Семинар
34-р хичээл: Сургаал ба Гэрээ 28


34-р хичээл

Сургаал ба Гэрээ 28

Оршил

1830 онд Сүм дэх илчлэлтүүдийн дэг жаягийн талаар Сүмийн гишүүд ойлгоогүй учраас бошиглогч Иосеф Смит нэгэн сорилттой тулгарчээ. Хайрам Пейж нэгэн онцгой чулуугаар дамжуулан Сүмд зориулан илчлэлтүүдийг хүлээн авсан хэмээн зарлахад Оливер Каудери зэрэг зарим Сүмийн гишүүн түүнд итгэсэн байна. 1830 оны 9-р сарын 26-нд болсон Сүмийн чуулганаас өмнөхөн Их Эзэн Сүм дэх илчлэлтийн дэг жаягийн тухай ойлгоход нь Оливер Каудери болон бусдад туслах үнэнүүдийг илчилжээ.

Заах зөвлөмж

Сургаал ба Гэрээ 28:1–7

Их Эзэн Сүмийн ерөнхийлөгч бол Сүмийг удирдах илчлэлтийг хүлээн авч болох цорын ганц хүн гэж тунхаглав

Самбар дээр хуурамч гэж бич.

  • Хуурамч зүйлсийн ямар жишээнүүд байдаг вэ? (Энэ ярилцлагын нэг хэсэг болгон та урлагийн бүтээлийн хуулбар, тоглоомон мөнгө, хуванцар жимс зэрэг хуурамч эд зүйлсийг үзүүлж болно.)

  • Ямар нэгэн бодит зүйлийг хуурамч зүйлтэй андуурч ойлгох нь яагаад хор хөнөөлтэй байдаг вэ?

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүксийн дараах анхааруулгыг чангаар уншихад нэг суралцагчийг урь.

Зураг
Ахлагч Даллин Х.Өүкс

“Чөтгөр бол худал хуурмагийн эцэг бөгөөд өөрийнхөө ухаалаг хуурамч зүйлсээр дамжуулан Бурханы ажилд саад болохыг үргэлж эрэлхийлдэг” (“Харилцааны сувгууд,” Ensign, 2010 оны 11-р сар, эсвэл 2010 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 89).

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 28-р хэсгийн оршлыг чангаар уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, эхэн үеийн зарим Сүмийн гишүүдийг хууран мэхлэхийг эрэлхийлж байсан Сатаны хуурамч зүйлийг олж тогтоохыг хүс.

  • Сатан Сүмийн гишүүдийг хууран мэхлэхийн тулд ямар хуурамч зүйлсийг ашиглаж байсан бэ? (Хэрэв суралцагчид Хайрамын чулуу болон Иосеф Смитийн ашиглаж байсан Урим ба Туммимыг дурдахгүй бол энэхүү адилтгалыг онцол.)

Зарим Сүмийн гишүүн Сатаны Хайрам Пейжэд илэрхийлсэн хуурамч илчлэлтүүдэд итгэсэн гэдгийг тайлбарла. Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 28 дахь илчлэлтийг судалж, ярилцах хооронд тэднийг Сатаны хууран мэхлэлтэд хууртахаас зайлсхийхэд туслах үнэнүүдийг олж мэдэхэд урамшуулан дэмж. Суралцагчдыг хичээлийн турш эдгээр үнэнийг эрж олох үед та тэдгээрийг самбар дээр бичнэ гэдгийг мэдэгд. Та суралцагчдад эдгээр үнэнийг судрынхаа зайд бичиж авахыг зөвлөж болно.

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 28:1–4-ийг чангаар уншихад урьж, ангийнхныг Оливер Каудеригийн Сүм дэх үүрэг нь Иосеф Смитийн үүргээс юугаар өөр байсныг олж тогтооход урь.

  • Оливер Каудеригийн үүрэг Иосеф Смитийнхнээс ямар ялгаатай байсан бэ? (Иосеф Сүмд зориулсан зарлигууд болон илчлэлтүүдийг хүлээн авах үүрэгтэй байсан. Оливер Иосефын хүлээн авсан зарлигууд болон илчлэлтүүдийн талаар Тайтгаруулагчаар заах үүрэгтэй байсан.)

  • Бид Сургаал ба Гэрээ 28:2-оос Сүмийн ерөнхийлөгчийн тухай ямар чухал үнэнийг сурч болох вэ? (Суралцагчид дараах сургаалыг олж тогтоох хэрэгтэй. Сүмийн ерөнхийлөгч бол Сүмд бүхэлд нь зориулж илчлэлт хүлээн авах цорын ганц хүн юм. Энэ тодорхойлолтыг самбар дээр бич.)

  • Энэ үнэний талаарх бидний мэдлэг хууран мэхлэгдэхээс зайлсхийхэд бидэнд хэрхэн туслах вэ?

Суралцагчдыг эдгээр асуултыг ярилцах хооронд та Сүмийн ерөнхийлөгчийн сургаал болон зөвлөгөөнд хэзээд итгэж болно гэдгийг тэдэнд батлан хэлж болно. Яагаад гэвэл Их Эзэн биднийг буруу тийш нь удирдахыг хэзээ ч ерөнхийлөгчид зөвшөөрөхгүй билээ. (Энэ амлалтыг ерөнхийлөгч Вилфорд Вүдраффийн хэлсэн үгээс олж болно. Энэхүү тодорхойлолт нь Сургаал ба Гэрээнд, нэмэлт материал болох Албан тунхаг–1-д байдаг.)

Их Эзэн Сургаал ба Гэрээ 28-д цэдэглэгдсэн үнэнүүдийг илчлэхээс өмнөхөн Оливер Каудери өөрийнхөө сүм дэх үүрэг хариуцлага мөн Сүмийн ерөнхийлөгчийн хувьд Иосеф Смитийн үүрэг хариуцлага хоёрын хоорондох ялгааг бүрэн дүүрэн ойлгодоггүй гэдгээ харуулсан нэг зүйлийг хийжээ. Тэгээд нэг суралцагчийг дараах хэлсэн үгийг уншихад урь.

Иосеф Смит бараг 160 километрийн хол Нью-Йоркийн Фейеттед байгаа Оливер Каудеригаас захидал хүлээн авахдаа Пеннсильвани муж улсын Хармонид амьдарч байжээ. Оливер одоогийн бидний Сургаал ба Гэрээ 20 гэж нэрлэдэг илчлэлтээс алдаа олсон гэж хэлсэн байна. Оливер “Би эдгээр алдааг засварлахыг чамд Бурханы нэрээр тушааж байна” гэсэн байжээ. Иосеф Фейетте рүү аялж, илчлэлт дээр гарсан гэх алдааг Витмерийн гэр бүл Оливерийн хамт хүлээн зөвшөөрч байгааг мэдэв. Иосеф “Энэ талаар тэдэнд итгүүлж, зорьсондоо хүрэхийн тулд хичээл зүтгэл, хөдөлмөр шаардсан юм” гэж бичжээ. Эцэстээ, Бошиглогч “Витмерийн гэр бүлд төдийгүй Оливер Каудерид тэдний буруу байсан гэдгийг мэдүүлж чадсан юм” (Histories, Volume 1: 1832–1844, 1-р боть, of the Histories series of The Joseph Smith Papers [2012], 426; мөн 424–425-р хуудсуудыг үзнэ үү).

Суралцагчдаас Сургаал ба Гэрээ 28:6–7-г дотроо уншаад, Их Эзэний Оливер Каудерид өгсөн удирдамжийг олж мэдэхийг хүс.

  • Их Эзэн Оливер Каудерид юу гэж заасан бэ? (Суралцагчдыг хариулсны дараа дараах сургаалыг самбар дээр бич. Есүс Христийн Сүмд хувь хүмүүс тэднийг тэргүүлж буй хэн нэгнийг удирдах илчлэлтийг хүлээн авдаггүй.)

  • Энэ үнэн нь бидний саяхан уншсан түүхтэй хэрхэн холбогдож байна вэ?

  • Энэ үнэн нь өнөөдөр бидэнд хэрхэн туслах вэ?

Сургаал ба Гэрээ 28:8–10

Их Эзэн леменчүүдэд сайн мэдээг тунхаглуулахаар Оливер Каудериг дууджээ

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 28:8–10-ыг чангаар уншихад урьж, ангийнхнаас Их Эзэн Оливер Каудериг юу хийлгэхээр дуудсаныг олж мэдэхийг хүс.

  • Их Эзэн Оливер Каудериг юу хийлгэхээр дуудсан бэ? (Леменчүүдийн дунд сайн мэдээг тунхаглах.)

  • Бид Сургаал ба Гэрээ 28:8-аас хувийн илчлэлтийн талаар юу сурч болох вэ? (Суралцагчдыг хариулсны дараа дараах зарчмыг самбар дээр бич. Бид өөрсдийнхөө сайн сайхны төлөө мөн бидэнд оноогдсон дуудлага, үүрэг даалгавруудад тус болох хувийн илчлэлтүүдийг хүлээн авч болдог.)

Суралцагчдад энэ зарчмыг ойлгоход нь туслахын тулд нэг суралцагчаас Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Боид К.Пакэрын дараах хэлсэн үгийг чангаар уншихыг хүс.

Зураг
Ерөнхийлөгч Боид К.Пакэр

“Бид хувийн илчлэлт хүлээн авах эрхтэй. Гэвч, хэрэв бид ямар нэг тэргүүлэх албан тушаалд онцгойлон адислагдаагүй бол бид бусад хүн юу хийх ёстой талаар илчлэлт хүлээн авдаггүй. …

Бусдыг удирдан чиглүүлэх ер бусын сүнсний удирдамж хувь хүнд ирдэг гэж үзэх ёсгүй. Хувийн онцгой, ариун туршлага зөвхөн хувь хүнд өөрт нь ирэх бөгөөд үүнийгээ нандигнан хадгалах ёстой гэдэгт би итгэдэг” (“Revelation in a Changing World,” Ensign, 1989 оны 11-р сар, 14–15).

Хичээл эхлэхээс өмнө дараах үүргүүд болон дуудлагуудыг тус тусад нь цаасан дээр бич. Үүнд: эцэг эх, ерөнхий эрх мэдэлтэн, бишоп, номлогч, Ням гаргийн ангийн багш, Миа Мэйдийн ерөнхийлөгч, гэрийн багш, айлчлагч багш. Цааснуудыг хайрцганд хий.

Суралцагчдыг хайрцган доторх цааснуудаас сонгож, ангийнхандаа нэг нэгээр нь уншиж өгөхөд урь. Цаас бүрийг уншсаны дараа суралцагчдаас тэдгээр үүрэг эсвэл дуудлагыг биелүүлэхэд нь хувь хүн бүрд туслах тэдний хүлээн авч болох хувийн илчлэлтүүдийг санал болгохыг хүс.

Та суралцагчдыг үүрэг даалгавар эсвэл үүрэг хариуцлагын талаар хүлээн авсан илчлэлтүүдээ хуваалцахад урьж болно. Та мөн дуудлага эсвэл үүргээ биелүүлэхэд танд туслах илчлэлтийг хүлээн авсан туршлагаа хуваалцаж болно. Хэтэрхий ариун буюу хувийн шинжтэй зүйлээ хуваалцах хэрэггүйг тэдэнд сануул.

Суралцагчдыг сүмийн дуудлага, үүрэг хариуцлагууд болон хувийн амьдралд нь туслах илчлэлтийн төлөө залбирахад урамшуулан дэмж. Мөн Сүмийн удирдагчид эрүүл мэнд, аюулгүй байдал болон үүрэг хариуцлагуудаа биелүүлэхэд нь туслах сүнслэг удирдамжаар адислагдахын төлөө залбирахад нь тэднийг урамшуулан дэмж.

Сургаал ба Гэрээ 28:11–16

Их Эзэн Хайрам Пейжийг залруулж, Сүмийг дэг жаяганд нь оруулахад Оливер Каудерид удирдамж өгөв

Суралцагчдад Хайрам Пейж Сүмийн гишүүдэд хуурамч илчлэлтүүдийг үзүүлсэн гэдгийг сануул. Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 28:11–14-ийг дотроо уншиж, энэхүү хүнд асуудлыг шийдэхэд нь туслахын тулд Их Эзэн Оливер Каудерийг юу хийхэд удирдсан тухай олж мэдэхэд урь.

  • Их Эзэн Хайрам Пейжийн асуудлыг шийдэхэд нь туслахын тулд Оливерт юу хийхийг зарлигласан бэ?

  • Бид эдгээр шүлгээс Сүмийн удирдагчдын үүргүүдийн талаар юу сурч болох вэ? (Суралцагчид өөр өөр зарчмуудыг олж мэдэж болох ч дараах зарчмыг онцолж хэлэхэд анхаар. Сүмийн удирдагчид бусдыг буруу тийш удирдаж буй хүмүүсийг залруулах үүрэг хариуцлагатай. Зарчмыг самбар дээр бич.)

  • Бид Сургаал ба Гэрээ 28:13-аас Их Эзэний Өөрийнхөө Сүмийг удирддаг арга замуудын талаар юу сурч болох вэ? (Суралцагчид өөр үгсийг ашиглаж болох ч тэд дараах зарчмыг олж тогтооход анхаар. Есүс Христийн Сүмд бүх зүйл эмх цэгцэд хийгдэх ёстой. Энэ зарчмыг самбар дээр бич.)

Бидний аливаа зүйлсийг “эмх цэгцэд, мөн нийтийн дэмжлэгээр” хийдэг нэг арга зам нь бид хувь хүмүүсийг Сүмийн дуудлагад нийтээрээ батлан дэмждэг.

  • Хувь хүмүүсийг дуудлагад нь нийтээрээ батлан дэмжих нь яагаад чухал гэж та бодож байна вэ?

Суралцагчдад нийтийн дэмжлэг нь хэрхэн эмх цэгц мөн аюулгүй байдлыг Сүмд авчирдаг тухай ойлгоход туслахын тулд нэг суралцагчаас ерөнхийлөгч Пакэрын дараах үгсийг уншихад урь.

Зураг
Ерөнхийлөгч Боид К.Пакэр

“Сүм дэх илчлэлт нь зохих ёсоор дуудагдаж, дэмжигдэн батлагдаж, томилогдож мөн онцгойлон адислагдсан хүмүүст өгөгддөг. Жишээлбэл, бишоп түүний эрх мэдлийн хүрээнээс гадуур байдаг өөр бусад тойрогтой холбоотой ямар ч илчлэлтийг хүлээн авдаггүй.

Хэн нэг нь заримдаа дуудагдаж, онцгойлон адислагдалгүйгээр заах, бусдыг адислах эрх мэдэл хүлээн авсан мэтээр мэдэгдэх явдал гарах болно. …

Тиймээс албан тушаалд дуудагдсан хүмүүсийг дэмжиж батлах үйл явцыг Сүмд маш нарийн авч үздэг. Энэ нь заах, адислах эрх мэдэл хэнд байдгийг хүн бүхэн мэддэг байх ёстой гэсэн үг” (“Revelation in a Changing World,” 15).

  • Ерөнхийлөгч Пакэрын хэлснээр бид яагаад Сүмийн дуудлага хүлээн авсан хүмүүсийг нийтээрээ дэмжин баталдаг вэ?

  • Бид тэр хүмүүсийг дуудлагад нь дэмжин батална гэж гараа өргөснийхөө дараа тэднийг жинхэнээсээ дэмжин туслахын тулд юу хийх хэрэгтэй вэ?

Суралцагчдад өнөөдрийн хичээлээр сурсан зарчмуудаа хэрэгжүүлэхэд нь туслахын тулд дараах нөхцөл байдлуудыг чангаар уншиж, тэднээс нөхцөл байдал бүрд хэрхэн хандахыг асуу.

  1. Та шинэ илчлэлт гэж андуурмаар цахим мэдээг хүлээн авчээ. Энэ нь амьд бошиглогчдын үгс эсвэл судруудтай нийцэхгүй сургаалуудыг багтаажээ.

  2. Танай тойргийн нэгэн гишүүн ариун ёслолын үеэр гэрчлэлээ хуваалцаж байхдаа сургаалын хувьд буруу зүйлийг нийтийн өмнө хэлснийг та анзаарчээ. Хэрэв түүний хэлсэн зүйлийг хүмүүс үнэн гэж андуурвал бусдад муу нөлөө үзүүлж болохоор байлаа. Буруу зүйл хэлсэн гишүүнийг хэн засаж залруулах ёстой вэ?

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 28:15–16-г чангаар уншихад урьж, ангийнхнаас энэ илчлэлтэд Их Эзэний Оливер Каудерид өгсөн төгсгөлийн зөвлөгөөг олж тогтоохыг хүс.

Иосеф Смит энэ илчлэлтийг хүлээн авсныхаа дараа чуулганыг зохион байгуулж, Сүмийг дэг жаяганд нь оруулжээ. Чуулганы үеэр “Пэйж ах болон тэр үед байсан бүх сүмийнхэн хуурамч чулууг болон үүнтэй холбоотой бүх зүйлийг үгүйсгэжээ” (Histories, Volume 1: 1832–1844, 452). Ярилцсан үнэнүүдийнхээ талаар мөн буруу зүйлд удирдагдахаас зайлсхийхэд тусалдаг тэдний үнэ цэнийн талаар гэрчлэлээ хуваалцаж, хичээлийг төгсгө.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Сургаал ба Гэрээ 28:1–4. Оливер Каудеригийн үүрэг хариуцлагууд

Их Эзэн Сургаал ба Гэрээ 28:1–4-т жагсааснаас гадна нэмэлт үүрэг хариуцлагыг Оливер Каудерид өгчээ. Оливер Каудери, Иосеф Смит хоёр Мормоны Номыг орчуулах бэлгийн түлхүүрүүдийг атгаж байсан (С ба Г 6:25–28-ыг үзнэ үү). Оливер “Есүс Христийн төлөөлөгч” мөн “сүмийн хоёр дахь ахлагч[аар]” үйлчилж байсан (С ба Г 20:3).

Сургаал ба Гэрээ 28:1–2, 8. Хувийн илчлэлт ба Их Эзэний бошиглогчоор дамжин ирэх илчлэлт

Бошиглогч Иосеф Смитэд өгсөн илчлэлтэндээ Их Эзэн зөвхөн Сүмийн ерөнхийлөгч сүмд зориулсан “зарлигууд хийгээд илчлэлтүүдийг хүлээн авах” эрхтэй гэж Оливер Каудерид хэлжээ (С ба Г 28:1–2-ыг үзнэ үү). Их Эзэн мөн Оливер Каудери тодорхой үүрэг хариуцлагуудын талаар “илчлэлтүүдийг хүлээн авах болно” гэж хэлжээ (С ба Г 28:8-ыг үзнэ үү). Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүкс хувийн илчлэлт болон санваарын удирдагчаар дамжуулан өгөх илчлэлтүүдийн талаар хэрхэн тэнцвэртэй байдлыг хадгалах талаар:

Зураг
Ахлагч Даллин Х.Өүкс

“Бидний Тэнгэрлэг Эцэг хүүхдүүддээ Өөртэйгөө харилцах харилцааны хоёр сувгийг өгсний нэгийг нь бид хувийн суваг гэж нэрлэдэг. Нөгөөх нь санваарын суваг юм. … Бид бүгд харилцааны энэ хоёр сувгийг ойлгодог, тэдгээр сувгаар удирдагддаг байх ёстой.

… Хувийн суваг нь бүрэн байдлаараа санваарын сувгаас тусдаа байдаггүй. Ариун Сүнсний бэлэг буюу Бурханаас хүнтэй харилцах хэрэгсэл нь санваарын түлхүүрүүдийг эзэмшдэг хүмүүсийн эрх мэдлээр олгогддог. …

… Харамсалтай нь Бурханы зарлигуудыг зөрчдөг, санваарын удирдагчдынхаа зөвлөгөөнд дуулгаваргүй ханддаг хүмүүс нь Бурхан тэдэнд зарим зарлиг, зөвлөгөөг бүү дага гэж илчлэлт өгсөн гэж хэлэх нь олонтоо байдаг. Ийм хүмүүс илчлэлт юм уу сүнсний удирдамжийг хүлээн авч болох ч тэдний бодож байгаа эх үүсвэрээс ирэхгүй нь тодорхой. Чөтгөр бол худал хуурмагийн эцэг бөгөөд Бурханы ажлыг зальжин, хуулбарлаж Түүний ажилд саад бэрхшээл учруулахыг цаг ямагт хүсдэг” гэж заажээ (“Харилцааны сувгууд,” Ensign, 2010 оны 11-р сар, 83–84 эсвэл 2012 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 89–90).

Сургаал ба Гэрээ 28:2. Сүмийн ерөнхийлөгчийн үүрэг

Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Жэймс Э.Фауст Сүмийн ерөнхийлөгч нь Сүмд зориулсан илчлэлтийг хүлээн авч чадах цорын ганц хүн гэж гэрчилжээ. Тэрээр энэ нь хэрхэн хожмын үеийн гэгээнтнүүдэд дэг хаяг мөн хамгаалалт авчирдаг болохыг:

Зураг
Ерөнхийлөгч Жэймс Э.Фауст

“Зарим хүн Сүмийн үндэслэгдэн зохион байгуулагдсан санваарын эрх мэдлээс гадуур илүү дээд сүнслэг бэлэг эсвэл эрх мэдлийг хүлээн авсан гэж тунхагладаг. Тэд сайн мэдээний зарчмууд болон ёслолуудад итгэдэг мөн Сүмийн ерөнхийлөгчийг хууль ёсны удирдагч гэж хүлээн зөвшөөрдөг хэрнээ ерөнхийлөгчид байхгүй илүү дээд эрх мэдэл тэдэнд байдаг гэж тунхагладаг. Энэ нь ихэвчлэн Сүмийн сургаалтай нийцэхгүй үйл ажиллагааг зөвтгөх шалтгаантай байдаг юм. Сүмийн ерөнхийлөгч дэлхий дээрх Бурханы хаант улсын бүх түлхүүрийг атгаж мөн ашигладаг болохоор үүнээс дээд эрх мэдэл гэж байхгүй юм. Их Эзэн Сүмийн ерөнхийлөгчийн талаар ‘түүнээс өөр хэн ч [зарлигууд хийгээд илчлэлтүүдийг хүлээн авахаар] томилогдохгүй’ гэж хэлжээ. (С ба Г 43:4). …

…Сүмд зориулсан үргэлжлэн ирэх илчлэлтүүд болон удирдлага нь Сүмийн ерөнхийлөгчөөр дамжин ирдэг ба тэрээр хэзээ ч гэгээнтнүүдийг буруу тийш удирдахгүй” гэж тайлбарлажээ (“The Prophetic Voice,” Ensign, 1996 оны 5-р сар, 6–7).

Сургаал ба Гэрээ 28:6. “Чиний тэргүүнд, мөн сүмийн тэргүүнд байгаа түүнд чи зарлиглах ёсгүй”

Сүмд тэднийг тэргүүлдэг хэн нэгнийг удирдах илчлэлтийг хувь хүмүүс хүлээн авдаггүй гэж бошиглогч Иосеф Смит заажээ:

Зураг
Бошиглогч Иосеф Смит

“Сүмийн аль нэг гишүүн эсвэл хэн нэгэн хүн өөрсдөөсөө дээгүүр, эрх мэдэлтэй хүмүүсийн өмнөөс заавар хүлээж авах нь Бурханы жаягт харш юм” (Сүмийн Ерөнхийлөгчдийн Сургаалаас: Иосеф Смит [2007 он], 223).

Сургаал ба Гэрээ 28:8–10. Леменчүүд

Леменчүүд гэдэг нэр томъёо нь Мормоны Номон дахь хэсэг бүлэг хүмүүсийг хэлдэг. Леменчүүд дундах олон хүн Лихайгийн хамгийн том хүү Лемений үр удам байсан юм. Сургаал ба Гэрээ 28:9 дэх Леменчүүд гэх Их Эзэний хэрэглэж буй нэр томъёо нь тэр үед Америкийн Нэгдсэн Улсын баруун хил хязгаарт амьдарч байсан Америкийн индианчуудын дундах Лихайн үр удмынхныг хэлж байгаа юм. 1830 оны 5-р сард Америкийн Нэгдсэн Улсын Конгресс америкийн бүх индианчуудыг Миссури мужийн баруун зүгт байдаг засгийн газрын индианчуудын нутаг дэвсгэр рүү шилжин нүүхийг шаардсан. Иймээс Оливер Каудери болон түүний хамтрагчид “леменчүүдийн ойролцоох хил дээр байх” (С ба Г 28:9) баруун Миссури рүү Америкийн индианчуудад сайн мэдээг заахаар аялжээ.

Мормоны Номонд Америкийн индианчууд зөвхөн Лихайгийн гэр бүлээс гаралтай гэж гардаггүй. Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Антони В.Айвинс хэлэхдээ:

Зураг
Ерөнхийлөгч Антони В.Айвинс

“Бид дүгнэлт хийхдээ болгоомжтой байх хэрэгтэй. Мормоны Ном нь эртний ертөнцөөс энэ тивд ирсэн … гурван өөр бүлэг хүмүүсийн түүхийг заадаг. Тэднийг энэ тивд ирэхээс өмнө өөр хүмүүс байгаагүй гэж Мормоны Номонд бичээгүй. Энэ номонд тэдний дараа өөр хүмүүс ирээгүй гэж бичээгүй. Тийм учраас өөр ястан овогтныг олж нээсэн нээлтүүд хийвэл энэ нь байж болох үндэслэлтэй юм. Учир нь энэ тивд тэднээс гадна өөр бусад хүмүүс ирсэн гэдэгт бид итгэдэг” (Ерөнхий чуулганы тайлан, 1929 оны 4-р сарын 15) гэжээ.

Сургаал ба Гэрээ 28:11. “Уг чулуунаас түүний бичиж авсан тэдгээр зүйлс нь надаас бус”

1800 оны эхээр баруун хойд Нью-Йоркт хүмүүс чулуу эсвэл шидэт саваагаар дамжуулан ер бусын мэдлэг хүлээн авч байна гэдэгт олон хүн итгэдэг байжээ. Хайрам Пейж өөрийнх нь эзэмшиж буй чулуун дээр үгс үзэгдсэн гэж хэлсэн. Тэрээр тэдгээр үгсийг хүлээж авч мөн цаасан дээр хуулж бичсэний дараа үгс чулуунаас арилж, өөр үгс гарч ирж байсан гэж хэлжээ (Documents: Volume 1: 1828 оны 7-р сар-1831 оны 6-р сар, Documents series of The Joseph Smith Papers [2013], 184-ийн 1-р ботийг үзнэ үү). Их Эзэн Хайрам Пейжийн хуурамч илчлэлтүүдийг буруутгажээ. Иосеф Смит Мормоны Номын нэг хэсгийг орчуулахдаа Урим ба Туммимаас гадна өсвөр үедээ олсон нэгэн үзмэрч чулууг ашигладаг байсан байж болох юм. Бошиглогч Мормоны Номыг орчуулахдаа хэрхэн Урим ба Туммимыг ашигладаг байсан тухай мөн орчуулгын үйл явцын өөр бусад өвөрмөц зүйлсийг харуулсан хэд хэдэн онол байдаг боловч Арван хоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч Нийл А.Максвэлл “бид зүгээр л нарийн учрыг мэдэхгүй” гэж хэлжээ (“By the Gift and Power of God,”Ensign, 1997 оны 1-р сар, 39). Иосеф Смит болон Хайрам Пейжийн хоорондох нэг чухал ялгаа нь Бурхан Иосеф Смитийг орчуулгын ажил хийлгэж, Сүмд зориулсан илчлэлт хүлээн авахуулахаар дуудсан(С ба Г 21:1–6-г үзнэ үү). Харин Сатан Хайрам Пейжийг болон түүний хэлсэн үгсэд итгэж буй хүмүүсийг хууран мэхэлж байна гэж Их Эзэн тодорхой хэлжээ (С ба Г 28:11-ийг үзнэ үү).

Тэргүүн Зөвлөлийн Ерөнхийлөгч Жэймс Э.Фауст Сатаны нөлөөг бидний амьдралд урьж болзошгүй үйл ажиллагаануудаас зайлсхийхийг бидэнд сануулж:

Зураг
Ерөнхийлөгч Жэймс Э.Фауст

“Сатан бол гэгээрүүлдэг зүйл биш юм. Би түүнийг агуу хуулбарлан дуурайгч гэж боддог. …

Сатан болон түүний нууцлалд сонирхолтой болох нь сайн зүйл биш юм. Чөтгөртэй ойр байснаар ямар ч сайн зүйл ирэхгүй. Энэ нь яг л галаар тоглож байгаа юм шиг галд шатах нь амархан байх болно. … Хамгийн аюулгүй зам нь түүнээс болон аливаа нүгэлт үйл ажиллагаанууд эсвэл хорт муу зуршлаас хол байх явдал юм. Чөтгөрийг хүндэтгэн бишрэх болон түүний ид шид, увидас, мэргэ төлөг, хар шидийн аюул болон бүхэл төрлийн чөтгөрийн зүйлсээс үргэлж зайлсхийх ёстой” гэж хэлсэн (“The Forces That Will Save Us,” Ensign, 2007 оны 1-р сар, 5).