Судрууд
Сургаал ба Гэрээ

Сургаал ба Гэрээ

Хэсэг 133

1831 оны арваннэгдүгээр сарын 3-нд Огайогийн Хайрамд Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:229–234). Энэ илчлэлтийн өмнөх үг болгон Бошиглогч бичихдээ, “Дэлхийн оршин суугчдад Сайн мэдээг номлох мөн цугларалттай холбогдуулан ахлагчид мэдэхийг хүсч буй олон зүйл энэ цаг үед байлаа, мөн үнэн гэрлээр алхахын тулд, мөн дээрээс зааварлагдахын тулд, 1831 оны арваннэгдүгээр сарын 3-нд би Их Эзэнээс асууж тийнхүү дараах чухал илчлэлтийг хүлээн авсан” хэмээжээ (History of the Church, 1:229). Энэ хэсэг Сургаал ба Гэрээ номонд хавсралт болон анх удаа нэмэгдэж орсон бөгөөд хожим нь уг хэсэгт дугаар олгожээ.

1–6, Гэгээнтнүүд Хоёрдахь Ирэлтэд бэлтгэхээр зарлиг болгогдов; 7–16, Бүх хүмүүн Вавилоноос зугтаж, Сионд ирэхээр, мөн Их Эзэний агуу их өдөрт бэлтгэхээр зарлиг болгогдов; 17–35, Тэрбээр Сионы Уулан дээр зогсох болно, тивүүд нэг газар болно, мөн Израилын алдагдсан овгууд эргэж ирэх болно; 36–40, Сайн мэдээ бүх дэлхийд номлогдохын тулд Иосеф Смитээр дамжин сэргээгдэв; 41–51, Их Эзэн ёс бусчууд дээр өс авалтад доош бууж ирэх болно; 52–56, Энэ нь түүний гэтэлгэгдэгсдийн жил байх болно; 57–74,Гэгээнтнүүдийн аврал мөн ёс бусчуудын устгалын тулд сайн мэдээ урагш илгээгдэх ёстой.

1АНХААРАГТУН, Ай миний сүмийн хүмүүс, мөн өөрсдийнхөө талаарх Их Эзэний үгийг анхаарагтун хэмээн Их Эзэн, та нарын Бурхан хэлж байна—

2Өөрийнхөө ариун сүмд гэнэт ирэх Их Эзэн бөлгөө; шүүлтийн тулд дэлхий дээр зүхэлтэйгээр доош бууж ирэх Их Эзэн; тийм ээ, Бурханыг мартсан бүх үндэстэн дээр, мөн та нарын дундах бурханлиг бус бүгд дээр бөлгөө,

3Учир нь тэрбээр бүх үндэстний нүдэн дээр ариун мутраа ил гаргах болно, мөн дэлхийн бүх хязгаар Бурханыхаа авралыг харах болно.

4Иймийн тул, бэлтгэцгээ та нар, бэлтгэцгээ та нар; Ай миний хүмүүс; өөрсдийгөө ариусгагтун; Сионы нутагт хамтдаа цуглагтун, Ай миний сүмийн хүмүүс та нар, үлдэхээр зарлиг болгогдоогүй та бүгд.

5Вавилоноос гарагтун та нар. Их Эзэний савуудыг авч явахуйцаар цэвэр ариун байгтун та нар.

6Өөрсдийн онцгой ариун хуралдайг дуудагтун мөн бие биедээ олонтаа яригтун. Мөн хүн болгон Их Эзэний нэрийг дуудаг.

7Тийм ээ, үнэнээр би дахин та нарт хэлж байна, Их Эзэний дуу хоолой та нарт байх тэрхүү цаг ирлээ: Вавилоноос гарагтун та нар; үндэстнүүдийн дундаас, дэлхийн дөрвөн зүгээс, тэнгэрийн бүх хязгаараас цугларцгаа та нар.

8Миний сүмийн ахлагчдыг алс холын үндэстнүүд уруу; далайн арлууд уруу урагш илгээгтүн; гадаадын нутгууд уруу илгээгтүн; бүх үндэстнийг, эхлээд харийнханыг мөн дараа нь иудейчүүдийг дуудагтун.

9Мөн болгоогтун, мөн харагтун, энэ нь тэдний хашгиралт мөн бүх хүмүүст хандсан Их Эзэний дуу хоолой байх болно: миний хүмүүсийн хил хязгаарууд өргөжихийн тулд, мөн үүний гадаснууд хүчирхэгжихийн тулд, мөн Сион эргэн тойрныхоо бүс нутгууд уруу урагш явж болохын тулд Сионы нутаг уруу явцгаагтун та нар.

10Тийм ээ, тэрхүү тунхаглал бүх хүмүүсийн дунд урагш одог: Хүргэн Хүүг угтахаар сэрж мөн босон мөн урагш одогтун, Хүргэн Хүү айсуй; түүнийг угтахаар гарагтун та нар. Их Эзэний агуу их өдөрт өөрсдийгөө бэлтгэгтүн.

11Сэрэмжтэй байгтун, тиймийн тул, учир нь тэр өдрийг ч мөн тэр цагийг ч та нар мэдэх нь үгүй.

12Тиймийн тул, харийнханы дундах тэд Сион уруу зугтаг.

13Мөн Иудейнх болох тэд Иерусалим уруу, Их Эзэний өргөөний уулсууд уруу зугтаг.

14Үндэстнүүдийн дундаас, бүр Вавилоноос, сүнсний Вавилон болох ёс бусын дундаас гарч явцгаагтун та нар.

15Гэвч үнэнээр ийн Их Эзэн хэлж байна, та нарын зугталт яаруу тэвдүү бүү байг, харин бүх зүйл та нарын өмнө бэлтгэгдэг; мөн явах тэрбээр, гэнэтийн устгал түүн дээр ирэхгүйн тулд тэрээр эргэж бүү хараг.

16Анхаарагтун, мөн сонс, Ай дэлхийн оршин суугчид та нар. Миний сүмийн ахлагчид хамтдаа та нар дуулж, мөн Их Эзэний дуу хоолойг сонсогтун; учир нь тэрбээр бүх хүмүүсийг дуудаж, мөн тэрбээр газар бүрийн бүх хүмүүнд наманчлахыг зарлигладаг бөлгөө.

17Учрыг болгоогтун: Их Эзэний замыг бэлтгэгтүн, мөн түүний замыг шулуун болгогтун та нар, учир нь түүний ирэлтийн цаг ойрхон байна хэмээн өгүүлж тэнгэрийн дундуур хашгирах тэнгэр элчийг Их Эзэн урагш илгээсэн бөлгөө.

18Түүний Эцэгийн нэр тэргүүн дээр нь бичээстэй нэг зуун дөчин дөрвөн мянгын хамт Хургыг Сионы Уулан дээр зогсож байхад буюу.

19Иймийн тул, Хүргэн Хүүгийн ирэлтэд бэлтгэгтүн та нар; түүнийг угтахаар гарагтун та нар, гарагтун та нар.

20Учрыг болгоогтун, тэрээр Оливетын уулан дээр, мөн сүр хүчит, бүр агуу гүн далай дээр, мөн далайн арлууд дээр, мөн Сионы газар нутаг дээр зогсох болно.

21Мөн тэрбээр Сионоос дуу хоолойгоо сонордуулж, мөн тэрбээр Иерусалимаас ярих болно, мөн түүний дуу хоолой бүх хүмүүсийн дунд сонсогдох болно;

22Мөн энэ нь их усны дуу хоолой мэт, мөн уулсыг доош нураах, агуу их аянгын дуу хоолой мэт байх болно, мөн тал хөндийнүүд үгүй болох болно.

23Тэрбээр агуу гүнд зарлиглах болно, мөн энэ нь умардын орнууд уруу гэдрэг, мөн нэг газар болсон байх арлууд уруу туугдах болно;

24Мөн Иерусалимын нутаг мөн Сионы нутаг, өөрсдийнхөө газарт гэдрэг буцаагдах болно, мөн дэлхий хуваагдахынхаа өмнө тэрхүү өдрүүдэд байсантайгаа адил болох болно.

25Мөн Их Эзэн, бүр Аврагч өөрийн хүмүүсийн дунд зогсох болно, мөн бүх махан бодь дээр хаанчлах болно.

26Мөн умардын орнууд дахь тэд Их Эзэний өмнө дурсамжид ирэх болно; мөн тэдний бошиглогчид түүний дуу хоолойг сонсох болно, мөн өөрсдийгөө цаашид үлдээхээ болино; мөн тэд хаднуудыг цохих болно, мөн тэдний байгаа газарт мөс доош гулсан урсах болно.

27Мөн тэрхүү агуу гүний дунд дардан зам баригдах болно.

28Дайснууд нь тэдэнд идэш болох болно,

29Мөн үржил шимгүй цөлүүдэд амьд усан цөөрмүүд гарч ирэх болно; мөн хатсан газар цаашид ангаж гандсан газар байхаа болино.

30Мөн тэд баялаг сан хөмрөгүүдээ миний үйлчлэгчид, Ефраимын хүүхдүүдэд авчрах болно.

31Мөн үүрдийн дов толгодын хязгаарууд тэдний байгаа газарт дагжин чичрэх болно.

32Мөн тэнд тэд доош унаж бас бүр Сионд, Их Эзэний үйлчлэгчдийн, бүр Ефраимын хүүхдүүдийн гараар сүр жавхлангаар титэмлэгдэх болно.

33Мөн тэд үүрдийн баяслын дуунуудаар дүүргэгдэх болно.

34Болгоогтун, энэ бол Израилын овгууд дээрх үүрдийн Бурханы адислал түүнчлэн Ефраим хийгээд түүний нөхдийн тэргүүн дээрх илүү баялаг адислал бөлгөө.

35Мөн тэд тэрчлэн, түүний дэргэд өдөр хийгээд шөнө, үүрд мөн мөнхөд оршихын тулд Их Эзэний өмнө цэвэр ариун байдалд ариусгагдсан, өвчлөлийн дараах Иудейн овгийнх болой.

36Мөн эдүгээ, үнэнээр Их Эзэн хэлж байна, эдгээр зүйлүүд та нарын дунд мэдэгдэж болохын тулд, Ай дэлхийн оршин суугчид, тэнгэрийн дундуур нисэгч өөрийн тэнгэр элчийг үүрдийн сайн мэдээтэйгээр би урагш илгээсэн билээ, тэрээр зарим хүмүүс дээр хүрч ирсэн мөн хүмүүнд үүнийг даатгасан мөн дэлхийд оршин суудаг олон дээр хүрч ирнэ.

37Мөн энэ сайн мэдээ бүх үндэстэн, мөн ястан мөн хэлтэн мөн хүмүүст номлогдох болно.

38Мөн Бурханы үйлчлэгчид: Бурханаас эмээж мөн түүнд алдар сууг өргөгтүн, учир нь түүний шүүлтийн цаг айсуй хэмээн чанга дуу хоолойгоор өгүүлж урагш одох болно;

39Мөн тэнгэр, бас дэлхий, мөн далай тэнгис, бас усан оргилууруудыг бий болгосон түүнийг бишрэн шүтэгтүн—

40Их Эзэний нэрийг өдөр ба шөнөөр дуудан:Ай та тэнгэрийг цуу татаж чадах бөлгөө, таны дэргэд уулс доош гулсан бууж болохын тулд та доошлон ирж болох буюу хэмээн хэлэх болой;

41Мөн энэ нь тэдний тэргүүн дээр хариулагдах болно; учир нь Их Эзэний оршихуй нь шатаадаг гал хайлуулагч лугаа адил, мөн усыг буцалгахад хүргэх түймрийн гал лугаа адил байх болно.

42Ай Их Эзэн минь, та өөрийн нэрийг дайснууддаа мэдүүлэхийн тулд доошоо бууж ирэх болно, мөн бүх үндэстнүүд таны оршихуйд дагжин чичрэх болно—

43Тэдний хүсэн хүлээдэггүй зүйлүүдийг, аюумшигт зүйлүүдийг таныг үйлдэхэд буюу;

44Тийм ээ, таныг доош бууж ирэхэд, таны оршихуйдуулс доош гулсах болно, мөн баясдаг хийгээд зөв шударгыг үйлдэж мөн таны замуудаар таныг дурсдаг түүнтэй та уулзах болно.

45Учир нь дэлхийн эхлэлээс хойш хүмүүн сонссон нь үгүй, мөн чихээр хүлээн авсан нь үгүй, мөн аль ч нүд харсан нь үгүй, Ай Бурхан минь, өөрөөсөө гадна, таныг хүлээдэг түүний төлөө таны бэлтгэсэн зүйлүүд хичнээн агуу билээ.

46Мөн ийн хэлэгдэх болно: Будагдсан өмсгөлтэйгөөр тэнгэр дэх Бурханаас доош буун ирэгч; тийм ээ, үл мэдэгдэх биеүдээс түүний алдар суут гадаад төрхөөр хувцасласан, хүчин чадлынхаа агуу ихэд аялагч, энэ чинь хэн бэ

47Мөн тэрбээр: Зөв шударгад ярьдаг, аврах хүчирхэг нэгэн би билээ хэмээн хэлэх болно.

48Мөн Их Эзэн гаднах төрхөөрөө улаан байх болно, мөн түүний өмсгөлүүд дарс шахагч түүнтэй адил байх болно.

49Мөн түүний оршихуйн алдар суу нь, нар ичингүйрч нүүрээ нуун, мөн сар гэрлээ буцаан авч, мөн одод байрнаасаа шидэгдмээр тийм агуу байх болно.

50Мөн: дарс шахагчийг би ганцаараа няц гишгэлээ, мөн бүх хүмүүс дээр шүүлтийг авчрав; мөн надтай хамт хэн ч байсангүй гэх түүний дуу хоолой сонсогдох болно;

51Би тэднийг хилэгнэлдээ дэвсэллээ, мөн уурандаа би тэдэн дээгүүр алхаллаа, мөн тэдний цус өмсгөлүүд дээр минь үсрэв, мөн миний бүх хувцас улаанаар будагдав; учир нь энэ бол миний зүрх сэтгэлд байсан өс хонзонгийн өдөр байв.

52Мөн эдүгээ миний гэтэлгэгдэгсдийн жил айсуй; мөн тэд Их Эзэнийхээ хайрын нинжин сэтгэлийг, мөн түүний нигүүлслийн дагуу, мөн түүний хайрын нинжин сэтгэлийн дагуу өөрсөд дээр нь түүний хүртээсэн тэр бүгдийг үүрд мөн мөнхөд дурдах болно.

53Тэдний бүх зовлон зүдгүүрүүдэд тэрээр зовж зүдэрсэн билээ. Мөн түүний дэргэдэх тэнгэр элч тэднийг аврав; мөн өөрийн хайранд, мөн өөрийн харамсалд, тэрбээр тэднийг гэтэлгэв, мөн эрт дээр үеийн бүх өдрүүдэд тэднийг тээн мөн авч явсан бөлгөө;

54Тийм ээ, мөн тэрчлэн, Енох, мөн түүнтэй хамт байсан тэд; түүний өмнө байсан бошиглогчид; мөн тэрчлэн Ноа, мөн түүний өмнө байсан тэд; мөн тэрчлэн Мосе, мөн түүний өмнө байсан тэд буюу;

55Мөн Мосегоос Елиаг хүртэл, мөн Елиагаас амилалтад нь Христтэй хамт байсан Иоханыг хүртэл, мөн ариун төлөөлөгчид, Абрахам, Исаак, мөн Иаковтай хамт Хурганы дэргэд байх болно.

56Мөн гэгээнтнүүдийн булшнууд нээгдэх болно; мөн тэд урагш гарч ирэн мөн түүнийг Сионы Уулан дээр, мөн ариун хот Шинэ Иерусалимд зогсч байхад нь Хурганы баруун талд зогсох болно; мөн тэд Хурганы тухай дууг өдөр мөн шөнө, үүрд мөн мөнхөд дуулах болно.

57Мөн энэхүү шалтгааны учир, хүмүүн, илчлэгдсэн алдар суунуудыг хүртэгчид болгогдож болохын тулд, Их Эзэн өөрийн сайн мэдээний бүрэн байдлыг, өөрийн үүрдийн гэрээг эгэл жирийн хийгээд энгийн байдлаар тайлбарлан, урагш илгээсэн бөлгөө—

58Дэлхийд тохиох тэрхүү зүйлүүдэд сул доройчуудыг бэлтгэхийн тулд, мөн сул доройчууд мэргэдийг даруусгахад, мөн бага нэг нь хүчирхэг үндэстэн болж, мөн хоёр нь өөрсдийн хэдэн арван мянгыг зугтаалтад тавих тэрхүү өдөрт Их Эзэний зараалын тулд буюу.

59Мөн дэлхийн сул зүйлүүдээр, Сүнснийхээ хүчээр Их Эзэн үндэстнүүдийг цохих болно.

60Мөн энэхүү шалтгааны учир эдгээр зарлигууд өгөгдсөн билээ; Тэдэнд өгөгдсөн тэрхүү өдөр дэлхийд эдгээрийг мэдүүлэхгүй байхыг тэдэнд зарлиг болгосон байв, харин эдүгээ бүх махан бодийн төлөө урагш одох ёстой—

61Мөн энэ нь бүх махан бодийг захирдаг Их Эзэний оюун хийгээд тааллын дагуу бөлгөө.

62Мөн наманчилдаг хийгээд Их Эзэний өмнө өөрийгөө ариусгадаг түүнд мөнх амьдрал өгөгдөх болно.

63Мөн Их Эзэний дуу хоолойг анхаардаггүй тэдэнд, тэд хүмүүсийн дундаас тусгаарлагдах ёстой хэмээн бошиглогч Мосегоор бичигдсэн нь гүйцэлдэх болно.

64Мөн тэрчлэн бошиглогч Малахигаар дамжуулан: Учир нь, болгоогтун, мөн зуух мэт шатаах тэр өдөр ирж, мөн бүх бардамнагчид, тийм ээ, ёс бусаар үйлддэг тэд бүгд талбайд хаягдсан сүрэл лугаа адил болох болно, мөн ирэх тэр өдөр тэднийг шатаах болно, энэ нь тэдний үндсийг ч, мөчрийг ч эс үлдээх болно хэмээн Түмний Их Эзэн хэлж байна.

65Иймийн тул, энэ нь тэдэнд өгөх Их Эзэний хариу байх болно:

66Би өөрийнхөндөө ирсэн тэр өдөр, та нарын дундах хэн нь ч намайг хүлээн авсангүй, мөн та нар хөөгдсөн байлаа.

67Намайг дахин дуудахад, та нараас хариулах хэн ч байсангүй; харин миний мутар, мөн миний чөлөөлөх хүч ч, миний гэтэлгэж чадаагүй тэд бүгдэд богиносгогдсон нь үгүй байв.

68Болгоогтун, зэмлэлдээ далай тэнгисийг хатаана би. Гол мөрнүүдийг аглаг буйд болгоно би; тэдгээрийн загас өмхийрч, цангасандаа үхнэ.

69Тэнгэрийг хараар өвч бүрхэж, мөн бүрээсийг нь шуудайгаар хийх болно би.

70Мөн энэ нь та нарт миний гараас байх болно—та нар уй гашуутайгаар доош унах болно.

71Болгоогтун, мөн харагтун, тэнд та нарыг чөлөөлөх хэн ч үгүй болой; учир нь би тэнгэрээс та нарыг дуудахад, та нар миний дуу хоолойг дуулгавартай дагаагүй билээ; та нар миний үйлчлэгчдэд итгээгүй билээ, мөн тэд та нар уруу илгээгдэхэд та нар тэднийг хүлээж аваагүй билээ.

72Иймийн тул, тэд гэрчлэлийг лацдаж мөн хуулийг холбосон билээ, мөн та нар харанхуйд хүргэгдсэн буюу.

73Уйлах мөн гаслах, мөн шүдээ хавирах нь буй гадаад харанхуй уруу тэд очих болно.

74Их Эзэн, та нарын Бурхан үүнийг ярьсныг болгооно уу. Амен.