Судрууд
Сургаал ба Гэрээ

Сургаал ба Гэрээ

Хэсэг 19

1830 оны гуравдугаар сард Нью-Йоркийн Манчестерт Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:72–74). Бошиглогч өөрийн түүхэнд үүнийг “хүнийх бус, харин Мөнх болох түүгээр Мартин Харрист өгөгдсөн Бурханы зарлиг” хэмээн танилцуулжээ (History of the Church, 1:72).

1–3, Христэд бүх хүч буй; 4–5, Бүх хүмүүн наманчлах буюу эсвээс зовох ёстой; 6–12, Мөнхийн шийтгэл бол Бурханы шийтгэл болой; 13–20, Хэрэв тэд наманчилбаас, тэд зовохгүй байж болохын тулд Христ бүхний төлөө зовсон юм; 21–28, Наманчлалын сайн мэдээг номлогтун; 29-41, Баярт мэдээг тунхаглагтун.

1БИ бол Альфа ба Омега, Их Эзэн Христ бөлгөө; тийм ээ, бүр би бол эхлэл ба төгсгөл, дэлхийн Гэтэлгэгч тэрбээр бөлгөө.

2Би бүх зүйлийг өөртөө захируулж болохын тулд би түүнийх болох Эцэгийн, миний талаарх тааллыг бибээр биелүүлж мөн дуусган—үүнийг гүйцэлдүүллээ—

3Бүр Сатан болон түүний ажлуудыг дэлхийн төгсгөлд устгах мөн түүний оршин суугчид дээр миний тохиолгох шүүлтийн тэрхүү агуу эцсийн өдөр, хүн бүрийг хийсэн ажлууд хийгээд үйлүүдийнх нь дагуу шүүх бүх сүр хүчийг өөртөө үлдээсэн буюу.

4Мөн хүн бүр наманчлах буюу эсвээс зовох нь гарцаагүй, учир нь бибээр, Бурхан, төгсгөлгүй бөлгөө.

5Иймийн тул, би өөрийн тохиолгох тэрхүү шүүлтүүдийг цуцлах нь үгүй, харин тийм ээ, миний зүүн гар талд олдох тэдэнд уйлаан, ёолон гаслах, мөн шүдээ хавирах, гаслах нь тохиох болно.

6Гэсэн хэдий ч, энэхүү тарчлалд төгсгөл үгүй байх болно хэмээнбичигдсэн нь үгүй, гэвч энэ нь төгсгөлгүй тарчлал хэмээн бичигдсэн ажгуу.

7Дахин, энэ нь мөнхийн ял хэмээн бичигдсэн болой; иймийн тул энэ нь бүхэлдээ миний нэрийн алдар суугийн тулд, хүмүүний үрсийн зүрх сэтгэлд нөлөөлж болохын тулд энэ нь бусад судруудаас илүү тодорхой юм.

8Иймийн тул, энэ нууцыг би чамд тайлбарлах болно, учир нь энэ нь миний төлөөлөгчдөд мэдэгдсэний адилаар чамд мэдэгдвээс зохилтой.

9Энэ зүйлийн талаар, та нар миний амралтад орж болохын тулд энэ зүйлд сонгогдсон та нарт бүр нэг мэтээр би ярьж байна.

10Учир нь, болгоогтун, бурханлиг чанарын нууц хичнээн агуу билээ! Учир нь, болгоогтун, би төгсгөлгүй билээ, мөн миний гараас өгөгддөг тэрхүү шийтгэл төгсгөлгүй шийтгэл байдаг, учир нь Төгсгөлгүй нь миний нэр бөлгөө. Иймийн тул—

11Мөнхийн шийтгэл бол Бурханы шийтгэл авай.

12Төгсгөлгүй шийтгэл бол Бурханы шийтгэл болой.

13Иймийн тул, наманчлахыг, мөн миний үйлчлэгч Бага Иосеф Смитийн гараар миний нэрээр хүлээж авах зарлигуудыг сахихыг би чамд зарлиглаж байна;

14Мөн тэдгээрийг чи хүлээн авсан нь миний бүхнийг чадагч сүр хүчээр болой.

15Тиймийн тул би чамд наманчлахыг зарлиглаж байна—наманчил, эс тэгвээс би чамайг амныхаа үгэн саваагаар, мөн хилэгнэлээрээ, мөн уураараа арчин хаях болно, мөн чиний зовлон гашуун байх болно—хэр зэрэг гашууныг чи мэдэх нь үгүй, хэр зэрэг хүчтэйг чи мэдэх нь үгүй, тийм ээ, тэвчихэд хэр зэрэг хэцүүг чи мэдэх нь үгүй.

16Учрыг болгоогтун, хэрэв тэд наманчлах аваас, тэд зовохгүй байж болохын тулд Бурхан, бибээр бүхний төлөө эдгээр зүйлүүдийг амссан билээ;

17Гэвч хэрэв тэд үл наманчлах аваас, бүр миний адилаар тэд зовох ёстой;

18Бүр бүхнээс хамгийн агуу Бурхан намайг өвдөхийн улмаас дагжин чичрэх, мөн сүв бүрээс цус шүүрэх, мөн бие хийгээд сүнс аль алиныг нь зовоход хүргэсэн тэрхүү зовлон нь—мөн намайг тэрхүү гашуун аяганаас уухгүй, мөн айснаас эргэн буцахад хүргэж болохоор байсан билээ—

19Гэсэн хэдий ч, алдар суу нь Эцэгт байх болтугай, мөн бибээр хүртэж мөн хүмүүний үрсийн төлөө өөрийн бэлтгэлүүдийг дуусгасан билээ.

20Иймийн тул, би чамд наманчлахыг дахин зарлиглаж байна, эс тэгвээс би өөрийн бүхнийг чадагч сүр хүчээр чамайг даруусгана; мөн тийн чи нүглүүдээ хүлээх авай, эс тэгвээс хамгийн багадаа л, тийм ээ, намайг Сүнсээ татан авах тэр цагт чиний хамгийн бага хэмжээгээр амссан миний ярьсан эдгээр шийтгэлүүдийг чи амсах болно.

21Мөн наманчлалаас өөрийг чи номлох ёсгүй хэмээн би зарлиглаж байна, мөн энэ нь надад орших мэргэн ухаан болтол эдгээр зүйлүүдийг дэлхийд бүү үзүүл.

22Учир нь эдүгээ тэд бор хоол идэж чадах нь үгүй, харин тэд сүү хүлээж авах ёстой; иймийн тул, эдгээр зүйлүүдийг тэд мэдэх ёсгүй, эс тэгвээс тэд мөхнө.

23Надаас сурагтун, мөн миний үгсийг анхаарагтун; миний Сүнсний номхон дөлгөөн байдалд алхагтун, мөн надаар дамжин амар амгалан чамд байх болно.

24Би бол Есүс Христ; би Эцэгийн тааллаар ирсэн билээ, мөн түүний тааллыг би хэрэгжүүлдэг.

25Мөн дахин, чи хөршийнхөө эхнэрт шунах ёсгүйг би чамд зарлиглаж байна; мөн хөршийнхөө амийг бүү эрэлхийл.

26Мөн дахин, чи өөрийнхөө өмч хөрөнгөнд харамч шунаг байх ёсгүйг, харин үнэнийг хийгээд Бурханы үгийг агуулагч Мормоны Номыг хэвлэхэд үүнийг харамгүйгээр хуваалцахыг би чамд зарлиглаж байна—

27Энэ нь Харьд хэлэх миний үг болой, тэд сайн мэдээнд итгэж, мөн аль хэдийн ирчихсэн Мессиаг ирнэ хэмээн хүлээхгүй байж болохын тулд энэ нь Иудей, тэдний үлдэгдэл болох леменчүүдэд удалгүй очиж болох бөлгөө.

28Мөн дахин, чи чангаар хийгээд түүнчлэн зүрх сэтгэлдээ; тийм ээ, дэлхийн өмнө хийгээд нам чимээгүй, олны дунд хийгээд мөн түүнчлэн ганцаархнаа залбирах ёстой хэмээн би чамд зарлиглаж байна.

29Мөн чи баярт мэдээг тунхаглах ёстой, тийм ээ, үүнийг уулсын дээр, мөн өндөр газар болгонд, мөн уулзах нь чамд зөвшөөрөгдсөн бүх хүмүүсийн дунд зарлан тунхаглагтун.

30Мөн чи үүнийг бүхий л даруу байдлаар надад итгэж найдан, хорт муу үгээр яригчдын өөдөөс хорт муу үгээр ярихгүйгээр үйлдэх ёстой.

31Мөн шашны сургаалын талаар чи бүү ярь, харин чи наманчлал хийгээд Аврагчид итгэх итгэл, мөн баптисмаар хийгээд галаар, тийм ээ, бүр Ариун Сүнсээр ирэх нүглүүдийн ангижралыг тунхаглах ёстой.

32Болгоогтун, энэ бол уг асуудлаар чамд миний өгөх агуу хийгээд сүүлчийн зарлиг болой; учир нь энэ нь чиний өдөр тутмын алхаанд, бүр амьдралын чинь эцэс хүртэл хангалттай байх болно.

33Мөн хэрэв чи эдгээр зөвлөгөөг үл тоомсорлох аваас, зовлонг чи хүлээн авах болно, тийм ээ, бүр чамд өөрт чинь болон өмч хөрөнгөнд чинь устгал тохиох болно.

34Өмч хөрөнгийнхөө нэг хэсгийг, тийм ээ, бүр газрынхаа нэг хэсгийг, мөн гэр бүлээ тэтгэхээс бусад бүхнийг зар.

35Хэвлэгчтэй гэрээлсэн өрөө төл. Боолчлолоос өөрийгөө чөлөөлөгтүн.

36Чи гэрийнхэнтэйгээ уулзахыг хүсэхээс бусдаар гэр болон гэр орноо орхи.

37Мөн бүгдэд чөлөөтэйгөөр яригтун; тийм ээ, Хосанна, хосанна, Их Эзэн Бурханы нэр адислагдаг хэмээн чанга дуу хоолойгоор, баяслын дуугаар чангаар тунхаглан—бүр үнэнийг номло, ухуул, мөн тунхагла!

38Ямагт залбирагтун, мөн бибээр Сүнсээ чиний дээр цутгах болно—тийм ээ, чиний олж авч болох, ялзран устах дэлхийн баялгууд хийгээд тэдгээрийн ач холбогдлоос адислал чинь бүр илүү агуу байх болно.

39Болгоогтун, чи үүнийг баясал хийгээд зүрх сэтгэлээ баяр хөөрт өргөлгүйгээр уншиж чадна гэж үү

40Эсвээс чи сохор хөтөч атлаа нэг газраас нөгөөд удаан аялж чадна гэж үү

41Эсвээс чи даруу мөн номхон дөлгөөн байж, миний өмнө өөрийгөө ухаалгаар авч явж чадна гэж үү? Тийм ээ, өөрийнхөө Аврагч надад ирэгтүн. Амен.