Семинар
74-р хичээл: Сургаал ба Гэрээ 68


74-р хичээл

Сургаал ба Гэрээ 68

Оршил

1831 оны 11-р сарын 1-нд бошиглогч Иосеф Смит Огайогийн Хайрамд нэгэн онцгой чуулган дээр ахлагчдын бүлэгтэй уулзжээ. Тэд бошиглогчийн хүлээн авсан илчлэлтүүдийн цуглуулга болох Зарлигуудын номыг хэвлэх талаар ярилцсан. Чуулган дээр байсан ахлагчдын дөрөв нь өөрсдийнх нь талаарх Их Эзэний хүслийг асуухыг Иосеф Смитээс хүсжээ. Энэ хүсэлтийн хариуд бошиглогч эдүгээ Сургаал ба Гэрээ 68-д цэдэглэгдсэн илчлэлтийг хүлээн авсан байна. Илчлэлт нь сайн мэдээг номлохоор дуудагдсан хүмүүст өгөгдсөн зөвлөгөө, бишопын дуудлагын тухай зааврууд болон эцэг эхчүүд хүүхдүүддээ сайн мэдээний зарчим, ёслолуудыг заах зарлигийг багтаадаг.

Заах зөвлөмж

Сургаал ба Гэрээ 68:1–12

Аврагч сайн мэдээг номлохоор дуудагдсан хүмүүст зөвлөв

Та эсвэл таны дотнын хүн Сүмийн номлолд үйлчилсэн бол, хүмүүс гэрээ орхиж, бүрэн цагийн номлогч болохоор бэлтгэх үедээ мэдэрдэг зарим мэдрэмжийг хуваалцаж хичээлээ эхлүүл. Тэгээд дараах асуултуудыг тавь.

  • Хэн нэгэн бүрэн цагийн номлолд үйлчлэх талаар юунд санаа зовж байж болох вэ?

  • Хүмүүс гэр бүлийн гишүүд болон найзуудтайгаа сайн мэдээг хуваалцахдаа сандардаг зарим шалтгаан юу вэ?

1831 оны 11-р сарын 1-нд болсон чуулганы үеэр номлогч болохоор дуудагдсан дөрвөн ахлагч Иосеф Смиттэй уулзаж, өөрсдийн талаарх Их Эзэний хүслийг мэдэхийг хүсжээ. Хариуд нь Их Эзэн сайн мэдээг номлох загварыг илчилсэн юм. Таван суралцагчийг ээлжлэн Сургаал ба Гэрээ 68:1–5-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас дагаж уншаад, энэ загварын хэсгүүдийг хайж олохыг хүс. Тэднийг уншихаас өмнө 2 болон 3-р шүлэг нь үлгэр жишээ гэсэн үгсийг агуулдаг гэдгийг онцлон хэл. Үлгэр жишээ гэдэг нь загвар юм.

  • Эдгээр шүлгээс та нар бид сайн мэдээг хэрхэн хуваалцах ёстой талаар юу харж байна вэ?

  • 3-5-р шүлэгт Их Эзэн үйлчлэгчдэдээ ямар амлалт өгсөн бэ?

  • Номлогчдыг хүлээн авдаг хүмүүст номлогчдын сүнслэгээр өдөөгдсөн үгс яаж нөлөөлөх вэ? (Суралцагчид өөр үгс хэрэглэж болох ч тэд дараах зарчмыг тодорхойлох ёстой. Их Эзэний үйлчлэгчид Ариун Сүнсээр хөдөлгөгдөх үед тэдний үгс хүмүүсийг аврал руу удирдах болно. Зарчмыг самбар дээр бич.)

  • Бид сайн мэдээг хуваалцахдаа Ариун Сүнсний нөлөөг урихын тулд юу хийж болох вэ?

Сайн мэдээг номлохоор томилогдсон хүмүүс үнэний талаар гэрчлэлтэй болоход нь хүмүүст тусалж чадах боловч зөвхөн Сүмийн ерөнхийлөгч Сүмийн өмнөөс Их Эзэний хүслийг хүлээн авч мөн тунхаглах эрх мэдэлтэй гэдгийг тайлбарла. Түүний удирдлаган доор Тэргүүн Зөвлөлийн гишүүд болон Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүд нь бидний талаарх Бурханы хүслийг тунхаглах эрх мэдэлтэй юм.

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 68:6-г чанга уншихад урь. Ангийнхнаас дагаж уншаад, Их Эзэний үйлчлэгчдэдээ өгсөн нэмэлт урмын үгсийг олж мэдэхийг хүс.

  • Номлогчид тайтгарал авчирч болох ямар үнэнийг та энэ шүлэгт харж байна вэ?

  • Их Эзэн итгэлтэй үйлчлэгчдийнхээ дэргэд зогсож байдаг гэдгийг мэдэх нь та нарын хувьд яагаад чухал вэ?

6-р шүлэг нь Их Эзэний үйлчлэгчдийн үндсэн үүрэг хариуцлага болох Есүс Христийг мөн Түүний өнгөрсөн, одоо болон ирээдүйн зорилгыг гэрчлэх үүрэгтэй гэдгийг тоймлосныг онцол. Их Эзэн Сүмийн итгэлтэй ахлагчдыг сайн мэдээг номлож мөн итгэсэн хүмүүст баптисм хүртээхээр дууддаг гэдгийг тайлбарласнаар Сургаал ба Гэрээ 68:7–12-ыг хураангуйл.

Та Сүнсээр удирдагдан сайн мэдээг хэн нэгэнтэй хэрхэн хуваалцахаа мэдсэн туршлагынхаа талаар хуваалцахыг бодож үзээрэй.

Сургаал ба Гэрээ 68:13–24

Тэргүүн Зөвлөл бишопуудын дуудлагыг хариуцах ёстой гэдгийг Их Эзэн илчлэв

Суралцагчдыг өөр итгэл бишрэлтэй найз нь тэднээс “Танай бишоп яаж сонгогдсон бэ?” гэж асууж байна гэж төсөөлж бодоход урь.

  • Та юу гэж хариулах вэ?

Эдвард Партриж Есүс Христийн сэргээгдсэн Сүмд дуудагдсан анхны бишоп байсан гэдгийг тайлбарла (1831 оны 2-р сарын 4; С ба Г 41:9-ийг үзнэ үү). Иосеф Смит Сургаал ба Гэрээ 68-д ( 1831 оны 11-р сард ) цэдэглэгдсэн илчлэлтийг хүлээн авахаас өмнө Бишоп Партриж Сүм дэх цорын ганц бишоп байжээ. Бошиглогч энэ илчлэлтийг хүлээн авсны дараахан өөр бишопууд дуудагджээ.

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 68:14–15-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас дагаж уншаад, бишопууд хэрхэн сонгогддогийг хайж олохыг хүс.

Тайлбар: 15–20-р шүлэг нь тэргүүлэх бишопоор дуудагдаж болох Аароны шууд удмынхны талаар заавруудыг агуулдаг. “Аароны шууд удам” гэсэн хэллэг нь Хуучин Гэрээн дэх Мосегийн ах Аароны үр удмыг хэлж байгаа юм. Энэ удмын хүн Тэргүүн Зөвлөлөөр дуудагдаж мөн батлагдвал Тэргүүлэх Бишопын албанд томилогдох эрхтэй. 16–20-р шүлэг нь тойргуудын бишопуудад бус зөвхөн тэргүүлэх бишопд хамаатай (Жозеф Фийлдинг Смит, Doctrines of Salvation, нэгтгэсэн Брүс Р:Макконки, 3-р боть. [1954–1956 он], 3:92–93). Сүмийн эхэн үеийн номууд дээр Бишоп Партрижийг тэргүүлэх бишоп гэж нэрлэсэн байдаг. Дараагийн хэдэн жилийн турш Тэргүүлэх Бишопын үүрэг хариуцлага бий болж мөн өөрчлөгдсөн. 1847 онд Винтер Квортерст бишоп Ньюел К.Витней энэ дуудлагыг хүлээн авснаар ерөнхийлөгч Бригам Янгийн удирдлаган доор Тэргүүлэх Бишопын үүрэг хариуцлагыг илүү бүрэн дүүрэн тодорхойлжээ.

Сүмийн эхэн үед Тэргүүн Зөвлөлийн гишүүд бүх бишопыг томилж мөн онцгойлон адисалдаг байсан гэдгийг та тайлбарлаж болно. Өнөө үед Сүмийн Тэргүүлэх Бишоп энэ маягаар дуудагддаг. Гэсэн хэдий ч, бишопуудыг дуудаж, томилж мөн онцгойлон адислах ажлыг Тэргүүн Зөвлөлийн удирдлаган доор гадасны ерөнхийлөгчид гүйцэтгэдэг. Гадасны ерөнхийлөгч, ерөнхийлөгчийн зөвлөл дэх зөвлөхүүдийнхээ дэмжлэгтэйгээр шинэ бишопыг хэзээ дуудах мөн хэнийг дуудахыг мэдэхийн тулд илчлэлт эрэлхийлдэг. Тэр санал болгож буй нэрээ Тэргүүн Зөвлөлөөр батлуулахаар илгээдэг. Тэргүүн Зөвлөл дуудлагыг баталсны дараа, тэд шинэ бишопыг томилж мөн онцгойлон адислах эрх мэдлийг гадасны ерөнхийлөгчид олгодог. (Нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл, Гарын авлага 2: Сүмийг удирдах нь [2010 он], 19.6-г үзнэ үү.)

  • Тэргүүн Зөвлөл бишопын тань дуудлагыг баталсан гэдгийг мэдэх нь таны хувьд яагаад чухал вэ?

Сургаал ба Гэрээ 68:25–35

Их Эзэн эцэг эхчүүдэд хүүхдүүддээ сайн мэдээг заахыг зарлиглав

Суралцагчдаас өөрсдийгөө хэдэн жилийн дараа эцэг эхчүүд болно гэж бодохыг хүс. Их Эзэн ээж аавуудад агуу үүрэг хариуцлагыг даалгасан ба тэд хүүхдүүддээ үг болон жишээгээрээ сайн мэдээг заах ёстой (С ба Г 29:46–50 болон энэ гарын авлагын төгсгөл дэх хавсралтад байгаа “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг” үзнэ үү). Тэднийг хүүхдүүддээ заах гурван зарчмыг хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ бичихэд урь.

Суралцагчдыг хоёр хоёроор нь хуваарил. Тэднээс санаануудаа өөр хоорондоо хуваалцахыг хүс. Тэднийг Сургаал ба Гэрээ 68:25–27-г хамтдаа уншаад, өөрсдийнхөө жагсаалтад нэмж болох зүйлсийг хайж олоход урь.

  • Их Эзэн эцэг эхчүүдэд хүүхдүүддээ юу заа хэмээн зарлигласан бэ? (Суралцагчид дараах сургаалыг тодорхойлох ёстой. Их Эзэн эцэг эхчүүдэд хүүхдүүддээ наманчлалын сургаал, Христэд итгэх итгэл, баптисм ба Ариун Сүнсний бэлгийг ойлгохыг заахыг зарлигласан. Та суралцагчдыг 25-р шүлэг дээр энэ сургаалыг заасан хэллэгүүдийг тодотгон тэмдэглэхэд урьж болно.)

  • Наманчлалыг ойлгох нь бяцхан хүүхдүүдэд яагаад чухал гэж та нар бодож байна вэ? Христэд итгэх итгэлийг? Баптисмыг? Ариун Сүнсний бэлгийг?

Суралцагчдыг эцэг эхчүүд нь тэдэнд Сургаал ба Гэрээ 68:25-д дурдагдсан зарчмууд болон ёслолуудыг зааж байхыг харсан үеийнхээ талаар бичихэд урь. Тэднийг бичиж дууссаны дараа, цөөн хэдэн суралцагчийг бичсэн зүйлийнхээ тухай хуваалцахыг хүс.

Суралцагчдыг дараагийн үйл ажиллагааг хоёр хоёроороо үргэлжлүүлэн хийхийг хүс. Сургаал ба Гэрээ 68:28–31-д Их Эзэн эцэг эхчүүдэд нэмэлт зөвлөгөө өгсөн гэдгийг тайлбарла. Дараах мэдээллийн хуулбарыг хамтрал бүрд өг. Хамтралуудыг судрын хэсэг бүрийг уншиж, асуултуудыг хамтдаа ярилцахад нь урамшуул. Тэд дууссаныхаа дараа, олж мэдсэн зүйлээ ангийнхандаа хэлнэ гэдгийг тайлбарла.

  1. Сургаал ба Гэрээ 68:28-ыг уншаад, Их Эзэн эцэг эхчүүдэд хүүхдүүддээ юу заа хэмээн зарлигласныг олж мэд.

    • Хүүхдүүддээ залбирахыг заах нь та нарын хувьд яагаад чухал гэж бодож байна вэ?

    • Та нар залбирахыг хэрхэн заалгасан бэ? Залбирал та нарыг болон гэр бүлийг тань хэрхэн адисалсан бэ?

    • “Их Эзэний өмнө цэх шулуун алхах” гэдэг нь юу гэсэн үг гэж та нар бодож байна вэ?

  2. Сургаал ба Гэрээ 68:29-ийг уншаад, Их Эзэн бидэнд юу хийхийг зарлигласныг олж мэд.

    • Та нар хүндэтгэлийн өдрийг ариунаар нь сахих талаар юу сурсан бэ?

    • Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахихын тулд та нар юу хийж чадах вэ?

  3. Сургаал ба Гэрээ 68:30-ийг уншаад, Их Эзэний сэрэмжлүүлгийг олж мэд. Залхуурагчид гэдэг үг нь залхуу хүнийг хэлж байгааг анхаар.

    • Та нар шаргуу хөдөлмөрөөс ирдэг адислалуудыг хэзээ харж байсан бэ?

    Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимлоос дараах хэсгийг унш.

    “Их Эзэн биднийг бүү залхуур хэмээн тушаасан. Залхуурал нь зохисгүй ааш авир, бүтэлгүй харилцаа болон гэм нүглүүдэд хөтөлдөг. Залхуурлын нэг шинж нь интернет, видео тоглоом болон зурагт үзэх зэрэгт дэндүү их цаг заваа зарцуулж, цагийг үр бүтээлгүй өнгөрөөх юм” (Залуучуудын бат бөх байдлын төлөө [товхимол, 2011], 40).

    • Залхуурал нь хэрхэн ёс бус байдал руу удирдаж болох вэ?

    • Хүнд залхуурах хандлагаа даван туулахад тусалж болох зарим ямар зүйл байдаг вэ?

  4. Сургаал ба Гэрээ 68:31–32-ыг уншаад, Сион дахь гэгээнтнүүдэд өгсөн Их Эзэний өгсөн зөвлөгөөг олж мэд.

    • Шунал гэр бүлд хэрхэн нөлөөлж чадна гэж та нар бодож байна вэ?

    • Бид аминч үзэл болон шуналыг даван туулахын тулд амьдралдаа юу хийж чадах вэ?

Суралцагчид энэ үйл ажиллагааг хийж дууссаны дараа тэднээс сурсан зүйлээ хуваалцахыг хүс. (Нэг суралцагчийг самбарт бусад суралцагчийн хариултуудыг бичихэд урих талаар бодож үзээрэй.) 31 болон 32-р шүлэг дээрээс таны онцолж болох нэг зарчим бол бид амьдралаасаа залхуурал болон шунаг байдлыг арилгах ёстой гэсэн зарчим юм. (Суралцагчид энэ зарчмыг ярилцах үед, бид аз жаргалтай байхын тулд найзууддаа байгаа бүх зүйлийг авах хэрэггүй гэдгийг та онцлон хэлж болно.)

  • Сайн мэдээний жишгүүдийг зааж мөн дагаж амьдрах нь эцэг эхчүүдэд яагаад чухал гэж та нар бодож байна вэ?

  • Залуу эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүд “Их Эзэний өмнө цэх шулуун алхахад” гэр бүлүүддээ туслахын тулд юу хийж болох вэ?

Хэрэв та эцэг эх бол Сургаал ба Гэрээ 68 дахь Их Эзэний зарлигуудыг дагахад хүүхдүүдэд тань тусалдаг арга замуудад талархаж байгаагаа илэрхийлж болно. Суралцагчдыг сайн эцэг эх болоход нь тэдэнд туслах нэг зорилго бичихэд урь. Эсвэл тэднийг эцэг эхчүүдэд нь үүргээ биелүүлэхэд нь туслах зорилго бичихэд урь. Та цөөн суралцагчаас зорилгуудаа ангийнхантайгаа хуваалцаж болно.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Сургаал ба Гэрээ 68:3–4. “Мөн Ариун Сүнсээр урагш хөдөлгөгдөх тэд юуг ч ярилаа гэсэн”

Ерөнхийлөгч Ж.Рүбэн Кларк Тэргүүн Зөвлөл болон Арван хоёр Төлөөлөгчийн Чуулга л Бурханы оюун болон хүслийг Түүний хүмүүст тунхаглах эрх, хүч чадал мөн эрх мэдэлтэй байдгийг тайлбарлажээ.

Зураг
Ерөнхийлөгч Ж.Рүбэн Кларк

“[Бид] ерөнхий эрх мэдэлтнүүдийн зарим нь маш онцгой дуудлагыг хүлээн авсан гэдгийг [санаж байх] хэрэгтэй; тэд онцгой бэлгийг хүлээн авсан байдаг; тэд бошиглогч, үзмэрч, илчлэгчээр дуудагдсан бөгөөд тэгснээр хүмүүст заах онцгой сүнслэг бэлэгтэй байдаг. Тэдэнд Бурханы оюун ухаан болон тааллыг хүмүүст нь заах эрх мэдэл, хүч байдаг бөгөөд тэд Сүмийн ерөнхийлөгчийн бүхий л хүч болон эрх мэдэлд харьяалагддаг. Бусад ерөнхий эрх мэдэлтнүүд нь заахын хувьд энэхүү онцгой сүнслэг бэлэг, эрх мэдлийг аваагүй байдаг бөгөөд бусдад заахдаа үзүүлэх хүч, эрх мэдлийн хязгаар нь Сүмийн бусад удирдагч, гишүүдэд хамаардаг. Учир нь тэдний хэн нь ч бошиглогч, үзмэрч мөн илчлэгч байх сүнсний бэлгийг хүлээн аваагүй юм. Түүнчлэн, сая миний хэлснээр Сүмийн ерөнхийлөгч илүү их сүнсний онцгой бэлэгтэй байдаг. Учир нь тэр бүхэл Сүмийн Бошиглогч, Үзмэрч мөн Илчлэгч билээ” (“When Are Church Leaders’ Words Entitled to Claim of Scripture?”Church News, 1954 оны 7-р сарын 31, 9–10).

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсон, бошиглогч зөвхөн Ариун Сүнсээр хөдөлгөгдсөн үедээ бошиглогчийн хувиар ярьдаг гэдгийг тайлбарлажээ.

Зураг
Ахлагч Д.Тодд Кристоффэрсон

“Сүмийн өнгөрсөн болон орчин үеийн удирдагчийн хэлсэн үг болгоныг сургаал гэж үзэх ёстой биш гэдгийг бас санах хэрэгтэй. Нэгэн удирдагчийн нэг удаа хэлсэн үг нь хувийн, тунгаан бодсон үзэл бодлыг л илэрхийлдэг болохоос, бүхэл Сүмийн хувьд албан ёсны зүйл биш гэдгийг Сүмийн гишүүд ойлгодог. Бошиглогч Иосеф Смит, ‘бошиглогч нь бошиглогчийн үүргээ гүйцэтгэж байх үедээ л бошиглогч байдаг’ гэж заасан [History of the Church, 5:265]. Ерөнхийлөгч [Ж.Рүбэн] Кларк:

‘… Өөрсдийн үзэл бодлыг илэрхийлж байгаа ах нар “Ариун Сүнсээр нөлөөлөгдсөн” эсэхийг гишүүдэд мэдрэгдсэн Ариун Сүнсний гэрчлэлээр Сүм мэдэх бөгөөд цаг нь ирэхэд бусад хүн үүнийг бас мэдэх болно‘ [J. Reuben Clark Jr., “When Are Church Leaders’ Words Entitled to Claim of Scripture?” Church News, 1954 оны 7-р сарын 31, 10.]” (“Христийн Сургаал,” Ensign, 2012 оны 5-р сар, 88, 89 эсвэл 2012 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 93–97).

Сургаал ба Гэрээ 68:15–21. “Аароны шууд удам”

Бошиглогч Жозеф Фийлдинг Смит Сургаал ба Гэрээ 68:15–21-д Их Эзэний өгсөн удирдамж нь зөвхөн Сүмийн Тэргүүлэх Бишопын албан тушаалд хамаарна хэмээн заасан.

Зураг
Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит

“Илчлэлтэд яригдсан бишопын зөвлөлд хууль ёсны эрхтэй хүн нь ууган хүү юм. Ууган хүү болж төрсөн учраас тэр үүний ‘түлхүүрүүд буюу эрх мэдлийг’ авах эрхтэй байдаг. Энэ нь зөвхөн Аароны санваарыг тэргүүлдэг хүнд хамаарна. Энэ нь тойргуудын бишопуудад хамаарахгүй. Цаашилбал, ийм хүн Сүмийн Тэргүүн Зөвлөлөөр тодорхойлогдож мөн тэдний гараар томилогдох ёстой. Энэ албан тушаал дахь хууль ёсны эрхээ хүчин төгөлдөр болгох илчлэлт нь патриархаас бус, харин Ерөнхийлөгчийн зөвлөлөөс ирдэг. Ийм шууд удам байхгүй байгаа үед Ерөнхийлөгчийн зөвлөлөөр сонгогдсон ямар ч дээд санваартан Тэргүүлэх Бишопын албанд томилогдож мөн зөвлөхүүдтэй хамт үйлчилж болно” (Doctrines of Salvation, хянасан Брүс Р.Макконки, 3-р боть [1954–1956], 3:92–93; налуу бичилтийг хэвээр нь үлдээв).