгүй’ [С ба Г 124:45] хэмээх амлалтыг дахиж хэлмээр байна.

Мөн уг амлалт нь дараах анхааруулгын хамт ирдэг. ‘Харин хэрэв тэд миний дуу хоолойг, мөн миний томилсон тэдгээр эрчүүдийн дуу хоолойг үл анхаарах аваас, тэд адислагдах нь үгүй’ [С ба Г 124:46]” (“The Twelve Apostles,” Ensign, 2005 оны 9-р сар, 20) гэжээ.