Семинар
40-р хичээл: Сургаал ба Гэрээ 35


40-р хичээл

Сургаал ба Гэрээ 35

Оршил

Сүм зохион байгуулагдаад зургаан сарын дотор Оливер Каудери, Бага Петр Витмер хоёр Америкийн индианчуудад сайн мэдээг номлохоор дуудагджээ (С ба Г 28:8; 30:5-ыг үзнэ үү). Зиба Петерсон, Парлей П.Пратт нар удалгүй тэдэнтэй нэгдэхээр дуудагджээ (С ба Г 32-ыг үзнэ үү). Миссуригийн өрнөд хил хүрэх замдаа тэд Огайогийн Мэнтор болон Көртландад түр буудаллаж, сэргээгдсэн сайн мэдээний захиасыг Ахлагч Праттын найз болон санваартан байсан Сидней Ригдонтой хуваалцжээ. Маш богино хугацаанд Сидней Ригдон болон түүний цуглааны олон гишүүнийг хамруулж, 100 хүн баптисм хүртжээ. Энэ нь Сүмийн гишүүнчлэлийг хоёр дахин ихэсгэсэн юм.

Ахлагчид аяллаа үргэлжлүүлэхээр Көртландыг орхиж явах үед Сидней Ригдон болон түүний найз Эдвард Партриж хоёр бошиглогч Иосеф Смиттэй уулзахаар Нью-Йоркийн Фейетте рүү аялав. Тэднийг дөнгөж ирсний дараахан Иосеф Смит Сургаал ба Гэрээ 35-д цэдэглэгдсэн илчлэлтийг хүлээн авчээ. Үүн дээр Их Эзэн шинэхэн сэргээгдсэн Сүм дэх тодорхой үүрэг хариуцлагуудыг Сиднейд өгсөн байна.

Заах зөвлөмж

Сургаал ба Гэрээ 35:1–12

Их Эзэн Сидней Ригдонг агуу ажилд бэлтгэсэн гэдгээ хэлэв

Хичээл эхлэхээс өмнө дараах асуултыг самбар дээр бич. Их Эзэн таныг мэддэг бөгөөд таны амьдралд зориулсан төлөвлөгөөтэй байдаг гэдгийг мэдэхэд тань тусалсан ямар туршлагыг та олж авч байсан бэ?

Хичээлийг эхлэхдээ суралцагчдыг хэрвээ хүсвэл уг асуултад хариулахад урь.

Сургаал ба Гэрээ 35-д цэдэглэгдсэн илчлэлтэд Их Эзэн саяхан баптисм хүртэж, гишүүнээр батлагдсан Сидней Ригдон хэмээх хүнд хандаж хэлсэн гэдгийг тайлбарла. Их Эзэн бошиглогч Иосеф Смитэд туслах түүний үүргийн талаар хэлжээ. Суралцагчдыг Сиднейд өгсөн Их Эзэний заавруудыг судлах хооронд самбар дээрх асуултын талаар тунгаан бодоход урамшуулан дэмж.

Суралцагчдад Сидней Ригдоны зарим нөхцөл байдлыг ойлгоход нь туслахын тулд энэ хичээлийн оршлыг чангаар уншихад нэг суралцагчийг урь. Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 35:1–3-ыг чангаар уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, Их Эзэн Сидней Ригдонг болон түүний ажлыг мэдэж байсан нотолгоог олж мэдэхийг хүс.

  • Их Эзэн Сидней Ригдоны талаар мэдэж байсан ямар нотолгоог та олсон бэ?

  • Эдгээр шүлэг нь Их Эзэн болон бидний хоорондох харилцааны талаар юу хэлж байна вэ? (Суралцагчдыг хариулах үед дараах зарчмыг самбар дээр бич. Их Эзэн биднийг мэддэг бөгөөд бидний хүн нэг бүрээр хийлгэх ажил түүнд байдаг.)

  • Энэ үнэн яагаад бидэнд хамаатай вэ?

Их Эзэн биднийг хувь хүний хувьд мэддэг гэдгийг нотлохын тулд нэг суралцагчийг Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Нийл А.Максвэллийн дараах хэлсэн үгийг чанга уншихад урь.

Зураг
Ахлагч Нийл А.Максвэлл

“Бурхан маш удаан хугацааны туршид та нарыг нэг бүрчлэн мэддэг байсан гэдгийг би гэрчилж байна (С ба Г 93:23-ыг үзнэ үү). Тэрээр та нарыг урт, удаан хугацаанд хайрласан. … Тэрээр та нарын нэрийг мөн та нарын зовлон шаналал, баяр баясгаланг мэддэг!” (“Remember How Merciful the Lord Hath Been,” Ensign эсвэл Лиахона, 2004 оны 5-р сар, 46).

Зураг
Иохан Баптист Есүст баптисм хүртээсэн нь

Номлож байгаа эсвэл Аврагчид баптисм хүртээж байгаа Иохан Баптистын зургийг үзүүл (John the Baptist Baptizing Jesus, Gospel Art Book [2009 он], ду. 35; мөн LDS.org-г үзнэ үү). Иохан Баптист гэж хэн байсан мөн тэр хэрхэн бусдыг Есүс Христийн ирэлтэд бэлтгэснийг олж тогтоохыг суралцагчдаас хүс.

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 35:4–6-г чангаар уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, Сидней Ригдон Иохан Баптисттай юугаар адил байсныг олж мэдэхийг хүс.

  • 4-р шүлэгт цэдэглэгдсэнээр, Сидней Иохан Баптисттай юугаараа адил байсан бэ? (Тэрээр бусдыг сайн мэдээний бүрэн байдлыг хүлээн авахад бэлтгэсэн.)

  • Их Эзэн Сидней Ригдонг өмнө нь гүйцэлдүүлсэн ажлаасаа “илүү агуу ажилд” бэлтгэсэн хэмээн хэлжээ (С ба Г 35:3). Сургаал ба Гэрээ 35:6-д цэдэглэгдсэнээр, энэ “илүү агуу ажил”-ын нэг хэсэг нь юу байсан бэ? (Тэр зохих эрх мэдлээр дамжуулан баптисм хүртэж, Ариун Сүнсний бэлэг хүлээн авахад нь бусдад туслах байсан.)

Суралцагчдын амьдрал дахь туршлага болон нөхцөл байдлууд тэднийг ирээдүйн “илүү агуу ажил”-д хэрхэн бэлтгэж байгааг тунгаан бодоход тэднийг урь. Та тэдэнд энэ талаар дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ бичиж тэмдэглэх цаг өгч болно.

Сургаал ба Гэрээ 35:4 дэх “харин чи үүнийгээ мэдсэн нь үгүй” гэх хэллэгийг онцол. Сидней Есүс Христийн сэргээгдсэн Сүмийн талаар мэдэхээсээ өмнө өөрийгөө болон бусдыг үүнийг хүлээн авахад бэлтгэж байсан гэдгийг тайлбарла. Тэрээр Огайо дахь өөрийн сүм дэх хүмүүст Библи ашиглан зааж байхдаа үүнийг хийж байсан юм. Их Эзэний бидэнд зориулан хадгалсан тодорхой ажлуудыг бид мэдэхгүй байж болох ч Тэрээр биднийг мэддэг гэдэгт итгэлтэй байж болно. Бид Түүнийг дагахыг хичээснээр Түүний биднээр хийлгэхийг хүсч буй ажлыг гүйцэлдүүлэхэд Тэр бидэнд туслах болно.

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 35:7–11-ийг дотроо уншихад урь. Бурханд итгэж, итгэлээ хөгжүүлдэг хүмүүсийн амьдралд хожмын өдрүүдэд юу тохиолдохыг олж мэдэхийг тэднээс хүс.

  • Эдгээр шүлэгт цэдэглэгдсэнээр, Их Эзэн Өөрийг нь итгэлтэй дагадаг хүмүүст юу амласан бэ? (Суралцагчид өөр үгсийг ашиглаж болох ч дараах сургаалыг олж тогтоох ёстой. Их Эзэн Өөрийнх нь нэрэнд итгэх хүмүүсийн итгэлийн дагуу гайхамшгууд, тэмдгүүд хийгээд гайхалтай зүйлүүдийг үзүүлдэг.)

  • Та яагаад гайхамшгууд, тэмдгүүд хийгээд гайхалтай зүйлүүд нь итгэлтэй холбогдож байна гэж бодож байна вэ?

Сургаал ба Гэрээ 35:13–19

Их Эзэн Өөрийнхөө ажлыг хийлгэхээр дуудсан хүмүүст туслах болно хэмээн амлав

Суралцагчдыг хамтдаа спортын баг бүрдүүлэх гэж байна гэж төсөөлөхөд урь. Тэднээс багийн тоглогчид нь ямар давуу тал, ур чадваруудтай байхыг хүсч байгааг нь асуу.

Энэ илчлэлтэд Их Эзэн хаант улсыг нь байгуулахаар хожмын өдрүүдэд Түүгээр дуудагдах хүмүүсийн талаар тайлбарласан байдаг. Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 35:13-ыг чангаар уншихад урьж, ангийнхнаас Их Эзэний ажилдаа туслуулахаар сонгох хүмүүсийн зан чанаруудыг олж тогтоохыг хүс.

  • Энэ шүлэг дэх ямар хэллэг Их Эзэний ажилдаа туслуулахаар дуудсан хүмүүсийг тодорхойлж байна вэ?

  • Их Эзэний ажилдаа туслуулахаар дуудсан хүмүүс ямар байдлаар “дэлхийн сул дорой зүйлүүд” байж болох вэ?

  • Дэлхийн сул дорой гэж нэрлэгдсэн хүмүүс яагаад Их Эзэнд ажлыг гүйцэлдүүлэхэд нь туслах сайн дайчид байж болдог вэ?

Энэ шүлэг дэх шигших (эсвэл бутлах) гэдэг нь үр тариаг шигшихийг хэлж байгаа гэдгийг тайлбарла. Шигших гэдэг нь улаан буудай зэрэг үр тариаг иш болон хальснаас салгах үйл явц юм. Буудайг авч үлдэн, хальс болон ишийг нь хаядаг.

  • “Сүнснийхээ хүчээр үндэстнүүдийг шигших” гэдэг хэллэг нь юу гэсэн утгатай үг гэж та бодож байна вэ? (Та энэ нь сайн мэдээг хүлээн авахад бэлэн байгаа хүмүүсийг бэлэн биш байгаа хүмүүсээс салгах Их Эзэний хичээл зүтгэл гэдгийг ойлгоход нь суралцагчдад тусалж болно.)

  • Бид 13-р шүлгээс ямар үнэнийг мэдэж авч болох вэ? (Суралцагчид өөр үгсийг ашиглаж болох ч дараах зарчмыг олж тогтоох ёстой. Бурхан сул доройчуудыг Өөрийнхөө Сүнсний хүчээр ажлаа гүйцэлдүүлэхээр дууддаг. Энэ үнэнийг самбарт бич.)

  • Энэ үнэн нь номлолд үйлчлэхээс эмээж байгаа хэн нэгэнд хэрхэн туслах вэ? Энэ нь Сүм дээр заах дуудлагыг авсан ч тохирохгүй юм шиг санагдаж байгаа хэн нэгэнд хэрхэн туслах вэ? Энэ нь сайн мэдээг тунхаглахаар өдөөгдөж байгаа ч юу хэлэх эсвэл хийхээ мэдэхгүй байгаа хэн нэгэнд хэрхэн туслах вэ?

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 35:14–15-ыг дотроо уншаад, Их Эзэн ажилд нь туслах хүмүүсийг ямар арга замаар хүчирхэгжүүлэхээр амласныг олж мэдэхэд урь.

  • Биднийг Их Эзэний ажилд туслах үед Тэрээр биднийг хэрхэн адислах тухай тайлбарласан ямар хэллэгүүд эдгээр шүлэгт байна вэ?

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 35:17–19, 22-ыг чангаар уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, бошиглогч Иосеф Смитийн талаар Сидней Ригдонд өгсөн Их Эзэний зөвлөгөөг олж мэдэхийг хүс.

  • Их Эзэн бошиглогч Иосеф Смитийн талаар ямар зөвлөгөөг Сидней Ригдонд өгсөн бэ? (“Түүний итгэл алдрахгүйн тулд түүнийг харж хандагтун,” “түүнтэй үлдэгтүн” мөн “түүнийг бүү орхи.”)

  • Бид өнөөдөр энэ зөвлөгөөг Сүмийн удирдагчидтайгаа холбож хэрхэн хэрэгжүүлж болох вэ?

Сургаал ба Гэрээ 35:20–27

Их Эзэн Иосеф Смитийн төлөө бичиж, сайн мэдээг номлож, хийсэн гэрээнүүдээ сахихыг Сидней Ригдонд зарлиглав

Суралцагчдаас Сүм дэх дуудлага эсвэл үүрэг хариуцлагуудаа тодорхойлохыг хүс. Дараа нь суралцагчдаас Сургаал ба Гэрээ 35:20–23-ыг гүйлгэн харж, Их Эзэн Сидней Ригдонгоор гүйцэтгүүлэхээр дуудсан тодорхой үүрэг хариуцлагуудыг олж мэдэхийг хүс.

  • Их Эзэний Сидней Ригдонгоор гүйцэтгүүлэхээр дуудсан ямар үүрэг хариуцлагууд байсан бэ?

Сиднейн үүрэг хариуцлагуудын нэг нь Иосеф Смитийн бичээчээр ажиллах явдал байсан гэдгийг онцолж хэл. Иосефын өмнөх бичээч Оливер Каудери, Жон Витмер хоёр номлолд явсан байсан. Тэр үед Мормоны Номын орчуулга дууссан байсан боловч Их Эзэн Иосефт алдагдаж эсвэл өөрчлөгдсөн Библийн Хаан Жеймсийн хувилбарыг сэргээж мөн засварлахыг зарлиглажээ. Иосефт энэ ажилд туслах бичээч хэрэгтэй байсан. (Bible Dictionary, “Joseph Smith Translation.”-г үзнэ үү.)

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 35:24–25-ыг чангаар уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, хэрэв Сидней Их Эзэнтэй хийсэн гэрээнүүдээ сахих юм бол Тэрээр ямар адислалуудыг түүнд өгнө хэмээн амласныг олж мэдэхийг хүс. Та суралцагчдад олж мэдсэн зүйлээ тэмдэглэхийг санал болгож болно.

  • Их Эзэн та нарын сайн сайхны төлөө тэнгэрийг сэгсрэхэд хүргэнэ гэдэг нь юу гэсэн утгатай үг гэж та бодож байна вэ? (Их Эзэн Өөрийнхөө ажлыг гүйцэлдүүлж, хилэнцийг ялахад бидэнд туслахын тулд тэнгэрийн адислах хүчийг илгээх болно гэдэг нь байж болох хариулт юм. Мөн C ба Г 21:6-г үзнэ үү.)

Бурханы бидэнд зориулсан ажлыг хэрхэн амжилттай гүйцэлдүүлэх тухай зарчмыг олж тогтоосноор эдгээр шүлгийг нэгтгэн дүгнэхэд суралцагчдыг урь. Суралцагчид үүнийг өөрөөр тайлбарлаж болох ч тэдний хариултууд дараах зарчмыг тусгах ёстой. Бид зарлигуудыг сахиж, гэрээнүүдээ хүндэтгэснээр Их Эзэн бидэнд Өөрийнхөө ажлыг гүйцэлдүүлэхэд туслах болно. Энэ зарчмыг самбар дээр бич.

Суралцагчдын анхаарлыг самбар дээрх гурван үнэн рүү хандуул.

Их Эзэн биднийг мэддэг бөгөөд бидний хүн нэг бүрээр хийлгэх ажил Түүнд бий.

Бурхан сул доройчуудыг Өөрийн Сүнсний хүчээр Өөрийнхөө ажлыг гүйцэлдүүлэхэд дууддаг.

Бид зарлигуудыг сахиж, гэрээнүүдээ хүндэтгэснээр Их Эзэн Өөрийнхөө ажлыг гүйцэлдүүлэхэд бидэнд туслах болно.

  • Самбар дээрх гурван үнэн нь хэрхэн хоорондоо холбоотой байна вэ?

  • Та (эсвэл таны мэддэг хэн нэгэн) хэзээ Их Эзэний ажлыг гүйцэлдүүлэхийг эрэлхийлж байхдаа Түүний тусламжийг хүлээж авсан бэ?

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 35:26–27-г чангаар уншихад урьснаар хичээлийг дуусга.

  • Сургаал ба Гэрээ 35-аас сурсан зүйлс дээрээ тулгуурлан та Сидней Ригдон, Иосеф Смит хоёрт зүрх сэтгэлээ өргөж, баяртай байх ямар шалтгаанууд байсан гэж бодож байна вэ?

Суралцагчдыг зүрх сэтгэлээ өргөж, баяртай байх шалтгаануудаасаа хуваалцахад урь. Та Их Эзэний ажилд туслах хичээл зүтгэлд тань Тэрээр туслахад бэлэн байдгийг гэрчилж болно.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Сургаал ба Гэрээ 35:3–4. “Би … чамайг илүү агуу ажилд бэлтгэсэн юм”

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүкс Их Эзэний бидний амьдралд зориулсан төлөвлөгөөг хүлээн авахын ач холбогдлын талаар үг хэлсэн юм.

Зураг
Ахлагч Даллин Х.Өүкс

“Их Эзэнд итгэж найдвал бидний амьдралд юу ч тохиолдсон бай бидэнд хүлээн авах мөн тууштай байх хүч чадлыг өгдөг. …

… Амьдралынхаа үйл явдал бүрийг, бүр чухал үйл явдлыг хүртэл төлөвлөхөд бүү найд. Танд зайлшгүй нөлөөлөх асуудлуудад Их Эзэний төлөвлөгөөг болон бусдын сонгох эрхийг хүлээн зөвшөөрөхөд бэлэн бай. Мэдээж төлөвлөх хэрэгтэй боловч танд юу ч тохиолдсон бай давж гарахад тань туслах хувийн амлалтууддаа төлөвлөгөөгөө нийцүүл. Өөрийнхөө амьдралыг мөнхийн зарчмуудад суурилуул мөн ямар ч нөхцөл байдалд байсан бай, бусад хүн ямар ч үйлдэл хийсэн бай эдгээр зарчмыг амьдралдаа хэрэгжүүл. Дараа нь та Их Эзэний цаг хугацааг хүлээж, мөнхийн үр дагаварт итгэлтэй байж болно” (“Timing,” Ensign, 2003 оны 10-р сар, 17).

Сургаал ба Гэрээ 35:13–14. “Дэлхийн сул дорой зүйлүүд”

Ерөнхийлөгч Боид К.Пакэр:

Зураг
Ерөнхийлөгч Боид К.Пакэр

“Сүмд мэргэжлийн санваартнууд байдаггүй. Дэлхий даяарх удирдлагын албан тушаалтныг цугларагсад дундаас дууддаг.

Удирдах, заах, дуудах, томилох, залбирах, дуулах, ариун ёслолд бэлтгэх, зөвлөх зэрэг Сүмд хийгдэж буй бүх зүйл ‘дэлхийн сул дорой зүйлүүд’ болох эгэл жирийн гишүүдээр хийгддэг’” гэж заажээ (“The Weak and the Simple of the Church,” Ensign эсвэл Лиахона, 2007 оны 11-р сар, 6–7).

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жозеф Б.Вөртлин Их Эзэний ажилд туслахад өөрсдийгөө хангалтгүй эсвэл сул дорой гэж бодож байгаа хүмүүст дараах урам дэмийг өгчээ.

Зураг
Ахлагч Жозеф Б.Вөртлин

“Өөрсдийгөө хангалтгүй гэж бодож байгаагаас болж хойш сууж байгаа Сүмийн гишүүд та нараас би урагш алхаж, хамтдаа тэргийг түлхэхийг гуйж байна. Таны хүч чадал өчүүхэн хувь нэмрийг л оруулах байх гэж бодож байгаа ч Сүмд та хэрэгтэй байна. Их Эзэнд та хэрэгтэй байна. Их Эзэн ихэнхдээ Өөрийнхөө ажилд туслуулахаар ‘дэлхийн сул дорой зүйлүүд’-ийг сонгодог гэдгийг санаарай. [С ба Г 1:19.]

Сул дорой та бүхнийг Аврагчийн тайтгаруулагч үгс тайтгаруулах болтугай: ‘Эцэж туйлдсан, хүнд дарамт үүрсэн хүмүүс ээ, бүгд Над уруу ир. Би та нарт амралтыг өгье.’ [Матай 11:28.] Бүгдээрээ уг амлалтад найдацгаая. Бурханы хүч бидний сүнс болон бие махбодыг хүч чадал, эрч хүчээр дүүргэх болно. Би та бүхнийг уг адислалыг Их Эзэнээс эрэлхийлэхэд яаравчлуулж байна.

Түүнд ойрхон бай, Тэр та нарт ойрхон байх болно. Тэрээр ‘Эзэнд найдагчдын хүч нь шинэчлэгдэнэ. Тэд бүргэд мэт жигүүр дээрээ элин халина. Тэд гүйхдээ үл ядран, алхахдаа үл цуцна’ хэмээн амлажээ. [Исаиа 40:31.]

Заримдаа хамгийн удаан эхэлсэн хүмүүс хамгийн хол явж дуусгадгийг санацгаая” (“Concern for the One,” Ensign эсвэл Лиахона, 19).

Сургаал ба Гэрээ 35:13–14. “Бибээр тэдний бүсийг бүслэх болно”

Ерөнхийлөгч Томас С.Монсон Их Эзэн Өөрийнх нь ажлыг гүйцэлдүүлэхэд бидэнд туслах болно гэж заажээ.

Зураг
Ерөнхийлөгч Томас С.Монсон

”Одоо, та нарын зарим нь угийн ичимхий эсвэл өөрсдийгөө дуудлага хүлээж авахад таарах чадваргүй гэж бодож болно. Энэ ажлыг зөвхөн та нарынх ч биш, минийх ч биш гэдгийг санацгаагаарай. Энэ нь Их Эзэний ажил бөгөөд бид Их Эзэний ажлыг гүйцэтгэх үед, Их Эзэний туслалцааг авах эрхтэй юм. Их Эзэн Өөрийнхөө үүрүүлсэн ачааг дийлэх хүчийг танд өгөх болно” (“Сурах, хийх, байх,” Ensign, 2008 11-р сар, 62 эсвэл 2008 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 74–75).

Сургаал ба Гэрээ 35:19, 22. ”Түүнийг харж хандагтун … , түүнтэй үлдэгтүн, … түүнийг бүү орхи”

Их Эзэн ”[Иосеф Смитийг] харж хандагтун,” ”түүнтэй үлдэгтүн,” мөн ”түүнийг бүү орхи” (С ба Г 35:19, 22) хэмээн Сидней Ригдонд зарлиглажээ. Сидней Иосеф Смитийн үхлийн дараа Сүмийг эсэргүүцсэн ч бошиглогчийг амьд сэрүүн байхад нь түүнд үргэлж итгэлтэй байжээ. Тэрээр хичээнгүй мөн итгэлтэй Сүмийн удирдагч байсан ба Иосеф Смитийг Сүмийн ерөнхийлөгч байх үеийн туршид Тэргүүн Зөвлөлд үйлчилсэн цорын ганц зөвлөх юм. Сидней бошиглогчийн хажууд байхдаа маш хүнд зовлон бэрхшээлийг туулсан ба бошиглогчтой хамт агуу сүнслэг илэрхийллүүдийг хүлээн авч байхдаа баяртай байжээ.

Сургаал ба Гэрээ 35:20. Библийн Иосеф Смитийн Орчуулга

”Судрууд нь, бүр тэдгээр нь миний цээжинд байдагчлан … өгөгдөх болно” (С ба Г 35:20). Энэ хэсэг нь, сүнслэгээр өдөөгдсөн Библийн орчуулга дахь Иосеф Смитийн ажил нь Библийн эх хувь бичээсийг сэргээхээс илүү зорилготой байсан гэсэн үг юм. Библийн бичээс нь Их Эзэний Өөрөө илэрхийлэхийг хүссэн захиасыг хүргэх зорилготой байсан. Иосеф библийн бичээсийг засварлах буюу сэргээсэн төдийгүй Их Эзэний биднийг ойлгоосой хэмээн хүсч байгаа үнэнүүдийн талаар илүү бүрэн дүүрэн ойлголтыг өгөхийн тулд алдагдсан эх бичээсүүдийг мөн багтаажээ.

Сургаал ба Гэрээ 35:23. ”Түүний үгсийг нотлохын тулд ариун бошиглогчдод хандах ёстой”

Сидней Ригдон нь Библийн талаар сайн мэддэг туршлагатай номлогч байсан юм. Их Эзэн эдгээр бэлгийг сэргээгдсэн сайн мэдээг номлоход мөн библийн бошиглогчдын сургаалуудыг Иосеф Смитийн үгсийг дэмжихэд ашиглахыг түүнд даалгажээ.