Семинар
141-р хичээл: Сургаал ба Гэрээ 133:1–35


141-р хичээл

Сургаал ба Гэрээ 133:1–35

Оршил

Их Эзэн Иосеф Смитэд Зарлигуудын номыг хэвлэх зааврыг өгснөөс хойш хоёр хоногийн дараа буюу 1831 оны 11-р сарын 3-нд бошиглогч Сургаал ба Гэрээ 133-т цэдэглэгдсэн илчлэлтийг хүлээн авчээ. Энэхүү илчлэлт Сургаал ба Гэрээний 1835 оны хэвлэлтэд 100-р хэсэг болон орсон бөгөөд номын хавсралт байхаар тогтсон байв. Гар бичмэлтэй ажиллаж байсан хүмүүс эхэндээ энэ илчлэлт болон 1-р хэсгийг 1835 оны хэвлэлтэд багтсан илчлэлтүүдийн эхлэл болон төгсгөл болгох гэж байжээ. Энэхүү илчлэлт хоёр хичээлд хуваагдаж заагдана. Энэ хичээл дээр Их Эзэн Өөрийн хүмүүст Түүний Хоёр дахь ирэлтэд өөрсдийгөө болон бусдыг бэлтгэхийг зарлигласан тухай ярилцах болно. Түүнчлэн Түүний Хоёр дахь ирэлт болон мянган жилийн засаглалтай холбоотой үйл явдлуудын талаарх бошиглолуудыг ярилцана.

Заах зөвлөмж

Сургаал ба Гэрээ 133:1–3

Их Эзэн Хоёр дахь ирэлтээ дүрслэн хэлэв

Хичээлээс өмнө дараах мэдэгдлийг самбар дээр бич. (Энэхүү мэдэгдлийг “Preparation for the Second Coming,” Ensign эсвэл Лиахона, 2004 оны 5-р сар, 7-оос харж болно.)

“Өнөөдөр би хүн тус бүрд маань дээд зэргээр чухал ирээдүйн үйл явдалд бэлтгэхийн ач холбогдлыг ярихаар өдөөгдсөн.” (Ахлагч Даллин Х.Өүкс).

Суралцагчдад дараах асуултуудыг тавьснаар хичээлээ эхэл.

  • Та шалгалтандаа бэлдэхээ мартсанаа сургууль дээрээ ирээд гэнэт санаж байсан уу? Хэрэв тийм бол танд ямар санагдаж байсан бэ?

  • Шалгалтанд маш сайн бэлдсэн гэдгээ мэдэж байх үедээ санаа сэтгэл тань ямар байдаг вэ?

Суралцагчдын анхаарлыг самбарт бичсэн мэдэгдэлд хандуул. Нэг суралцагчаас мэдэгдлийг чангаар уншихыг хүс. Дараа нь ангиас асуу.

  • Ахлагч Өүкс ямар үйл явдлыг хэлсэн гэж та бодож байна вэ?

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 133:1–3-ыг чангаар уншихад урь. Ангийнхнаас суралцагчидтай хамт уншаад, бидний өөрсдийн бэлдэх ёстой үйл явдал хийгээд үүнд бэлдэх ёстой шалтгааныг олж мэдэхийг хүс. (Суралцагчийг уншиж эхлэхээс өмнө та “ариун мутраа ил гаргах” гэсэн хэллэг нь Их Эзэн Өөрийн хүч хийгээд чадлаа дэлхийд илчлэхийг хэлж байгаа гэдгийг тайлбарлаж болно.)

  • Эдгээр шүлэгт Их Эзэн ямар үйл явдлыг хэлж байна вэ? (Хэрэв суралцагчдад тусламж хэрэгтэй байгаа бол тэднийг 2-р шүлэг, зүүвэр тайлбар а-г харахыг урь. Тэгээд ахлагч Өүксийн самбар дээрх мэдэгдлийг Их Эзэний Хоёр дахь ирэлт гэж бичсэнээр гүйцээ.)

  • 2-р шүлэгт цэдэглэсний дагуу, Хоёр дахь ирэлтийн үеэр бурханлаг бус буюу ёс бусчуудад юу тохиолдох вэ? (Суралцагчид дараах сургаалыг олж тогтоох ёстой. Хоёр дахь ирэлтээрээ Есүс Христ бурханлаг бусчуудыг шүүхээр ирэх болно. Та суралцагчдад энэ сургаалыг судар дээрээ 2-р шүлгийн хажууд тэмдэглэхийг санал болгож болно.)

Сургаал ба Гэрээ 133:4–16

Их Эзэн Өөрийн хүмүүст Хоёр дахь ирэлтэд бэлтгэх зарлиг өгөв

Суралцагчдад энэ илчлэлтийн түүхэн нөхцөл байдлыг ойлгоход нь туслахын тулд нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 133-р хэсгийн оршлыг чангаар уншихад урь. Ангийнхнаас уг хэсгийг дагаж хараад, энэ илчлэлт анхандаа Сургаал ба Гэрээнд хэрхэн орж байсныг олж мэдэхийг хүс. Суралцагчдыг олж мэдсэнээ тайлагнасны дараа, илчлэлт өгөгдсөн огноог анзаарахыг хүс. Энэ илчлэлт эхэндээ Сургаал ба Гэрээний хавсралт байсан учраас он тооллын дарааллаар биш байгааг тайлбарла. Энэ илчлэлт болон 1-р хэсэг нь Сургаал ба Гэрээнд цэдэглэгдсэн илчлэлтүүдийн эхлэл болон төгсгөл байхаар хийгджээ.

Суралцагчдыг 4-р шүлгийг дотроо гүйлгэн уншаад, Их Эзэн хүмүүстээ Өөрийнх нь Хоёр дахь ирэлттэй холбоотойгоор юу хийхийг зарлигласныг олж мэдэхэд урь.

  • Их Эзэн хүмүүстээ юу хийхийг зарлигласан бэ? (Өөрсдийгөө бэлдэж, Сионд хамтдаа цугларах.)

Дараах гүйцэд биш мэдэгдлийг самбар дээр бич. Есүс Христийн Хоёр дахь ирэлтэд бэлтгэхэд бидэнд … тусална.

Суралцагчдыг хоёр хоёроор нь хуваарил. Хоёр хоёроороо Сургаал ба Гэрээ 133:4–16-г хамтдаа уншаад, Аврагчийн Хоёр дахь ирэлтэд хэрхэн бэлтгэхийг заасан үгс, хэллэгүүдийг олж мэдэхэд урь.

Хос бүрийг олж мэдсэнээ хуваалцахад уриад, нэг суралцагчаас суралцагчдын хариултуудыг хоосон зайд бичиж самбар дээрх мэдэгдлийг гүйцээхийг хүс.

Суралцагчдыг Их Эзэний Хоёр дахь ирэлтэд бидний бэлтгэж чадах зарим арга замыг илүү сайн ойлгоход нь туслахын тулд суралцагч бүрд зориулан дараах үйл ажиллагааны хувийг бэлд. Суралцагчдыг хамтрагчтайгаа үйл ажиллагааг гүйцээгээд, ангийнхантайгаа санал бодлоо хуваалцахад бэлтгэхэд урь. (Та суралцагчдад хариултуудаа хуваалцахаасаа өмнө бичихийг урамшуулж болно.)

Хоёр дахь ирэлтэд бэлтгэх нь

  1. Хамтрагчтайгаа самбар дээр жагсаан бичсэн хариултууд нь яагаад Есүс Христийн Хоёр дахь ирэлтэд бэлтгэх чухал арга замууд болохыг ярилц.

  2. 5, 7 болон 14-р шүлэгт байгаа Вавилоны тухай үгсийг анзаар. Хуучин Гэрээний цаг үед Вавилоны хот нь их ёс бусын газар байжээ. Эдгээр шүлэгт Вавилон нь дэлхийн зүйлүүдийн бэлгэ тэмдэг болон хэрэглэгдсэн.

    1. Их Эзэн биднийг “Вавилоноос гарагтун” хэмээн удирдана гэдэг нь юу гэсэн үг байж болох вэ?

    2. Бид ямар арга замаар Вавилоноос гарч явж чадах вэ? Эдгээр зүйл нь биднийг хэрхэн Хоёр дахь ирэлтэд бэлтгэж болох вэ?

    3. Та нар дэлхийн нөлөөнүүдээс өөрсдийгөө холдуулахын тулд юу хийж байсан бэ?

  3. Сургаал ба Гэрээ 133:15-ыг дахин уншаад, Их Эзэн эртний гэгээнтнүүдийг Вавилоноос гарахдаа юуг хийж болохгүй хэмээн сэрэмжлүүлснийг олж мэд. Та олж мэдсэнээ тэмдэглээд, энэ сэрэмжлүүлэг нь таны амьдралд ямар хамаатайг бодож үз.

    1. Дэлхийн нөлөөнүүдээс өөрсдийгөө холдуулсны дараа “эргэж бүү хараг” гэдэг нь юу гэсэн утгатай гэж та нар бодож байна вэ? (Бид дэлхийн зүйлсээс салахыг оролдож байхдаа “эргэж хардаг,” харин дараа нь хуучин зуршилдаа эргэн ордог. Бид зүрх сэтгэлээ өөрчлөгдөхийг зөвшөөрөхийн оронд хуучин амьдралын хэв маягаа үгүйлсээр тэр байдалдаа эргэн ордог.)

    2. Бид 15-р шүлгээс ямар зарчим сурч болох вэ?

    3. Хамтрагчтайгаа хожмын үеийн гэгээнтэн өсвөр үеийнхэн сүнслэг байдлаараа өсөж, Аврагчид илүү ойртохыг хичээхдээ хэрхэн “эргэж харахгүй байх” талаар ярилц.

    4. Үргэлж урагш тэмүүлж, Хоёр дахь ирэлтэд бэлтгэж байдаг өөрийн мэдэх хүмүүсийн тухай бод. Та тэдний юу хийж байгааг харж байна вэ?

Хангалттай цаг гаргаж өгсний дараа, суралцагчдыг хариултуудаа ангийнхантайгаа хуваалцахад урь. (Бүгдэд нь хамрагдахад туслахын тулд хосуудад өөр өөр асуултуудад хариулах боломжийг олго.) Суралцагчид 15-р шүлгийг ярилцаж байхдаа дараахтай ижил зарчмыг олж тогтоох ёстой. Хэрэв бид ёс бус явдал болон өмнөх нүгэл рүүгээ эргэвэл Есүс Христийн Хоёр дахь ирэлтэд бэлтгэгдэхгүй байх болно.

Есүс Христийн Хоёр дахь ирэлтэд бэлтгэхийн тулд бидний хийж болох самбар дээр жагсаасан зүйлсийг эргэн хар. Их Эзэн бүх хүнийг Өөрийнх нь ирэлтэд бэлэн байхыг хүсдэг гэдгийг онцлон хэл. Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 133:4–15-ыг гүйлгэн хараад, хэрхэн сайн мэдээг түгээх болон бусдыг Христэд ирэхэд урих талаар бидэнд заасан шүлгүүдийг олж тогтооход урь.

  • Ямар шүлгүүд сайн мэдээг түгээж, бусдыг Христэд ирэхэд урих ёстой талаар бидэнд заадаг вэ? (Суралцагчид 8–10-р шүлгийг олж тогтоох ёстой.)

  • Бид эдгээр шүлгээс номлолын ажлын талаар юу сурч чадах вэ? (Суралцагчид өөр үгс хэрэглэж болох ч дараах зарчмыг олж тогтоох ёстой. Бид сайн мэдээг хуваалцсанаараа бусдад Есүс Христийн Хоёр дахь ирэлтэд бэлтгэхэд нь тусалж чадна. Та суралцагчдад энэ зарчмыг судар дээрээ бичихийг санал болгож болно.)

Суралцагчдад энэхүү зарчмыг ойлгоход нь туслахын тулд нэг суралцагчийг Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэны хэлсэн дараах мэдэгдлийг чангаар уншихыг урь. Ангийнхныг ахлагч Андэрсэны бидний үүрэг хариуцлага юу болохыг мөн тэр үүрэг хариуцлагаа гүйцэлдүүлэх арга замыг юу гэж тогтоосныг сонсоход урь.

Зураг
Ахлагч Нийл Л.Андэрсэн

“Та нарын чухал үүргүүдийн нэг бол Есүс Христийн Хоёр дахь ирэлтэд дэлхийг бэлтгэх явдал мөн. …

Та нарын номлол бол хүмүүсийг Христэд авчирч Аврагчийн Хоёр дахь ирэлтэд бэлтгэх ариун үйлс байх болно. …

… Их Эзэний номлогчдоор дамжуулан хийж буй үйлс нь дэлхийг Аврагчийн Хоёр дахь ирэлтэд бэлтгэхэд чухал хувь нэмэр оруулж байна” (“Дэлхийг Хоёр дахь ирэлтэд бэлтгэх нь,” Ensign, 2011 оны 5-р сар, 49, 50, 51 эсвэл 2011 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 49–51).

  • Зөвхөн өөрсдийгөө Хоёр дахь ирэлтэд бэлтгэх нь яагаад хангалттай биш гэж та нар бодож байна вэ?

  • Бусдад Хоёр дахь ирэлтэд бэлтгэхэд туслах нь танд ч бас үүнд бэлтгэхэд хэрхэн тусална гэж та бодож байна вэ?

Суралцагчдад Христэд илүү ойртоход өөрсдөд нь тусалсан хүмүүсийг эргэн дурсахыг хүс. Цөөн суралцагчийг бусад хүн тэдэнд хэрхэн нөлөөлж мөн тусалсныг хуваалцахад урь.

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 133:16-г дотроо давтан уншаад, Их Эзэн бүх хүнд Түүнтэй уулзахдаа бэлтгэхийн тулд юу хий хэмээн зарлигласныг олж мэдэхийг хүс. Суралцагчдаас олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс.

  • Та 16-р шүлгээс номлолын ажилтай холбоотой юуг олж мэдсэн бэ?

  • Бид Их Эзэнийг ирэх үед Түүнтэй уулзахад өөрсдийгөө бэлтгэсэн байхад бидэнд туслах ямар зарчмыг 16-р шүлгээс олж тогтоож чадах вэ? (Суралцагчдын энэ зарчмыг илэрхийлж болох нэг арга нь бид гэм нүглээ наманчилснаар Их Эзэнтэй уулзахдаа бэлддэг гэсэн зарчим байж болно.)

  • Наманчлах нь Есүс Христийн Хоёр дахь ирэлтэд бэлтгэхэд бидэнд хэрхэн тусалж чаддаг вэ?

Дараах гүйцэд биш мэдэгдлийг самбар дээр бич.

Би … хийснээр Аврагчийн Хоёр дахь ирэлтэд өөрийгөө бэлдэнэ.

Би … хийснээр бусдыг Хоёр дахь ирэлтэд бэлтгэхэд нь тусална.

Суралцагчдад өнөөдөр сурсан үнэнийг амьдралдаа хэрэгжүүлэхэд нь туслахын тулд, тэднээс самбар дээрх мэдэгдлийг хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ гүйцээн бичихийг хүс.

Сургаал ба Гэрээ 133:17–35

Их Эзэн Хоёр дахь ирэлт болон Түүний Мянган жилийн хаанчлалтай холбоотой зарим үйл явдлыг илчлэв

Их Эзэн Өөрийг нь ирэхэд бэлдэх арга замуудыг заасныхаа дараа бидэнд бэлэн байхыг зарлигласан гэдгийг тайлбарла.

Суралцагчид шинэ хамтрагчтай болж болохын тулд тэднийг хоёр хоёроор нь дахин хуваарил. Хосуудын хагасыг Сургаал ба Гэрээ 133:17–25-ыг хамтдаа уншаад, Есүс Христийн Хоёр дахь ирэлттэй холбоотой үйл явдлуудыг олж мэдэхэд урь. Хосуудын нөгөө хагасыг мөн адил зүйлийг Сургаал ба Гэрээ 133:26–35 дээр хийхийг хүс. Хангалттай цаг гаргаж өгсний дараа, хос бүрийг өөрсдийн нээж илрүүлсэн нэг зүйлийг ангийнхандаа тайлагнахад урь.

  • 17-р шүлэгт цэдэглэсний дагуу, Хоёр дахь ирэлтэд бэлтгэхийн тулд бид юу хийж байх ёстой вэ? Энэ нь яагаад чухал вэ? (Суралцагчдад энэ асуултад хариулахад нь туслахын тулд та тэдэнд Алма 7:9, 14–19-ийг уншихыг санал болгож болно. “Түүний замуудыг шулуутгах” гэсэн хэллэг нь бидний наманчлах хариуцлага болон бусад хүн наманчилж, баптисм хүртэж мөн Ариун Сүнсний бэлгийг хүлээн авахын тулд бусдад сайн мэдээг номлох хариуцлагыг маань хэлж байгаа гэдгийг онцол.)

Хоёр дахь ирэлтэд бэлтгэхэд наманчлалын ач холбогдлыг гэрчилснээр хичээлээ дуусга. Суралцагчдыг Их Эзэний амлалтын биелэлтийг амьдралдаа мэдрэхийн тулд зөв шударга амьдрахад урамшуул.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Сургаал ба Гэрээ 133. Хоёр дахь ирэлтийн өмнө болох үйл явдлууд

Ерөнхийлөгч Харолд Б.Лий Сургаал ба Гэрээ 101 болон 133 нь Аврагчийн ирэлтэд хөтлөх үйл явдлуудын хүүрнэлийг алхам алхмаар үзүүлдэг гэж хэлжээ (“Admonitions for the Priesthood of God,” Ensign, 1973 оны 1-р сар, 106).

Сургаал ба Гэрээ 133:20–22. Их Эзэн хэн хэнд үзэгдэх вэ?

Их Эзэн эргэж ирэхдээ онцгой бүлэг хүнд үзэгдэх бөгөөд дараа нь агуу хүч чадал, сүр болон алдар суундаа бүхий л дэлхий Түүнийг харахаар үзэгдэх болно (С ба Г 88:95; 101:23–25; 133:40–42, 48–51-ийг үзнэ үү). Бошиглогчид Түүний Хоёр дахь ирэлтийн нэг хэсэг болгон Их Эзэн дөрвөн удаа үзэгдэхийг дурдсан.

  1. Шинэ Иерусалим хот дахь ариун сүмд үзэгдэх нь (C ба Г 84:1–5; 97:10, 15–16; 133:2-ыг үзнэ үү).

  2. Адам-ондай-Аманд үзэгдэх нь (Даниел 7:9–14; C ба Г 107:53–57; 116:1-ийг үзнэ үү).

  3. Чидуны уулан дээр үзэгдэх нь (Зехариа 14:1–9; С ба Г 45:48–53; 133:20-ийг үзнэ үү).

  4. Даян дэлхийд үзэгдэх нь (C ба Г 88:95; 101:23–25; 133:40–42, 48–51-ийг үзнэ үү). (Сургаал ба Гэрээний суралцагчийн гарын авлага, 2 дахь хэвлэл [Сүмийн Боловсролын Системийн гарын авлага, 2001], 404–405-ыг үзнэ үү).

Сургаал ба Гэрээ 133:26–34. Бид Израилын төөрөлдсөн арван овгийн тухай юу мэддэг вэ?

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконки:

Зураг
Ахлагч Брүс Р.Макконки

Төөрөлдсөн овгууд Их Эзэний хувьд төөрөлдөөгүй юм. Тэд хойд зүг рүү аялахдаа бошиглогчид хийгээд сүнслэгээр өдөөгдсөн удирдагчдаар удирдуулж байсан. Тэд өөрсдийн Мосе мөн Лихайтай байсан бөгөөд илчлэлтийн сүнсээр удирдагдаж, Мосегийн хуулийг сахиж мөн өнгөрсөн эрин зуунд Их Эзэний тэдэнд өгсөн хуулиуд болон шүүлтүүдийг өөрсөдтэйгөө авч явсан. Тэд олон зуун жил өнгөрсөн ч, амилсан Их Эзэн энэ тивд нифайчуудад тохинуулсныхаа дараа айлчилж мөн тохинуулсан онцгой хүмүүс хэвээр байсан. (3 Ниф. 16:1–4; 17:4.) Тэрээр Иерусалим хийгээд Америк тивийн шавь нартаа мөн адил аргаар зааж мөн тэр л үнэнүүдийг заасан нь мэдээж; мөн тэд Түүний сургаалуудыг цэдэглэснээр Библи болон Мормоны Номтой харьцуулахуйц судруудыг бий болгосон нь мэдээж. (2 Ниф. 29:12–14.)

“Цаг нь болохоор Израилын төөрөлдсөн овгууд эргэн ирж, Ефраимын хүүхдүүдээс адислалуудаа хүлээн авахаар ирнэ. Энэ агуу цугларалт Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн ерөнхийлөгчийн удирдлага дор улиран тохионо, учир нь тэрээр түлхүүрүүдийг атгадаг билээ. … Түлхүүрүүд нь тэргүүлэх эрх, удирдах хүч чадал юм; мөн энэ хүч чадлаар төөрөлдсөн овгууд ‘өөрсдийн бошиглогчид’ мөн судруудтайгаа бас бүр ‘Сионд, Их Эзэний үйлчлэгчдийн, бүр Ефраимын хүүхдүүдийн гараар сүр жавхлангаар титэмлэгдэхээр’ эргэн ирэх болно. (С ба Г 133:26–35.)” (Mormon Doctrine, 2 дахь хэвлэл [1996 он], 457–458; түүнчлэн Сургаал ба Гэрээ суралцагчийн гарын авлага, 2 дахь хэвлэл [Сүмийн Боловсролын Системийн гарын авлага, 2001 он], 340–341-ийг үзнэ үү.)