Семинар
77-р хичээл: Сургаал ба Гэрээ 75


77-р хичээл

Сургаал ба Гэрээ 75

Оршил

1832 оны 1-р сарын 25-нд болсон Сүмийн чуулган дээр бошиглогч Иосеф Смит хоёр илчлэлт хүлээн авсан бөгөөд тэдгээр нь хоёулаа Сургаал ба Гэрээ 75-д цэдэглэгдсэн байдаг. Эхний илчлэлт нь 1–22-р шүлэгт цэдэглэгдсэн байдаг ба номлолын үйлчлэл хийхээр нэрсээ илгээсэн ахлагчдын бүлэгт өгөгджээ. Их Эзэн эдгээр ахлагчид номлогчийн үүргүүдийнх нь талаар заавар өгч мөн тэднийг хамтрал болгон томилов. Хоёр дахь илчлэлт нь 23–36-р шүлэгт цэдэглэгдсэн бөгөөд өөрсдийнх нь талаарх Их Эзэний хүслийг мэдэхийг хүссэн ахлагчдын 2 дахь бүлэгт өгөгдсөн. Их Эзэн эдгээр ахлагчид гэр бүлийнхээ хэрэгцээг хангаж мөн сайн мэдээг номлох дуудлагыг хүлээн авахыг зааварлав.

Заах зөвлөмж

Сургаал ба Гэрээ 75:1–5

Их Эзэн сайн мэдээг номлох хүсэлтэй хүмүүст хандаж ярив

Та энэ хичээлийг заахаасаа хэд хоногийн өмнө, номлолын дуудлага хүлээн авсан суралцагч, номлолд үйлчлэх өргөдлөө удахгүй бөглөх боломжтой суралцагч эсвэл саяхан эргэж ирсэн номлогчийг сайн мэдээг хуваалцах талаар заахдаа туслахад урь. Энэ хүнд дараах заах төлөвлөгөөний хуулбарыг өгч, түүнээс Сургаал ба Гэрээ 75:1–4-ийг судалж мөн хичээлийн тэр хэсгийг заахад бэлтгэхийг хүс.

Хичээлийн сүнслэг хэсгийн дараа, суралцагчийг эсвэл эргэж ирсэн номлогчийг бэлтгэсэн зүйлээ заахад урь.

Сургаал ба Гэрээ 75:1–4-ийг заах санал болгосон төлөвлөгөө

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 75:1–2-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас дагаж уншаад, эдгээр шүлэгт Их Эзэн хэнд хандаж байгааг олж мэдэхийг хүс.

Дараах асуултыг тавь. Эдгээр шүлэгт Их Эзэн хэнд хандан ярьж байна вэ? (Номлогчийн ажил хийхээр нэрсээ илгээсэн ахлагчид.)

Ангийнханд Сургаал ба Гэрээ 75-д хоёр илчлэлт цэдэглэгдсэн байдаг ба тэдгээр нь Сүмийн чуулганы үеэр өгөгдсөн гэдгийг хэл. Эхний илчлэлт нь номлогчдын бүлэгт өгөгдсөн ба тэд бусдад өөрсдийнх нь захиасыг ойлгоход туслахдаа хэрхэн илүү үр дүнтэй байх талаар тайлбарлажээ.

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 75:3–4-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас сайн мэдээг номлох дуудлагынх нь талаар ахлагчдад өгсөн Их Эзэний зөвлөгөөг олж мэдэхийг хүс. Та суралцагчдад олж мэдсэн зүйлээ судар дээрээ тэмдэглэхийг зөвлөж болно.

Асуу: 3–4-р шүлэгт цэдэглэгдсэнээр, Их Эзэн ахлагчдыг сайн мэдээг номлож байхдаа юу хийхийг хүссэн бэ?

Цөөн хэдэн суралцагчийг “урагш одож мөн үлдэхгүй,” “залхуурахгүй байж” мөн “хүч, чадлаараа хөдөлмөрлөх” гэсэн хэллэгүүд нь ямар утгатай гэж бодож байгаагаа тайлбарлахад урь.

Ангийнхан хариулсны дараа, та сайн мэдээг тунхаглахаар дуудагдсан хүмүүс яагаад Их Эзэний бидэнд өгсөн илчлэлтүүд болон зарлигуудыг мэдэж мөн заах ёстой гэж бодож байгаагаа тайлбарла (4-р шүлгийг үзнэ үү).

Асуу: Яагаад Их Эзэний номлогчид Түүнд эдгээр арга замаар үйлчлэх нь чухал гэж та нар бодож байна вэ?

Та Сургаал ба Гэрээ 75:3–4-т Их Эзэний дүрсэлсэн маягаар сайн мэдээг номлохын тулд юу хийж байгаагаа (хэрэв номлолд үйлчилсэн бол юу хийснээ) ангийнхантай хуваалц. Суралцагчид энэ цаг үед өөрсдийн амьдралд сайн мэдээг энэ маягаар хуваалцахын тулд юу хийж чадах талаар бодлоо хуваалцаж хичээлээ дуусга.

Суралцагч эсвэл эргэж ирсэн номлогч зааж дууссаны дараа, дараах дутуу өгүүлбэрийг самбар дээр бич. Хэрэв бид сайн мэдээг тунхаглахдаа итгэлтэй байвал, Их Эзэн … болно

Суралцагчдаас Сургаал ба Гэрээ 75:5-ыг дотроо уншиж мөн тэдгээр номлогчид Их Эзэний өгсөн амлалтуудыг олж тогтоохыг хүс.

  • Түүний сайн мэдээг итгэлтэйгээр тунхагладаг хүмүүст Их Эзэн юу амласан бэ?

Боодол гэдэг үг нь хурааж авсан хэсэг үр тариаг баглаа болгон боосныг хэлж байгааг та тайлбарлаж өгөх нь тустай байж болно. “Олон боодолтой” байна гэдэг нь арвин ургац авна гэсэн үг.

  • Сайн мэдээг хуваалцахдаа итгэлтэй байдаг номлогчдын хүлээн авдаг зарим “боодлууд” юу байж болох вэ? (Боодлууд нь тэдний захиасыг хүлээн авах хүмүүсийг [хөрвөгчид] болон 5-р шүлэгт жагсаасан мөнхийн адислалууд байж болно.)

Суралцагчдаас самбар дээрх зарчмыг гүйцээснээр Сургаал ба Гэрээ 75:5-д агуулагдсан амлалтуудыг хураангуйлахыг хүс. Суралцагчид энэ зарчмыг дараах байдлаар хэлж болно. Хэрэв бид сайн мэдээг тунхаглахдаа итгэлтэй байвал, Их Эзэн биднийг нэр төр, алдар суу болон мөнх амьдралаар адислах болно.

  • Итгэлтэйгээр сайн мэдээг тунхагладаг хүмүүс яагаад ийм агуу адислалуудыг хүлээн авна гэж та нар бодож байна вэ?

Сургаал ба Гэрээ 75:6–22

Их Эзэн номлогчдын хамтралуудыг дуудаж мөн зааварлав

Номлолд үйлчлэх гэж байсан ахлагчдад Их Эзэн заавар болон амлалтууд өгсний дараа Тэрээр тэднийг хамтралуудад хувааж мөн хамтрал бүрд тусгай удирдамж өгсөн гэдгийг тайлбарла.

Суралцагчдыг хоёр хоёроор нь хуваарил. Хамтрал бүр дэх нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 75:6–12-ыг дотроо уншиж, нөгөө суралцагчийг 13–14-р шүлгийг уншихад урь. Тэднийг унших үед дараах асуултын хариултыг олж мэдэхийг хүс.

  1. Их Эзэн хэнд хандан ярьж байсан бэ?

  2. Хэрэв тэд сайн мэдээг тунхаглахдаа итгэлтэй байвал Их Эзэн тэдэнд юу амласан бэ?

Суралцагчдыг оноосон шүлгүүдээ уншсаны дараа, тэднийг дээрх асуултын хариултыг хамтрагчтайгаа хуваалцахад урь.

  • Их Эзэн сайн мэдээг үр дүнтэй тунхаглахад бидэнд тусалж чадах ямар нэмэлт зөвлөгөөг 8–11-р шүлэгт Виллям Э.Маклелин, Лук Жонсон нарт өгсөн бэ? (Ариун Сүнс болох бидэнд зааж мөн итгэлтэй байхад туслах Тайтгаруулагчийг хүлээн авахаар залбир.)

  • Их Эзэн 11, 13 болон 14-р шүлэгт тэдгээр хамтрагч тус бүрд ямар амлалтыг давтан хэлсэн бэ? (Тэр тэдэнтэй хамт байх болно. Та суралцагчдад энэ давтагдсан амлалтыг тэмдэглэхийг санал болгож болно.)

Суралцагчдаас эдгээр шүлгээс суралцаж болох зарчмыг хэлэхийг хүс. Хэдийгээр суралцагчид өөр үг хэрэглэж болох ч тэд дараах зарчмыг олж тогтоох ёстой. Хэрэв бид сайн мэдээг тунхаглахдаа итгэлтэй байвал, Их Эзэн бидэнтэй хамт байх болно.

  • Та нар эсвэл та нарын таньдаг хүнд Их Эзэний сайн мэдээг итгэлтэйгээр бусадтай хуваалцдаг хүмүүстэй Тэр хамт байх болно гэдгийг баталсан ямар явдал тохиолдож байсан бэ?

Суралцагчдыг номлолд үйлчлэх үедээ ямар нэгэн асуудалтай байсан найз эсвэл гэр бүлийн гишүүндээ юу хэлэх байснаа бодоход урь. Тэднээс өнөөдрийн хичээлээс сурсан зарчмуудаа ашиглаад тэр номлогчид зориулсан урмын захидлыг хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ бичихэд урь. Суралцагчдыг захидалдаа сайн мэдээг илүү итгэлтэй тунхаглахын тулд номлогчид юу хийж чадах болон үүнийг хийдэг хүмүүст ирдэг адислалуудын заримыг хуваалцахад урь.

Тэднийг бичиж дууссаны дараа, цөөн хэдэн суралцагчаас бичсэн зүйлийнхээ тухай хуваалцахыг хүс.

Их Эзэн номлогчдод өөрсдийг нь хүлээн авсан айл гэрүүдийг адислах удирдамж өгсөн гэдгийг тайлбарласнаар Сургаал ба Гэрээ 75:15–22-ыг хураангуйл. Түүнчлэн Тэрээр сайн мэдээг хуваалцахдаа эсэргүүцэлтэй тулгарвал юу хийхийг заажээ. (Номлогчдыг болон тэдний захиасыг эсэргүүцсэн хүмүүсийн эсрэг гэрчлэл болгон хөлийн тоосоо гөвдөг зан үйл нь ховор тохиолдолд Их Эзэнийг зарлигласан үед хийгддэг гэдгийг та тайлбарлаж болно.)

Сургаал ба Гэрээ 75:23–29

Их Эзэн номлолд үйлчлэхээр Түүгээр дуудагдсан хүмүүсийн гэр бүлүүд дэмжлэг авах ёстой хэмээн тайлбарлав

Сургаал ба Гэрээ 75-д агуулагддаг хоёр дахь илчлэлт нь өөр бүлэг ахлагчид өгөгдсөн гэдгийг тайлбарла. Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 75:23-ыг чанга уншихад урьж, ангийнхнаас эдгээр ахлагч юу мэдэхийг хүссэнийг олж мэдэхийг хүс.

Сүмийн эхний жилүүдэд номлолд үйлчлэхээр дуудагдсан олон эрэгтэй тэднээс хамааралтай эхнэр, хүүхдүүдтэй байсан гэдгийг тайлбарла. Үйлчлэх дуудлагыг хүлээн авах нь гэр бүлийнхний хувьд том золиослол байв. Хэрэв гэрээсээ хол газар сайн мэдээг номлох дуудлагыг хүлээн авбал тэдний гэр бүлүүдэд юу тохиолдох бол гэж олон ахлагч санаа зовдог байсан.

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 75:24–28-ыг чанга уншихад урь. Ангийнхныг, харж хандах гэр бүлтэй боловч сайн мэдээг номлох хэрэгтэй байсан ахлагчдад өгсөн Их Эзэний удирдамжийг олж мэдэхэд урь.

  • 24-р шүлэгт цэдэглэгдсэнээр, нөхөр ба эцэг хүн бүрэн цагийн номлолд үйлчлэх үед түүний гэр бүлийг хэн дэмжин туслах ёстой вэ?

  • 26-р шүлэгт гэр бүлүүд нь дэмжлэг авах газар олбол Их Эзэн ахлагчдыг юу хий хэмээн удирдамж өгсөн бэ?

  • 28-р шүлэгт сайн мэдээг тунхаглахын тулд гэр бүлээ орхих боломжгүй хүмүүст Их Эзэн юу гэж хэлсэн бэ?

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 75:29-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас Их Эзэний эдгээр эрэгтэйд өгсөн зөвлөгөөг олж мэдэхийг хүс. Залхуурагч гэдэг үг нь ажиллах хүсэлгүй хүн гэсэн үг гэдгийг тайлбарлах нь тустай байж болно.

  • Та нар номлолд үйлчлэх боломжтой мөн гэр бүлээ харж хандахын тулд гэртээ байх шаардлагатай байсан ахлагчдад өгсөн Их Эзэний зөвлөгөөг хураангуйлахын тулд 29-р шүлэг дэх ямар хэллэгийг хэрэглэж болох вэ? (“Хүн болгон бүх зүйлд хичээнгүй байг.” Энэ хэллэг нь бид бүгдэд хамаатай ба Их Эзэн бидэнд бүх зүйлд хичээнгүй байхыг зарлигладаг гэдгийг суралцагчид ойлгож байгаа эсэхийг анхаар.)

  • “Бүх зүйлд хичээнгүй байг” гэдэг нь юу гэсэн үг вэ? (Тууштай, тогтвортой, анхааралтай мөн шаргуу хөдөлмөрч байх.)

Сургаал ба Гэрээ 75:30–36

Их Эзэн ахлагчдыг номлолын хамтрагчид болгон томилов

Энэ илчлэлтийн төгсгөлд Их Эзэн илүү олон номлолын хамтрагчдыг томилсон гэдгийг тайлбарласнаар Сургаал ба Гэрээ 75:30–36-г хураангуйл.

Суралцагчдыг Их Эзэнд үзүүлэх үйлчлэлдээ илүү хичээнгүй байхын тулд өнөөдөр юу хийж чадахаа бичихэд урьж хичээлээ дуусга. Нэг эсвэл хоёр суралцагчийг өнөөдөр ангид ярилцсан зарчмуудын талаарх бодол санаа мөн гэрчлэлээ хуваалцахад урь.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Сургаал ба Гэрээ 75:6–12. Виллям Э.Маклелиний сайн мэдээг тунхаглах дуудлагад өгсөн хариу

1831 оны 10-р сарын 29-нд Виллям Э.Маклелин Нэгдсэн Улсын зүүн хэсэгт номлолд үйлчлэх дуудлага хүлээн авсан ба Самуел Х.Смит түүний хамтрагчаар дуудагджээ (С ба Г 66:5–8-ыг үзнэ үү). Виллям Э.Маклелин дуудлагад хариулсан боловч номлолоо эрт дуусгаж, 1831 оны 12-р сарын сүүлээр Огайогийн Көртланд руу буцжээ.

Сургаал ба Гэрээ 75:6–13-т Их Эзэн бувтналын улмаас Виллям Э.Маклелинийг зэмлэж, зүүн мужуудад үйлчлэх дуудлагыг нь хүчингүй болгож мөн түүний оронд Оорсон Хайдыг Самуел Смитийн хамтрагч байхаар дуудсан. Гэсэн хэдий ч, Их Эзэн нигүүлсэнгүйгээр Маклелин ахад Лук Жонсонтой хамт Нэгдсэн Улсын умард хэсэгт сайн мэдээг тунхаглах өөр нэг дуудлагыг өгчээ. Маклелин ах үйлчлэх дуудлагыг хүлээн авсан боловч итгэлтэйгээр үргэлжлүүлээгүй. Тэрээр удалгүй номлолоо үргэлжлүүлж чадахааргүй хүнд өвчтэй байна гэж мэдэгджээ. Номлолоо орхисны дараа, тэр Огайогийн Хайрамд очиж, Эмилин Миллертэй гэрлэжээ.

Хэд хэдэн номлолд үйлчилж мөн хэсэг хугацаанд Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүнээр үйлчилсний дараа, Виллям Э.Маклелин залбирахаа больж, зарлигуудыг сахихаа больсон гэдгээ хүлээсний дараа 1838 оны 5-р сарын 11-нд Сүмийн гишүүнчлэлээс хасагджээ.

Сургаал ба Гэрээ 75:20–22. “Хөлийнхөө тоосыг гүвэх ёстой”

Хөлийнхөө тоосыг гүвэх эсвэл цэвэрлэх үйлдэл нь сайн мэдээг хүлээн авахаас татгалзсан хүмүүсийн эсрэг гэрчлэл болдог (С ба Г 24:15; 60:15; 84:92; 99:4-ийг үзнэ үү). Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит ийн тайлбарлажээ.

Зураг
Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит

“Их Эзэн өөрийн дагалдагчдыг сайн мэдээний захиасыг тунхаглуулахаар илгээхдээ тэднийг эсэргүүцсэн хүмүүсийн эсрэг гэрчлэл болгон хөлийнхөө тоосыг гүвэх удирдамж өгсөн. Үүний адилаар … ахлагчдад адил боломж байгаа хэмээн Их Эзэн зааварласан байна. … Хөлөө угааж эсвэл тоосыг нь арчиж цэвэрлэх нь ёс бусчуудын эсрэг гэрчлэл болон тэнгэрт цэдэглэгдэх болно. Гэвч энэ үйлдэл нь эсэргүүцсэн хүмүүсийн дэргэд хийгддэггүй байсан Мөн чи тэднийг өдөөн хатгахгүйн тулд тэдний дэргэд биш, харин далдуур, та нарыг үл хүлээн авах тэдний эсрэг хөлийнхөө тоосыг гүвэгтүн; мөн шүүлтийн өдөр тэдний эсрэг гэрчлэл болгон хөлөө угаагтун’ [С ба Г 60:15]. Үүргээ итгэлтэйгээр биелүүлдэг Сүмийн номлогчид ажлынхаа хүрээнд уулзсан бүх хүнтэйгээ гэрчлэлээ хуваалцах үүрэгтэй байсан. Энэ гэрчлэл нь шүүлтийн өдөр захиасыг эсэргүүцсэн хүмүүсийн эсрэг гэрчлэл болон зогсох болно” (Church History and Modern Revelation, 2-р боть [1953], 1:223; мөн 31-р хичээл дэх С ба Г 24:15-ын тайлбар болон мэдээллийг үзнэ үү).

Хөлийнхөө тоосыг гүвэх нь Их Эзэний эрх мэдэлтэй үйлчлэгчдийг бүрмөсөн эсэргүүцсэн хүмүүсийн эсрэг гэрчлэл болдог. Энэ нь Их Эзэн зарлигласан маш ховор тохиолдолд л гүйцэтгэгддэг. Энэ үйлдэл нь тэдний эсрэг гэрчлэл болдог ба сайн мэдээг тэдэнд номлосон хүмүүс тэдний төлөө Их Эзэний өмнө хариуцлага хүлээхгүй гэдгийг харуулдаг.