Семинар
94-р хичээл: Сургаал ба Гэрээ 88:118–141


94-р хичээл

Сургаал ба Гэрээ 88:118–141

Оршил

Энэ бол Сургаал ба Гэрээ 88-ын дөрвөн хичээлийн сүүлийнх нь юм. Энэ илчлэлт 1832 оны 12-р сарын 27, 28-нд (1–126-р шүлэг), 1833 оны 1-р сарын 3-нд (127–141-р шүлэг) болсон дээд санваартнуудын чуулган дээр өгөгдсөн юм. Энэ хичээл нь Сургаал ба Гэрээ 88:118–141-ийг хамардаг. Уг илчлэлтийн энэ хэсэгт Их Эзэн Иосеф Смитийн удирдлаган доор Бошиглогчдын сургуулийг зохион байгуулахыг санваартны бүлэгт зарлигласан. Сургуульд хамрагдсан хүмүүс нь судлахаар, итгэлээр мөн бие биенээ хайрлаж, нөхөрлөхөөр хамтдаа суралцаж байсан.

Заах зөвлөмж

Сургаал ба Гэрээ 88:118–126

Их Эзэн суралцах загварыг тодорхойлов

Дараах асуултуудыг ярилцсанаар хичээлээ эхэл.

  • Та яг одоо сургууль дээрээ юуны тухай суралцаж байна вэ? Гэртээ юунд суралцаж байна? Ажил дээрээ юунд суралцаж байна? Сүм дээр юунд суралцаж байна?

  • Математик эсвэл шинжлэх ухаан зэрэг хичээлийн талаар суралцах нь сайн мэдээнээс суралцахаас юугаараа ялгаатай вэ? Энэ нь юугаараа адилхан байж болох вэ?

1833 оны 1-р сард Огайогийн Көртландад бүлэг санваартнууд дэлхий даяар сайн мэдээг номлоход өөрсдийгөө бэлтгэхээр Бошиглогчдын сургууль гэж нэрлэгддэг газарт хамтдаа уулз гэсэн Их Эзэний зарлигийг дагасан гэдгийг тайлбарла. Тэднийг уулзахад Их Эзэн тэдгээр ах нарт хамт суралцах үедээ Сүнсээр дамжуулан хэрхэн сэнхэрсэн эсвэл өргөгдсөн байхыг заасан. Суралцагчдыг өнөөдөр Сургаал ба Гэрээ 88:118–141-ийг судлахдаа суралцах тухай зарчмуудыг олж мэдэхэд урь.

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 88:118-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас хамт уншаад, Бошиглогчдын сургуулийн гишүүд суралцахыг хэрхэн эрэлхийлж байсныг олж мэдэхийг хүс.

  • Энэ ах нар хэрхэн суралцахыг эрэлхийлж байсан бэ?

  • Та нар “судлахаар мөн тэрчлэн итгэлээр” суралцах гэдэг нь юу гэсэн үг гэж бодож байна вэ?

Суралцагчдад итгэлээр суралцах гэдэг нь ямар утгатайг ойлгоход туслахын тулд тэдний нэгийг Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднарын хэлсэн дараах мэдэгдлийг чанга уншихад урь.

Зураг
Ахлагч Дэвид А.Бэднар

“Итгэлээр суралцах нь идэвхгүй хүлээн авах биш, харин сүнслэг байдал, оюун ухаан, бие бялдрын хувьд идэвхтэй хичээж чармайхыг шаарддаг. …

… Итгэлээр суралцах нь багшаас суралцагч руу лекц, үзүүлэх сургалт эсвэл туршлагын дасгалуудаар дамжуулан шилждэггүй, харин суралцагч өөртөө мэдлэг олж авахын тулд итгэлээ ашиглаж мөн үйлдэх ёстой байдаг” (“Seek Learning by Faith,” Ensign, 2007 оны 9-р сар, 64).

Бид идэвхтэй, залбиралтайгаар суралцах боломжуудад оролцож дараа нь суралцсан зүйлийнхээ дагуу үйлдсэнээр итгэлээр суралцаж чадна гэдгийг тайлбарла. Бид дуулгавартай байдлаар дамжуулан итгэлээ бодитой болгоход суралцдаг.

  • 118-р шүлгийн эхэнд, Их Эзэн зарим нь итгэлгүй байгааг дурдсаныг анзаар. Бид энэ шүлгээс итгэлээ хэрхэн өсгөх талаар юу суралцаж болох вэ? (Суралцагчдыг дараахтай төстэй зарчмыг олж тогтооход тусал. Хэрэв бид судлахаар мөн итгэлээрээ дамжуулан суралцахыг идэвхтэйгээр эрэлхийлбэл Есүс Христэд итгэх бидний итгэл өсөх болно. Та энэ зарчмыг самбар дээр бичиж болно.)

Тэд энэ зарчмыг амьдралдаа хэрэглэж болох зарим нөхцөл байдлыг ойлгоход нь суралцагчдад туслахын тулд дараах нөхцөл байдлыг чанга унш. Нөхцөл бүрийг уншсаны дараа, суралцагчдаас судлахаар болон итгэлээр суралцахыг хэрхэн идэвхтэй эрэлхийлж болох тухай тайлбарлахыг хүс. Ингэж хийх нь итгэл өсөхөд хэрхэн туслах талаар тайлбарлахыг тэднээс хүс.

  1. Нэгэн залуу эмэгтэй судраас тогтмол уншдаг ч уншсан зүйлийнхээ тухай бодох цаг гаргах нь тун ховор. Түүнд судраас унших нь ашиг тустай гэж санагддаггүй.

  2. Залуу эрэгтэй сүмийн цуглаануудад сууж, ангийн ярилцлагуудад оролцох дуртай. Заримдаа тэр сурсан зүйлдээ үндэслэн амьдралдаа өөрчлөлт хийх өдөөлтийг мэдэрдэг боловч ихэнхдээ эдгээр өдөөлтийн дагуу үйлддэггүй.

Ангийнхнаас эдгээр нөхцөлийг хэлэлцсэний дараа дараах асуултуудыг тавь.

  • Та нар судлахаар болон итгэлээр суралцахыг идэвхтэйгээр эрэлхийлсний үр дүнд итгэл тань өсөхийг хэзээ мэдэрсэн бэ? Таны үйлдэл итгэлийг тань өсөхөд хэрхэн тусалсан бэ?

Сургаал ба Гэрээ 88:119-ийг дотроо уншихад суралцагчдыг урьж, Их Эзэн Мурдокийг юу хийлгэхээр дуудсаныг олж мэдэхийг хүс. Суралцагчдаас олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс.

119-р шүлэгт дүрсэлсэн өргөө барих зарлигийн хариуд гэгээнтнүүд эцэст нь Көртландын ариун сүмийг барьсан гэдгийг тайлбарла. Ариун сүмийг баригдаж байх үед Бошиглогчдын сургууль Көртланд дахь Ньюел К.Витнейгийн дэлгүүрийн дээд өрөөнд цугладаг байсан.

  • 119-р шүлэг дэх зөвлөгөө нь Бошиглогчдын сургууль хэмээн ах нарын уулздаг байсан газартай ямар холбоотой байж болох вэ? Бидний гэртэй ямар холбоотой байж болох вэ? Сургуульд сурах таны хувийн чармайлттай ямар холбоотой байж болох вэ? (Бошиглогчдын сургууль нь энэ шүлэгт заасан зарчмуудын дагуу загварлагдсан. Бидний гэр орон залбирлын, мацгийн, итгэлийн, суралцахын, дэг журмын өргөө байж чадна.)

Ангийнхныг хоёр хоёроор хуваа. Суралцагчдыг хамтрагчтайгаа хамт Сургаал ба Гэрээ 88:121–126-г судлаад, Их Эзэн Бошиглогчдын сургуулийн ах нараас биеэ хэрхэн авч явахыг шаарддагийг олж тогтооход урь. Та тэдэнд олж мэдсэн зүйлээ тэмдэглэхийг зөвлөж болно. Суралцагчдыг эдгээр шүлгийг судалж байх зуур хамтрал болгоныг судраас судалсныхаа дараа хамт гүйцэтгэхэд зориулсан дараах зааврыг самбар дээр бич.

Сайн мэдээг суралцахаар эрэлхийлж буй өсвөр үеийнхэнд аль зөвлөгөө нь илүү ач тустай болохыг шийд. Та яагаад эдгээр үйлдэл хэн нэгнийг сайн мэдээнээс суралцахад туслах ач холбогдолтой гэж боддогоо ярилц.

Суралцагчдад Их Эзэний зөвлөгөөг уншиж, ярилцах хангалттай цаг гаргаж өгсний дараа, хэдэн суралцагчийг ярилцлагаасаа олж мэдсэн зүйлээ тайлбарлахад урь. Тэднийг хариулж байхад Их Эзэний зарим зөвлөгөөг ойлгоход нь туслахын тулд дараах асуулт, тайлбаруудын заримыг ашиглаж болно.

  • “Өөрсдийнхөө бүхий л хөнгөмсөг үг ярианаас, чанга инээдээс, … хөнгөмсөг зангаасаа … болигтун” (121-р шүлэг) гэдэг нь юу гэсэн утгатай гэж та бодож байна вэ? Яагаад эдгээр зүйлийг сүнслэг орчинд хийхээс зайлсхийх нь ариун нандин зүйлсээс суралцах бидний чармайлтад тустай вэ?

Бошиглогчдын сургуулийн цуглаан нь ариун нандин байх ёстой байсан гэдгийг тайлбарла. Чанга инээд, хөнгөмсөг үг ярианы талаарх тэдгээр заавар нь Бошиглогчдын сургуульд оролцож буй хүмүүсийг ариун нандин орчинд хүндэтгэлтэй байх хэрэгтэй гэсэн утгатай байсан. Эдгээр цуглаан нь сүүлдээ ариун сүмд явагдах болно.

  • 122-р шүлэгт бүгдээрээ гэдэг үг давтагдаж байгааг анзаараарай. Суралцагчид бүгдээрээ хичээлд оролцож, бие биенээсээ суралцахаар хичээх нь ангид хэрхэн нөлөөлж болох вэ?

  • Та нар “шаардлагатайгаас илүү удаан” унтах нь бидний суралцах эсвэл Сүнсийг мэдрэх чадварт хэрхэн нөлөөлдөг гэж бодож байна вэ? Зохих хэмжээгээр унтах, эрт босох нь ямар арга замаар биднийг илүү сайн суралцахад тусална гэж та нар бодож байна вэ?

  • Та нар Сургаал ба Гэрээ 88:118–126-д өгсөн суралцах тухай зөвлөгөөг хэрхэн товч дүгнэх вэ? (Суралцагчид янз бүрийн зарчмуудыг тодорхойлж болно. Тэднийг хариулсны дараа, дараах зарчмыг самбар дээр бич. Зөв шударга үйлдэл хийж, шударга бусыг зогсоох нь биднийг суралцахад мөн сэнхэрсэн байхад туслах болно.)

  • Энэ шүлэгт дурдсан зан авируудын алийг нь бид сайн мэдээг илүү сайн суралцаж, хамтдаа сэнхэрч болохын төлөө семинарын ангидаа хэрэгжүүлж эсвэл хаяж болох вэ?

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 88:121–126-г дахин уншаад, тэд ямар зөвлөгөөг амьдралдаа илүү бүрэн дүүрэн хэрэгжүүлэх хэрэгтэйг тунгаан бодоход урь. Тэднийг сурсан зүйлээ хэрэгжүүлэх зорилгоо бичиж авахад урамшуул.

Сургаал ба Гэрээ 88:127–141

Их Эзэн Бошиглогчдын сургуулийн журмыг тогтоов

Суралцагчдыг самбарын өмнө гарч ирээд, сайн мэдээ судалдаг зарим орчноо жагсаахад урь. (Хариултад дараах зүйлс орж болно. Ням гараг, Залуу эмэгтэйчүүдийн анги эсвэл Санваарын чуулга, семинар болон гэр.) Энэ орчинд тэдний сайн мэддэггүй хүн эсвэл таардаггүй хүн байгаа эсэхийг бодож үзэхийг суралцагчдаас асуу. Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 88:127–141-ийг судлахдаа тэр хүмүүсийнхээ нэгнийх нь тухай бодоход урь. Дараах асуултыг тунгаан бодохыг тэднээс хүс:

  • Сайн мэдээнээс хамт суралцдаг хүмүүстэйгээ харьцах миний харилцаа Сүнсээр суралцах болон сэнхрэх чадварт маань хэрхэн нөлөөлдөг вэ?

Их Эзэн Бошиглогчдын сургуулийн гишүүдийг хамтдаа суралцахдаа бие биетэйгээ сайн харилцаа тогтоохыг хүссэн гэдгийг тайлбарла. Цөөн суралцагчийг ээлжлэн Сургаал ба Гэрээ 88:128–134-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас хамт уншаад, Бошиглогчдын сургуульд сүнслэг суралцах орчинг бий болгох багшийн үүргийг олж мэдэхийг хүс.

  • Бошиглогчдын сургуулийн багш нь хэрхэн сүнслэг суралцах орчныг бий болгосон бэ? (Багш ангийн гишүүдтэй мэндчилэх гэдэг нь хүмүүсийг орж ирэхэд мэндчилсэн гэсэн утгатай гэдгийг та тайлбарлаж болно. Энэ нь Бошиглогчдын сургууль доторх онцгой мэндчилгээ байсан.)

  • Та 133-р шүлэг дэх мэндчилэх эсвэл мэндчилгээний талаар юу анзаарсан бэ?

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 88:135–137-г чанга уншихад урь. Ангийнхнаас хамт уншаад, сайн суралцах орчныг бий болгоход гүйцэтгэх суралцагчийн үүргийг олж мэдэхийг хүс.

  • Бошиглогчдын сургуулийн гишүүд нэг нэгэнтэйгээ ямар харилцаатай байсан бэ?

  • 137-р шүлэгт цэдэглэгдсэнээр, Их Эзэн Бошиглогчдын сургуулийн гишүүдэд Өөрийнх нь зааврыг дагавал юу амласан бэ? (Сургууль нь Сүнс тэднийг сэнхрүүлж болох ариун дуган болох болно.)

  • Хэрэв бид 128–137-р шүлэг дэх Их Эзэний зааврыг дагавал Сүмийн маань ангиуд болон гэр оронд маань юу болох вэ? (Суралцагчид хэд хэдэн зарчмыг олж тогтоож болох ч дараах зарчмыг онцолж хэлж болно. Хэрэв бид нэг нэгэнтэйгээ нөхөрлөж, хайраа үзүүлбэл сайн мэдээнээс хамт суралцахдаа Сүнсийг урьж чадна.

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 88:133-ын мэндчилгээг дахин харахад урь.

  • Та нар бидний сайн мэддэггүй эсвэл хайрлах гээд чадахгүй байгаа ангийн эсвэл гэр бүлийн гишүүдэд “тогтсон, хөдөлшгүй мөн хувиршгүй, шийдмэг байдалд … найз … байж” чадахаа хэрхэн харуулж болно гэж бодож байна вэ?

  • Хүн бүр найз байхыг эрмэлзсэн, сайн мэдээнээс суралцах орчинг та нар хэзээ мэдэрч байсан бэ? (Өөрийнхөө туршлагыг хуваалцахыг бод.)

Суралцагчдыг сайн мэдээнээс хамт суралцдаг хүмүүсээ хайрлах эрмэлзлэлээ хэрхэн хөгжүүлж болох талаар бодоход урь. Тэднийг ангийнхан болон гэр бүлийн гишүүддээ илүү нинжин сэтгэл, хайрыг үзүүлэхээр мэдэрсэн аливаа өдөөлтийг дагахад нь дэмж. Их Эзэн тэдэнд бусдыг хайрлахаар хичээх үед нь тусална гэдгийг гэрчил.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Сургаал ба Гэрээ 88:118. “Бүр судлахаар мөн тэрчлэн итгэлээр, суралцахыг эрэлхийлэгтүн”

Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Марион Ж.Ромни ийн заажээ:

Зураг
Eрөнхийлөгч Марион Ж.Ромни

“Би сурахад итгэдэг. Хүмүүс суралцсанаар ихийг сурдаг гэдэгт би итгэдэг. Дашрамд сонирхуулахад, тэд судалгаагүйгээр байгаа зүйлс, байсан зүйлс мөн ирэх зүйлсийн талаар бага зэрэг л суралцдаг гэдгийг би ажигласан. Би судлахаар суралцах үед итгэлээр илүү их хөгждөг гэдэгт итгэдэг бас энэ тухай мэддэг” (Learning for the Eternities [1977 он], 72).

Сургаал ба Гэрээ 88:121. “Өөрсдийнхөө бүхий л хөнгөмсөг үг ярианаас, бүх чанга инээдээс … болигтун”

Сургаал ба Гэрээ 88-д цэдэглэгдсэнээр, цуглаанууд нь ариун нандин байж эцэст нь ариун сүм дотор явагддаг болох учраас Бошиглогчдын сургуулийн гишүүд бүхий л хөнгөмсөг үг яриа, чанга инээд, тачаангуй хүслээсээ больсон байх ёстой. Энэ нь чанга инээд бол гэм нүгэл гэсэн үг биш юм. Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли чанга инээдийн талаар:

Зураг
Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли

“Та нар цагийг сайхан өнгөрүүлж болно. Мэдээж та нар тэгж болно! Бид та нараас хөгжилтэй байхыг хүсэж байна. Бид та нараас амьдралдаа сэтгэл хангалуун байхыг хүсэж байна. … Бид танаас хүчирхэг, хөгжилтэй байж, дуулж бүжиглэн, инээж, аз жаргалтай байхыг хүсэж байна.

Харин энэ үедээ даруухан бөгөөд залбиралтай бай мөн тэгвэл тэнгэрийн инээмсэглэл таны дээр буух болно” гэж заасан (“A Prophet’s Counsel and Prayer for Youth,” Ensign, 2001 оны 1-р сар, 511).

Сургаал ба Гэрээ 88:138–141. Хөл угаах нь

Санваартан ах нарыг Бошиглогчдын сургуульд нэгдэхэд Иохан 13-т тодорхойлсон Есүс Христийн жишээг дагаж бошиглогчоор үйлдүүлдэг байсан хөл угаах ёслолоор хүлээж авдаг байсан. Энэ ёслолын талаар Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконки заасан байдаг.

Зураг
Ахлагч Брүс Р.Макконки

“Хөл угаах нь сайн мэдээний ёслол; энэ нь тэдний ариун сүм дуганы тусгаарлалтанд гэгээнтнүүдийн гүйцэтгэдэг байсан ариун, эрхэм нандин зан үйл юм. Энэ нь дэлхийн өмнө эсвэл дэлхийн хүмүүсийн төлөө хийгдээгүй. Өөрийн өдрүүд болон эрин үед Есүс үүнийг дээд өрөөнд Сүүлчийн зоогийн үеэр бий болгосон.

Энэ ёслолыг гүйцэтгэснээрээ Аврагч маань хоёр зүйлийг хийсэн: 1. Тэрээр Мосед өгсөн хуучин хуулийг биелүүлсэн; мөн 2. Тэр өдрөөс хойш Тэрээр үнэнч шавь нарынх нь дундах хууль ёсны тохинуулагчдаар гүйцэтгэх ёстой ариун нандин ёслолыг зохион байгуулсан.

Бүх зүйлийг сэргээхийн нэгэн хэсэг болгож хөл угаах ёслол нь цаг хугацааны бүрэн байдлын эрин үед сэргээгдсэн.

Бүрэн мэдлэг нь одоо Их Эзэний өргөөний илчлэгдсэн ёслолд бүртгэгдэх хүртэл хөл угаахтай холбогдох мэдлэг нь өнөө үед алхам алхмаар илчлэгдсээр байсан’ (Mormon Doctrine, [2 дахь хэвлэл (1966 он), 829, 831])” (Doctrinal New Testament Commentary, 3-р боть [1966–1973 он], 1:708, 710).