Семинар
71-р хичээл: Сургаал ба Гэрээ 65


71-р хичээл

Сургаал ба Гэрээ 65

Оршил

1831 оны 9-р сарын 12-нд Иосеф Смит болон түүний гэр бүл Огайогийн Көртландаас зүүн урд зүгт 45 км зайд орших Огайогийн Хайрамд нүүж иржээ. Тэд Их Эзэний зөвлөгөөг дагаж энэ нүүдлийг хийсэн (С ба Г 63:65-ыг үзнэ үү). Бошиглогч болон түүний гэр бүл Сүмийн шинэхэн хөрвөгчид болох Жон болон Алис Жонсоны гэрт нүүж иржээ. Көртландаас нүүх болсон гол шалтгаан нь Библийн урмаар өгөгдсөн орчуулгын ажилдаа эргэн орох явдал байв. Хайрамд ирээд, Иосеф энэ ажилдаа эргэн оров. 1831 оны 10-р сарын 30-нд, Иосеф Смит Сургаал ба Гэрээ 65-д цэдэглэгдсэн илчлэлтийг хүлээн авчээ. Аврагчийн Хоёр дахь ирэлтэд бэлтгэхийн тулд сайн мэдээ бүх үндэстэнд хүрэх ба гэгээнтнүүд Бурханы хаант улсын өсөлтийн төлөө залбирах ёстой гэдгийг Их Эзэн энэ илчлэлтэд заажээ.

Заах зөвлөмж

Сургаал ба Гэрээ 65

Сайн мэдээ бүх дэлхийг бүрхэнэ хэмээн Их Эзэн тунхаглав

Суралцагчдыг тогтмол гуйж залбирдаг зүйлүүдээ хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ жагсаан бичихэд урь. Хэрэв тэд бичсэн зүйлээ хуваалцахдаа таатай мэдрэмжтэй байвал цөөн хэдэн суралцагчаас хуваалцахыг хүс.

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 65-ын оршил хэсгийг чанга уншихад урь. Энэ илчлэлтэд Их Эзэн бидний гуйж залбирч болох нэг зүйлийг хэлдгийг мөн ялангуяа хожмын өдрүүдэд тохионо гэж бошиглогдсон үйл явдлууд биелэхийг харах үедээ бид үүний төлөө залбирах ёстой гэдгийг тайлбарла.

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 65:1–2-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас дагаж уншаад, сайн мэдээг дэлгэрүүлэхийг Их Эзэн хэрхэн дүрсэлснийг олж мэдэхийг хүс.

  • Есүс Христийн сайн мэдээ хаана хүрэх вэ? (Суралцагчид дараах сургаалыг олж тодорхойлсон байх ёстой. Есүс Христийн сайн мэдээ дэлхийн төгсгөл хүртэл тарах болно. Энэ сургаалыг самбар дээр бич).

  • 2-р шүлэгт цэдэглэгдсэнээр, сайн мэдээ дэлхийг дүүргэх боломжийг бий болгохын тулд Их Эзэн юуг “хүмүүнд итгэмж[илсэн]” байдаг вэ? (Бурханы хаант улсын түлхүүрүүд. Та суралцагчдад “Хаант улсын түлхүүрүүд” гэдэг нь Сүмд тэргүүлэх санваарын эрх мэдлийг хэлдэг гэдгийг сануулах хэрэгтэй байж болно. Түлхүүрүүдээр дамжуулан Сүмийн ерөнхийлөгч сайн мэдээг номлох бидний хүчин чармайлтыг удирдан чиглүүлдэг. Тэрээр түлхүүрүүдийн заримыг нь ерөнхий болон орон нутгийн удирдагчдад даалган өгдөг.)

Зураг
Даниел Небухаднезарын зүүдийг тайлсан нь

Суралцагчдад Даниел Небухаднезарын зүүдийг тайлсан нь зургийг үзүүл (Сайн мэдээний зургийн цуглуулга [2009 он], д. 24; мөн LDS.org-ийг үзнэ үү). Суралцагчдыг Даниел Небухаднезарын зүүдийг тайлсан тухай юу мэддэгээ тайлбарлахад урь. (Та Даниел 2:31–45-ыг унших эсвэл хураангуйлах талаар бодож үзээрэй. Суралцагчдад Небухаднезар Хаан нэгэн зүүднээсээ болж санаа нь зовж байсан ба Их Эзэн уг зүүдийг болон үүний утгыг Даниелд илчилсэн гэдгийг ойлгоход тусал. Уг зүүдэнд, янз бүрийн хаант улсыг төлөөлсөн, агуу том баримал гар хүрэлгүйгээр уулаас цавчигдсан нэгэн чулуугаар устгагддаг. Энэ чулуу эхлээд жижиг байсан боловч бүх дэлхийг дүүргэх хүртлээ том болж байв.)

  • Сургаал ба Гэрээ 65:2-т цэдэглэгдсэнээр, гараар урагш өнхрүүлэлгүй уулнаас таслагдсан чулуу нь юу вэ? (Бурханы хаант улс. Энэ шүлэг дэх “Бурханы хаант улс” гэсэн хэллэг нь дэлхий дээрх Бурханы хаант улс болох Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийг хэлж байгаа гэдгийг тайлбарла. Та суралцагчдад энэ тайлбарыг 2-р шүлгийн дэргэд судар дээрээ тэмдэглэхийг санал болгож болно.

Хэрэв боломжтой бол, суралцагчдад дараах мэдэгдлийг хувилан тарааж өг. Ингэснээр тэд үүнийг судрынхаа завсар хадгалж чадна. Хэрэв үүнийг хийх боломжгүй бол та уг мэдэгдлийг самбар дээр бичээд, суралцагчдыг хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ хуулж авахыг хүс. Нэг суралцагчийг дараах мэдэгдлийг чанга уншихад урь.

Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли:

Зураг
Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли

“Бид хүний мэргэн ухаанаар бус харин Их Эзэн Есүс Христээр удирдагддаг дэлхий дээрх хамгийн агуу хаант улсын иргэд юм. Үүний оршихуй нь үнэн бодитой. Үүний хувь тавилан нь тодорхой. Энэ бол Даниелын ярьсан гараар урагш өнхрүүлэлгүй уулнаас таслагдсан чулуу бөгөөд дэлхийг дүүргэх хүртлээ урагш өнхрөх хаант улс мөн гэж хэлсэн байна. (Даниел 2:34–35-ыг үзнэ үү.)

“Мөнх бус хүн энэ хаант улсыг бүтээгээгүй” (“Pillars of Truth,” Ensign, 1994 оны 1-р сар, 4).

  • Даниелын бошиглол биелж байгаа ямар нотолгоог та нар хардаг вэ?

  • Энэ нотолгоо нь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаарх та нарын гэрчлэлийг хэрхэн хүчирхэгжүүлдэг вэ?

  • Дэлхий дээрх Бурханы хаант улсын нэг хэсэг байна гэдэг нь таны хувьд юу гэсэн үг вэ?

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэны хэлсэн дараах мэдэгдлийг чанга унш. Та уншихаасаа өмнө суралцагчдад мэдэгдлийн сүүлийн өгүүлбэрийн дундуур уншихаа түр зогсоно гэдгээ хэл. Суралцагчдаас анхааралтай сонсож мөн сүүлийн өгүүлбэрийг хэрхэн гүйцээх байсан талаар бодохыг хүс.

Зураг
Ахлагч Нийл Л.Андэрсэн

“Та нар яагаад яг энэ цаг үед дэлхий дээр ирсэн талаараа бодож байсан уу? Та нар Адам Евагийн үед эсвэл Египетийг фараонууд захирч байсан үед аль эсвэл Мин эзэнт гүрний үед төрөөгүй. Харин Есүс Христийн эхний ирэлтээс 20 зууны дараах өнөө үед төрсөн. Энэ бол Бурханы санваар дэлхийд сэргээгдэж, Их Эзэн сүрлэгээр залран ирэхэд бэлтгэхээр Өөрийн мутрыг сунгаж, дэлхийг бэлтгэж буй цаг үе билээ. Энэ бол агуу их боломж хийгээд чухал хариуцлагатай цаг үе юм. Энэ бол та нарын өдрүүд шүү. … Та нарын чухал үүргийн нэг бол …” (“Дэлхийг Хоёр дахь ирэлтэд бэлтгэх нь,” Ensign, 2011 оны 5-р сар 49 эсвэл 2011 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 52).

Цөөн хэдэн суралцагчийг ахлагч Андэрсэны хэлсэн үгийн сүүлийн өгүүлбэрийг яаж гүйцээх байснаа хуваалцахад урь. Тэгээд нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 65:3-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас дагаж уншаад, Их Эзэний хаант улсын гишүүдийн хувьд Түүний бидэнд өгсөн зарлигийг олж мэдэхийг хүс.

  • Их Эзэний замыг бэлтгэгтүн, Хурганы үдшийн зоогийг бэлтгэгтүн мөн Хүргэн Хүүгийн тулд бэлэн болгогтун гэсэн нь юу гэсэн үг вэ? (Эдгээр хэллэг нь дэлхийг Есүс Христийн Хоёр дахь ирэлтэд бэлтгэх үүрэг хариуцлагыг хэлж байгаа.)

Дараах үнэнийг самбар дээр бич. Өөрсдийгөө болон бусдыг Есүс Христийн Хоёр дахь ирэлтэд бэлтгэх үүрэг хариуцлага бидэнд бий. Та суралцагчдад энэ үнэнийг Сургаал ба Гэрээ 65:13-ын дэргэд судар дээрээ бичихийг санал болгож болно. Ахлагч Нийл Л.Андэрсэн энэ үнэнийг гэрчилсэн гэдгийг тайлбарла. Түүний хэлсэн үгийн сүүлийн өгүүлбэрийг бүтнээр нь унш. “Та нарын чухал үүргийн нэг бол Есүс Христийн Хоёр дахь ирэлтэд дэлхийг бэлтгэх явдал мөн” (“Дэлхийг бэлтгэх нь,” 52).

  • Та нар өөрсдийгөө болон бусдыг Хоёр дахь ирэлтэд бэлтгэх үүрэг хариуцлагаа бодох үедээ ямар бодол, мэдрэмжтэй байна вэ?

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 65:4-ийг чанга уншихад уриад, ангийнхнаас бид өөрсдийгөө болон бусдыг Хоёр дахь ирэлтэд бэлтгэхийн тулд юу хийж болохыг олж мэдэхийг хүс. Суралцагчдаас олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс.

  • Бид ямар арга замаар “[Их Эзэний] гайхамшигт ажлуудыг хүмүүсийн дунд мэдүүлж” чадах вэ?

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 65:5–6-г чанга уншихад уриад, ангийнхнаас бид ямар зүйлүүдийн төлөө залбирах ёстойг олж мэдэхийг хүс.

  • Эдгээр шүлэгт өгүүлснээр, Есүс Христийн Хоёр дахь ирэлтэд бэлтгэхдээ бид юуны төлөө залбирах ёстой вэ? (Суралцагчид энэ асуултад хариулах үед та тэднийг 6-р шүлгийг Матай 6:10 дахь Их Эзэний залбирлын үгстэй харьцуулахад урьж болно.)

  • Эдгээр зүйлийн төлөө залбирах нь өөрсдийгөө болон бусдыг Хоёр дахь ирэлтэд бэлтгэхэд бидэнд хэрхэн тусалж болох вэ?

Нэг суралцагчийг ерөнхийлөгч Томас С.Монсоны хэлсэн дараах үгсийг уншихад уриад, ангийнхнаас бид залбиралдаа багтаах ёстой зүйлийг олж мэдэхийг хүс.

Зураг
Ерөнхийлөгч Томас С.Монсон

“Өнөө үед сайн мэдээг чөлөөтэй хуваалцах боломжгүй байгаа, бидний нөлөө хүрч чадахгүй байгаа бүс нутгуудын төлөө үргэлж залбирч, итгэлтэй байхыг би та бүхнээс хүсэж байна. Ингэвэл гайхамшиг тохиох болно” (“Чуулганд тавтай морилно уу,”Ensign, 2009 оны 11-р сар, 6 эсвэл 2009 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 3).

  • Ерөнхийлөгч Монсоны хэлснээр, бид юуны төлөө залбирч байх ёстой вэ? Эдгээр залбирал Хоёр дахь ирэлтийн замыг бэлтгэхэд хэрхэн туслах вэ?

Ангийнхнаас Сургаал ба Гэрээ 65:1–2-ыг дахин гаргахыг хүсээд, нэг суралцагчаас эдгээр шүлгийг чанга уншихыг хүс.

  • Бид ямар арга замуудаар сайн мэдээгээр дэлхийг дүүргэх Их Эзэний ажилд оролцдог вэ? (Суралцагчдыг энэ асуултад хариулж байх үед, тэд энэ ажилд бүрэн цагийн номлогчдын хувиар оролцож болно гэдгийг харахад тэдэнд тусал. Түүнчлэн тэд гэртээ, тойрог ба салбартаа, сургуульдаа мөн нийгэмдээ үзүүлж буй нөлөөгөөрөө дамжуулан энэ ажилд одоо оролцож байгаа гэдгийг харахад нь тэдэнд тусал.)

Суралцагчдыг өөрсдийгөө болон бусдыг Хоёр дахь ирэлтэд бэлтгэхэд нь урамшуулан дэмж.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Сургаал ба Гэрээ 65. “Тэнгэрийн хаант улс ирж болохын тулд”

Сургаал ба Гэрээ 65-д цэдэглэгдсэн илчлэлтийн анхны гар бичмэл дээр дараах удиртгал үгс орсон байдаг. “Матайн 6-р бүлгийн 10-р шүлгийн талаарх үзмэрч Иосефын илчлэлт 1831 оны 10-р сарын 30” (Виллиам Э.Маклелины илчлэлтийн хуулбар, 1831 ны 10-р сарын 30 [С ба Г 65], iWilliam E. McLellin Papers, 1831–1878-д, Сүмийн Түүхийн Номын сан). Матай 6:10 нь Их Эзэний залбирлын дараах хэсгийг агуулдаг. “Таны хаанчлал ирэх болтугай. Хүсэл тань тэнгэрт шигээ газар дээр биелэгдэх болтугай.” Сургаал ба Гэрээ 65 дахь илчлэлт нь Их Эзэний хаант улс дэлхийд ирж, үргэлжлүүлэн урагш явах өөр арга замуудыг харуулдаг. Мөн энэ нь Их Эзэний залбирал дахь сүүлийн үгстэй төстэйгөөр дуусдаг. “Учир нь алдар хүнд, сүр хүч хийгээд алдар суу нь үүрд мөн мөнхөд таных билээ. Амен” (С ба Г 65:6; түүнчлэн Maтай 6:13-ыг үзнэ үү).

Сургаал ба Гэрээ 65:2. “Өвч дэлхийг дүүргэх хүртлээ”

Сүм зохион байгуулагдсаныхаа дараах эхний хэдэн жил маш жижиг байсан ч, Иосеф Смитэд үүний агуу хувь тавилангийн талаар бошиглолын мэдрэмж байсан юм. Огайогийн Көртландад 1834 оны дөрөвдүгээр сард болсон санваартны хурал дээр, бошиглогчийн тунхагласан зүйлийг Вилфорд Вүдрафф дурссан байдаг.

Зураг
Ерөнхийлөгч Вилфорд Вүдрафф

“Бошиглогч санваар эзэмшдэг бүх хүнийг тэндхийн сургуулийн жижигхэн дүнзэн байшинд цуглуулав. Энэ бол хааш хаашаагаа 4.25 метрийн хэмжээтэй жижигхэн байшин байлаа. Гэвч тэр үед Көртланд хотод байсан Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн бүх санваартан энэ байшинд багтаж байлаа. … Биднийг цуглахад Бошиглогч Израилын ахлагчдыг өөртэйгөө хамт энэ ажлын тухай гэрчлэлээ хэлэхийг уриаллаа. … Тэднийг дуусахад бошиглогч хэлсэн нь, ‘Ах нар аа, би өнөө орой та нарын гэрчлэлээс ихэд сэнхэрч, заавар хүлээн авлаа. Гэвч та нар энэ Сүм болон хаант улсын ирээдүйн талаар эхийнхээ өвөр дээр буй нялх хүүхэд лүгээ адил мэдэхгүй байгааг тань би Их Эзэний өмнө хэлэхийг хүсэж байна. Та нар үүнийг ойлгохгүй байна.’ Би нэлээд их гайхав. ‘Өнөө орой энд хуруу дарам цөөхөн санваартан байгааг та нар харж байна. Гэвч энэ Сүм Хойд, Өмнөд Америкийг дүүргэнэ—энэ нь дэлхийг дүүргэнэ’” гэж тэр хэлэв (Сүмийн Ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007], 156–157).