Судрууд
Сургаал ба Гэрээ

Сургаал ба Гэрээ

Хэсэг 130

1843 оны дөрөвдүгээр сарын 2-нд Иллинойн Рамуст Бошиглогч Иосеф Смитээр өгөгдсөн зааврын зүйлүүд оршвой (History of the Church, 5:323–325).

1–3, Эцэг болон Хүү хүмүүн дээр биеэрээ залран ирж болно; 4–7, Тэнгэр элчүүд селестиел хүрээнд оршин суудаг; 8–9, Селестиел дэлхий нь агуу Урим ба Туммим байх болно; 10–11, Селестиел дэлхийд орох тэд бүгдэд цагаан чулуу өгөгддөг; 12–17, Хоёр дахь Ирэлтийн цаг бошиглогчид өгөгдөөгүй болой; 18–19, Энэ амьдралд хуримтлуулсан оюун билиг Амилуулалтад бидэнтэй хамт сэргэн босдог; 20–21, Хуулийг дуулгавартай дагаснаар бүх адислал ирдэг; 22–23, Эцэг, Хүү хоёр мах хийгээд ясан биетэй.

1АВРАГЧИЙГ залран ирэхэд бид түүнийг байгаагаар нь харах болно. Тэрээр бидэнтэй адилхан хүн гэдгийг бид харах болно.

2Энд бидний дунд байгаа тэрхүү харилцаа тэнд бидний дунд байх болно, гагцхүү энэ нь эдүгээ бидний эдэлдэггүй тийм алдар суу болох мөнхийн алдар суугаар хоёр дахин ихсэх болно.

3Иохан 14:23—энэ шүлэг дэх Эцэг, Хүү хоёр залран ирсэн нь хүмүүнд биеэрээ залран ирсэн болой; мөн Эцэг, Хүү хоёр хүмүүний зүрх сэтгэлд оршдог гэсэн үзэл бодол нь хуучин шашны бүлэглэлийн төсөөлөл бөгөөд энэ нь буруу болой.

4Тэдний оршин суудаг гарагийн дагуу Бурханы цаг, тэнгэр элчийн цаг, бошиглогчийн цаг, мөн хүмүүний цагийг тооцдоггүй юу? хэмээх асуултын хариуд,

5Тийм ээ, хэмээн би хариулна. Харин үүнд харьяалагддаг буюу харьяалагдаж ирснээс бусдаар энэ дэлхийд тохинуулдаг тэнгэр элчүүд гэж үгүй болой.

6Тэнгэр элчүүд энэ дэлхийтэй адилхан гараг дээр оршин суудаггүй бөлгөө;

7Харин тэд Бурханы дэргэд, тэдний алдар суугийн тулд бүх зүйл өнгөрсөн, одоо ба ирээдүй үзүүлэгдэн, мөн Их Эзэний өмнө үргэлжлэн байдаг шилэн хийгээд галан тэнгис лугаа адил бөмбөрцөг дээр оршин суудаг бөлгөө.

8Бурхан оршин суудаг газар бол агуу Урим ба Туммим болой.

9Энэ дэлхий өөрийн ариусгагдсан хийгээд үхэшгүй байдалд, үүн дээрх оршин суугчдад болор лугаа адил болгогдох болно, мөн үүгээр захирагдмал хаант улс буюу доогуур жаягийн хаант улсуудад хамаарах бүх зүйл үүн дээр оршин суудаг тэдэнд үзүүлэгдэх болно, мөн энэ дэлхий Христийнх байх болно.

10Тийнхүү Илчлэлтийн 2:17-д дурдагддаг цагаан чулуу нь, хүлээн авах хувь хүн болгонд Урим ба Туммим болох буюу, хаант улсуудын илүү өндөр дэг жаягт хамаарах зүйлүүд үүгээр мэдүүлэгдэх болно.

11Мөн үүнийг хүлээн авдаг түүнээс бусад хүн мэдэхгүй шинэ нэрийг дээр нь бичсэн цагаан чулуу селестиел хаант улсад ирдэг хүн болгонд өгөгддөг ажгуу. Тэрхүү шинэ нэр бол түлхүүр үг бөлгөө.

12Хүний Хүүгийн ирэлтийн өмнө их цус урсгахад хүргэх тэрхүү бэрхшээлүүдийн эхлэл нь Өмнөд Каролинд байх болно гэдгийг Их Эзэн Бурханы нэрээр би бошиглож байна.

13Энэ нь боолчлолын асуудлаар дамжин үүсэх магадлалтай болой. Энэ нь 1832 оны арванхоёрдугаар сарын 25-нд намайг шаргуугаар залбирч байхад надад тунхаглагдсан дуу хоолой бөлгөө.

14Хүний Хүүгийн ирэлтийн цагийг мэдэхээр нэг удаа намайг шаргуугаар залбирч байхад дараах зүйлийг давтан өгүүлсэн дуу хоолойг би сонсож билээ:

15Иосеф, хүү минь, хэрэв чи наян таван нас хүртэл амьдрах аваас, чи Хүний Хүүгийн нүүрийг үзэх болно; тиймийн тул, энэ нь хангалттай байг, мөн энэ асуудлаар надад дахин төвөг удахаа боль.

16Ийнхүү энэхүү ирэлт нь мянган жилийн эхлэлд хамаарах уу эсвэл арай эрт тохиох уу гэдгийг, эсвээс би үхэх учиртай юу гэдгийг, мөн тийн түүний нүүрийг үзэх эсэхийг шийдэж чадалгүйгээр би хоцров.

17Хүний Хүүгийн ирэлт нь тэр цагаас яав ч эрт байх нь үгүй гэдэгт би итгэнэ.

18Бид энэ амьдралд оюун билгийн ямар ч түвшинд хүрлээ гэсэн, энэ нь амилуулалтад бидэнтэй хамт сэргэн босох болно.

19Мөн хэрэв хүн өөрийн хичээл зүтгэл мөн дуулгавартай байдлаар дамжуулан бусдаас илүү мэдлэг мөн оюун билгийг энэ амьдралд хуримтлуулах аваас, тэрээр ирэх дэлхийд маш их давуу талтай байх болно.

20Энэ дэлхийн сууринаас өмнө дээр нь бүх адислал тулгуурлагдсан хууль тэнгэрт эргэлт буцалтгүйгээр тогтоогдсон болой—

21Мөн бид ямар ч адислалыг Бурханаас авлаа гэхэд, энэ нь тулгуурлагдсан тэрхүү хуульд дуулгавартай байснаар буюу.

22Эцэг хүмүүнийхтэй адил мэдрэгдэх мах хийгээд ясан биетэй болой; Хүү ч бас адил бөлгөө; харин Ариун Сүнс бол мах хийгээд ясан биегүй харин Сүнсэн хүн буюу. Ийм бус байх аваас, Ариун Сүнс бидэн дотор оршиж чадах нь үгүй бөлгөө.

23Хүн Ариун Сүнсийг хүлээн авч болно, мөн энэ нь түүн дээр бууж ирж болох бөгөөд түүнтэй хамт үлдэх нь үгүй.