Семинар
119-р хичээл: Сургаал ба Гэрээ 111


119-р хичээл

Сургаал ба Гэрээ 111

Оршил

1836 онд Сүм нэлээд их өрөнд орсон байв. Бошиглогч Иосеф Смит болон Сүмийн бусад удирдагч Сүмийн өрийг төлөх мөнгө олох найдлага тавин Массачусетсын Салем руу аялжээ. 1836 оны 8-р сарын 6-нд Иосеф Смит Сургаал ба Гэрээ 111-д цэдэглэгдсэн илчлэлтийг хүлээн авсан ба үүнд Сионы өрийн тухай асуудал болон эд баялгийн талаарх түүний санаа зовж буйг тайвшруулсан энэхүү илчлэлтийг хүлээн авсан юм. Их Эзэн мөн Сүмийн удирдагчдыг Салемд үлдэхтэй холбоотой удирдамжийг бошиглогчид өгчээ.

Заах зөвлөмж

Сургаал ба Гэрээ 111

Иосеф Смит болон Сүмийн бусад удирдагчид Их Эзэн заавар, нотолгоо өгөв

Дараах асуултын хариултыг дэвтэртээ эсвэл судрын тэмдэглэлдээ бичихийг суралцагчдаас хүсэн хичээлээ эхэл.

  • Таны амьдралд ямар зүйлс сэтгэлийн шаналгаа, зовнилыг авчирдаг вэ?

Та цөөн суралцагчаас өөрсдийн бодлыг ангийнхантайгаа хуваалцаж болно. (Хэт хувийн чанартай бодол, туршлагыг хуваалцах шаардлагагүй гэдгийг тэдэнд сануул.)

1836 оны зун Иосеф Смит болон Сүмийн бусад удирдагч Сүмийн санхүүгийн асуудлын талаар санаа зовж байлаа. Өмнөх жилүүдэд Сүмийн удирдагчид Их Эзэний тушаалыг дуулгавартай даган Көртландын ариун сүмийг барьж, Огайо болон Миссурид газар худалдаж аван мөн Сионы хуаранг санхүүжүүлсний улмаас Сүм асар их хэмжээний өрөнд орсон байв. Гэр орноосоо хүчээр хөөгдөн гарсан Миссуригийн гэгээнтнүүдэд газар худалдан авч өгөхийн тулд Сүмд мөнгө хэрэгтэй байлаа. 1834 онд Иосеф Смит болон бусад удирдагчид Их Эзэн “бүх өрнүүдээ төлөх” зарлиг өгсөн байна. (С ба Г 104:78). Гэсэн ч өрөө төлөх тэдний зүтгэл чармайлт Миссурид орлого олдог байсан бизнесээ алдсанаас болж бэрхшээлтэй тулгарчээ. Тиймээс Сүмийн удирдагчид Сүмийн зээлдүүлэгчдийн шаардлагыг хангах хангалттай мөнгөгүй байв.

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 104:80-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас дагуулан харж, Их Эзэн Сүмийн удирдагчдад өрнөөсөө гарахад нь туслахаар юу хийнэ гэсэн амлалт өгснийг олж мэдэхийг хүс. Суралцагчдаас олж мэдсэнээ хуваалцахыг хүс.

1836 онд Виллиам Бүржесс нэртэй Сүмийн гишүүн Огайогийн Көртландад ирсэн бөгөөд Массачусетсын Салемд асар их хэмжээний мөнгө олох боломж байгаа тухай Сүмийн удирдагчдад хэлжээ. Тэрээр байрны дээврийн өрөөнд энэ мөнгө байгаа бөгөөд үүнийг мэдэх ганц амьд хүн нь өөрөө гэж хэлсэн байна.

1836 оны 7-р сарын 25-нд Иосеф Смит, Сидней Ригдон, Оливер Каудери, Хайрум Смит нар Нью-Йоркт байдаг Сүмийн зээлдүүлэгчидтэй уулзахаар Көртландаас явсан тухай суралцагчдад мэдэгд. Нью-Йоркт хэдэн өдөр байсны дараа тэд Салем руу явжээ. Бүржесс ах тэднийг тэнд угтсан боловч түүнийг явсан тэр цагаас хойш энэ хот маш их өөрчлөгдсөн тул мөнгө байсан тэр байшинг ер олж чадахгүй болсон тухайгаа хэлсэн байна. Бүржесс ах удалгүй яваад өгчээ.

Зураг
газрын зураг, Зүүн хойд Нэгдсэн Улс
  • Сүмийн өрийг төлөхөд туслах аргыг оллоо гэж найдлага тавин Салем руу очсоны дараа, санасан бүхэн нь бүтэлгүйтсэн бол та нарт ямар санагдах болно гэж та нар бодож байна вэ? Та нар ийм үед юу хийх байсан бэ?

Сүмийн удирдагчид хэсэг хугацааны турш нөгөө мөнгө байсан гэж хэлсэн байшинг эрсэн болохыг тайлбарла. 1836 оны 8-р сарын 6-нд Салемд байх үедээ Иосеф Смит Сургаал ба Гэрээ 111-д цэдэглэгдсэн илчлэлтийг хүлээн авсан байна.

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 111:1-ийг чанга уншихад урь. Салем руу хийсэн энэ эрчүүдийн аяллын талаар Их Эзэн ямар бодолтой байсныг олж мэдэхээр дагаж уншихыг ангийнхнаас хүс. Суралцагчдаас олж мэдсэнээ хуваалцахыг хүс. (Суралцагчдыг хариулах үед, та мунхаглал гэдэг нь “ямар ч үндэслэлгүй муухан үйлдэл, тийм ч ноцтой биш хэрэг, учир шалтгаантай нийцэхгүй гэнэн үйлдэл” хэмээн тодорхойлогдож болохыг тайлбарлаж болно [Ноа Вэбстэр, An American Dictionary of the English Language, анхны хэвлэлийн хуулбар (1828; 1967 онд дахин хэвлэсэн), “Folly”].)

  • Салем руу хийсэн аяллын юу нь мунхаглал хэмээн үнэлэгдсэн байж болох вэ?

Салем руу мөнгө хайн очсон энэ аялал хэдийгээр амжилтгүй зүйл болсон ч Их Эзэн энэхүү аяллыг Түүний хаант улсад ашиг тус авчирч болно гэж хэлжээ. Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 111:2-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас Их Эзэн Салем хотод Түүний юу байгаа гэж хэлснийг олж мэдэхийг хүс.

  • Их Эзэн Салем хотод Түүний юу байгаа гэж хэлсэн бэ? (Маш их сан хөмрөг болон олон хүн.)

  • Их Эзэн Салемд байгаа хүмүүсийг хэзээ цуглуулна гэж хэлсэн бэ? (Тогтоосон цагт нь.)

Иосеф Смит болон түүнтэй хамт байсан хүмүүс Салемд хэдэн долоо хоногийг өнгөрүүлэхдээ сайн мэдээг тэнд тунхагласныг суралцагчдад мэдэгд. 5 жилийн дараа Эрастус Снөү Салем руу номлолд дуудагдсан ба тэрээр 120 гишүүнтэй салбарыг тэнд зохион байгуулжээ. (Church History in the Fulness of Times Student Manual, 2 дахь хэвлэл [Сүмийн Боловсролын Системийн гарын авлага, 2003], 170–171-ийг үз.)

  • Сургаал ба Гэрээ 111:1-2-т гардаг Салем дахь Иосеф Смитийн туршлага мөн үүнд өгсөн Их Эзэний заавраас бид юуг сурч болох вэ? (Суралцагчид янз бүрийн сайн хариултуудыг өгч болно. Тэдний ярилцлагын хэсэг болгон, дараах зарчмыг самбар дээр бич. Бидний чин сэтгэлийн хичээл зүтгэлээс Их Эзэн сайныг гаргаж чаддаг.)

  • Хэдийгээр анхнаасаа буруу бодолтой байсан ч гэсэн Их Эзэн хичээл зүтгэлээс маань ямар замаар сайн сайхныг гаргаж өгдөг вэ? (Боломжтой нэг хариулт нь, өөрсдийнхөө туршлагаас суралцахад Тэрээр тусалдаг гэсэн хариулт байж болно.)

  • Их Эзэн чин сэтгэлийн хичээл зүтгэлээс маань сайныг бий болгоно гэдгийг мэдэх нь танд хэрхэн нөлөөлөх вэ?

Их Эзэн Иосеф Смит болон түүний хамтрагчдыг Салемд байх үед сайн зүйлсийг гүйцэлдүүлэхэд нь туслан удирдамж өгсөн болохыг тайлбарла. Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 111:5-8-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас дагуулан харж, Иосеф Смит болон түүний хамтрагчдаар Их Эзэн юу хийлгэхийг хүссэнийг олж мэдэхийг хүс.

  • Иосеф Смит болон тэдний хамтрагчдыг Их Эзэн Сүмийн өр болоод Сионы талаарх асуудалд нь хэрхэн тайвшруулсан бэ?

  • 8-р шүлэгт өгүүлснээр, Иосеф Смит болон Сүмийн бусад удирдагч Салемд байх үлдсэн хугацаандаа хаана байхаа хэрхэн мэдэж авах байсан бэ?

  • 8-р шүлэг дэх Их Эзэний удирдамжаас бид ямар үнэнийг сурч болох вэ? (Суралцагчдыг хариулсны дараа, дараах үнэнийг самбар дээр бич. Бид Их Эзэний удирдамжийг Түүний Сүнсний хүч, амар амгалангаар дамжуулан хүлээн авч чадна.)

  • Энэ зарчим таныг бэрхшээл сорилттой тулгарахад хэрхэн тусалж чадах вэ?

Сургаал ба Гэрээ 111:9–10-ыг чимээгүй уншихад суралцагчдыг урьж, Иосеф Смит болон түүний хамтрагчдыг Салемд байхдаа гүйцээ хэмээн Их Эзэний өгсөн нэмэлт даалгавруудыг олж мэдэхийг хүс. Суралцагчдаас сурсан зүйлсийнхээ талаар хуваалцахыг хүс.

Иосеф Смит болон бусад эр Их Эзэний “энэ хотын нэн эртний оршин суугчид хийгээд үндэслэгчдийн талаар хичээнгүйлэн асууж сурагла” гэсэн зөвлөгөөг дагасан болохыг суралцагчдад мэдэгд (С ба Г 111:9). Тэд Салемд байхдаа түүхэн газруудаар аялсан байна. Ингэж аялснаар тэд Массачусетсын Салем дахь мөн Шинэ Английн эргэн тойрны нутаг дэвсгэр дэх зарим оршин суугч шашныг гадуурхдаг, хүлцдэггүйн үр уршгаас болж хавчигдан, алагдаж байсан болохыг олж мэджээ. ( History of the Church, 2:464–65-ыг үз.) Эдгээр үйл явдлуудын талаар мэдсэн нь Иосеф Смитийг дараах зүйлсийг “ухамсар, сэтгэлийнхээ дагуу өөрийн Бурханыг шүтэн бишрэх нандин эрхийг нь хааж, хүмүүс нэг нэгнийхээ эсрэг дайтахаа хэзээ болих юм бэ?” хэмээн өөрийн түүхэнд бичихэд хүргэсэн юм. (History of the Church 2:465-т) Дараа нь бошиглогч бүх хүнд шашны эрх чөлөөг нь олгохын чухлыг дахин давтан илэрхийлсэн байдаг (Итгэлийн тунхаг 1:11-ийг үзнэ үү). Иосеф Смит болон түүний хамтрагчид хэдийгээр Салемаас бодож байсан шигээ мөнгө олж авч чадаагүй ч энэ аяллаас тэд өөр сан хөмрөгийг, мэдлэгийн сан хөмрөгийг олж авсан юм.

Сургаал ба Гэрээ 111:11-ийг чанга унших нэг суралцагчийг урь. Энэхүү илчлэлтэд өгсөн Их Эзэний төгсгөлийн зөвлөгөөг олж мэдэхээр, дагаж уншихыг ангийнхнаас хүс. Тэдэнд 11-р шүлэг дэх тушаах гэдэг нь мөн тохируулах гэсэн үг болохыг тайлбарла.

  • Та 11-р шүлэгт хэлсэн Их Эзэний зөвлөгөөг хэрхэн өөр үгээр хэлэх вэ? (Суралцагчид өөр үгсийг хэрэглэж болох ч дараах зарчмыг ойлгосон эсэхийг анхаар. Хэрэв бид мэргэн байж, нүглээс зайлсхийх юм бол, Их Эзэн бүх зүйлийг бидний сайн сайхны төлөө тохируулах болно. Бүр зөв шударга хүмүүс зовлон бэрхшээлийг туулах үед ч Их Эзэн [тэдний] “сайн сайхны төлөө [тэдгээр] зүйлсийг тушаах болно” гэдгийг та тайлбарлаж болно.)

  • Бид ямар мэргэн сонголтуудыг гаргаж чадах вэ? (Суралцагчид зарлигуудыг дуулгавартай сахихын төлөө хичээх гэх мэт янз бүрийн хариултуудыг санал болгож болно.)

  • Их Эзэн “бүх зүйлийг [бидний] сайн сайхны төлөө тушаах болно” гэдэг нь юу гэсэн үг гэж та нар бодож байна вэ?

  • Та энэ зарчмын жишээг харж байсан уу?

Хичээлийн эхэнд тавьсан асуултад бичсэн хариултаа эргэн харахыг суралцагчдаас хүс. Сургаал ба Гэрээ 111-ийг суралцахдаа бэрхшээл тулгарсан үед өөрсдөд нь туслах юуг сурсан талаараа бодохыг тэднээс хүс. Тэднийг бодлоо дэвтэр дээрээ юм уу судрын тэмдэглэлдээ бичихэд урь.

Энэ хичээл дээр яригдсан зарчмуудын талаар гэрчлэлээ хуваалцсанаар хичээлээ дуусга. Суралцагчдыг эдгээр зарчмын дагуу үйлдэхэд урамшуулан дэмж.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Сургаал ба Гэрээ 111:9. “Энэ газрыг та нар түрээсээр олж авч болох буюу”

Иосеф Смит болон түүний хамтрагчид Массачусетсын Салемд ирээд байшин түрээслэн авсан. Тэр нь тэдний бодсон дээвэртээ мөнгөтэй байшин биш байсан юм. Энэ бол Их Эзэний тэдэнд хэлсэн, “Энэ газрыг та нар түрээсээр олж авч болох буюу” хэмээн санал болгосон байшин байсан юм. (С ба Г 111:9).